Connect with us

Түүхүүд

Эмчилгээний төлбөр гэж ирэхэд асар их байхдаа гэж айгаад нээж үзсэн

Published

on

Хорвард сургуулиасаа ирээд ямар нэг юм худалдаалж өл залгахаар явдаг байлаа. Мэдээж түүний зарах юм хүмүүст тийм ч хэрэгтэй биш болохоор тэр бүр амжилттай биш. Эл өдөр тийм азгүй өдөр ажээ. Өлсөж ядарсан хүү аргаа барж айлаас идэх юм гуйхаар шийдэж нэг хаалга тогшвол үе тэнгийн хөөрхөн охин хаалга тайлав. Ичиж зовсон Хорвард идэх юмны оронд ус гуйлаа.

Харин охин бүхнийг ойлгож байсан тул аяга сүү авчирж өглөө. Хүү сүүг удаан уугаад халаасандаа байгаа юунд ч хүрэхгүй 10 центээ тэмтрэн хэдийг төлөх вэ гэхэд охин

-’’Хэрэггүй ээ” Ээж минь хийсэн сайн үйлийнхээ төлөө мөнгө авахгүй байх ёстой” гэж сургасан юм гэжээ. Хорвард чин сэтгэлээсээ талархал илэрхийлээд явжээ. Он жилүүд урсан өнгөрч Хорвард бага сургууль, лицей, их сургуулиа төгсчээ. Цаг хугацаа урссаар алдартай Жонс Хипконсын их сургуулийн доктор Хорвард Келлигийн удирддаг эмнэлэгт нэгэн хүнд өвчтөн иржээ.

Бусад эмнэлэгт эмч нар эмчлэх нь байтугай оношилж чадаагүй аж. Доктор Хорвард өвчтөний тухай танилцахад бага нас нь өнгөрсөн танил тосгон… бас мартаагүй нэр… Өвчтөнд үзлэг хийхээр өрөөнд нь орвол яг мөн. Олон жилийн өмнө өөрт нь усны оронд сүү өгсөн тэр сайхан сэтгэлтэй охин мөн байлаа. Харин өвчинд шаналсан эмэгтэй Хорвардыг хэрхэн таних билээ.

Доктор Хорвард түүний төлөө бүхнийг хийжээ. Эцэст нь бүсгүйн бие сайжирч эрүүл болсон байна. Эмчилгээ дуусч эмнэлгээс гарах өдөр тэр эмэгтэйн эмчилгээ, хагалгаа үйлчилгээний зардал 10.000 доллар болсныг батлуулахаар докторт авч очвол Хорвард төлбөрийн хуудсан дээр ямар нэг юм бичээд эмэгтэйд аваачиж өгөхийг хүсэв.

Ийм их эмчилгээ, асар их төлбөртэйг мэдэх эмэгтэй айж санаа зовсоор дугтуйг задалбал та эмчилгээнийхээ төлбөрийг олон жилийн өмнө “Нэг аяга сүүгээр төлсөн” Доктор Хорвард гэсэн гарын үсэг байжээ.

Advertisement

Сайн Мэдээ

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Түүхүүд

“Хромтойгоо гүйж болохгүй юм уу” гэсэн Адуучин залуу Ганзогоо дэмжээрэй!

Published

on

By

Дэлхийн Их 6 Марафоны нэг болох Берлиний Марафонд 2022 оны 9 сарын 25-нд Ахиллис Монголын 9 хүний бүрэлдэхүүнтэй багийн хамт гүйж буй Адуучин залуу Ганзо-г маань дэмжээрэй. Чүү!

Гүйлтийн дугаар (bib number): 23679

Марафоны зам дээр Ганзогийн хаана явааг марафоны аппаар дамжуулан бодит цагаар харж/дагаж болно. Апп: https://apps.apple.com/…/bmw-berlin-marathon/id464044582

Ганзогийн товч түүхийг доороос мөн сонирхох боломжтой.

ЛХАГВАГИЙН ГАНЗОРИГ

Айлын том хүү Л.Ганзориг 6 настайгаасаа эхлэн хилийн харуулын дарга аавыгаа даган морь унан хилийн манаанд гарч, өөрсдийн хариуцсан “участок”-ийн орчмын тайга, газар орныг нүдлэн, хурц хараа, эрэмгий зоригтой хүү болж өсчээ. Улаанбаатар хотод төрсөн ч түүний хүн болсон, одоог хүртэл амьдарч байгаа нутаг бол Монгол улсын хамгийн хойд хилийн сум болох Сэлэнгэ аймгийн Хүдэр сум юм.

Эрдэнэт хотод дунд сургуульд элсэн орж, жудо бөхөөр хичээллэж, дүү нартаа үлгэрлэн явсан хүү 15 хан настайдаа сархад хэрэглэсэн жолоочийн барьж явсан Газ-53 машинд өртөж хүндээр гэмтэв. Маш хүнд бэртэл авсан байдаг.

