Connect with us

Гадаад мэдээ

Хаалгыг нь эвдэх гэж байсан бидэн рүү орилохын оронд хийсэн үйлдэл нь гайхалтай

Published

on

Сүмимасэн гэдэг үг Японд байшин барилгын үүд, такси, дэлгүүр, ресторанд гээд хаа сайгүй сонстоно. Баярлалаа гэдэг үг ч хэрэглээнээс шахагдсан мэт гэмээр. Гэхдээ энэ үг япончуудын хувьд ямар утгатай юм бол?

ВВС-гийн сурвалжилах баг хулгайлсан гэж болох хоёр түлхүүрээрээ хаалга онгойлгохыг оролдож байх үед Токиод шөнийн 01.00 болж байлаа. “Airbnb” цахим хуудсаар дамжуулан түрээсэлсэн байраа бид олж чадахгүйд хамаг учир оршиж байв. Энэ хаяг бидний хайж байсантай адил санагдаж байсан юм. Бидний орох байрны эзний хэлсэнчлэн шуудангийн хайрцагт түлхүүр байлаа. Гэхдээ хэлж өгсөн кодоор нь тэр хайрцаг онгойгоогүй учир завсраар нь хуруугаа чихэн байж түлхүүрээ авсан юм.

Бидний оронд өөр нэгэн байсан бол оролдож үзэхгүй байсан байх. Гэхдээ бид 12 цаг нисээд, дараа нь Наритагийн нисэх буудлаас Шинзюкү (Токиогийн дүүрэг) рүү нийтийн тээврээр зорчсон болохоор их ядарч, нөхцөл байдлыг дүгнэхтэй манатай байв.

Цоож руу түлхүүрээ хийн эргүүлэхийг оролдож байтал хаалга гэнэт цэлийтэл нээгдэж, гэрийн халаттай эмэгтэй охинтойгоо зогсож байлаа. Биднийг ихэд гайхаж буй бололтой. Энэ ч бас бидний хайж байсан хаяг биш байжээ.

Харин гайхалтай нь хаалгыг нь эвдэх гэж байсан бидэн рүү хашгичих, эсвэл цагдаа дуудахын оронд эзэгтэй дараагийн 20 минутад бидэнд хаягаа олоход тусалж билээ. Бид японоор ганц ч үг мэдэхгүй, тэд англи хэл бараг ойлгохгүй. Хэрэгтэй хаягаа олж чадахгүй байгаа биднээс л уучлалт гуйж байв.

Уучлалт гуйх нь Японд их түгээмэл. Сайнаар бодоход тэд өөрсдийгөө зарим талаар доош хийгээд буй мэт, муугаар бодоход дэмий заншил мэт. Гэхдээ ингэх нь тус улсын амьдралын салшгүй хэсэг мэт харагдаж болох юм. Үүний тулд тусгайлан хийдэг үйлдэл бий. Тухайлбал, гараа духандаа хүргэх нь уучлалт гуйж буйн зэрэгцээ ийм аргаар жижигхэн биетэй, настай эмэгтэйчүүд цугласан олон хүн дундуур “сэлэх” нь хүн далай дахь байлдааны жижигхэн хөлөг онгоц шиг.

Уучлалт гуйх арга олон бий. Японы улстөрчид уучлалт гуйж буйг харвал арга нь 20-иор тоологдоно. Гэрт нь орохыг оролдож байсан байрны эмэгтэй их ёсорхог хэрнээ хамгийн түгээмэл аргаар уучлалт гуйгаад, явахын өмнөх хамгийн дулаан үгсийн оронд ийм үйлдэл хийж болдог гэж зөвлөжээ.

