Connect with us

Түүхүүд

60 насны босгон дээрээ удам залгах үртэй болсон эрхэм

Published

on

Алдарт жүжигчин Цагааны Цэгмидийн хүү жүжигчин Ц.Төмөрбаатар 60 эргэм насандаа нуган үртэй болжээ. Тэрбээр залуудаа Ю.Цэдэнбал даргын дүрийг бүтээж гавьяат жүжигчин цол авч байсан билээ.

СУИС-д багшилж байхдаа оюутнуудынхаа дундаас өөрөөсөө 10 гаруй насаар дүү бүсгүйг амьдралынхаа ханиа болгосон гэдэг. Тэд найман жилийн өмнө анхны охиноо өлгийдөн авч байсан бол  залуу гэргий нь хэдхэн хоногийн өмнө нярайлж, хосууд хүүтэй болжээ. Ийнхүү МУГЖ Ц.Төмөрбаатар 60 насны босгон дээр удам залгах хүүтэй боллоо.

Монголын урлагийн түүхэнд зуун жилийн турш үгүйлэгдэж яваа Цагааны Цэгмид хэмээх энэ хүмүүн 1905 онд хуучнаар Түшээт хан аймгийн Хүдэр харуулын Сүвсүүл баруун бэлчир гэдэг газар буюу одоогийн Булган аймгийн Сайхан суманд төржээ. Ц.Цэгмид гурван нас хүртлээ Булган аймгийн Сайхан суманд байсан бөгөөд гэрийнхэн нь өртөө харуулын албанд тохоогдон Сэлэнгэ аймаг руу шилжсэнээр Сэлэнгэ аймгийн Харуул гэдэг газар өсч торнисон гэдэг.

Аав ээж нь түүнийг төрөхөд уг нь Батсүх гэж нэрийдсэн аж. Гэвч хүү долоон насандаа нэг их өвдөж. Тухайн үед эмч домч гэж байгаагүй учир аав ээж нь лам бараадаж учрыг лавлавал нэр нь хүнддэж хэмээн оношилж Цэвэгмид хэмээн нэрийдсэн гэдэг. Гэвч энэ нэр яван явсаар нэг л мэдэхэд Цэгмид болсон гэх.

Удам  дамжсан авьяаслаг  жүжигчдийн нэг Ц. Төмөрбаатар багадаа тун ч дэггүй нэгэн байжээ. Багаас шүлэг унших дуртай байсан түүнийг ахлах ангид ороход алиалагчаас эхлээд олон хошин шогийн номерт оруулах гэж багш нар байдгаараа хөөцөлдсөн ч бараагүй гэдэг.

Цэл залуухан 25 насандаа Төрийн соёрхолт хэмээх хүссэн аавын хүү аваад байдаггүй хүндтэй шагналыг зүй ёсоор гардаж, хамгийн гайхалтай нь өөрийнхөө хүсэлтээр буцааж байсан бардам монгол эр. Энэхүү шагналыг авсаныхаа дараа тэрбээр хүмүүсийн хар цагаан хэл аманд орж маш хэцүү байсан гэдэг. Хувь хүний хувьд. Ингээд л төрийн соёрхолтоо буцаасан.

Тэрбээр нэг хэсэг сархад зооглодог байжээ. Тэгээд сархад хүний амьдралд ямар их гай болдгийг мэдмэгцээ өөрийн ухамсраараа биеэ татаж авсан гэдэг.  Одоо тэрээр айраг ч уудаггүй. Сархадны талаар түүний хэлсэн цөөн хэдэн үгс: Хүн жигших тусам улам жигшдэг юм байна лээ. Тухайн үедээ жаргалыг амсдаг л байх. Тэр нь гарсны дараа ямар зовлон болох вэ. Уусан тохиолдолд юу ч хийхийг бүү мэд. Би эцэг эхийн хайр энэрлийг мэддэг учраас ухаараад гарсан.

Хүнд өвчтэй эхнэрээ асран сувилж, гэр орноо түшигтэй сайн ханийн ёсоор авч яваа гүндүүгүй нэгэн эрийн амьдралаар хүнийг хайрлах сэтгэлийн хүч ямар гайхамшигтай болохыг харуулсан бүтээл. Үзэгч олны сэтгэлийн утсыг хөндсөн энэхүү кинонд МУГЖ И.Одончимэгийн хамт гол дүрд тоглосон.

-Таны багад шинэ жил ямар болдог байсан бэ?

-Надад жил бүрийн шинэ жил, наадам сайхан болж үлдсэн. Бага байхад алим, жүрж ховор байсан. Арванхоёрдугаар сар гарангуут “Шинэ жил болох нь эдгээр жимсийг идэх нь” гэж бодохоор бараг нойр хүрдэггүй байлаа. Гацуур модоо чимэглэх гэж их л догдолдог байж билээ. Тэр үед одоогийнх шиг хиймэл гацуур байгаагүй тул ойн хамгаалагчаас зөвшөөрөл авч уулнаас ориг гацуур чаргаар авч ирж, гэрийнхээ хойморт зална. Гялгар, гоёмсог чимэглэл байдаггүй байсан болохоор өнгийн цаасаар элдэв янзын амьтны дүрс хайчилж өлгөдөг байсан. Мөчир дээр нь хөвөн наана. Цас тогтсон мэт харагдуулах гэж тэр л дээ.

