Connect with us

Урлагийн мэдээ

Ардын жүжигчин болж буй тэрээр урлагийн хүн байхын зовлон юу байдгыг ярив

Published

on

-Уран бүтээлч хүн урмаар тэтгэгдэж байж улам ихийг хийж бүтээдэг. Танд МУГЖ болсноос хойш уран бүтээлийн заллага тасрахгүй бололтой. Сая хаана ямар кино зураг авалтанд яваад ирэв? 

-Би сая Сэлэнгэ аймгийн Бугант суманд Д.Энхбаатар, Гэрлээ гэж гэр бүлийн хоёр хүний зохиол “Анирлагч” нэртэй киноны зураг авалтанд арав хоног яваад ирлээ. Энэ кинонд хүн өөрөө өөрийгөө анирлаж сонсч чадах юм бол юуг ч давж чадна гэсэн утга санааг агуулж байгаа юм. Үүн дотроо хайр дурлал, өшөө хонзон энэ бүгдийг багтаасан. Би энэ киноны өвгөний дүрд тоглолоо.

Бурхнаас надад хэдий хэмжээний нас хайрласан юм, энэ насандаа жүжигчний мэргэжлийг эзэмшсэнээс хойш ард түмэндээ жигшигдэх нь үү, эсвэл үлгэр дууриал болох нь уу гэсэн хоёр шугамыг барьж ажиллаж байна. Ийм сэтгэлгээгээр уран бүтээлдээ оролцож залуу найруулагч, хүүхдүүдтэйгээ ярьж хөөрч явна даа.  

-Эргээд бодоход “Би энэ дүрийг үүнээс илүү бүтээх байсан даанч….” гэсэн битүүхэн харуусал, сэтгэл гонсойлгосон үе сэтгэлд тань үлдсэн байдаг байх даа? 

-Тайз дэлгэц гэдэг хоёр өөр жанр.Тайзан дээр жүжигчин хүн дүрдээ тоглож байхдаа өнөөдөр би энэ хэсэг дээр жаахан алдчихлаа, маргааш нөхчихнө өө, гэж бодож болдог. Харин дэлгэцэн дээр тоглоход жүжигчин хүн өөрийнхөө дүрийг маш сайн бодож, боловсруулж, оператор, найруулагчтайгаа зохицож хэд хэдэн удаагийн сургуулилт хийж байгаад тэндээсээ минийх аль нь болж байна, аль нь дутуу байна гэдгийгээ хийдгээрээ кино урлагийн ертөнц агуу. 

Өөрөөр хэлбэл жүжигчин хүнийг өндөр хариуцлага, өндөр ур чадвар, өндер мэдрэмж шаарддагаараа дэлгэцийн урлаг өөр. Телевиз, кино ч адил энэ тал дээр жүжигчин хүн нэлээн бодож боловсруулж тоглохгүй бол болохгүй.  

-Таныг Баянмөнх жонон, Чин ван Ханддорж зэрэг түүхэн хүний дүрд тоглосон. Эдгээр том дүрүүдийг бүтээхэд хэрхэн ямар судалгаа хийж байв. Дахиад нэг түүхэн дүр бүтээчих юмсан гэсэн нууцхан хүсэл тээгдэж л явдаг байлгүй? 

-Миний хувьд түүхэн дөрвөн дүрд тоглолоо. Үүнийхээ хажуугаар Монголын эзэн Чингис богд хаанд хүчин зүтгэж явсан Хуйлдар цэцний дүрд ,тоглолоо. Судлах зүйл их байна. Тухайлбал Хуйлдар цэцэн гэдэг хүн эзэн Чингис хааныхаа төлөө яаж эрэлхгээр нас барж байсан. 

Дахин дахин уншмаар зүйл их байна. Сүүлийн уеийн хүүхдүүдийг харж байхад юм унших нь багассан байна. Тэр тусмаа түүхээ, том уран бүтээлчдийн туурвисан түүхэн том романуудыг унших нь бүр ч бага болж.

Интернетээс өнгөцхөн товчхон 3 уншсанаа гэж уншсан гэж яриад дэлгэрүүлж уншихгүй байна. Нэг үе монголын киноны урлаг унаж сөнөлөө гэж ярьж бичсэн. Гэхдээ монголын кино урлаг унаагүй. Тодорхой хэмжээний хөгжлийн нэг бэрхшээлтэй үеийг даван туулж, өнөөдөр монголын кино урлаг цэцэглэн хөгжиж байна. Монгол Улс баялаг түүхтэй, олон хаадтай. Энэ хаадуудаараа өнөөдөр том том уран сайхны кино хийхэд монголчууд түүхээр дутахгүй. 

Энэ түүхээ зөв үнэлж судлах хэрэгтэй. Тийм учраас хүүхдүүд маань энэ сайхан бүтээлүүд дээрээ өөрсдийнхөө авьяас билэг, оюун ухаанаа уралдуулж,дэлхийд дуурсагдсан сайхан сайхан уран бүтээлүүд хийх байх л даа. Үүнд би итгэл төгс байдаг. Хийх ч болно. Хийгдэх ч болно. Монгол Улс л байгаа юм бол Монгол Улс өөрийнхөө түүхийг дэлгэцэндээ бичих учиртай. Үүнийг бичихэд залуучууд боловсролтой, зоригтой ажиллах хэрэгтэй. Энэ тал дээр төр засгаас санхүүгийнх нь асуудлыг шийдээд сэтгэлийн дэм урам өгөх нь чухал байгаа юм. 

-Таны үеийн кино зураг авалт хаана ямар орчинд хийгддэг байв? 

-Жүжиг эхнээсээ дуусталаа ширээний уншлага хийж, үгээ харилцан тоглогчтойгоо хоногшуулж байж үзэгчдэд хүрдэг. Тэгвэл кино өнөөдөр эхэллээ гэж бодоход эсвэл эхнээс нь, эсвэл дундаас нь авч байж болно. Жүжигтэй адилхан үргэлжлээд явдаггүйгээрээ онцлогтой. Дээр нь нөр их хөдөлмөр шаарддагаараа кино урлагийн ертөнц өөр юм.  

