Connect with us

Дотоод мэдээ

“Ээждээ мэс засал хийх л амаргүй байсан даа”

Published

on

1966 онд мэс заслын мэргэжил олгох курс

1973 онд мэргэжил дээшлүүлэх курс

1979-1980 онд клиникординатур төгссөн. Мэс заслын тэргүүлэх зэрэгтэй. Одоо Улаанбаатар хотод гавъяаныхаа амралтанд сууж, эхнэр Б.Оролмаа, үр хүүхдийнхээ хамт амьдарч байгаа. Эхнэр Оролмаа нь лаборант мэргэжилтэй уг мэргэжилээрээ 34 жил ажилласан.

Охин Ш.Нямсүрэн нь аавынхаа мэргэжилийг өвлөн авч эмч болсон. Эх нялхасын эрдэм шинжилгээний төвд хүүхдийн эмч. Улаанбаатар хотын Мэргэжлийн хяналтын газар байцаагч их эмчээр ажиллаж байгаа.

Би 5 хүү, 2 охинтой. Том хүү Лхагвадорж хар төмөрлөгийн үйлдвэрт инженер, хүү Пүрэвдорж багш, охин Нямсүрэн хүний их эмч, хүү Бямбадорж хуульч, хүү Дагвадорж сэтгүүлч. охин Даваацэрэн эмч, хүү Нямдорж хар төмөрлөгийн үйлдвэрт оператор.

1935 онд төрсөн эхнэр хүүхдийн хамт амьдардаг. 1964 онд АУДС төгссөн, Эрдэнэ суманд салбарын эрхлэгч их эмч. Төгрөг, Бигэр сумдын СДЭ-т ерөнхий эмч, мэс засалч. аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт тасгийн эрхлэгч, зөвлөх эмчээр 36 жил ажилласан.

Энэ хугацаанд:

V-VI-VII жилийн гавшгайч, засгийн газрын хүндэт жуух, Ардын хувьсгалын 50, 60, 70, 80 жилийн ойн медаль Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн болон Алтан гадас одон, Монгол улсын гавъяат эмч цолоор тус тус шагнагдсан.

-Сайн байна уу? Сайхан хаваржиж байна уу?

-Сайн сайн, сайхан л хаваржиж байна аа

-Таныг манай нутгийнхан Төгрөгтийн “Бал” эмч гэдгээр чинь хөгшин залуугүй хүн бүхэн андахгүй мэднэ. Харин аль нутгийн хүн гэдгийг чинь тэр бүхэн мэдэхгүй байх. Иймд хоёулаа ярилцлагаа төрж өссөн нутаг, хүүхэд бага насыхаа дурсамжаас эхэлвэл сонин байх болов уу?

-За тэгэеээ. Миний төрж өссөн нутаг бол Говь-Алтай аймгийн Чандмань сум, сургууль төгсөж эмч болоод Эрдэнэ суманд жил ажилласныг эс тооцвол идэр залуу наснаасаа эхлэн ихэнх насаа Төгрөг суманд ажиллаж, амьдарч өнгөрөөсөн болохоор л Төгрөгийн гэж ярьдаг юм. Манай эхнэр Оролмааг ч гэсэн Төгрөгийн хүн гээд зарим нь намайг Төгрөгийн хүргэн гэж хүртэл ярьж бичсэн байдаг юм.

Манай эхнэр уг нь Ховд аймгийн хүн л дээ. Бага насны хувьд бол яахав бидний үед малчин айлын хөдөөний хүүхдүүд ямар нөхцөл, ямар амьдралтай байсан билээ тэр л жишгээр ус авч, аргал түүж, хонь мал саалгаж, хурга ишгээ хариулахаас эхлээд өөртөө таарсан хар бор ажил хийж бас халуунд халж, хүйтэнд хөрч, өлсөж цангах аль алиныг нь үзэж, нэг үгээр хэлбэл малын дэргэд хээрийн бэлчээрт боргошин өнгөрөөсөн дөө. 12 настайдаа бага сургуульд орж, улмаар 10 жилийн дунд сургууль төгссөн.

-Таны эмч болсон замнал чинь их сонирхолтой зам туулсан гэж сонссон юм байна.