Сургуулиасаа гэр лүүгээ явган хүний замаар харьж явахад нь уучихсан жолооч хурд хэтрүүлэн замаасаа гарч давхиж яваад ийм зүйл болсон гэнэ. Сэхээнд бүтэн сар ухаангүй хэвтсэн хүү Эрдэнэт, Улаанбаатарын эмнэлгүүдээр тасралтгүй жил гаран эмчлүүлж хөл дээрээ босчээ.

Баруун хөл нь маш хүнд байсан бөгөөд эмч хөлийг нь авахаас өөр аргагүй гэхэд аав нь зөвшөөрөлгүй эмч нараас гуйсан тул эвлүүлэн бороолуулж эдгээснээс шагайны үегүй, өлмий дээрээ гишгэж явахаас өөр аргагүй болж эдгэрчээ. Тэр хүнд ослоос амьд сэрүүн үлдсэн нь том аз гэлтэй.

Нутагтаа ирснийхээ дараа гэр бүл, ангийнхаа хамт олны дэмжлэгтэйгээр дунд сургуулиа төгсөв. Үүнээс хойш нутгаасаа гарсангүй. 22 настайдаа хилийн заставдаа гэрээт хилчнээр орж багаасаа аавыгаа даган хийсэн ажил тул түүртэлгүй 7 жил ахлагчаар ажиллажээ.

Албаа хааж дууссаны дараа малчин болж, ээж, дүү нартаа туслан адуу мал хариулан, ахуй амьдралаа залгуулан амьдарсаар 35 нас хүрсэн тэр жил түүний дүү Золбаяр ахыгаа нутгаасаа гарч юм үзэж нүд тайлаг хэмээн гуйсаар байж хотод авчрав.

Дүү нь уулын спортоор хичээллэдэг бөгөөд “Ахиллис Монгол клуб”-т ахыгаа элсүүлснээр Ганзориг ууланд алхаж, хааяа гүйж эхлэв.

“- Би морио унаад энэ байтугай хол газар, байгалийн үзэсгэлэнтэй нутгаараа олон хоногоор уул хадаар аялан явдаг байтал заавал алхаж, гүйж биеэ зүдрээх ямар хэрэгтэй гэдгийг эхлээд ойлгоогүй. Дүүгийнхээ урмыг бодоод клубийн үйл ажиллагаануудад оролцдог байлаа.

Сүүлдээ клубийнхэнтэйгээ танилцаж дотносоод, бас мориор биш, хөлөөрөө алхаж гүйх нь өндөр уулын ард гарсантай адил урам зориг өгч, гүйгээд баймаар санагдуулдаг болсон байв.”

Түүнийг 2018 оны Нью-Йоркийн марафоны багт шалгаруулан оруулав. Гүйж эхлэхэд нь пүүз өмсгөх гэтэл – Би хромтойгоо гүйж болохгүй юм уу? гэж асууж байсан хүн дээ. Хөлөндөө эвтэйхэн болж хэвшсэн хромон гутлаа тайлж, хөнгөн пүүз өмсөөд, хурдан мориор биш хоёр хөлөөрөө, дэлхийн хамгийн том марафонуудын нэг Нью-Йоркийн марафонд гүйж туулав. Олон найз нөхөдтэй болж, адуучин, хилчин хүний мөрийг алсын нутагт гаргав. Алдарт Нью-Йоркийн гудамжаар алхаж, Ниагарын хүрхрээ, Вашингтон ДиСи хотуудыг үзэж, НҮБ-ийн индэрт зогсч үзэв.

Анх гүйхэд нь шоолж, жиг жуг хийлцэж байсан сумынхан нь амаа таглуулан, бахархаж баяр хүргэх болов. Олон цугласан газарт ярих хөөрөх сонин ихтэй болж, анхаарлын төвд байх болсон ч хэдийнээ үүндээ дассан байна.

Гүйж эхэлснээсээ хойш “Улаанбаатар марафон”, ОХУ-ын “Чистый Байкал” марафон, “Тал нутгийн марафон”, 2018-2019 оны Нью-Йоркийн марафонуудад амжилттай оролцсон. Ганзоригийн марафоны хамгийн сайн цаг нь 4:54:23 юм. Энэ жил тэрээр Берлиний марафонд гүйх гэж байна. Наадмаар уралдах хурдан морьдоо уяхынхаа хажуугаар өөрийгөө ч марафондоо бэлдэн сойсон байгаа.

Монгол улсын хилийн 726-р багана бол Ганзоригийн насаараа харж хамгаалсан газар. Энэ хилийн заставынхан хилээ тойрч эргүүл хийхдээ Ганзоригийг дуудан замчлуудаг. Адуучин, хилчин гэсэн бахархалтай тодотгол дээр нь Ахиллисийн нүүр царай болсон гүйгч гэсэн нэр нэмэгдсэн билээ.

