Connect with us

Сайхан Түүхүүд

Б.Отгон: Боксын холбооны асуудлын шалтгаан бол МӨНГӨ!

Published

on

Б.Отгон сэтгүүлч боксын холбоонд үүсээд буй асуудлаар дараах байр суурийг илэрхийлэв.

“Нанчилдааны цаад шалтгаан нь ердөө л МӨНГӨ!!! Боксын холбооны хагас жилийн санхүүжилт нь ТЭРБУМ төгрөг. Хөлсөө урсгаж буй тамирчид нь ямар ядуу амьдарч байгааг Э.Цэндбаатар ярилаа. Гэтэл Боксын холбооны хагас жилийн санхүүжилт ТЭРБУМ давжээ. Энэ их мөнгө тамирчиддаа очдоггүй, харин холбооны нэр барьсан бүлэглэл үүнийг мэднэ.

Олимпийн эрх, медаль авах нэрээр халхавчлан төр, төрийн өмчит компаниудыг дээрэмддэг улс төр болон спортын алдартнуудын бүлэглэл аль хэдийн бий болжээ. Карьер нь дууссан олимп, дэлхийн аваргууд аль нэг спорт холбоонд ХАЧИГ шиг наалддагийн учир нь ердөө л энэ бохир мөнгөнөөс хүртэх хувь юм.

Улсын төсөв, ивээн тэтгэгч төрийн болон хувийн өмчит компаниуд, Олон улсын байгууллагаас ирж буй санхүүжилтийг тэд хувааж иднэ. 2021 оны 4-7 сар буюу дөрөвхөн сарын хугацаанд зөвхөн улсын төсвөөс боксын холбоонд ХАГАС ТЭРБУМ төгрөгийн санхүүжилт олгожээ. Он жилээр нь тооцвол ойгүй их мөнгө болно.

Энэ хугацаанд Боксын холбооны Ерөнхийлөгчөөр ажилласан Салхитын мөнгөний орд буюу “Эрдэнэс силвер” Төрийн өмчит компаний захирал асан Т. Мөнхбаяр гэхэд Боксын холбоонд хагас жилийн дотор 500 сая төгрөг өгснөө тайлагнажээ. Хагас жилийн дотор ТЭРБУМ төгрөг олдог бизнес Монголд байна уу ? Боксынхоны нанчилдааны шалтгаан нь тэрбум, тэрбумаар хэмжигдэх энэ МӨНГӨ л юм байна.

Сэтгүүлч Б.Отгон 2021.09.15” гэжээ.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Сайхан Түүхүүд

Гал сөнөөгчид шинэ байр барьж өгчээ

Published

on

By

Нийслэлийн Онцгой байдлын газрын Ахлагчийн зөвлөл Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг угтаж “Мөрөөдөл биелдэг” сайн үйлсийн аян өрнүүлж, гал сөнөөгч, ахлах ахлагч Ж.Пүрэвдэмбэрэлийн гэр бүлд шинэ хашаа, байшин барьж өглөө.

Тодруулбал, уг төсөлд TV9 телевиз, Араг продакшн зэрэг байгууллагууд хамтран, бусад аж ахуйн нэгж, иргэд мөнгөн дэмжлэг үзүүлж, ивээн тэтгэжээ. Орон сууц барих ажилд НОБГ-ын дарга А.Дашнямын тушаалаар томилсон ажлын хэсгийн 14 алба хаагч, дөрвөн техник хэрэгсэлтэйгээр есдүгээр сарын 15-наас энэ сарын 22-н хүртэл ажилласан байна.