-Энэ талаар яривал бөөн онигоо болно. Адал явдалт тууж л гэсэн үг. Товчхондоо бол биднийг сургууль төгсөж байх үед, ялангуяа захын суманд мэргэжлийн талаар мэдээлэл ховор, хүн малын эмч, багш, нягтлан бодогчоос өөр мэргэжил байдаг эсэхийг бараг мэддэггүй байлаа л даа.

Арав төгсөхдөө бидний арваад хүүхэд Улсын Их сургуулийн Анагаах Ухааны Факультетэд орно гээд саналаа өгөөд бүртгүүлчихсэн байлаа. Гэтэл их сургуульд элсэлт авахаар УБ хотоос ирсэн Жадамбаа гэдэг хүн бидний аттестатыг харж байгаад Цогт сумын харъяат Халзангийн Дашзэвэг гэдэг хүүхэд бид хоёрыг тэр үеийн ЗХУ-ын Ленинград хотод Темерязовын нэрэмжит ХАА-н Их сургуульд хуваарь өглөө.

Түүнээ аваад гэртээ очтол ээж маань: -тэр хол газар хэл мэдэхгүй хүний нутагт чамайг явуулчихаад би юу бодож, хэзээ ирнэ гэж харж суух юм билээ, явуулахгүй гээд шууд хорилоо.

Тэр үед аймгийн дунд сургуульд багш байсан манай нэг ах маань одоо Орос хэлний Их сургуулийн ректор, хэл шинжлэх ухааны доктор профессор/ Сэрээнэнгийн Галсан, манай аймгийн АДХГЗахиргааны нарийн бичгийн дарга байсан Д.Дүгэржав хоёртой Улаанбаатар орж багш нарын семинарт суухаар машинаар хэд хоног явсан юм бэ бүү мэд.

Шарласнаа мэдэлгүй явж байгаад хүндэрч комд ороод нас барсан байсан тул би ээжийнхээ үгнээс зөрж чадалгүй 8-р сарын сүүлээр хот ортол гадаад явах хүүхдүүд нөгөө Дашзэвэг маань бүгд явчихсан байв.

Тэгээд их сургууль дээр очтол манай ангийн найз Д.Цахилгаантайгаа /одоо депломатч/ таарч, хоёулаа Орос хэлний ангид ороё гэж санал тавьсан чинь зөвшөөрч шалгалт өгч тэнцээд Сангийн аж ахуйд 2 cap шахам тариа ногооны ажилд явж ирээд хичээлдээ ороход бид хоёр хоёулаа бакал гуталтай, барилдаж байгаад гутлынхаа улыг ханзалчихсан тул, гутлаа сураар ногтлоод хүлчихсэн,

Цахилгаан маань бор пүүсүүгээр хийсэн тэрлэгтэй, би 3-н давхар эмжээртэй хар жигүүнэн тэрлэгтэй хичээлд ороход бид хоёроос бусад бүх оюутнууд орос хувцастай / костюм педжак/ байсан тул орос багш нар, оюутнууд ч гэсэн бид хоёрыг их сонирхсон байдалтай хардаг байсан нь одоо сонин санагддаг юм.

Ингээд Октябрийн баярын дараа нэг өдөр дугуй зааланд лекцэнд сууж байтал дежур өвгөн орой 18 цагт Говь-Алтайгаас ирсэн гэсэн цахилгаан авч ирж өгснөөр төв холбоон дээр очиход ээж бид хоёр мэнд усаа мэдэлцээд хот хөдөөнийхөө сониноос харилцан ярилцах завсраа, би сангийн аж ахуйд явахынхаа өмнө бичсэн захиагаа авсан уу гэж ээжээс асуутал ээж маань авсаан авсан, тэр орос хэлний ангид ороод сүүлд нь бас л оросруу чинь явуулчих юм биш биз дээ гэж байна.

-Үгүй ээ ээжээ багш болох байх гэсэн чинь ахыг чинь багш болоод би сайн сайхныг нь үзсэнгүй. Ер нь тэгээд багш /мэргэжил/ манайд зохихгүй юм байна. Манай нутгийнхан аавын чинь удмынхан 7 үе дамжсан хэзээний оточ маарамба удамтай улс байсан гэж ярьдаг байсныг чи мэдэж байгаа биз дээ.

