Connect with us

Сайхан Түүхүүд

Нөхөр лүү намайг унтаж байгаа болохоор залгаад хэрэггүй гэж ярьсан байгаа юм чинь.

Published

on

Анхны хүүгээ төрүүлээд удаагүй байсан юмаа. Амралтын өдрүүдээр аавынд очив. Нөхөр ажилтай. Тэгсэн хадам ээж маань: -Энэ амралтын өдрүүдээр сайн гарч ороод ав. Гэрт байхаар гарч орж ч чадахгүй хэцүү байгаа биз. Ээж нь хүүг нь харж байя санаа зоволтгүй яв гээд мөнгө өгөөд явж кино ший үз гэв ээ. Ямар ч төлөвлөгөөгүй байсан хүн чинь найзууд руугаа залгаад л гараад явлаа.

Хүүдээ санаа зовоод уйлж байна уу? гээд асуух санаатай залгахаар ээж урдаас:-Чи зүгээр санаа амар бай, уйлбал уйлаг зүгээр сайхан явж байгаад ир, битгий залгаад бай л гэж байна. Өө санаа амар найзуудтайгаа буу халж халж 10, 11 гээд л яваад орсон хүүг минь ясны шөлөнд оруулсан гээд хувцсыг нь угаачихсан сууж байгаа юм чинь. Миний хүү ч царай зүс орчихсон, бондойтол сайхан унтаж байна аа. Тэгээд удалгүй нөхөр ч ажлаасаа ирлээ.

Тэгсэн харин нөхөр лүү намайг унтаж байгаа болохоор залгаад хэрэггүй гэж ярьсан байгаа юм чинь. Бүүүр нэг хайр хүрмээр ховорхон ээж байгаа биз. Би хадам ээж гэж хэлээд байж чаддаггүй хөндий санагдаад ЭЭЖ л гэдэги юм. Үргэлж л ухаарал, урам хайрлаж байдаг ЭЭЖДЭЭ ХАЙРТАЙ ШҮҮ.

Эх сурвалж: Бүх хайраа гэр бүлдээ нүүр хуудас

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Сайхан Түүхүүд

Би төрсөн өдрөө тэмдэглэх хүсэлтэй ч чаддаггүй байсан юм

Published

on

By

Миний нэрийг Мацунага гэдэг. Азийн зүүн хэсэгт, Номхон далайн баруун хэсгээр орших арлын орон Япон улсын иргэн, наран мандах орны охин байгаа юм.

Өнөөдрөөс тоолвол яг гурван хоногийн дараа би арван гурван нас хүрнэ. Энэ жилийн төрсөн өдрөө их удаан хүлээж байгаа. Яагаад юм бол гэж  та нар бодож байгаа нь мэдээж. Учир нь энэ жилийн төрсөн өдрийн баяраа би анх удаа гэр бүлийнхэнтэйгээ бүгдээрээ хамтдаа тэмдэглэх гэж байгаа юм. Бас үндэсний хувцасаа өмсөөд сvмд очиж арван гурван нас хүрсэнийхээ мөргөлийг хийнэ. Хамгийн гоё нь би анх удаа ээжийнхээ оёж өгсөн кимоног өмсөнө. Жаахан байхдаа өмсөж байсан л даа. Гэхдээ анх удаа ээж минь өөрийнхөө гараар надад оёж өгч байгаа юм.

Яагаад гэр бүлээрээ төрсөн өдрийн баяраа тэмдэглэж үзээгүй юм бэ гэж та сонирхож байна уу. Урьд нь аав минь миний төрсөн өдөр болгоноор гэртээ байдаггүй байсан. Зарим жилд ээж ч хүртэл ирж амждаггүй байж билээ. Учир нь аав хүндээр өв дсө нөөс хойш ямар ч баяр болсон манай гэр бүл тэр болгон тэмдэглэхээ больсон юм.

Ээж аавыг асарч сувилна гээд байнга хот руу яваад өгнө. Би Сэжи нохойтойгоо, хөрш айлын Мориваки эмээгийнд үлддэг байсан өнгөтэй хэрнээ өнгөгүй өдөр хоногуудыг одоо ч  сайн санадаг. Аав минь зун болохоор л чөлөөгөөр эмнэлэгээс гарч гэртээ ирдэг байлаа.

Өдөрт нохойтойгоо хашаандаа орж тоглоно. Хааяа тоглож байхад хойд гудамжны тэндээс аавын суудаг тэргэнцэрийн жижигхэн хонх жин жин дуугарахыг би Сэжигээс түрүүлж сонсдог байсан. Сэжи нохой юм байж зарим мэдрэхүй нь надаас дор хөгжсөн нь их инээдтэй. Хааяа би нохой, Сэжи миний эзэн шиг үе олон тохиолдоно.

