Connect with us

Зөвлөгөө

Зах зээлд орлоо гээд гуляшны махыг хасах юм уу, шөлийг нэмж болохгүй

Published

on

Монголын Тогооч нарын холбооны ерөнхийлөгч, Чингис хааны дэлхийн академийн жинхэнэ гишүүн, академич, Монгол Улсын зөвлөх инженер, доктор, профессор Ж.Октябрьтай ярилцлаа.

-Таны амьдрал Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуультай салшгүй холбоотой юм шиг ээ?

-Тийм ээ. Би Увс аймагт төрсөн ч гурван настайгаасаа нийслэлд амьдарсан бараг л нийслэлийн иргэн. Нийслэлийн нэгдүгээр арван жилийн сургуулийн долдугаар ангийг төгсөөд тухайн үеийн нэрээр Худалдааны техникумыг хоолны техникч, технологичоор төгссөн. Үндсэндээ хоолны мэргэжлийг 17 настайдаа эзэмшсэн. Дараа нь миний төгссөн сургууль Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль болж би Олон улсын аялал жуулчлал, зочид буудал, зоогийн газрын менежментийн тэнхимийн эрхлэгчээр 16 жил ажиллаад сүүлийн хоёр жил нь МУИС-д нэгдэн МУИС-ийн Худалдааны сургууль болоход нь сургуулийнхаа захирал хийж байгаад тэтгэвэртээ гарсан. Өөрөөр хэлбэл, энэ сургуульд 14-тэй жаахан хүүхэд техникум байхад нь орж 17-той төгсөөд 60 настайдаа захирал нь болж байсан байх юм.

Би зөвхөн энэ сургуулийг төгсөөгүй л дээ. Техникум төгссөнийхөө дараа нь Москвад Улс ардын аж ахуйн дээд сургууль төгсч хоолны инженер болсон. Худалдаа бэлтгэлийн яаманд Хэлтсийн дарга, нийтийн хоол эрхэлсэн орлогч сайдаар ажиллаж байгаад дахиад Москвад Нийгмийн ухааны академид дөрвөн жил аспирантурт суралцаж доктор хамгаалсан. 

Ирээд картын барааны хүнд үед Улаанбаатар импекс компани буюу тухайн үеийн Л.Энэбиш даргын үеийн нэршлээр Худалдаа хоолны ерөнхий компанид Засгийн газрын томилолтоор очсон. Энэ компанийн захирлаар таван жил ажиллах хугацаанд Монгол Улс ч картын бараанаас гарч амжсан. 1996 оноос Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуульдаа тэнхимийн эрхлэгч, захирлын ажил хашсаар тэтгэвэртээ гарсан даа. 

-Монголын тогооч нарын холбоо хэзээ байгуулагдсан бэ?

-Хамгийн түрүүнд ягаан тасалбараар хувьчлагдсан салбар бол нийтийн хоол, ахуйн үйлчилгээ, худалдааны салбар. Энэ үед манай мэргэжил нэгт нөхөд Монголын тогооч нарын холбоо гэдэг төрийн бус байгууллагыг байгуулж намайг тэргүүнээр нь сонгоод 23 дахь жилдээ ажиллаж байна. Монгол Улсын бүх аймаг, нийслэлийн бүх дүүрэгт салбартай. Дэлхийн тогооч нарын холбоонд элсээд долоон жил гаруй болж байна. Тогооч нарынхаа мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх, эрх ашгийг хамгаалах, мэргэжил мэдлэгийг нь ахиулах, амжилт гаргасныг нь шагнаж урамшуулах гээд ажлууд хийж байна. 

-Тогооч нарыг бэлтгэдэг сургууль олон бий юү?

-Олон байнаа. МСҮТ-үүд байна. Нийтийн хоолны тогооч бэлтгэх, хүнийг амьдрах ухаанд сургах хоёр шал өөр л дөө. Курс дамжаанууд 5, 7,10 хоног сургаад нэг үнэмлэх өгсөн болдог нь амьдрах ухаанд сургаж байгаа хэлбэр. Ер нь цаашдаа нийтийн хоолны тогоочийг МСҮТ-ээр бэлтгэх нь зүйтэй. Хүнсний технологийн сургууль гэж байна. ШУТИС-д хоолны инженер, технологич бэлтгэж байна. Эдгээр томоохон сургуулиуд тогоочийг удирдах ажилтан бэлтгэж байгаа юм. Тогооч гэдэг чинь хамгийн эртний юм шиг мөртлөө хамгийн түгээмэл мэргэжил болчихож. 