Сайн үйлсийн аяны хүрээнд Онцгой байдлын албаны 750 гаруй аврагч, гал сөнөөгчдөөс Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Ж.Пүрэвдэмбэрэлийн гэр бүлийг сонгожээ. Ж.Пүрэвдэмбэрэл нь Онцгой байдлын албанд 15 жил ажилласан, эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. Тэрбээр гамшиг ослын 965 удаагийн дуудлагаар ажиллаж 12850 цаг үүрэг гүйцэтгэсэн.  Түүнчлэн үүрэг гүйцэтгэхдээ галын аюулаас 14 хүний амь аварч, ээлжийн бүрэлдэхүүн 2 тэрбум 214 сая төгрөгийн өмч хөрөнгийг гал түймрийн аюулаас авран хамгаалж ажиллажээ.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян “Албан хаагчдын нийгмийн баталгааг хангах чиглэлээр онцгой байдлын байгууллагын ангиудтай ойрхон газар албан хаагчдыг орон сууцжуулах төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлсэн. Мөн үүрэг гүйцэтгэх нөхцлийг сайжруулах чиглэлээр төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна” хэмээв.

Тус байшин нь 15х8 харьцаатай, дотроо угаалгын өрөө, халуун хүйтэн устай. Мөн гал түймэр, үер, газар хөдлөлт, хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлж, гамшгийн эрсдлийг тооцож барьсан жишиг байшин гэдгээрээ онцлог юм.

НОБГ-ын дарга, хурандаа А.Дашням “НОБГ 2021 онд дотоод журамдаа өөрчлөлт оруулан Ахлагчийн зөвлөл байгуулсан. Бид стандарт хангасан, жишиг байшинг барьж ашиглалтад оруулж байна. Нийтдээ 110 сая гаруй төгрөгийн хөрөнгө оруулалттай энэ аянд НОБГ-ын бүх албан хаагч оролцсон” хэмээн онцоллоо. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Continue Reading

Сайхан Түүхүүд

“Би өөрийгөө сурталчлахаар санаа зовоод ичээд байдаг юм”

Published

on

By

Олон улсын тэмцээн уралдаанд амжилттай оролцож , эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа уран нугарагчдийн нэгэн төлөөлөл МҮДБЭ-Чуулгын уран нугараач МУСТА О.Цэцэглэн хэрхэн амжилттай яваа арга барил болон ур чадварын талаар маш өгөөжтэй зөвлөгөө, туршлагаасаа та бүхэнтэй илэн далангүй хуваалцлаа.

Та зорилгыг юу гэж тодорхойлох вэ? Бид яагаад заавал зорилготой байх ёстой вэ?

Зорилго тодорхойлохоос өмнө хүүхэд өөрийнхөө дур сонирхол буюу өөрийгөө мэдрэх хэрэгтэй.

Эцэг эхчүүд хүүхдийнхээ авьяасыг нээж хөгжүүлэх тал дээр маш нухацтай хандаж заавал санал сэтгэгдлийг сонсож байж шийдвэрт хүрэх нь зөв болвуу.

Учир нь тэр хүүхдийн болон улс эх орны ирээдүйд нөлөөлөх чухал зүйл явж байдаг учраас эцэг эх өөрийн дур хүслээр зөвхөн харагдах үзэмж эсвэл өнгөцхөн хандлагаар хандаж болохгүй.

Мөн уран нугаралтаар хичээллэх гэж байгаа эсвэл хичээллэж байгаа охидууд би үнэхээр үүнд дуртай юу? Эсвэл би өөр зүйлд илүү сонирхолтой юу гэдгийг өөрөөсөө асуух хэрэгтэй.

Үүний дараа яг одоо миний чадвар хаана ямар түвшинд байна вэ? Өөрийнхөө чадварыг одоо байгаагаас илүү хэрхэн сайжруулах боломж бололцоо байна вэ? гэдгээ дүгнэх хэрэгтэй.

Үүнийг ухамсарлаж бодсоны дараа юу сурах ёстой болон хаана очихоо зорьж бэлтгэл хийх нь бэлтгэлийг улам амттай, улам аз жаргалтай болгоно. Учир нь та зорилготой хүн шүү дээ!

Миний хувьд анх таван настайдаа зурагтаар гарч байсан уран нугарагчийг хараад шууд л ээждээ уран нугараач болно гэж хэлсэн. Харин тэр үед улсын циркт очиж шалгуулахад арай жаахан байсан учраас дараа ирээрэй гэсэн хариу авсан юм. Гэхдээ хэдий тийм жаахан байсан ч гэртээ А,Б сууж, мост унаж, эрүүн дээрээ өнхөрөх, тохойн дээр тогтох гээд анхан шатны элементүүдийг хийж чаддаг болоод найман нас хүрээд Зэсэнхүү багшийн шавь болж бэлтгэл хийж эхэлсэн.

