Connect with us

Түүхүүд

Хүнд өвчтэй тэр бүсгүй эхнэртэй нэг залууд хайртай болчихсоноо ярьж сэтгэлээ онгойлгоно

Published

on

Зочид буудлын цонхоор намрын сарны сүүн цагаан туяа өрөө тасалгаа, тэр ч байтугай ор дэрэнд хүртэл буугаад ирснийг хэлэх үү?

Буудлын зорчигчид алжаал тайлахаар орондоо тухалцгааж, жижүүр бүсгүйн түлхүүр шажигнах чимээ ч намдаж сэтгэлийн үг ярихад хичнээн таатай. Мандалговь хотод хамт ирсэн найруулагч бүсгүй маань өнөөдөр л энд учирч байгаа мэт нойр хагаслан ярив. Ярих ч гэж дээ дууль хайлав.

…Арван хэдэн жилийн өмнө юм даа. Дулмаа гэдэг сайхан хүүхэнтэй эмнэлэгт танилцсан юм. “Хүргэн хүү” киноны гол баатар хүүхэнтэй зүс царай, бие бялдар нь яг адилхан юм шиг санагдаж байсан. Хөөрхий минь зүрх их муутай. Үе үе нүүр царай нь хөхөрнө. Зүрхээр нь хатгуулна.

Хорь дөнгөж гарч яваа бүсгүйг ийм хүнд өвчтэй байгаад эмч нар, тэр дундаа нэг орос залуу эмч их өрөвдөнө. Тэр байсхийгээд л жимс бариад ирнэ. Хэдийгээр хүнд өвчтэй ч хүнийг хайрлаж чаддаг бүсгүй байсан. Эхнэртэй нэг залууд хайртай болчихсоноо надад ярьж сэтгэлээ онгойлгоно.

-Нэг удаа би түүнийг авгайтайгаа явж байхыг хараад зүрхээр хатгуулж арай л суун тусалгүй тэссээр автобусны буудлын сандал дээр дөнгөж хүрээд л унах мэт болж нүүрээ даран уйлсан. Гэтэл нэг хүн ирээд толгойг минь илэхэд харвал тэр маань авгайгаа явуулчихад хүрээд ирсэн байв.

-Би байж л байна шүү дээ. Юунд ингэж уйлдаг юм бэ гэсэн.

Миний тэр хүн бол тийм гоё сайхан эр биш. Нарийхан хар сахал нь нүүрэнд нь зохисон, зөөлөн харцтай бор нүдтэй, нүдэнд дулаахан л залуу… Ингэж л ярьдаг. Нурууны өндөр нам, алхаа гишгээг нь хүртэл том алаг нүдээ бүлтэгнүүлэн байгаад л ярьдаг. Энэ үедээ өвчнөө ч анзаарахгүй, ёстой л сэтгэлийн жаргал эдэлдэг байсан.

Нэг өдөр надад, найз чинь мэс засал хийлгэх байх.Эмч нар зөвлөлтөд явуулах нь шиг байна. Ингэж зовж байснаас үхвэл ч үхээд, сэхвэл ч сэхээд нэг тийшээ болсон нь дээр гэв. Миний арга барагдаж, битгий муу юм бод доо. Мэс засал амжилттай болно гэж найдсандаа л явуулах гэж байгаа шүү дээ гэв.

Тэгээд л Дулмаа маань явчихсан. Москвад очоод мэс засалд орох гэж байхад нь нөгөө хайртай залуу нь Ёвропын нэг оронд ажлаар яваад буцах нь таарч, ашгүй нэг мэдээ авалцаж уулзжээ. Сахиж суусан ээж нь охиныхоо сэтгэлийг дагаж залууг орж ирсэнд баярлаж нулимсаа барьж ядан байжээ.

Бүсгүй үг хэлэх тэнхээгүй байсан ч хайрлаж байсан хүнээ бүдэг бадаг ч гэсэн таньж, хэдэн үг сүүлчийн удаа шивнэх аядсанаа амьсгаа хураажээ. Эх хүн сайхан охиноо хүний нутагт чандар болгон хайлах гол харалсан хэцүү мөчид ч тэр залуу хамт л байжээ.