-Та бүтээсэн дүрээ тоолж үзэв үү? 

-Би 50 гаруй киноны гол болон олны хэсэгт оролцсоноо харж байхад зохиолын үзэгчдэд хэлэх гэсэн санаан дунд жүжигчин хүн яаж амьдрах вэ гэдгээ олж, тэрхүү өгөгдсөн нөхцөлдөө бэлэн байх ёстой. Ингэж олон хүний хүч хөдөлмөр шингэсэн бүтээл дотор өөрийнхөө тодорхой хувь нэмрийг оруулж явдаг. Түүнээс гадна кино урлагийн төлөө зүтгэж яваа найруулагч, оператор, гэрэлтүүлэгч, зураачийн ажлыг өөрөөр нь дамжуулж гаргаж байдгаараа кино жүжигчин хүн онцлогтой болов уу гэж би хувьдаа боддог.  

-Жүжигчин хүний зовлон жаргалын тухайд? 

-Урлагийн хүмүүсийн амьдрал, ажилчин албан хаагч, үйлдвэрийн албан хаагчдаас өөр. Наад зах нь хөдөө орон нутаг руу урлагийн бригадаар явах, түүний хажуугаар киноныхоо уран бүтээлд орж явахад жүжигчин хүнд цаг зав маш бага байдаг. Гэр бүлийнхэнтэйгээ хамт байх хугацаа ч бага байдаг. Бидний үед 45-90 хоногоор ч урлагийн бригадаар явдаг байлаа. Энэ хооронд үр хүүхдэдээ тавих анхаарал, ханьдаа тавих халамж хэсэгтээ орхигддог.

Гэсэн хэдий ч сэтгэл зүрхэндээ тэднийгээ бодож, тэднийхээ төлөө ажиллаж, өнөөдөр би ажилласнаар миний ар гэр, үр хүүхэд, хань ижил, ахан дүүс, аав ээж маань хүний дайтай амьдарч, хүү нь ингэж яваа гэдгийг мэдрүүлж байдаг нь урлаг хүний бахархал хийгээд дурсамж болов уу. Эхнэр маань одоогийн ҮДБЭЧ-д гоцлол хөгжимчин, үндэсний найрал хөгжмийн хөг өгдөг концерт местерээр ажиллаж байлаа.

Тиймээс бид хоёр өөр байгууллага учраас ээлжилж урлагийн бригадаар явдаг байсан. Энэ хооронд хэн гэртээ байгаа нь, үр хүүхэд, аав ээжээ асарч тойлдог байсан. Миний хүүхдүүдийг өдий зэрэгтээ өсгөж хүмүүжүүлэхэд ахмад буурлууд маань нөмөр нөөлөг болж, хөлийг нь дөрөөнд гарыг нь ганзганд хүргэсэн буурлууддаа үргэлж баярлаж явдаг. 

-Танд найруулагч ихэвчлэн ямар дүр санал болгодог байв? 

-Надтай хамтарч ажилласан театрын болон киноны том найруулагчид надад дандаа эерэг талын дүр өгдөг. Тэд чиний дүр төрх эерэг талын амарлингүй дүрд чамд тохирдог учраас энэ дүрийг санал болгож байгаа юм гэж хэлдэг. 30 гаруй жил тайз дэлгэцийн бүтээлд зүтгэж байхад надад эсрэг талын дүр бараг ирээгүй дээ.

Харин миний хүсч мөрөөдөж явсан зүйл бол АЖ Б.Дамчаа гуай шиг эсрэг талын дүрд тоглох юмсан гэсэн бодол байдаг. Гэсэн хэдий ч надад эсрэг талын дүрд тоглохыг санал болгосон найруулагч байхгүй.  

-Яагаад? 

-Бодвол найруулагчдын өөрийн сонголт биз дээ. Хүнд өөрийн гэсэн дүрх төрх байдаг. Тиймээс эсрэг талын зан чанар харагдахгүй байна гэдэг талаас ихэвчлэн эерэг талын дүрд тоглуулдаг юм болов уу гэж боддог.  

-Дүрээ итгэл үнэмшилтэй гаргана гэдэг ухаан бас авьяас байдаг байх? 

-Миний хувьд найруулагчийн өгсөн дүр бүхэн дээр ажиллаж ирлээ. Чухамдаа дүр маань ямар болсон бэ гэдгийг би өөрөө дүгнэх биш, үзэгчид л дүгнэх ёстой. “Гэрлэж амжаагүй явна” киноны эксваторчин, “Саруул талын ерөөл” киноны Нацагдорж,”Мандухай сэцэн хатан” киноны Баянмөнх жонон зэрэг дүрүүдийг бүтээсэн. Хөдөө орон нутгаар явж байхад хүүе Жа өвөө явж байна гэдэг.

Ингэж жүжигчин хүн бүтээсэн дүрээрээ нэрлэгдэнэ гэдэг хувь тохиол юм. Тиймээс би үзэгч олондоо баярлаж явдаг. Миний хийсэн өчүүхэн хөдөлмөрийг оюун ухаандаа шингээж байдагт бахархалтай санагддаг. Найруулагч ийм дүрд чамайг тоглуулах гэсэн юм, чи ингэх л хэрэгтэй байна гэсэн саналыг хүлээж аваад театрынхан, удирдаж байгаа хүмуүстээ дуулгаад орлон тоглогчдоо ороод явна гэдэг жүжигчин хүний сайхан чанар байдаг.  

-Та дүрийнхээ санааг хаанаас баяжуулдаг вэ? 