Сүмимасэн гэдэг үгийг уучлаарай хэмээх ойролцоо утгатай үгээр орчуулж болох ч хаалга бүрт, такси, дэлгүүр, зоогийн газар гээд хаа сайгүй аригато буюу баярлалаа гэхийн оронд хэрэглэж байна. Заримдаа япончууд бусдад үргэлж гэм хийчихээд уучлалт гуйгаад буй мэт сэтгэгдэл төрнө. Гэхдээ тийм биш гэж Корнеллийн их сургуульд япон хэл судалж, “Ja­pan airlines” компанид 15 жил ажилласан Лори Инокума хэллээ. Сүмимасэн гэдэг нь аригато гэдэг үгийг заавал орлох албагүй ч санааг нь агуулдаг гэнэ.

“Сүмимасэн гэдэг үгний ердөө 10 хувь нь л уучлалт гуйхыг илтгэнэ. 90 хувь нь хүндэтгэл, найрсаг байдал, чин сэтгэлийг илтгэдэг. Өдөр тутмын амны уншлага болсон үг. Хэн нэгэн ямар нэг зүйлийг таны төлөө хийвэл, жишээ нь, дэлгүүрт танд зам тавьж өгөх, эсвэл хаалга барьж өгөхөд хэлнэ” гэж Лори ярилаа. Англид ч мөн адил thank you гэдэг үгийг sorry хэмээхийн оронд хэлдэг.

Японы уламжлал илүү ухамсартай амьдрахад тус болдог гэж “Japonisme” хэмээх номын зохиогч Эрин Ниити Лонгхерст өгүүлжээ. “Энэ бол уучлалт гуйх биш, талархлаа илэрхийлэх соёл. Миний ярих дуртай нэг түүх бий. Нэг удаа британи эгч минь хэвлэлийн бага хурлын үеэр япон эмэгтэйтэй танилцахдаа түүнийг гэртээ урьжээ.

Зочин ирэхдээ Японоос авчирсан, маш гоёмсог боодолтой, жижиг бэлгээ гэрийн гишүүн бүрт төдийгүй миний хоёр дүүд өгсөн. Хэн нэгэн түүнийг гэртээ урина гэж япон эмэгтэй мэдээгүй ч бэлэг бэлтгэсэн байсан. Энэ л миний сэтгэлийг их хөдөлгөсөн юм” гэж Эрин дурсав.

Энэ зун ОХУ-д болсон дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн ч япончуудын аливаад хүндэтгэлтэй ханддагийг илүү тодоор харуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлыг татсан билээ. Японы шигшээ баг сүүлчийн тэмцээндээ ялагдсан ч хувцас солих өрөөгөө цэвэрлэхээр саатсан байдаг. Түүгээр ч зогсохгүй оросоор “баярлалаа” гэсэн бичиг үлдээн, талархлаа илэрхийлсэн юм.

Тэгэхлээр уучлалт гуйх нь бүх нийтийг хамарсан соёлын чиг баримжаатай холбоотой Японы найрсаг харилцааны нэг л илрэл үү? “Хүмүүс дунд аж төрж, хөршүүдтэйгээ зэрэгцэн оршихын тулд Японд найрсаг харилцаа чухал” гэсэн тайлбарыг Лори өгчээ.

Токиогийн үндэсний Синзюкү-Гёэн, эсвэл эргийн Нака-Мэгүро цэцэрлэгт хүрээлэнд сакура цэцэглэх улиралд хүмүүс хүлээцтэй нь аргагүй дугаарлан зогсохыг харахад л ихийг ойлгоно.

Тус улсын хотууд дэлхийн хүн ам хамгийн шигүү суурьшсан газруудын тоонд ордог. Хүн амын 93.9 хувь нь хотын оршин суугч. Тухайлбал, Токиод нэг ам км талбайд 6150 хүн ногддог бол Лондонд 5729 оршин суугч байдаг. Японы хотуудад дунджаар нэг хүнд 22 ам метр талбай ногддог. Нийслэл Токиод энэ үзүүлэлт 19 ам метр гэнэ.

Япон орноор аялахдаа үүнийг мэдэрсэн. Бид ер бусын жижиг хэрнээ тохь тухын хувьд ярих юмгүй орон сууцанд буусан. Зай талбай хүрэлцэхгүй болоход хүмүүс хоорондын харилцааны яв цав, найрсаг байдлын үнэ цэнийг хүн ойлгоно.