-Сэжи аав ирж байна гэж хэлээд бөөн баяр болон нохойгоо дагуулаад тэдний өөдөөс гүйж очдог сон. Тэр үед л би ээжийнхээ царайнаас жаахан инээмсэглэлийг олж хардаг байлаа. Тэгж аав ээжтэйгээ удаан хугацааны дараа уулзах хичнээн сайхан байдаг байсан гэж санана. Аавдаа чангаас чангаа тэврүүлээд л, ээж үсэн дээр минь зөөлхөн үнэрлээд, Сэжи биднийг харж баясаж сүүлээ шарвалзуулаад л жаргалтай мөчүүд.   

-Энэ өв ч ин эдгэрэх боломж байхгүй ч гэсэн би заавал охиныхоо насанд хүрэх өдрөөр хамт байх ёстой гэж аав нэг удаа ээжид хэлж байхыг би санамсаргүй сонссон юм. Түүнээс хойш би өглөө сэрэнгүүтээ л  ээж рүү залгаж,

-Аав юу хийж байна вэ? гэдэг утгагүй асуулт тавьдаг болсон. Ээж мэдээж “аав нь хэвтэж байна” гэж хариулна. Нэг өглөө ярихад “аав чинь байхгүй байна” гэж хэлэх вий гэж маш их айдаг байсан мөртлөө байнга л залгадаг байлаа.

Хамгийн сүүлийн удаа аав ээж хоёр Токио яваад ирэхдээ:

-Одоо дахиж явах шаардлагагүй болсон гэж хэлэхэд нь аавын минь өв ч ин бүрэн эдгэрчихэж гэж бодох тэрхэн зуур харамсалтай нь ээжийнхээ харцнаас тийм биш гэдгийг нь олж харсан юм. Түүнээс хойш аавд минь одоо ээж бид хоёроос өөр найдах зүйл үлдээгүй юм байна гэдгийг ч бяцхан ухаандаа маш сайн ойлгож билээ. Аав ээж хоёроосоо хол өнгөрөөсөн тэр жилүүд миний хувьд гунигтай түүх болон ард хоцорчээ. Одоо би жаргалтай байна.

Харин ирээдүйд юу болохыг хэн ч тааж хэлж чадахгүй. Үүнээс ч илүү гуниг ирэх үгүйг одоохондоо хэн ч мэдэхгүй. Миний аав зөвхөн өнөөдрөөр амьдардаг. Өөрт нь ямар ч ирээдүй байхгүй гэж боддогийг нь би гадарладаг. Харин ээж бид хоёрын ирээдүйн төлөө байнга сэтгэл зовж явдагийг нь би мэднэ. Би том болоод мундаг эмч болно гэж өөртөө амалсан. Тэгээд олон хүнийг өв ч нөөс нь анагаана гэж боддог юм. Бас аавынхаа өв ч нийг бүрэн эмчилж эрүүл саруул болгоно. Хамгийн сүүлд нь Сэжигийн ой ухааныг нь сайжруулж юм юманд соргог жинхэнэ нохой болгоно гэж боддог юм.   

Аав минь нэг л өдөр ээж бид хоёрыг орхиод хүссэн хүсээгүй холын хол явна гэдгийг бид бүгдээрээ мэдэж байгаа учраас одоо цаг мөч бүхэн бидэнд үнэтэй. “Гуниглах завгүй өдөр хоногууд” энэ бол аав ээж бид гурвын уриа. Бас Сэжигийн ч гэсэн уриа. Гэхдээ Сэжи сайн ойлгодоггүй байх л даа.

Ээж минь ойрд бүр ч их завгүй байгаа. Аавыг асрахын зэрэгцээ миний кимоног оёж дуусгах гээд шөнө хүртэл нойргүй суугаа.

Өнөөдөр гуравдугаар сарын 10. Маргааш миний төрсөн өдөр. Одоо нэг унтаад сэрэхэд л боллоо. Ямар гоё вэ. Би энэ гурван хоногийн өнгөрөхийг ямар их хүссэн гэж санана. Бүхэл бүтэн нэг жилээс ч удаан өнгөрлөө. Яг нэг жилийн өмнө аав минь гэртээ ирсэн. Тэр өдрөөс хойш би гуравдугаар сарын 11 болохыг хуруу даран тоолж эхэлсэн юм даа.

