Connect with us

Танд зөвлөхөд

Хүүхдийн мөнгө аваад гэртээ сууж байдаг ээжүүдэд хэлэхэд…

Published

on

Нэгэн иргэн өөрийн байр сууриа илэрхийлсэнийг танд хүргэж байна.

“хүүхдийн мөнгө ..төрөөс хүүхдэд өгч байгаа хишиг мэдээж юунд зарцуулах нь эцэг эх .асран хамгаалагчийн эрх ..гэхдээ 5 сайхан хүүхэд төрүүлж өсгөн гарыг нь ганзаганд хөлийг нь дөрөөнд хүргэсэн хүний хувьд залуу ээж нарт нэг зүйлийг хэлмээр санагдлаа ..авах гээхийн ухаанаар хандаарай ..

биднийг залуу ээж байхад ийм их халамж .мөнгө н.т төрөөс өгдөггүй байлоо .ЕБС үнэгүй одоо ч төлбөргүй боломжоороо л хэдэн хүүхдээ сургасан том нь багыгаа асарч .томчуулынх багадсаныг тордоод дүүд нь өмсгөөл болоол байдаг байсан би одоо 60 хүрч байна одоо ч ажил хийдэг .

2 хүүүхэд маань гадаадад боловсрол эзэмшиж тэндээ ажилладаг үлдсэн 3 нь МОНГОЛДОО боломжийн цалин амьдралтай надад ч бүгд хангалттай мөнгө өгцгөөдөг гэхдээ л би зүгээр сууж чаддаггүй шуналтайдаа биш шүү гэрт зүгээр суухаар биеэ хаа хөшөөд нэг л биш юм билээ.энэ хэдэн хүүхдийг мэргэжил боловсрол эзэмшүүлэх гэж намайг яаж хөдөлмөрлөж ядарч байсныг ёстой бурхан л гэрчлэх байх даа..

хүүхдийнхээ мөнгийг аваал гэртээ ажилгүй суугаал онлайнаар бараа н.т захиалсан шигээ суух мэдээж одоохондоо сайхан л байгаа байх .харин өдрөөс өдөрт өсч буй үрсийн чинь хэрэглээ мөн л өсч мөд удалгүй мөнгөнөөсөө хасагдаж төлбөртөй боловсрол мэргэжил эзэмших цаг нь болоход би яах билээ хүүхдээ сургаж чадахгүй хохироогоод үлдээхүү гэдэг сонголт гарч ирэх л байх даа ..

одоо яааг хараад байхад хүүхдийнхээ мөнгөөр л амьдраад уугаад идээд байгаа хүмүүс олон л харагдах юм .насанд хүртэл нь хүүхдээ асрах нь эцэг эхийн л үүрэг шүү дээ ..ажилгүй суучихаал хүүхдийнхээ төрөөс авч буй мөнгөнд нээг их гар дүрээд хэрэггүйл байх” гэжээ.

Монголд “халамж хавтайрлаа” гэдэг ч сүүлийн нэг жилд халамж бүр хальжээ. Учир нь, өнөөдөр Монгол Улсын гурван сая гаруй хүн амын 2.5 сая гаруй нь (давхардсан тоогоор) халамж авч байна.

2021 оны төсвийн төсөлд тусгаснаар энэ онд 1.65 их наяд төгрөгийн халамж олгох нь. Нийгмийн халамжийн сангаас 12 нэр төрлийн багц халамж олгодог. Энэ нь 72 нэр төрөл болж задардаг. Ингэхээр нэг өрх дунджаар 3-4 төрлийн халамж авдаг гэсэн тооцоо бий. Хүн бүр аваад байх боломжгүй, харьцангуй бага хүн хамрагддаг гэдэг хүнсний талоныг гэхэд улсын хэмжээнд 44 мянган өрхийн 243 мянган хүн авдаг. Үүнээс 50 хувь нь хүүхэд, 20 орчим хувь нь ахмад, үлдсэн нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэдэг.

Эдгээрт 808 дэлгүүрээр, мах, сүү, гурил гэх мэт наад захын хэрэглээний 10 төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг олгодог. 2021 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгээр нэр бүхий гишүүд халамжийг 26.4 тэрбум төгрөгөөр бууруулах санал гаргасныг чуулганы хуралдаанд оролцогсдын ихэнх нь дэмжсэнээр халамж дээр дурдсан хэмжээгээр буурч буй.

Гэсэн ч зэсийн экспортын бүтэн жилийн орлого халамжид явна гэсэн үг. Дахин тодруулбал, уул уурхайгаас олох орлогын гуравны нэгийг халамжид зарцуулна. Уул уурхайгаас төсвийнхөө гуравны нэгийг бүрдүүлээд, буцаагаад гуравны нэгийг нь халамжид хаяхаар төсөвт тусгажээ. Энэ нь ДНБ-ий 3.6 хувь. Харин халамжийг төсөв боловсруулагчид тайлбарлахдаа “хүн амын өсөлтийг дэмжсэн бодлогод нийт төсвийн 60 орчим хувийг зарцуулдаг” гэж товчилдог.

Халамжийн төсөв, халамж хүртэгчийн тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Таван жилийн дотор халамж хүртэгчид хоёр дахин нэмэгджээ. Өнөөдөр Монголд гурав хүний хоёр нь халамж авч байгаа. Ирэх онд ч энэ тоо 300 орчим мянгаар нэмэгдэхээр байгааг төсөвт санхүүжилтийг нь тусгажээ.