“Хүний орон зайг энд их хүндэтгэдэг. Япон айлд орсон хүн бүр гутлаа тайлдаг. Үүгээр дотор тал гаднаас ялгагдана. Бас мэйвакү гэдэг зарчим байдаг. Энэ нь таны хувийн орон зайд халдаж, тух алдуулсанд уучлаарай” гэсэн утгатай.

Гэхдээ ийм найрсаг байдал япончуудын цусанд шингэсэн болохоос амьдралын уйтгартай нөхцөл байдлыг сэргээх гэсэн хариу үйлдэл биш. Японы Фүжи уул орчмын хотуудаас гарахад аниргүй, тайван байгальд хүмүүс бүр их ч элгэмсэг дотно болдог. Камикочи уулын хөндийд очихдоо автобусаар 10 минут яваад хүрчих замыг хоёр цаг эрчимтэй алхан туулжээ. Буцах замд нутгийн нэг ажилтан зогсоод, биднийг дөхүүлээд өгье гэхэд баярласандаа арай л уйлчихаагүй.

Үүнээс нэг өдрийн өмнө би орон нутгийн автобусанд утсаа мартаад хэдэн цагийн дараа санасан. Харин автобусны жолооч утсыг олоод, буудлаас миний хаягийг авч надад биечлэн хүргэж өгч билээ.

“Japonisme” номдоо Эрин Японы өнөөгийн соёл, уламжлалын харилцааг гаргажээ. Уучлах соёл нь найрсаг байдал бөгөөд дийлэнх тохиолдолд ухамсраас үүдэлтэй. “Японы олон ёслол, шашны зан үйл хүн, байгаль орчин хоорондын харилцааг судалдаг. Жишээлбэл, цайны ёслолын үеэр хамгийн чухал нь таныг ямар цаг үед буйг ойлгуулдаг.

Цай аягалж байгаа бол энэ зөвхөн цайны тухай бус, ямар цэцэгс буланд байгаа, жилийн ямар улирал болох, ямар дүрс үсэг хананд бичээстэй байсан гээд нарийн утга учиртай. Ямар үед байгааг тань ухамсарлуулах, энэ нь хүмүүс бие биетэйгээ харилцахад нөлөөлдөг” гэнэ.

Бэлтгэсэн: З.Гал

Эх сурвалж: Unuudur.mn

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Гадаад мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ япончуудад талархал илэрхийллээ

Published

on

By

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Эдийн засгийн сэргээн босголт “КОВИД-19” цар тахалтай тэмцэх асуудал эрхэлсэн сайд Я.Нишимура, Японы ХӨСҮТ-ийн захирал Т.Вакида нарыг хүлээн авч уулзан, “КОВИД-19”-ийн нөхцөл байдал, төр засаг, эрүүл мэндийн байгууллагаас авч буй арга хэмжээ, цар тахалтай тэмцэх чиглэлд хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд дэлгэрэнгүй санал солилцов.  

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Засгийн газар “КОВИД”-19 цар тахлын үед манай улсад дэмжлэг туслалцаа үзүүлж, нэн ялангуяа манай өсвөр насны хүүхдүүдийг вакцинжуулж байгаад талархал илэрхийлэв.

Тэрээр хичээл сургуулийн үйл ажиллагааг хэрхэн зохицуулж, эмчилгээнд ямар эм хэрэглэж, эдийн засгийн цаашдын төлөв байдлыг хэрхэн харж,  “КОВИД-19” цар тахлын дараа ард иргэдийг аль болох түргэн энгийн амьдралд эргэн оруулах ямар стратеги төлөвлөгөөтэй байгаа талаарх Япон Улсын туршлага, үйл ажиллагааг сонирхов. Япон дахь дельта вирусын тархалт, вакцины дархлаажуулалтын үр нөлөө, эмийн хэрэглээ, нэн ялангуяа хүндээр өвдсөн өвчнүүдэд чиглэсэн эмчилгээний талаар тодруулж, мэдээлэл авав.