Нар мандчихсан байна. Өглөө болчихож. Гуравдугаар сарын 11. Аав ээж хоёрынхоо хайртай охин нь болж мэндэлсэн өдөр минь. Бушуухан кимоногоо өмсөөд, аав ээж хоёртойгоо сvм рүү явья. Намайг кимоно өмчихөөр Сэжи лав танихгүй байх шүү. Харин Мориваки эмээ “том охин болжээ” гэж хэлэх байх даа. Бушуухан босъё байз. Ямар сайхан хоолны үнэр вэ? Ээж миний дуртай цагаан будааны ороомгийг хийсэн байна.

-Мацунага миний охин гэж ээжийнхээ чангаар дуудахыг сонсоод би өрөөнөөсөө босоод гүйж очтол аав минь ханиалгаж эхэлжээ. Аавыгаа “уучлаарай, охин минь” гэж харах харц нь ямар өрөвдөлтэй байсан гэж санана.   

-Миний охин гэртээ айлгүй байж байгаарай. Ээж нь эмнэлэг орж аавд тариа хийлгэчихээд хурдан хүрээд ирнэ. Тэгээд гурвуулаа хамтдаа сvм рүү очно гэж хэлээд гарлаа.

Би Сэжигээ тэврээд гэрийнхээ үүдэнд аавынхаа суудаг тэргэнцэрийн жин жин дуугарах хонхны дуу тасартал тэднийг харж зогссон юм. Эргээд гэртээ орлоо. Ширээ дүүрэн өрсөн амттай хоол, яг голд нь миний дуртай цагаан будааны ороомог таваг дүүрэн байлаа. Ээжийн минь оёсон кимоно өлгүүрт байраа эзэлжээ. Үнэхээр сайхан харагдаж байсан, өмсөхсөн гэж хүссэн ч ээж минь өмсүүлж өгнө гэж бодохоор хүлээх хэрэгтэй гэж өөртөө хэллээ. Ээж минь хэдийд босож энэ бүгдийг бэлтгэснийг би мэдээгүй унтаж байжээ. Бараг шөнө унтаагүй ч байж мэднэ дээ, миний ээж. Гэрт маань бүх зүйл байсан ч ээж аав минь байхгүй болохоор сэтгэл цаанаа л хоосон. Аавыгаа ээжтэй хамт эргэж ирнэ гэдэгт би итгэж хүлээсэн.

Нөгөө л заншил ёсоор Сэжитэйгээ хашаандаа хоёулхнаа хүлээсэн. 11.00 цаг боллоо. Одоо цагийн дараа ирнэ гэж өөртөө итгүүллээ. 12.00 цаг боллоо. Жин жин дуугарах чимээ юу даа. Байдаг хурдаараа гүйж гудамжны аман дээр очлоо. Хэн ч байдаггүй. Энэ удаа Сэжи зөв сонсжээ. 1 цаг 30 минут боллоо би ээж аавыгаа хүлээсээр. Гэртээ орж кимоногоо нэг харлаа. Буцаж гарлаа.

2 цаг 40 минут тэд ирсэнгүй. Гараа дэрлээд жаахан хэвтэж байгаад зүйрмэглэж орхижээ. Хүний хөлийн чимээ сонсогдлоо. Сэжи бас хуцаж байна. Бид хоёр зэрэг гүйж гарвал. Харамсалтай нь аав ээж минь биш байлаа. Харин Мориваки эмээ гэрийнхэнтэйгээ байдаг хурдаараа яарсаар ирж байлаа.

-Мацунага ашгүй гэртээ байж байна. Аав ээж чинь өглөө яваад ирээгүй байна уу. Охин минь хоргодох байр руу явья. Бидэнд 12 минут л байна. Алив түргэл.

-Үгүй ээ. Би аав ээж хоёрыгоо хүлээж… гэж хэлж дуусаагүй байхад миний гараас хөтлөөд гүйлээ. Би Сэжигээ гартаа чанга тэврээд гүйж явлаа. Бидний эргэн тойрны бүх хүн бас гүйж байлаа. Хаа сайгүй “газ ар хө д лөлт, цу нами, 12 минут үлдлээ” гэж хүмүүст чанга яригчаар анхааруулж, хоргодох байр руу очихыг сануулж байлаа. Үр хүүхдээ үүрэх нь үүрч, хөтлөх нь хөтөлж байсан юм.

-Эмээ… миний аав, ээж яах болж байна гэж хэлэхэд Мориваки эмээ:
-Аав ээж хоёр эмнэлэгээсээ шууд хоргодох байр руу явж байгаа гэж хэлсэн юм. Би итгэхийг хүсээгүй ч итгэхээс өөр арга байхгүй гэдгийг мэдэж байлаа.