-Өвлийн өвгөнөөс бэлэг их авдаг байв уу?

-Айлд өвлийн өвгөн нэг их ирдэггүй байсан. Харин цэцэрлэг, сургуульд жил бүр ирнэ. Тэр болгонд л бэлэг авна шүү дээ.

-Өвлийн өвгөн байдаг гэдэгт итгэдэг л байсан биз дээ?

-Тэгэлгүй яах вэ. “Энэ өвгөн хаанаас, юугаар ирдэг юм бол” гэж их бодно. Цэцэрлэгт байхад багш биднийг нэг ангид оруулаад “Өвлийн өвгөн аав ирэх гэж байна. Томоотой суугаарай. Үймүүлдэг хүүхдэд бэлэг өгдөггүй юм шүү” гэхээр нь томоотой нь аргагүй сууна. Нэрсийн дарааллаар дуудаад бэлэг өгөхөөр нь нэрээ сонсохгүй өнгөрөөчих вий гэж бодоод аль болох чих тавина. Ингэж, ингэж бэлгээ авсныхаа дараа нимгэн трико өмссөн цасан охидыг нь хараад “Даардаггүй юм байх даа. Цасан охид юм чинь арга ч үгүй байлгүй дээ. Харин чаргаар ирдэг гэсэн. Морь, бугын алийг нь хөлөглөж ирдэг юм бол” гээд л бодно шүү дээ.

-Шинэ жилийн үеэр хөгжилтэй зүйл олон тохиолддог. Та өөрт тохиолдсоноо сонирхуулаач?

-Цэцэрлэгт байхад аав минь нэг удаа ангийн шинэ жилд оролцохдоо хатуулгатай цаасаар баатрын хувцас хийж өгч, бэлэг болгож билээ. Тэр жилийнх бол надад сүүлийн хэдэн жил тохиогоогүй сайхан шинэ жил байсан. Тэр оны шинэ жилийн баяр өнгөрөхөөр хувцсаа ангийнхаа толины ард хадгалж байгаад дараа жилийн шинэ жилээр өмсөх гэтэл багтдаггүй. Миний уурлах, уйлах гэж жигтэйхэн. Гэртээ уруу царайлсан амьтан иртэл аав “Миний хүү яагаад уурлачихав” гэв.

Учраа хэлтэл “Үүнд уурлах юу байх вэ. Аавдаа зүгээр л хэлчихгүй. Дахиад хийгээд өгье” гээд шөнөжин сууж байгаад өмнөхөөсөө гоёор сэлэмтэйг хийж өгсөн. Гэвч миний сэтгэлд өмнөх нь илүү үлдсэн болохоор нэг их баярлаагүй. Хүүхүүд ч “Би өмсч үзье” гэхээр нь “Үгүй, би бол Цогт тайжийн хүүхэд. Ганцаараа л ийм сэлэм, хувцастай байна” гэж онгирно. Ангийн хүүхэд “Баатар хүн сахалтай байдаг. Чамд алга” гэхээр нь балын харандаа цаасан дээр үрж байгаад хурууныхаа үзүүрээр арчиж, сахал хийнэ. Миний нас ахиж яваа ч шинэ жил болох бүрт тэр шинэ жилийг боддог юм.

-Баатрын хувцас өмсөж байсан тэр үе таныг урлагт хөтөлсөн байж болох уу?

-Магадгүй. Аавыгаа дагаж олон жүжигчинтэй уулзахын зэрэгцээ тэднийг тайзны ард хувцсаа сольж, өмсч байгааг харах их сонирхолтой байсан. Дунд сургуульд урлагийн үзлэгээр шүлэг их уншина. Харин ахлах ангид ороход багш алиалагчаас эхлээд олон номерт оруулах гэхэд нь зугтдаг болсон. Хүнд зөн совин гэж байдаг. Угаасаа л драмын жүжигчин болох учиртай болоод л хошин шогийн номероос зайлсхийгээд байж л дээ.

-Таныг их хөдөлгөөнтэй хүүхэд байсан гэдэг юм билээ?

-Тийм ээ. Өөрөө тийм хүүхэд байсан болоод ч тэр үү ийш, тийш үсчсэн, сахилгагүй хүүхдэд хайртай. Ийм хүүхэд том болоод амьдрал үзэхээрээ гүйлгээ ухаанаараа ном уншсан, ноомой хүүхдээс илүү ихийг тооцоолсон байдаг юм. Жишээ нь, хүн сууж байхад ширээнийх нь доогуур мөлхөж ороод гутлых нь үдээсийг сандлын хөлтэй уячихдаг байсан. Мөн эмэгтэй хүүхдийн үсийг сандлынх нь түшлэгтэй холбочихно.

Цас орохоор ангийнхаа хүүхдүүдийн хүзүү, энгэр рүү хийнэ. Одоо аль нэг жүжигт тоглож байхад тийм үйлдэл гарга гэвэл найруулагчаасаа асуулгүй тодоор гаргачихаж чадна. Би тэдгээр үйлдлийг багаасаа цуглуулж, их урлагт эргэлт буцалтгүй орсон.

-Та ахлах ангид ороод янз бүрийн урлагийн үзлэгт тоглохоо больсон юм уу?

