Connect with us

Урлагийн мэдээ

Жүжигчин Амгаланбаатар аваад удаагүй СТА цолоо хураалгуулна

Published

on

Жүжигчин Амгаланбаатарт саяхан Соёлын Тэргүүний Ажилтан тэмдэг олгосон билээ. Тэгвэл тэрбээр буцаад медалиа “хураалгахаар” болж байх шиг байна. Энэ талаар тэр:

“Би “Хиртээгүй сарнай” кино нээлтэн дээр гэнэт МУСТА тэмдэгээр шагнуулаад сандарч гайхах, санаа зовохдоо “өөрөөсөө ичиж байна” гэсэн пост оруулсан юм. Тэгсэн өнөөдөр өнөөх тэмдэгийг нь өгдөг соёлын яамнаас нь надруу залгалаа.

“Дэд сайд өөрийн чинь постыг харсан байнаа. Ичиж байгаа бол эргүүлээд авчихаж болно” гэсэн утгатай үгийг их тийм дээрээс эвгүй өнгөөр хэлж байнаа. Эгдүү дургүй зэрэг хүрээд тасалчихлаа. Олон хүмүүс постыг маань ойлгоод баяр хүргээд л байсан юм. Уул нь ухаантай битгий хэл уншиж бичдэг хүнд маш тодорхой ойлгогдохоор “би соёл урлагийг тэргүүлж ажиллаж чадаагүй ээ, энэ шагналыг авахаасаа ӨӨРӨӨСӨӨ ичиж байнаа.

Гэхдээ цаашид юм хий гэсэн санаа байхаа хичээнээ, баярлалаа” гэсэн л утга илэрхийлсэн төдий. Юу ч хэлэхэв дээ. Харам олддог тэмдэгийг нь авчихаад хайхрамжгүй үг хэлчихсэн бололтой. Бuрхны хөшөө нтр барих гээд завгүй байдаг яамныхандаа буцаагаад өөрөө аваачаад өгчихнөө. Өөрөөсөө тэмдэг авахдаа ичиж байсан бол өнөөдөр та нараас бүр их иччихлээ.

Тодорхойлсон МУГЖ С.Өлзийхүү эгчдээ болон Хиртээгүй сарнай УСК-ны хамт олондоо баярлалаа. Жич: Шагнал гардуулсан Дөлгөөн гэдэг залууд хариуцлага тооцно ч гэх шиг. Халагдсан байвал харин хатуухан тэмцэнээ. Хэлчихье!!! Хийх юмаа олж ядаад хэдэн ажилчдаа халж солихын оронд Б0гд з0нх0в барих гэсэн удирдлагуудынхаа шийдвэрт бодол ухаанаа чиглүүлээсэй билээ.

6 хоногийн хугацаатай МУСТА О.Амгаланбаатар” гэжээ.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Урлагийн мэдээ

Жүжигчин Дэлгэрсайханг “Чи бас ингэж уурладаг юм уу” гэжээ

Published

on

By

Энэ удаагийн дугаартаа “Маск” продакшны жүжигчин Д.Дэлгэрсайхантай ярилцпаа.  

-Жүжигчин Д.Дэлгэрсайхан ямархуу зан ааштай хүн бэ? 

-Намайг ямар хүн бэ гэдгийг надтай байдаг хүмүүс л сайн хэлэх байх даа. Би өөрөө их зөөлөн хүн байхыг л хичээдэг шүү дээ. Хааяа нэг уурлахаар хүмүүс “Чи бас ингэж уурладаг байсан юм уу” гээд л гайхдаг. Аль болох байгаа орчиндоо хурдан зохицохыг хүсдэг Ер нь нэг их уурлаад байхыг боддоггүй дээ.  

-Ямар хоббитой вэ? 

-Уг нь шагай харвах их дуртай. Оюутан байхдаа, сурагч байхдаа их тоглодог байсан. Сүүлийн үед л харин зав гарахгүй байна даа. Би чинь Партизаны сангийн аж ахуйд өссөн хүн. Тэнд байхдаа хонон өнжин шагай тоглодог байлаа. Партизаны сангийн аж ахуйн олон сайн шагайн харваачдаасаа суралцаж, энэ нь миний хаяж чадахгүй нэг хобби болсон. 

-Сонирхон цуглуулдаг цуглуулга бий юу? 

-Тамхины хайрцагны цуглуулгатай. Төрөл төрлөөр нь ангилаад цуглуулдаг. Барагцаалбал давхардаагүй тоогоор 200 гаруй хайрцаг байгаа шүү.  

-Номтой хэр ойр хүн бэ? 

-Ном уншдаг шүү. Нэг ном бариад авбал, тэр номныхоо амтанд орчихвол хамаг юмаа мартаад л уншдаг  

-Хамгийн сүүлд ямар ном уншсан бол? 

-Дунд сургуульд байхдаа Виктор Гюгогийн “Инээмтгий хүн”-ийг анх уншиж байсан. Түүнийгээ саяхан дахин уншиж дуусгалаа. Анх уншиж байсныгаа бодвол одоо арай л өөр өнцгөес харж, арай л илүү ойлгож уншлаа. Анх уншихдаа сонирхож уншсан бол сая уншихдаа ойлгож уншсан гэж хэлж болно. 

-Таны сэтгэлд хоногшин үлдсэн зохиолын баатар, киноны дүр байдаг уу? 