Цар тахлын үед 16 хүртэлх насны хүүхэд бүрд олгож байгаа хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нэмэгдүүлж 2020 оныг дуустал олгохоор болсон. Энэ дагуу 1.2 сая хүүхдэд сар бүр 100 мянган төгрөг олгоно. Иргэдийн орлогыг хамгаалах зорилгоор хүүхдийн мөнгөний энэхүү нэмэгдлийг 2021 оны эхний хагас жилийг дуустал олгохоор тооцож төсвийн төсөлд 864 тэрбум төгрөг суулгасан байна. Мөн Халамжийн сангаас тэтгэвэр авагчдын тэтгэмжийн нэмэгдлийг 2021 оны эхний хагасыг дуустал олгоно.

Тодруулбал, Халамжийн сангаас тэтгэвэр авдаг 72 мянга орчим ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, одой иргэн, өнчин хүүхэд, өрх толгойлсон эцэг, эх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд сар бүр олгодог мөнгөн тэтгэмжийг өнгөрсөн тавдугаар сарын 1-нээс энэ оныг дуустал сар бүр 100 мянгаар нэмэгдүүлж, 288 мянган төгрөг болгосон. Энэхүү нэмэгдлийг мөн 2021 оны эхний хагас жил нэмэгдүүлсэн дүнгээр үргэлжлүүлэн олгохоор тооцож төсөвт тусгажээ.

Энэ онд нэмэгдэж байгаа бас нэгэн тэтгэмж нь орон нутагт ажиллаж буй эмнэлгийн байгууллагын ажилчдынх юм. Эрүүл мэндийн тухай хуулийн 29.5-д заасан мөнгөн тэтгэмжийг хөдөө орон нутгийн эрүүл мэндийн зарим байгууллагын ажилчдад олгох хугацааг 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхлэхээр заасны дагуу 463 ажилтанд 2.2 тэрбум төгрөгийн мөнгөн тэтгэмж олгохоор төсвийн төсөлд тусгажээ.

Эрүүл мэндийн тухай хуулийн 29.5-д “Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд болон анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай эмнэлэгт тасралтгүй ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн бусад мэргэжилтэнд гурван жил тутамд нэг удаа зургаан сарын, аймаг дахь төрийн болон орон нутгийн өмчит эрүүл мэндийн байгууллагад тасралтгүй ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн бусад мэргэжилтэнд таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг тухайн байгууллагаас нь олгоно” гэж заасан байна.

Юүлүүр. Нийгмийн хамгааллын салбарын тогтолцоог ингэж зүйрлэмээр. Хөдөлмөр эрхлэгч, сайн дураар шимтгэл төлөгчдийн мөнгө халамжийн санд ороод буцаад тэтгэвэр, тэтгэмж, халамжид гардаг. Ингэхдээ гарах нь орохоосоо үргэлж их байдаг. Эхний есөн сарын байдлаар 2.3 сая хүнд 1.1 их наяд төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ, хөнгөлөлт олгожээ.

Энэ нь  өмнөх оны мөн үеэс нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдагчид 183.1 мянгаар, үйлчилгээнд олгосон тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ, хөнгөлөлтийн хэмжээ 629.7 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, тэтгэвэр тэтгэмж халамжийн хэмжээ 2.3 дахин нэмэгдсэн гэсэн үг юм.

Харин нөгөө талдаа 1.2 сая ажиллагсад байгаа юм. Ингээд ажиллах хүний хүнээсээ хөдөлмөр эрхэлж байгаан нь хасвал ажилгүй 83 мянган байгаа гэсэн тооцоо бий. Энэ бол ҮСХ-ны тооцоо. Ингэхээр хөдөлмөр эрхлэж, шимтгэл төлж даатгал, сангийн мөнгө бүрдүүлэгч, халамж хүртэгчдийн ялгаа тодорхой харагдах биз ээ. Ингээд халамжийн сан нь ачааллаа дийлэхээ болиод зээл авч халамж тавьдаг.

Сүүлд л гэхэд хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэврийг 2021 оны эхний хагасыг дуустал нэмэгдүүлсэн дүнгээр нь олгох, хүнсний талоныг санхүүжүүлэх зорилгоор Японоос 25 тэрбум иен буюу 233 сая ам.долларын зээл авсан.

Халамж хөдөлмөрийн зах зээлд халгаатай байгаа нь ажил олгогчдын толгойн өвчин болсон. “Ажлын зар тавиад хүн олдохоо байсан. Ажил хийх хүсэлтэй хүн алга” гэсэн ажил олгогчид хаа сайгүй. Сарын 600 мянган төгрөгийн цалингийн төлөө ажил хийж, зовж байснаас ажилгүй гээд хүнсний талон авч, халамж хүртсэн нь бие сэтгэлд амар гэсэн хандлага зарим нэг танилаас цухалзах болсон нь нуух юун.

Жишээ болгоход, Үндэсний тооцоо шинжилгээ, судалгааны газраас гаргаснаас нягтлан харвал улсаас тэтгэвэр, тэтгэмж хэлбэрээр өрхүүдэд оруулсан дүн өнгөрсөн оны эцсийн байдлаар 2.4 их наяд төгрөг байхад, эргээд өрхийн сектороос улсын данс руу шилжүүлсэн мөнгөн дүн буюу нийгмийн даатгалын шимтгэл, орлогын татвар нь 879.3 тэрбум байгаа юм байна.

