Connect with us

Дотоод мэдээ

Оросуудын эсэргүүцээд байгаа Усан цахилгаан станц Монголчуудад ямар ач тустай вэ?

Published

on

Ер нь монголчууд бид дэлхийн хөгжлийн чиг хандлагын эсрэг яваад яах вэ дээ. Дэлхий дахинаараа ногоон хөгжлийн төлөө, байгальд ээлтэй хөгжлийг сонгож, улс орон бүр төрийн бодлогоо энэ л хандлагад чиглүүлэн хурдтай ажиллаж байхад манайх шиг шинэ хөгжлийн ритмээс нэлээд хоцорч, мэлхийн хурдаар мөлхөж яваа улс ховор.

Тэгээд гадаад дотоодгүй явж, юм үзэж, нүд тайлсан нэгэн нь “Та минь ээ хөгжил өөр тийш гэрлийн хурдаар явж байна, харин бид улам бүр хоцорчихгүйн тулд бодлогоо тэр зүг рүү чиглүүлье” гэхээр ард иргэд уламжлагдан ирсэн ойлголтоосоо, улстөрчид нь амин хувийн ашиг хонжоо хайж улстөржсөнөөс болж, асуудлыг улам удаашруулж, хөгжлийг чангаагаад байгаад дүгнэлт хийх цаг иржээ.

Дэлхийд усны эрчим хүчний үйлдвэрлэлээр Канад улс тэргүүлж, АНУ, Бразил, Хятад, ОХУ-ууд эхний таван байрт ордог. Харин Европ тивд тэргүүлдэг Норвеги улс 30000 орчим МВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станцуудтай бөгөөд нийт эрчим хүчнийхээ 99,5 хувийг усны эрчим хүчээр хангадаг байна. Тэгвэл Канад улс усан цахилгаан станцуудаасаа 350 тэрбум кВтц цахилгаан гаргаж аваад 50 тэрбумыг нь АНУ-д экспортлох замаар цэвэр хуримтлалыг үүсгэдэг аж.

Монгол Улсын хувьд усан цахилгаан станцыг хөгжүүлэх талаар өнгөрсөн жилүүдэд холбогдох төрийн байгууллага, мэргэжилтнүүд багагүй эсргүүцэлтэй тулж байж усны эрчим хүчний хөгжлийн үндэс суурийг тавьсан билээ. Усан цахилгаан станц гээч зүйлийг л баривал мөнөөх олон жилийн түүх домогтой гол мөрөн сүйдэж, иргэдийн хайрлан ирсэн нутаг орных нь гол мөрөн нь ширгэж, алга болох аюул нүүрлэнэ гэсэн олон жил бугшсан өрөөсгөл ойлголт цаашид улс орны хөгжлийн гарцад бүү саад болоосой билээ.

Хэрвээ гадаадад ийм ойлголт байдаг бол дэлхийн ихэнх улс усан цахилгаан станцыг түлхүү хөгжүүлж, түүнээсээ ногоон эрчим хүч гарган авч ажиллаад хөгжиж, дэвшээд явах уу. Тэд чинь биднээс илүү эх орноо, байгаль дэлхийгээ бодитоор хайрлан хамгаалдаг хүмүүс шүү дээ.

Усан цахилгаан станцын нэр хүнд унасан үе бий. Харин одоо эргээд сэргэж, улс орнууд төрийн бодлогоо усны эрчим хүчийг хөгжүүлэхийн төлөө тууштай чиглүүлж эхэллээ. Яагаад гээч. Маш энгийнээр тайлбарлахад ердөө л дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой цэвэр экологийн эрчим хүчийг хөгжүүлэхийг л зорьсон хэрэг. Ялангуяа дулаарлын явц бусад орноос илүүтэй байгаа манай улс томоохон чадлын усан цахилгаан станц барьж байгуулах нь цаашдын эрчимтэй хөгжлийн гол хөшүүрэг, бас олон тулгамдсан асуудлын гарц болно гэж мэргэжилтнүүд ярьсаар байна.

Уул уурхайн хөрөнгө оруулалтыг далласан хурдацтай хөгжлийн ирмэг дээр манай улсын өнөөгийн суурилагдсан эрчим хүчний нөөц ирээдүйн их хөгжлийн хурдыг гүйцэхээргүй байгаад эрчим хүчний салбарынхан санаа зовж, хэрвээ томоохон чадлын усан цахилгаан станц барьчихвал аваарын байдалд орших нөөц эх үүсвэрийн асуудал шийдэгдэнэ гэж яриад байгаа юм. Мөн төрийн түшээдийн толгойны өвчин болоод буй нийслэлийн утаа униарын асуудал ч шийдэгдэх тухайд тэд онцолсоор.