-Байлгүй яахав. “Галын төлөө тэмцэл” гээд ном байдаг. Тэр номонд ах дүү гурвын тухай гардаг л даа. Түүний Нова гээд том ахынх нь дүр үнэхээр таалагддаг Санаанаас гардаггүй. Миний нэг мөрөөдөл тэр “Галын төлөө тэмцэл” номоор кино хийх шүү дээ. Дэлгэцийн дүр гэвэл “Хүний сайхан сэтгэл” киноны усчин өвгөний дүр. Ёстой сайхан дүр. Би хөгшрөхөөрөө тийм л өвгөн болохыг хүсдэг  

-Жүжигчин мэргэжлийг сонгосон шалтгаан юу байв. хамгийн их татагдсан бэ? 

-Жүжигчний мэргэжил их сайхан. Ардын жүжигчин Л.Жамсранжав гуайг хараад “ийм хүн болоод явж байх юмсан” гэж боддог байлаа. Тэр хүмүүсээс үлгэр жишээ авч, тэр хүмүүст уруу татагдаж урлагт татагдсан гэж хэлж болно. Харин жүжигчний мэргэжлийг эзэмшсэнийхээ дараа бүх төрлийн зүйлийг хийж чаддаг байх ёстой, энэ бол үнэхээр амтанд нь орохгүй байхын аргагүй мэргэжил гэдгийг бүрэн утгаар нь ойлгосон. Тийм болохоор жүжигчний мэргэжил үгээр хэлэхийн аргагүй сайхан.  

-Гэр бүлийнхэн дунд нь урлагийн хүн бий юү? 

-Яг гэр бүл дунд бол урлагийн гэхээр хүн байхгүй. Харин манай ээж тэр үедээ бараг л урлагийн хүн болохоор авьяастай хүн байсан. Манай эгчийг загнахдаа хүртэл шүлэглэж загнадаг хүн байсан /инээв/. Уртын дуу их сайхан дуулдаг Ойр орчмынхоо хүмүүсийг инээлгэсэн тийм хүн байсан. Ээжид маань тийм урлагийн авьяас байсан болоод л тэр нь надад өвлөгдсөн байх. Бас ээж минь жүжигчний мэргэжлийг их сайхан гэж ярьдаг байлаа. Хийлийн ая сонсоод уйлдаг тийм их мэдрэмжтэй хүн байсан даа.  

-Та ямар нэгэн хөгжмийн зэмсгээр тоглодог уу? 

-Аман хуур гайгүй тоглочихдог шүү. Амар хуур, хулсан хуур тоглоно,  

-Оюутан насаа дурсаач? 

-Би 1999 онд Кино урлагийн дээд сургуулийн кино, драмын жүжигчний ангид элсэн орж оюутан болж байлаа. Ардын жүжигчин Д.Мэндбаяр багшийнхаа анхны шавь нарын нэг болсондоо баярлаж явдаг. Бас П.Цэрэндагва багш манай ангид хичээл заадаг байсан. Одоо манай ангийнхнаас Бэгзсүрэн “ТВ-5” телевизэд найруулагчаар, Мөнгөнцэцэг, Баасансүрэн нар орчуулгын киноны жүжигчнээр, Болороо “МТV” телевизэд орчуулгын киноны жүжигчнээр, Нарангэрэл маань “Шинэ дэлхий” телевизэд гэх мэтээр ихэнх нь мэргэжлийнхээ дагуу ажиллацгааж байна.  

-“ТВ-5” телевизэд орчуулгын киноны жүжигчнээр ажиллаж байсан шүү дээ. Энэ тухайгаа яриач? 

-Бэгзээ, Бааска, Мөнгөө, Урнаа бид тав “ТВ-5” телевизийг анх байгуулагдахад нь орж байсан. Тэр үед телевиз маань Сапорро дээр байрладаг байлаа. Хэдхэн компьютертэй л эхэлж байсан. Тухайн үед нь бид хэд тоглоод “Хэзээ телевиз болноо” гээд л инээлддэг байлаа. Анх ямар ч дуу оруулах туршлагагүй ажилд орж байсан. Хамгийн анх “Гладиатор” киног бид алдаад л дахиж эхлээд л, бараг арван цаг уншиж байлаа.

Уг нь бол хоёрхон цагийн кино шүү дээ. Хоёр жил гаруй энэ телевиздээ кинонд дуу оруулагчаар ажилласан. Энэ хооронд нэлээд хэдэн кино уншсан байдаг  Хүмүүсийн сайн мэдэх Ким Ду Хан буюу “Зоригт эрийн түүх” киног анх гарахад нь дуу оруулж байлаа. Энэ киноны бараг ихэнх эрэгтэй дүрд нь дуу оруулсан.  

-“ТВ-1” студийн “360 градус” нэвтрүүлэгтэй анх хэрхэн холбогдож байсан бэ? 

-“ТВ5” телевизэд ажиллаж байхад Эрдэнэчимэг эгч маань “360 градус” гээд хошин мэдээллийн хөтөлбөр хийх гэж байна, хамтарч ажиллаач гэсэн санал тавьсан. Тэгээд манай ангийнхан, манай доод ангийн зарим оюутнууд нэгдээд ажилласан даа. Анхны бүрэлдэхүүнд Батзаяа, Баярсайхан, Бэгзсүрэн, Гомбосүрэн, Төмөрчөдөр, Мөнхбаяр, ганц эмэгтэй нь манай Нарангэрэл байсан.

Тэгээд л бид МҮОНТ-ийн “Цагийн хүрд” нэвтрүүлгийг хошин хэлбэрээр хийе, нийгэмд болохгүй, бүтэхгүй байгаа зүйлсийг хүргэе гээд хийж эхэлсэн. Энэ нэвтрүүлэг маань ийм жүжигчид байдаг юм байна шүү гэсэн таницуулгыг хүмүүст хүргэж өгсөн их сайхан нэвтрүүлэг. Одоо бол бүр “ТВ-1” гээд телевиз болтлоо өргөжсөн байна. Эндээс гараагаа эхэлсэн бүх уран бүтээлчид одоо өөр өөрсдийнхөө зам мөрөө хөөгөөд, өөрсдийн сонирхлын дагуу мэргэжлээрээ ажиллацгааж байна.  