Урд нь доод тал нь сар сургаж байж бэлтгэгч тогооч болгодог нарийн систем байсан. Одоо бол МСҮТ-ээр бэлтгэж байна. Тогооч гэдэг бол тав хоног, долоо хоног суралцдаг мэргэжил биш. Хөдөлмөр эрхлэлтийн тухай хуулиар үсчин, гуталчин, гоо сайханч, эксковаторчин, тогоочийг байгууллага ч бэлтгэж болно, хувь хүн ч бэлтгэж болно гээд хаячихсан. 

Дээд зэргийн замбараагүй байдалд орсон. Тогооч гэдэг мэргэжил үнэн хэрэг дээрээ хүн бүрийн хийж чадах ажил, ажилгүй хүний ажлын байр болж хувирсан. Гэтэл хэрэглэгч цаанаас нь шал өөр юм нэхээд байна. Хүний амьдралын гол хэрэгцээ атлаа хэрэглэгч талаас нь авч үзвэл хүн бүр хийгээд байх ажил биш. Ахмадад зориулсан, хүүхдийн, эмчилгээ сувилгааны, жуулчны, хөдөө аж ахуйн, ажилчдын гээд төрөлжих ёстой. Өнөөдөр Улаанбаатарт 150 гаруй ресторан байна.

Дагаад олон үндэстний хоол ороод ирчихсэн. Тогооч нар төрөлжих, төрөлжсөн чиглэлдээ мэргэших, тэднийг системтэй бэлтгэх хэрэгтэй байна. Үүнийг задгай тавьснаас болоод тогоочийн нэр хүндэд муугаар нөлөөлж байна. Сайн тогооч маш олон байна. Манай холбоо 2008 онд Дэлхийн тогооч нарын холбоонд элсээд Турк, Гонконг, Солонгос, ОХУ, Грек гээд хэд хэдэн улсад өөрийнхөө тогоочийг уралдаан тэмцээнд явууллаа. Манай тогооч нар амжилттай оролцоод гранпри, медалийг нь аваад ирсэн байдаг. 

Залуу аварга тогооч шалгаруулах уралдаан, улсын аварга тогооч шалгаруулах уралдааныг жил бүр зохион байгуулж байна. Хоёр жил тутам бүх болзлыг нь хангасан хүмүүст Монгол Улсын баатар тогооч болох шалгаруулалт явуулдаг. Сайдын тушаалаар тэр цолыг олгодог болохоор ХХААЯ-тай хамтардаг. Дэлхийн тогооч нарын өдөр аравдугаар сарын 20-нд болдог. Энэ өдөр Монгол хоолоо дэлхийд таниулах, сурталчлах үүднээс монгол туургатан улсуудын тогооч нарын дунд Улаанбаатарын цом гэдэг тэмцээнийг жил бүр явуулдаг.

-Аль ч зоогийн газар, ресторанд орсон хоолны чанарт эргэлзэх сэтгэл төрөх юм. Нэг л юм дутаад байх шиг?

-Хоолны газруудад эргэлтийн хөрөнгө гэж бараг байдаггүй. Орлогоороо зарлагаа нөхөж аж ахуйн тооцоон дээр явдаг болохоор хямралд амархан өртдөг. Гэхдээ байгаа юмандаа тохируулаад хэрэглэгч хараад ч баярладаг, амсаад ч цаддаг юм хийчих сэтгэл дутаж байгаа нь үнэн. Хоолны газрууд дээр порцын их багын асуудал байж болохгүй. 1986 оноос хойш 1140 хоолны жор гээд улсын хэмжээнд мөрдүүлэхээр баталсан жор одоо хүртэл үйлчилж байна. Зах зээлд орлоо гээд гуляшны махыг хасах юм уу, шөлийг нэмж болохгүй. 