Иймд миний хүү өөрт чинь өлзийтэй, хүнд тустайгаар нь эмчийн ангид орвол яасан юм бэ гэж байна. Ингээд л хагас жил шахам хичээллэж байгаад орос хэлний ангиас гарч, АУФ-д шилжин орох хүсэлтэй тухайгаа өргөдөл бичиж өгөөд гарч хотын түргэн тусламжинд нэг жил шахам ажиллаж хойтон жил нь АУФ-д шилжин суралцснаар эмч болох амьдралын замдаа орж байлаа.

-Таныг хөдөө суманд, бригад багын төвд тэр ч байтугай хөдөө малчин айлын гэрт хүртэл мэс засал хийж байна гэнэ гэж хүмүүс их ярьдаг байсан. Та ер нь хичнээн хүнд мэс засал хийж, ямар ямар хүнд хагалгаанд орж байсан бол, одоо тоо хэлж чадах уу?

-Бидний ид ажиллаж байх үе бол захиргаадалт гэдэг муу нэртэй боловч ажилд маш их зарчимч хатуу шаардлагатай, нарийн тооцоо судалгаатай ханддаг байсан цаг. Би одоо тооцож үзэхэд 18.000 гаруй хүн гардан эмчилсэнээс, үүнийхээ 50 гаран хувь буюу 9.610 хүнд мэс заслын тусламж үзүүлж 1440 удаа сумдын холын дуудлаганд явсан гэсэн тооцоо байдаг юм.

Харин 2 дахь асуултын чинь хувьд тийм ч хүнд хагалгаа, ийм ч хөнгөн хагалгаа гэж яримааргүй байна. Учир нь мэс засалч хүнд хийх гэж байгаа, хийсэн хагалгаагаа энэ нь хүнд, тэр нь хөнгөн гэж дугаарлаж бодож мэс ажилбарын ажилд хандаж болдоггүй юм.

Яагаад гэвэл мэсээр үүсгэсэн шарх бүхний цаана хүний ажил амьдрал, жаргал зовлон, үхэл учрал, амь нас, эрүүл мэнд гэж маш. том юм байдаг болохоор гар эвгүй хөдлөж, мэс нэг халтирвал …

-Төрөх эмэгтэйчүүдийн эмч, мэс засал зэрэг мэс баридаг эмч нарыг зоригоо чангалах гэж мэс хагалгаанд орохдоо заавал сархад ууж ордог, тэр ч байтугай, зарим нь бүүр хундага юмны нормтой байдаг гэнэ лээ гэж хүртэл ярьдаг энэ талаар та юу хэлэх вэ?

-Сархад уусан эмч хагалгаанд орно гэхээр миний хувьд ердөө санаанд багтаж толгойд нэг л бууж өгдөггүй юм. Айвал бүү хий, хийвэл бүү ай гэж үг байдаг даа. Гэхдээ айдаггүй зүрх зоригтой хүн гээд хар муйхараар дайраад бай гэсэн үг биш л дээ.

Харин миний хувьд маш бага насны хүүхэд, өөрийн болон ойр хүндээ хагалгаанд орно гэхээс яагаад ч юм бэ нэг л эвгүй бодогдоод байдаг юм гэхдээ яах вэ. Би эхнэртээ, эгчдээ ээждээ хүртэл мэс засал хийж байсан, хэцүү дээ хэцүү хийчнээн эмчилж өвчнөөс нь салгах гэж байгаа ч гэсэн эмч хүн /над шиг мал төхөөрөхөөс айдаг/ ээжрүүгээ мэс бариад дэргэд нь очоод зогсоно гэдэг хүсэх ажил биш юм гэж бодогддог.

Ээж маань 1985 онд 87 настайдаа намайг хөдөө яваад ирэхэд мухар олгойн үрэвсэл болсноо мэдэлгүй халуураад 2 хонож байна гэхээр нь үзсэн чинь олгой нь үрэвсээд буглаа үүссэн бололтой бөөрөнхий зүйл тэмтрэгдэж байлаа.

Тэр үед би аймагт ганцаараа байсан болохоор өөрөө ээждээ хагалгаа хийхээс зүрхшээгээд өмнө нь манай аймагт мэс заслын эмч хийж байсан Л.Бямбаа гэдэг эмч нутагтаа амралтаараа ирээд Шарга суманд амарч байгаа сураг дуулаад мотоциклээр давхиад очтол өчигдөрхөн хотруугаа буцаад явчихлаа гэж байв.