Өлгүүртээ үлдсэн миний кимоно. Ээжийнхээ оёж өгсөн кимоног би саналаа. Ингээд орхичихож болохгүй гэж бодлоо. Эмээгийн гараас гараа мултлаад Сэжигээ тэврээд өөдөөс ирэх хүн урсгалыг сөрөөд би гэрийнхээ зүг гүйлээ.

-Мацунага, Мацунага чи чинь яадаг хүүхэд… гэж орилох эмээгийн дуу төд удалгүй бие биенээ дуудах олон мянган хүний нэрэн дунд ороод замхарлаа.

-Би гүйсээр гудамж руугаа ороход тэнд нэг ч хүн үлдээгүй байлаа. Эргэн тойрон хэн ч байсангүй. Гэрийнхээ хаалгаар орж өлгүүрт өлгөсөн кимоногоо аваад эргээд гарах гэтэл байшин дайвалзаж эхэллээ. Би гарахыг хүссэн ч надад боломж олдсонгүй. Сурсан ёсоороо аавынхаа ажлын ширээн доогуур орж суулаа. Гэрийн маань эд хогшил ну рж, энд тэнд хаг аран унаж байлаа.

Би ээжийнхээ захиснаар 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 хүртэл 10, 10, 10 удаа тоолсон ч хө длөлт намдсангүй ээ. Урд нь бол эхний 10 хүртэлх тоон дээр намдчихдаг байсан юм. Миний кимоногоос ээжийн минь үнэр нэвт үнэртэж байлаа. Сүүлийн удаа “та хоёрыгоо санаж байна. Сэжи бас ээжийгээ санаж байгаа. Аав аа, ээж ээ охин нь та хоёртоо хайртай” гэж сэтгэлдээ хэлээд нүдээ анилаа.

Ингээд Мацунага охин, түүний нохой Сэжи ахиж хүний орчлонд нү дээ нээгээгүй юм. Харин түүний аав ээжийн нэр хоргодох байранд байсан хүмүүсийн нэрсээс олдоогүй байна.

Магадгүй одоо тэр дөрөв тэнгэрийн оронд уулзаад Мацунага охин ээжийнхээ оёж өгсөн кимоног өмсөөд, төрсөн өдрийн баяраа жаргалтай сайхан тэмдэглэж байгаа гэдэгт итгэлтэй байна.   

2011 оны гурвадугаар сарын 11-нд болсон цун амид нэрвэгдсэн бүх хүний гэгээн дурсгалд зориулав.

Хэдийгээр зохиомол зүйл ч гэсэн тэр өдөр хичнээн олон хүүхэд ямар сайхан зүйл бодож, төлөвлөж, мөрөөдөж байсныг тааж хэлэхэд даанч бэрх. Хичнээн хүүхдийн төрсөн өдрийн баяр тохиож байсныг хэлэхэд хэцүү билээ.

Эх дэлхий амгалан, хүүхдүүд жаргалтай байгаасай.  

Эх сурвалж: Блоггер С.Цэнгэлмаа

Continue Reading

Сайхан Түүхүүд

Эцгээрээ бус өвөөгөөрөө овоглосон алдарт зураач

Published

on

By

Та бүхэнд Монголын радиогийн уран бүтээлчдийн бэлтгэсэн “Марзан Шарав ба Монгол уран зураг” нэвтрүүлгийг хүргэж байна.

“1869 онд одоогийн Говь-Алтай аймгийн Түмэн сумын нутагт төрсөн ард. Эрэгтэй. 1923 онд намд элссэн. Монгол хэвлэлийн хорооны газар зураач ажилтай. Зургийн мэргэжилтэй.

Ингэж өөрийнхөө намтрыг даруухан бичсэн хүн бол 20-р зууны хосгүй зураач олноо Марзан хэмээгдсэн Балдуугийн Шарав буюу. Монгол оронд 1911 онд үндэсний эрх чөлөөний хувьсгал мандан бадарч үүнээс яг 10 жилийн хойно ардын хувьсгал дэлгэрсэн цацаа цалгиатай цаг үед энэ их хүмүүний аж амьдрал өрнөсөн билээ.

Дарууханаар өөрийнхөө намтартаа бичиглэсэн, улирч одсон эрин цагийн хамаг шилдэг хүмүүсийн тоонд яах аргагүй орох тэрбээр үнэхээр 19-р зууны 69-р онд хуучнаар Засагт-Хан аймгийн Засагт хошуу, өнөөгийн Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутагт өвөг эцэг Балдуугийн гэрт төржээ.