Continue Reading

Түүхүүд

Уг нь Орос-Монгол хоёр ийм л хүнд бэрхийг хамтдаа даваад гарсан юм даа

Published

on

Жингийн үед бүх тэмээд нутгийнхаа зүг харж хэвтдэг байсан ба таваг нь салбараад үлдсэн ат 5 км.ээс тосон догонцон ирж хүн болон тэмээг нэгбүрчлэн үнэрлэж НУЛИМС ДУСЛУУЛЖ байсан гэж байна даа, ямар их элгэмсэг дотно сэтгэл вэ.

Мал нь хүртэл элгэмсэг миний монголын Ахуй аугаа

1943 онд 18 настай байхдаа Ховд аймгаас цугларсан 240 тн бэлгийг 1200 тэмээнд ачин 107 хүний хамтаар ирэх очих 2700 гаруй км замыг 230 хоног туулан Бийск хотод хүргэсэн байдаг. Энэ түүхт хүн бол Монгол улсын хөдөлмөрийн баатар, хувьсгал тэмцлийн ахмад зүтгэлтэн Борондонгийн Лувсан юм.

Энэ түүхэн хүнтэй 2005 онд Ховд их сургуулийн багш доктор М.Ганболд уулзан дурсамж тэмдэглэлийг нь бичиж ХИС-ийн НХУС-ийн Түүхийн тэнхимийн Түүхийн товчоон сэтгүүлийн 2009 оны Tomus-IV хэвлүүлснийг бүрэн эхээр нь уншигч та бүхэнд хүргэж байна. (265-271 талаас ишлэв).

Бийск хотноо бэлэг хүргэсэн минь

(дурсамж тэмдэглэл)

Монгол улсын хөдөлмөрийн баатар, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Борондогийн Лувсан

Товч намтар: Борондонгийн Лувсан 1923 онд Ховд аймгийн Манхан сумын Зэрэг гол багийн нутаг “Авхай” хэмээх газар Борондонгийн ууган хүү болон мэндэлжээ. Захчины Пүнлүүчин элкэн. Тэрээр 12 наснаас ээж, өнчин хоцорсон дүү нараа тэжээхийн тулд аргал түүж, тариа тарьж малаар арилжин амьдарч эхэлжээ. 1938 оноос 15 настайдаа Манхан сумын ХЗЭ-ийн үүрийн даргаар ажиллаж, 1941 онд шинэ бичигт сургах 45 хоногийн дамжаанд суралцан шинэ үсэг заах соёлын довтолгооны багш болжээ.

1943 онд 20 настайдаа цэрэгт мордон амины /хувийн/ мориор Ховдын Булганд хүрч 5 жил цэргийн алба хааж Байтаг богдын тулалдаанд 3 удаа оролцон, генерал Доржийн тушаалыг биелүүлэн яаралтай бичгийг 14 өртөө газрыг мориор туулан 1 цагийн өмнө хүргэн өгч гавьяа байгуулжээ. 1944 оноос сумын багийн агентаар ажиллаж байгаад 1955-1998 оны хооронд Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэл, Булган сумын Минжит Булган хоршооллын даргаар ажиллажээ.

ХАА-н нэгдлийг хөгжүүлэн бэхжүүлэхэд оруулсан түүний хувь нэмрийг үнэлэн Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одонгоор болон Сүхбаатарын одонгоор 3 удаа шагнаж 1972 онд БНМАУ-ын хөдөлмөрийн баатар цол олгожээ. Тэрээр АИХ-ын депутатаар 5 удаа, МАХН-ын Төв хорооны гишүүнээр удаа дараа сонгогдон ажиллаж байлаа.

1983 онд өндөр насны тэтгэвэрт гарснаас хойш төрсөн нутагтаа мод үржүүлж 1 сая 500 мянган улиас, бургас, 15 мянган жимсний мод тарьж ургуулан хөдөлмөрлөсөөр байна. Тэрээр улс эх орондоо 60 жил алба хаасны 47 жилийг сум нэгдлийн даргаар ажиллаж амьд ахуйдаа домог болон мөнхөрчээ.

Дурсамж: Зовох цагт нөхрийн чанар танигддаг. Гитлерийн герман ЗХУ-ын халдан дотолсон мэдээг баруун монголчууд өөртөө тохиолдсон гай зовлон гэж хүлээн авч байлаа. Тухай хүнд жилүүдийн нэг буюу 1942оны зун Ховд аймагт Германы эсрэг эх орноо хамгаалан тулалдаж байгаа Зөвлөлтийн /ЗХУ/ цэрэг эрсэд явуулах бэлэг цуглуулах сайн дурын хөдөлгөөн өрнөсөн юм. Би сумынхаа эвлэлийн үүрийн даргаар ажиллаж байсан учир энэ ажлыг гардан зохион байгуулагч нарын бэлэг байлаа.

