Connect with us

Дотоод мэдээ

Б.Бат-Эрдэнэ аваргыг эхнэр нь хардаж харамлаж байгаагүй. Учир нь

Published

on

Бандихүүгийн Болормаа бол ард түмнийхээ хайр хүндэтгэл хүлээсэн энэ он цагийг эзэлсэн энгүй их хүчтэний гэргий байж, тогоог нь барьж, цайг нь дээжлэн суух ховорхон хувь тохиосон бүсгүй билээ.

Аваргын гэргий Б.Болормаатай уулзаж ярилцлага авахсан гэж олон жил бодож явсан ч сурвалжлагч, сэтгүүлч нарт ярилцлага өгөх нэг их дуртай биш гэдгийг сонссон болохоор зориглон уулзаж чадалгүй өдийг хүрлээ.

Харин “Монгол улсын дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ” номныхоо “Сэтгэлд мөнхрөн үлдэх дурсамжууд”хэмээх бэсрэг бүлгийн хойморт аваргын гэргийг урьж хуучлах завшаан тохиов. Сайхан инээмсэглээд, даруухан хүүрнэх нь хөдөө нутгийн эгэл даруухан Монгол бүсгүйг санагдуулам.

-Б.Бат-Эрдэнэ аварга нутаг ус, бага нас, аав ээжийнхээ тухай дурсан ярих нас ахих тутам улам сайхан болох юм гэж билээ. Ярьж байгаа хүнд битгий хэл,сонсож байгаа надад хүртэл сайхан байсан.Тэхээр та бид хоёр бас төрж өссөн нутаг ус, аав ээж, хүүхэд ахуйн нас гээд эргэн дурсахгүй байхын аргагүй тэр сайхан дурсамжаар яриагаа эхлэх үү? 

-Би айлын өргөмөл охин.Улаанбаатарт төрж өссөн, нийслэлийн унаган иргэн. Миний бага нас 120 мянгатад өнгөрсөн. Яг эхээс гэвэл есүүлээ.Өргөж авсан аав минь Бандихүү гэж хүн байсан.  ”Хөхөө гэрлэх дөхлөө”киноны Хөхөөгийн бригадын дарга, цэрэг саравчтай малгайтай, бор хүн чинь миний аав шүү дээ. Азтай учралаар аав минь идэр залуу үеийнхээ дүр төрхийг кино дэлгэцэнд мөнхөлж үлдээсэн.

Энэ киног үзэж суухад их сайхан байдаг юм.  “Атар газар эзэмших эхэн үеийн он жилүүдийн амьдралыг харуулсан “Хөхөө гэрлэх дөхлөө” уран сайхны киноны Хөхөөгийн дүрд тоглосон нэрт кино жүжигчин Б.Дашдаваагийн ДТ-54 гинжит трактор жолоодож”үзүүлэн дээ, үзүүлнэ” хэмээн “бужигнуулж ”байгаа бригадын дарга Б.Бандихүү гуайн “Чи чаддаг юм байна,үзлээ, харлаа”хэмээн авъяаслаг нь аргагүй жүжиглэж буй дүр зургийг Монголчууд бид тодхон санаж буй бизээ.  

Аав хатуу талдаа, их зарчимч, нилээд олон төрлийн ажил эрхэлж явсан, нийгмийн идэвхи өндөр хүн байсан.Одоо бодож байхад олон найз нөхөдтэй, бөхчүүдийг сайн таньдаг хүн байж. Наадмаар бөхийн шүүгчээр ажиллаж байсныг мэднэ.  Одоогийнхоор бол хөлийн цэцээр ажиллаж байсан юм болов уу.Улсын засуул Ш.Лүгдэв гуайтай их найз. Аав минь намайг багад нас барсан. Ээж минь Төв аймгийн Дэлгэрхааны хүн, У.Хоролсүрэн гэдэг.

Ноосны үйлдвэрт насаараа ажилласан. 1990 онд бурхан болсондоо.Ээж минь хоёр том охиныг минь өсгөж өгсөн.  Төрүүлсэн ээж Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харъяат Ц.Норжмаа гэдэг хүн бий. Ц.Бадамсэрээжид  арслангийн төрсөн дүү дээ. Харин хүмүүс аавыг Хэнтий аймгийн Батноров сумын харьяат Дамдинсүрэнгийн Барамсай гэж улсын заан цолтой хүн байсныг сайн мэддэг.  

-“Б.Бат-Эрдэнэ аварга энгүй сайхан бөх юм даа. Баяраа ах гээд явж байдаг, их даруу залуу даа. Эхнэр нь манай нутгийн, сумын удмын хүн шүү дээ” гэж Д.Баяраа заан ерээд оны эхээр нэг ярилцлагандаа дурдсан байдаг. Д.Баяраа заан Хөвсгөл аймгийн Цагаан-Үүрийнх байдаг. Заан яагаад ингэж ярьдаг билээ гайхаж явсан удаа бий. Б.Бат-Эрдэнэ аваргын гэргийн ээж Ц.Бадамсэрээжид арслангийн төрсөн дүү гэдгийг хожим мэдэж билээ. Их аваргын гэргийг эцэг эх аль аль талаасаа бөхийн удамтайг тэр бүр хүн мэдэхгүй байж болох юм. 

-Өргөж авсан аав ээж хоёр минь намайг мэдээ орсон цагаас төрсөн аав, ээжтэй минь уулзуулж, цагаан сараар  очуулж золгуулдаг байсан. Гэхдээ би чинь өөрийгөө өргөмөл гэдгийг 10-р анги хүртлээ мэдэхгүй явсан. Жил болгон очиж золгодог хүн миний төрсөн ээж болж таарсан.  Миний төрсөн ээж гэж л мэдэхгүй явсан болохоос би тэр хүнд хэдийнээ дасчихсан байсан. Их ухаантай, холын бодолтой улс байжээ гэж боддог. Аав ээж нартайгаа элэг бүтэн байсан хүүхэд ахуй насны тухай олон сайхан дурсамжууд сэтгэлд мөнхрөн үлдэж дээ. 

-Та заан аавтай, арслан нагацтай хүн болохоор бөх хүнтэй амьдарлаа холбочих юмсан гэж бодож явав уу.Эсвэл ёстой нөгөө хувь тавилан, заяа төөрөг гэдэг нь хөтөлж бөх хүнтэй ханилуулсан юм болов уу? 