-Би дургүйдээ болиогүй. Хамгийн гол нь их ичдэг болсон юм. Тэр байдал оюутан болоод ч салаагүй. Харин багш, найз, жүжигчдийн тусламжтайгаар бүрэг зангаа орхисон.

-Аавтайгаа уран бүтээлийн талаар ярилцдаг байв уу?

-Намайг долоон настай байхад аав маань өөд болсон болсон учир уран бүтээлийн талаар ярилцаж чадаагүй ээ. Бид хоёр түрдэг дугуйны талаар ярьж байсан нь харин санаанаас гардаггүй юм. Тэр үед хүүхдүүд төмөр утас тахийлгаж байгаад дугуй түрж тоглодог байлаа. Би тэгж тоглох гэсэн чинь түрдэг төмөр байдаггүй.

Аав “Ховилтой модоор түр” гэв. Би тэр хүүхдүүд шиг төмрөөр түрэх гэж дургүйцэхэд “Хүн хийе гэсэн зүйлээ өөр өнцгөөс ч гэсэн чадъя гэвэл болдог юм” гэж билээ. Үүгээрээ намайг ухаажуулж байж.

-Таны аав “Энэ шар л урлагийн хүн болж магадгүй” гэж ээжид тань хэлж байсан гэдэг. Багаасаа танигдаад байж ээ …

-Тийм. Өөрийнх нь зөн совинд би жүжигчин болмоор санагдсан юм байлгүй. Тиймээс ч би хичээж явна.

-Анх урлагт хөл тавихад юу бодогдож байв?

-Аавыгаа өөд болсоноос болсноос хойш 12 жилийн дараа анхны бүтээл “Хүний амь” кинонд тоглосон. Тэр үед би “Нэг юм тоглосон боллоо доо” гэж бодсон. Харин ээж маань урлагийн хүн биш болохоор ингэж л тоглох ёстой байх гэж бодсондоо нэг их юм яриагүй. Гэхдээ тэр киноны дараа уран бүтээлчдэд шагнал гардуулахад би ээждээ бүх мөнгөө өгсөн.

Тэгэхэд “Миний хүү одоо л тусад орох нь дээ. Аав нь урлагт 10 жил зүтгэсний дараа “Одоо л би жүжигчин болох нь дээ” гэж байсан. Чи сайн жүжигчин болъё гэж бодож байвал аливаа дүрд тоглосон шиг тогло. Үгүй бол зүгээр нэг дүрд ороод гардаг хүн шиг тоглох хэрэггүй” гэж хэлсэн. Тэр үг надад ихийг ухааруулсан шүү.

-Олонд танигдаж эхлэхдээ биеэ тоож байв уу?

-Миний аав олон шавьтай. Зарим нь надад аав шиг минь ханддаг. Тэд надад “Миний дүү үргэлж л хүүхэд зангаараа байгаарай. Битгий биеэ тоогоорой” гэж байнга хэлдэг. Би угаасаа тийм зан гаргахгүй л дээ. Харин ч тийм зан гаргаж байгаа хүмүүсийг харахаар дургүй хүрээд байдаг юм. Хүн сайн байж болно. Харин сагсуурах хэрэггүй л байхгүй юу. Одоогийн томчууд яг ийм зантай. Зиндаархаад л. Надаас мөнгөөрөө л илүү болохоос тэдэнд өөр юу байгаа юм бэ. Зарим нь хөгийн зан гаргаад байдаг юм.

-Та одоо ямар дүр бүтээхийг хүсч байна вэ?

-Хүний хүсэл мөрөөдөл хязгааргүй болохоор тийм дүр бүтээчих юмсан гэж бодолгүй яах вэ. Нас ахиж яваа болохоор жирийн малчин Монгол эрийн дүр бүтээхийг хүсч байна. Чөлөөт уран бүтээлч гэсэн нэр зүүсэн болохоор санаанд тохирсон дүр байвал үгүй гэхгүй. Гавьяат жүжигчин Н.Ариунболд (Бооёо) нэг сонинд ярилцлага өгөхдөө намайг “Төмөрбаатар тийм л сайн юм бол над шиг хэдэн хүн удирдаад хошин шог тоглоод явахгүй яасан юм бэ” гэж хэлсэн байна билээ. Би драмын жүжигчин болохоос хошин шогийн жүжигчин биш. Тэгээд ч Хүүхэд залуучууд театрыг минь И.Нямгаваа гэдэг хүн байхгүй болгоогүй бол би хүнд ингэж хэлүүлээд явахгүй байсан.

-Таныг би залуудаа их омголон байсан болов уу гэж боддог юм?

-Угаасаа шартай хүүхэд байсан. Зөв юмны өмнө хэзээд бат зогсдог. Одоо ч иймээрээ. Надад нэг бодол байдаг юм.

-Та “Миний аавын нэрийг шавь нараас нь эхлээд олон хүн барьдаг. Тэгсэн хэрнээ хөшөөг нь ч босгоогүй байна шүү дээ” гэж хэлж байсан?