Тэр үед Манхан сум 4000 гаруй хүнтэй боловч бичиг үсэг мэддэг нь 10 орчим байсан учир намайг нас залуу гэлгүй эвлэлийн үүрийн даргаар томилон ажиллуулж байсан хэрэг. Фронтод сайн дураар бэлэг хандив цуглуулах хөдөлгөөний явцад манай Манхан сумын захчин ардууд 2700 шахам агт морь, 500000 орчим төгрөгийн эд материалын тусламж үзүүлсэн юм. Энэ тусламжийн бараа олон зуун тэмээн хөсөг болж байлаа.

Манай сумын I багийн малчин Э.Жамсран, А.Дамдин, Х.Бүүвэй нар 18-31 агт морь, II багийн малчин Х.Дэндэв, Б.Мишигдорж нар 14-15 агт морь, III багийн малчин Ш.Рэнцэн, Г.Ум нар 11-12 агт морь, IV багийн малчин Т.Содномдаржаа 33 агт морь, V багийн малчин Б.Араа, Ж.Магнай нар тус бүр 50 лан мөнгө, бүрэн гэр, 17-39 агт морь, VI багийн малчин М.Гэрэл, Ж.Пүрэв, Д.Содном нар 19-34 агт морь, VII багийн малчин Ц.Намсрай, Т.Бат, Ө.Амиа нар 13-24 агт морь, VIII багийн малчин Ш.Намсрай 4 агт морь (унагатай гүүгээ авч хоцороод), IX багийн малчин Ц.Мажин, Б.Батгомбо, Б.Хишигт нар 1-23 агт морь тус тус бэлэглэж байлаа.

Ардууд хонь, үхрийн мах борлуулан бэлтгэж Бийск хүргэх бэлэг ачихад зориулан хамгийн сайн тэмээдээ бэлэглэж байв. Эрчүүд зээр, зэрлэг гахай, марал буга агнахаар мордож, эмэгтэйчүүд хонины нэхийгээр малгай, дах, дэгтий, бээлий, гутал хүртэл оёж байлаа. Энэ бүгд сайн дурын хөлсгүй ажил байв. Манхан сумаас цугларсан бэлгийг хүргэх 108 хүнтэй том цувааг ахлах үүргийг 18 настай эвлэлийн үүрийн дарга надад оногдууллаа.

Энэ даалгаврыг аймгийн яамны төлөөлөгч Батдэлгэр, сумын удирдлага Н.Дорж, Г.Чойжинжав, Б.Балжаа нараас надад өгөхөд би баярлан хүлээн авч байв. Багуудад зар тараан явж 1200 орчим тэмээ цуглуулан 20-30 хоногт бөхийг хөдлөхгүй болтол сойн уяад хом шат, бурантаг, буйл бүгдийг бэлтгүүлэн, нэг тэмээнд 200 кг ачаа тааруулав. 1942 оны 9 сарын 17-нд алсын замд гарлаа. Жингийн цуваанд 107 хүн багтаж 170 хоног хэрэглэх мах, борц, гурил, цай, давс, тос, гутал хувцасаа нэг бүрчлэн базаав.

Манай жингийн багт тухайн үеийн алдартай сайн жинчин ахмад настан Н.Тэгшжаргал, Б.Гончиг, О.Намжил, идэр залуу Ц.Рагчаа, Д.Намгар, Х.Навган, Б.Цэнд, Т.Эрчулуун, Б.Шийнэн, Н.Даваа, Х.Намрал, Сархиа, ангууч Гэлэг, Ө.Сэнгээ, М.Лхаван, Д.Лхасран, Ш.Тая, Х.Лувсан, Х.Цэрэндорж, Ө.Лангуу нарын хүмүүсээс хамгийн бага нь 16-18 настай Луузан, Лхамсүрэн, Базар бид нар байлаа. Намайг Зөвлөлтийн улаан армид бэлэг хүргэх жингийн цувааны ахлагчаар томилсон гол учир нь албан хаагч байсанд байгаа юм.

Би сумын эвлэлийн үүрийн даргын зэрэгцээ Пионерийн удирдагч, Артелийн шалган байцаах комиссын дарга, Фронтод туслах комиссын нарийн бичгийн дарга, Мал ноослох аргыг заах эвлэлийн гишүүдийн ахлагч зэрэг их л олон ажилтай том амьтан давхиж явсан юм. Жинчдээс одоо амьд сэрүүн байгаа нь 84 настай Д.Лхасүрэн, 76 настай Ж.Луузан тэгээд миний бие л байна.