-Хэдий миний аав улсын заан цолтой бөх ч, бөх хүнтэй гэр бүл болчихно гэж бодох байтугай зүүдэлж ч явсангүй. Ангийнхаа охидуудад хүртэл хэлж ярьж байсан удаа ч бий байх. Ер нь тийм хүнтэй суучих юмсан гэж бодож явсангүй.  Ээж минь ч ийм тийм хүнтэй суу гэж хэлж зөвлөж байсангүй.Түшигтэй сайн хүнтэй суугаасай гэж хүсэж явсан л байх. Гэвч амьдрал өөрийн жам хуультай байдаг хойно, Б.Бат-Эрдэнэ бид хоёр зураг төөргөөрөө учирсан хоёр доо.  

Ж.Мөнхбат аварга “Тамир надад дурласан ч юм уу, дурлаагүй ч юм уу бүү мэд.Үйлийн үрээр л бид хоёр учирсан байх. Намайг бөх гэж тоож суугаагүй золиг шүү. Мөнхбат гэж залууг л сонгосон” гэж ярьсан байдаг.Түүн шиг би Бат-Эрдэнэ гэж илүү дутуу зангүй, эгэл даруухан залууд сэтгэл алдарч амьдралаа холбосон. Тэр үед Б.Бат-Эрдэнэ улсын цолгүй залуу бөх байсан.  

-Д.Дамдин  надад “Би баян хөрөнгөтэй ч хүн биш, тэгэхдээ хүний бүсгүй үрийг гомдоож, сэтгэлийг нь гундаахгүй аваад явж чадна”гэсэн утгатай зурвас өгч хайр сэтгэлээ илэрхийлж байсан гэж Д.Дамдин аваргын насных нь хань Н.Цэрэндулам гуай дурсан ярьсан байдаг.Б.Бат-Эрдэнэ аварга Д.Дамдин аварга шиг танд захиа зурвас өгч байв уу.Е р нь хайр сэтгэлтэй болсноо яаж илэрхийлсэн бол… 

-Б.Бат-Эрдэнэ Испанид болсон самбо бөхийн дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцоод ирсэн, би болейболын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэлд гарсан үе. Урьд нь бие биенээ зүс танина.  Энэ чинь 1985 оны хавар шүү дээ. Ёстой нөгөө миний нүдээр хардаг ч болоосой гэдэг шиг нүдэнд дулаахан, тайван дөлгөөн даруухан залуу байсан.

Заяаны минь хань болохоор тэгж олны дундаас онцолж харагдсан юм болов уу. Б.Бат-Эрдэнэ Спортын төв ордны урьд телевизийн сурвалжлагчид ярилцлага өгч, зургаа авахуулах болоод өмсөх бэлтгэлийн цамц эрээд гүйж явснаа намайг хараад миний цамцыг гуйж өмссөн. Тэр үед бидэнд улсаас биеийн тамирын хувцас тавьж өгч өмсүүлдэг байлаа.  Миний цамц бүр томдчихсон.

Харваас том цамцтай юм гээд гуйсан байлгүй. Ингэж л бид хоёрын хайр сэтгэл, амьдралын эхлэл тавигдсан даа. Түүнээс хойш утсаар ярин, үе үе уулзана, ингэж явсаар надыг ч өөртөө дасгасаар, надад ч өөрөө дассаар суучихсан улс. Миний анхны хайр. Б.Бат-Эрдэнийн миний цамцыг өмсч авахуулсан тэр дурсгалтай зураг одоо ч манайд байдаг.  

-Аваргын зан төрх нь амьдралын явц дунд өөрчлөгдсөн болов уу? 

-Ер нь хүүхэд ахуйгаас олж авсан тэр хүмүүжил, зан  төрх бараг өөрчлөгддөггүй нэг насных байдаг юм байна. Ийм сайхан хүмүүжилтэй болгож өсгөж бойжуулсан аав ээж, ах эгч нартаа баярлахгүй байхын аргагүй. Тэд нарын маань ач даа.  

-Амьдарлын ханиа сонгоход зан аашаараа ижил төстэй чанарууд олон байж, түүгээрээ ч зохицож нийлдэг гэцгээдэг. Аварга та хоёрыг адилхан зан ааштай улс гэж найз нөхөд, хамаатан садан нарын тань ярихыг сонсож явлаа? 

-Бага залуугаасаа гэр бүл болж, амьдралын нэг урсгалд ороод ирэхээрээ бие биеийнхээ зан аашинд уусаж, шингээд ааш нь хүртэл адилхан, дуртай дургүй юм нь хүртэл ижил болж, харцаараа хэн хэнээ ойлгож мэдэрдэг болчих юм даа. Гэр бүлийн хоёр бие биендээ итгэл өгч, ойлгож, дэмжиж тулж түшиж, дутууг нь гүйцээж явах шиг жаргал хаа байхав. 

-Бөхөө хайрлан хүндэлдэг ард түмэн нь аваргыг бөхийнх нь хувьд сайн мэднэ. Харин ямархуу өрхийн тэргүүн, хань, аав гэдгийг төдий л сайн мэдэхгүй.Бид аваргыг дэвжээнд байгаагаар нь төсөөлдөг улс шүү дээ?

-Тиймдээ ард түмэн маань Б.Бат-Эрдэнийг бөхийнх нь хувьд наадмын зүлэг ногоон дэвжээнд байгаагаар нь сайн мэднэ. Манай хүний байгаа байдал төрх тэр. Ер нь их дөлгөөн, тайван хүндээ. Надад бол уул шиг түшигтэй сайн хань,хүүхдүүддээ үлгэр дууриалалтай сайн эцэг.  Сайн ч хүн, сайхан ч хүн. Их дөлгөөн, зөөлөн сэтгэлтэй, хүний сэтгэл зүйг маш нарийн ойлгодог, хүнтэй зөв харьцдаг, худал хуурмаг зангүй, хар буруу санаагүй, ямар ч зүйлд ноён нуруутай, хүлээцтэй ханддаг ийм л хүн дээ.