Өнөөдөр хоолны газрууд анх хувьчлагдсан шигээ хяналтгүй болчихсон. Хяналт тавих цорын ганц байгууллага бол мэргэжлийн хяналтын байгууллага. Гэвч мэргэжлийн хяналт тэр болгонд хүрч чадахгүй байна. Мөнгөөрөө хоол худалдаж авч байгаа хэрэглэгч заавал чанар шаардана. Үүнийг хангаж чадах байгууллага цөөн болсон нь үнэн.

-Солонгос, хятад хоолны газрууд монголд олон болжээ. Үүнийг дагаад бидний мөнгө гадагшаа урсаад байх шиг ээ?

-Хятад, Солонгос, Япон алдартай хоолтой улсууд мөн үү гэвэл мөн. Тэр хүчтэй өрсөлдөөнөөс шахагдаж орж ирсэн хүмүүс нэг байшингийн булан түрээслээд хоолны газар байгуулдаг. Аливаа юм бүхэн шинэ дээрээ хүний анхаарал татах нь их. Ялангуяа Азийн хоол салхин доогуур нь гарахад л үнэрэнд нь татагдаад ормоор болдог. Үүнийг бас буруутгаж болохгүй. Гаднын хөрөнгө оруулалт Монголд орж ирэх ёстой. Гэхдээ жинхэнэ КFС, Макдоналдс шиг стандартаар ажиллах хоолны газар Монголд байна уу гэвэл ховор. 

Гадны хоолны газрууд Монгол Улсын хууль дүрмийг дагаж мөрддөггүй. Үүн дээр хүчтэй хяналт тавих газар бол мэргэжлийн хяналт. Хятад, солонгос хоолны газрууд хугацаа нь дууссан, хаанаас гарал үүсэлтэй нь мэдэгдэхгүй хоолны амт оруулагч, нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэж байна гэсэн тайланг мэргэжпийн хяналтынхан их гаргаж байна. Үүний эсрэг дорвитой арга хэмжээ авч үнэхээр чадахгүй байна. Тиймээс наад зах нь хэрэглэгч өөрөө хүртэл хяналт тавьж шаардлагатай бол шүүмжилж л байх хэрэгтэй. 

Аль өөдтэй гэсэн бүх тогооч цалин мөнгийг нь дагаад томоохон уул уурхайн компанийн тогоочоор явчихлаа. Мэдлэг чадвар сэтгэл гурав нэгдэж байж сайхан хоол гарна шүү гэдгийг тогооч нар сайн ойлгох хэрэгтэй.

-Бодоод байхад монгол үндэсний хоол ховор юм шиг санагдах юм. Тийм үү?

-Хоол гэдэг өргөн ойлголт. Монгол гэхээсээ монголжсон хоол гэвэл зохино. Бүгд л гадаад хоол шиг санагдах явдал бий. Гэхдээ монгол хөрсөн дээр монгол хүний онцлогт тохируулж гаргасан монголжсон хоол манайд их бий. Жишээ нь, хятадын хуйцай байна. Хятад хуйцайны гол түүхий эд пүнтүүз, байцаа хоёр байдаг. Гэтэл монголчууд мах оруулаад, сүүл оруулаад монголжуулсан байх жишээтэй. Ер нь цэвэр монгол хоол гэх юм бол 200 гаруй хоол бий. Шөлөн хоол, махан хоол, холимог хоол, цагаан хоол гээд явна. 

Ааруул гэхэд л нэг төрлийн монгол хоол. Ээзгий бас нэг хоол. Ааруул, ээзгий хоёрыг холихоор өөр нэг хоол гарч ирнэ. Малын гэдэс дотроор шавай, зайдас, хярамцаг гээд хоол хийнэ. Прожкитай төстэй түнтэг гэдэг монгол хоол байна. Хуушуур, бууз бол тэртэй тэргүй монголжсон хоол. Хорхог боодог гээд цэвэр монгол хоол байна. Манайхан нэг камертай гадаадын хүн ирэхээр хотон дотроосоо нэг ямаа төхөөрөөд л нүдэн дээр нь хорхог, боодог хийж байгаа харагдах юм.  Технологио алдаж байгаагаа мэдэхгүй байна. Ингэж болхгүй. Жишээ нь, Зөвлөлтийн 100 мянга гаруй орос манайд ажиллаж байлаа. Наташа, Танянуудад бид харуулж байгаад л бууз ингэж хийдэг юм гээд заагаад өгчихсөн. Нарийн яривал Орост өөрт нь бууз байхгүй. Ингээд оросууд бууз хийгээд сурчихсан.