Жингийн ахлагчийн хувьд би хос тэмээн унаатай нэг тэмээндээ сумын хоршооны худалдагч өвгөн Данзангаас худалдаж авсан жижиг богц ганзагалаад Бийск хотын зүг гарч өглөө. Бүх тэмээндээ бүгдэд нь Улаан армид хүргэх бэлгийн зүйлсийг ачсан юм. Намар тэмээд тарга хүч сайн авсан учир удаан явж байлаа. Цуваа нарийн дэг журамтай явна, өдөрт 20-30 км зам туулан, өвс устай газар тааруулан бууж тэмээддээ хивлэг авахуулан хоноод өглөө үүрийн жингийн цагаан од гармагц босоцгоон цайгаа уугаад тэмээдээ босгож, шээлгэн биеийг нь хөнгөлөөд ачаалан сүүлчийн тэмээндээ хонх зүүгээд хөдлөнө.

Тэрхүү таван цэнгийн дуутай төмөр хонх одоо ч надад хадгалагдаж байна. Тэр жил зуд болж эрт цас унан Цагаан нуураас эхлэн бараг өдөр бүр цасан шамрага шуурга тавьж хүн малын толгой цасанд дарагдан цагаарч зам дээр хальтирч унасан тэмээний ачааг хэд дахин ачих зэргээр саад бэрхшээл их л тохиолдож заримдаа замаасаа буцмаарч санагдавч, бид урагшилсаар л байв. Бие биенээ зоригжуулан заримдаа “Гитлерийн Фашизм сөнөтүгэй” гэж хашгиралдан хүч тэнхээ орж, “Идэр жинчин”, “Сийлэн бор”, “Баян монгол” зэрэг дууг дуулалдан орос хүүхнүүдтэй наргиж тоглож явлаа.

Бидний замын хамгийн хэцүү хэсэг нь ЗХУ-ын Уулын Алтай улсын нутаг Чуйн хөндийг туулж, Катун голыг гаталж, Чекет аманы даваа давах байв. Явсаар бид ЗХУ-ын нутагт ороход өвөл болж цас мөсөнд бүрхэгдсэн тул хальтиргаатай газар тэмээд гулсаж хальтираад хэцүү боллоо. Бид тэмээндээ “гутал” оёж тавхайг нь хонины нэхий, эсгий даавуугаар боож, брезент, арьсаар углааш хийж өмсгөж явав.

Цуваа хөдөлж чадахгүй үед тэмээний тавхай дор дах, хүрмээс эхлүүлэн модны мөчир, банз тавьж хөдөлгөнө. Катун голын Усть-Селийн дүүжин гүүрийг гатлахад үнэхээр хүнд байлаа. Тэмээ гулсаад явж явахгүй. Бид өглөө хар үүрээр хөдөлж өдөржин яваад орой харанхуй болсон хойно түүдэг асааж буудаллана.

Замын тосгон суурингийн хүмүүс бидэнд тусалж ачаа бараа буулгах, тэмээ хальтирч гулсахад дэмжиж гаргах, тэр их хүйтнийг тоохгүйгээр мөсөн дээр пальтогоо тайлан дэвсэж тэмээг нэг нэгээр хөтлөн гаргалцаж, жинчдэд хоол хүнс бэлтгэж өгөх, тэмээдэд модны мөчир тайрч тэжээл болгож өгөх, цасанд норсон хувцас, дах дэгтийг хатааж өгөх зэргээр ямагт тусалж байлаа.

Тэд биднийг гэртээ урин байцаа, вандуй аль байдгаараа дайлна. Бид хариуд нь тарианы гурил, борц,ааруулаасаа жаахан өгнө. Тэд жингийн цувааг 5, 10 км даган явна. Тэсгэм өвлийн хүйтэн голын мөсөн дээр цоохор даавуу платьтай орос эмэгтэйчүүд бидэнд тусалж байсныг бодоход үнэхээр гайхалтай. Орос хүмүүс ингэж бидэнд тусалсан юм шүү. Ийм олон явдал жинчдийн сэтгэл зүрхэнд үүрд хоногшсон юм.

Тэр үед зөвлөлтийн эрчүүд нь бараг бүгд фронтод тулалдахаар явсан тул хүүхэд, эмэгтэйчүүд үлдсэн боловч бидэнд үнэхээр их тусалж байв. Ингэж л цуваа явахгүй саатсан үед тосгоны эмэгтэйчүүд гарч ирээд гадуур хувцасаа тайлан хаяад хөр цасан дунд ханцуй шамлан бидэнд тусалж урам зоригийг сэргээдэг байлаа. Хоног таарсан тосгодод оройд заавал бидэнд зориулан бүжиг танц зохион бүжиглэж хуурдана, ганц нэг шил архи дарс гаргана.