-“360 градус”-ын хамгийн анхны нэвтрүүлгээрээ ямар зүйлийн тухай үзүүлж байсан бэ. Та ямар дүрд тоглосон байдаг бол? 

-За байз хамгийн анх юу хийж байлаа даа. Бид бөөнөөрөө цуглаж сууцгааж байгаад ийм ийм юм хийцгээе гээд л санаагаа гаргадаг байсан шүү дээ. Хамгийн анхны дугаарт би дунд сургуулийн багш болж байсан юм байна. “Би сайхан бүжиглэдэг бүжгийн багш байсан, одоо тэтгэвэртээ гарсны дараа ахуй амьдрал минь болохгүй байна-” гэж ирээд л баахан юм ярьж байсан санагдана.  

-Анх ямар дүрээр камерийн өмнө гарч байв? 

-“ТВ-5” телевиз “Гялбаа” гээд 30 ангитай кино хийж байсан. Тэр кинонд моргийн эмчийн дүрд тоглож байлаа. Оюутан байхдаа бол “Удам” киноны олны хэсэгт тоглож л байсан /инээв/.  

-“Маск” продакшнд ямар шалгуураар орж байсан бэ? 

-“360 градус”-аас гарсныхаа дараа хэсэг “UBS” телевизээр гардаг байсан “НОТ чинжүү” гээд нэвтрүүлгийг хийдэг байсан. Нэг өдөр Ж.Мөнхсайхан ах над руу залгасан л даа. “Чи дандаа л дэлгэцийн юманд ажиллаад байна. Тайзны уран бүтээлд оролцох бодол байна уу” гэж асуусан. 

Тэгээд “Баярмагнай, Эрдэнэзаан бид гурав нийлээд шинэ хамтлаг байгуулж байгаа. Хамт ажиллаад үзье. Чиний тоглолт бидэнд таалагдаад, чамд өөрт чинь таалагдвал цаашдаа хамтарч ажиллая” гэж гэсэн. Би ч зөвшөөрөөд орсон. Ингээд л анх байгуулагдсан цагаас нь өдийг хүртэл хамт явж байна даа.  

-“Маск” продакшнд орохоосоо өмнө тайзны уран бүтээл дээр хэр ажиллаж байв? 

-Гуравдугаар курст байхдаа манай ангийнхан “Цагаатгал” гээд жүжиг тавьж байсан. Тэрийг тавьж байхад жүжигт ингэж ажиллах ёстой, тайзны уран бүтээл ийм байх ёстой, ингэж судалгаа хийх хэрэгтэй гэдгийг зах зухаас нь мэдэж эхэлсэн. Дараа нь төгсөлтийн дипломын ажлаараа У.Шекспирийн “Лир ван” жүжгийн Лир вангийн дүрд тоглож байлаа. 

Хүмүүст хэлэхээр “Чам шиг Лир ван байх уу” гээд л инээдэг Гэхдээ тоглочихсон л юм даа. Энэ том жүжгийн гол дүрд тоглоно гэхээр их л сандарч байсан. Жүжгийнхээ тухай мэдээлэл цуглуулах, дүрийн судалгаагаа чамбай хийх гэж хэрэндээ л хичээж байсан даа. Ер нь тайзны ч бай, дэлгэцийн ч бай ямар ч уран бүтээл дээр жүжигчин хүн судалгаа сайн хийх хэрэгтэй.  

-Удахгүй “Маск” продакшн АНУ руу хүлгийн жолоо зална. Ямар ямар хотуудад очиж тоглох вэ? 

-Вашингтон, Дэнвер, Лос Анжелес гэх зэрэг таван хотод очно.  

-Хамгийн сүүлд ямар уран бүтээл дээр ажиллачихаад байна вэ? 

-Сүүлд Н.Наранбаатар найруулагчийн найруулсан “Зүүдэнд ч оромгүй явдал” кинонд нэг жижиг дүрд орсон.  

Эх сурвалж: НИЙСЛЭЛ ТАЙМС

Continue Reading

Урлагийн мэдээ

А.Хишигдалай: Ямар өөрийгөө Хээгий, Даагий гэж нэрлэлтэй биш дээ!

Published

on

By

Олны хараанд өртөж, гоо сайхны хагалгаа хийлгэсэн, хийлгээгүй гэх ярианы эзэн болсон дуучин А.Хишигдалайг ярилцлагын зочноор урилаа. Тэрбээр ярилцлага өгөхөөр ирэхдээ нүүрээ будаагүй байсан бөгөөд өөрийгөө ямар ч хагалгаа хийлгээгүй гэдгийг уншигчдад дамжуулан хэлээрэй хэмээн захиж байсан юм. “Universe best songs” наадамд оролцож урлагийн гараагаа эхлүүлсэн түүнийг хүмүүс хэтэрхий нүүрэмгий хэмээн шүүмжилж байсан удаатай.  

-“Дуэт дуэл” нэвтрүүлэгт анх удаа оролцож байгаа юу?  

-“25 суваг” телевизийн “Дуэт дуэл”-ийг хүмүүсийн үзэх дуртай нэвтрүүлгүүдийн нэг гэж боддог. Би энэ нэвтрүүлэгт анх удаа оролцож байна. Нэвтрүүлэгт хамтран дуулдаг Н.Зоригттой партнер болсон. Бид “Хайртай хүндээ”, “Хайрын бэлэг” зэрэг дуу дуулсан. Уран бүтээлд ч, нэвтрүүлэгт ч санаанд гүй партнёр болоод сонирхолтой л байна. 