Бэлтгэл эхлэхээс өмнө хамгийн түрүүнд очоод сурсан зүйлээ бататгаад дахин шинэ зүйл оролдоод багшийгаа ирэхээр шалгуулдаг байлаа. Бэлтгэлээсээ ирээд гэрийнхэндээ багш өнөөдөр ийм юм заасан би ийм юм сурсан гээд л бүгдийг нь үзүүлээд унтахдаа хүртэл гэрт байдаг нугаралтын ширээн дээрээ хөнжлөө нөмрөөд унтдаг уран нугаралтад тэгж их дурласан хүүхэд байсан юм.

Хоёр жил гаран хичээллэсний дараа ээж минь Б.Энхцэцэг багшийн студид бэлтгэл хийлгүүлж түүний дараа МУГЖ Л.Энхцэцэг багш руу оруулж 16нас хүртэл бэлтгэл хийлгэсэн юм.

Багшаасаа гараад жинхэнэ биеийг гаргууд гаргана гэдэг шиг л маш их бэлтгэл хийж эхэлсэн .Уран нугарагчдын янз бүрийн бичлэг үзэж ажиглаад л өөрөө хийж үзээд болохгүй бол дахиж бичлэгээ үзээд дахиад л оролдож хичээдэг, бэлтгэл хийсний дараа цамцаа мушгихаар болтлоо их хөлөрч, толгойгоо угаах гээд гараа өргөх ч тэнхэлгүй болтлоо бэлддэг байсан.

Энэ бол дуртай зүйлээ зорилготойгоор үйлдэж түүнээс аз жаргалыг мэдрэх хамгийн сайхан мэдрэмж. Боломжгүй зүйл гэж огтхон ч байхгүй.

Олны дунд тархсан нэг ойлголт бол уран нугаралт хүүхэдтэй болохоос өмнөх эсвэл зөвхөн залуу насны ажил хэмээн яригддаг. Та үүнийг үгүйсгэсэн олон нугарагчдын төлөөлөл нь. Хүүхэд төрүүлсний дараа бэлтгэлдээ ороход ямар байсан бэ?

Үүнийг өрөөсгөл ойлголт гэдгийг батлах бидний дээд үеийн олон олон уран нугарагчид одоо ч дэлхийн өнцөг булан бүрт Монгол улсаа сурталчилж,таниулж яваа. Энэ бол тухайн хүний дур сонирхлоос гадна биеэ хэрхэн авч яваагаас л шалтгаалах асуудал. Бидний уян хатан байдал байнгын бэлтгэл сургуулилтаас шууд хамааралтай.

Хүүхэд төрүүлсний дараах бэлтгэлийг зүйрлэвэл жил бэлтгэл хийхгүй байж байгаад дахин бэлтгэлдээ орохтой адилтгахад дөхөм байх. Миний хувьд байнгын хөдөлгөөнтэй байсан тул хүүхдээ тээх хугацаанд бие их чилдэг байсан. Харин амаржсаны дараа бие нялхардаг учраас тодорхой хэмжээгээр булчингийн хүч суларч, уян хатан байдал алдагддаг юм билээ.

Гэхдээ бага багаар бэлтгэл хийгээд байхад буцаж формдоо орох асуудалгүй санагдсан шүү. Хөл хүнд байх үедээ тэмцээнд оролцохоор шийдсэн учраас гурван сарын дотор эрчимтэй бэлтгэлд орох шаардлагатай болсон. Энэ шийдвэрийнхээ үр дүнд тэмцээндээ амжилттай оролцож өөрийнхөө биеийг илүү мэдэрсэн гэж дүгнэж байгаа. Нугараач охиддоо хандаж хэлэхэд урт хугацаанд уран бүтээлээ хийнэ гэсэн зорилготой бол төрсний дараа биеэ мэдэрч бага багаар биеэ дасгаж байж хүнд элементүүдээ хийж эхлээрэй гэж зөвлөе.