Жинчид бидний замд Хөшөө мод, Алуушаа, Онгудаа, Шавилан, Маймаа, Найна, Бийск хотуудад амрах тусгай байр бэлтгэн бүжиг танц, дуу хуурт урихад жинчид зузаан нэхий дээлээ эргүүлж нөмөрсөн дахтайгаа ороход эмэгтэйчүүд “баавгай ирлээ” хэмээн алга нижигнүүлэн угтаж ядарч зүдэрснийг маань арилгаж сэргээдэг байлаа. Чуйн хавцлын битүү цасан хучлагатай зарим газар хоноглохдоо майхнаа татаж гудсаа дэвсээд унтахад өглөө гудсын ормоор цас хайлсан байдаг сан, залуу насаа гэж.

12 сард юмсан эхний тэмээний хоргол сүүлийн тэмээний толгой дээр унадаг Чекет аманы даваа өөд 8-р багийн жинчид бид 2 метр зузаан цастай 400 орчим метр газрыг 2 хоног малтан арайхийн туулаад байтал араас жингийн цуваа гүйцэн ирлээ. Цааш нь Зөвлөлтийн тосгоны 40 орчим хүүхэд, 20 гаруй эмэгтэйчүүдтэй хамтран дахин цас малтан урагшилж байтал ахмад настан Тэгшжаргал гуай ядран ухаан алдаж унахад бид сандралдан яах учраа олохгүй байтал Тамара гэдэг эмэгтэй тусалж байв.

Тэр 400 метр замд бид хамтран 10 метр өндөртэй цасан хашлага босгож байж ачаатай тэмээдээ давуулж билээ. Бид шуудай шуудайгаар хусны мөчир бэлтгэн авч орой бүр тэмээддээ нэг нэгийг нэмэгдэл тэжээл болгон өгч явсан. Явсаар Бийск хотод дүн өвлөөр ирж үнэт ачаа бэлгийн зүйлээ буулгацгаав. Бийскийн бараа баазад урал ЗИС-5 машинууд дугаарлан зогсож цэргийн дарга нар угтан ачаатай тэмээг хэвтүүлэлгүйгээр машинтай зэрэгцүүлж байгаад хоёр хоногт багтаан бэлгийн ачааг хүлээн авсан юм.

Албаны хүмүүс бидний бэлгийг тун удахгүй улаан армид хүргэх болно гэж байлаа. Жинчид хүн тэмээгээ 3 хоног амраагаад буцах боллоо. Би ч яахав жингийн даамал хүн томоотой. Миний нас чацуу Луузан, Лхамсүрэн нар олон танилтай болсныг би мэднэ. Гэхдээ тэр хугацаанд залуу миний бие Валя гэдэг бүсгүйтэй танилцлаа. Бид хэл нэвтрэлцэхгүй ч ойлголцож л явлаа.

Дараа нь энх цагт нэг биш удаа Бийскээр дайран явахдаа тэдэнтэйгээ таарсангүй. Оросууд овог хэрэглэдгийг мэдэхгүйгээс дахин уулзаж чадаагүй юм даа. Биднийг буцахад хэдийгээр хүнд үе байсан боловч оросууд манай цуваанд улаан будаа, гурил, элсэн чихэр, ёотон, цай, даалимба ачуулан буцаав.

Фронтод бэлэг хүргэх хүнд хэцүү аяллын үеэр миний мэдэж авсан бас нэгэн зүйл бол монгол мал тэр дундаа тэмээний тэсвэр тэвчээр хүч чадал байлаа. Алдарт хэцүү Чекет аманы даваа давахад зарим тэмээндээ 2-5 тэмээний ачаа ачин зүтгүүлж байлаа. Тэмээнээсээ хэд дахин том ачаа дайвалзан мөн ч сүртэй аймаар харагдана. Нэг ч ачаа орхих эрх бидэнд байгаагүй. Өвлийн хүйтэн шөнө тэмээд 4-10 ширхэг 20см бургасны мөчир хэвж хоноод маргааш нь хүч чадал сэлбэгдэн босож ирнэ.

Хивлэг алдсан тэмээнд 8-10, өлдөөгүй тэмээнд 4 ширхэг бэлтгэсэн бургас өгнө. Замд бэртэж гэмтсэн эсвэл эцэж туйлдсан тэмээгээ орхиод явах үнэхээр хэцүү. Орхиод явахад тэмээ нулимс асгаруулан буйлна. Жинчид цурхиртал уйлалдан эргэж харцгаана. Орхисон тэмээний ачааг хамгийн сайн тэмээндээ нэмэн ачна.

Хамгийн чадалтай сайтай тэмээд гэвэл манай сумын Ядамсүрэнгийн бор, Пунцагийн хөх, Лувсангийн бэц улаан, Баатарын цайвар, Цог-Очирын хөх, Балсангийн шар, Гончигийн улаан, Нойровын далиу хүрэн, Содномын мэлтгэр хүрэн, Жамбын аяс хүрэн, батын шар атнууд байлаа. Ялангуяа ямар ч хол жинд явсан ч улдах гэж мэдэхгүй, бөх нь ширээ ирдэг Зэрэг гол багийн Жамбын аяс хүрэн атыг мэдэхгүй орос, монгол хүн Чуйн замд байгаагүй.