-Тэр үед би жаахан шарлахсандаа тэгж хэлсэн байж магадгүй. Би аавдаа зориулж хөшөө босгох гэж их хичээсэн. Гэвч бараагүй. Харин одоо чадахаар болсон. Гэхдээ одоо зарим хүн амьд хэрнээ өөрсдөдөө хөшөө босгуулах гээд байгаа болохоор больсон. Тиймээс Цагааны Цэгмид гэдэг хүн байсан уу байсан, кино урлагт дийлж байсан уу, дийлсэн нь үнэн юм чинь би өөрөөр мөнхлөх гээд яах вэ дээ. Би зүтгэсэн зүтгээгүй ард түмэн аавыг минь мэдэх юм чинь.

-Таны аав ер нь хэдэн шавьтай вэ?

-13. “Итгэлт баян” А.Очирбат агснаас эхлээд олон сайн жүжигчин бий. Кино урлагийн дээд сургуулийн кино драмын ангид багшилж байсан жүжигчин Д.Маамхүү гуай ч байна. Энэ хүн одоо ямар ч гавьяа, шагналгүй явна. Чөлөөт уран бүтээлч гэсэн гудамжинд дэлгэрсэн үгээр өөрийгөө баясгаад таарсан кинондоо тоглоод явж байна.

-Таны эгч СУИС-ийн төгөлдөр хуурын багш, дүү Төмөрхуяг, Төмөрсүх нар тань жүжигчин, балетчин мэргэжилтэй. Жүжигчид “Ц.Цэгмидийн хүүхдүүдийг дарж бай” гэсэн байдаг юм билээ. Яагаад ингэж хэлсэн юм бол?

-“Ц.Цэгмидийн хүүхэд гэхээр л бүгд урлагийн хүн болж байдаг юм уу. Тэднийг дарж байх хэрэгтэй” гэсэн яриа өвгөчүүдээс гарсан. Дараагийн үе нь ч хэрэгжүүлэх гэж явна. Гэхдээ чадахгүй л дээ. Авьяас билэг агуу юм чинь биднийг хэчнээн дараад ч дийлэхгүй. Тэд бидэн шиг дийлж жүжиглэж чадахгүй болохоороо ингэж хэлэхээс ч яах вэ дээ. Ийм яриа гаргасан хүмүүсийг би мэднэ.

Хэрвээ би тэдэн шиг хэн нэгнийг зулгуйдаад явсан бол Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар цолыг хүртэх байсан. Гэхдээ би тэгэхгүй. Миний биеэр “Шударга бай” гэсэн үг урсч байгаа. Биднийг дарах гэсэн хүмүүс ингэж яриад явж л байг. Ц.Цэгмидийн хүүхдүүдийг дарав ч далдайна, булавч бултайна.

-Энэ үгийг анх сонсоод эмзэглэсэн үү?

-Үгүй. Миний дотрыг улам загатнуулж, юу чаддагаа харуулах хүслийг бадраасан. Улам өндөр ургана даа.

-Та Тэмүүжин, Жамуха хоёрын дүрийг бүтээсэн. Аль нь хэцүү байсан бэ?

-Энэ хоёрын дүр нэг үеийн баатарлаг түүх болсон. Жамух бол надад илүү ааг, омогтой, зорилгынхоо төлөө оюун ухаанаа зарцуулсан хүнээр төсөөлөгдсөн. Тэмүүжин өөрийнхөө цаг үеийг зөв ухаарсан. Одоогийнхоор бол менежмент сайтай гэсэн үг. Аль, аль нь хэцүү байгаагүй ээ.

-Одоо хоёулаа таны гэр бүлийн талаар ярилцья. Гэр бүлээ манай уншигчдад танилцуулаач …

-Гэр бүлийн маань хүнийг Б.Отгончимэг гэдэг. Уг нь урлагийн хүн. Одоогоор хувиараа уул уурхайн компани байгуулаад ажиллаж байна. Том охиныг Биндэрьяа, бага охиныг Сүндэрьяа гэдэг. Өөрөө жүжигчин болно гээд байгаа. Яг жүжигчин болно гэвэл хойд хөрш рүү явуулна. Тэнд сургалт сайн л даа.

-Эхнэр тань таниас насаар нэлээн бага гэж сонсогдсон …

-Тийм ээ. Хүмүүс ийм сонин юманд их дурладаг л даа. Би 60 настай байгаад 18-тай бүсгүйтэй суусан ч яадаг юм. Миний аав ээжээс 21 насаар ах байсан. Харин би эхнэрээсээ 14 насаар ах. Хэн хэндээ хайртай байгаад, амьдралаа сайхан авч явж чадаж байвал болно шүү дээ.

-Охидынхоо нэрийг та хайрласан уу?

-Тийм. И.Нямгаваа бид хоёр сайхан цагт Хүүхэд залуучуудын театрт ажиллаж байхад манай том охин ээжийнхээ гэдсэнд байсан юм. Тэр үед түүний хүүхэд “Би Сүндэрьяа дүүдээ чихэр өгнө гэдэг байгаа. Тэгэхээр нь би “Сүндэрьяа дүү чинь хаана байгаа юм” гэсэн чинь манай эхнэрийн гэдэс рүү заасан. Тиймээс хүүхэд тэгж байгаад нь бэлгэшээгээд энэ нэрийг өгсөн. Манайхан анхны хүүхдээ Батаар эхлүүлж нэрлэсэн бол бусдыг нь ч төстэй өгдөг зантай шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

Эх сурвалж: MNB.MN

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Түүхүүд

Эгээтэй л 00 өрөө ороход өгзөг арчих хүн зогсож байсангүй, манай дарга нар ажлын байр ингээд нэмэгдүүлчихвийдээ..