Өмнө өгүүлсэнчлэн ажилгүй 83 мянган хүн байгаа гэж тооцвол үүнээс 27.5 мянга нь хөдөлмөр эрхлэх байгууллагад бүртгүүлжээ. Тэгвэл цаана нь 40 гаруй мянган хүн ажил хийх хүсэлгүй байна гэсэн үг.

Эх сурвалж: “Үндэстний ТОЙМ” сэтгүүл. Дугаар 457

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Дотоод мэдээ

Машин унадаг хүмүүст зориулж автомашины дугуйны тухай мэдээлэл хүргэе

Published

on

By

За ингээд машин унадаг бүх хүмүүстээ зориулаад, хамгийн энгийн хэрэгцээ болох дугуйны талаар мэдэж байхад илүүдэхгүй хэдэн зүйлийг оруулахаар боллоо.

Та болон таны хайртай машиныг эх дэлхийтэй холбож байдаг цорын ганц зүйл бол дугуй чинь юм шүү. Тиймийн учир машиныхаа дугуйг анхаарлын гадна орхиж хэрхэвч болохгүй. Гэхдээ энэ бол маш энгийн зүйл, та зөвхөн дугуйны төрөл болон дугуйн доторх агаарын хэмжээнд л  анхаарлаа хандуулахад хангалттай. Таны машины ачааллыг дугуй чинь биш харин дугуйн доторх агаар өргөж явдаг гэдгийн хамгийн түрүүнд ойлгох хэрэгтэй.

Дугуйтай холбоотой бүхий л шаардлагатай мэдээлэл (үйлдвэрлэгч, хэмжээ, даац, хурд, температур гм) тухайн дугуйны бөөрөн дээр бичигдсэн байдаг.

225/50R/16 гэсэн хэмжээтэй дугуйн дээр жишээ авч тайлбарлъя.

Төрөл:
Ихэнхи дугуйны хэмжээ нь ямарваа нэгэн үсгээр эхэлсэн байдаг ба тэр нь тухайн дугуйны төрлийг илэрхийлж байдаг.

P225/50R/16 Хэрэв “P” үсгээр эхэлсэн байвал энэ нь “Passenger” буюу энгийн суудлын автомашинд зориулсан дугуй юм.

225/50R/16 Ямарваа нэгэн үсэггүй шууд тоогоор эхэлсэн байвал энэ нь “P” үсэгтэй адил утга илэрхийлэх ба ихэвчилэн европын орнуудад ингэж үсэггүй хэрэглэгддэг.

T125/90D/16 Ийм тэмдэглэгээ зөвхөн түр хэрэглэх зориулалттай запас дугуйнд хэрэглэгддэг ба “T” үсэг нь “Temporary spare “ гэсэн утга илэрхийлдэг.

LT225/50R/16 Хэрэв “LT”  гэсэн үсгээр эхэлсэн байвал энэ нь “ Light Truck”  буюу хөнгөн даацын ачааны машинд зориулсан дугуй юм. Ийм дугуй нь “P” дугуйг бодвол даац сайтай учираас Jeep машинд тавихад харьцангуй тохиромжтой байдаг.

Хэмжээ:
P225/50R/16 “225” гэсэн тоо нь тухайн дугуйны өргөнийг илэрхийлдэг.  Энэ дугуйны гадна хананаас дотор хана хүртэл хамгийн өргөн зай нь 225 mm гэсэн үг юм.

“50” гэсэн тоо нь тухайн дугуйны хананы өндөрийг хувиар илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл тухайн дугуйны обуднаас хээ хүртэлх хэмжээ нь өргөнийхөө 50 хувьтай тэнцүү гэсэн үг юм. (225mm * 50% = 112.5mm)

“R”  гэсэн үсэг тухайн дугуйны хийгдсэн материалыг илэрхийлдэг. “R” үсэгтэй дугуй нь “Radial”  гэж нэрлэгддэг ба дугуйн дотор талыг нарын төмөр утсаар цацраг хэлбэртэй бүрж хийсэн байдаг. Ийм дугуй одоогийн зах зээлийн 80 хувийг эзэлж байгаа гэсэн судалгаа байдаг.

Хэрэв энэ үсгийн оронд “D” эсвэл үсэг байхгүй байвал тухайн дугуй нь диагнолдаж, хэрээсэлсэн утсан бүтэцтэй байдаг. “Diagonal” гэсэн утга илэрхийлдэг ба ихэвчлэн BIAS  дугуй гэж нэрлэгддэг.

 P225/50R/16 “16” гэдэг тоо нь тухайн дугуйний дотор ирмэгийн диаметерийг инчээр илэрхийлсэн байдаг. Өөрөөр хэлбэл тухайн дугуйнд таарах обудны хэмжээг илэрхийлж байгаа юм.  1 инч нь 25.4 мм тэй тэнцүү байдаг. Michelin гэх мэт зарим брэндийн дугуйн дээр энэ хэмжээг мм ээр тавьж өгсөн байдаг. Жишээ нь 225/50R/406  гэх мэт.