Хайрт бүсгүйн эх охиноо бяцхан бумбанд үнс болгон барьж, галт тэргэнд гишгүүрээ олохгүй дайвалзан байхад мөн л төрсөн хүү шиг нь түшиж тулж явсан гэнэ лээ. Хүний сэтгэл гэж сонин шүү. Түүнээс хойш хэдэн жилийн дараа хүнсний 20-р дэлгүүрийн урдуур явж байтал нэг их танил нүүртэй залуу таарч, би өөрийн эрхгүй эхэлж мэндэллээ. Тэр хүн гайхсан мэт зогсчихов. Энэхэн зуур надад талийгаач бүсгүйн ярьж байсан залуу санаанд орж,

-Таны сайн танил бүсгүйтэй би эмнэлэгт хамт байсан. Түүний яриагаар л таныг танилаа гэв. Үнэхээр би зүсийг нь хараагүй атлаа таньсан юм. Өндөр нуруутай, эрсхэн алхаатай, цэмцгэрхэн хувцасласан ширвээ сахалтай бор залууг хараад яг л түүний ярьж байсан хүн нүдэнд туссан юм.

Хайртай хүнээ тэр хүүхэн яг л гэрэл зургаар буулгасан юм шиг хэлж чадсан. Сайхан сэтгэлтэй тэр залууг одоо ч гэсэн олж уулзаж бодно доо. Гагцхүү сэтгэлийн нь шархыг сэдрээхээс л айх юм… 

Хайрт хүнтэйгээ богинохон насандаа хамтран сууж ханийн жаргал эдлэх хувь тавилангүй ч залуу зүрх зогсч оньс мултрах үед толгойгоо түшүүлнээ гэдэг хайр сэтгэлийн бурхан тэнгэр ивээснийх дээ.

Сэвшээ салхи сэтгэлд нэгийг өгүүлэв

Намрын тэргэл саран “Намайг хараач дээ” гэх мэт өндөрт манхайн сүүн цагаан туяагаа илгээн байхад яахан сормуус хамхиж нойрсох билээ. Хүрэх газар руугаа ч яарах нь үгүй, ажил амьдралын алив бодол тархи толгойноос нисч ганцхан л саран бид энэ ертөнцийг эзэгнэх мэт аяны дөрөө мултлан говийн сөл ханхалсан талд түр байзнах болов. 

-Салхи өөдөө харж сууна шүү!

-Газар сунаад л хэвтье! гэцгээж олон жил далайгаар ч юм уу, агаараар ч юм уу аялж яваад л сая л нэг хуурай газрын бараа харах мэт. Дэргэд бүрх малгай хайш яйшхан хаяж, энгэр заамаа задгайлсан Даваа гэдэг говийн гүдэсхэн эр саран зүг харан суужээ. Олон таван үггүй, хааяа нэг цагаан шүд цухалзуулсхийн инээмсэглэнэ.

Ийм хүний дэргэд халуун говьдоо залуу насаа өнгөрөөж яваа хань бүсгүй нь яасан азтай хүн бэ гэж бодогдоно. Эгц урд маань саранд нүүрээ гэрэлтүүлэх ч яамай, сэвшээ салхи л амсъя гэсэн маягтай мэргэжил нэгт залуу дүү маань сууна.

Залуу наснаасаа хээрийн замд явж, малчин хүний үг яриа, сэтгэл санаа, тэр ч байтугай хотны банхарын нь дууг хүртэл үүргэвчиндээ буулгаж ирдэг Бямбажав маань Гурвансайханд биш, Алтайд л байх мэт. Аян замын арван ам бүл говийн шөнийн агаар салхи, өвс ургамлын үнэрт согтож, орчлонгийн жаргалын дээд ердөө л энд цогцлон байгаа мэтээр сэтгэл хөөрч, зүрхний цохилтоо ч мэдрэх нь үгүй, чангахан гишгэхээс ч эмээн нам гүмийг мөрөөднө.

Чихний хажуугаар өнгөрөх шөнийн ганцхан хэдгэнэ ч хуурын татлага болон зүрхэнд очно. Өнчин заяатай саран шөнийн сэвшээгээр санаа алдан, аль эрт орхиод явсан залуу насандаа дөрвөн чимээ чагнан гиюүрч байсан тэр л шөнийг санагдуулна.

Шөнийн намуун салхинаа найгах шивээн толгой, таанан тэргүүн шувууны хөл ширхэглэн хар үр унах хүртэл чихнээ сонсдох мэт сэтгэл алдарна. Идэж уух, өмсөх зүүхийн эрэлд хатахгүй, ердөө л тэнгэрийн энэ саран доор эгнэгт босоогоороо сэрвийн байдаг хэдэн хөх чулуу хүртэл хичнээн жаргалтай вэ?

Намрын саран доор дуулж ч, уйлж ч явлаа. Орь залуу насандаа хоёр тивээс захидлаар уулзаж, чиний минь нүүр саран дээр тусдаг ч болоосой. Тэгвэл би шөнөжин зүрхээ даран зогсч сэтгэлийн цангаагаа тайлах сан гэж бичиж байсан тэр хүн маань даанч хол байна даа. Гэгээн саран даанч олон жил огторгуйн их замыг туулж, тэр зүг хичнээн олон хүн ширтэж, баярлаж уйтгарлаж явсан бол оо!