-Тогоочдын холбооны ерөнхийлөгч Октябрь гуай бууз чимхэж чаддаггүй гээд нэг сайт дээр гарчихсан байна. Та чимхэж чаддаггүй юм уу?

-Тэр бол худлаа. Би Монголын бүх хоолыг хийж чадна.

-Тогооч гэснээс Монголын бүх эзэгтэй нар тогооч шүү, тийм ээ?

-Тийм шүү. Улаанбаатарын бараг бүх эмэгтэйчүүд хөдөө очоод мал сааж, өрөм загсааж, тараг бүрж, аарууд хийж чадахгүй шүү дээ. Гэхдээ ойр зуурын хоол бол хийчихнэ ээ. Энэ утгаараа жинхэнэ тогооч нар чинь хөдөөд л байгаа юм. Тэр бүү хэл хөдөөний монгол эмэгтэй эсгий гэрт тогоо нэрж архи хийж байна. Бүгд л гэр бүлдээ хоолоо хийж, хоолны нэр төрөл давтахгүйгээр хоол хийхэд наад зах нь сар өөр өөр хоол хийж чадна.

-Хоол бол урлаг гэдэг. Гэтэл хэт урлаг болгох гэсэн нөхөд орой бүр зурагтаар янз бүрийн мэдэхгүй хоолны жор яриад л ядуу монголчуудын дуулаа ч үгүй элдэв шош, далайн замаг, хавч гэх шиг юм яриад байх юм хэмээн Го Бадарч гуай нэгэнтээ шүүмжилж байсан шүү?

-Нийт масст зориулсан биш заримыг нь идэж чадахгүй, заримыг нь хийж чадахгүй, заримынх нь орц материалыг худалдан авч чадахгүй хоол хийгээд л олон нийтэд сайн сайхан хүн болж өөрийгөө таниулах гэсэн нэвтрүүлэг байдаг. Гэхдээ хоол гэдэг бол өргөн утгатай. Үүнийг бас буруутгаж болохгүй. Тэд хоолыг урлаг болгож харагдуулах, хоёрт өөрийгөө сайн тогооч болгож харуулах зорилгоор тэгээд байх шиг байгаа юм. Гэтэл бас Го.Бадарчийн хэлдэг үнэн. 

Жирийн хүний үзэж дуулаагүй амт оруулагч ярина. Роз мари, яншуй, шош, шопар, оливийн тос гээд л ярих. Үнэхээр энгийн айлын гал тогоонд байхгүй. Энэ бол яахав. Үзэгдэл юм. Хажуугаар нь эмчилгээний хоол, нялх хүүхдийн хоол, цагаан хоол гэх мэтийг гарын доорхи матералаар яаж хийх талаар бас заах хэрэгтэй. 

-Бантанг алтан медальтай хоол гэж их ярих юм. Үнэхээр олон улсын хоолны тэмцээнээс алтан медаль авчихсан хоол уу?

-Яахав. Зүгээр онигоо л байхгүй юу. Монгол үндэсний хоол мөн үү гэвэл мөн. Дэлхийд байгаа бүх зутан шөл орц материалыг бүгдийг няцалж, нүдэж хийдэг. Манай бантан бол гурил, мах хоёр л орно. Цохиж нүдэх шаардлагагүй, гараа сайн угааж байгаад л гурилд ус дусааж бөөрөнхийлж алгадаад шөлөндөө буцалгаад л болоо. Гарын дор, маш хурдан. Амархан болохоор ч тэрүү эрчүүд мэргэжлийн хийнэ. Архи уугаад шартчихсан үедээ юм уу, гэртээ нялх хүүхдээ хараад үлдсэн үедээ тав, арван минутын дотор л хийчихнэ шүү. Хамгийн гол нь гараа л сайн угаах хэрэгтэй.

-Монголчуудын маань нийтлэг хоол юу вэ?