Энэ л үүднээс хэдэн жилийн өмнө эрчим хүчний салбарынхан нийлээд Эгийн голын усан цахилгаан станцыг барихын ач холбогдлыг төрийн түшээдийн тархинд суулгаж, олон Засгийн газрын нүүр үзсэн энэхүү төсөл арайхийн ажил хэрэг болохын даваа дээр мөнөөх л улстөржсөн шийдвэр гарч, тус салбарын мэргэжилтнүүдийн мөрөөдөл талаар болсон билээ. Үнэндээ бол томоохон чадлын усан цахилгаан станц барьж байгуулах нь эрчим хүчний салбарынхны мөрөөдөл юм.

Тэр нам, энэ хүн энэ том станцыг барих үүд хаалгыг нээж, олон түмэнд нэр хүнд олж болохгүй, би л, эсвэл манай нам л хийж, улстөрийн нэр хүнд олж авч, УИХ-ын гишүүнээр сонгогдох ёстой гэсэн өчүүхэн хүсэлдээ хөтлөгдөн хөөрхий манай улстөрчид хөгжлийн төлөө бус өөрсдийнхөө төлөө шийдвэр гаргаж, нэг л өглөөний нарнаар хууль эрх зүйн орчноо, эсвэл өч төчнөөн зарлага гаргасан төслөө нураагаад л явдаг нь нууц биш. Чухам энэ л үүднээс Эгийн голын усан цахилгаан станцын төсөл нурсан юм.

Тэгвэл Тайшир, Дөргөний станцууд мөн л багагүй эсэргүүцэлтэй тулгарч байж л босч, одоо ашиглалтад ороод баруун аймгуудын эрчим хүчний тодорхой хэсгийг хангаад олон айл өрхийг гэрэл гэгээтэй, өнөөгийн зуунд ядахдаа телевизээ үзээд суух хэмжээний болгож байгаа нь хөгжил бус уу.

Одоо энэ хоёр станц нүүрсхүчлийн хийг бууруулсан, байгальд ээлтэй үйлдвэрлэл явуулсан үзүүлэлтээрээ Киотогийн протоколын дагуу хүлэмжийн хийн олон улсын арилжаанд оролцож, тодорхой хэмжээний орлого олох боломжтой болоод байгаа. Өөрөөр хэлбэл, Манай Дөргөн, Тайширын УЦС Цэвэр хөгжлийн механизмд бүртгүүлэх өндөр шаардлага босгыг давж тэнцсэн Монголын анхны экологийн цэвэр сэргээгдэх эрчмийн хоёр эх үүсвэр бөгөөд жилдээ 60000 тн хүлэмжийн хийг бууруулах замаар олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж 500000 хүртэл ам. долларын нэмэлт орлого олох боломжтой болгоод байна. Энэ нь өөрөө хөгжил бус уу.

Байгальд ээлтэй экологийн цэвэр үйлдвэрлэлийг дэлхий дэмжиж, мөнгө өгөх гэж байна шүү дээ. Уул уурхайгаас гадна сэргээгдэх эрчим хүчний нөөцөөр нэлээд баянд ордог Монгол Улс энэ салбараа хурдацтай хөгжүүлээд мөнгө олох боломж байгаа бус уу. Тухайлбал, манай орны усны эрчмийн нөөц 50 тэрбум кВт.ц-аар үнэлэгдсэн нь цаашдын өсөн нэмэгдэх цахилгааны хэрэгцээний тодорхой хэсгийг усны эрчим хүчээр хангах бүрэн боломжтой аж.

Манай эрчим хүчний системийн оргил ачаалал 2010 оны арванхоёрдугаар сард 728МВт-д хүрэхэд дулааны цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа ажилласан хэрнээ оргил ачааллыг хаахаар хойд хөршөөс 70МВт эрчим хүч импортолсон билээ. Манай орны хэтийн хөгжлийн чиг хандлагаар 2020 оны түвшинд оргил ачаалал 1128МВт-д хүрэх төлөвтэй бөгөөд тэр үед импортоор 500 орчим МВт чадал авахаар байна. Ийм хэмжээний цахилгааны чадал жил бүр авахад хүрвэл улсын эдийн засаг доройтолд орохоос гадна шугамын дамжуулах чадвар ч хүрэлцэхгүй болох гэнэ.

Манай улс дулааны цахилгаан долоон станцтай бөгөөд жилдээ дөрвөн тэрбум кВтц эрчим хүчийг үйлдвэрлэж, харин оргил ачааллын цахилгааныг ОХУ-аас 40-өөд жилийн туршид импортлох замаар аргалж ажиллаж ирсэн. Өөрөөр хэлбэл, 40 жилийн турш ОХУ-аас хараат явж ирсэн гэсэн үг.