Тэр дундаа Дундговь нутгийн дуу хууранд намрын саран, айраг хоёр мөн ч их хөг нэмж дээ. Амьдралын сайн сайхныг зүрхээрээ мэдрэх авъяас заяасан залуу сэтгүүлч До. Чулуунбаатар яагаад ч юм бэ, “Хөндийн жавар” уянгын дууг намрын замынхаа сүлд болгон, амраг чиний минь хайр, араас төөнөөд бүлээн дээ гэж эр хүний цээл тунгалаг хоолойгоор дуулах нь, учралаас илүү холдон явах нь л сайхан юм гэсэн нэг бодол төрүүлэв.

Сэтгэл ямар нэг юм үгүйлж, тэр зүг тэмүүлж, гансрал уйтгарыг амсч байж л хүн уясч эргэцүүлэн бодож, ухаан уртасч байдаг байх. Нэг эргээд харахад л хүсэл биелчихээд байвал амьдрал утгагүй биз. Чухам энэ бүхнийг тунгааж дэнсэлж, сэтгэлээ жаахан “зовоож” байх цаг маань намар л юм.

Өвөлд нь бяцхан бор гараа зөөлөн алганд нь дулаацуулж, зунд нь хөл нүцгэн хөтөлцөн гүйж байсан сайхан эгчийгээ намрын сарны гэрэлд дахин нэг харах сан гэсэн чин хүсэлд залуу сэтгүүлч маань автаж явсан. Хүн, тэр дундаа уран бүтээлч хүн байхгүй юмыг бий болгож ургуулан ургуулан бодох увьдастай байдаг хойно.

Саруулын амны саглагар цагаан хайлаас сарны туяанд мөнгөрөн эгчийн нь шингэн тансаг царай нь тодроод ирэх шиг болов. Эгчийн нь найз Чимидцэрэн түүний духан дээр үнсэн, хул дүүрэн айраг өмнө нь цэлэлзүүлж, сэтгэлийг нь савхийтэл тэгшлэв.Тэгээд эргэж эгч дүүгийн ёсоор уулзах сайхан сэтгэл өвөрлөн үлдлээ. 

-Хаалгаар ороод ирэх нь хүртэл эгчтэйгээ яасан адилхан байв аа гэж амандаа хэлээд саран доор машин хөдөлтөл хөшөө мэт зогсов. Энэхэн зуур хичнээн их юм энэ бүсгүйн дотор орж ирсэн бол!

Сэтгэлд үлдсэн хоёр зураг

Дэрэн сумын адуучин Шийрэв гуайнд дөрөө мултлан жагхийв. Говьцуул айраг л байвал цай гэж санаанд орох биш. Гадаа машин сүрхийж хоёр гурван хүн орж ирэв. Айрганд нилээд дөрөө чангалсан, дөч шүүрч яваа байрын нэгэн эр миний хажууд сууж, эхнийхээ хул айргийг тогтоогоод яриа өдөж эхлэв. Холын хүмүүсийн нэр усыг мэдсэний дараа,

-Өө! Амбасэлмаа гэдэг хүн чинь энэ үү? Радиогаар сонсч, сониноос уншаад арай ч ийм буурал, дээд доод шүд дутуу хүн гэж санасангүй. Толь тогос шиг л амьтан гэж бодож явлаа. Ядаж үсээ будуулж, хими хийлгэчихгүй яасан юм бэ гэдэг байна. Хамт явсан залуу нөхөд маань эгчий минь арай ч дэндүү хэлчихэв үү? гэж санаа зовсон бололтой дув дугүй сууцгаана.

Иймэрхүү үгийг ойрмогхон Завхан аймагт сонссон. Ер нь уулзсан хэд хэдэн хүн, таныг хөдөө их явдаг болохоор нэг л их бадируун гүжир бор хүүхэн гэж бодсон чинь…гэсхийгээд орхичихсон.Тэгэхлээр миний хувьд энэ үгэнд нэг их цочсонгүй. Хүн ярьж байхад дуугүй суугаад байлтай биш. 

-Тийм нэгэн хүн нартад байдаг гэж таны цээжинд багтаж, зүс царайг маань залуу сайхнаар дүрслэн бодож байсан л бол гүйцэх нь тэр. Хэлсэн ганц үг, бичсэн ганц мөр минь танд хүрч, эзний нь нэрийг цээжлүүлсэнд сэтгүүлч нэр зүүж яваа өчүүхэн миний бие баяртай байна. Эзнээсээ бичсэн нь гологдсоноос, бичсэнээсээ эзэн нь гологдсон нь арай дээр байлгүй гэчихэв. Тэгээд нэрийг нь асуувал Ч. Бадраа гэв.