Японы Халдварт өвчин судлалын үндэсний төв манай эмч, ажилтнуудыг сургалтад хамруулж, дадлагажуулах зэргээр дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэнд талархал илэрхийлээд манай ХӨСҮТ-өөс тус төвд илгээгээд буй SARS-CoV-2 вирусын генийн өөрчлөлтийг шинжлүүлэх ажлыг түргэтгэж өгөхийг хүсэв.

Японы тал тус улсад хэрэглэгдэж байгаа гол эмнүүд хөнгөн шинж тэмдэгтэй өвчнүүдэд илүү үр нөлөөтэй байгаа, мөн цар тахлын эсрэг эм шинээр бүтээж байгаа талаараа танилцуулж, дельта вирусын тархалт нийт тохиолдлын 30-40 хувьтай тэнцэж байгаа, халдварын тархалтаас урьдчилан сэргийлэхэд халдвар хамгаалалтын дэглэмийг чанд сахихын сацуу хавьталд орсон иргэдийн бүртгэл мэдээллийг нарийвчлан гаргаж байгааг танилцуулав.

Япон Улс эмнэлгийн ажилтнууд, өндөр настнуудаа вакцинд хамруулж дууссан, халдвар албан байгууллага, ажлын байранд их гарч байгаа, түүнчлэн айл өрхийн нэг гишүүн өвдөхөд бусад нь дагаад халдвар авч байгаа нь урьд нь түгээмэл байгаагүй тул хэрхэн урьдчилан сэргийлэх дээр анхаарч байгаа талаар ярив.

Сайд Я.Нишимура цаашдын төлөв амаргүй харагдаж байна гээд Монгол Улс цаг алдалгүй вакцинжуулалтын асуудлыг шийдвэрлэснийг дурдаад Японд энэ оны 10-11 дүгээр сард багтааж хүн амынхаа 60 орчим хувийг вакцинжуулалтад хамруулахыг зорьж байгаа, үүний дараа эдийн засгийн үйл ажиллагааг идэвхжүүлэх боломж нэмэгдэнэ гэж харж байгаа гэв.

Халдвар хамгааллын дэглэмийн тухайд, Токиод оройны 20 цагаас хойш зоогийн газруудыг ажиллуулахгүй байгаа. PCR шинжилгээнд өдөрт 100 мянган иргэн хамрагдаж байна, түргэвчилсэн оношлуурын хувьд хариу нь 15 минутад гардаг шуурхай багцыг өргөнөөр ашиглаж байгааг танилцуулав.

Талууд мэдээллээ цаашид тогтмол солилцож, хамтарсан судалгаа хийх зэргээр улам нягт хамтран ажиллахаар ярилцав.

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Continue Reading

Гадаад мэдээ

Олимпын холбооны ерөнхийлөгч Япончуудыг “Хятадууд” гэж хэлээд шүүмжлүүлэв

Published

on

By

Япончуудын хувьд тийм ч их дэмжлэг аваагүй байсан 2020 оны Токиогийн олимпын наадам аль хэдийн зарим нэгэн шүүмжлэлийг хүртэж эхэлжээ.

Олон улсын Олимпын Хорооны ерөнхийлөгч Томас Бах нисэх онгоцоор Япон улсад газардсаныхаа дараа нэгэн мэдэгдэл хийх үеэрээ Япон улсын иргэдийг “Хятадууд” хэмээн хэлсэн байна.

Бахын мэдэгдэл нь Токиогийн наадмыг олон нийтэд сурталчлах зорилготой байсан боловч үүнийхээ оронд шүүмжлэл маргаан дагуулжээ. Зарим иргэдийн зүгээс Олон Улсын Олимпын Хорооноос удаа дараа Япончуудын үл хүндэтгэсэн үйлдлүүдийн нэг хэмээн энэ байдлыг нь шүүмжилсэн аж.