Намар жинчид Жамбаас хүрэн атыг нь гуйж авч явна, тэд Жамбын хүрэн ат уулын өндөрт түшиг болно, эзгүй газар эр хүнд сүр болно, аяс хүрэнтэй явахад муу хүн, чоно хоёр ч халдаж чадахгүй, аяс хүрэнг авч явахгүй бол ачаа бараагаа бүрэн хүргэж чадахгүй гэж ярилцдаг сан. Мэлтгэр нүдтэй аяс хүрэн гэдэг энэ цуутай атнаас 20 кг ноос гардаг байлаа. Тэдгээр атнууд бүхий л замын туршид 300-500 кг ачаа тээж байв.

Бид Найна гэдэг тосгоны ойролцоо нэгэн айлд Жамбын өөр нэгэн шар атны тавхай нь салбараад явж чадахгүй болсон тул захиж орхиод явлаа. Биднийг бараг хоёр сарын дараа буцаж ирэхэд хөөрхий тэр тэмээ яг л орхисон газарт хүлээж байснаар барахгүй жингийн анир авсан уу яасан урдаас маань 5 км газар тосон догонцон очиж бүх тэмээ, жинчдийг үнэрлэн нулимс бөмбөрүүлэхэд жинчид бүгдээр өрөвдөн амраг хань ахан дүүстэйгээ уулзсан мэт болж тэмээг минь харж байсан орос нөхөртөө бэлэг өгч билээ. Монгол хүн, монгол мал хоёр хаа ч явсан элэг нэгтэй байдгийг бид тэр үед ингэж мэдсэн юм.

Биднийг нутагтаа буцан иртэл тэр тэмээ жингийн гол дундаас ганц ч удаа гараагүй юм. Зам зуур бүх тэмээд ганцхан нутгийнхаа зүг харан харан хэвтсэн байдагсан. 1943 оны 5 сарын 5-нд бид Манхан сумандаа буцаж ирсэн юм. Ингэж бид ирэх очихын 2700 гаруй км замыг тэмээн жингээр 230 орчим хоног туулан даалгавраа биелүүлэн Оросын ард түмэнд фронтод хүргэх бэлгийн цуваа ажлаа дуусгасан. Урт замд бид гутал, хувцсаа тайлалгүй, гар нүүрээ ч угаалгүй явсан юм. Энэ явдлаас хойш 57 жил өнгөрсөн боловч бүх зүйл миний санаанд өчигдөр мэт л тодхон байна.

2005 оны хавар өвгөн дайчин миний бие Ховд аймгийн төлөөлөгчдийн хамт ОХУ-ын Алтайн хязгаарын Барнаул, Бийск хотуудад хүрч Оросын ард түмний аугаа их ялалтын 60 жилийн ойн баярт оролцох завшаан тохиосон юм. 1942 оны өвөл 10 хоног явж арайхийн давж байсан Чекет Аманы давааг бид 2 цагт туулан гарлаа. Тэнд тавьсан засмал зам үнэхээр гайхалтай юм.

Хилийн захын хот тосгодоос эхлүүлэн замын туршид тулаанд оролцсон ахмад дайчин эрэлхэг хөвгүүд, охидын дурсгалд зориулсан самбаруудыг өлгөн байрлуулсныг хараад, энгэртээ одон тэмдгээ гялалзуулсан ахмадаа хүмүүс хүндэтгэн хайрлаж байхыг үзээд хүнд өдрүүдийг ямар их тэвчээр сэтгэлийн тэнхээгээр туулж байсныг нүдээр үзсэн хүний хувьд би үнэхээр баярлаж байлаа. 5-р сарын 6-ны өдөр Барнаул хотын В.М.Шукшины нэрэмжит драмын театрт болсон ялалтын баярын хурал дээр надаар үг хэлүүллээ.

Фронтод бэлэг хүргэж ирсэн Монголын цувааны ахлагч Б.Лувсан гэж зарлаж байна. Миний хэлсэн үгийг орос хэлний багш Д.Нямаа гэдэг бүсгүй орчууллаа. Хуралд оролцогсод баярлаж хөөрөөд алга ташин хашгиралдаад бэрх юмаа. Хэлсэн үг маань тэдэнд таалагдсан бололтой. Хурал дээр бид Бийск хүрсэн жингийн цувааныхаа гэрэл зургийг дурсгал болгон өгсөн юм. Хурлын дараа 1000 хүн оролцсон хүлээн авалт болж хамгийн том дарга нь манай ширээнд ирээд баяр хүргэж надтай зураг авахуулж байна.