Н.Зоригт бусад оролцогчдыг бодоход камер ха- раад өөрчлөгддөггүй болохоор шалгаруулалтад сайн хамтрагч болсон. Ер нь ардчилсан нэвтрүүлэг учраас бидний төрх байдал байгаагаараа гарсан. Мөн биднээс олон талын авьяас шаардсан сонирхолтой нэвтрүүлэг байна лээ. Нэвтрүүлгийн ялагч энэ сарын сүүлээр тодрох байх.   

-Та фэйсбүүкээрээ дамжуулан фэнүүдтэйгээ санал бодлоо идэвхтэй хуваалцдаг. Дургүй хүргэсэн сэтгэгдэл, хариу бичсэн тохиолдолд хэрхэн хариу барьдаг вэ?  

-Миний фэйсбүүк бараг 60 мянган гишүүнтэй болох гэж байна. Энэ нь бага тоо биш ч айхавтар их биш. Гэхдээ надад хангалттай. Шинэ уран бүтээл гарахад урмын үг хайрладаг бас шүүмжилдэг идэвхтэй гишүүн олон бий. Мөн намайг дэмжиж “like” дардаг олон дэмжигчтэй. “Like” өгч байгаа тоо чухал биш.

Хамгийн гол нь түүний цаана намайг дэмжиж байгаа хүмүүс байгаа гэж бодохоор сайхан санагддаг юм. Одоо намайг үгүйсгээд, элдвээр бичдэг хүмүүсийн тоо цөөрсөн. Би шүүмжлэлийг хүлээж авдаг. Гэхдээ доромжилсон шүүмжийг уншдаггүй.   

-Танд дуулаачийн багш бий юу?  

-Мэргэжлийн сургууль төгсөөгүй болохоор хүмүүс ингэж асуудаг юм. Одоогоор дуулаачийн багшгүй байгаа. Би “Royal” мюзик продакшнтай хамтран ажиллаж байна. Манай продакшнд “Mixx”, “Code26” зэрэг хамтлаг харьяалагддаг.   

-“Royal” мюзик продакшнтай 200 саяын гэрээ хийсэн тухай мэдээлэл гарсан. Энэ талаар сонирхуулаач?  

-Ийм мэдээлэл цацагдаад удаж байна. Энэ мэдээлэл үнэн. Намайг өөрийгөө сурталчлах гээд худал мэдээлэл тараалаа гэх шиг сонин юм их бичсэн. Би өөрийгөө сурталчлах гэж хэзээ ч ийм тэнэг зүйл хийхгүй. Тийм хошин шогийн юм гэж юу байхав дээ. Гэхдээ мэдээлэл тарна гэдэг их хурдан болжээ /инээв/.   

-Одоо ямар уран бүтээл гаргахаар ажиллаж байна вэ?  

-“Kiber girl” нэртэй зүрх сэтгэлгүй, роботон охины амьдралыг харуулсан уран бүтээл хийж байна. Хүнд дурладаггүй, сайхан үгэнд дургүй, юунд ч хууртдаггүй эрч хүчтэй зоригтой охины тухай цоглог дуу гарна. Гэхдээ оны дараа гарах байх. Тэгэхгүй бол оноос өмнө бүх хүн л шинэ жилд зориулсан уран бүтээл гаргаж байна шүү дээ. Нийгмийн сэтгэхүй ч шинэ жил гээд өөр зүйлийг хүлээж авах бэлтгэлгүй байгаа болов уу.   

-Хүмүүсийн шүүмжлээд байдаг нэг хэвийн дуу дуулдаг уран бүтээлч болохгүйн тулд яаж ажиллая гэж бодож байна вэ?  

-Хүн болгонд хүлээн зөвшөөрөгдсөн дуучин болох нь зөвхөн надаас л шалтгаална. Хүмүүст хүлээн зөвшөөрөгдөхийн тулд шинэлэг зүйл хийх хэрэгтэй гэж боддог. “Хайран” нэртэй дуу маань уянгын ч сонин шийдэлтэй уран бүтээл болсон. Хүн бүрт зориулсан дуу биш л дээ. Хэсэг хүмүүс л тэр дууны утгыг ойлгож мэдэрсэн гэж боддог. Тэр дууг гаргасныхаа дараа манай сонсогчид ийм уран бүтээл хүлээж авах цаг болоогүй юм байна гэдгийг ойлгосон

. Дууны үг нь далд утгатай учраас би арай өөрөөр дуулсан. Тэгсэн сонсогчид намайг “хэлээ хазаж” дуулсан, бөөрөнхий хэлтэй гэж хэлсэн. Би бөөрөнхий хэлтэй биш, “хэлээ ч хазаж” дуулаагүй. Зүгээр л тэр дууны үг, утга агуулгад нь тохируулж дуулсан чинь хүмүүс намайг ойлгоогүй. Ер нь хүмүүст барууны стандарт, тэд юу сонсоод байгаа юм бэ, гэдгийг бага ч болов ойлгуулахыг оролдсон. 

Тэгсэн бас Аделийн “Some one like you” дуутай төстэй байна гэсэн. Гэхдээ энэ мундаг дуучинтай адилхан гэж хэлсэнд нь баярласан. Энэ чинь дэвшил байхгүй юу. Би Адель биш, Хишигдалай бас хэний ч бүтээлийг хулгайлж, хуулбарлаагүй. Ер нь нийтийн дуу дуулахаас татгалзсан төдий. Би тодорхой ертөнцтэй, утга агуулгатай уран бүтээл хийхийг хүсч байна.