-Хоёул нэг дохих уу гэхэд нь дохилоо. Аз болж гурав дохиход л хийгүй гурав унагаж айрагч эрд уулгав. Гүүтэй нутгийн гүзээтэй хүү юунд торох вэ?

Хүд хүд хийтэл залгилчихаад ашгүй даагаа нэхэлгүй гарч одов.

Ер нь л хүний өмнө ил харагдвал дуулгасан бичсэн цөөхөн хэдэн юмаа гутаах нь дээ гэсэн хүндхэн бодол тэрхэн зуур төрж байсан. Ухаад бодвол он цагийн орон намрын хонгор салхи нүүрэнд үрчлээ суулгаж, үсэнд хяруу хаядаг жамтай билээ. Харин ухаан санаа минь л тэгш, нүд чих минь л хурц сонор байж хүний гайхамшгийг зах зухаас нь ч гэсэн мэдэрч явах сан даа.

Тэгж л чадвал үс бууралтаж, шүд унасан ч сэтгэл гутрахгүй.

Салъя гэсэндээ биш салаа замын эрхээр салан одсон нэгэн хүү,

-Бид эхэлж явна шүү! Та нар тоосыг минь хараарай! гэв.

Юу хэлчихэв ээ хэмээн бодох зуур машин хөдлөн нөгөө зүг рүү эргэв. Тоосоо харуулъя гэсэн тэр залуу машиныхоо хаалгыг ханагар цээжээрээ агдлан, яралзтал инээсээр өнгөрөв. Эргэж хургалгүй даанч түргэн өнгөрснийг яана.

Машин алслан алсалсаар. Говийн замын цагаан тоос зурайн зурайсаар. Залуу нас ингэж л холдон холдсоор энэ л цагаан тоос шиг замхран үгүй болно. Үүнийг л тэр дүү хүмүүст ойлгуулах гэж тоосоо харуулсан юм болов уу?

Эсвэл сэтгэлд дотно нөхдийнхөө тоосыг харж, аян замын амтат яриа, ая дуунаасаа холдож, намрын нэгэн хөг аялгуу тасарч сэтгэл сэмрэхээс халширсан юм болов уу?

Д.Амбасэлмаа
МУСГЗ

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Түүхүүд

Эгээтэй л 00 өрөө ороход өгзөг арчих хүн зогсож байсангүй, манай дарга нар ажлын байр ингээд нэмэгдүүлчихвийдээ..

Published

on

By

100 ЯМААНД 60 УХНА

Хил дээр нэлээд удаан оочирлосны эцэст Энэтхэг улсад хөл тавилаа. Дунд зэргийн нуруутай Энэтхэг бор залуу биднийг тосон жуулчны автобусанд суулган Агра хотын зүг хөдөллөө. Делигээс Агра хотруу 4 гаруй явах учир замдаа оройн хоол идэхээр түргэн хоолны газар орцгоов. Ороход үүдэнд харуул бололтой нэг настай эр зогсоно, захиалга өгөх гээд очиход касс дээр 2 бор залуу, хажуунаас мэдээлэл өгөх 2 бор залуу нийтдээ 4 бор залуу захиалга өгөх хэсэгт 1 хүнд зэрэг үйлчилж байв. Захиалга аа өгөөд хоолоо авах хэсэгт баримтаа өгөх үед мөн л 3 бор залуу зэрэгцэн зогсоно, түүний цаана гал тогоо хэсэг ил харагдах бөгөөд тэнд 4-5 бор залуу байгаа харагдана.

Зам дагуу машин зогсоосон учир хоолоо хурдан идээд хөдлөх хэрэгтэй байв. Хүсвэл хясна гэгчээр 20 гаруй минут хүлээлгэх нь тэр. Уг нь хийж ядаад байх зүйлгүй. 1 аяга масала цай, 1 грилдсэн сендвич захисан юм. Хүлээж тэсгэл алдаад цайгаа түрүүлээд авч баймаар байна гэдгээ хэлтэл нэг бор залуу одоо ухаан орсон аятай цайгаа чанахаар усаа буцалгаад эхлэв. Нэлээд удаж байж 1 сендвич бэлэн болов. Нэг аяга цай, 1 сендвич авахын тулд 10-аад бор залуу дамжин үйлчилгээ авч 30-аад минутын дараа захиалга аа авав. Анх орж ирэхэд их олон залуу үйлчлээд байгаа мэт санагдсан ч анзаараад харвал тэр олон залуус хурд үгүй, бүтээмж үгүй нэг нэгнээ нудралцан нэг нэгэндээ ажлаа шилжүүлээд байгаа нь анзаарагдав.