Тэгвэл эдүгээ хөгжлийн шинэ үе ирж буйтай холбогдуулан эрчим хүчний салбартаа шинэчлэл хийж, томоохон чадлын усан цахилгаан станцыг барьж байгуулах замаар эрчим хүчний хараат бус байдлыг халж, нийслэлчүүдийн утаа униар, ирээдүйн эрчимтэй хөгжлийн хэрэгцээг бүрэн хангахуйцаар ногоон эдийн засгийг хөгжүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Гамшгийн хэмжээнд хүрсэн нийслэлийн утааг арилгах талаар сүүлийн жилүүдэд багагүй ярьж, зарим нэг арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа ч Улаанбаатарын хотын утаа улам л ихсэх. Олон хүн санаа бодлоо уралдуулсаар л. Эрчим хүчний салбарынхан ч бас санаа оноогоо хэлж, асуудлаа тайлбарлаж эхэллээ.

Тэд Эгийн гол, Сэлэнгэ мөрөн дээр каскад/цуваа/ усан цахилгаан станцууд барьснаар оргил ачааллаас гадна нийслэлийн агаарын бохирдлыг арилгах бүрэн боломжтой талаар ярих боллоо. Төрийн түшээ Та нэг анхааралтай сонсоод бас судлаад үзээрэй. Яг өдгөө манайд эрчим хүчний, нөгөө нь утааны гэсэн хоёр том асуудлыг юун түрүүнд шийдэх хэрэгтэй байгаа шүү дээ.

Цаашдын өсөн нэмэгдэх эрчим хүчний хэрэгцээг хангах хэмжээний эрчим хүчний хангамжийн аюулгүй байдлыг шийдэхгүйгээр, мөн утааг арилгах асуудлыг бодитоор ярихгүйгээр хөгжил яриад, уул уурхайн баялаг, их мөнгө мөрөөдөөд яах юм бэ. Тэгвэл утаа, эрчим хүчний найдвартай байдлыг хангах, дээрх хоёр асуудлыг нэгэн дор цогцоор шийдэх гарц бол томоохон чадлын усан цахилгаан станц барьж байгуулах гэж эрчим хүчний мэргэжилтнүүд үзэж байна.

Манай орны усны эрчим хүчний нөөц 50 тэрбум кВт.ц. Дөргөн, Тайширын станцын үйлдвэрлэл нийлээд 75 сая кВт.ц цахилгаан үйлдвэрлэх чадалтай байгаа нь монголчууд усны нийт эрчим хүчнийхээ 0.15 хувийг л эдийн засгийн эргэлтэд оруулж буй тухай ЭБЭХ-ний дэд сайд Т.Энхтайван яриад “Монгол Улс бараг хөндөгдөөгүй байгаа усны эрчим хүчний баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулснаар 100 жилийн хоцрогдлоосоо зургаан жилийн дотор гарах бүрэн боломжтой” гэжээ.

Дэлхий дээр усны эрчим хүч, усан цахилгаан станцыг тогтвортой хөгжлийн тулгуур хэмээн хөгжүүлэн ашиглах болсон 10 шалтгаан

Усан цахилгаан станц нь

1. Сэргээгдэх эрчим хүч
2. Экологийн цэвэр эх үүсвэр,
3. Эдийн засаг, санхүүгийн хямрал, инфляцид өртдөггүй найдвэртай эх үүсвэр,
4. Уян хатан байдал нь системийн ашигтай горимыг хангана,

5. Импортоор оргил ачаалал хаах чадлыг гадаадад түрээсээр хадгалах, цахилгааны импортыг оролж, валют хэмнэн гаднаас хамааралгүй болгоно,
6. 100-гаас дээш жил ашиглагдах тул тогтвортой байдлыг хангаж өгөх ба УЦС нь зөвхөн усны механик энергийг ашиглахаас бус түүнийг хорогдуулах үйл ажиллагаанд оролцдоггүй,
7. Усны үер, ган гачиг, гал түймрээс хамгаалан орчныг чийгшүүлж, цөлжилтөөс хамгаалдаг,
8. Уул уурхайн үйлдвэрлэлийг эрчим хүчээр урт хугацаанд үр ашигтай хангана,

9. Усалгаатай эрчимжсэн газар тариаланг хөгжүүлэн ургацыг хэд дахин өсгөж хүнсний хангамжийг сайжруулах болон хот суурингийн усан хангамжийн эх үүсвэрийг давхар шийдэх боломжийг нээдэг.
10. Үл үзэгдэх экспорт гэдэг экотуризмийг хөгжүүлэн нэмэлт орлого олох боломж агуулдаг.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Дотоод мэдээ

Тунгалаг агсны хүү сэтгүүлч Г.Алтантүрүүтэй уулзжээ

Published

on

By

Энэ талаар “Танайд хоноё” нэвтрүүлгийн хөтлөгч асан сэтгүүлч Г.Алтантүрүү өөрийн цахим хуудсандаа өгүүлжээ.