-Оросоор бол лапша. Монгол нэр нь гийдаа. Шөлөнд нь сайхан яс, мах чанаад л. Хөдөөнийхөн нэг хийдэг дээ. Бас л аян дайны явцад гаднаас авчирсан технологи. Монголжсон хоол гэх үү дээ. Олон орныг эзэлсэн агуу түүхтэй орон болохоор авах юмаа авчихсан. Тэр оронд үлдээх юм аа ч үлдээсэн байдаг. Гадаадад монголоос гаралтай хоол олон байдаг. Монголд байгаа гадаад хоолны газар эхлээд ороход порц ихтэй байна. Дараа нь ороход багассан байна. Дараа нь ороход аяга таваг нь багассан байна. Тэртэй тэргүй амтанд нь татагдаад дахин дахин орж ирнэ гэсэн байдлаар их зальжин ажилладаг л даа.

-Та онигоо их ярьдаг сан. Сүүлийн үед онигоочин нөхөдтэйгөө уулзаж байна уу?

-СГЗ Цэрэнжамц “Амгай зуузай” гэж нэг онигооны клуб байгуулаад Монголын хошин шогийн томчууд түүгээр бүгд дамжсан байх. Тэнд Т.Галсан гуай, Ж.Лхагва, Ц.Доржготов, Б. Бадар-Ууган, Ш.Ёолк, Ш.Гүрбазар гээд бүгд байсан. Энэ клубын гишүүн байсан. Зууны шилдэг онигооны уралдааны хоёрдугаар байрт хоёр ч удаа шалгарч байлаа. Ерөнхийлөгч асан П.Очирбат гуай бидэнтэй их нийлдэг. Тэмцээнийг алгасахгүй үздэг байсан. Дизайны сургуулийн захирал байсан гитарчин Төмөрхуяг, Чапи, циркийн найруулагч Батсүх гээд манай уралдаан тэмцээнд ордог, бидэнтэй нийлдэг хүмүүс их байсан. Богдод тоглодог Цогоо, Нэргүйбаатар, Магсаржав гээд бүхэл бүтэн арми байлаа. 

Гавьяат Сосорбарам, Цэнддоо, Одончимэд гээд акулууд байна л даа. Шог хошин уран зохиолын хамгийн богино төрөл, хошин байдлаар онож хэлэхийг л онигоо гээд байгаа юм. Т.Галсан гуай “Онигоо гэдэг чинь онож хошигнохыг л хэлээд байгаа юм” гэдэг. Уг нь анекдот гэдэг орос үг хуньлаатар, гүүзүү, данхраад гэдэг шиг монголжиж ирсэн нь онигоо болсон байгаа юм. Цэрэнжамц гуай “Нэг тосгонд эд бараа ачсан 100 илжиг ирснээс онигоо ярьдаг нэг хүн ирвэл тосгоныхон бүгд инээнэ” гэж ярьдаг. Хамгийн сүүлд Тоншуулын С.Цогтбаяр 2005 онд онигооны уралдааныг зохион байгуулаад түүнээс хойш зохиогдохоо больсон.

-Онигоо ярихаас гадна чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөж байна вэ? 

-Биллярд тоглоно. Монголоор бол ёворцог юм л даа. Т.Галсан гуайн нэрлэсэн нэр. Бодоод байхаар ёворцог мөн байгаа юм. Бас дугуй унаж байна. 4-11 сар хүртэл дугуй унадаг тусгай газраа очиж унана. Түүнээс хотын энэ хөл хөдөлгөөн дотор дугуй унана гэдэг хэцүү. Ном их цуглуулсан. Гадагшаа явахдаа заавал авчирдаг юм бол хэдэн ном байдаг. Соён гэгээрүүлэгч телевизийн “Сонгомол номын сан” нэвтрүүлэгт миний номын сан орсон. Нийтийн хоолны салбарт жирийн тогоочоос сайдыг нь хүртэл, сурагчаас доктор, профессорыг нь хүртэл болж явсан болохоор элдэв янзын сав суулга, амт оруулагч, хоолны жор бас сонирхоно.

-Дэлхий дээр хамгийн сайхан хоолтой газар хаана байна гэвэл та юу гэх вэ?

-Азид гэвэл урд хөрш маань байна. Тайланд, Солонгос гээд байна. Европт Франц, Испани, Итали, Орос байна. Америкт хамгийн мундаг гал тогоо мексик, бразил гээд байна. Ер нь миний хувьд дундад Азийн хоол их сайхан. Казакстан, Узбекстан Киргизийн плов, шорлог бешпирмак гээд сайхан хоолууд байдаг.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Зөвлөгөө

Яагаад сээрний яс цохuх аюултай гэдгийг эмч тайлбарлав

Published

on

By

Монголчууд бид малын сээрний ясыг цохuх, хуга̀ладаг уламжлалтай. Тэгвэл энэ талаар гар сарвууны мэс засалч эмч Л.Нанжид дараах сэрэмжлүүлгийг хуваалцжээ.