Түүнээс биш зохиолын дуу шиг амархан аялгуутай, хайр нь чамдаа хайртай, хайрыгаа хайрлаарай гэсэн ядуу үгтэй дуу дуулмааргүй байна. Үгнийхээ цаана үг нуудаг шүлэгтэй, аялгуутай дуу дуулмаар байна. Хийж байгаа уран бүтээлээ үлдэцтэй өгүүлэмжтэй хийхийг хүсч байна шүү дээ.   

-Ингээд хэлэхээр энэ ярилц лагыг уншсан хүмүүс таныг “Ямар онгироо юм бэ” гэж хэлэх байх даа?  

-Олон хүн миний талаар гарсан худал мэдээллийн тухай ярьдаг. Гэхдээ би тэднийг эргүүлж муулаад хэзээ ч амжилтад хүрэхгүй. Хүмүүс намайг муулж байхад би өөрийнхөө талд орохгүй бол өөрийгөө л алдана. Тийм учраас миний талаар юу гэж ч ярьсан хамаагүй. Хэзээ нэгэн цагт би хүлээн зөвшөөрөгдөхдөө л зөвшөөрөгдөх болно. Гэхдээ би тэр цагийг хүлээгээд зүгээр суухгүй. Амжилтад хүрэхийн тулд илүү хөдөлмөрлөх болно. Одоо ч хүмүүсийн ярианаас айхаа больжээ. Тэгээд ч элдэв юм бичиж байгаа хүмүүстэй хэрүүл хийгээд явах цаг надад байхгүй.   

-Сүүлийн үеийн дуучид эцэг эхийн хайрласан нэрээс гадна урлагийн нэртэй болох сонирхолтой болжээ. Та өмнө нь нэрээ сольё гэж бодож байв уу?  

-Эцэг эхийн хайрласан нэрэндээ хайртай. Ямар Хээгий, Даагий гэсэн нэртэй бололтой биш дээ /инээв/. Магадгүй намайг анх гарч ирэхэд хамтран ажиллаж байгаа хүмүүс хүссэн бол тийм зоригтой алхам хийх л байсан байх. Гэхдээ бурхны хувь төөргөөр цаанаасаа энэ нэрээрээ яваарай гэсэн юм байлгүй сольё гэж бодож байсангүй. Одоо санал тавьсан ч солихгүй ээ.   

-“Universe best songs” нэвтрүүлэгт оролцсон нь таны хувьд боломж байсан. Тухайн үед таны нүүрэмгий зан бусдаас ялгарахад их нөлөөлсөн гэж бодож байна?  

-Энэ нэвтрүүлгийг зохион байгуулсан хүмүүст баярлахгүй байхын аргагүй. “Universe best songs” бол миний хамгийн үзэх дуртай, хайртай нэвтрүүлэг. Энэ жил мөн үргэлжлэн зохион байгуулах гэж байна. Сайныг саар заавал дагах ёстой юм шиг Л.Балхжав захирлыг дуулах дуртай хүүхдүүдээр мөнгө олж байна гэж ярьдаг. Үүнийг би эсэргүүцдэг. Л.Балхжав захирал Монголын урлагт хийдгээ хийчихсэн хүн, би их хүндэлдэг.

Энэ хүний санаачилсан “Universe best songs” олон хүнд урам хайрлаж, заримынх нь цаашид явах замыг заасан хүндтэй нэвтрүүлэг. Хамгийн гол нь энэ нэвтрүүлгээс гарсан хүүхдүүд дуучин болох албагүй шүү дээ. Ард түмний нэвтрүүлэг учраас хэн ч оролцож өөрийгөө хөгжүүлж болно биз дээ.  

-Таныг нэвтрүүлэгт оролцож байх үед аливаа юманд дайчин ханддаг тань илэрч байсан шүү?  

-Би айлын ганц охин, хоёр ахтайгаа өссөн. Тийм болоод ч тэр үү эмэгтэйлэг гэхээсээ эршүүд охин байсан. Эмэгтэй хүний ааль байлгүй л яахав. Гэхдээ шударга шулуун, хаана ямар зан гаргахаа мэддэг гэж өөрийгөө дүгнэдэг. Нас бага байгаа болохоор надад алдаж онох зүйл их байгаа. Бүдрээд унасан ч шантралгүйгээр босоод урагшаа алхсан нь надад хичээл, туршлага болсон байна.   

-Та гоо сайхны мэс ажилбар хийлгэж байсан уу?  

-Намайг интернэтээр бөөн хагалгаа хийлгэсэн гэж бичсэн байна лээ. Би нэг ч удаа гоо сайхны хагалгаа хийлгэж байгаагүй. Би хагалгаа хийлгэх нь битгий хэл тариа хийлгэхээс айдаг. Хүмүүсийн хэлээд байгаа хагалгаа хийлгэх тэр их мөнгө нь байсан бол боловсролдоо зарцуулмаар байна. Би сурмаар байна. Өнөөдөр сургуулийн төлбөр хэд байгаа билээ, аав, ээж маань хэдэн төгрөгийн цалин авдаг билээ гээд бодох юм бол их зүйл байна шүү дээ.

Ийм ямар ч авцалдаагүй мэдээлэл гаргасан хүмүүс болих хэрэгтэй. Би анх “Universe best songs” нэвтрүүлэгт оролцож байхдаа 17-хон настай байсан. Тэр үед нүүрээ будаад, өсгийтэй гутал өмсөөд явах нь зохистой харагдах байсан уу гэдгийг хүмүүс бодох хэрэгтэй. Би тэр үед хүүхэд шиг хүүхэд байсан. Нүүрээ буддаггүй, жийнс, кээтнээс салдаггүй охин байсан.