Цагаан давааны өглөө гэдэг өвөлжөөнд анх төрж цастай жавартай орчлонгийн хэцүү хатуу үед хүүгээ төрүүлсэн эх Норжин нь тийнхүү өөрийн эцгийн нэрээр овоглосон байна. Ингэж газар дээрх ганц хүүгээ эмэгтэй цэнхэр тэнгэрийн дор тэвэрчээ. Шаравын бага насны амьдралын тухай нэг бүрчлэн бичиж тэмдэглэсэн мэдээ баримт ер үлдсэнгүй.

Ном зохиолд товчхон өгүүлсэнээр тэрний авъяас эрдэм эрт сэрсэн агаад бага балчир Шарав хүү хонь малны бэлчээрт явахдаа ишиг хурга, тугал бярууг уран гоёор дүрсэлж дараа нь бүр лавшруулан зурж эхэлсэн гэх. Гэлээ ч аль тэртээх 19-р зууны дунд, сүүл үед юм гэдэг ховор. Тэр дундаа бийр будаг, цаас нэн дутмаг байсан учир Шарав зураг зурж сурах олон удаагийн дасгалаа юугаар хийдэг байсан нь бас сонирхолтой.

Хүсэл тэмүүллээр дүүрэн хөдөө нутагт тэр бүр байдаггүй дүрслэх урлаг, уран зураг хэмээгчид хамаг зүрх сэтгэлээ зориулчихсан Шарав хөвгүүний анхных нь хадаг барьсан багшийг Жанцан гэдэг байсан гэх. Жанцан хэмээх тэр зураач бурхадыг урладаг байсан бололтой.

Гэвч улиран одсон цаг хугацаанд ус хэдэнтээ vерлэж хэдэнтээ татраад алс баруун хязгаарт аж төрч басхүү бүтээн туурвиж, дараа үеийнхээ зураачийг бэлтгэж байсан Жанцангийн тухай эх сурвалжид бараг л үлдсэнгүй гэвэл худал зүйл биш болжээ. Ай он цагийн салхи исгэрсээр. Үлдээх ёстойгоо тэр үлдээж, эс үлдэх ёстойг хийсгэмүй.

Балдуу өвгөний зээ хүү овоо билиг оюунтай төрсөн болохоор тэрнийгээ нэгэн үе цэцэглүүлээд цаашаа явах ёстой боллоо. Угаас билигтэй хүүг өсгөж хүмүүжүүлэхийн тулд юу байгаа тэрнийгээ зориулсан эцэг охин хоёр баярлахаас өөр яахав.

Бийр нэхэж бичгийн хүн болсонгүй ч тэрнээс ч дутахгүй монгол бичигтэйн дээр овоохон зураач болсон Шарав хүү тэдний бахархал байлаа. Тэгэвч Шаравын сэтгэлд нэгэн зүйл байгаад байх боллоо. Анхандаа тэр үүнийг юу болохыг өөрөө ч мэдэхгүй явсанаа сүүлдээ тийм биш боллоо. Билэгтэй зураач залуу хөвгүүн явах ёстой байж. Улам ихийг сурч улам төгөлдөржин уран зураг хэмээх ертөнцийг цэцэглүүлэх, хөгжүүлэх ёстой байж.

Алс тэрдээд Их Хүрээ гэдэг газар байгаад байх. Амьтан хүний ярих нь ай даа мөн ч сайхан даа, Богдын хүрээ гэдэг чинь гэлцэх. Хүн хүний хуучлахаас сонсох нь Богдын өргөөнд байхгүй зүйл байхгүй. Түм, бум бужигнасан ховор сайн хот байх. Хот гэдэг нь бас юу болох нь эс мэдэгдэнэ. Зүүд зэрэглээнд хааяа л нэг үзэгддэг эртний байшингууд, асар сүм, цацар ордоор дүүрэн газар байж мэдэх.

Удаан бодож тунгаасныхаа эцэст нэгэн саруулхан сайхан үдэш ижий ажаа хоёртоо өөрийн бодлоо хэллээ. Хүүгийнхээ явна гэсэн үгийг сонссон Норжин ээжийн сэтгэл дэнсэлж алаг хоёр нүднээс нь нулимс уналаа. Балдуу өвгөн хоймортоо ханхайж чимээгүйхэн суугаад байх.