Дараа нь 5-р сарын 8-нд бид Бийск хотод ирж ялалтын баярт оролцохдоо их л хүндэтгэл хүлээж Тамара, Валя нараа асуусан боловч таних хүн таарсангүй. Ингэж өвгөн дайчин би Ховд нутгийнхаа түүний дотор төрөлх Манхан сумынхаа ард түмний бэлгийг дайтаж буй Зөвлөлтийн армид хүргэх цувааг ахлан хэцүү боловч дурдатгалтай мөнхийн үл мартагдах үүрэг гүйцэтгэсэн билээ.

Continue Reading

Түүхүүд

Монгол морь маань намаг таарвал үнэрлэж байгаад цөмрөхгүй газрыг олоод гарчихна. Нөгөөх өндөр морьд харин намагт шигдээд гаргах гэж их л ажил болдог

Published

on

By

ОХУ-ын ахмад дайчин Федосевич дурсамж тэмдэглэлдээ Монгол морины тухай ингэж өгүүлжээ:

Монголын ард түмнээс олон мянган агт морьдоо Зөвлөлтийн армид бэлэглэсэн. Тэр жил ихээхэн хүйтэн хатуу өвөл байж билээ. Монголоос бэлэгний морьд ирсэн гэхээр нь манай сумангийнхан очиж үзвэл бүгд жижигхэн морьд байсан тул бид тоосонгүй. Удалгүй надад хээр зүсний Монгол морь хувиарлан өглөө. Манай сумангийнхан намайг, илжиг унасан “Дон Кихот” гэж хочилдог болов. Манай суман тагнуулын суман бaйсан тул ой ширэнгэ аль л байгалийн бартаатай газраар явна.

Нэг удаа Немцүүдийн отоонд орж, олон цэргүүд гал нээхэд миний морь хамгийн түрүүнд тэндээс сум шиг харван гарч намайг анх удаа аварсан юм. Чихээ хулмайгаад сунаж байхад нь би дээр нь арайхийж л тогтдог байлаа. Морь маань намаг таарвал үнэрлэж байгаад цөмрөхгүй газрыг олоод гарчихна. Нөгөөх өндөр морьд маань харин намагт шигдээд гаргах гэж их л ажил болдог байлаа. Би мориндоо “Монгол” гэж нэр өгсөн бөгөөд манай суманд “Монгол”-ийг мэдэхгүй хүн үгүй.

Бас нэг байлдаанд нэг цэргийн морь дайсны суманд өртөж дайны галын дунд үлдэхэд би морьтойгоо эргэн давхиад тэр шархадсан цэргийг авахаар ойртоход “Монгол” маань бараг газарт наалдах шахам налж өгч би тэр цэргийг гуд татан урдаа тэгнээд галын шугамаас холдсон. Ингэснээр “Монгол” маань сумангаар барахгүй Дивизэд нэр нь түгсэн юм даа. Тагнуулын сумангийн хамгийн эхэнд “Монгол” бид хоёр л явдаг болов.

“Монгол”-д би сахар, хар талх идүүлж сургасан. “Монгол” бид хоёр байнга л хамт байдаг тул найз нөхөр шиг л дасал болцгоосон юм. Миний өврөөс сахар, хар талх үнэрлээд л мэдчихнэ, тэгээд нэхнэ. Ийм сайн морио бэлэглэсэн малчин Монголчууд сайхан сэтгэлтэй хүмүүс юмдаа гэж би боддог байв. Сүүлдээ миний “Илжиг унасан Дон Кихот” гэдэг хоч маань өөрчлөгдөж “Ид шидийн морьтон Илья Муромец” гэдэг алдартай болов. Тэр үед манай сумангийхан Монгол морьдтой болохыг л хүсдэг байлаа.

Бусад цэргүүд маань өвлийн хахир хүйтэнд морьдоо хооллох гэж сандарч байхад, би бол хээвнэг дугжирч хэвтдэг байлаа. “Монгол” өөрөө цас ухаад өвсөө олоод идчихнэ. Ер нь миний амийг “Монгол” маань олон удаа аварсан даа. Тэр морь бол миний сайн нөхөр минь байлаа. Дайны дараа би “Монгол”-оо Москва хотын ойролцоо цэргийн аж ахуйн газарт хүлээлгэж өгөхдөө өр эмтрээд тэсэлгүй мэлмэртэл уйлж билээ. Дэлнээс нь л хэдэн хялгас тасалж аваад үлдсэн юм. Одоо Монголын маань хөшөө цэргийн ангийн цэцэрлэгт хүрээлэнд бий. Би Монгол Улсад очиж Монгол морь унаж, үнэрийг нь нэг сайхан үнэрлэх юмсан гэж бодож явдаг юм даа…хэмээжээ.

Continue Reading

Онцлох мэдээ

DMCA.com Protection Status