Тэр цагаас хойш дөрвөн жил өнгөрч байна. Одоо нүүрээ будаж, эмэгтэйлэг харагдахын тулд гадаад байдалдаа анхаардаг болсон. Би зүгээр л цаг цагт нь тохируулж өөрчлөлт хийсэн. Хамгийн гол нь гоо сайхны мэс засал хийлгэсэн гэж хэлүүлтлээ өөрийгөө өөрчилж чадсанаараа бахархаж байна. Миний авууштай тал бол зурган дээр сайхан гардаг. Будаад ч сайн засал авдаг.   

-Юунаас эрч хүч авдаг вэ?  

-Аав, ээжээсээ их эрч хүч авдаг. Миний сайн, мууг аав, ээж маань хэтрүүлэггүй хэлдэг. Мэдээж загнуулах үедээ загнуулалгүй яах вэ. Ах нар маань надад зөвлөгөө өгдөг. Ер нь ингээд бодсон чинь гэр бүл л хамгийн нандин юм байна. Ээж маань Архангайд ажиллаж амьдардаг. Манай аав Хөдөө аж ахуйн яаманд ажилладаг, хоёр гэрийн хооронд ирэн очин явдаг даа.   

-Таныг их олон хүнтэй нэр холбодог. Ер нь танд найз залуу бий юу?  

-Найз залуугүй. Гэхдээ хүмүүсийн ярьснаар бол найман найз залуутай болсон юм шиг байна лээ. Гэтэл тэр нэр холбогдсон хүмүүсээс нэгэнтэй ч холбоогүй.   

-Папарацид өртөж байв уу?  

-Байнга л өртдөг. Ялангуяа санаандгүй байхад авсан янз бүрийн поозтой зураг фэйсбүүк дээр тавьчихсан байдаг юм. Одоо ч тоохоо больжээ /инээв/.   

-Төрөл жанрын хувьд урвах бодол бий юу?  

-Зохиолын дуунаас бусдад нь хүчээ сориод үзнэ ээ. Гэхдээ “Дуэт дуэл” нэвтрүүлэгт монгол хит дууны төрөл байсан. Түүнд нь “Хар хархан харц” дууг дуулсан. Түүнийг сонсоод хүмүүс бас л олон юм ярих байх. Гэхдээ яахав дээ, нэвтрүүлэг байсан юм чинь. Ер нь би одоогоороо амьдрах дуртай. Одоотойгоо уралдаж, амьдрах нь чухал гэж боддог. 

Б.Сэлэнгэ 
Эх сурвалж: Unen.mn

Continue Reading

Дотоод мэдээ

Т.Хулан: Айл гэр салах шаардлага гарвал бэргэнтэй ярилцдаг юм байна

Published

on

By

Улсын драмын эрдмийн театрын хаалгаар оронгуут хөгжмийн цоглог ая эгшиглэж хүүхдийн зохиолч Д.Содномдоржийн1957 онд бичсэн “Норовын намтар” хошин найраглалаас сэдэвлэсэн хүүхдийн дуулалт инээдмийн жүжгийн сургуулилт болж байгаа нь энэ. УДЭТ-ын найруулагч Ч.Түвшин зохиолыг нь бичиж, найруулсан аж.

Уг жүжгийн гол дүр Норовт УДЭТ-ын менежер, залуу жүжигчин А.Чингүн тоглож байгаа бол түүний найз охин болох Жимсээгийн дүрд жүжигчин Т.Хулан тоглож байгаа билээ. Орчин үеийн Норов бол эрх танхил өссөн айлын ганц хүү бөгөөд компьютер тоглоомд орсон, худалч сахилгагүй нь дэндсэн хүү гэнэ.

Харин түүний найз охин болох Жимсээ онц сурлагатан, цэвэрч нямбай нэгэн. Норовын гэрийн даалгаврыг хийж өгч, өглөө гэрээс нь аваад хичээлдээ хамт явдаг, нэг үгээр бол үлгэр жишээч сайн хүүхэд юм. Ингээд “Норовын намтар”-ын Жимсээ буюу Улсын драмын эрдмийн театрын жүжигчин СТА Т.Хулантай ярилцсанаа хүргэе.  

-“Норовын намтар” жүжиг нэлээн удаан хугацаанд бэлтгэгдэж үзэгч хүүхдүүдэд хүрэх гэж байна. Жүжгээр юу хэлэхийг хүссэн бэ?  

-“Норовын намтар” хошин жүжгийг хүүхэд багачуудын хүмүүжил, мэдлэг оюунд хөрөнгө оруулалт хийх зорилгоор Улсын драмын эрдмийн театрын найруулагч Ч.Түвшингийн шинэчилсэн найруулгаар хүүхэд багачууддаа хүргэж байна. Энэ жүжиг Монголдоо анх удаа тоглогдож буй үндэсний хэмжээний хүүхдийн сургамжит драмын жүжиг гэдгээрээ илүү онцлогтой. Техникийн хөгжил өдөр ирэх тусам хөгжиж буй өнөө цагт түүнийг дагасан сөрөг үр дагаврууд хүүхдийн хүмүүжилд хэрхэн нөлөөлж байгааг эцэг эх, багш нарт харуулахыг зорьсон.  

-Жүжигт PC тоглоомын талаар хөндөж байгаа гэсэн. Мөн PC-ны баатрууд жүжигт амилна гэсэн үү?  

-Хүүхдүүдэд PC тоглоомд битгий их орооч ээ гэсэн санааг ойлгуулахыг хичээж байна. Мөн жүжгийг маань үзчихээд тоглодоггүй хүүхдүүд тоглоод сурчихвий гэсэн битүүхэн болгоомжлолтой байна. Учир нь жүжигт PC-ны баатрууд бүгд амилж Норовын найзууд болж тоглож байгаа. Хүүхдийн жүжиг учраас илүү сонирхолтой болгохын тулд нэлээд олон дүр нэмэгдсэн.   