Published

on

By

100 ЯМААНД 60 УХНА

Хил дээр нэлээд удаан оочирлосны эцэст Энэтхэг улсад хөл тавилаа. Дунд зэргийн нуруутай Энэтхэг бор залуу биднийг тосон жуулчны автобусанд суулган Агра хотын зүг хөдөллөө. Делигээс Агра хотруу 4 гаруй явах учир замдаа оройн хоол идэхээр түргэн хоолны газар орцгоов. Ороход үүдэнд харуул бололтой нэг настай эр зогсоно, захиалга өгөх гээд очиход касс дээр 2 бор залуу, хажуунаас мэдээлэл өгөх 2 бор залуу нийтдээ 4 бор залуу захиалга өгөх хэсэгт 1 хүнд зэрэг үйлчилж байв. Захиалга аа өгөөд хоолоо авах хэсэгт баримтаа өгөх үед мөн л 3 бор залуу зэрэгцэн зогсоно, түүний цаана гал тогоо хэсэг ил харагдах бөгөөд тэнд 4-5 бор залуу байгаа харагдана.

Зам дагуу машин зогсоосон учир хоолоо хурдан идээд хөдлөх хэрэгтэй байв. Хүсвэл хясна гэгчээр 20 гаруй минут хүлээлгэх нь тэр. Уг нь хийж ядаад байх зүйлгүй. 1 аяга масала цай, 1 грилдсэн сендвич захисан юм. Хүлээж тэсгэл алдаад цайгаа түрүүлээд авч баймаар байна гэдгээ хэлтэл нэг бор залуу одоо ухаан орсон аятай цайгаа чанахаар усаа буцалгаад эхлэв. Нэлээд удаж байж 1 сендвич бэлэн болов. Нэг аяга цай, 1 сендвич авахын тулд 10-аад бор залуу дамжин үйлчилгээ авч 30-аад минутын дараа захиалга аа авав. Анх орж ирэхэд их олон залуу үйлчлээд байгаа мэт санагдсан ч анзаараад харвал тэр олон залуус хурд үгүй, бүтээмж үгүй нэг нэгнээ нудралцан нэг нэгэндээ ажлаа шилжүүлээд байгаа нь анзаарагдав.

Түгжирч 6 цаг хэртэй яваад Агра дахь зочид буудалдаа ирэв. Буудлын угтах үйлчилгээ, туслах ажилчид бололтой 5, 6 бор залуус мөн л тосож угтав. Автобуснаас ачаа буулган өрөөнд зөөх хүртэл өнөөх олон залуус мөн л баахан мунгинав. Арга аа бараад өөрөө оролцон ачаагаа өрөөндөө оруулалцлаа. Эднийх чинь хүн ам ихтэй болохоор ингэж ихээрээ зогсдог юм байхдаа хэмээн бодол төрж байсан юм.

Маргааш нь бид өдрийн хоол идэхээр нэгэн ресторанд орцгоов. Мөн л дамжин орох үүд болгонд нэг хижээл насны бор эрэгтэй зогсоно. Захиалга авахад 2 эрэгтэй ирэв. Үүдэнд зөөгч хувцастай ижилссэн 5 эрэгтэй зэрэгцэн хийх ажилгүй сууцгааж байв, тэйкрүү хартал 2 эр зэрэгцээд суучихсан байхыг хараад ёстой гайхах, инээх зэрэг хүрсэн дээ. 100 ямаанд 60 ухна гэгчээр бүтээмж байхгүй, хурд байхгүй, хий эргэсэн хэдэн эрэгтэйчүүд бүх үйлчилгээний газруудад олноороо байгаа нь ажиглагдсан юм. Бие засахаар ороход хүртэл үүдэнд нэг залуу цаас барьчихсан зогсож ч байх шиг.

Эгээтэй л ариун цэврийн өрөө ороход бөгс арчих хүн зогсож байсангүй. Дээрх зүйлийг хараад манай дарга нар ажлын байр нэмэгдүүлэх аргыг ийм маягаар шийдчих вий дээ хэмээн эмээв. Нэг ажлын байр дээр 2-3 хүн тавьчихаад ажлын байр 2-3 дахин ихэсгэв хэмээн тайландаа тусгачихаж мэдэх хүмүүс тул энд ирж туршлага судлуулж болохгүй санагдав.

Үйлчилгээний газар бүрт энэ мэт олноор нэг нэгрүүгээ харцгаасан, нэг нэгэндээ хийх ажлаа шилжүүлсэн бор бор эрчүүд тааралдсаар байсан юм. Делид ирэхэд ажиглагдсан инээдтэй ч гэмээр гайхмаар ч гэмээр заримдаа бухимдмаар гэмээр зүйл энэ байлаа.