Ингээд буцаад иртэл ээж маань миний энэ байдлыг мэдсэн бололтой чи чинь үзэгдэж харагдахгүй яагаад тойрч давхиад байна. Надаас айгаад байгаа юм уу. Хөгшин залуу олон хүнийг өвчин зовлонгоос нь салгалаа л гэдэг юм байна лээ, би ээж чинь л болохоос адилхан л хүн ялгаа юу байх вэ

Миний хүү чи чаддаг л бол ээжийгээ энэ аюулаас салгаад өгч үз гээд гуйх, шаардах зэрэгцүүлэн тулгахад аргагүйн эрхээр гараа угаасан болов ч сувилагчаа орж ээждээ цэвэрлэгээ ариутгал хийж, бүх бие, нүүр, нүдийг нь шархны бүтээлгээр хучиж далдасны дараа орж ээждээ мэс засал хийж байлаа.

Ээжийгээ гэртээ гарсны дараа нэг өдөр дуудхаар нь гэрт нь ороход ээж маань тогоо дүүрэн будаатай цай чанаад, өрөм хөвсөн аяга дүүрэн цай хийж өгөөд

-За миний хүү ээжийнхээ ачийг хариуллаа миний хүүг бурхан өршөөж явах болтугай гээд, нэлээд хуучирсан хадган дээр хэдэн чихэр тавьж надад өгөөд хөхөөрөө толгой дээр минь адис тавиад үнсэж байсан нь одоо ч санаанаас гардаггүй юм даа хөөрхий. Энэ дашрамд ээжээ дурсахад ч сайхан байна аа.

-Таныг гавъяат эмч гэдэг эрхэм хүндэт цол авсны дараах цайллаган дээр чинь Хөдөлмөрийн баатар, Монгол улсын ардын болон, хүний гавъяат эмч, академич, доктор профессор багш Ж.Хайруулла сайхан үг хэлж байсныг санаж байна. Та ер нь Хайруулла багшийн дотны шавь нарын нэг байж дээ?

-Дотонсох юу байхав. Жирийн л багш шавь хоёр харин биднийг оюутан байх үед дотрын Б.Рагчаа, мэс заслын В.Ичинхорлоо, П.Долгор, Б.Гоош, Т.Шагдарсүрэн, мэдрэлийн Г.Лодон, Б.Равдандорж, төрөх эмэгтэйчүүдийн Цэвэлмаа, Дунгаамаа, Ц.Готов, Дамбадорж, нүдний Р.Нямаа гээд ёстой бурхан шиг жинхэнэ одууд болсон багш нар хичээл заадаг байсан даа.

Гэтэл тэд маань ихэнх нь бурханы орондоо яваад, одоо ялангуяа мэс заслын багш нараас үлдсэн нь ганцхан Хайруулла багш болж байх шиг байна. Үүний дашрамд нэг дурсамж ярихад одоогоос 40-өөд жилийн өмнө намайг мэргэжил дээшлүүлэх курст суралцаад буцах гэж байтал нэг өдөр Хайруулла багш хотод ирж ажиллах уу гэж байна.

Тэр үед мэдрэлийн мэс заслийн тасаг шинэхэн байгуулагдсан, Хайруулла багш Зөвлөлтийн мэргэжилтэн зөвлөх эмч Рачков, Дондов, Оюун, Баяраа гээд хэдхэн эмчтэй байлаа. Тэгээд надад зөвлөх мэргэжилтэн Рачков гуайн гарын үсэгтэй хотод ирүүлэх бичиг хийж өгөөд явуулахад нь багшийнхаа зөвлөгөөнийг биелүүлж чадаагүйдээ одоо болтол харамсаж явдаг юмаа.

Нөгөө талаар мөн одоогоос 20-иод жилийн өмнө эхнэр маань цусны даралт ихдэж тархи, толгой нь өвдөж, огиж бөөлжөөд дээрхи оношоор аймагтаа 2-3 жил эмчлүүлсэн боловч засал авахгүй Улаанбаатарт ирээд 3-р эмнэлэг дээр эхнэр бид 2 очоод хүнтэй уулзаад сууж байтал Хайруулла багштай санаандгүй уулзаад үзүүлтэл, эмч хүн байж чи ийм өвчтэй хүнийг одоо болтол зүгээр аваад явж байдаг, одоохон хэвтүүл гээд шууд бичиг хийж өглөө.