“Гэнэт ирнэ! Нутагтаа тухтай морил! Ямар их үгүйлээ вэ! Мэдэх нэг нь түүнийг мэднэдээ. Гэнэт явна” гэжээ.

Сэтгүүлчийн маань өмнө нь хэвлэлд өгч байсан ярилцлагыг танд хүргэж байна.

-Нэвтрvvлгийн тань нэг оролцогч агсан Б.Тунгалаг бvсгvйн амьдралаар кино хийж байгаа гэсэн. Vvгээр яриагаа эхлэх vv?

-Єнгєрсєн жилийн тавдугаар сард юм байна. Миний ажлын энгийн л нэг єдєр. Шар хаданд найман машины гарааштай, саунтай сvрхий айлд хонох байсан юм. Уг нь их анхаарал татахаар айл л даа. Яг нэвтрvvлэг хийх єглєє нєгєє айлаас утасдаад “Уучлаарай, бид хонуулахаа болилоо” гэдгээ палхийтэл хэлдэг байгаа. Цаг нь тулчихсан яах учраа олохгvй сандраад л.

Бvтэн сайнд нь эфиртэй байдаг. Хэрвээ тасалбал цалингийн 25 хувиар торгуулна. Их мєнгє л дєє. Тэгээд л гудамжнаас хонох айлынхаа эзнийг хайхаар шийдсэн. Ямар сураагvй юм биш гээд гарсан даа. Тэгээд хоёр хvvгээ хєтлєєд явж байсан Б.Тунгалаг бvсгvйтэй таарсан. Хагас сайн єдєр Тунгалагийнд хоноод маргааш єглєє нь монтажлаад орой нь гарсан нэвтрvvлэг.

Гэхдээ яах вэ, би єєрийгєє, Тунгалагийн гэр бvлийг их азтай гэж боддог. Нэвтрvvлэгч яах вэ эфирт цацагдаад л єнгєрсєн. Маргааш єглєє нь нэг дэх єдєр єглєє ажилдаа ирэхэд Улаанбаатар тэр чигээрээ Тунгалагаар найгачихсан, ажил дээр баахан хvн ирчихсэн байсан. Би vнэхээр их гайхсан. Уг нь энэ бол миний нэг удаагийн л ажил. Ажлаа хийгээд дууслаа л гэж бодсон. Тэгтэл харин эсрэгээрээ эхэлж байсан.

Зарим нь бvр мєнгєє барьчихсан зогсож байсан. Ингээд маргааш нь Тунгалагийг хоёр хvvхэдтэй нь дуудаад, эфирээр зар єгєєд туслах хvмvvс нь туслаг гэж бодсон юм. Нэг их хvн ирэхгvй байх, ямар ч гэсэн хэдэн тєгрєг цуглана гэж бодсон. Гэтэл нvvрс зардаг нь нvvрсээ, илvv хєргєгчтэй нь хєргєгчєє тэврээд ирсэн. Бvр гурван булиа залуу ирснээ “Нєхрийг нь хаана байдгийг мэдэхгvй биз?” гэж асууж байлаа.

-Тухайн vед хvмvvс єєртєє байгаа бvхнийг Б.Тунгалаг бvсгvйд єгєхийг хичээсэн. 50 тєгрєг, таван сая тєгрєг ч єгсєн хvн байгаа байх?

-Хvний сэтгэлийн гvнээс гарч байгаа зvйл гэдэг хvч ордоггvй юм билээ. Нийт 10 сая тєгрєг л болов уу гэж бодсон чинь 80 сая тєгрєг тэр дороо цуглачихсан. Том, том компаниудыг нэрлэж болох юм. Манай ажил “Бємбєгєр” захын хажууд шvv дээ. Єглєє босоод л шараа тайлдаг хvнд гарууд тэнд олон бий.

Тэдний нэг нэлээд халамцуухан ирээд “Би яах вэ” гээд 100 тєгрєг єгчихєєд “Наадах чинь асуудал биш шvv” гэж байсныг, портер дvvрэн модтой хvн ирээд “Эгчид нь єгєх мєнгє алга. Тэгэхдээ гэр нь, хоёр хvv нь дулаахан байг дээ” гээд мод єгч байсныг тод санадаг юм.Тийм хvмvvс олон байсан.

-Талийгаачийг єнгєрснєєс хойш хоёр хvvтэй нь уулзсан уу. Одоо хаана байгаа бол?