Дугуйг хийлэх

Дугуйны хийг зөв тохируулах гэдэг нь маш чухал зүйл бөгөөд, хэрэв буруу хийлсэн тохиолдолд таны амь насанд ч аюул учруулж болохоор эрсдэлийг дагуулж байдаг. Бараг бүх автомашин үйлдвэрлэгчээсээ дугуйг ямар хэмжээгээр хийлбэл тохиромжтой талаар мэдээлэл оруулж өгсөн байдаг. Энэ мэдээлэл ихэвчлэн машины хаалганы дотор талд байрласан байгаа. Тиймээс энэ зааврын дагуу дугуйныхаа хийн даралтыг тохируулах нь хамгийн зүйтэй гэж зөвлөх байна.

Хэрэв дугуйг зөвлөсөн хэмжээнээс сул хийлбэл:

Тухайн дугуйны газартай харьцах талбай томрох ба энэ нь дугуйг маш хурдан элэгдэж дуусах шалтгаан болдог. 6 psi-аар бага хийлхэд дугуй стандарт хугацаанаасаа 25 хувь хурдтай элэгдэнэ гэсэн тооцоо байдаг. Мөн бага хийлэх нь дугуйны дотоод температурыг нэмэгдүүлэх үндсэн шалтгаан болдог ба энэ нь дугуйг буудах, хагархад хүргэх аюултай.  Сул хийлсэн дугуй эргэхдээ их хүч зарцуулах ба түлшний зарцуулалтанд ч шууд нөлөөлдөг байна.

Хэрэв дугуйг зөвлөсөн хэмжээнээс их хийлбэл:

Тухайн дугуйны газартай харьцах талбай, мөн уяан хатан чанар нь багсах ба бага зэрэг нүх дайрахад ч гэсэн амархан хагарж гэмтэх шалтгаан болдог.

Continue Reading

Танд зөвлөхөд

Чингэлтэй хайрхан, Богд уул хоёр эв түнжингүйгээс болж ган зуд тасрахаа байж

Published

on

By

Д.Сүхбаатарын хөшөө

1921 оны Монголын ард түмний үндсэний ардчилсан хувьсгалыг удирдан зохион байгуулагч их жанжин Д.Сүхбаатар 1893 он 2 сарын 2-нд Их хүрээний зүүн дүүрэг Маймаа буюу Амгаланбаатар хотод Цагаан дээлт хэмээх ядуу ард Дамдины гэрт төржээ. Бага залуу насандаа Монгол бичгийг гэрийн боловсролоор олжээ.

1920 оноос хувьсгалт нууц бүлгэмд элссэнээр Хүрээний болон Консулын 2 бүлгэм нэгдэх, 1921 оны 3 сарын 1-нд МАХН-ын анхдугаар хурлыг хуралдуулах, 1921 оны 3 сарын 18-нд шинээр байгуулагдсан Монгол ардын журамт цэрэг Хиагтыг чөлөөлөх, Засгийн эрхийг Богд хааны засгийн газраас шинэ байгуулагдсан ардын засгийн газарт шилжүүлэх, Зөвлөлт Орос улстай найрамдалт харилцаа тогтоох зэрэг хувьсгалт түүхэн үйл явцыг удирдан зохион байгуулж байсан, Монголын ард түмний эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө тэмцэгч үндэсний домогт жанжин юм.

Их жанжины хөшөөг 1946 онд Ардын хувьсгалын 25 жилийн жилийн ойг тохиолдуулан 1946 оны 7 сарын 11-нд нээлтийг хийж байжээ. Хөшөөний суурь хэсгийг 1921 оны жанжин Д.Сүхбаатар Зүүнхараагийн орчмын Шилхэнцэг цохио хэмээх жижиг толгой дээр гарч журамт цэргүүддээ хандаж үг хэлж байсан тэрхүү хадан цохионы хэлбэр дүрсээр гаргасан гэдэг. Их жанжины анхны хөшөө Батлан хамгаалах яамны урд байрлах бөгөөд одоогийн Сүхбаатарын хөшөөний суурин дээр байжээ.

Суварга хэлбэртэй хөшөөний дунд хэсгийн 4 талд нь таван хошуу малыг дүрслэн үзүүлсэн байна. Мөн туг барьсан жанжинг 1931 он буюу Ардын хувьсгалын 10 жилийн ойд зориулж Зөвлөлтийн зураач К.И.Померанцовын зураг төслөөр уг хөшөөг барьсан байна. 1946 оноос одоогийн байрлаж буй газраа шилжижээ.

Хатан туулын домог

Тэнгэрийн хаан гурван сайхан охинтой байжээ. Их охин нь Хэрлэн, дунд охин нь Онон, бага охин нь Туул юмсанж. Тэднээс хамгийн хөөрхөн охин Ононг алс холын гадаад орны хан хүүд эхнэр болгон өгөх болсон тул эцэг хаан Ононгоо маш гоёж Номхон далайн хан хүүд бэр болгон өгч гадаадад үдэн мордуулжээ. Их охин Хэрлэнгээ бас гадаадад мордуулан Далай нуур гэдэг хан хөвгүүнд бэр болгон өгчээ. Харин бага охин Туул нь их нутагтаа хоцорсон бөгөөд дээрхи хоёр охин нь хан эцэг Хан-Хэнтийгээ эргэж харалгүй гадаадад орсон тул насаараа нутагтаа эргэж битгий ир гэж хаан аав нь захьжээ.