Ингээд хэвтүүлж холбогдох шинжилгээ хийгээд тархины хавдар байсныг Хайруулла багшийн зөвлөмжийн дагуу Б.Батчулуун, Болд эмч нар хагалгаанд орж, тахианы томхон 2 өндөгний дайтай хавдар авснаар эхнэр маань эрүүл саруул болж, одоо болтол үр хүүхэд, ач зээ, төрөл төрөгсөдийн хамт аз жаргалтай амьдарч байгаадаа буурал багшаа сайн багш, сайн эмч гэж хүндэтгэн дээдлэж явдагаа энэ дашрамд хэлмээр байна.

Ярилцсан С.Зандан

Эх сурвалж: “Алтан Чагнуур”

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Дотоод мэдээ

Baji & Yalalt нар шагналаа авчээ

Published

on

By

Олон мянган дагагч, үзэгчидтэй болсон, өөрийн гэсэн өвөрмөц яриа хөөрөө өрнүүлдэг Baji&Yalalt шоуг олон хүн мэддэг болсон билээ.

Тэгвэл Люмино хамтлагийн Батхишиг буюу Баажий маань Ялалтынхаа хамтаар Youtube компаниас шагнал болох “Silver Button”-оо авчээ. Энэхүү шагналыг Youtube суваг нь 100 мянган дагагчтай болох үед өгдөг аж.

Баажий энэ талаар “Bayarladag shuu … bidnii contentiig uzdeg demjdeg buh humuustee 1 jiliin umnu 2k hun uzdeg live aa content bolgoyo geed shiideed ehelsen yum … 14 sariin daraa togtmol 250-300k hun uzdeg niit 17.5 million uzelttei nevtruuleg 127k subscribers -tai suvag bolson bn bayarlalaa bugded ni so happy”хэмээн өгүүлжээ.

Баажигийн гишүүнээр нь байдаг Люмино хамтлагийн талаар танд сонирхуулбал албан ёсоор 1998 онд MC,Skitzo,Quiza,Хөлгөө,Чинзоо гэсэн 5 хүний бүрэлдхүүнтэйгээр байгуулагдасан.

2000 оны сүүлээс 3 хүний бүрэлдхүүнтэй болж өөрчлөгдсөн. 2013 оноос хамтлагийн бүрэлдэхүүнд DJ Zolo орж ирснээр Люмино хамтлаг нь албан ёсоор 4 хүний бүрэлдэхүүнтэй болсон. Монгол улсад Хипхоп урсгалыг олонд таниулж хүмүүсийн хүртээл болгоход хамгийн их хувь нэмэр оруулсан хамтлаг юм. Тэдний анхны ХИТ дуунууд нь хайрын өнгө аясыг илүүтэйгээр тусгаж байснаараа нийт сонсогчдыг хипхоп сонсоход нөлөөлсөн гэж үздэг.

Тэдний 1999 оноос хойш хийсэн дууны дугаралтууд өнөөдөрч гэсэн сонсоход чанарын шаардлага хангасан хэвээр байгаагаас харвал маш чанарлаг зүйлсийг анхнаасаа төлөвлөж хийж ирсэн нь харагддаг. Монголд ‘sample’ гэдэг зvйлийг утгаар нь ашигласаар ирсэн хипхопын үндсэн урсгалын (mainstream) хамтлаг юм. Тэдний эхний дуунуудаас авхуулаад өнөөдрийг хүртэл гарч байгаа ихэнх дуунуудыг МС продюсерлэж, хөгжмийг Бат-Эрдэнэ (Аранза) нар хамтран хийж ирсэн.

Тэд дууг 2 сувгаар хийдэг. Продюсер МС-гийн хэсэгт ихэнх дуу багтдаг бол Анхаа, Бажи мөн бие даан дуунуудыг хийж эхэлсэн байдаг. Хүнийх, Тайван, Заримдаа, Шөнө дунд цас орж байна! гэсэн дуунуудыг энд дурьдаж болно. 1999-2006 оныг хүртэл уран бүтээлийн идэвхтэй үед байж 5 бие даасан студийн цомог, “Танихгүй охины захидал” уран сайхны кино, 30 орчим видео клип, 20 гаран бие даасан тоглолтыг хийсэн байдаг.