Олон улсын Олимпын Хорооны ерөнхийлөгчийн хувьд дэлхий даяар тархсан тахал дэгдээд байгаа энэ үед Олимпын наадам нь том дэгдэлт тараах шалтгаан болохгүй хэмээн зохион байгуулж буй улсыг тайвшруулах гэсэн оролдлого байжээ.

Бах хэлэхдээ “Бидний нэгдмэл зорилго бол аюулгүй тэмцээн юм” гэж тэр хэлжээ. “Энэ нь тамирчид, төлөөлөгчдөд, хамгийн гол нь Хятадын иргэдэд аюлгүй байх зорилготой” хэмээн хэлсэнээр тэр дор нь хэлсэн үгээ өөрчилж “Японы иргэдэд” хэмээн хэлсэн байна.

Шууд дамжуулсан хэвлэл мэдээллийн хувьд Англи хэлнээс Япон руу орчуулахдаа уг алдааг нь хэлээгүй боловч Японы хэвлэлүүд аль хэдийн энэ алдааг нь дурьдаад эхэлсэн байдаг. Ялангуяа цахим орчинд улам газар авчээ. Энэ нь тус улсад нэр хүнд нь унасан 2020 оны олимпын үзлийг улам дэвэргэж орхижээ. Сүүлд явуулсан санал асуулгаар Японы олон нийтийн олонхи нь Токиогийн тэмцээнийг цуцлах нь зөв хэмээн санал өгсөн байдаг.

Өнгөрсөн долоо хоногт, Японы олимпыг зохион байгуулагчдын зүгээс Токиогийн Олимпын тэмцээнүүдийг ямар ч үзэгчгүйгээр зохион байгуулах шийдвэр гаргаж харин нийслэлээс гадна болж буй цөөхөн тэмцээнд үзэгч байхыг зөвшөөрсөн билээ. Токио хот даваа гаригаас эхлэн 8 сарын 22 хүртэл өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн. Уг шийдвэр нь Токиогийн олимпыг зөвхөн ТВ-ээр үзэх тэмцээн болгож хувиргасан ба Япон улс даяар олон нийтийн цуглаан арга хэмжээ зохион байгуулахгүй байх уур амьсгалтай болоод байна.

Шүүмжлэгчдийн зүгээс Япон улсын ард иргэд Олимпын тэмцээнийг зохион байгуулахаа цуцлахыг хүссэн боловч Олон улсын Олимпын Хороо болон олон улсын нэвтрүүлэгч компаниуд хамтарч ашгийн төлөө байгаа хэмээн өгүүлдэг.

Албаны тооцооллоос харахад Олимпын болон Параолимпын тэмцээнд 15,400 орчим тамирчин оролцох бөгөөд 7 сараас 8 сарын хооронд зохион байгуулагдаж байгаа юм. Үүн дээр нэмээд гэр бүлийн гишүүд, хэвлэлийн ажилчид, дасгалжуулагчид гэх мэтээр нэмэгдсээр нийтдээ 200 орноос 93,000 хүн Японд иржээ.

2013 онд Токио хот 2020 оны зуны Олимпын тэмцээнийг зохион байгуулахаар шалгарах үед албаны ёсны тооцоолоор, ихэвчлэн жуулчдын зүгээс оруулах орлого зочид буудал, билет, хоол гэх мэт зүйлст 2 тэрбум долларын орлого оруулна хэмээн тооцож байсан юм. Мөн дараа дараагийн үр дүнгээр нийтдээ 10 тэрбум долларын эдийн засагт оруулна гэж байжээ. Харин хязгаарлалттай энэ үед эдийн засгийн ач тус Япон улсад байхгүй гэдэг нь тодорхой болсон.

Харин Япон улс болон татвар төлөгчдийн зүгээс уг арга хэмжээг зохион байгуулахад 26 тэрбум доллар зарцуулсан гэжээ. Харин нөгөө талдаа Олон улсын олимпын хорооны зүгээс асуудалд орсон олимпоос хөөрхөн ашиг хийх нь тодорхой. Уг байгууллага нь орлогынхоо 75 хувийг нь шууд дамжуулах эрхээс олж авдаг ба АНУ-ын эрх эзэмшигч NBCUniversal гэхэд уг орлогийн 40 хувийг дангаар зарцуулдаг.