Соёмбо толгой

Их тэнгэрийн амны зүүн үзүүрийн шовх уулыг Умаа хум толгой гэж нэрлэж байв. Богдын ундны усыг ариусгах зорилгоор өндөр гэгээн Занабазарын төрсөн дүү Засаг бэйл Шижирбаатарын удмын хүн Жүн ван Юндэндоржийн санаачилгаар дээр дурьдсан газар дээр буюу Зайсангийн амны доод боргионы ам дээр 1837 оны үед Умаа хум гэсэн үгийг Түвдээр цагаан чулуугаар шигтгэн бичсэнээс хойш Умаа хум толгой гэх болжээ.

Тухайн үедээ умаа хум үсгийн туяа Туулын уснаа тусч харагдахад хүмүүс хир буртаг муу муухай зүйлээ угаахгүй усаа цэвэр байлгахыг эрхэмлэдэг байсан гэнэ.1936 онд Ардын хувьсгалын 15 жилийн ойгоор Умаа хум үсгийн оронд Соёмбо тэмдэг шигтгэснээр уг толгойг сомёбо толгой гэх болсон байна.

Тасганы овоо

Гэсэрийн сүмийн баруун хойдруу орсон хошуу толгойг дээр үед зөөлөн хошуу гэдэг байжээ. Учир нь хүрээнийхэн зааны хошуу шинжтэй гэж шинжээд хэвтэж буй Зааны дэвссэн хошуутай адилтган өгсөн нэр болно. Заан догшин хэмээн номхотгох үүднээс үзүүр бэлд нь номхотголын сүм барьсан нь одоогийн гэсэр сүм гэдэг ажээ. Сүүлд нь лам нар овооны орой зулай дээр гарч номын хүчээр мэтгэлцэх тасга хэмээх зан үйл хийх болсноор Тасганы овоо гэх болжээ.

Энхтайваны хонх

Дэлхийн улс орнуудын нийслэл том хотууд өөрийн гол төв талбай, талбайн орчимд Энхтайвны охнх байрлуулан хийх явдал өнгөрсөн зууны 50-иад оноос эхэлжээ. Энэ нь 1945 оны 8 сарын 10-нд АНУын атомын бөмбөгөнд өртөж хүн төрлөхтний түүхэнд анх удаа атомын зэвсгийн аюул хөнөөлийг амссан Японы Хирошима, Нагасаки хотуудаас эхлэлтэй ажээ.

Энэ хоёр хотын иргэд атомын бөмбөгний аюулд өртөснөөс хойш нэг жилийн ойгоороо хотуудынхаа төв талбайн суурин дээр Энхтайвны хонхыг цогцлон бүтээж дэлхийн нийт хүн төрлөхтөнд дайны аюул ялангуяа цөмийн зэвсгийн хор хөнөөлийг сануулж жил бүрийн 8 сарын 10-нд хонх цохиж харанга дэлдэж байхаар шийдвэрлэжээ. Ийнхүү энх тайваны хонх Европ, Азийн томоохон хотуудад бий болж болзошгүй дайны эсрэг нэгэн билэг тэмдэг болж ирсэн байна. Манай нийслэл Улаанбаатар хотод 1990 оны эхээр энэхүү Энхтайваны хонхыг бүтээн босгожээ.

Далхын дэнж

Одоогийн Ганданийн дэнжийг урьд цагт Далхын дэнж гэдэг байжээ. Их хүрээг анх алтан тэвшийн хөндийд төвхнүүлж байхад одоогийн Гандангийн дэнж зун цагт их сэрүүхэн бас сэлүүхэн газар байсан гэдэг. Тэгээд ч тэр үү айлууд зун их зусдаг байж. Анх тэр дэнж дээр Далхын гэдэг айл бууж удтал нутаглаж байсан тул Далхын дэнж гэж нэрлэж байв. Сүүлд нь 1838 онд Гандантэгчилэн хийдийг гол дуганыг барьснаар Гандангийн дэнж хэмээн нэрлэх болсон байна. Тайлбар: Далх гэдэг нь дайн тулааны үед нөхөр болох тэнгэрийн нэр.

Зайсан толгой

Нэг:
Чингэлтэй хайрхан, Богд уул хоёр эрт цагт эв түнжингүй байжээ. Үүнээс болж газар дэлхий хилэгнэн ган зуд тасрахаа байж. “Хоёр уулыг эвдрэлцүүлж байгаа нэг шулам байна, тэр шулам удахгүй доороос гарч ирэх гэж байна” гэж хүрээ хийдийн сайдууд зөвлөлджээ. Тэр дагуу нэгэн хүчирхэг эрийг томилж гай гамшиг, өвчин тахал удах муу хорыг даруулахаар нэг жижигхэн уул авчруулж шулмын дээрээс даруулсан гэнэ. Тэр толгой нь одоогийн Зайсан толгой гэнэ гэнэ.

Хоёр:
8-р Богд Жавзандамба хутагтын шавь Отгийн нутгийн захирагч нар Зайсан цолтой байжээ. Жил бүр отгийн 200-гаад зайсан Богдод бараалхахаар ирдэг байжээ. Тэдгээр Зайсангууд Богд уулын ард талын нэг аманд сууж унаа хөсөг сэлтээ өвөр талын аманд байлгадаг байж. Тэгээд овоогоо тахиж ёс төрөө гүйцэтгэдэг байсан. Энэ хоёр амыг Ар Зайсан, Өвөр Зайсан гэж нэрлэж тахилгат овоо бүхий толгойг Зайсан толгой гэх болсон гэнэ. Харин 1970 онд Зайсан толгойг хөшөөт толгой, Зайсангийн амыг хөшөөт ам гэж нэрлэх шийдвэр гаргасан боловч ард олон хүлээж аваагүй байна.