Харин Б.Бат-Эрдэнэд зав ердөө гардаггүй.  Би гэр орны бүх ажлыг зохицуулж аль болох сэтгэл санааг нь зовоохгүй, амар амгалан байлгахсан гэж хичээдэг. Ер нь тамирчид, бөхчүүдийн гэр бүлүүд бүгд л адил даа. Б.Бат-Эрдэнэ гэртээ байх тэр ховорхон олдох цаг мөчүүдийг охидуудтайгаа тоглож, хичээл номонд нь тусалж өнгөрүүлнэ.  Хүүхдийнхээ хүмүүжилд анхаарал их тавина.

Өөрийгөө боловсруулж их ном уншина. Гэртэй байхдаа гурилтай хоол их сайхан хийнэ, дуртай хоол нь байгаа юм. Загас тахианы мах шарах дуртай. Махыг гурил ногоотой хольж сайхан чанана шүү дээ.  Одоо хүүхдүүд өсөөд, тэгээд ч аавыгаа гэр орны ажилд оролцуулаад яахав гэдэг болж. Ер нь тун ажилласаг хүн. Тэр хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж үр хүүхэд, ахан дүүс биднийгээ цаашилбал ард түмнийгээ баярлуулж яваа гэж боддог.  

Хөдөө гадаа, нар салхинд явж байх үедээ хамт яваа хүмүүсээ гарын доорх байгаа материалуудыг ашиглан аятай, таатай хоол хийж дайлах дуртай. Хөдөө бол элэг, сэмжээр сайхан сорс хийнэ, шорлог мах шарж өгнө. Харин гэртээ байх үедээ сайхан гурилтай хоол хийж, мах чанана, хийцтэй цай чанана. Охидууд маань зарим үед “ааваар сайхан цай чануулья”гэдэг юм.  

-“Б.Бат-Эрдэнэ аварга үнэхээр сайхан ч бөх, сайхан ч эр хүн. Бүх юм нь тэгширч байж тийм хийморьтой явдаг байх. Эр хүний эрхэм шинж чанарыг шингээсэн хүн учраас Б.Бат-Эрдэнэ аваргыг ихэд хүндэлж явдаг. Би Монголд ганцхан од байдаг гэж боддог. Тэр од Б.Бат-Эрдэнэ аварга. Цагийг эзэлсэн хосгүй их хүч чадал, төгс хүн гэсэн утгаар жинхэнэ од гэж боддог”гэх мэт бөх сонирхогч олон аваргын тухай сэтгэлийнхээ үгийг илэрхийлсэн байдаг. Б.Бат-Эрдэнэ аваргын тухай ярихлаар бөхдөө хайртай ард түмнийх нь сэтгэл сэргээд ирдэг билээ. Ийм нэр хүндтэй, олны танил хүний эхнэр байх нэгэн бодлын сайхан ч, бас хэцүү үе тохиолдох уу? 

-Ханийнхаа буянд сайхан ч хүмүүстэй танилцаж, ханийнхаа хамт ард түмэндээ хайрлагдан  хүндлэгдэж явдагтаа их баярладаг. Б.Бат-Эрдэнэд хүмүүс тун элгэмсэг, хүндэтгэлтэй ханддаг. Тэр хэмжээгээрээ надад хандаж байгаа нь мэдрэгддэг.    Харин хүмүүс сониуч болохоор аваргын гэргий гэж арай өөр нүдээр харах гээд байдаг юм.

Гэтэл би чинь бусдын л адил амьдрах гэж, ханийнхаа төлөө, гурван охиноо төлөв төвшин хүмүүжилтэй хүн болгохын төлөө зүтгэж яваа Бат-Эрдэнийх гэдэг айлын  ачаанаас үүрэлцэж яваа жирийн нэгэн эмэгтэй шүү дээ.  Айлын гэрийн эзэгтэй нь тэр айлын нүүр царай байх учиртай. Гэр бүлдээ, хань нөхөртөө, үр хүүхэддээ өөрийгөө зориулж явах явдал бол тэр хүний гэрийн эзэгтэй гэж нэрлэгдэх гол үнэлэмж юм.

Ёс заншлаа мэдэж дагах, эр нөхрөө хүндэтгэх зэргийг өтгөс буурлууд маань сургаж ирсэн.  Ер нь эмэгтэй хүн эр нөхрөө хичнээн их хүндэлснээр тэр хирээрээ сэтгэлээрээ баян тансаг явдаг. Өөрийгөө, нөхрийгөө, үр хүүхдээ сайн сайхан амьдрал руу хөтөлж явах нь эмэгтэй хүнээс л шалтгаална.  

-Бөх хүний гэргий байна гэдэг бөхийг ёс жаягийг дагаж хүндэтгэхээс авахуулаад илүү үүрэг хариуцлага хүлээдэг ч гэдэг. “Би ч гэсэн эд нарынхаа адил хазгай гишгэх эрхгүй улс шүү дээ” гэж Ж.Мөнхбат аваргын гэргий Ө.Тамир ярьж байж билээ? 

Монгол үндэсний бөх агуу юм. Ардын ёс заншлаас бөхчүүдэд маань уламжлагдаж ирсэн байдаг. Эр нөхрөө яаж хүдэтгэхээс эхлээд зодог шуудгаа хаана тавих хүртэл энгийн хүнд төдий л үл анзаарагдам хирнээ тун нарийн ёс жаяг, журамтай зүйл шүү дээ.  Бөхчүүдийн гэргий биднийг үеийнхнээс маань зааглаж байгаа зүйл ч энэ байх. Манай ард түмэн бөхийг үүх түүхтэй нь хайрладаг.

Тэр их хайр хүндэтгэлийг дааж явах учиртай. Бид ч гэсэн хазгай гишгэх эрхгүй улс.  Надад хаана ч явсан би чинь аварга цолтой бөхийн гэр бүл шүү дээ гэж юуны түрүүнд бодогддог. Намайг Болормаа гэхээс илүү “Аваргын гэргий” гэдэг болохоор ханийнхаа нэр хүндийг хайрлаж хүндэлж явдаг юм. 

-Монгол улсны Гавъяат жүжигчин, дуучин Ц.Түвшинтөгсийн гэргий Б.Нарантуяа “Манай Монголын хамгийн эрийн тэнгэртэй бүсгүй бол их аварга Бат-эрдэнэ ахын гэргий Болормаа эгч дээ” гэж нэг ярилцлагандаа тэмдэглэсэн байдаг. Уурлаж уцаарлаж, айлгаж ичээнэ гэж байхгүй ийм сайхан хүний эхнэр болно гэдэг бас ховорхон тохиох аз шүү? 