“Сэрэмжлүүлэг. Би нэг зүйлийг гайхаад бардаггүй дээр нь бүр ойлгодоггүй ээ. Учир мэдэх нэг нь зөвлөөрэй. Гар сарвууны эмч нарын бас л нэг толгойны өвчин болж байгаа зүйлийн нэг энэ сээрний ясыг гараараа цохuж хуга̀лах.

Энэ яс хуга̀рлаа гээд яг юу өөрчлөгдөөд яах гээд байгаа юм бүү мэд. Харин эсэргээрээ цохuсон хүний алганы шивнүүр яс нь хуга̀рах үзэгдэл элбэг юмаа. Бүгд л эр эмгүй сээр цохuж хуга̀лаж байгаа бичлэг хийгээд бусдад буруу үлгэр болох тэрэндээ онгирч омогшоод яах юм бэ сошилоор….

Өгөр яс хуга̀рч л байдаг. Таны чиний гарны яс хуга̀рвал хөдөлмөрийн чадвар алдагдах цаашлаад гар хавдаж үрэвсэх идээлж бохирдох гээд л их олон хүндрэл гарч бна даа…. зүгээр зугаа ч юмуу тоглоомч юм уу энэ үйлдлийн ард өөрөө хохироод үлдэнэ эмчлэх гэж эмч эмнэлгийнхэн зүдэрч байгааг л ойлгочихмоор байнаа.

Хамаатны дүү хүртэл гараа хуга̀лаад хагалгаанд орж байх шиг. Яс цохuж ясаа хуга̀лахаа болъёо бүгдээрээ” хэмээн анхааруулжээ.

Continue Reading

Зөвлөгөө

Иргэн: Бид яагаад картаар биш бэлэн мөнгөөр төлбөр хийх ёстой гээч?

Published

on

By

Бодох зүйл байна.

Бид яагаад хаа сайгүй картаар биш бэлэн мөнгөөр төлбөр төлөх ёстой вэ?

-Миний халаасанд 20 мянгатын дэвсгэрт бий. Би Ресторан орж оройн хоолоо идээд төлбөрөө бэлэн мөнгөөрөө төлнө.

Дараа нь рестораны эзэн миний өгсөн бэлэн мөнгөөр ажилтандаа унааны мөнгө болгож өгсөн гэж бодъё.

Ажилтан мөнгөө таксины жолоочид өглөө.

Таксины жолооч дараа нь үсээ засуулах гэж надад байсан 20000 төгрөг өгөв. Дараа нь үсчин энэ 20-аар дэлгүүр хэсэхэд ашиглах болно. Олон тооны төлбөр хийсний дараа миний өгсөн 20 мянгат 20к хэвээр байх бөгөөд төлбөр хийхдээ ашигласан бүх хүмүүс зорилгоо биелүүлж, банк бэлэн мөнгөний төлбөрийн гүйлгээнээс ашиг хүртэхгүй үлдлээ.

Гэхдээ хэрэв би ресторанд ирээд VISA картаар төлбөрөө хийвэл худалдагчаас миний төлбөрийн гүйлгээний банкны шимтгэл 150 авлаа 19850 төгрөг болов.

Үүнээс цааш рестораны эзэн ажилтандаа бэлэн мөнгөөр биш ухаалаг банкны апп ашиглан цалин олгов. /19700төг/

Ажилтан таксинд ялгаагүй ухаалаг банкаар төлбөр төлөв./19550төг/

Жолооч үсчин мөн адил /19400төг/

Ийнхүү 4хэн гүйлгээнээс 600 төгрөг банкны ашиг болно.

/100 гүйлгээ хийхэд миний 20000 төгрөг 5000 төгрөг болж 15000 төгрөг банкны ашиг боллоо/ Бэлэн мөнгөний эрсдэл сул тал ч байгаа бас бодох л зүйл

Эх сурвалж: Амьдралд Хайртай

Continue Reading

Зөвлөгөө

Ө.Цэцэгмаа:Суурь өвчнөө эмчлүүлээгүйгээс зүрх өвддөг

Published

on

By

Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл амбулаторийн I Зүрх судасны их эмч Ө.Цэцэгмаатай ярилцлаа.