Бидэнд багийн ажиллагаа маш чухал. Харин та “Blue sky” хамтлагийн есөн гишүүдийн нэг. Бид багаар ажиллахдаа юуг анхаарвал илүү амжилт үзүүлэх вэ?

Монте Карло болон У-хань хотод болсон тэмцээн бол маш богино хугацаанд бэлтгэл хийж оролцсон тэмцээн байсан. Биднийг удирдаж авч явсан Б.Ариунаа эгч тухайн тэмцээнд оролцох охидыг сонгосон бөгөөд олон газраас өөр өөр багшийн охидууд ирсэн. Ийм учир бид маш том тэмцээнд бэлтгэгдэж байгаа гэдгээ ухамсарлаж, өндөр хариуцлагатай байж чин үнэнчээр хүчээ нэгтгэн зүтгэсэн.

Бид бүгдийн хандах хандлага яг ижил байсан бөгөөд бэлтгэл болон үзүүлбэрээ хийхдээ “дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг”гэдэг шиг л байж тун амжилттай оролцсон.

“Blue sky” хамтлагийн багийн ажиллагаа бол бид бие биетэйгээ маш эелдгээр харилцаж ямар нэгэн алдаа дутагдал гаргавал шууд л буруугаа хүлээж түүнийгээ дахиж алдахгүйн төлөө хичээдэг байсан нь амжилттай оролцсоны нэг чухал арга барил нь гэж боддог. Тэгэхээр бие биендээ эелдэг хандаж, алдаа дутагдлаа үнэнчээр хүлээн авч түүнийгээ ухамсарлаж чаддаг байх нь багийн ажиллагааны хамгийн чухал зүйл.

Таныг юу хамгийн ихээр хурцалж идэвхжүүлдэг вэ?

Хүүхэд байхын л их бичлэг үзэж өөрийгөө их хурцалдаг байсан.Одоо ч гэсэн уран нугарагчдын бичлэгийг үзэж энийг хийж суръя гээд л бэлтгэлдээ ордог. Монгол нугарагчдын бичлэгээс үзээгүй үлдсэн бичлэг бараг байхгүй болсон байх.(Инээв)

Таныг их олон төрлийн авъяас чадвартайг ярилцдаг, үлгэр жишээ авч явдаг хүмүүс цөөнгүй бий. Танд эдгээр чадваруудыг хөгжүүлэхэд юу нөлөөлсөн бэ?

Миний эмээ Налайхын театрын уран сайхны удирдаач, найруулагч хийдэг байсан юм. Би их сэргэлэн бас үзэл бодлоо гэрийнхэн болон багштайгаа чөлөөтэй илэрхийлж санал сэтгэгдлээ солилцдог хүүхэд байсан.

Энэ зан чанар маань яваандаа найруулга хийх болон шинийг эрэлхийлэх чадвар болон хөгжсөн гэж бодож байна.

Харин хувцас оёх тал дээр гэвэл ээжээсээ өвлөж авсан чадвар. Бага байхад миний ээж янз бүрийн хувцас, пальто,дээл гээд урлахгүй зүйл байдаггүй байлаа. Энэ нь надад нөлөөлсөн болов уу. Өгөгдөл минь ийм учраас түүнийгээ нээж хөгжүүлж яваа. Харин дуу дуулах их дуртай.Дуу бол миний сонирхол.

Миний ажигласнаар та хувийн маркетинг болон карьераа их анхаарч ажилладаг уран бүтээлч. Танаас карьер бидэнд хэрхэн нөлөөлөх талаар зөвлөгөө авах нь зөв болов уу?

Яг үнэнийг хэлэхэд би карьер болон хувийн маркетингаа тийм ч их анхаараад ач холбогдол өгөөд байдаггүй. МҮДБЭ-театрт ажиллаж эхэлсний дараагаар тайзан дээрээ бичлэг хийлгээд “Yotube”-д байршуулаад бүр мартсан байсан юм. Тэгтэл нэг өдөр гэр бүлийн хүн маань дуу алдаад “чиний бичлэг чинь Монголын хамгийн их үзэлттэй бичлэг юм байна”гэж хэлэхээр нь гайхаад ороод хартал нээрээ л тийм байсан.