-Би өөрөө сайхан ханьтай учирсан азтай л хүн гэж бодож явдаг. Ер нь бөхчүүдийн эхнэрүүдийг ард түмэн маань эрийн тэнгэртэй хүүхнүүд гэж ярьдаг юм билээ. Өөрийнхөө хайрлаж дурласан хүнтэйгээ сайн сайхан амьдарч байгаа бүсгүй бүхэн эрийн тэнгэртэй дээ.  

-Аваргын нутгийн дуучин бүсгүй Д.Энхзул “Миний нөхөр аргамаг хүлэг шиг сайхан эр учир бусдаас харамлаж явдаг”гэж өгүүлсэн байдаг. Түүн шиг танд аваргыг харамлах сэтгэл төрдөг үү? 

-Надад ч, Бат-Эрдэнэд ч бие биенээ хардах, харамлах явдал тохиолдож байсангүй. Бид хоёрын өсөх багаас олж авсан хүмүүжил маань ч энэ байх. Харин миний хань ийм л сайхан хүн гэж улам хайрлах, бахархах сэтгэл төрдөг юм.  

-Бөх хүний гэргийд даваа унааны үнэ цэнэ илүү ойрхон байдаг гэдэг. Аваргын барилдахыг үзэж суухдаа сэтгэл догдлох уу? Таны санаанаас гардаггүй наадам аль жилийнх байв? 

-Наадам, цагаан сарынх гээд тоотойхон хэдэн барилдааныг тогтмол үздэг. Сэтгэл догдлолгүй яахав. Учиргүй айхтар орилж хашгирч босч харайлгаад байхгүй ч дотроо түгшиж л суудаг юм. Улсын цолонд анх хүрсэн, заан арслан, аврага болж алдар цолоо ахиулсан олон сайхан наадмуудыг нэрлэж болно доо.  

Том охин минь аавыгаа улсын заан цол хүртдэг жилийн наадмын урьд өдөр 1986 оны долдугаар сарын 10-ны өдөр төрж үрийнхээ дууг сонсож ээж болж баярлаж суутал хоёр хоногийн дараа аав нь улсын заан цол хүртэж баяр дээр баяр нэмсэн.  Тэгэхэд өнгөрсөн жилийн наадмаар түрүүлсэн Б.Ганбаатар арслантай долоогийн даваанд барилдах болсныг сонсоод чих тавьж догдолж л суусан.

1988 оны наадмын үзүүр түрүү булаалдахаар шалгарч үлдэхэд нь сэтгэл их хөдөлсөн. Д.Цэрэнтогтох аваргыг орхиж анх түрүүлсэн шүү дээ. Урьд хоёр жилийнх нь наадмаар хоёуланд нь Д.Цэрэнтогтох аваргад өвдөг шороодож явсан болохоор яах бол гэж…  Би өөрөө тамирчин хүн учир спортын ялалт амжилт бүхэн асар их тэсвэр тэвчээр хатуужил шаардаж, нөр их хөдөлмөрийн үр дүнд ирдэг гэдгийг мэддэг болохоор орчин үеийн бөхийн спортын төрлөөр үзүүлсэн ялалт амжилт бүхэнд нь баярладаг.

Сонирхогчдын сумо бөхийн дэлхийн аваргаар Америкийн Хавайн арлын том бөхийг ялчихаад ирэхэд нь их баярласан. Тэгэхэд Х.Баянмөнх аварга “Үнэхээр сайн барилдаан болсон.  Танай хүн үнэхээр сайн барилдсан” гээд баяр хүргэж байсан даа. Тэр үед одоогийнх шиг сумо шууд дамжуулдаггүй байлаа. Сүүлд зурагт, видео бичлэгийг үзээд тийм том хүнийг ялсанд нь их баярласан.  

-Бөхчүүд наадам дөхөөд ирэхлээр сэтгэл нь их хөдөлдөг гэдэг. Аварга өвдөг шороодоно гэдгийг мэддэггүй явсан ч гэсэн бас сэтгэл хөдөлнө биз? 

-Их тайван хүн болохоор ер нь гайгүй шүү. Б.Бат-Эрдэнэ бага залуугаасаа л Сүүж уулын амралтанд гарч наадмын бэлтгэл, солиогоо хийж ирсэн. Наадмын бэлтгэлд хамт гарч хоол ундыг нь хийлцэж, дэргэд нь байж анхаарал халамж тавьж, аль болох сэтгэл санааг нь тайван байлгахыг хичээдэг юм.

Ер нь манай гэр бүлийн доторх уур амьсгал тэр чигээрээ наадамд чиглэгдсэн байдаг.  Та 1990 онд “Спортын ертөнц” сэтгүүлд өгсөн ярилцлагандаа “Б.Бат-Эрдэнэ Х.Баянмөнх аваргаас олон удаа түрүүлэх болов уу” гэсэн сурвалжлагчийн асуултанд “Тэр амжилтыг эвдээсэй гэж боддог” гэж хариулсан байдаг. Таны олон жилийн өмнөх гэгээн сайхан хүсэл биелж Х.Баянмөнх аваргын амжилтыг ахиулсан даа?  

Х.Баянмөнх  аварга “Тамирчин хүн шинэ дээд амжилтанд үргэлж тэмүүлж байх ёстой. Дээд амжилт тогтооно гэдэг хэн нэгний сувдаг сэтгэл биш юм шүү. Энэ бол тамирчин хүний хойч үеийнхнийхээ өмнө хүлээсэн хариуцлагатай үүрэг” гэж залуу хойч үедээ сургамжлан захисан байдаг. Ахмад аваргын маань ч ийм захиас байна, сайн барилдаж ард түмнээ баярлуулж яваасай л гэж бодож явсан, бодож ч явна.  

-Аварга ч нэг үе өвдөг шороодоно гэдгийг мэддэггүй явсан. Пунцагийн Сүхбатад өвдөг шороодсоныг эс тооцвол 12 жил төрийнхөө их баяр наадам, сар шинийн баяраар хэнд ч тахимаа өгөлгүй, баяр наадамтай эн зэрэгцэх даншиг наадмуудын түрүүг авч “хаанчилж” явсан. Гэтэл залуу бөхчүүдэд ганц нэг өвдөг шороодоод ирэхээр танд хүнд санагддаг байсан биз? 