Эрдэнэ зуу хийд

Өвөрхангай аймгийн Хар хорин сумын төвийн зүүхэнд энэ хийд бий. Буддын шашны уг эл хийдийн түүх, өндөр гэгээний намтар гэх гар бичмэлийг сөхвөөс: 1580 онд Автай сайн хан, дүү Түмэнхэн ноёны хамт III далай ламтай уулзаж өөрийн нутагт сүм хийд байгуулахаар амалсанд III далай лам Хар хорум хотын хуучин нэгэн сүмийг сэргээхийг зөвлөсний дагуу 1585 онд эртний Тахай балгасан дахь сүмийг сэргээн босгож дуусгасан нь одоогийн Эрдэнэ зуу хийдийн Гол зуу сүм гэжээ.

Энэ баримтыг мөшгөн Зава Дамдин Уйгарын үеийн Би-булгийн зуу бурханы урлагийг анхааран үзэж Эрдэнэ зуу хийдийн Гол зуу сүмийн бурхадын урлалыг Уйгарын үед хамааруулан үзсэн. Харин Хөх сүм гэх жижиг сүмийг Зуу сүм босохоос өмнө анх бурханы шашны шүтээн залсан өвгөн сүм гэж үздэг. Үүний дараа 1586-1674 онд гурван зуу сүмийн чуулбар ба Ригсүм гомбын сүмүүдийг барьжээ.

Эрдэнэ зуугийн III Ширээт лам Лувсанодсор хуучин Тахай балгасны хэрмийн нурангийн дөрвөн өнцөгт нэг нэг суварга босгосноор одоогийн хэрмэн хашааны эх суурь болжээ. 1701-1705 оны хооронд Очирдарь бурханы сүм, болон Авид бурханы сүмийн цогцолбор, Төвийн Их суварганы чуулбаруудыг босгожээ. 1743-1769 оны хооронд Эрдэнэ зуугийн V ширээт лам Лувсанданзан их засварын ажил эхлүүлснийг VI ширээт лам Лувсанцэдэн үргэлжлүүлэн удирджээ.

1771 оноос 1792 оны хооронд Цогчин Их дуган болон одоо байгаа Лавиран сүмийн цогцолборыг VII ширээт лам Давагдаржаа удирдан бариулжээ. 1796 онд Эрдэнэ зуу хийдийн их засварын ажлыг Давагдаржаа ламтан ерөнхийлөн удирдаж Хятадын Юи-да-а пүүстэй үнэ тохиролцон хийдийн барилгуудыг засуулсан. Энэ засвараар өмнө барьсан сүмийн барилгуудад засвар хийснээс гадна хуучин Тахай балгасын хэрмийн нурангийг суурь болгон 50 ширхэг суврага босгосон байна.

1802-1813 оны хооронд буян үйлдэгсэд /хаад, тайж, бэйл, бэйс лам, ард/-ийн хөрөнгөөр өмнө барьсан суваргуудын завсар хооронд 56 суврага болон хэрмэн хана барьж дуусгасан байна. Түүнээс хойш 1803 онд Дашчойлон аймгийн дуган, 1826 онд Даржаа гомун аймаг, мөн онд Жанчивлин аймгийн дуган босгогджээ. 1879 онд Жүд дацан, Цанидын дацан, 1782 онд Ламиран дацангийн барилгууд байгуулагдаж цаашид засвар, шинэчлэлийн байдлаар бидний үеийг хүрчээ.

Чойжин ламын сүм

Өөрийн дүү Лувсанхайдавт (олноо Чойжин лам хэмээн шүтэгдэж алдаршсан) зориулан VIII Богд Жавзандамба хоёр удаа сүм бариулсан бөгөөд анхных нь 1899-1901 онд Зүүн Хүрээнд баригдсан боловч 1903 онд шатжээ. 1904-1908 онд хааны ордны уран барилгач Омбогын зураг төсөл, удирдлагаар Чойжин ламын хоёр дахь сүм, орд лаврин, гэр тугдамын цогцолборыг Нийслэл хүрээний төв хэсэгт шинээр бариулжээ.

Энэхүү сүмийн барилгын мод, чулуу, төмрийн ажил болон дотоод чимэглэлийн ажилд нийт 88779 лан буюу 1821,2 кг цэвэр мөнгө зарцуулжээ. Сүмийн цогцолборт 1936 он хүртэл хурал хурж байгаад 1938 онд хаагджээ. Монголын урчуудын бүтээсэн хосгүй үнэт бүтээлүүд арвинтай уран барилгын дурсгалын хувьд 1940 онд Шинжлэх ухааны хүрээлэнд шилжүүлсэн ба 1941 онд улсын нэгдүгээр зэргийн хамгаалалтад авсан байна.

Чойжин ламын сүмийн дотор, гадна чимэглэл, тавилга зэрэг бүх зүйл нь шашны зан үйлийн дагуу хэвээр үлдсэн тул 1942 онд Шашны түүхийн музей болгосон байна. Одоо Чойжин ламын сүмийн уран барилгын цогцолбороос Гол сүм, Занхан сүм, Ядамын сүм, Зуугийн сүм, өндөр гэгээний сүм, Махранзын сүм, гэр тугдам, ямпай, хэрмэн хашаа, хаалганы хамт үлджээ.