-Дүрээ аваад, уншаад бодоод явж байх хугацаандаа дандаа л юмыг ажиглаж явна шүү дээ. Хүмүүс жүжигчдийг хулгайч гэдэг. Хүний эд мөнгө хулгайлж байгаа хүн нэг өөр. Харин уран бүтээлч хүний хулгай гэдэг дүрээ баяжуулахад хүнээс дандаа ажиглалт хийж, энэ зүйлээс аль нь надад хэрэг болохнов гэдэг оюун ухааны халаас юм. Тэнд нэг тийм зүйл байсан шүү, түүний үйл хөдлөл, харц, хөдөлгөөн энэ хүний дүр дээр яг тохирох юм байна гэж ургуулан бодох оюуны маш их нөөцтэй байх ёстой учраас жүжигчид оюуны хулгайч байдаг.

Угтаа жүжигчин хүн хичнээн хармай зузаан байна тэндээс сайхан бүтээл гардаг гэж ахмадууд ярьдаг, багш нар маань ч заадаг. Түүнээс би өөрийгөө товойлгоод байх юу байхав, бусад уран бүтээлчдийнхээ нэгэн адил уран бүтээлийн судалгаа шинжилгээ хийж явна. Энэ утгаар жүжигчин хүн хүн судлалын лаборторид сууж байдаг учраас тэндээсээ дүрийнхээ баяжилт, өсөлт уналтыг гаргаж авч байгаа юм. 

-Та “Говийн зэрэглээ” киноны нисгэгчийн дүрд тоглосон. Тэнд тоглож байхдаа онгоц жолоодож сурсан уу? 

-Техниктэй харьцаж сурахад найруулагч нар тодорхой хэмжээгээр дадлагашуулдаг. Миний хувьд нисэхийн хоёр кинонд тоглосондоо өөрийгөө хувь заяатай хүн гэж боддог. МИАТ ба нисэхийн киноны хоёр нисгэгчийн дүрд тоглоно гэдэг надад бурхнаас хайрласан тэнгэрээс харж байгаа аав ээж, найз нөхдийн маань зөв энерги. Тэр сайхан энерги надад ирж энэ сайхан бүтээлд орох хувь оногдсон болов уу гэж боддог.  

-Энэ киноны багийнхнаа эргээд нэг дурсахгүй юу? 

-Энэ киног хийсэн УГЗ найруулагч Г.Доржсамбуу багшийг монголын инээдмийн киноны эцэг гэж хэлэхэд хилсдэхгүй болов уу. “Морьтой ч болоосой”, “Энэ хүүхнүүд үү” зэрэг киногоороо монголын инээдмийн жанрын шанг татсан том хүн байлаа. Түүнээс гадна Төрийн шагналт, УГЗ Б.Балжинням “Мөнх тэнгэрийн хүчин дор”, “Мандухай сэцэн хатан” киног хийсэн.

“Говийн зэрэглээ” кинонд говь гэдэг цөл биш, тэнд хүн амьдарч болдог юм, говьд бүхий л сайн сайхан зүйл байдаг юм шүү, та нар говьдоо ирж ажилла, залуучууд хот руу сургуульд яваад очихгүй, говь нутаг нэг хэсэг залуучуудаар ховордож байсан энэ үед “Говийн зэрэглээ” киног хийж үзэгч түмний хүртээл болгосон. 

Дараа нь АЖ Г.Хайдав багш дуугаа дуулаад Г.Доржсамбуу багш онгоцноос би бууя гэж орилоод энэ газар шорооноос би явчих юм бол би өөрөө сэтгэлдээ их шархтай үлдэнэ, тийм учраас би эндээс явахгүй гээ хэлдэг. Ингэж хүн төрсөн газартаа байж.эндээ аж амьдралаа зохиож, сайн сайхан амьдрах ёстой юм шүү гэсэн санаа л явж байгаа юм.  

-Зураг авалтын үеэр тохиолдож байсан хөгжилтэй, сонирхолтой агшин олон байгаа даа? 

-Зураг авалт ид дундаа явж байхад заримдаа үг гацах эсвэл үг нь орж ирэхгүй, өөр үгээр орлуулан хэлж бөөн инээдэм болох үе бишгүй бий. Бас хамтран тоглож байгаа хүмүүстэйгээ үл ойлголцох юм уу, ингэвэл яана, чи ингэх л байсан шүү дээ гэх мэт хөгжилтэй үе олон байдаг. Эксваторын дүрд тоглоход манай эксваторын багш Монгол Улсын гавьяат уурхайчин Очир гэж байна. Энэ хүний зааснаар эксвотороо эргүүлэх, шанагаа тавих, шанагаараа хутгах, белазан дээр нүүрсээ асгах, будилах гээд зүйл зөндөө гаралгүй яахав. 

1998 онд Сэлэнгэ аймгийн “Сэлэнгийн долгио” чуулгад Соёлын яамны томилолтоор очиж 12 жил найруулагчаар ажиллалаа. Энэ хугацаандаа дэлгэцийн урлагаас жаахан хөндийрсан тал бий. Тэгээд 2011 онд нийслэлдээ эргэж ирснээр миний шавь нар, хамтран уран бүтээл туурвиж байсан нөхөд маань за Гүрээ минь ирэв үү, энэ уран бүтээлд ингэж орно гэсэн санал тавьсан. Тийм учраас тэдэнтэйгээ эргээд дэлгэцийн урлагтаа ажиллаж байна даа.  

Д.Нэргүй 
Эх сурвалж: “Нийслэл таймс” сонин

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Урлагийн мэдээ

Жүжигчин Дэлгэрсайханг “Чи бас ингэж уурладаг юм уу” гэжээ

Published

on

By

Энэ удаагийн дугаартаа “Маск” продакшны жүжигчин Д.Дэлгэрсайхантай ярилцпаа.  

-Жүжигчин Д.Дэлгэрсайхан ямархуу зан ааштай хүн бэ? 

-Намайг ямар хүн бэ гэдгийг надтай байдаг хүмүүс л сайн хэлэх байх даа. Би өөрөө их зөөлөн хүн байхыг л хичээдэг шүү дээ. Хааяа нэг уурлахаар хүмүүс “Чи бас ингэж уурладаг байсан юм уу” гээд л гайхдаг. Аль болох байгаа орчиндоо хурдан зохицохыг хүсдэг Ер нь нэг их уурлаад байхыг боддоггүй дээ.  