-Эцэг эхчүүд театрт хүүхдээ хүргэж өгчихөөд явах биш хамт үзвэл үр өгөөжтэй гэж дээр хэллээ. Тэдэнд юуг ухааруулах бол?  

-Манай жүжиг хүүхдүүдэд PC тоглох нь буруу гэдгийг ойлгуулахын зэрэгцээ эцэг эхчүүдэд нэгийг бодогдуулахуйц шийдэл оруулж өгсөн. Тэгэхээр эцэг эхчүүд “Норовын намтар”-ыг хүүхдүүдтэйгээ хамт үзэх хэрэгтэй. Ээж аавууд хүүхдүүд PC тоглож болохгүй л гэдэг. Тэгэхээр урлагаар дамжуулж эцэг эхчүүд бас нэг зүйл олж харах болов уу. Энэ нь хүүхэд хичээлээ тараад яг юу хийж байна.

Хичээл сургуульдаа явж байна уу, эсвэл нөгөө PC тоглоом тоглохоор явж байгаа эсэхийг анзаарах хэрэгтэй гэсэн санааг оруулж өгсөн. Шар хадны эмнэлгийн сэтгэцийн тасагт PC тоглоомд орчихсон хүүхдүүд хэвтэж эмчлүүлдэг бүхэл бүтэн тасаг байдаг юм билээ. Тэгэхээр хүүхдүүд ийм буруу зүйлээр тархиа хөгжүүлж болохгүй шүү дээ.   

-Тэгвэл Жимсээгийн дүрээс хүүхдүүд юу олж харах вэ?  

-Миний дүр бол энэ жүжигт нэмэгдэж орсон. Өмнөх “Норовын намтар” зохиолд Жимсээ гэж дүр байгаагүй. Жимсээ нь Норовын эсрэг дүр. Хамгийн цагаан, гэгээлэг номонд дуртай хүүхэд гэж ойлгож болно. XX зууны хүүхдүүд ном уншдаг байсан бол XXI зууны хүүхдүүд компьютероор амьсгалах болсон цаг үе. 

Тэгвэл миний дүрийн хувьд XX зууны үеийн Жимсээ одоо үеийн хүүхэд мөртлөө компьютерээс илүү номоос мэдээлэл, мэдлэг олж авдаг хүүхэд. Гэхдээ “ном байнга унш” гэсэн санаа биш. Аливаа юм хэтрэх хэрэггүй. Байнга ном уншаад бас номонд дуртай болчихсон хүүхэд байдаг шүү дээ. Зөвхөн өөрт хэрэгтэй мэдээллээ номоос олж авч чаддаг байх нь чухал. Ном их уншсан Жимсээ үеийнхээ хүүхдүүдээс илүү мэдлэгтэй учраас сургуулийн таван онцын эзэн гэж нэрлэсэн байгаа.   

-Өмнө нь тайз дэлгэцийн олон дүр бүтээж байсан ч хүүхдийн дүрд төдийлөн тоглоогүй байх. Жимсээгийн дүрийг бүтээхэд хэр байв?  

-Миний өмнө нь ажиллаж байсан дүрүүдээс Жимсээгийн дүр огт өөр. Мэдээж хүүхдийн жүжиг учраас илүү сонирхолтой байлгах үүднээс хичээж ажилласан. Тухайлбал, сэргэлэн цовоо, багшийг шүтсэн, онц сурлагатан, сургуулийн хүндэт самбарт байнга зураг нь гардаг гэгчлэн өөрийнхөө дүрийг аль болох хөгжүүлж ажилласан. 

Жимсээ номыг хэдэн ботиор нь дааж ядаад л байнга авч явдаг. Үүнийг манай жүжгийн уран сайхны зөвлөлөөр “ийм хүнд ном барих хэрэг байна уу” гэсэн шүүмжлэл жаахан гарсан байна лээ. Би үүнийг байх ёстой зүйл гэж дүрээ өмөөрөөд найруулагчтайгаа тохирсон. Яагаад гэхээр одоо ч гэсэн ном уншдаг хүүхдүүд байгаа. Тиймээс энэ ном уншдаг хүүхдүүдэд зориулж жаахан хэтрүүлэгтэй байдлаар хүргэхийг зорьсон. Миний дүрээс гадна нэлээн хэдэн дүр нэмэгдсэн байгаа.

Жишээлбэл, аав, ээж, эмээ, өвөө гэх мэт. Эдгээр дүрүүдийг нэмж оруулж өгсөн нь ээж, аавын хайнга зангаас болоод хүүхдүүд тоглоомд уруу татагдаж байж болзошгүй гэсэн санааг оруулсан. Зөвхөн хүүхдэд мөнгө л хэрэгтэй юм шиг ойлгоод хичээлд явахад нь байнга мөнгө өгдөг. Халаасны мөнгө байнга өгдөг үзэгдэл одоогийн эцэг, эхчүүдийн дунд түгээмэл байгаа. Цаанаа хүүхэд мөнгөө юунд зарцуулаад байна гэдгийг харин анзаардаггүй.   

-Сургуулилтаас харахад уран бүтээлийн ачаалал их байх шиг байна. “Норовын намтар”-ын өмнөхөн “Монголчуудын гэрлэх ёслол” театрчилсан тоглолт болсон. Одоо үргэлжлүүлээд залууст зориулсан шинэ жүжиг тавигдах гэж байгаа гэж сонслоо?  