Үгүй дээ. Баяр наадмын дэвжээн дээр чинь хэний ч хүү унаж босч л байдаг шүү дээ. Б.Бат-Эрдэнэ өөрөө залуу бөхчүүдийг их дэмждэг, спортын талбар дахь ялалт ялагдал гэдгийг сайн мэддэг хүн болохоор огт тоодоггүй юм. Харин ч залуучуудыг дэмжих ёстой. Шинээр гарж ирж байгаа залуусыг сайн барилдах ёстой гэж ярьдаг учир Б.Бат-Эрдэнэд ч хүнд тусдаггүй. Миний хувьд ч ялгаагүй. Миний нөхөр давах ёстой гэсэн бодол огт төрж байгаагүй дээ.  

-Аваргыг цагаан сараар ч, наадмаар ч түрүүлчихээд ирэхэд танай байрныхан орцныхоо үүдэнд, зарим нь тагтан дээрээсээ, цонхоороо баяр хүргээд тун элэгсэгээр угтдаг гэдэг. Ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хамгийн их хүлээсэн хүн яах аргагүй их аварга маань ч юм.  Бөхөө дээдлэн хүндлэнэ гэдэг монгол хүний эрхэм чанарын нэг ч юм даа? 

Тиймээ түрүүлчихээд ирэхэд нь манай байрныхан бүгдээрээ баяр хүргээд их л хүндэтгэлтэй сайхан угтдаг юм.Найз нөхөд маань хүрч ирчихээд хүлээж байдаг. Манай хэдэн өрөө бараг дүүрчихнэ. Өглөөний гурав, дөрвөн цаг хүртэл, заримдаа бүр үүр цайтал ярьж хөөрч баярлаж сууна шүү дээ.Үргэлжлэл бий …  

Эх сурвалж:”Монгол Улсын Дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ”-номноос…

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Дотоод мэдээ

Тунгалаг агсны хүү сэтгүүлч Г.Алтантүрүүтэй уулзжээ

Published

on

By

Энэ талаар “Танайд хоноё” нэвтрүүлгийн хөтлөгч асан сэтгүүлч Г.Алтантүрүү өөрийн цахим хуудсандаа өгүүлжээ.

“Гэнэт ирнэ! Нутагтаа тухтай морил! Ямар их үгүйлээ вэ! Мэдэх нэг нь түүнийг мэднэдээ. Гэнэт явна” гэжээ.

Сэтгүүлчийн маань өмнө нь хэвлэлд өгч байсан ярилцлагыг танд хүргэж байна.

-Нэвтрvvлгийн тань нэг оролцогч агсан Б.Тунгалаг бvсгvйн амьдралаар кино хийж байгаа гэсэн. Vvгээр яриагаа эхлэх vv?

-Єнгєрсєн жилийн тавдугаар сард юм байна. Миний ажлын энгийн л нэг єдєр. Шар хаданд найман машины гарааштай, саунтай сvрхий айлд хонох байсан юм. Уг нь их анхаарал татахаар айл л даа. Яг нэвтрvvлэг хийх єглєє нєгєє айлаас утасдаад “Уучлаарай, бид хонуулахаа болилоо” гэдгээ палхийтэл хэлдэг байгаа. Цаг нь тулчихсан яах учраа олохгvй сандраад л.

Бvтэн сайнд нь эфиртэй байдаг. Хэрвээ тасалбал цалингийн 25 хувиар торгуулна. Их мєнгє л дєє. Тэгээд л гудамжнаас хонох айлынхаа эзнийг хайхаар шийдсэн. Ямар сураагvй юм биш гээд гарсан даа. Тэгээд хоёр хvvгээ хєтлєєд явж байсан Б.Тунгалаг бvсгvйтэй таарсан. Хагас сайн єдєр Тунгалагийнд хоноод маргааш єглєє нь монтажлаад орой нь гарсан нэвтрvvлэг.

Гэхдээ яах вэ, би єєрийгєє, Тунгалагийн гэр бvлийг их азтай гэж боддог. Нэвтрvvлэгч яах вэ эфирт цацагдаад л єнгєрсєн. Маргааш єглєє нь нэг дэх єдєр єглєє ажилдаа ирэхэд Улаанбаатар тэр чигээрээ Тунгалагаар найгачихсан, ажил дээр баахан хvн ирчихсэн байсан. Би vнэхээр их гайхсан. Уг нь энэ бол миний нэг удаагийн л ажил. Ажлаа хийгээд дууслаа л гэж бодсон. Тэгтэл харин эсрэгээрээ эхэлж байсан.

Зарим нь бvр мєнгєє барьчихсан зогсож байсан. Ингээд маргааш нь Тунгалагийг хоёр хvvхэдтэй нь дуудаад, эфирээр зар єгєєд туслах хvмvvс нь туслаг гэж бодсон юм. Нэг их хvн ирэхгvй байх, ямар ч гэсэн хэдэн тєгрєг цуглана гэж бодсон. Гэтэл нvvрс зардаг нь нvvрсээ, илvv хєргєгчтэй нь хєргєгчєє тэврээд ирсэн. Бvр гурван булиа залуу ирснээ “Нєхрийг нь хаана байдгийг мэдэхгvй биз?” гэж асууж байлаа.

-Тухайн vед хvмvvс єєртєє байгаа бvхнийг Б.Тунгалаг бvсгvйд єгєхийг хичээсэн. 50 тєгрєг, таван сая тєгрєг ч єгсєн хvн байгаа байх?

-Хvний сэтгэлийн гvнээс гарч байгаа зvйл гэдэг хvч ордоггvй юм билээ. Нийт 10 сая тєгрєг л болов уу гэж бодсон чинь 80 сая тєгрєг тэр дороо цуглачихсан. Том, том компаниудыг нэрлэж болох юм. Манай ажил “Бємбєгєр” захын хажууд шvv дээ. Єглєє босоод л шараа тайлдаг хvнд гарууд тэнд олон бий.

Тэдний нэг нэлээд халамцуухан ирээд “Би яах вэ” гээд 100 тєгрєг єгчихєєд “Наадах чинь асуудал биш шvv” гэж байсныг, портер дvvрэн модтой хvн ирээд “Эгчид нь єгєх мєнгє алга. Тэгэхдээ гэр нь, хоёр хvv нь дулаахан байг дээ” гээд мод єгч байсныг тод санадаг юм.Тийм хvмvvс олон байсан.