Люмино+Аранза+Даваахай (Zaya’sh) энэ 3 тухайн үедээ нэргүй л болохоос Label компаны хэмжээнд гар нийлэн ажиллаж дорвитой бүтээлүүдийг үйлдвэрлэдэг байсныг тэдний дээх нь үеийн бүтээлүүдээс харж болно. Тэд энэ хугацаанд Монголын хөгжмийн дээд шагнал болох “Пентатоник”-ийн цомыг 4 удаа хүртжээ.

2008 оноос хамтлагийн гишүүд бие даасан уран бүтээл хийж эхэлсэн бөгөөд Анхаа “Cuthberth” гэсэн нэрээр Модерн Номадстай хамтарсан чиллаут стилийн хөгжмийн цомог гаргаж, 2009 оноос МС өөрийн соло реп дуунуудыг сонсогчдод хүргэж, өндөр үнэлэлт авсанаар 2011 онд Platinum beatz, Romantic beatz гэсэн бие даасан студийн хос цомог гаргаж, “The Secret of rap” нэртэй орчин цагийн хөгжмийн тухай номыг өөрөө бичиж редактор хийн гаргасан байдаг.

Мөн 2009 оноос Бажи соло “rnb” дуунуудыг хийж олны сонорт хүрч эхэлсэн. 2012 оноос Люмино хамтлагийн уран бүтээл эргэн идэвхжсэн ба “Хэмнэл нэрэгч” хэмээх төсөл хэрэгжүүлж, аялан тоглолт болон шинэ дуунуудыг үйлдвэрлэсээр байна.

Continue Reading

Дотоод мэдээ

Хачин туранхай цагаан залуу “Зургаа өгөөч” гэж байна

Published

on

By

Өглөө бослоо, өглөө ч гэж дээ өдрийн цайг өглөөнийхтэй хамтад нь залгих цагаар л сая шөнө дундаас хойш надад нухлуулсан орноос сангасваа үсээ гилбэсээр аргагүйн эрхэнд сугарлаа. Өнөөдөр бас л нар байхгүй, хог гэж, бүтэн сар бүрхэг өдрийн бороо мананд залуу сайхан насаа зарцуулж залхаж байшдээ.

Гэхдээ жаргах нарны сацраг туяанд учиргүй баясдаг сайн санаатай, гэнэн хонгор, ухаантай царайлаг уран зохиолын идеал дүр би биш болохоор өөртөө ноогдсон өчүүхэн эд эсээ орчлонгийн олон хувиралд зориулаад байхыг угаасаа хүсдэг ч үгүй, зүгээр л өнөөдөр нар гарвал гарчаасай, үгүй бол болино л биз.

Өглөө сэрүүлэг нь дуугарч чичирсээр байгаад шалан дээр уначихсан гар утасыг өөд нь авч эвдэрчихээгүй байгаад нь жоохон баярласхийн дэрлүү шидлээ. Шар шувууг дууриаж шөнөжингөө хүүг хүүг гэж суусан юмсан, “өглөө” босоод харахад ширээгээр нил хөглөрсөн ном, цаасны хажуугаар пачиктай сүүтэй цай, кофе 2-ийг угсруулж уусан 2 аяга хоорондоо багын найзууд шиг халтайчаад хэлхэлдээд зогсож байхыг нь харсан чинь хайр хүрээд хоёуланг нь барьж аваад бамбалзуураар хөөсөрүүлж, бөмбөрүүлэн зүлгэж усанд оруулаад жагсаалд нь эгнүүлэв.

Загатнасан хурууг яая даа, яалт ч гүй явсаар очоод РС асаачлаа шүү, одоо яая ингэхэв, нэгэнт асаачихсан юм чинь нэт орохоос доо. YM-ийн листэнд өдөржин наалдаастай байдаг хэдэн хүдэр танкнуудтай эхнээс нь пулёмтолж мэндлээд. Шагайдаг хэдэн сайт, блогуудаар овчарк нохойн байрлалаар цээж урагшаа харц шулуувтар шиншлэх газар нь шиншилж, харайх газар нь харайж, дуусаад хэлээ унжуулан, цэх шулуун цовоо сэргэлэн хэсэг сууснаа, цааш шогшив.