Түгжирч 6 цаг хэртэй яваад Агра дахь зочид буудалдаа ирэв. Буудлын угтах үйлчилгээ, туслах ажилчид бололтой 5, 6 бор залуус мөн л тосож угтав. Автобуснаас ачаа буулган өрөөнд зөөх хүртэл өнөөх олон залуус мөн л баахан мунгинав. Арга аа бараад өөрөө оролцон ачаагаа өрөөндөө оруулалцлаа. Эднийх чинь хүн ам ихтэй болохоор ингэж ихээрээ зогсдог юм байхдаа хэмээн бодол төрж байсан юм.

Маргааш нь бид өдрийн хоол идэхээр нэгэн ресторанд орцгоов. Мөн л дамжин орох үүд болгонд нэг хижээл насны бор эрэгтэй зогсоно. Захиалга авахад 2 эрэгтэй ирэв. Үүдэнд зөөгч хувцастай ижилссэн 5 эрэгтэй зэрэгцэн хийх ажилгүй сууцгааж байв, тэйкрүү хартал 2 эр зэрэгцээд суучихсан байхыг хараад ёстой гайхах, инээх зэрэг хүрсэн дээ. 100 ямаанд 60 ухна гэгчээр бүтээмж байхгүй, хурд байхгүй, хий эргэсэн хэдэн эрэгтэйчүүд бүх үйлчилгээний газруудад олноороо байгаа нь ажиглагдсан юм. Бие засахаар ороход хүртэл үүдэнд нэг залуу цаас барьчихсан зогсож ч байх шиг.

Эгээтэй л ариун цэврийн өрөө ороход бөгс арчих хүн зогсож байсангүй. Дээрх зүйлийг хараад манай дарга нар ажлын байр нэмэгдүүлэх аргыг ийм маягаар шийдчих вий дээ хэмээн эмээв. Нэг ажлын байр дээр 2-3 хүн тавьчихаад ажлын байр 2-3 дахин ихэсгэв хэмээн тайландаа тусгачихаж мэдэх хүмүүс тул энд ирж туршлага судлуулж болохгүй санагдав.

Үйлчилгээний газар бүрт энэ мэт олноор нэг нэгрүүгээ харцгаасан, нэг нэгэндээ хийх ажлаа шилжүүлсэн бор бор эрчүүд тааралдсаар байсан юм. Делид ирэхэд ажиглагдсан инээдтэй ч гэмээр гайхмаар ч гэмээр заримдаа бухимдмаар гэмээр зүйл энэ байлаа.

Continue Reading

Түүхүүд

Монголчуудын бахархал улсын аварга Д.Сумъяабазарын талаар сонирхолтой баримтууд

Published

on

By

Аваргын алдар: Долгорсүрэнгийн СУМЪЯАБАЗАР

Төрсөн он(жил): 1974(үхэр)

Нутаг ус: Өвөрхангай аймгийн Хужирт сум(Улаанбаатар хот)

(хуучнаар Түшээт хан аймаг)

Цол чимэг: Өсөх идэр, үлмэж бадрах, саруул сайжрах, хурдан шаламгай, хууринан шуугигч, уран барилдаант, үнэн зоригт, цогт гарамгай, өлзий бадрах, бууршгүй хүчит, үлэмж дэлгэрэх, үнэн итгэлт, улсын аварга

Барилдааны амжилт: Улсын наадамд 2006 онд 10 даван түрүүлж(аварга цол), 1998, 1999, 2003, 2005 онд 4 удаа үзүүрлэж, 1994, 1995, 1996, 2000, 2001, 2002, 2004, 2007, 2008 онуудад 9 удаа шөвгөрөөд байна. Мөн Цагаан саөрын барилдаанд 2002, 2003 онд түрүүлж, 2001, 2005-2007 онд үзүүрлээд буй.

Гол онцлог: Улсын манлай заан Д.Долгорсүрэнгийн хүү, мэргэжлийн сумо бөхийн их аварга Д.Дагвадоржийн ах. Чөлөөт бөхийн ОУХМ, олимпийн их наадмын шагналт. 20-хон насандаа улсын цолтны эгнээнд багтсанаас хойш жил бүр(1997 онд тавд Өсөхбаяртай тунаж унасныг эс тооцвол) шөвгөрч буй энэ цагийн  удамт шилдэг бөх.

Дархан мэх: хонгодох, шуудагдаж татах, хавсрах

-Монголчуудын мянга мян­ган жилийн нүүдэлчин ахуй болон  өв соёлыг тээж ирсэн үндэсний их баяр наадам хаяанд ирлээ. Дэлгэр зуны энэ цагт дэнж хотойтол нааддаг Монголын ард түмэндээ баяр наадмын мэнд хүргэе  ээ. 