-Ямар хоббитой вэ? 

-Уг нь шагай харвах их дуртай. Оюутан байхдаа, сурагч байхдаа их тоглодог байсан. Сүүлийн үед л харин зав гарахгүй байна даа. Би чинь Партизаны сангийн аж ахуйд өссөн хүн. Тэнд байхдаа хонон өнжин шагай тоглодог байлаа. Партизаны сангийн аж ахуйн олон сайн шагайн харваачдаасаа суралцаж, энэ нь миний хаяж чадахгүй нэг хобби болсон. 

-Сонирхон цуглуулдаг цуглуулга бий юу? 

-Тамхины хайрцагны цуглуулгатай. Төрөл төрлөөр нь ангилаад цуглуулдаг. Барагцаалбал давхардаагүй тоогоор 200 гаруй хайрцаг байгаа шүү.  

-Номтой хэр ойр хүн бэ? 

-Ном уншдаг шүү. Нэг ном бариад авбал, тэр номныхоо амтанд орчихвол хамаг юмаа мартаад л уншдаг  

-Хамгийн сүүлд ямар ном уншсан бол? 

-Дунд сургуульд байхдаа Виктор Гюгогийн “Инээмтгий хүн”-ийг анх уншиж байсан. Түүнийгээ саяхан дахин уншиж дуусгалаа. Анх уншиж байсныгаа бодвол одоо арай л өөр өнцгөес харж, арай л илүү ойлгож уншлаа. Анх уншихдаа сонирхож уншсан бол сая уншихдаа ойлгож уншсан гэж хэлж болно. 

-Таны сэтгэлд хоногшин үлдсэн зохиолын баатар, киноны дүр байдаг уу? 

-Байлгүй яахав. “Галын төлөө тэмцэл” гээд ном байдаг. Тэр номонд ах дүү гурвын тухай гардаг л даа. Түүний Нова гээд том ахынх нь дүр үнэхээр таалагддаг Санаанаас гардаггүй. Миний нэг мөрөөдөл тэр “Галын төлөө тэмцэл” номоор кино хийх шүү дээ. Дэлгэцийн дүр гэвэл “Хүний сайхан сэтгэл” киноны усчин өвгөний дүр. Ёстой сайхан дүр. Би хөгшрөхөөрөө тийм л өвгөн болохыг хүсдэг  

-Жүжигчин мэргэжлийг сонгосон шалтгаан юу байв. хамгийн их татагдсан бэ? 

-Жүжигчний мэргэжил их сайхан. Ардын жүжигчин Л.Жамсранжав гуайг хараад “ийм хүн болоод явж байх юмсан” гэж боддог байлаа. Тэр хүмүүсээс үлгэр жишээ авч, тэр хүмүүст уруу татагдаж урлагт татагдсан гэж хэлж болно. Харин жүжигчний мэргэжлийг эзэмшсэнийхээ дараа бүх төрлийн зүйлийг хийж чаддаг байх ёстой, энэ бол үнэхээр амтанд нь орохгүй байхын аргагүй мэргэжил гэдгийг бүрэн утгаар нь ойлгосон. Тийм болохоор жүжигчний мэргэжил үгээр хэлэхийн аргагүй сайхан.  

-Гэр бүлийнхэн дунд нь урлагийн хүн бий юү? 

-Яг гэр бүл дунд бол урлагийн гэхээр хүн байхгүй. Харин манай ээж тэр үедээ бараг л урлагийн хүн болохоор авьяастай хүн байсан. Манай эгчийг загнахдаа хүртэл шүлэглэж загнадаг хүн байсан /инээв/. Уртын дуу их сайхан дуулдаг Ойр орчмынхоо хүмүүсийг инээлгэсэн тийм хүн байсан. Ээжид маань тийм урлагийн авьяас байсан болоод л тэр нь надад өвлөгдсөн байх. Бас ээж минь жүжигчний мэргэжлийг их сайхан гэж ярьдаг байлаа. Хийлийн ая сонсоод уйлдаг тийм их мэдрэмжтэй хүн байсан даа.  

-Та ямар нэгэн хөгжмийн зэмсгээр тоглодог уу? 

-Аман хуур гайгүй тоглочихдог шүү. Амар хуур, хулсан хуур тоглоно,  

-Оюутан насаа дурсаач? 

-Би 1999 онд Кино урлагийн дээд сургуулийн кино, драмын жүжигчний ангид элсэн орж оюутан болж байлаа. Ардын жүжигчин Д.Мэндбаяр багшийнхаа анхны шавь нарын нэг болсондоо баярлаж явдаг. Бас П.Цэрэндагва багш манай ангид хичээл заадаг байсан. Одоо манай ангийнхнаас Бэгзсүрэн “ТВ-5” телевизэд найруулагчаар, Мөнгөнцэцэг, Баасансүрэн нар орчуулгын киноны жүжигчнээр, Болороо “МТV” телевизэд орчуулгын киноны жүжигчнээр, Нарангэрэл маань “Шинэ дэлхий” телевизэд гэх мэтээр ихэнх нь мэргэжлийнхээ дагуу ажиллацгааж байна.  

-“ТВ-5” телевизэд орчуулгын киноны жүжигчнээр ажиллаж байсан шүү дээ. Энэ тухайгаа яриач? 

-Бэгзээ, Бааска, Мөнгөө, Урнаа бид тав “ТВ-5” телевизийг анх байгуулагдахад нь орж байсан. Тэр үед телевиз маань Сапорро дээр байрладаг байлаа. Хэдхэн компьютертэй л эхэлж байсан. Тухайн үед нь бид хэд тоглоод “Хэзээ телевиз болноо” гээд л инээлддэг байлаа. Анх ямар ч дуу оруулах туршлагагүй ажилд орж байсан. Хамгийн анх “Гладиатор” киног бид алдаад л дахиж эхлээд л, бараг арван цаг уншиж байлаа.