YM 1: Тэгж байтал мессенжерт багын ганц найз минь орж ирж магнайн хөлс, мэлмийн нялмс хоёрыг гялталзууллаа. Нэгэн компанид нарийн бичиг хийдэг тэрний минь завтай цаг гэвэл бид 2-ын ярилцсан уулзсан хэдхэн хоромтой яг тэнцүү… өнөөдөр ч бас салхи татуулж орж ирээл шуургадаад алга болов, ээрч муурсан би аанай л гацаж хоцрохдоо ажил нь бүтээсэй гэж ханцуй дотроо залбирч цацлын есөн нүд болсон найман хуруугаараа kiss ya товшин торойж хоцров.

YM 2: Мэндэлж зөрдөгөөс хэтэрдэггүй дээр үеийн нэг танил залуу мессенжерээр Hi girl yu bna асар цоглог ах мэндэлж байна, хэсэг үг сольж – ажил сайн уу, – сайн, – хаана байна, – хуучиндаа гэх мэт сонирхолгүй улигт мэдээллийг аргагүй эрхэнд өгч хайран хурууныхаа өндөгийг элээж байтал гэнэт туранхай хухин цагаан царайгаа нүдэнд үзэгдтэл – зургаа явуулаач гэж авсан,

-чи намайг хараагүй биш тэрмуу хогоор ядын гэтэл – ээ өгчил дөө гээд хэлхэгнээд салахгүй байхаар нь – байхгүй, байсан ч өхкүй гээд хэлтэл уурлах аядаж байна, яаж байгаам болоо, хаа хамаагүй түвдэнгийн борын зургаар юугаа хийдийн, аягүй бол энэ яг тоншуул сэтгүүлд өгөх гэж байгаам байна л даа гэж хардаад түүнийг off хийв.

YM 3: Гэтэл хурууных нь хээ арилж байгаа нэг чатчин гэнэт -өөш гээл шууд BUZZ, цочсондоо ай… за… юу… гэсэн чинь -зүгээр байгаараа гэжийнэ, – тэгнээ л гэлээ, гээд цаашаа үлгэрийн үг яриагаар үргэлжлэх чат… ядарчмаар… залхсандаа заримдаа… зажилсан бохио үсэнд нь нааж, хаширдаг болуу … гэхдээ тэгээд … яг байхгүй үед нь хальт санан гиюүрч новширдогоо бодохоор өөрийнхөө үсэнд бохио наагаад, хүйтэн трубанд хэлээ наагаад хөмсөгнийхөө vсийг хусчмаар болоод байдын… ой яасан жигтэй орчлон бэ.

Стресс тайлж байгаа нэрээр депресст ортлоо чаталж байгаа энэ амьдралыг хэдэн онд хэн гэдэг нөхөр төгсгөж өгч ямархан гэрэлт ирээдүйн хивсэн дээгүүр чирж гудчин гүйх юм болдоо, гэхдээ “нөхөр”-ийг ядарвал нь би хааяа чирээд гүйж тэрмууд буян болсон доо ч яахав гээ бодоодайгаа.

Өчигдөр кино үзмээр дур хүсэл оволзоод байсан ч бодит байдалтайгаа эвлэрч шуналт адын хүслээ ухамсарын алтан ташуураар ороолгон номхоруулвой. Хорвоогийн эрээн өдөр, эрээн ч гэж манан унаад саарал болчихсон нэгэн өдөр ийн өнгөрч нvгэлт хүн би бээр хөөсөн талхыг араа шүдээрээ хавиран буталж ходоодны тээрэмрүү өрөвдөх сэтгэлгүй илгээж байхдаа харин юу бодож байсан гээч … … …

за тэр ч яахав … миний энэ ёолк хүртэл РС дотор шүү … гэхдээ гоё …

Continue Reading

Дотоод мэдээ

Монголчууд олимпын тэмцээнийг ТВ-ээр үзүүлэх эрхийг хэдээр худалдаж авсан бэ?

Published

on

By

Statista сайт дээр дурьдсанаар 2012 болон 2016 оны олимпын наадмыг нэвтрүүлэх эрхийг худалдаж авсан гэрээний дүн нь тив бүрээр өөр байжээ. Тодруулбал ойрхи дорнод/Африк тивд уг эрхийг 46 сая доллараар худалдаж авсан бол төв Америк, Өмнөд Америк болон кариббийн улсуудын хувьд 326 сая ам.доллар, харин Ази тивд 663 сая ам.доллар, Европ тивд 941 сая ам.доллар, эцэст нь хойд Америк буюу АНУ, Канадад 2 тэрбум 119 сая ам.доллараар гэрээ хийгджээ.