-Уулзаагvй. Шинэ жилээр хоёр дvvдээ бэлэг бариад очсон. Нvvчихсэн байна лээ. Хоёр хvv бидэнтэй хамт байгаа гээд дvv нь надтай ярьсан. Ажил явдлынх нь vеэр би Америкт байсан болохоор ирээд хоёр хvvтэй нь уулзъя гэсэн ч зориг хvрээгvй.

-Яагаад?

-Яг мєнгє тєгрєг цугларч байх vед би “Бvх юм сайхан болно” гээд хоёр хvvг нь тэврээд л сууж байсан. Vнэхээр мєнгє бvхнийг шийдэх юм шиг санаж байж. Тийм болохоор одоо намайг хараад ээжийгээ илvv их санах болов уу гэж айгаад.

-Кино удахгvй дэлгэцнээ гарна гэж байсан?

-Ш.Гvрбазар ахын зохиол, “Мазаалай фильм”-ийн захирал Ч.Батбаяр найруулагчийн “Зvvдний vргэлжлэл” кино энэ сарын эхээр гарч эхлэх гэж байна. Тунгалагийн дvрийг М.Алтанзул гэдэг жvжигчин бvсгvй амилуулж байгаа. Гол дvр маань Тунгалагтай vнэхээр адилхан юм билээ. Хоёр хvvхдэд нь Хvvхдийн ордон, Хєгжим бvжгийн коллежийн хоёр хvv тоглосон. Киноны дууг залуу дуучин Хулан дуулж байгаа.

-Кино хийх талаар олон найруулагч санал тавьж байсан гэсэн?

-Тийм ээ, олон хvн хандсан. Миний хувьд энэ кинонд зєвлєх маягаар оролцож байгаа. Би гол нь киноноос олсон орлогоос хоёр хvvхдэд нь мєнгє єгєєрэй. Хамгийн гол нь маш сайн кино хийнэ шvv гэсэн шаардлага тавьсан.

-Ээжийнх нь тухай кино хийж байгааг хєвгvvд мэдэж байгаа юу?

-Гэрийнхэн нь бvгд мэдэж байгаа.

-Ингэхэд анх яагаад “Танайд хоноё” нэвтрvvлгийг хийх болсон юм бэ?

-Тухайн vеийн MN-25 телевизийн захирал З.Алтай ах бид хоёр гурван цаг шахам ярилцаж байж нэвтрvvлгээ анх тєрvvлсэн дээ. “Танайд хоноё” нэвтрvvлэг монгол хандлага. Тэр тусмаа євєртєє нэг юмтай очно гэдэг бол монгол заншил. Аль болох монгол хандлагаар л хийе гэж бодсон.

-Гэхдээ таныг телевизээсээ гарч байгаа гэж сонслоо. Яагаад гэж олон хvн сонирхох нь лавтай?

-Ерєнхийдєє кинонд ажиллаад одоогоор телевизээсээ чєлєє авсан. Цаашид ганцаараа телевизийн ертєнцєд єрсєлдье гэж бодож байгаа. Хvн нэг газар удах тусам тэр хvрээгээ єєрийнхєє хязгаар юм шиг харж эхэлдэг. Тэгэхээр тийм байхыг хvсэхгvй байна. Хvчтэй єрсєлдєгч байна гэдэг бол сайхан. Телевизийн сэтгvvлч хvнийхээ хувьд том хvрээнд єрсєлдье гэж бодож байгаа.

-“Танайд хоноё” нэвтрvvлэг тэгэхээр дахиж гарахгvй гэсэн vг vv?

-Миний санаа гээд гарахдаа нэвтрvvлгээ ємчлєєд явна гэж байхгvй. Энэ бол хувь хvний ёс суртахууны асуудал. Патент гэдэг зvйлийг телевизэд ярьдаг эсэхийг би мэдэхгvй, “10 мянган тєгрєг”, “Амьдрал аа гэж” гээд миний хийдэг бvх нэвтрvvлэг “MN-25” дугаар суваг телевиздээ vлдэнэ.

-Цаашдаа юу хийхээр тєлєвлєж байна вэ?

-Хэвлэл мэдээллийн салбартаа компани бас студи байгуулж байгаа. Нэвтрvvлэг хийнэ. Зорилгынхоо тєлєє илvv єндєрт нисье гэж бодож байгаа. Айлын тэжээвэр шувуу шиг єглєєд нэг бэлэн будаа тоншъё гэж боддоггvй. Тийм байхыг ч хvсэхгvй байна.

-Шинээр хийх нэвтрvvлгээ тєлєвлєсєн vv. Мэдээж “Танайд хоноё” нэвтрvvлгээс илvv байж хvмvvст хvрнэ шvv дээ?