-Уран бүтээлийн ачаалал ихсэх хандлагатай болж байна. Театр маань шинэ уран бүтээлүүд хийж эхэлж байна. Саяхан гэрлэх ёслолын тухай жуулчдад зориулсан тоглолт хийсэн. Энэ тоглолтод би бэргэн эгчийн дүр бүтээсэн. Гаднынханд манай гэрлэх ёслол ямар дэг жаягтай байдгийг шууд орчуулгатайгаар хүргэлээ. Манайхны мэддэггүй зүйл ч их байна. Бэргэн маш чухал үүрэгтэй хүн гэдгийг мэдэж авсан.

Шинээр айл гэр болсон хосууд ямар нэгэн шалтгаанаар салах шаардлага гарвал бэргэнтэйгээ ярилцдаг юм байна. Мэдээж ээж, аавтайгаа ярилцахаас гадна бэргэн тийм их хүндтэй байна гэсэн үг. Тухайн бэргэний зөвлөгөөгөөр эргээд нийлэх тохиолдол ч байдаг гэнэ. Шинэ жүжгийн хувьд манай театр есдүгээр сарын 16-наас эхлээд залуучуудад зориулсан шинэ уран бүтээл тавих гэж байна. Найруулагч Н.Наранбаатарын найруул- гаар “Эцсийн зогсоол зөвхөн чи” жүжгийг бэлтгэж байна. 

Энэ жүжигт би МУГЖ Ж.Оюундарь эгчийн дублёр дүрд тоглоно. Жүжгийн гол дүрийн Жонна бүсгүйн дүр л дээ. Мөн энэ сарын 16-наас эхлээд манай театрынхан говийн аймгуудаар аялан тоглолт хийнэ. Дундговь, Өмнөговь, Дорноговь аймгаар явж “Тамгагүй төр” түүхэн жүжиг, инээдмийн жүжиг болох “Эхнэрээ зээлээч”, хүүхдүүдэд зориулсан “Онц сурлагатан орохыг хориглоно”, “Хайрын виз” жүжгээ залуучууддаа зориулж толилуулахаар хөдөөг зорих гэж байна.   

-Та театрт орохоос өмнө олон сайхан кинонд дүр бүтээсэн. Сэтгэлд хоногшсон дурсамжтай тайз дэлгэцийн дүрээсээ нэрлэнэ үү. Ер нь киноны санал хэр ирж байна вэ?  

-Сүүлийн үед театрынхаа ажилд түлхүү анхааран ажиллаж байна. Арав, арваннэгдүгээр сард ажиллах киноны санал ирсэн. Зохиолоо уншиж үзээд тоглох үгүйгээ шийднэ дээ. Сэтгэлд хоногшсон дүр гэвэл хүн анхны юм бүхэндээ хайртай байдаг. Илүү дотно байдаг учраас тэр байх л даа. Бусад дүрдээ ч мөн хайртай. Тухайн дүрд тоглохдоо жүжигчин тархиа гашилгаж, бие сэтгэлээрээ дүр бүтээдэг болохоор тэр байх.

Анх 2004 онд дөнгөж сургуулиа төгсөөд “Чиний эзгүүд” киноны гол дүрийн бүсгүйд тоглож байсан. Тухайн үед нэлээн л юм болж байсан даа. /инээв/ Анхны дүр болохоор учраа ч олохгүй ёстой л будилж гарсан. Дэлгэцийн бүтээлд дүр бүтээхдээ камерын өмнө яаж зогсох учраа ч олохгүй л явлаа.

СУИС-д киноны талаар бараг хичээл ордоггүй байсан. Тэр үед дэлгэцийн бүтээлийн талаар хичээл ордог болох хэрэгтэй юм байна л гэж бодогдож байсан. Дээрээс нь дөнгөж төгссөн булбарай охин ээжийн дүр бүтээсэн нь бүр ч хүнд байсан шүү. Тийм ч учраас энэ дүрээ одоо болтол хайрлаж, хүндэлж явдаг байх.  

-Тухайн үеийн жаахан охин одоо ээж болсон чинь юу мэдрэгдэж байна. Хэр сайн ээж вэ?  

-Ээж болсон чинь бүх л юм өөрөөр харагдах болсон. Эмэгтэй хүн ээж болохоороо их өөрчлөгддөг юм байна. Өөрөө өөрийгөө илүү их хайрладаг байсан бол одоо тэр хайр нь хүүхэд рүүгээ чиглэх жишээтэй. Өөрөөр хэлбэл, өөрийгөө жаахан умартаж мартах талдаа ордог гэх үү дээ. 

Хүүхдэдээ чамлахааргүй цаг зав гаргаж, хичээж байгаа. Яг үнэндээ хүүхдээ хараад жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Хүүхэд маань нэг үеэ бодвол гараас гарчихлаа. Тиймээс одоо уран бүтээлдээ шаргуу хандъя гэсэн бодолтой ажиллаж байна. Ер нь урлагийн мэргэжил төсөөрөхдөө амархан байдаг.   

-Танд уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Залуу хүний хувьд манай уншигчдад хандаж юу хэлэх вэ?  

-Уншигч залуучууд, ирээдүйн эзэн хүүхдүүддээ хандаж хэлэхэд зорилгодоо үнэнч, тэмцэж чаддаг байгаасай. Тэр дундаа залуучууд ноён нуруутай байж гэр бүлээ авч явна гэдгийг дотроо ухамсарлаж байх хэрэгтэй. Сүүлийн үед залуучууд маань гэр бүлийг жаахан огоорч мартдаг болсон юм шиг ажиглагддаг. Энэ нь гэр бүлийн үнэ цэнийг алдагдуулах талтай. Үр хүүхэд зөв хүмүүжилтэй өсч байж бидний ирээдүй улам гэрэлтэй байх болно шүү гэдгийг л хэлэхийг хүсч байна.  

Б.Цэцэгдэлгэр
Эх сурвалж: Unen.mn

Continue Reading

Trending