NBC 2014-2020 оны хооронд болсон олимпын 4 тэмцээнийг гаргах эрхийн төлөө 4,4 тэрбум доллар төлсөн ба ирэх 6 тэмцээнийг мөн гаргахаар урьдчилж 7,75 тэрбум долларыг төлжээ. Discovery компани Европын эрхийг нь эзэмшдэг аж.

Continue Reading

Гадаад мэдээ

57 настай Николас Кэйж 26 настай эхнэртэйгээ ингэж танилцжээ

Published

on

By

Жүжигчин Николас Кэйж өөрийн эхнэр Рико Шибитатай гайхалтай амьдрал зохиож чадна гэдэгтээ итгэлтэй болсон шалтгаанаа тайлбарлахдаа эхнэр нь нисдэг хэрэм зэрэг хачирхалтай амьтдад дуртай гэдгээр нь мэдэж дүгнэсэн гэнэ.

“Бид Япон улсад танилцсан. Анх уулзахад л түүнийг гайхалтай бүсгүй гэдгийг нь мэдэрсэн. Бидэнд нэгэн ижил төстэй зүйл байлаа” гэж Кэйж өөрийн шинэ киноныхоо талаар ярилцах үеэрээ ярьжээ.

“Тэр яг л над шиг амьтдад хайртай. Би түүнээс чи ямар амьтанд дуртай вэ гэж асуухад нисдэг хэрмэнд дуртай хэмээн хариулсан юм. Би тэр үед хос нисдэг хэрэмтэй байсан учир шууд л бид хамт байж болох юм байна гэж дүгнэсэн” хэмээн тэр ярьсан байна.

Кэйжийн төлөөлөгчийн хэлсэнээр Кэйж болон Шибита нар энэ оны эхээр даруухан хурим хийсэн гэнэ. “Лас Вегас дахь Винн зочид буудалд цомхон, жижиг хэмээн хурим болсон” хэмээн төлөөлөгч нь хэлэв. Кэйжийн тоглосон “Гахай” хэмээх киноны нээлтэн дээр анх удаа олон нийтэд эхнэрээ харуулж байгаа нь энэ аж.

“Би түүнтэйгээ хамт зураг авахуулж байгаадаа сэтгэл хөдөлж байна” гэж Кэйж хэлэв.

Шибита нь Кэйжийн 5 дахь эхнэр бөгөөд “Үндэсний Баялаг” киноны од маань өмнө нь жүжигчин Патрисиа Аркуэттэтэй 1995-2001 оны хооронд, дараа нь Елвис Преслигийн охин Лиза Мэри Преслитэй 2002-2004 онд амьдарч байсан билээ.

Энэ оны эхээр Кэйж нэгэн радио нэвтрүүлэгт оролцох үеэрээ ярихдаа цар тахлын улмаас Шибитатай видео дуудлагаар сүй тавьсан гэсэн байна. “Тэр Нью-Йоркоо явж Японы Киото руу буцаж, би Невада руу буцсанаар бид 6 сар уулзаагүй байсан” хэмээн тэр ярьсан байна.

“Бид хамт байхдаа үнэхээр аз жаргалтай байж хамт байсан цаг хугацаа маань үргэлж гайхалтай байдаг. Ингээд би эцэст нь түүнд хандаж Чамтай гэрэлмээр байна гэж хэлсэн” гэжээ.

Ингээд Кэйж Шибита руу очир алмаазан сүйн бөгж илгээсэн байна. Энэ долоо хоногийн эхээр Николас Кэйж маань Амазон ТВ-ийн нэгэн драманд алдарт зоо паркын сургагч Жой Эгзотикийн дүрийг бүтээхээр болсон гэдгээ дуулгасан билээ.

Continue Reading

Trending