Continue Reading

Түүхүүд

Монголчуудын бахархал улсын аварга Д.Сумъяабазарын талаар сонирхолтой баримтууд

Published

on

By

Аваргын алдар: Долгорсүрэнгийн СУМЪЯАБАЗАР

Төрсөн он(жил): 1974(үхэр)

Нутаг ус: Өвөрхангай аймгийн Хужирт сум(Улаанбаатар хот)

(хуучнаар Түшээт хан аймаг)

Цол чимэг: Өсөх идэр, үлмэж бадрах, саруул сайжрах, хурдан шаламгай, хууринан шуугигч, уран барилдаант, үнэн зоригт, цогт гарамгай, өлзий бадрах, бууршгүй хүчит, үлэмж дэлгэрэх, үнэн итгэлт, улсын аварга

Барилдааны амжилт: Улсын наадамд 2006 онд 10 даван түрүүлж(аварга цол), 1998, 1999, 2003, 2005 онд 4 удаа үзүүрлэж, 1994, 1995, 1996, 2000, 2001, 2002, 2004, 2007, 2008 онуудад 9 удаа шөвгөрөөд байна. Мөн Цагаан саөрын барилдаанд 2002, 2003 онд түрүүлж, 2001, 2005-2007 онд үзүүрлээд буй.

Гол онцлог: Улсын манлай заан Д.Долгорсүрэнгийн хүү, мэргэжлийн сумо бөхийн их аварга Д.Дагвадоржийн ах. Чөлөөт бөхийн ОУХМ, олимпийн их наадмын шагналт. 20-хон насандаа улсын цолтны эгнээнд багтсанаас хойш жил бүр(1997 онд тавд Өсөхбаяртай тунаж унасныг эс тооцвол) шөвгөрч буй энэ цагийн  удамт шилдэг бөх.

Дархан мэх: хонгодох, шуудагдаж татах, хавсрах

-Монголчуудын мянга мян­ган жилийн нүүдэлчин ахуй болон  өв соёлыг тээж ирсэн үндэсний их баяр наадам хаяанд ирлээ. Дэлгэр зуны энэ цагт дэнж хотойтол нааддаг Монголын ард түмэндээ баяр наадмын мэнд хүргэе  ээ. 

Багын найз Г.Өсөхбаяр, А.Сүхбат хоёр маань дархан аварга цолтой болж байна. Ард түмнээ хүндэтгээд хоёр дархан аварга маань зүлэг ногоон дэвжээнээ зодоглох байх аа.  

Миний хувьд 2008 оноос хойш Төрийн их баяр наадамдаа зодоглоогүй. Би бодохдоо, спорт залуу насных гэсэн хатуу зарчим тээж явдаг хүн л дээ. Д.Сумъяабазар гэдэг хүн 14-34 нас хүртлээ буюу 1988-2008 он хүртэл 20 жил спортын төлөө өөрт байгаа бүхнээ зориулсан. Энэ хугацаанд үзэгч олноо хүндэтгэн олон сайхан барил­даан үзүүлж ард түмнээ баясгаж тэднээсээ уухайн түрлэг, эрч хүч авч байлаа. 

-Улстөрч гэдэг үүднээс бус Монгол бөхийн аварга гэдэг утгаар тантай ярилцаж байна. Хэдийгээр өөрөө барилдахгүй гэсэн ч нут­гийнхаа бөхчүүдийн галаар орж бэлтгэл сургуу¬лилтыг нь харав уу?

-Наадам бүхэн өөр өөрийн онцлогтой. Нэг дор 1024 бөх зэрэг гарч, нэг зэрэг 1000 гаруй шандаст хүлэг зурхайгаас эргэдэг, эрхий мэргэн харваачид нь цэц мэр­гэнээ сорьж гурван өдөр нааддаг гээд тэр бүхэн яах аргагүй Монгол наадмын онцлог. Тиймээс ч түмэн олон маань бөхчүүд гэхээсээ илүүтэйгээр Ардын хувьсгалынхаа их баяр наад¬мыг хүлээдэг болов уу гэж ойлгодог.

Хаана ч байх¬гүй тийм л сайхан жишиг Монголын ард түмэнд л байдаг. Бөхчүүд бидний хувьд зөв­хөн давах, унах гэхээсээ илүүтэйгээр ард түмнээ хүндлэх ёстой. Үүнийгээ үргэлж дот­роо бодож, тунгааж явах учиртай. Энэ жилээс Өвөрхангай аймгийн бөхийн галыг хариуцах том үүрэг надад оногдож, Их Монголын хүчтэн дэвжээний тэргүүнээр сонгогдсон.

Өврийн сайхан хангайгаас төрж гарсан аваргын хувьд энэ л нутаг уснаас ирээдүйд төрж гарах аварга, арслангуудын залгамж халааг нь бэлтгэх нь миний үүрэг. Бөхчүүд галынхаа нэгдсэн бэлтгэл, сургуулилтдаа гарсан.

-Зургаан залуу заан наадмын дэвжээнээ гал гарсан барилдаанаар ард түмнээ баясгадаг байлаа. Хорьсон ч давдаг хориогүй ч давдаг тэр торгон цаг үеийг эргэн дурсахгүй юу?

-Зургаан залуу зааны үеийг монголчууд бахдан ярьдаг. Бидний хувьд 12-13 наснаасаа их спортоор хичээллэж бөхийн гараагаа эхэлж байсан. Их спортоор хичээллэсэн үеийн өндөр бэлтгэл сургуулилт, ёс зүй гээд бүхий л зүйлд суралцсан бөхчүүд бол тухайн үеийн зургаан залуу заан байсан гэж боддог.