Багын найз Г.Өсөхбаяр, А.Сүхбат хоёр маань дархан аварга цолтой болж байна. Ард түмнээ хүндэтгээд хоёр дархан аварга маань зүлэг ногоон дэвжээнээ зодоглох байх аа.  

Миний хувьд 2008 оноос хойш Төрийн их баяр наадамдаа зодоглоогүй. Би бодохдоо, спорт залуу насных гэсэн хатуу зарчим тээж явдаг хүн л дээ. Д.Сумъяабазар гэдэг хүн 14-34 нас хүртлээ буюу 1988-2008 он хүртэл 20 жил спортын төлөө өөрт байгаа бүхнээ зориулсан. Энэ хугацаанд үзэгч олноо хүндэтгэн олон сайхан барил­даан үзүүлж ард түмнээ баясгаж тэднээсээ уухайн түрлэг, эрч хүч авч байлаа. 

-Улстөрч гэдэг үүднээс бус Монгол бөхийн аварга гэдэг утгаар тантай ярилцаж байна. Хэдийгээр өөрөө барилдахгүй гэсэн ч нут­гийнхаа бөхчүүдийн галаар орж бэлтгэл сургуу¬лилтыг нь харав уу?

-Наадам бүхэн өөр өөрийн онцлогтой. Нэг дор 1024 бөх зэрэг гарч, нэг зэрэг 1000 гаруй шандаст хүлэг зурхайгаас эргэдэг, эрхий мэргэн харваачид нь цэц мэр­гэнээ сорьж гурван өдөр нааддаг гээд тэр бүхэн яах аргагүй Монгол наадмын онцлог. Тиймээс ч түмэн олон маань бөхчүүд гэхээсээ илүүтэйгээр Ардын хувьсгалынхаа их баяр наад¬мыг хүлээдэг болов уу гэж ойлгодог.

Хаана ч байх¬гүй тийм л сайхан жишиг Монголын ард түмэнд л байдаг. Бөхчүүд бидний хувьд зөв­хөн давах, унах гэхээсээ илүүтэйгээр ард түмнээ хүндлэх ёстой. Үүнийгээ үргэлж дот­роо бодож, тунгааж явах учиртай. Энэ жилээс Өвөрхангай аймгийн бөхийн галыг хариуцах том үүрэг надад оногдож, Их Монголын хүчтэн дэвжээний тэргүүнээр сонгогдсон.

Өврийн сайхан хангайгаас төрж гарсан аваргын хувьд энэ л нутаг уснаас ирээдүйд төрж гарах аварга, арслангуудын залгамж халааг нь бэлтгэх нь миний үүрэг. Бөхчүүд галынхаа нэгдсэн бэлтгэл, сургуулилтдаа гарсан.

-Зургаан залуу заан наадмын дэвжээнээ гал гарсан барилдаанаар ард түмнээ баясгадаг байлаа. Хорьсон ч давдаг хориогүй ч давдаг тэр торгон цаг үеийг эргэн дурсахгүй юу?

-Зургаан залуу зааны үеийг монголчууд бахдан ярьдаг. Бидний хувьд 12-13 наснаасаа их спортоор хичээллэж бөхийн гараагаа эхэлж байсан. Их спортоор хичээллэсэн үеийн өндөр бэлтгэл сургуулилт, ёс зүй гээд бүхий л зүйлд суралцсан бөхчүүд бол тухайн үеийн зургаан залуу заан байсан гэж боддог.

Бэлтгэлийн суурь, ачаалал даах чадвар гээд бүхий л зүйл их спорттой салшгүй холбоотой. Г.Өсөхбаяр нь Архангай­даа, Д.Сумъяабазар нь Октябрийн райондоо, А.Сүхбат нь Төв аймагтаа байсан бол бид хөдөө буйдхан газартаа бондойсон аймгийн арслангууд болчихсон жилдээ ганц удаа төрийн наадамдаа зодоглох гээд шилээ маажиж ирээд начин цол горьдсон нөхдүүд л байх байсан болов уу.

Их спортоор хичээллүүлсэн ухаалаг багш нарын буяныг хариулж барахгүй л дээ. Зургаан залуу заан бус­даа­саа аргагүй ялгардаг байсан. Бид бусад бөхчүүдээс хэд дахин илүү бэлтгэл хийж, тэднээс хэд дахин илүү ачаалал авчихсан тул ялгарахгүй гээд яах юм.

-Тачигнатал барилдаад давж, унасныхаа дараа өнөө хэдий­гээ юу гэж боддог байв?