-Талийгаачийг єнгєрснєєс хойш хоёр хvvтэй нь уулзсан уу. Одоо хаана байгаа бол?

-Уулзаагvй. Шинэ жилээр хоёр дvvдээ бэлэг бариад очсон. Нvvчихсэн байна лээ. Хоёр хvv бидэнтэй хамт байгаа гээд дvv нь надтай ярьсан. Ажил явдлынх нь vеэр би Америкт байсан болохоор ирээд хоёр хvvтэй нь уулзъя гэсэн ч зориг хvрээгvй.

-Яагаад?

-Яг мєнгє тєгрєг цугларч байх vед би “Бvх юм сайхан болно” гээд хоёр хvvг нь тэврээд л сууж байсан. Vнэхээр мєнгє бvхнийг шийдэх юм шиг санаж байж. Тийм болохоор одоо намайг хараад ээжийгээ илvv их санах болов уу гэж айгаад.

-Кино удахгvй дэлгэцнээ гарна гэж байсан?

-Ш.Гvрбазар ахын зохиол, “Мазаалай фильм”-ийн захирал Ч.Батбаяр найруулагчийн “Зvvдний vргэлжлэл” кино энэ сарын эхээр гарч эхлэх гэж байна. Тунгалагийн дvрийг М.Алтанзул гэдэг жvжигчин бvсгvй амилуулж байгаа. Гол дvр маань Тунгалагтай vнэхээр адилхан юм билээ. Хоёр хvvхдэд нь Хvvхдийн ордон, Хєгжим бvжгийн коллежийн хоёр хvv тоглосон. Киноны дууг залуу дуучин Хулан дуулж байгаа.

-Кино хийх талаар олон найруулагч санал тавьж байсан гэсэн?

-Тийм ээ, олон хvн хандсан. Миний хувьд энэ кинонд зєвлєх маягаар оролцож байгаа. Би гол нь киноноос олсон орлогоос хоёр хvvхдэд нь мєнгє єгєєрэй. Хамгийн гол нь маш сайн кино хийнэ шvv гэсэн шаардлага тавьсан.

-Ээжийнх нь тухай кино хийж байгааг хєвгvvд мэдэж байгаа юу?

-Гэрийнхэн нь бvгд мэдэж байгаа.

-Ингэхэд анх яагаад “Танайд хоноё” нэвтрvvлгийг хийх болсон юм бэ?

-Тухайн vеийн MN-25 телевизийн захирал З.Алтай ах бид хоёр гурван цаг шахам ярилцаж байж нэвтрvvлгээ анх тєрvvлсэн дээ. “Танайд хоноё” нэвтрvvлэг монгол хандлага. Тэр тусмаа євєртєє нэг юмтай очно гэдэг бол монгол заншил. Аль болох монгол хандлагаар л хийе гэж бодсон.

-Гэхдээ таныг телевизээсээ гарч байгаа гэж сонслоо. Яагаад гэж олон хvн сонирхох нь лавтай?

-Ерєнхийдєє кинонд ажиллаад одоогоор телевизээсээ чєлєє авсан. Цаашид ганцаараа телевизийн ертєнцєд єрсєлдье гэж бодож байгаа. Хvн нэг газар удах тусам тэр хvрээгээ єєрийнхєє хязгаар юм шиг харж эхэлдэг. Тэгэхээр тийм байхыг хvсэхгvй байна. Хvчтэй єрсєлдєгч байна гэдэг бол сайхан. Телевизийн сэтгvvлч хvнийхээ хувьд том хvрээнд єрсєлдье гэж бодож байгаа.

-“Танайд хоноё” нэвтрvvлэг тэгэхээр дахиж гарахгvй гэсэн vг vv?

-Миний санаа гээд гарахдаа нэвтрvvлгээ ємчлєєд явна гэж байхгvй. Энэ бол хувь хvний ёс суртахууны асуудал. Патент гэдэг зvйлийг телевизэд ярьдаг эсэхийг би мэдэхгvй, “10 мянган тєгрєг”, “Амьдрал аа гэж” гээд миний хийдэг бvх нэвтрvvлэг “MN-25” дугаар суваг телевиздээ vлдэнэ.

-Цаашдаа юу хийхээр тєлєвлєж байна вэ?

-Хэвлэл мэдээллийн салбартаа компани бас студи байгуулж байгаа. Нэвтрvvлэг хийнэ. Зорилгынхоо тєлєє илvv єндєрт нисье гэж бодож байгаа. Айлын тэжээвэр шувуу шиг єглєєд нэг бэлэн будаа тоншъё гэж боддоггvй. Тийм байхыг ч хvсэхгvй байна.

-Шинээр хийх нэвтрvvлгээ тєлєвлєсєн vv. Мэдээж “Танайд хоноё” нэвтрvvлгээс илvv байж хvмvvст хvрнэ шvv дээ?

-Би сургуулиа тєгсєєд л “MN-25”-д орсон. Дєрвєн жил болжээ. Ер нь анхны нэвтрvvлгvvдтэй харьцуулахад дараагийнх нь илvv чанаржсан гэж би боддог. Карьериа єсгєе гэвэл илvv сайн байж дараагийн ажил минь хvнд хvрнэ. Нэвтрvvлгийн санаа олчихоод бэлтгэл ажилдаа ороод байна.

-Хамгийн их vзэгчтэй нэвтрvvлэг гэдгээрээ “Танайд хоноё” нэвтрvvлгийн дундуур реклам их явдаг. Та сурталчилгаанаас хувь авдаг байсан уу?

-Vгvй, хувь авдаггvй. Хєдєлмєрийн гэрээгээрээ ажиллана. Цалин гайгvй авдаг байсан. Тэгэхдээ хангалттай биш.

-Ингэхэд хэчнээн айлд зочилсон бэ. Тоолж vзсэн vv?

-Хоёр жилийн хугацаанд 112 айлд хоносон.

-Хамгийн хэцvv, хаалгаа удаан балбуулсан айл хэнийх байв?