Телевиз болон сонин сэтгүүлд ойролцоогоор 30 гаран ярилцлага, нэвтрүүлэгт орсноос хүмүүст хамгийн ихээр түгсэн нь “Зэвүүн яриа” нэвтрүүлэг байсан. (Инээв)

Эргэн тойрныхон болон найз нөхөддөө “Би тийм сувгаар гарна намайг үзээрэйгэх мэтээр хэлж, ярьж огт үзээгүй.

Би өөрийгөө сурталчлахаар санаа зовоод ичээд байдаг юм.

“Монголжингоо” Уран нугарагчдын холбоог үүсгэн байгуулан үйл ажиллагаа явуулдаг учир ажлын шугамын дагуу холбооны охиддоо ажил зуучлах үүрэгтэй.Тэр үүргийнхээ дагуу охидынхоо бичлэгийг интернэтэд байршуулдаг. Тэдгээр бичлэгийг гадны улс орноос хамтран ажилладаг байгууллага болон гэрээ зуучлагч нараас хамтран ажиллах санал хүсэлт ирж холбооны охиддоо танилцуулан ажилд нь зуучилж өгч хувь нэмрээ оруулдаг.

Тайзны ард бид бүгд сандарч, түгшиж айдастайгаа нүүр тулах үе цөөнгүй тохиолддог. Харин та энэ үед өөрийгөө хэрхэн зоригжуулдаг вэ?

Миний хувьд бага зэргийн сандрал байхад зүгээр санагддаг.Учир нь тэрхэн хугацаанд тархи илүү хурдан ажиллаж, нуруу хэвийн үеэс хэд дахин уярах эсвэл илүү гүйцэтгэлтэй хийх гээд “муу юмны ч сайн талыг харах хэрэгтэй”

Сандраад гүйцэтгэлтэй хийж чаддаггүй бол өөртөө итгэлтэй байдлыг тайзан дээр гарахаас өмнө жүжигчин хүн дотороо бүрдүүлэх хэрэгтэй.

Өөртөө итгэлтэй байхын тулд маш сайн бэлтгэл хийсэн байх ёстойгоос гадна түүнийгээ үзэгчдэд хүргэж чадах чадварыг эзэмших хэрэгтэй

Үүнээсээ өөрийгөө мэдэрч илүү сайжрах тал дээр анхаарч ажиллах нь үр дүнтэй гэж бодож байна.

Цогц бэлтгэл гэж юу вэ? Үүнийг хэрхэн хийх вэ?

Цогц бэлтгэл бол зөвхөн нэг талыг дагнаж бэлдэхгүйгээр бүх талыг хөгжүүлэх тал дээр анхаарч ажиллахыг хэлж байгаа юм.

Мэдээж багш бүрийн заах арга барил техник өөр хэдий ч үүнийг анхааралдаа авч хандахад илүүдэхгүй болов уу. Бидний ахмад үе бол дэлхийд уран нугаралтын гайхамшгийг өндөр түвшинд таниулж маш сайхан нэр гавьяаг үлдээсэн үгээр хэлшгүй агуу хүмүүс.

Харин одоо гадныхан бидэнтэй дүйцэхүйц уран нугарагчдыг бэлтгээд эхэллээ. Бид юугаар ялгарах вэ? Ур чадвараар болон гүйцэтгэл, жүжиглэлтээр тэдэнтэй өрсөлдөхүйц буюу өндөр чадварлаг нугарагчдыг бэлтгэх хэрэгтэй.

Иймийн учир уран нугаралтын үүсэж хөгжиж байсан үеийн хэв маягийг эвдэж бидний онцлог болох техник, ур чадвар дээрээ жүжиглэлт, найруулга,зохиомжийг түлхүү оруулж өгснөөр уран нугаралтын гоо сайхан, үзэмж чанарыг төгс илэрхийлэх арга барил болно гэж миний зүгээс харж байгаа.

Асар хурдацтай өөрчлөгдөж байгаа энэ цаг үеийг мэдэрч,шинэчлэл хийж Монгол гайхамшгийг илүү өргөн хүрээгээр дэлгэрүүлэхийг хүсэж байгаагаа нуух юун.