Бэлтгэлийн суурь, ачаалал даах чадвар гээд бүхий л зүйл их спорттой салшгүй холбоотой. Г.Өсөхбаяр нь Архангай­даа, Д.Сумъяабазар нь Октябрийн райондоо, А.Сүхбат нь Төв аймагтаа байсан бол бид хөдөө буйдхан газартаа бондойсон аймгийн арслангууд болчихсон жилдээ ганц удаа төрийн наадамдаа зодоглох гээд шилээ маажиж ирээд начин цол горьдсон нөхдүүд л байх байсан болов уу.

Их спортоор хичээллүүлсэн ухаалаг багш нарын буяныг хариулж барахгүй л дээ. Зургаан залуу заан бус­даа­саа аргагүй ялгардаг байсан. Бид бусад бөхчүүдээс хэд дахин илүү бэлтгэл хийж, тэднээс хэд дахин илүү ачаалал авчихсан тул ялгарахгүй гээд яах юм.

-Тачигнатал барилдаад давж, унасныхаа дараа өнөө хэдий­гээ юу гэж боддог байв?

-Бид нэг нэгэндээ уначихвал нойр хүрнэ гэж байхгүй. Учир нь бид өгөө аваатай байсан. Би Сүхбатад, Өсөхөө Пунцагт уналаа гэхэд шөнөжин орондоо тарвалзаж хононо.

Дараа нь харин давчихаад нэг их сайхан санаа амарна шүү дээ. Тэгж байж дараагийн бэлтгэлдээ сэтгэл хангалуун ордог байлаа. Монгол бөхийн нэгэн үеийн өнгийг тодорхойлж явсандаа бид бахархдаг. Монголын ард түмэн хэзээд залуу зургаан зааны тухай ярьцгаасаар байх болов уу гэж боддог юм. 

-Анхны цолоо хэзээ хүр­тэж байв. Таны дархан хонгодох мэхэнд тэсч үлдсэн бөх цөөхөн. Уг мэхийг хэрхэн сурч байсан бол?

-Бөхчүүдийн биеийн галбирт тохирсон мэхний хувилбар гэж байдаг. Хонгодох мэх миний биеийн галбирт л тохирсон мэх. Халз хутгах, давхар ачих, зайлж хавирах гээд янз бүрийн хувилбар тухайн үед барилдааны явцад орж ирдэг.

Барилдааны ганцхан доль, секундэд л хийгддэгээрээ дар­хан мэх агуу л даа. Өнөөдрийнх шиг хашиж зогсож байгаад нэгнээ өргөөд тавьдаг ийм барилдаан үзээд яах юм. 20 минут зугтааж байгаад азаа үзэж барьц сонгоно гэдэг утгагүй.

Анхны цол гэвэл 1988 онд үндэсний баяр наадмын өсвөрийн 64 бөхийн барил­даанд түрүүлж улсын “шонхор” цол хүртсэн. Тэгэхэд Баагий ах маань (Дархан аварга Б.Бат-Эрдэнэ) түрүүлж арслан цолонд хүрч байсан үе. Тухайн үед нам засгийн дарга нар болох Ж.Батмөнх гуай болон Улс төрийн товчооны бусад гишүүдтэй 14-тэй хүү гар барьж байлаа.

Тэгэхэд хязгааргүй их баярлаж билээ. Би Октябрийн районы 46 дугаар сургуульд сурдаг байсан юм. Сургуулийнхан маань хүлээн авч Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь I, II ботийг өгч намайг хөхүүлэн дэмжиж байв шүү дээ. 

-Анх ямар улсын цолтныг өвдөглүүлж байв?

-Бөхийн чөлөөт барилдааны Тулгат клубийг үүсгэн байгуулсан Нямдаваагийн Ганбаатар багш маань Өсөхөө болон бидний тэргүүтэй хэсэг бөхчүүдийг гаргаж ирсэн. Багш биднийг 20 нас хүртэл үндэсний бөхөөр барилдахыг хориглодог байсан.

Тэр үеийн заалны нэгэн барилдаанд Өсөхөө засуул дээрээс гарахдаа гутландаа бүдэрч унах шахаад гарч ирж билээ. Түүнийг нь багш мэдчихээд “Одоо боль” гээд болиулсан. Тухайн үед бид чөлөөт бөхөөр “өвчилчихсөн”, “Дэлхийн од болно” гэж мөрөөдөж явдаг байсан юм.

Н.Ганбаатар багш дөрвөн мөчний тамир суугаагүй хүүхдүүд нэг л гэмтэл аваад насан туршийн тахир дутуу болчих вий гэж биднийг хориглодог байв. Багш үндэсний бөхөөр барилдуулахгүй байхаар нь бид ч дотроо гомдолтой л байдаг байсан. Одоо бодоход багш маань алсын хараатай байжээ.

1993 оны цагаан сарын барилдаан дээр залуу бөх оноолтоор Д.Мягмар заантай таарсан. Аавтай минь үеийн том цолтой бөхтэй барилдаж байсан болохоор эмээнгүй л байлаа. Элэг бүснээс нь бариад автал барилдаж бол­моор санагдангуут нь шууд л давхар аччихсан. Тэгж л анх улсын цолтой бөхийг давсан түүхтэй. 1994 онд Д.Цэрэнтогтох аваргаар тав давж начин цолны босго алхсан. 