-Хvмvvс траншейнд хоноход л хэцvv байсан байх гэж боддог. Харин ч vгvй. Цаатангуудын урцанд хонох л амаргvй байлаа. Урцандаа яаж амьдардгийг, цаагаа хэрхэн малладгийг vзvvлэхийг маш их хvсч байсан. Гэвч санаснаар болоогvй ээ. Тvvнээс гадна нэг айлд ороод зургаа аваад эхэлчихсэн байж байтал гэрийн эзэн нь ирээд “Чи яв. Хонуулахгvй. Чи хонож байгаа айлынхаа угаалгын єрєєнд нь ороод айлаа муулаад байдаг юм билээ” гээд хєєж байсан. Хєгжилтэй зvйл их бий.

-Vнэхээр єєрийн гэр шиг санагдсан нь?

-Ихэнх айлууд байдгаараа байсан. “Хамаагvй ээ, би vvдэнд чинь унтья” гэхэд хамгийн хvндтэй газраа унтуулна. Бvгд сэтгэлээрээ байсан. Тиймээс хонуулсан бvх айлдаа, хонуулаагvй vзэгчдэдээ, хєєсєн айлууддаа “Баярлалаа” гэж хэлэх байна.

-“Танайд хоноё” нэвтрvvлэг гараад нэг жил боллоо. Хvн бvр намайг таниад л. Нэвтрvvлгээ vзэхээр єєрт хvртэл таалагдаад л. Би чинь юу болчихов оо гээд тэнгэрийн амьтан. Нэг хэсэг биеэ тоох хандлагатай болсон. Би нэг эмэгтэй дvvтэй. Нэг єглєє сэрсэн чинь дvv маань “Ах аа, та ямар єєр болчихсон юм. Миний хурлыг та нэг ч тасалж байгаагvй.

Тэгсэн хуралд суусангvй. Та намайг тоохоо больчихлоо” гэж байна. Тэгээд л би уран бvтээлч хvн єєр байх ёстой гэж бодсон. Аль болох гудамжаар явж, хvмvvсийн дунд байх хэрэгтэй. Хааяа амны хаалт зvvгээд троллейбусаар явдаг. Урд сууж яваа хоёр охины асуудал нь юу байна.

Ард сууж яваа эмээ євєєгийн асуудал, кондуктор хvнийг яаж доромжилж байна. Энэ бvхнийг мэдэрч байна гэдэг сайн нэвтрvvлэг хийхийн эхлэл. Биеэ тоогоод нэг их том ярьсан хvн хvмvvсийн дунд сууна гэдэг хамгийн уйтгартай. Энэ надад таалагдаагvй. Амьдрал биш гэдгийг ойлгосон.

Эх сурвалж: “Зууны Мэдээ” сонин

Continue Reading

Дотоод мэдээ

“Алтан гадас” одон авсан ТҮК-ийн ажилтанд 15 сая төгрөг цуглажээ. Харин яагаад шүүмжлэв?

Published

on

By

Дуучин Нара буюу М.Нарантуяа бүсгүй маань өчигдрөөс эхлэн “Алтан гадас” цол хүртсэн ТҮК-ийн ажилтан ахад мөнгө цуглуулж эхэлсэн билээ. Тодруулбал:

“Жинхэнэ Монголын төлөө ажиллаж шагнуулсан ТҮК-н ажилтан энэ эрхэм хүнд ард түмэн нь Алтан Гадас-н найрыг нь ард түмэн нь дэмжээд нижгэр хийгээд өгье л дөө. Алдар нэртэй эрхмүүдээ гишүүд нь тосч очоод жич баяр хүргэдэг бол эгэл Алтан Гадас-ыгаа иргэд нь угтаад авнашдээ.

Шагналын найр гээд нэг юм заавал хийдэг юм гсн хэдүүлээ ганц ганцхан мянган төгрөг хандивлаад жинхэнэ Монголын төлөө гавъяа байгуулсан хүнийг баярлуулчхымуу айнннн?!? Олон жил тайзан дээр гараагүй Нара нь хүртэл давхиж очоод дуулж хуурдаад ирэх эгэл хамт олонд нь баяр нэмчихнээ гэжугаа.

Хаан Банк 5163372057 Нарантуяа дансанд сэтгэлээрээ л баяр хүргээд хийчих. Нара нь мэдээж шилэн үзүүлнэ, ширхэг ₮ дутаалгүй ахад ард түмнийх нь баярыг хүргэж өгнөө. Найраа хийнэ үү ар гэртээ хэрэглэнэ үү ах өөрөө шийдэг тиймээ.” хэмээн анх дурьдсан байдаг.

Тэгвэл түүний цуглуулж буй мөнгө огцом нэмэгджээ.

“Та нар минь хайр шүү. Алтан Гадаст ах Батмөнхөд ард түмнээс нь баяр дээр нь баяр нэмье гээд 10хан минутын өмнө 00 байсан Хаан Банкны дансанд адь хэдийнэ 1.5 сая ₮ цугларчээ. Нэмж баяр хүргэмээр байгаа хүмүүс нэгдээрэй. Хаан Банк 5163372057 Нарантуяа Нара нь мэдээж шилэн данс хөтөлнө, бас ширхэг ₮ дутаахгүй ахад хүлээлгэн өгнө. Найраа хийнэ үү ар гэртээ хэрэглэнэ үү өөрөө мэдэг тиймээ. Жинхэнэ эгэл гавъяатай хүмүүсээ ард түмэн нт урамшуулнаа” гэсэн юм.

Харин өнөөдрийн байдлаар уг мөнгө 15 сая орчим төгрөгөнд хүрчээ.

“Улс тунхагласны баярын мэнд хүргэе. Өчигдөр санаандгүй эхлүүлсэн санаачлага маань гайхамшиг болон өрнөж Нарагийнх нь орлого, зарлага 0тэй байсан Хаан Банкны 5163372057 тоот дансанд нийт 14.423.925₮ цугларчээ.

1дэх хүртэл данс нээлттэй бгаа шүү. Энэхүү Монгол Түмний халуун сэтгэлийн баярын бэлгийг ТҮК-д олон жил хичээл зүтгэл гарган ажиллаж Төрөөрөө ажлаа үнэлүүлж Алтан Гадас одонгоор энгэрээ мялаасан 3н эрхэм хүнд 3ууланд нь тэгш хуваан хүлээлгэн өгч 3уулангийнх нь хичээл зүтгэл болоод баяр дээр нь баяр нэмэх нь зүйтэй гэж Нара нь шийдлээ.