Үүнээс жишээ болгон дурьдахад АНУ-д гаргах эрхийг худалдан авсан NBC нь хамтрагчидтайгаа нийлээд 2032 он хүртэл олимпыг нэвтрүүлэх эрхийг авахаар 7,75 тэрбум ам.долларыг Олон улсын Олимпын Хороонд төлжээ. Энэ гэрээний хувьд нийт 6 удаагийн Олимпын тэмцээн багтах ба 2021-ээс 2032 он хүртэл хамрах юм.

Дэлхийн улс орнуудын хувьд бараг тэр чигээрээ өөрсдийн ашгийн төлөө буюу хувийн хэвшлүүд нь өөрсдөө эрхийг нь худалдан авч нэвтрүүлж байгаа учраас ихэвчлэн 1-2 телевиз нь гаргаж байгаа аж.

Харин Монголчуудын хувьд онцлогтой. Тодруулбал Монгол улс 2020 оны Токиогийн олимпыг хамгийн олон телевизээрээ гаргаж буй улс орон болоод байна. Үүнээс гадна төлбөрийг нь телевизүүд бус харин “Эрдэнэт Үйлдвэр” зэрэг компаниудаар спонсордуулж төлүүлсэн бололтой. Монголчуудын хувьд яг хэдэн төгрөгөөр энэ эрхийг авсан нь тодорхойгүй байгаа ч ямартай ч олон компани нийлж хувааж төлсөн бол тодорхой хэмжээний хөнгөлөлт авсан байх магадлалтай.

Ингээд та бүхэн Олимпын тэмцээнтэй холбоотой зарим нэгэн мэдээллийг хүргэж байна.

Японы баг тамирчид ширээний теннисний холимог хосын төрөлд түрүүлж, тус спортын төрөлд Японы анхны Олимпын алтан медалийг даваа гарагт хүртжээ.

Японы багийн тамирчид Жүн Мизүтани, Мима Ито нар финалын шатанд Хятадын тамирчид болох Сю Шин, Лю Шивэн нарыг ялсан бол Тайванийн баг хүрэл медаль хүртсэн байна.

Хятадын багийн хувьд 2019 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж байсан бөгөөд Японы багийн хамгийн том өрсөлдөгчдөд тооцогдож байжээ.

Сонирхуулахад, ширээний теннисний холимог хосын төрөл нь “Токио-2020” зуны Олимпын наадамд шинээр нэмэгдэж буйгаараа онцлог юм. 

Энэтхэг 582, ОХУ 581, БНХАУ 581, Украин 580, Серби 577, Австрали 576, БНХАУ-2 баг 576, Энэтхэг-2 баг 575 оноогоор финалдлаа.

“Токио -2020” Зуны олимпын XXXII наадмын энэ өдөр /2021.07.27/-ийн өглөөний 08 цагийн байдлаар энэхүү олимпыг Зохион байгуулагч орон Япон улсын баг тамирчид 8 алт, 2 мөнгө, 3 хүрэл медальтай, нийт медалийн /13/ тоогоор 3 дугаарт жагсаж байна.

Харин АНУ-ын баг 7 алт, 3 мөнгө, 4 хүрэлтэй, нийт 14 медальтай 2 дугаарт, БНХАУ-ын шигшээ баг 6 алт, 5 мөнгө, 7 хүрэлтэй, нийт 18 медальтай 1 дүгээрт бичигдэж байгаа юм байна.

Медалийн тоо болон чанараар ОХУ-ын Үндэсний олимпын хорооны баг 4 алт, 5 мөнгө, 3 хүрэл, нийт 12 медальтай 4 дүгээр байрт, Итали улсын баг 1 алт, 4 мөнгө, 4 хүрэлтэй 5 дугаар байрт тус тус бичигджээ. Түүнчлэн Их Британийн шигшээ баг 3 алт, 3 мөнгө, 1 хүрэлтэй, БНСУ-ын баг 3 алт, 4 хүрэлтэй 6 дугаар байрт бичигдэж байна.

Монгол Улсын шигшээ багийн хувьд 2 хүрэл медальтай Египет, Турк, Украин улсын шигшээ багуудтай хамт 42 дугаар байрт явж байна.

Continue Reading

Trending