-Бид нэг нэгэндээ уначихвал нойр хүрнэ гэж байхгүй. Учир нь бид өгөө аваатай байсан. Би Сүхбатад, Өсөхөө Пунцагт уналаа гэхэд шөнөжин орондоо тарвалзаж хононо.

Дараа нь харин давчихаад нэг их сайхан санаа амарна шүү дээ. Тэгж байж дараагийн бэлтгэлдээ сэтгэл хангалуун ордог байлаа. Монгол бөхийн нэгэн үеийн өнгийг тодорхойлж явсандаа бид бахархдаг. Монголын ард түмэн хэзээд залуу зургаан зааны тухай ярьцгаасаар байх болов уу гэж боддог юм. 

-Анхны цолоо хэзээ хүр­тэж байв. Таны дархан хонгодох мэхэнд тэсч үлдсэн бөх цөөхөн. Уг мэхийг хэрхэн сурч байсан бол?

-Бөхчүүдийн биеийн галбирт тохирсон мэхний хувилбар гэж байдаг. Хонгодох мэх миний биеийн галбирт л тохирсон мэх. Халз хутгах, давхар ачих, зайлж хавирах гээд янз бүрийн хувилбар тухайн үед барилдааны явцад орж ирдэг.

Барилдааны ганцхан доль, секундэд л хийгддэгээрээ дар­хан мэх агуу л даа. Өнөөдрийнх шиг хашиж зогсож байгаад нэгнээ өргөөд тавьдаг ийм барилдаан үзээд яах юм. 20 минут зугтааж байгаад азаа үзэж барьц сонгоно гэдэг утгагүй.

Анхны цол гэвэл 1988 онд үндэсний баяр наадмын өсвөрийн 64 бөхийн барил­даанд түрүүлж улсын “шонхор” цол хүртсэн. Тэгэхэд Баагий ах маань (Дархан аварга Б.Бат-Эрдэнэ) түрүүлж арслан цолонд хүрч байсан үе. Тухайн үед нам засгийн дарга нар болох Ж.Батмөнх гуай болон Улс төрийн товчооны бусад гишүүдтэй 14-тэй хүү гар барьж байлаа.

Тэгэхэд хязгааргүй их баярлаж билээ. Би Октябрийн районы 46 дугаар сургуульд сурдаг байсан юм. Сургуулийнхан маань хүлээн авч Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь I, II ботийг өгч намайг хөхүүлэн дэмжиж байв шүү дээ. 

-Анх ямар улсын цолтныг өвдөглүүлж байв?

-Бөхийн чөлөөт барилдааны Тулгат клубийг үүсгэн байгуулсан Нямдаваагийн Ганбаатар багш маань Өсөхөө болон бидний тэргүүтэй хэсэг бөхчүүдийг гаргаж ирсэн. Багш биднийг 20 нас хүртэл үндэсний бөхөөр барилдахыг хориглодог байсан.

Тэр үеийн заалны нэгэн барилдаанд Өсөхөө засуул дээрээс гарахдаа гутландаа бүдэрч унах шахаад гарч ирж билээ. Түүнийг нь багш мэдчихээд “Одоо боль” гээд болиулсан. Тухайн үед бид чөлөөт бөхөөр “өвчилчихсөн”, “Дэлхийн од болно” гэж мөрөөдөж явдаг байсан юм.

Н.Ганбаатар багш дөрвөн мөчний тамир суугаагүй хүүхдүүд нэг л гэмтэл аваад насан туршийн тахир дутуу болчих вий гэж биднийг хориглодог байв. Багш үндэсний бөхөөр барилдуулахгүй байхаар нь бид ч дотроо гомдолтой л байдаг байсан. Одоо бодоход багш маань алсын хараатай байжээ.

1993 оны цагаан сарын барилдаан дээр залуу бөх оноолтоор Д.Мягмар заантай таарсан. Аавтай минь үеийн том цолтой бөхтэй барилдаж байсан болохоор эмээнгүй л байлаа. Элэг бүснээс нь бариад автал барилдаж бол­моор санагдангуут нь шууд л давхар аччихсан. Тэгж л анх улсын цолтой бөхийг давсан түүхтэй. 1994 онд Д.Цэрэнтогтох аваргаар тав давж начин цолны босго алхсан. 

-Цэдэндамбын Цэрэн­пун­цаг гарьдаар долоо давж заан цол хүртсэн тэр барилдаанаа эргэн дурсахгүй юу?

-Ц.Цэрэнпунцаг ах бид хоёр Политехникийн дээд сургуулиас өсвөр үеийн улсын аваргад орж байсан. Пунцаг ах том насанд би 15-16 насны ангилалд барилдсан. Би түрүүлж, Пунцаг ах өөрийн насандаа дөрөвт орж байсан юм. 1990 онд ээжийн маань нутаг болох Архангай аймгийн Өлзийт сумын наадамд зодоглож шөвгийн дөрөвт үлдэж байлаа.