-Би сургуулиа тєгсєєд л “MN-25”-д орсон. Дєрвєн жил болжээ. Ер нь анхны нэвтрvvлгvvдтэй харьцуулахад дараагийнх нь илvv чанаржсан гэж би боддог. Карьериа єсгєе гэвэл илvv сайн байж дараагийн ажил минь хvнд хvрнэ. Нэвтрvvлгийн санаа олчихоод бэлтгэл ажилдаа ороод байна.

-Хамгийн их vзэгчтэй нэвтрvvлэг гэдгээрээ “Танайд хоноё” нэвтрvvлгийн дундуур реклам их явдаг. Та сурталчилгаанаас хувь авдаг байсан уу?

-Vгvй, хувь авдаггvй. Хєдєлмєрийн гэрээгээрээ ажиллана. Цалин гайгvй авдаг байсан. Тэгэхдээ хангалттай биш.

-Ингэхэд хэчнээн айлд зочилсон бэ. Тоолж vзсэн vv?

-Хоёр жилийн хугацаанд 112 айлд хоносон.

-Хамгийн хэцvv, хаалгаа удаан балбуулсан айл хэнийх байв?

-Хvмvvс траншейнд хоноход л хэцvv байсан байх гэж боддог. Харин ч vгvй. Цаатангуудын урцанд хонох л амаргvй байлаа. Урцандаа яаж амьдардгийг, цаагаа хэрхэн малладгийг vзvvлэхийг маш их хvсч байсан. Гэвч санаснаар болоогvй ээ. Тvvнээс гадна нэг айлд ороод зургаа аваад эхэлчихсэн байж байтал гэрийн эзэн нь ирээд “Чи яв. Хонуулахгvй. Чи хонож байгаа айлынхаа угаалгын єрєєнд нь ороод айлаа муулаад байдаг юм билээ” гээд хєєж байсан. Хєгжилтэй зvйл их бий.

-Vнэхээр єєрийн гэр шиг санагдсан нь?

-Ихэнх айлууд байдгаараа байсан. “Хамаагvй ээ, би vvдэнд чинь унтья” гэхэд хамгийн хvндтэй газраа унтуулна. Бvгд сэтгэлээрээ байсан. Тиймээс хонуулсан бvх айлдаа, хонуулаагvй vзэгчдэдээ, хєєсєн айлууддаа “Баярлалаа” гэж хэлэх байна.

-“Танайд хоноё” нэвтрvvлэг гараад нэг жил боллоо. Хvн бvр намайг таниад л. Нэвтрvvлгээ vзэхээр єєрт хvртэл таалагдаад л. Би чинь юу болчихов оо гээд тэнгэрийн амьтан. Нэг хэсэг биеэ тоох хандлагатай болсон. Би нэг эмэгтэй дvvтэй. Нэг єглєє сэрсэн чинь дvv маань “Ах аа, та ямар єєр болчихсон юм. Миний хурлыг та нэг ч тасалж байгаагvй.

Тэгсэн хуралд суусангvй. Та намайг тоохоо больчихлоо” гэж байна. Тэгээд л би уран бvтээлч хvн єєр байх ёстой гэж бодсон. Аль болох гудамжаар явж, хvмvvсийн дунд байх хэрэгтэй. Хааяа амны хаалт зvvгээд троллейбусаар явдаг. Урд сууж яваа хоёр охины асуудал нь юу байна.

Ард сууж яваа эмээ євєєгийн асуудал, кондуктор хvнийг яаж доромжилж байна. Энэ бvхнийг мэдэрч байна гэдэг сайн нэвтрvvлэг хийхийн эхлэл. Биеэ тоогоод нэг их том ярьсан хvн хvмvvсийн дунд сууна гэдэг хамгийн уйтгартай. Энэ надад таалагдаагvй. Амьдрал биш гэдгийг ойлгосон.

Эх сурвалж: “Зууны Мэдээ” сонин

Continue Reading

Дотоод мэдээ

“Алтан гадас” одон авсан ТҮК-ийн ажилтанд 15 сая төгрөг цуглажээ. Харин яагаад шүүмжлэв?

Published

on

By

Дуучин Нара буюу М.Нарантуяа бүсгүй маань өчигдрөөс эхлэн “Алтан гадас” цол хүртсэн ТҮК-ийн ажилтан ахад мөнгө цуглуулж эхэлсэн билээ. Тодруулбал:

“Жинхэнэ Монголын төлөө ажиллаж шагнуулсан ТҮК-н ажилтан энэ эрхэм хүнд ард түмэн нь Алтан Гадас-н найрыг нь ард түмэн нь дэмжээд нижгэр хийгээд өгье л дөө. Алдар нэртэй эрхмүүдээ гишүүд нь тосч очоод жич баяр хүргэдэг бол эгэл Алтан Гадас-ыгаа иргэд нь угтаад авнашдээ.