Тэгснээ хуучин гутлын түрийнээс хоёр төө орчим цагаан гаанс гаргаж ирэн гаанс нэрж байснаа “Охин минь, чи хүүхэд эрдэм сурахаар явах гэж байхад юундаа ингэв. Аавын биед хүнтэй танилц, агтны биед газар үз гэдэг юм. Миний хүү Богдын хүрээнд очиж эрдэм үзье гэдэг чинь их сайн. Гэвч газар хол шүү” гэж хэлээд дуугүй боллоо.

Маргааш өглөө л Норжин ээж хүүхддээ аяны хүнс бэлдэж өгөхөд Балдуу өвгөн ч зүгээр суусангүй. Нөгөөдөр өглөө л Шарав Богдын хүрээний зүг хүлгийн жолоо залах нь тэр. Монгол орны хөдөө тал нутаг Шаравын өмнө харагдаж Алтайн цэнхэр уулс алгуурхан хоцорно.

Үнэхээр тэр үед Их Хүрээнээс илүү хол газар гэж энэ ертөнцөд байхгүй мэт санагдаж байсан юм. Аян жинчид мөргөлчид ихэвчлэн баруун хязгаараас зүүн зүг рүү тэгж зүтгэж явахдаа аян замын холыг хэдэн сараар туулж заримдаа бүр жил болох шахдаг байжээ. Гэхдээ тэд бол замдаа нэг их саатаад байгаагүй болохоор тэр шүү дээ.

Шарав хүү хайчсан юм бүү мэд. Алга болчихлоо. Хэл сураг байдаггүй их уджээ. Эх Норжингийн сэтгэл байн байн өмрөх бол өвөг эцэг Балдуу угийн хашир хүн болохоор чимээгүй л суух. Зарим эх сурвалжид бичиж тэмдэглэснээр Шарав Алтайн нутгаас наран ургах зүгт орших Богдын хүрээнд иртлээ бүтэн 4 жил явсан гэдэг. Энэ хугацаанд тэр хаана юу хийж явсан нь тодорхойгүй.

Бодвол шуудхан чигээрээ явж хүлгийн сайн, хүний сайхны буянаар Богдын хүрээнд орох боломж тэр хүнд байгаагүй биз. Иймийн учир элдэв ажилд орж, нөгөө л бийр будгаа барьж ганц нэг зоос олох гэж гараа чилтэл зурж явсан биз. Дээр нь унаа мал унтах хоол гээд алсын газарт яваа ганц бие эр хүнд юу эс хэрэгтэй болохыг тэр байхав.

Баттай мэдээгээр алиа хошин зантай, амьтан хүнд туслахын халуун сэтгэлтэй Шарав 1922 онд Их Хүрээнд орж ирсэн бололтой. 20 гаруй настай залуу зураачийг Богдын хүрээ өвөрмөц сониноор угтсаны зэрэгцээ Алтай нутгаасаа гарч наашаа зүтгэсэн 4 жилийн хугацаанд мөн ч их зүйл болж өнгөрчээ. Ноёдын ажил чимээгүйхэн дарагдаж, Чингис хааны угсаатны язгууртнууд нэг нэгээрээ байхгүй болж оронд нь ардын хөвгүүд улсынхаа хувь заяаны төлөө явж байлаа.

Да Хүрээ гэгч нь дөрвөн жил зүтгэж ирсэнээс арай л өөр газар байлаа. Энд суугчдыг Шарав танан цагаан царайтай, тансаг сайхан амьдралтай, тайван амгалан сэтгэлтэй, уужуу саруул ухаантай гэж санасан нь алагтай цоогтой л байлаа. Дурамжхан царай хүмүүс гудамжаар алхаж жаргасан цөөхөн хэд нь сүй хөлөглөн сүржигнэнэ. Билигтэй сайн зураач эрийг анхандаа Да Хүрээ тоогоогүй юм.

Даруухан залуу зураач Лувсандондов ламынд нэг ажиллаж байгаад дараа нь Балдангачин гэдэг өөр нэгэн том ламынд амьдрах болжээ. Энэ үеэс Шарав хүрээнд алдаршиж эхлэв. Баяд ноёд, наймаачид, нэртэй том лам хуврагууд цөм тэрэн рүү цуварч бүгд л зургаа зуруулцгаах болжээ. Лувсандондов ламтан Шаравыг дагуулж Богдод мөргүүлээд шавь оруулж авъяас билгийг нь анх таниулсан гэж бичсэн байна.