Уг нь бол хоёрхон цагийн кино шүү дээ. Хоёр жил гаруй энэ телевиздээ кинонд дуу оруулагчаар ажилласан. Энэ хооронд нэлээд хэдэн кино уншсан байдаг  Хүмүүсийн сайн мэдэх Ким Ду Хан буюу “Зоригт эрийн түүх” киног анх гарахад нь дуу оруулж байлаа. Энэ киноны бараг ихэнх эрэгтэй дүрд нь дуу оруулсан.  

-“ТВ-1” студийн “360 градус” нэвтрүүлэгтэй анх хэрхэн холбогдож байсан бэ? 

-“ТВ5” телевизэд ажиллаж байхад Эрдэнэчимэг эгч маань “360 градус” гээд хошин мэдээллийн хөтөлбөр хийх гэж байна, хамтарч ажиллаач гэсэн санал тавьсан. Тэгээд манай ангийнхан, манай доод ангийн зарим оюутнууд нэгдээд ажилласан даа. Анхны бүрэлдэхүүнд Батзаяа, Баярсайхан, Бэгзсүрэн, Гомбосүрэн, Төмөрчөдөр, Мөнхбаяр, ганц эмэгтэй нь манай Нарангэрэл байсан.

Тэгээд л бид МҮОНТ-ийн “Цагийн хүрд” нэвтрүүлгийг хошин хэлбэрээр хийе, нийгэмд болохгүй, бүтэхгүй байгаа зүйлсийг хүргэе гээд хийж эхэлсэн. Энэ нэвтрүүлэг маань ийм жүжигчид байдаг юм байна шүү гэсэн таницуулгыг хүмүүст хүргэж өгсөн их сайхан нэвтрүүлэг. Одоо бол бүр “ТВ-1” гээд телевиз болтлоо өргөжсөн байна. Эндээс гараагаа эхэлсэн бүх уран бүтээлчид одоо өөр өөрсдийнхөө зам мөрөө хөөгөөд, өөрсдийн сонирхлын дагуу мэргэжлээрээ ажиллацгааж байна.  

-“360 градус”-ын хамгийн анхны нэвтрүүлгээрээ ямар зүйлийн тухай үзүүлж байсан бэ. Та ямар дүрд тоглосон байдаг бол? 

-За байз хамгийн анх юу хийж байлаа даа. Бид бөөнөөрөө цуглаж сууцгааж байгаад ийм ийм юм хийцгээе гээд л санаагаа гаргадаг байсан шүү дээ. Хамгийн анхны дугаарт би дунд сургуулийн багш болж байсан юм байна. “Би сайхан бүжиглэдэг бүжгийн багш байсан, одоо тэтгэвэртээ гарсны дараа ахуй амьдрал минь болохгүй байна-” гэж ирээд л баахан юм ярьж байсан санагдана.  

-Анх ямар дүрээр камерийн өмнө гарч байв? 

-“ТВ-5” телевиз “Гялбаа” гээд 30 ангитай кино хийж байсан. Тэр кинонд моргийн эмчийн дүрд тоглож байлаа. Оюутан байхдаа бол “Удам” киноны олны хэсэгт тоглож л байсан /инээв/.  

-“Маск” продакшнд ямар шалгуураар орж байсан бэ? 

-“360 градус”-аас гарсныхаа дараа хэсэг “UBS” телевизээр гардаг байсан “НОТ чинжүү” гээд нэвтрүүлгийг хийдэг байсан. Нэг өдөр Ж.Мөнхсайхан ах над руу залгасан л даа. “Чи дандаа л дэлгэцийн юманд ажиллаад байна. Тайзны уран бүтээлд оролцох бодол байна уу” гэж асуусан. 

Тэгээд “Баярмагнай, Эрдэнэзаан бид гурав нийлээд шинэ хамтлаг байгуулж байгаа. Хамт ажиллаад үзье. Чиний тоглолт бидэнд таалагдаад, чамд өөрт чинь таалагдвал цаашдаа хамтарч ажиллая” гэж гэсэн. Би ч зөвшөөрөөд орсон. Ингээд л анх байгуулагдсан цагаас нь өдийг хүртэл хамт явж байна даа.  

-“Маск” продакшнд орохоосоо өмнө тайзны уран бүтээл дээр хэр ажиллаж байв? 

-Гуравдугаар курст байхдаа манай ангийнхан “Цагаатгал” гээд жүжиг тавьж байсан. Тэрийг тавьж байхад жүжигт ингэж ажиллах ёстой, тайзны уран бүтээл ийм байх ёстой, ингэж судалгаа хийх хэрэгтэй гэдгийг зах зухаас нь мэдэж эхэлсэн. Дараа нь төгсөлтийн дипломын ажлаараа У.Шекспирийн “Лир ван” жүжгийн Лир вангийн дүрд тоглож байлаа. 

Хүмүүст хэлэхээр “Чам шиг Лир ван байх уу” гээд л инээдэг Гэхдээ тоглочихсон л юм даа. Энэ том жүжгийн гол дүрд тоглоно гэхээр их л сандарч байсан. Жүжгийнхээ тухай мэдээлэл цуглуулах, дүрийн судалгаагаа чамбай хийх гэж хэрэндээ л хичээж байсан даа. Ер нь тайзны ч бай, дэлгэцийн ч бай ямар ч уран бүтээл дээр жүжигчин хүн судалгаа сайн хийх хэрэгтэй.  

-Удахгүй “Маск” продакшн АНУ руу хүлгийн жолоо зална. Ямар ямар хотуудад очиж тоглох вэ? 

-Вашингтон, Дэнвер, Лос Анжелес гэх зэрэг таван хотод очно.  

-Хамгийн сүүлд ямар уран бүтээл дээр ажиллачихаад байна вэ? 

-Сүүлд Н.Наранбаатар найруулагчийн найруулсан “Зүүдэнд ч оромгүй явдал” кинонд нэг жижиг дүрд орсон.  

Эх сурвалж: НИЙСЛЭЛ ТАЙМС

Continue Reading

Урлагийн мэдээ

А.Хишигдалай: Ямар өөрийгөө Хээгий, Даагий гэж нэрлэлтэй биш дээ!