– Гол сүм (Өршөөлийг хөгжүүлэгч сүм). Уг сүмийн голын хоёр мөрөнд лам нарын суудал, баруун талын эхэнд Чойжин лам, зүүн талын эхэнд Хүрээ хамба хоёрын сэнтий, хурал номын хэрэглэл, хонх очир, дамар, цан хэнгэрэг, бүрээ бишгүүр зэрэг бий. Чойжин ламын сэнтийн ар талд Жигжидийн ордон, Хүрээ хамбын сэнтийн ар талд Янсанядамын ордон, хойд талын ханын баруун талд Майдарын ордон, зүүн талд Авидын ордонг XIX зууны монголын уран сийлбэрч Балган модоор сийлбэрлэн урлажээ.

Мөн уг сүмд IV Богдын Төвдөөс авчирсан 108 боть Ганжуур, төвд гар бичмэл 226 боть Данжуур, түүнчлэн монголын урчуудын бүтээсэн уран зураг, ханын зураг, баримал, хатгамал, зээгт наамал, цамын багууд зэрэг хадгалагдаж байна. Цамын багуудыг XIX зуунд Пунцаг-Осор тэргүүтэй урчууд маш уран гоёмсогоор бүтээсэн бөгөөд тухайлбал улаан Жамсран бурхны багийг 30 кг гаруй шүр оролцуулж хийсэн байна.

Уг сүмд YII-YIII Богдын багш Балданчоймбол ламын занданшуулсан шарил, Чойжин лам Лувсанхайдавын шуумал дүр байдаг. Гол сүмийн ар талд чойжин буудаг байсан Занхан сүм бий.

– Зуугийн сүм (Бурхны дуган). Энэ нь Гол сүмийн баруун талд байрладаг бөгөөд сүмийн голд Зуу бурхан Богд Зонховыг хоёр шавийн хамт залж, 16 Найданг сүмийн хоёр талын туурганд, дөрвөн Махранзыг үүдний хоёр талд агуйд сууж байгаагаар дүрслэн бүтээжээ.

– Ядамын сүм (Нандин шүтээний сүм). Гол сүмийн хойд талд байрладаг. Чойжин лам Лувсанхайдавын гол нууц шүтээн болох энэтхэг, төвдэд хийсэн Довчиннавга, Янсанядам, Дуйхар зэрэг тарины ёсны бурхдууд тавигдсан байна.

– Өндөр гэгээний сүм (Хотол чуулган туc Амгалангийн тив). Найман талт, хоёр давхар энэхүү сүм нь хийцийн хувьд бусдаас өвөрмөц бөгөөд 1907 онд Өндөр гэгээн Г.Занабазарын бүтээсэн бүтээлд зориулан барьжээ. Уг сүмд Г.Занабазарын бүтээсэн Очирдарь, Язгуурын таван бурхан, Манал, Мэнтүг, Цагаан Дар эх, 21 Дар эх, Босоо Майдар зэрэг бурхдууд, Занабазарын өөрийн нь цутгамал дүр, Өндөр гэгээний олж ирсэн эртний хүрэл суварга зэрэг байжээ.

Сүмийн дотоод чимэглэлийн онцлог нь ханан дахь бурханы 18 шавь Найданжүдэгийг туc тусын биеэ даасан янз бүрийн дүрээр хагас товойлгон, энгийн чөлөөтэй, хүний бие цогцос, сэтгэлийн дотоод хөдөлгөөнийг нарийн харуулан дүрсэлсэнд оршино. Улаанбаатар хот дахь Чойжин ламын сүм нь монголын хүрээ хийдүүдийн дотор уран барилгын үзэсгэлэнт байдлаараа болон уран зураг, уран баримал, өнгө будаг, гадаад, дотоод чимэглэлийн хувьд хамгийн гоё сайхан сүмийн нэгд зүй ёсоор ордог.

Тухайлбал, Чойжин сахиусны догшин ширүүн гэдгийг Гол сүмийн дотор, гадна хана туурга, таазыг хүний толгой, уушиг зүрх, дотоод эрхтэнг задлан эвдэлсэн аймшигтай бөгөөд өвөрмөц сонин зургаар чимэглэсэн байдал, өндөр гэгээний сүмийн дотоод чимэглэл буюу 18 Найдангийн барельеф зэрэг нь бусад сүмээс онцлог бөгөөд ялгаатайг харуулна.

Сүмүүдийн барилгын үндсэн материал нь чулуу, мод, хөх тоосго, ваар бөгөөд сүмийн гадна талыг ганжир, бодь гөрөөс, луу, арслан зэрэг шашны зан үйлтэй холбоотой дүрсээр болон “Тансан лам баруун зүг зорчсон нь” хэмээх уран сэтгэлгээний зургаар чимсэн байна. Чойжин ламын сүмийн их засварыг 1960-1961 онд, өнгө будгийн засварыг 1972 онд, Зуугийн сүмийн дээврийн засварыг 1995 онд туc туc хийжээ.

Цэвэлваанчигдоржийн суврага

Өвөрхангай аймгийн Нарийн тээл сумаас баруун хойш Арцатын амны дунд хэрд, сумын төвөөс 10 км зайд Тахилгын Бумбат гэдэг газар энэ дурсгал оршдог. Энэ нь олны дунд тарган бандид хэмээн алдаршсан Эрдэнэбишрэлт мэргэн бандид Шагдарцэвээний Цэвэлваанчигдорж /1836-1895/-ийн мэлмий гийсэн дурсгалт газар тул 1840 өөд онд уг суврагыг байгуулжээ. Буддын шашны суврагын хэв загвараар бүтээн босгожээ.