Continue Reading

Түүхүүд

Өөрийгөө Чингис хааны алтан ураг гэж хэлэхэд ерөнхийлөгч шууд л итгээд

Published

on

By

Бодохоор заримдаа инээд хүрээд байдаг юм. Монгол Улсын анхны ерөнхийлөгч Очирбат, магадгүй хамгийн гэнэн тэнэгдүү нь ч байж мэднэ. 90-д оны эхээр “Жерар Майерс” гэх хүн Монголд ирээд өөрийгөө Чингис хааны алтан ураг гэж хэлэхэд ерөнхийлөгч шууд л итгээд, өөрийнхөө зөвлөх хүртэл болгон дэвшүүлж, дээл гуталыг нь өмнө сөхөрч суугаад өмсүүлсэн удаатай.

За үүнээс гадна хувьдаа Дашцэрэн гэх үзмэрчтэй байсан бөгөөд өнөөх үзмэрчээ төрийн их үзмэрч хүртэл болгон дэвшүүлж шинэ албан тушаал бий болгосон нь бас л инээдтэй. Үзмэрч Дашцэрэн Ромбо гарагийнхантай холбоо тогтооно гээд Монголын Үндэсний Телевиз шууд дамжуулж л байлаа. Бас нэг сонирхолтой түүх гэвэл ердөө 20 гарч буй сэтгүүлчийн ангийн сэргэлэн оюутан Гансүх гэх залуу Очирбатын толгойг олгой болтол нь эргүүлж байгаад 90 сая төгрөгийг улсаас гаргуулж авсаныг ч та бүхэн мэдэх байх.

Эцэст нь хамгийн том онигоо нь Дорнодод түүхий нефт олдлоо гэж онгирч өөриийнхөө дээлийг нефтээр мялааж байлаа гэж. Гэтэл өнөөдөр Монгол нефтээ боловсруулах биш 30 жилийн турш урд хөрш уруугаа зөөгөөд оронд нь хойд хөршөөсөө 30 жил шатахуун худалдан авч байна даа. Тэнэг ч гэх үү, бүтэлгүй ч гэх үү? магадгүй дөнгөж ардчилалд шилжээд байсан учир хүн бүхэн хэрсүү болж амжаагүй, улс төрчид хулгайч болж арай төлөвшөөгүй байсан биз ээ. 

Төмөр замын доогуур нэмэж 3 нүхэн гарцийг БНХАУ-ын зээлээр хийхээр болсон бололтой. Ингээд ер нь би бодлоо л доо. Манай улс ер ингэхэд зээлээр бус өөрийн хөрөнгөөр бүтээн байгуулалт хийж байсан түүх байдаг юм болов уу? Монгол Улсад төрийн зүгээс хийгдэж буй бүх бүтээн байгуулалтууд дандаа гадны зээлээр босдог бололтой. Яг үнэндээ манай үнэн төрх гэвэл гуравхан нүхэн гарц ч өөрсдөө барьж чадахааргүй ийм л ядуу улс байна шүү дээ. Гэхдээ гаднаас нь буюу дарга нарийнх нь хэлбэрдэлтийг харахаар айхтар баян улс ч юм шиг. Заа мэдэхгүй ээ, би буруу бодоод байж ч магадгүй.

Өнөөдөр Ардын намыг дагавал Ос орж амаа ч хурган дарга болно. Ардын намаас л дэвших юм бол Аса аварга ч байсан сонгогдоно. 24 онд сонгууль болно, чөтгөрийн тойрог үргэлжилж дахиад л Ардын нам ялах нь тодорхой. Ардын намдаа байнга саналаа өгдөг хүмүүс нэг л өдөр амьдрал сайхан болно гэж итгэдэг байх. Гэвч өнгөрсөн 30 жилийн хугацаанд хэдэн зуун мянган хүн уг итгэлээ биелэхийг үзэж чадалгүй амьсгал хураацгаасан бол? Одоо ч Ардын намд саналаа өгч байгаа хүмүүс яг ингэж итгэсээр л насны бөгсөнд амьдрал сайхан болохыг үзэж амжилгүй хөрст дэлхийдээ шингэн уусах байх даа.

Ардын намын Амарбаясгалан 2018 онд БНХАУ-д айлчилахдаа Хятадын Коммунист намтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан даа. Бод бод бод… Дэлхийн хамгийн том эдийн засагтай улс манай жижигхээн хүн амтай сонгуулийг мөнгөөр шийдчихэж байна.

Subutai pictures

Continue Reading

Онцлох мэдээ

DMCA.com Protection Status