Published

on

By

Олны хараанд өртөж, гоо сайхны хагалгаа хийлгэсэн, хийлгээгүй гэх ярианы эзэн болсон дуучин А.Хишигдалайг ярилцлагын зочноор урилаа. Тэрбээр ярилцлага өгөхөөр ирэхдээ нүүрээ будаагүй байсан бөгөөд өөрийгөө ямар ч хагалгаа хийлгээгүй гэдгийг уншигчдад дамжуулан хэлээрэй хэмээн захиж байсан юм. “Universe best songs” наадамд оролцож урлагийн гараагаа эхлүүлсэн түүнийг хүмүүс хэтэрхий нүүрэмгий хэмээн шүүмжилж байсан удаатай.  

-“Дуэт дуэл” нэвтрүүлэгт анх удаа оролцож байгаа юу?  

-“25 суваг” телевизийн “Дуэт дуэл”-ийг хүмүүсийн үзэх дуртай нэвтрүүлгүүдийн нэг гэж боддог. Би энэ нэвтрүүлэгт анх удаа оролцож байна. Нэвтрүүлэгт хамтран дуулдаг Н.Зоригттой партнер болсон. Бид “Хайртай хүндээ”, “Хайрын бэлэг” зэрэг дуу дуулсан. Уран бүтээлд ч, нэвтрүүлэгт ч санаанд гүй партнёр болоод сонирхолтой л байна. 

Н.Зоригт бусад оролцогчдыг бодоход камер ха- раад өөрчлөгддөггүй болохоор шалгаруулалтад сайн хамтрагч болсон. Ер нь ардчилсан нэвтрүүлэг учраас бидний төрх байдал байгаагаараа гарсан. Мөн биднээс олон талын авьяас шаардсан сонирхолтой нэвтрүүлэг байна лээ. Нэвтрүүлгийн ялагч энэ сарын сүүлээр тодрох байх.   

-Та фэйсбүүкээрээ дамжуулан фэнүүдтэйгээ санал бодлоо идэвхтэй хуваалцдаг. Дургүй хүргэсэн сэтгэгдэл, хариу бичсэн тохиолдолд хэрхэн хариу барьдаг вэ?  

-Миний фэйсбүүк бараг 60 мянган гишүүнтэй болох гэж байна. Энэ нь бага тоо биш ч айхавтар их биш. Гэхдээ надад хангалттай. Шинэ уран бүтээл гарахад урмын үг хайрладаг бас шүүмжилдэг идэвхтэй гишүүн олон бий. Мөн намайг дэмжиж “like” дардаг олон дэмжигчтэй. “Like” өгч байгаа тоо чухал биш.

Хамгийн гол нь түүний цаана намайг дэмжиж байгаа хүмүүс байгаа гэж бодохоор сайхан санагддаг юм. Одоо намайг үгүйсгээд, элдвээр бичдэг хүмүүсийн тоо цөөрсөн. Би шүүмжлэлийг хүлээж авдаг. Гэхдээ доромжилсон шүүмжийг уншдаггүй.   

-Танд дуулаачийн багш бий юу?  

-Мэргэжлийн сургууль төгсөөгүй болохоор хүмүүс ингэж асуудаг юм. Одоогоор дуулаачийн багшгүй байгаа. Би “Royal” мюзик продакшнтай хамтран ажиллаж байна. Манай продакшнд “Mixx”, “Code26” зэрэг хамтлаг харьяалагддаг.   

-“Royal” мюзик продакшнтай 200 саяын гэрээ хийсэн тухай мэдээлэл гарсан. Энэ талаар сонирхуулаач?  

-Ийм мэдээлэл цацагдаад удаж байна. Энэ мэдээлэл үнэн. Намайг өөрийгөө сурталчлах гээд худал мэдээлэл тараалаа гэх шиг сонин юм их бичсэн. Би өөрийгөө сурталчлах гэж хэзээ ч ийм тэнэг зүйл хийхгүй. Тийм хошин шогийн юм гэж юу байхав дээ. Гэхдээ мэдээлэл тарна гэдэг их хурдан болжээ /инээв/.   

-Одоо ямар уран бүтээл гаргахаар ажиллаж байна вэ?  

-“Kiber girl” нэртэй зүрх сэтгэлгүй, роботон охины амьдралыг харуулсан уран бүтээл хийж байна. Хүнд дурладаггүй, сайхан үгэнд дургүй, юунд ч хууртдаггүй эрч хүчтэй зоригтой охины тухай цоглог дуу гарна. Гэхдээ оны дараа гарах байх. Тэгэхгүй бол оноос өмнө бүх хүн л шинэ жилд зориулсан уран бүтээл гаргаж байна шүү дээ. Нийгмийн сэтгэхүй ч шинэ жил гээд өөр зүйлийг хүлээж авах бэлтгэлгүй байгаа болов уу.   

-Хүмүүсийн шүүмжлээд байдаг нэг хэвийн дуу дуулдаг уран бүтээлч болохгүйн тулд яаж ажиллая гэж бодож байна вэ?  

-Хүн болгонд хүлээн зөвшөөрөгдсөн дуучин болох нь зөвхөн надаас л шалтгаална. Хүмүүст хүлээн зөвшөөрөгдөхийн тулд шинэлэг зүйл хийх хэрэгтэй гэж боддог. “Хайран” нэртэй дуу маань уянгын ч сонин шийдэлтэй уран бүтээл болсон. Хүн бүрт зориулсан дуу биш л дээ. Хэсэг хүмүүс л тэр дууны утгыг ойлгож мэдэрсэн гэж боддог. Тэр дууг гаргасныхаа дараа манай сонсогчид ийм уран бүтээл хүлээж авах цаг болоогүй юм байна гэдгийг ойлгосон

. Дууны үг нь далд утгатай учраас би арай өөрөөр дуулсан. Тэгсэн сонсогчид намайг “хэлээ хазаж” дуулсан, бөөрөнхий хэлтэй гэж хэлсэн. Би бөөрөнхий хэлтэй биш, “хэлээ ч хазаж” дуулаагүй. Зүгээр л тэр дууны үг, утга агуулгад нь тохируулж дуулсан чинь хүмүүс намайг ойлгоогүй. Ер нь хүмүүст барууны стандарт, тэд юу сонсоод байгаа юм бэ, гэдгийг бага ч болов ойлгуулахыг оролдсон. 