Сүүлийн үед зүрх судасны өвчин их залуужиж байна. Энэ нь юутай холбоотой вэ?

-Зүрх судасны өвчин залуужиж байгаа нь хотжилттой холбоотой. Агаарын бохирдол, идэж байгаа хоол хүнс­нээс шалтгаалж энэ өв­чин ихэсч байна. Мөн үндсэн суурь өв­чин болох хоолойны ан­гина, шүд болон бөөрний архаг үрэвслээ эмчлүүлээгүйгээс үүнийг үүсгэдэг халд­варууд зүрхний өвчинд нөлөөлдөг. Үүнээс болж хавхлагын үрэв­сэл, зүрхний үе мөчний өвчлөлийг үүс­­гэх шалтгаан болж байна. Энэ нь бас зөв хооллолттой холбоотой. Зүрхний өвчнийг үүсгэдэг эрсдэлт хүчин зүйлүүд бий. Гурван цагаан хор болох өөх тос, давс, элсэн чихрийг их хэмжээгээр хэрэглэж байна. Идэж байгаа хоол хүнсэнд ихэвч­лэн чихэрлэг зүйл их хэрэглэснээс шүд хор­хой­тох, хоолойн ангины үрэвсэлтэй, хоол боловсруулах замтай холбоотой үрэвсэл, сархад, янжуур их хэрэглэж байгаа нь зүрхний өвчинг үүсгэх шалтгаан болдог.

Хүмүүс зүрх өвдлөө гээд валидол их уудаг. Энэ эмийг байнга ууснаар биед сөрөг нөлөө үзүүлдэг үү?

-Энэ эмийг байнга ууж болохгүй. Валидолын найрлагад зүрхийг тайвшруулах үйлчилгээтэй минитол гэдэг бодис байдаг учир уулгадаг. Зүрх өвдсөн үед гарын дор байлгах шаардлагагүй. Эмчдээ үзүүлээд юунаас болж зүрх өвдсөн шалтгааныг нь тодруулж байж эм уух хэрэгтэй. Зүрхний эмийг янз бүрийн антибиотек, витамин шиг гарын дор авч хэрэглэдэг зүйл биш. Зүрхний цохилт удааширч, хэм алдагдаж түргэснэ, удааширна. Зүрхний цусан хангамжийн ямар дутагдал байна түүнээсээ хамаарч эмийн эмчилгээг эмчийн заавраар хэрэглэнэ. Манайхан эмчээр эм бичүүлж авчихаад “Энэ эм надад таарч байна. Их сайн” гэж хүмүүст хэлдэг. Гэтэл тухайн хүний зүрхний цохилт удааширсан, даралт нь бага үед энэ эмийг хэрэглэхэд хортой. Зөвхөн эмчийн заавраар зүрхний эмнүүдийг уух ёстой. Валидол нь тухайн үед зүрхний судас тэлэх, тайвшруулах зорилгоор уудаг.

Заримдаа тайван байх үед ч гэсэн зүрх хурдан цохилдог. Энэ нь муу юу. Хэвийн үед хүний зүрх нэг минутад хэд цохилох ёстой вэ?

-Зүрхний цохилт нэг минутад 60-80 байна. Хэрэв 80-100 байвал зүрхний цохилт түргэснэ. 60-аас доош бол зүрхний цохилт удааширдаг. Харин өвчний шалтгаанаар зүрхний цохилт хур­дас­вал өрхийн болон дотрын эмчийн хяналт дор эмийн эмчилгээ хийл­гэнэ. Юунаас болов гэдэг шалтгааныг нь олох хэрэгтэй. Үүний тулд зүрхний цахилгаан бичлэг хийлгэх, хэт авиан шинжилгээгээр шалтгааныг нь олж болно. Бас бусад халдварт өвч­нүүд байна. Тухайлбал, бамбай булчирхайн үрэвсэлтэй бол зүрхэнд өөрчлөлт орно.

Хурдан, цочмог уурлах нь зүрхний өвчинтэй холбоотой юу. Ийм үед эмч нар долоогоны ханд уу гэдэг?