Магад тийм байх гэдэгт эргэлзэх зүйлгүй. Засагт Хан аймгийн Засагт хошуунаас ирсэн Шарав зураач хэмээх залуу эр Богдын хүрээнд суух болж. Дээдэс түүнийг дэмжиж зураг зурах эрдмийг нь тэтгэж дэмжжээ. Шарав дээдсийн дэргэд суухдаа 8-р Богд Жавзандамбыг номын хувцастай, мөнхүү Богд ламыг цамын хувцастай, их дагина Дондогдуламыг отго жинстэй, Богд эх дагина хоёрыг дөрвөн талт титэмтэй, Богдыг хаан ширээнд суусны дараа ёслолын хувцастайгаар олон удаа зурж.

Ингэж зурсан гэдгийг Богдын Донир лам Жамбал гэдэг хүн хожим дурсан ярьсан удаатай. Бас нэг таамаг мэт яриа байдгыг энд онцгойлон өгүүлэх аваас алдарт “Монголын нэг өдөр” зургийг Шарав зураачид 8-р Богд захиалж зуруулсан гэх. Энэ магадгүй үнэнтэй ойрхон байх гэж сэтгэлд бууна. Монголын нэг өдөр зураг дээр 19-р зууны сүүлч, 20-р зууны эхэн үеийн Монголын амьдрал мөнхрөн үлдсэн юм.

Богдын захиалгаар хийсэн гэх энэхүү зургийг бүтээх санал авсан үедээ Шарав хүрээний амьдралын сонин хачиныг улам гүн судалж 4 жил бүдэрч ирсэн аян замын уртад тааралдсан элдэв явдлыг нэхэн байж бүтээсэн гэх. Энэ нь ч магад үнэн байж мэдэх. Он жилүүд ар араасаа урссаар л байлаа. Цаг нийгэм хоёр уралдаж цаана наанаа гарч олон шинэ зүйл ар араасаа бий болоод байх.

Мандсан хувьсгал нь манай зарим их хүмүүсийг хайрлаагүй ч Шарав мэтийн угсаа гаралгүй эгэл бодит ардыг тэр болгон шоглосонгүй. Энд нэг зүйлийг илтэд илэрхий бичих нь зүйтэй. Шаравыг идэр залуу гал дөл дүүрэн гар нүд хоёр нь хурц хүсэл мөрөөдлөөр халгиж явахад тэрний авъяас билгийг үнэлж хайрлан жинхэнэ ёс журмаар нь шагнасан нь бараг л үгүй.

Зарим ноёдын зүс царай тэдний хатдын гоо үзэсгэлэнг зурахад их л таатай мэт ч дараа нь мутар сунтаг нь мунхаг хүмүүсийнхтэй төстэй харамч ядуутай адилхан байж. Гэтэл хувьсгал мандсаны дараа энэ байдал арай өөр болж Шарав лугаа баядад авъяас эрдэмээ ноёдод тун ч цөөхөн зоосоор хайр гамгүй алдаж байсан билигт хүмүүсийн амьдрал арай өөр тийшээ ханджээ.

17-р зуунаас 20-р зууныг хүртэл Монголын дүрслэх урлагийн ертөнц үндсэндээ шаш ны нөлөөлөл их байлаа. Энэ гэвч муу зүйл биш. Аливаа урлаг хөгжих ёстой. Тиймийн учир Монголын орчин үеийн дүрслэх урлагийг үндэслэгчдийн нэг Балдуугийн Шарав бээр өрнө дахины уран зургийн арга барилыг дорно дахины билэг оюунтай хослуулж дэлхийн дүрслэх урлагийн ертөнцөд шинэ зүйл бий болгосон нь Монгол зураг буюу.

Энийг эрхэм сонсогч та их зураачийн “нэгэн өдрийн явдал”, “Үрс гарч байна”, “Богдын ногоон орд”, “Цагаан орд” тэргүүтэй алдартай зургуудаас бэлхэн үзэж болно. Марзан Шарав, Балдуугийн Шарав, Шарав зураач хэмээн нэгэн үе нийслэл хотын хүндтэй сайхан хүмүүсийн тоонд орж дараа нь Монголын дүрслэх урлагийн хойморт заларсан энэ их зураачийг гадаадын эрдэмтэн судлаачид, даян дэлхийд алдар суугаа түгээсэн Брейгель хэмээх зураачтай адилтган үзэх нь байдаг.

Угтаа Брейгель бол 16-р зуунд амьдарч уран бүтээлээ туурвиж байсан Голландын их зураач юм. Бидний сайн мэдэх Ленин, Сүхбаатар, хичээнгүй сайд Цэрэндорж тэргүүтэй олон шилдэг зургийг зурж мөнхөлсөн зураач Шарав ардын хувьсгалын анхны жилээс эхлэн 20 шахам жил хэвлэлийн хороонд зураачийн ажлыг хийсэн гэдэг. Уриа сонин, Ардын Цэ рэг сэтгүүлийн нүүр зургийг тэр бүтээж түүх цаг үед түүгдэж үлдсэн цөөхөн суутны тоонд оржээ.