Хүн бүрийн биед бусад хэсгээс арай хатуу эсвэл бэлтгэл хийхээс халширдаг эмзэг цэг бий. Үүнтэй хэрхэн ажиллаж сайжруулах вэ?

Мэдээж хүн бүрийн биеийн онцлог өөр өөр. Гэхдээ” Би угаасаа ийм эсвэл өвдөөд байдаг” гэсэн байдлаар хандвал “Нахиалж эхэлж байгаа модыг удаан ургадаг” гээд тайраад хаяж байгаагаас өөрцгүй. Хугацаа өгөөд тууштай тэмцэх хэрэгтэй.

Бүх зүйл нь мэргэжлийн түвшинд үнэлэгдэх хэмжээний үзүүлбэр байлаа ч ганцхан өвдөг хатуу эсвэл өлмий дутуу байхад л тухайн үзүүлбэрийн чанарыг доош нь зулгаадаг.

Хэдийгээр хангалттай түвшинд хүрэхгүй ч гэсэн ил тод харагдуулахгүй хэмжээнд хүргэх ёстой.

Бид үзэгчдэд илүү өндөр бүр бахдам сэтгэгдэл төрүүлэхийн тулд өөрийн биеийн онцлог болох давуу талыг ашиглаж үзүүлбэрээ найруулж сул талаасаа илүү давуу талаа тодотгож хүргэх хэрэгтэй.

Та чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөдөг вэ?

Чөлөөт цагийг ихэвчлэн охиныхоо хүмүүжилд зориулж байгаа. Заримдаа цаг гарвал хувцас оёж байгаа.

Таны хандлага сэтгэлгээнд хүчтэй нөлөөлсөн ном зохиол, өгүүлэг эсвэл хэн нэгний хэлсэн үг бий юу?

Дунд ангид байхдаа А.Буйлов хэмээх зохиолчийн “Их нүүдэл”романыг уншиж байсан минь их зүйлийг ойлгуулсан юм. Тухайн зохиол дээр цаатан угсаатны амьдрал ахуй, хүн байгалийн хүйн холбоог энгүй сайхнаар бичсэн бөгөөд зохиолын гол баатар болох Николка хүү өвчтэй эхийнхээ төлөө хэн хүний зүрхэлж хийж чаддаггүй цаа маллахаар зориг шулуудаж буйгаар уг зохиол өрнөдөг. Байгалын хэлж ирэхгүй араншинд дасан зохицож тэсвэр хатуужил, эр зориг, ажилсаг хөдөлмөрч зан, , аливаа зүйлийн мөн чанар болон хэзээ ч өөртөө ханаж болохгүй улам илүү хичээх хэрэгтэй гэдгийг энэ агуу зохиол надад ойлгуулж өгсөн.

Дахиж шинээр юу сурахыг хүсч байгаа вэ?

Их л олон зүйлийг сурч мэдэхийг хүсэж байна. Түүх болон философи надад их сонирхолтой санагддагаас гадна олон зүйлийг зааж, ойлгуулж харах өнцгийг өөрчилдөг учраас энэ талын мэдлэгийн цар хүрээгээ өргөнөөр тэлнэ гэж зориод байгаа.

Үүнээс гадна загварын дизайнер хийх хүсэл сэтгэлд минь бий. Болохгүй зүйл байхгүй учир ханцуй шамлаад л хийнэ гэж төлөвлөж байгаа.

Та юунд хамгийн их талархаж явдаг вэ?

Байгаа бүхий л зүйлдээ талархаж байна. Сайхан ажлын хамт олон, Эх орон, ээж аав , үр хүүхэд, найз нөхөд, болон уран нугараач болсондоо туйлын их талархаж явдаг даа.

Тайз танд ямар мэдрэмж өгдөг вэ?

Тайзан дээр гарахаар буумааргүй бүр яг тэр мөчдөө л байгаад баймаар санагддаг. Загас усандаа эрх чөлөөтэй гэдэг шиг дураараа сэлж байгаа загас мэт үгээр илэрхийлэх аргагүй тансаг мэдрэмжийг тайзнаас мэдэрдэг.