Шагналын найр гээд нэг юм заавал хийдэг юм гсн хэдүүлээ ганц ганцхан мянган төгрөг хандивлаад жинхэнэ Монголын төлөө гавъяа байгуулсан хүнийг баярлуулчхымуу айнннн?!? Олон жил тайзан дээр гараагүй Нара нь хүртэл давхиж очоод дуулж хуурдаад ирэх эгэл хамт олонд нь баяр нэмчихнээ гэжугаа.

Хаан Банк 5163372057 Нарантуяа дансанд сэтгэлээрээ л баяр хүргээд хийчих. Нара нь мэдээж шилэн үзүүлнэ, ширхэг ₮ дутаалгүй ахад ард түмнийх нь баярыг хүргэж өгнөө. Найраа хийнэ үү ар гэртээ хэрэглэнэ үү ах өөрөө шийдэг тиймээ.” хэмээн анх дурьдсан байдаг.

Тэгвэл түүний цуглуулж буй мөнгө огцом нэмэгджээ.

“Та нар минь хайр шүү. Алтан Гадаст ах Батмөнхөд ард түмнээс нь баяр дээр нь баяр нэмье гээд 10хан минутын өмнө 00 байсан Хаан Банкны дансанд адь хэдийнэ 1.5 сая ₮ цугларчээ. Нэмж баяр хүргэмээр байгаа хүмүүс нэгдээрэй. Хаан Банк 5163372057 Нарантуяа Нара нь мэдээж шилэн данс хөтөлнө, бас ширхэг ₮ дутаахгүй ахад хүлээлгэн өгнө. Найраа хийнэ үү ар гэртээ хэрэглэнэ үү өөрөө мэдэг тиймээ. Жинхэнэ эгэл гавъяатай хүмүүсээ ард түмэн нт урамшуулнаа” гэсэн юм.

Харин өнөөдрийн байдлаар уг мөнгө 15 сая орчим төгрөгөнд хүрчээ.

“Улс тунхагласны баярын мэнд хүргэе. Өчигдөр санаандгүй эхлүүлсэн санаачлага маань гайхамшиг болон өрнөж Нарагийнх нь орлого, зарлага 0тэй байсан Хаан Банкны 5163372057 тоот дансанд нийт 14.423.925₮ цугларчээ.

1дэх хүртэл данс нээлттэй бгаа шүү. Энэхүү Монгол Түмний халуун сэтгэлийн баярын бэлгийг ТҮК-д олон жил хичээл зүтгэл гарган ажиллаж Төрөөрөө ажлаа үнэлүүлж Алтан Гадас одонгоор энгэрээ мялаасан 3н эрхэм хүнд 3ууланд нь тэгш хуваан хүлээлгэн өгч 3уулангийнх нь хичээл зүтгэл болоод баяр дээр нь баяр нэмэх нь зүйтэй гэж Нара нь шийдлээ.

Та бүхнийг дургүйцэн татгалзахгүй байх гэж итгэж байна. Нара нь зөгийнийхөө өвөлжөөнд дулаалга хийчихээд удахгүй буцаад ирнэ. Ирээд 1дэх өдөр шагналт 3н ах нарыг гэр бүлийнх нь хамтаар Central Tower-н Central Asiana ресторанд урьж өдрийн зоог барингаа олон түмний бэлгийг нь өгье гэж бодлоо” гэлээ.

Энэ арга хэмжээг дэмжсэн иргэд олон байгаа юм. Жишээ нь нэгэн иргэн:

“Дуучин Munkhtur Narantuya Nara – ийн үнэнч фэн болоод жил болж бнөө. Үнэхээр мундаг бүсгүй юмаа. Олны танил Хөдөлмөрийн баатар жүжигчид дээр Их хурлынхан өөрсдөө гүйж очоод, Түк-ийн Алтан гадас авсан ах дээр хэн ч байдгүй наасныг харьцуулж байгаад тэр ахад бүгдээрээ туслая гэж уриалсан байсийн.

Тэгсэн 10-хан минутын дотор 1.5 сая төг цугларч, Буган халиун ресторан одонгийн найрыг нь даах болжээ. Энэ хооронд 3 цаг өнгөрлөө, цугласан мөнгө өшөө арвижсан бх, би ч сэтгэлийн өчүүхэн хандиваа нэмэрлэв. Ийм л хүнийг инфлүүнзер гэнэ дээ. Түүнээс Биг Жигийн хэлдгээр мөнгөнд амаа үдүүлсэн сонгуулийн утсан хүүхэлдэйнүүд бол инфлүүнзерүүд хэрхэвч биш.