1931 онд Шарав ЗХУ руу зорчиж наран шингэх зүгийн ололт амжилттай бас танилцаад авчээ. 1939 оны намрын налгар өдөр Ардын Цэнгэлдэх Хүрээлэнгээс хэвлэлийн хорооны хашаанд байсан гэр рүүгээ алхаж явсан Шаравын бие нэг л тавгүй. Энэ тэнд улаан туг намирч итгэл жавхаагаар дүүрсэн хүмүүс явна.

Шаравын сэтгэл хэдий сайхан ч лагшин нэг л биш оргиод болдоггүй. 70 насны босгыг алхсан их зураач тайван тайван явсаар өргөө гэртээ ирж хажуулдлаа. Маргааш өглөөний нар мандаж олон түмний амьдрал эхлэхэд маршал Чойбалсангийн өрөөнд гунигт мэдээ ирлээ. Хөөрхий дөө нөгөө муу Шарав зураач маань тэнгэрт дэвшжээ гэдэг үгийг жанжны цэцэн сонорт хэн нэгэн нь дуулгалаа.

Аль тэртээ жанжин Сүхбаатарын үеэс эхлэн танилцаж нөхөрлөсөн юмсан. Мөн ч сайхан хүн шүү. Ажил явдалд нь машин гаргаж үйлчил. Сангаас мөнгөн тэтгэлэг олго. Авъяас билэгтэй ийм хүн биднийхээ дунд олон олноороо ирээсэй. Ийм үгийг маршал хэлэв.

Марзан Шарав байхгүй, Балдуугийн Шарав байхгүй, билэгт Шарав байхгүй монголын өглөө цаанаа л нэг өнгө будгаар дутуу юм шиг. Улаанбаатарын гудамжууд хоосорч, уулзсан болгондоо инээд хайрлаж шоглож явдаг их зураачийн алхаж гишгэж явдаг газар шороо өвс ногоо одоо нэгэнтээ хоосорчээ.

Гэвч дараа үеийн зураачид араас нь хүрч ирэв.

Эх сурвалж: “Монголын Радио”

Continue Reading

Сайхан Түүхүүд

Агуу монгол эрийн ард гэргий нь байдаг /домог/

Published

on

By

Хэдэн зууны өмнө монголын дайчин эрсийг дийлж чадаагүй дорны нэг их хаан нэгэн туршуулыг явуулсан юм гэдэг. 

Түүний үүрэг даалгавар нь монгол эрсийн дайчин, эрэмгий, эх оронч шинж чанар хаанаас бүрдэн бий болдог, яагаад нүүдэлчин эрсийг зэр зэвсгийн илүүгээр ч дийлж чадахгүй байгаагийн ул суурийг олж сул талыг илрүүлэх байжээ. Тэр хүн монголын нутгаар хөндлөн гулд таван жил явсан гэдэг. Тэгээд буцан ирж хаандаа бараалхан ингэж хэлсэн юм гэнэ: Агуу их хаан минь ээ. Таны тушаалаар монгол эрсийн уугуул нутагт таван жил амьдарлаа. 

Нэг л зүйлийг ойлголоо. Монгол дайчин эр бүрийн ард ухаан төгс хатан байна. Тэр хатан болгон хүү төрвөл чи бол монголын хаан. Чи дайчин эр болж монгол эх орноо хамгаалан тэмцэх ёстой гэж сургаж өсгөдөг юм байна. Охин төрвөл чи бол монголын хатан. Чи дайчин монгол эрийн хатан байж үр хүүдээ хааны болон хатны зэрэгт өсгөх ёстой гэж сургадаг юм байна.

Тиймээс ч монгол нутагт айл бүрт хаан, хатан өсөн торниж, бидэнтэй байлдаж буй эрс өөрсдийгөө тэр нутгийн хаан нь гэж үздэгээс амь хайрлалгүй тэмцэлдэж чаддаг юм байна. Тэд хэдий арьс хөдөс нөмөрсөн ч дотроо хааны зэрэгт сэтгэж байгаагаас бид дийлдэггүй юм байна. Бид нэг дайчин эрийг устгахад ард нь арван хаан өсөн бойжиж байдаг юм байна гэжээ.

Continue Reading

Trending