Дэлхийд улсынхаа нэрийг гаргаж яваа охид болон шинээр бэлтгэгдэж байгаа уран нугарагчдад хандаж юу захиж хэлэх вэ?

Гарал угсаа, үүх түүх, удам судраа таньж мэдэх тусам хүн ямар яваа болон яаж явах ёстойгоо ойлгодог учир түүхээ судлаасай гэж хүсдэг. Та бол улсынхаа өмнө маш том үүрэг хүлээсэн албан хаагчаас өөрцгүй. Таны эх орныг танаар дүгнэж танаар төсөөлөх учир ур чадвар, хувь хүн, ёс зүйн алдаа дутагдлыг бүү гаргаарай.

Өдрөөс өдөрт аливаа бараа бүтээгдэхүүн улам илүү чанаржиж, дээшилж байдаг шиг бид ч бас сул назгай,хэнэггүй байдлыг халж “ Хаа яваа газраа сайн байж, сайхан байж, эргээд очиход үнэ цэнэтэй, буцаад очиход нэр хүндтэй байхыг” Монгол улсын уран нугараач,хүндэт иргэн та оюундаа тунгааж цааш цаашдаа ухамсарлаж хичээж яваарай.

Бидэнтэй ярилцаж санал сэтгэгдлээ солилцсонд танд туйлын их баярлаж байгаагаа илэрхийлье. Цаашдын уран бүтээлд нь өндрөөс амжилтыг хүсэн ерөөе!

Баярлалаа.

Ярилцсан : Ж.Ичинхорлоо

Эх сурвалж: Монголын Нугараачид

Continue Reading

Сайхан Түүхүүд

Далай ламыг 84 наслуулсан амьдралын хэв маяг

Published

on

By

Буддын шашны тэргүүн Дээрхийн гэгээн Далай лам өдрийг хэрхэн өнгөрүүлдэг нь олон хүнд сонин байдаг.

Дээрхийн гэгээний жирийн өдрийн цагийн хуваарийг та бүхэнд сонирхуулваас:

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Дарамсала хотод байхдаа өглөө эрт 03:00 цагт сэрдэг. Өглөөний угаалга үйлдсэний дараа 5:00 цаг хүртэл 2 цагийн турш бясалгал, мөргөл залбирал үйлддэг.

Өглөөний 5:00 цагт хэсэг зуур гадаа алхдаг, бороотой үед гүйлтийн зам дээр алхдаг. Өглөөний цайгаа 5:30-д ууна. Өглөөний цайнд нь ихэвчлэн арвайн гурил, халуун овьёосны бэлдмэл, гамбир, цай байдаг. Ө

глөөний цай уух зуураа BBC телевизийн англи хэл дээрх мэдээг үзнэ. 6:00 цагаас 9:00 цаг хооронд ахин өглөөний бясалгалд суудаг.9:00 цагаас эхлэн Буддын гүн ухааны ном зохиолыг үзэж судладаг.

11:30-д үдийн зоогоо барьдаг, түүний Дарамсала хотын гал тогоонд цагаан хоол бэлддэг. Харин айлчлалын үеэр заавал цагаан хоол бэлдэх шаардлага байдаггүй. Винайн ёсны дагуу Далай лам оройн зоог барьдаггүй.

Дээрхийн Гэгээнтэн хүмүүстэй уулзах, мөн өөрийн албаны хүмүүстэй уулзахын тулд ажлын өргөөндөө 12:30-15:30 хүртэл ажилдаг. Энэ үед төвөд болон гадаадын бусад хүмүүсийг хуваарийн дагуу хүлээн авч уулздаг.

Оройн 17:00 цагт өргөөндөө буцаж морилж хөнгөн цай уугаад оройн бясалгалд суудаг. Ойролцоогоор 19:00 цагт нойрсож амардаг.Дор зураг дээр байгаа хоёр буузтай хоол нь Далай ламын 84 насны төрсөн өдрийн зоог юм.

Эх сурвалж: Monastery stay fb page

Continue Reading

Trending