Тэгснээ өөрсдийгөө инфлүүнзер гэдэг наасан. Би хувьдаа Нара, Биг Жи, Ганжавхлан, дуучин Маралжингоо, хийлч Дээгий зэрэг хүмүүсийг хүндэлж, инфлүүнзер гэж хүлээн зөвшөөрдөг. Өнгөрсөн сонгуулиар Хишигдалайгаас авахуулаад баахан одонцорууд яаж далдаганалаа тээ. Ард түмэн хэн нь хэнийг ялгадаг.” гэсэн байлаа.

Харин энэ арга хэмжээг шүүмжлэх хүмүүс ч байна. Нэг хэрэглэгч:

“Энэ хүн амьдралын боломжгүй хүн биш өөрт нь мөнгө цуглуулж өгөхөд дургүйцэх эсэхийг нь мэдэхгүй байж ингэж болохгүй байхаа” гэсэн байсан юм.

Continue Reading

Дотоод мэдээ

Лексус 570, Ланд 200 унаж байгаа хүмүүсийн татварыг нэмнэ

Published

on

By

Автозамын түгжрэлийг бууруулахын тулд автомашины татварын системд шинэчлэл хийнэ гэдгийг хотын дарга онцлов. 2022 оны 1 сараас эхлээд түгжрэлтэй тэмцэхэд ямар арга хэмжээнүүд журам хэрэгжүүлэхийг онцлож байна.

Тодруулбал нийслэлийн удирдлагууд түгжрэлийг бууруулахын тулд эхний ээлжинд ямар ажил хийхээр эрэмбэлсэн гэдгийг тодруулья.

Нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийж 500-600 автобусыг ашиглалтанд оруулна.
Хөнгөн галт тэрэгний асуудлыг шийднэ.
Ирэх оноос 4000 таксиг үйлчилгээнд нэвтрүүлнэ.
Гудамж замуудын нэвтрэх сүлжээг сайжруулна.

Агаарыг бохирдуулж байгаа тээврийн хэрэгслүүдэд харилцан адилгүй татвар ногдуулдаг болно.

Тухайлбал Приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй жилд 120 мянган төгрөгний төлдөг байлаа гэхэд Лексус 570 маркийн машинтай хүн ижил төлж болохгүй гэдгийг дурьдаж байна. Товчхондоо Лексус 570 болон Ланд 200 маркын тээврийн хэрэгсэлтэй жолооч нар 2-3 сая төгрөгийн татвар төлөх ёстой гэдгийг хотын дарга онцлож байсан юм.

Хотын дарга Д.Сумъяабазар: “Ер нь 570 унаж байгаа хүн жилд 120 мянган төгрөг төлөөд унаад байх хэрэггүй шүү дээ. 570 унаж байгаа хүн бол жилд татвар хураамж дээр 2-3 сая төгрөг төлдөг байх ёстой. Тэгэхгүй бол Приустэй хүмүүстэй ижил татвар төлөөд явдаг байж болохгүй. Хамгийн ихээр агаарын бохирдлыг бий болгож байгаа.

Моторын багтаамж ихтэй, дизель түлшний багтаамж ихтэй. Агаарын бохирдлыг тодорхой хувь жил дарж байгаа асуудлууд бол багтаамж ихтэй бензин, дизель хөдөлгүүрийн тээврийн хэрэгсэл байгаа” гэсэн юм.

Цаашид түгжрэлийг бууруулахад зөөлөн гэхээсээ илүү хатуу шийдвэрүүдийг гаргана гэдгээ хэллээ. Учир нь өнгөрсөн хугацаанд автозамын ачааллыг бууруулах ажлуудыг хийхдээ иргэдийн саналыг тусгасан баруун эргэхийг, зүүн эргэхийг хориглосон зэрэг санаачлагууд бүгд бүтэлгүйтсэн байдаг.

Нийслэлийн засаг даргын орлогч Б.Одсүрэн: “Хотын хэмжээнд автозамын түгжрэлийг, түгжрэлтэй замуудыг ялангуяа зарим уулзваруудын нэвтрүүлэх тооцоолол зэргийг real-time-аар бодит нөхцөл байдлыг нь шалгадаг тооцоо авдаг мэдээлэл авдаг системд дараа жилээс шилжинэ гэсэн байр суурьтай байгаа” гэлээ.

Ойрын төлөвлөгөөнд тусгасан дээрх ажлуудаас гадна алсдаа жолооны хүрдийг зүүн талд 100 хувь шилжүүлэх, 7-оос дээш насжилттай тээврийн хэрэгслийн татварыг нэмэх, зогсоолыг төлбөржүүлэх зэрэг хатуу бодлогыг барьж ажиллахаа мэдэгдээд байгаа юм.

Эх сурвалж: С1 телевиз

Continue Reading

Trending