Та бүхнийг дургүйцэн татгалзахгүй байх гэж итгэж байна. Нара нь зөгийнийхөө өвөлжөөнд дулаалга хийчихээд удахгүй буцаад ирнэ. Ирээд 1дэх өдөр шагналт 3н ах нарыг гэр бүлийнх нь хамтаар Central Tower-н Central Asiana ресторанд урьж өдрийн зоог барингаа олон түмний бэлгийг нь өгье гэж бодлоо” гэлээ.

Энэ арга хэмжээг дэмжсэн иргэд олон байгаа юм. Жишээ нь нэгэн иргэн:

“Дуучин Munkhtur Narantuya Nara – ийн үнэнч фэн болоод жил болж бнөө. Үнэхээр мундаг бүсгүй юмаа. Олны танил Хөдөлмөрийн баатар жүжигчид дээр Их хурлынхан өөрсдөө гүйж очоод, Түк-ийн Алтан гадас авсан ах дээр хэн ч байдгүй наасныг харьцуулж байгаад тэр ахад бүгдээрээ туслая гэж уриалсан байсийн.

Тэгсэн 10-хан минутын дотор 1.5 сая төг цугларч, Буган халиун ресторан одонгийн найрыг нь даах болжээ. Энэ хооронд 3 цаг өнгөрлөө, цугласан мөнгө өшөө арвижсан бх, би ч сэтгэлийн өчүүхэн хандиваа нэмэрлэв. Ийм л хүнийг инфлүүнзер гэнэ дээ. Түүнээс Биг Жигийн хэлдгээр мөнгөнд амаа үдүүлсэн сонгуулийн утсан хүүхэлдэйнүүд бол инфлүүнзерүүд хэрхэвч биш.

Тэгснээ өөрсдийгөө инфлүүнзер гэдэг наасан. Би хувьдаа Нара, Биг Жи, Ганжавхлан, дуучин Маралжингоо, хийлч Дээгий зэрэг хүмүүсийг хүндэлж, инфлүүнзер гэж хүлээн зөвшөөрдөг. Өнгөрсөн сонгуулиар Хишигдалайгаас авахуулаад баахан одонцорууд яаж далдаганалаа тээ. Ард түмэн хэн нь хэнийг ялгадаг.” гэсэн байлаа.

Харин энэ арга хэмжээг шүүмжлэх хүмүүс ч байна. Нэг хэрэглэгч:

“Энэ хүн амьдралын боломжгүй хүн биш өөрт нь мөнгө цуглуулж өгөхөд дургүйцэх эсэхийг нь мэдэхгүй байж ингэж болохгүй байхаа” гэсэн байсан юм.

Continue Reading

Дотоод мэдээ

Лексус 570, Ланд 200 унаж байгаа хүмүүсийн татварыг нэмнэ

Published

on

By

Автозамын түгжрэлийг бууруулахын тулд автомашины татварын системд шинэчлэл хийнэ гэдгийг хотын дарга онцлов. 2022 оны 1 сараас эхлээд түгжрэлтэй тэмцэхэд ямар арга хэмжээнүүд журам хэрэгжүүлэхийг онцлож байна.

Тодруулбал нийслэлийн удирдлагууд түгжрэлийг бууруулахын тулд эхний ээлжинд ямар ажил хийхээр эрэмбэлсэн гэдгийг тодруулья.

Нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийж 500-600 автобусыг ашиглалтанд оруулна.
Хөнгөн галт тэрэгний асуудлыг шийднэ.
Ирэх оноос 4000 таксиг үйлчилгээнд нэвтрүүлнэ.
Гудамж замуудын нэвтрэх сүлжээг сайжруулна.

Агаарыг бохирдуулж байгаа тээврийн хэрэгслүүдэд харилцан адилгүй татвар ногдуулдаг болно.

Тухайлбал Приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй жилд 120 мянган төгрөгний төлдөг байлаа гэхэд Лексус 570 маркийн машинтай хүн ижил төлж болохгүй гэдгийг дурьдаж байна. Товчхондоо Лексус 570 болон Ланд 200 маркын тээврийн хэрэгсэлтэй жолооч нар 2-3 сая төгрөгийн татвар төлөх ёстой гэдгийг хотын дарга онцлож байсан юм.

Хотын дарга Д.Сумъяабазар: “Ер нь 570 унаж байгаа хүн жилд 120 мянган төгрөг төлөөд унаад байх хэрэггүй шүү дээ. 570 унаж байгаа хүн бол жилд татвар хураамж дээр 2-3 сая төгрөг төлдөг байх ёстой. Тэгэхгүй бол Приустэй хүмүүстэй ижил татвар төлөөд явдаг байж болохгүй. Хамгийн ихээр агаарын бохирдлыг бий болгож байгаа.

Моторын багтаамж ихтэй, дизель түлшний багтаамж ихтэй. Агаарын бохирдлыг тодорхой хувь жил дарж байгаа асуудлууд бол багтаамж ихтэй бензин, дизель хөдөлгүүрийн тээврийн хэрэгсэл байгаа” гэсэн юм.

Цаашид түгжрэлийг бууруулахад зөөлөн гэхээсээ илүү хатуу шийдвэрүүдийг гаргана гэдгээ хэллээ. Учир нь өнгөрсөн хугацаанд автозамын ачааллыг бууруулах ажлуудыг хийхдээ иргэдийн саналыг тусгасан баруун эргэхийг, зүүн эргэхийг хориглосон зэрэг санаачлагууд бүгд бүтэлгүйтсэн байдаг.

Нийслэлийн засаг даргын орлогч Б.Одсүрэн: “Хотын хэмжээнд автозамын түгжрэлийг, түгжрэлтэй замуудыг ялангуяа зарим уулзваруудын нэвтрүүлэх тооцоолол зэргийг real-time-аар бодит нөхцөл байдлыг нь шалгадаг тооцоо авдаг мэдээлэл авдаг системд дараа жилээс шилжинэ гэсэн байр суурьтай байгаа” гэлээ.

Ойрын төлөвлөгөөнд тусгасан дээрх ажлуудаас гадна алсдаа жолооны хүрдийг зүүн талд 100 хувь шилжүүлэх, 7-оос дээш насжилттай тээврийн хэрэгслийн татварыг нэмэх, зогсоолыг төлбөржүүлэх зэрэг хатуу бодлогыг барьж ажиллахаа мэдэгдээд байгаа юм.

Эх сурвалж: С1 телевиз

Continue Reading

Trending