Тэгсэн бас Аделийн “Some one like you” дуутай төстэй байна гэсэн. Гэхдээ энэ мундаг дуучинтай адилхан гэж хэлсэнд нь баярласан. Энэ чинь дэвшил байхгүй юу. Би Адель биш, Хишигдалай бас хэний ч бүтээлийг хулгайлж, хуулбарлаагүй. Ер нь нийтийн дуу дуулахаас татгалзсан төдий. Би тодорхой ертөнцтэй, утга агуулгатай уран бүтээл хийхийг хүсч байна.

Түүнээс биш зохиолын дуу шиг амархан аялгуутай, хайр нь чамдаа хайртай, хайрыгаа хайрлаарай гэсэн ядуу үгтэй дуу дуулмааргүй байна. Үгнийхээ цаана үг нуудаг шүлэгтэй, аялгуутай дуу дуулмаар байна. Хийж байгаа уран бүтээлээ үлдэцтэй өгүүлэмжтэй хийхийг хүсч байна шүү дээ.   

-Ингээд хэлэхээр энэ ярилц лагыг уншсан хүмүүс таныг “Ямар онгироо юм бэ” гэж хэлэх байх даа?  

-Олон хүн миний талаар гарсан худал мэдээллийн тухай ярьдаг. Гэхдээ би тэднийг эргүүлж муулаад хэзээ ч амжилтад хүрэхгүй. Хүмүүс намайг муулж байхад би өөрийнхөө талд орохгүй бол өөрийгөө л алдана. Тийм учраас миний талаар юу гэж ч ярьсан хамаагүй. Хэзээ нэгэн цагт би хүлээн зөвшөөрөгдөхдөө л зөвшөөрөгдөх болно. Гэхдээ би тэр цагийг хүлээгээд зүгээр суухгүй. Амжилтад хүрэхийн тулд илүү хөдөлмөрлөх болно. Одоо ч хүмүүсийн ярианаас айхаа больжээ. Тэгээд ч элдэв юм бичиж байгаа хүмүүстэй хэрүүл хийгээд явах цаг надад байхгүй.   

-Сүүлийн үеийн дуучид эцэг эхийн хайрласан нэрээс гадна урлагийн нэртэй болох сонирхолтой болжээ. Та өмнө нь нэрээ сольё гэж бодож байв уу?  

-Эцэг эхийн хайрласан нэрэндээ хайртай. Ямар Хээгий, Даагий гэсэн нэртэй бололтой биш дээ /инээв/. Магадгүй намайг анх гарч ирэхэд хамтран ажиллаж байгаа хүмүүс хүссэн бол тийм зоригтой алхам хийх л байсан байх. Гэхдээ бурхны хувь төөргөөр цаанаасаа энэ нэрээрээ яваарай гэсэн юм байлгүй сольё гэж бодож байсангүй. Одоо санал тавьсан ч солихгүй ээ.   

-“Universe best songs” нэвтрүүлэгт оролцсон нь таны хувьд боломж байсан. Тухайн үед таны нүүрэмгий зан бусдаас ялгарахад их нөлөөлсөн гэж бодож байна?  

-Энэ нэвтрүүлгийг зохион байгуулсан хүмүүст баярлахгүй байхын аргагүй. “Universe best songs” бол миний хамгийн үзэх дуртай, хайртай нэвтрүүлэг. Энэ жил мөн үргэлжлэн зохион байгуулах гэж байна. Сайныг саар заавал дагах ёстой юм шиг Л.Балхжав захирлыг дуулах дуртай хүүхдүүдээр мөнгө олж байна гэж ярьдаг. Үүнийг би эсэргүүцдэг. Л.Балхжав захирал Монголын урлагт хийдгээ хийчихсэн хүн, би их хүндэлдэг.

Энэ хүний санаачилсан “Universe best songs” олон хүнд урам хайрлаж, заримынх нь цаашид явах замыг заасан хүндтэй нэвтрүүлэг. Хамгийн гол нь энэ нэвтрүүлгээс гарсан хүүхдүүд дуучин болох албагүй шүү дээ. Ард түмний нэвтрүүлэг учраас хэн ч оролцож өөрийгөө хөгжүүлж болно биз дээ.  

-Таныг нэвтрүүлэгт оролцож байх үед аливаа юманд дайчин ханддаг тань илэрч байсан шүү?  

-Би айлын ганц охин, хоёр ахтайгаа өссөн. Тийм болоод ч тэр үү эмэгтэйлэг гэхээсээ эршүүд охин байсан. Эмэгтэй хүний ааль байлгүй л яахав. Гэхдээ шударга шулуун, хаана ямар зан гаргахаа мэддэг гэж өөрийгөө дүгнэдэг. Нас бага байгаа болохоор надад алдаж онох зүйл их байгаа. Бүдрээд унасан ч шантралгүйгээр босоод урагшаа алхсан нь надад хичээл, туршлага болсон байна.   

-Та гоо сайхны мэс ажилбар хийлгэж байсан уу?  

-Намайг интернэтээр бөөн хагалгаа хийлгэсэн гэж бичсэн байна лээ. Би нэг ч удаа гоо сайхны хагалгаа хийлгэж байгаагүй. Би хагалгаа хийлгэх нь битгий хэл тариа хийлгэхээс айдаг. Хүмүүсийн хэлээд байгаа хагалгаа хийлгэх тэр их мөнгө нь байсан бол боловсролдоо зарцуулмаар байна. Би сурмаар байна. Өнөөдөр сургуулийн төлбөр хэд байгаа билээ, аав, ээж маань хэдэн төгрөгийн цалин авдаг билээ гээд бодох юм бол их зүйл байна шүү дээ.