-Цэдэндамбын Цэрэн­пун­цаг гарьдаар долоо давж заан цол хүртсэн тэр барилдаанаа эргэн дурсахгүй юу?

-Ц.Цэрэнпунцаг ах бид хоёр Политехникийн дээд сургуулиас өсвөр үеийн улсын аваргад орж байсан. Пунцаг ах том насанд би 15-16 насны ангилалд барилдсан. Би түрүүлж, Пунцаг ах өөрийн насандаа дөрөвт орж байсан юм. 1990 онд ээжийн маань нутаг болох Архангай аймгийн Өлзийт сумын наадамд зодоглож шөвгийн дөрөвт үлдэж байлаа.

Continue Reading

Түүхүүд

Өөрийгөө Чингис хааны алтан ураг гэж хэлэхэд ерөнхийлөгч шууд л итгээд

Published

on

By

Бодохоор заримдаа инээд хүрээд байдаг юм. Монгол Улсын анхны ерөнхийлөгч Очирбат, магадгүй хамгийн гэнэн тэнэгдүү нь ч байж мэднэ. 90-д оны эхээр “Жерар Майерс” гэх хүн Монголд ирээд өөрийгөө Чингис хааны алтан ураг гэж хэлэхэд ерөнхийлөгч шууд л итгээд, өөрийнхөө зөвлөх хүртэл болгон дэвшүүлж, дээл гуталыг нь өмнө сөхөрч суугаад өмсүүлсэн удаатай.

За үүнээс гадна хувьдаа Дашцэрэн гэх үзмэрчтэй байсан бөгөөд өнөөх үзмэрчээ төрийн их үзмэрч хүртэл болгон дэвшүүлж шинэ албан тушаал бий болгосон нь бас л инээдтэй. Үзмэрч Дашцэрэн Ромбо гарагийнхантай холбоо тогтооно гээд Монголын Үндэсний Телевиз шууд дамжуулж л байлаа. Бас нэг сонирхолтой түүх гэвэл ердөө 20 гарч буй сэтгүүлчийн ангийн сэргэлэн оюутан Гансүх гэх залуу Очирбатын толгойг олгой болтол нь эргүүлж байгаад 90 сая төгрөгийг улсаас гаргуулж авсаныг ч та бүхэн мэдэх байх.

Эцэст нь хамгийн том онигоо нь Дорнодод түүхий нефт олдлоо гэж онгирч өөриийнхөө дээлийг нефтээр мялааж байлаа гэж. Гэтэл өнөөдөр Монгол нефтээ боловсруулах биш 30 жилийн турш урд хөрш уруугаа зөөгөөд оронд нь хойд хөршөөсөө 30 жил шатахуун худалдан авч байна даа. Тэнэг ч гэх үү, бүтэлгүй ч гэх үү? магадгүй дөнгөж ардчилалд шилжээд байсан учир хүн бүхэн хэрсүү болж амжаагүй, улс төрчид хулгайч болж арай төлөвшөөгүй байсан биз ээ. 

Төмөр замын доогуур нэмэж 3 нүхэн гарцийг БНХАУ-ын зээлээр хийхээр болсон бололтой. Ингээд ер нь би бодлоо л доо. Манай улс ер ингэхэд зээлээр бус өөрийн хөрөнгөөр бүтээн байгуулалт хийж байсан түүх байдаг юм болов уу? Монгол Улсад төрийн зүгээс хийгдэж буй бүх бүтээн байгуулалтууд дандаа гадны зээлээр босдог бололтой. Яг үнэндээ манай үнэн төрх гэвэл гуравхан нүхэн гарц ч өөрсдөө барьж чадахааргүй ийм л ядуу улс байна шүү дээ. Гэхдээ гаднаас нь буюу дарга нарийнх нь хэлбэрдэлтийг харахаар айхтар баян улс ч юм шиг. Заа мэдэхгүй ээ, би буруу бодоод байж ч магадгүй.

Өнөөдөр Ардын намыг дагавал Ос орж амаа ч хурган дарга болно. Ардын намаас л дэвших юм бол Аса аварга ч байсан сонгогдоно. 24 онд сонгууль болно, чөтгөрийн тойрог үргэлжилж дахиад л Ардын нам ялах нь тодорхой. Ардын намдаа байнга саналаа өгдөг хүмүүс нэг л өдөр амьдрал сайхан болно гэж итгэдэг байх. Гэвч өнгөрсөн 30 жилийн хугацаанд хэдэн зуун мянган хүн уг итгэлээ биелэхийг үзэж чадалгүй амьсгал хураацгаасан бол? Одоо ч Ардын намд саналаа өгч байгаа хүмүүс яг ингэж итгэсээр л насны бөгсөнд амьдрал сайхан болохыг үзэж амжилгүй хөрст дэлхийдээ шингэн уусах байх даа.

Ардын намын Амарбаясгалан 2018 онд БНХАУ-д айлчилахдаа Хятадын Коммунист намтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан даа. Бод бод бод… Дэлхийн хамгийн том эдийн засагтай улс манай жижигхээн хүн амтай сонгуулийг мөнгөөр шийдчихэж байна.

Subutai pictures

Continue Reading

Онцлох мэдээ

DMCA.com Protection Status