Мэндэлсэн газарт нь суврага босгосон Ш.Цэвэлваанчигдорж нь буддын шашны сургалтаар боловсрол олж, дорно дахины их, бага таван ухааны бүх төрлөөр 15 боть буюу сүмбүм зохиосон их эрдэмтэн байв. Түүний бүтээсэн зохиолын нэрийг энэ хэр бүрэн бүртгэж амжаагүй байгаа бөгөөд бүрэн бус мэдээгээр зуугаас хол давжээ. Эдгээрийн дотроос “Эрлэг тамын тайлбар” хэмээх 18 тамыг зурагтайгаар тайлбарласан том хэмжээний судар, “Таван хошуу малый өвчин эмгэгийг анагааж засах судар” зэрэг бүтээлүүд нь олноо ихэд алдаршжээ.

Улаанбаатар дахь гэр хэлбэрт модон дуган

Монголын уламжлалт уран барилгын дурсгалын нэг нь гэр хэлбэрт модон дуган бөгөөд түүний төлөөлөл нь хуучин Их хүрээний арван дацан 30 аймгийн сүм дуганаас үлдсэн Эрхэм Тойны, Вангаа, Эх дагины аймгийн гэр дуганууд юм.

Continue Reading

Дотоод мэдээ

Эдгээр Япон ардын үгсийг мэдэж явбал бидэнд хэрэгтэй дээ!

Published

on

By

1. Тэнэг, мулгуу хүнд ямар ч эргэлзээгүйгээр зам тавьж өг.
2. Эмэгтэй хүн нэг шулуудсан л бол хадан хавцлыг ч зүсээд гарна.
3. Явж буй хүнийг бүү зогсоо, ирж буй хүнийг битгий буцаа.
4. Удаан гэхдээ зогсолтгүй урагшлахыг хурдан гэнэ.

5. Муу хүний нөхөр байснаас сайн хүний дайсан байсан нь дээр.
6. Энгийн хүмүүсгүйгээр аугаа хүмүүс яаж төрөх билээ.
7. Өгсөхийг хүсч буй хүн л шат барьж чадна.
8. Эхнэр нөхөр гэдэг бие биендээ гар, нүд байхыг хэлнэ. Учир нь гар өвдөхөд нүд уйлж, нүд уйлахад гар нулимсыг нь арчдаг.

9. Уйтгар гунигаа урагдсан даашинз мэт гэртээ үлдээ.
10. Гол горхи ширгээгүйн учир их далай оршдог.
11. Ойрын аянаас холын аян эхэлдэг.
12. Бодоод шийд, шийдсэн бол бүү бод.

13. Өрсөлдөгчөөсөө хагас цагаар илүү тэвчсэн нь ялагч болдог.
14. Тэнэгээс илүү аюултай дайсан гэж үгүй
15. Орондоо хэвтэж байгаа хүн бүдэрдэггүй.
16. Хэн нэгэнд эргэлзэж буй бол 7 удаа шалга.

17. Инээд хөөртэй айлд аз жаргал ирдэг.
18. Инээмсэглэсэн царай руу сум харвадаггүй.
19. Хүйтэн цай, хүйтэн будааг тэвчиж болно, хүйтэн харц, хүйтэн үгсийг тэвчих хэцүү.
20. Шийдэж болох асуудалд санаа зовох хэрэггүйн адил шийдэж үл болох асуудалд санаа чилээхийн хэрэг юун.

21. Будаан түрүү боловсрох тусмаа толгойгоо бөхийдөг, хүн баяжих тусмаа толгойгоо гэдийдэг.
22. Сайн наймаачин бүх бараагаа шууд дэлгэдэггүй.
23. Нэг нохой дэмий хуцахад бусад нь дагаж хуцдаг.
24. Амьдралдаа ганц удаа хэрэглэхийн тулд сэлмийг насан туршдаа зүүж явдаг.

25. Дэндүү сайхан цэцэгнээс сайн үр жимс гардаггүй.
26. Хайрлаад харахад хар мэнгэ ч хацрын хонхорхой мэт үзэсгэлэнтэй.
27. Халуун бүлээн үгс гэдэг хахир хатуу өвлийн гурван сард ч дулаацуулах шидтэй.
28. Мөчрийг зурахын тулд салхины сэвшээг мэдэр.

29. Чадах бүхнээ хий, үлдсэнийг нь хувь заяандаа даатга.
30. Навч хөвж, чулуу живэх цаг ирдэг.
31. Асуух нь нэг хормын ичгүүр, мэдэхгүй байх нь нэг насны ичгүүр.
32. Сайн дархны гараас л сайн бүтээл төрдөг.

33. Хожим нь тэгш зогсохын тулд эхлээд бөхийж сур.
35. Гол гүнзгий тусмаа чимээгүй урсдаг.
35. Өөрийн хүслээр замд гарсан бол мянган бээрийг нэг бээрийн дайтай туулна.
36. Хүний хүн найр наадамд, өөрийн хүн гашуудал зовлон тохиолдоход ирдэг.

37. Талархсан сэтгэлийг гомдол шиг удаан тээж явах хэрэгтэй.

Continue Reading

Trending