Ийм ямар ч авцалдаагүй мэдээлэл гаргасан хүмүүс болих хэрэгтэй. Би анх “Universe best songs” нэвтрүүлэгт оролцож байхдаа 17-хон настай байсан. Тэр үед нүүрээ будаад, өсгийтэй гутал өмсөөд явах нь зохистой харагдах байсан уу гэдгийг хүмүүс бодох хэрэгтэй. Би тэр үед хүүхэд шиг хүүхэд байсан. Нүүрээ буддаггүй, жийнс, кээтнээс салдаггүй охин байсан.

Тэр цагаас хойш дөрвөн жил өнгөрч байна. Одоо нүүрээ будаж, эмэгтэйлэг харагдахын тулд гадаад байдалдаа анхаардаг болсон. Би зүгээр л цаг цагт нь тохируулж өөрчлөлт хийсэн. Хамгийн гол нь гоо сайхны мэс засал хийлгэсэн гэж хэлүүлтлээ өөрийгөө өөрчилж чадсанаараа бахархаж байна. Миний авууштай тал бол зурган дээр сайхан гардаг. Будаад ч сайн засал авдаг.   

-Юунаас эрч хүч авдаг вэ?  

-Аав, ээжээсээ их эрч хүч авдаг. Миний сайн, мууг аав, ээж маань хэтрүүлэггүй хэлдэг. Мэдээж загнуулах үедээ загнуулалгүй яах вэ. Ах нар маань надад зөвлөгөө өгдөг. Ер нь ингээд бодсон чинь гэр бүл л хамгийн нандин юм байна. Ээж маань Архангайд ажиллаж амьдардаг. Манай аав Хөдөө аж ахуйн яаманд ажилладаг, хоёр гэрийн хооронд ирэн очин явдаг даа.   

-Таныг их олон хүнтэй нэр холбодог. Ер нь танд найз залуу бий юу?  

-Найз залуугүй. Гэхдээ хүмүүсийн ярьснаар бол найман найз залуутай болсон юм шиг байна лээ. Гэтэл тэр нэр холбогдсон хүмүүсээс нэгэнтэй ч холбоогүй.   

-Папарацид өртөж байв уу?  

-Байнга л өртдөг. Ялангуяа санаандгүй байхад авсан янз бүрийн поозтой зураг фэйсбүүк дээр тавьчихсан байдаг юм. Одоо ч тоохоо больжээ /инээв/.   

-Төрөл жанрын хувьд урвах бодол бий юу?  

-Зохиолын дуунаас бусдад нь хүчээ сориод үзнэ ээ. Гэхдээ “Дуэт дуэл” нэвтрүүлэгт монгол хит дууны төрөл байсан. Түүнд нь “Хар хархан харц” дууг дуулсан. Түүнийг сонсоод хүмүүс бас л олон юм ярих байх. Гэхдээ яахав дээ, нэвтрүүлэг байсан юм чинь. Ер нь би одоогоороо амьдрах дуртай. Одоотойгоо уралдаж, амьдрах нь чухал гэж боддог. 

Б.Сэлэнгэ 
Эх сурвалж: Unen.mn

Continue Reading

Урлагийн мэдээ

Жүжигчин Амгаланбаатар аваад удаагүй СТА цолоо хураалгуулна

Published

on

By

Жүжигчин Амгаланбаатарт саяхан Соёлын Тэргүүний Ажилтан тэмдэг олгосон билээ. Тэгвэл тэрбээр буцаад медалиа “хураалгахаар” болж байх шиг байна. Энэ талаар тэр:

“Би “Хиртээгүй сарнай” кино нээлтэн дээр гэнэт МУСТА тэмдэгээр шагнуулаад сандарч гайхах, санаа зовохдоо “өөрөөсөө ичиж байна” гэсэн пост оруулсан юм. Тэгсэн өнөөдөр өнөөх тэмдэгийг нь өгдөг соёлын яамнаас нь надруу залгалаа.

“Дэд сайд өөрийн чинь постыг харсан байнаа. Ичиж байгаа бол эргүүлээд авчихаж болно” гэсэн утгатай үгийг их тийм дээрээс эвгүй өнгөөр хэлж байнаа. Эгдүү дургүй зэрэг хүрээд тасалчихлаа. Олон хүмүүс постыг маань ойлгоод баяр хүргээд л байсан юм. Уул нь ухаантай битгий хэл уншиж бичдэг хүнд маш тодорхой ойлгогдохоор “би соёл урлагийг тэргүүлж ажиллаж чадаагүй ээ, энэ шагналыг авахаасаа ӨӨРӨӨСӨӨ ичиж байнаа.

Гэхдээ цаашид юм хий гэсэн санаа байхаа хичээнээ, баярлалаа” гэсэн л утга илэрхийлсэн төдий. Юу ч хэлэхэв дээ. Харам олддог тэмдэгийг нь авчихаад хайхрамжгүй үг хэлчихсэн бололтой. Бuрхны хөшөө нтр барих гээд завгүй байдаг яамныхандаа буцаагаад өөрөө аваачаад өгчихнөө. Өөрөөсөө тэмдэг авахдаа ичиж байсан бол өнөөдөр та нараас бүр их иччихлээ.

Тодорхойлсон МУГЖ С.Өлзийхүү эгчдээ болон Хиртээгүй сарнай УСК-ны хамт олондоо баярлалаа. Жич: Шагнал гардуулсан Дөлгөөн гэдэг залууд хариуцлага тооцно ч гэх шиг. Халагдсан байвал харин хатуухан тэмцэнээ. Хэлчихье!!! Хийх юмаа олж ядаад хэдэн ажилчдаа халж солихын оронд Б0гд з0нх0в барих гэсэн удирдлагуудынхаа шийдвэрт бодол ухаанаа чиглүүлээсэй билээ.

6 хоногийн хугацаатай МУСТА О.Амгаланбаатар” гэжээ.

Continue Reading

Trending