-Холбоотой. Хүн айж, сандарсан, цоч­сон үед зүрхний цо­хилт түргэсч, даралт ихэс­дэг. Долоогоны ханд тайвшруулахаас гадна зүрхний цохилтыг удааш­руулж, даралт буулгадаг учраас эмчийн зөвлөсний дагуу уух хэрэгтэй.

Зүрх нь өвддөггүй хэрнээ хааяа хатгаж өвдөн амьсгаа авч болдоггүй. Эмчид үзүүлэхээр зүгээр байна гэдэг. Ийм үед ямар эмчилгээ, шинжилгээ хийлгэх вэ?

-Янз бүрийн өвчин буюу суурь өвчнөөс шалтгаална. Тухайлбал, уушгины хатгалгаатай, хавирга хоорондын завсрын мэдрэлийн үрэвсэл, булчингийн мэдрэл, цөсний чулуутай бол гэнэт зүрхээр хатгуулж, цээжээр өвддөг. Цээжээр өвдсөн болгоныг миний зүрх өвдөж байна гээд эмчид ханддаг. Нарийн шинжилгээ хийж, оношийг нь тодруулснаар хам шинжүүдийг ялгаж байж зүрхний өвчин гэсэн оношоо тавина. Зүрхний янз бүрийн өвчин байдаг. Тухайлбал, зүрхний титэм судасны хурц үрэвсэл, ачаалалтай зүрхний бах, зүрхний хэрх өвчний шалтгаантай хавхлагуудад нөлөөлсөн үед хүчтэй хатгаж өвддөг. Мөн зүрхний шигдээсийн үед огцом хүчтэй өвдөлт өгнө. Тиймээс эмчид яаралтай үзүүлэх хэрэгтэй.

Зүрх дандаа чичрээд байхаар нь эмчид үзүүлж, цахилгаан бичлэг хийлгэхэд зүгээр байна гэдэг. Энэ нь зүрх өвчлөх шалтгаан мөн үү?

-Манайхан зүрх чичрээд байна гэдэг. Энэ нь зүрхний хэм алдагдаж, түргэсээд байгааг чичирч байна гэж ойлгодог. Энэ үед зүрхний цахилгаан бичлэгээр илрэхгүй ч бусад өвчний үед чичрэлт илэрнэ. Дотоод шүүрлийн булчирхай бамбай, сахар багадалттай үед хөлөрч, чичрэх шинж тэмдэг илэрдэг. Үүнийг яг мэргэжлийн эмчид хандаж оношийг нь тод­руулна. Ганц зүрхний өвчний үед илрэхгүй.

Цус багадалт зүрхний хэм алдалтад нөлөөлдөг үү?

-Нөлөөлнө. Их хэмжээний цус багадалттай хүн зүрхний болон тархины цусан хангамжийн дутагдалд орсноос толгой өвдөж, зүрхээр хатгуулах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Тиймээс суурь болон үндсэн өвчнөө эмчлүүлснээр зүрхний зовиур багасна.

Зүрх тэжээлийн дутагдалд орсон байна гэсэн яриа сүүлийн үед их гарч байна. Энэ юунаас болж байна вэ?

-Тухайн хүний суурь өвчин, цус багадалт нө­лөөлөхөөр чухал эрхтэнд очих цусны хэмжээ багассанаар зүрхэнд тэжээл, тархинд цусан хангамж дутагддаг. Үүнээс болж зүрхний өвчнүүд өвдөх шинж тэмдэг, янз бүрийн өөрчлөлт гардаг. Тиймээс зүрхний тэжээлийн дутагдалд орохгүйн тулд юунаас шалтгаалж байгаа суурь өвчнөө эмчлэх хэрэгтэй. Зүрхний биш шалтгаантай суурь өвчин цус багадалт, архаг өвчнүүд, хавдрын улмаас цус багадалт үүссэнээс зүрхэндээ нөлөөлсөн байгаа. Эдгээр суурь өвчнийг эмчилснээр зүрхний цусан хангамж сайжирна.

Сүүлийн үед хүүхдүүд зүрхний цоорхойтой төрж байгаа. Та үүнийг юутай холбоотой гэж бодож байна вэ?

-Эхийн хэвлийд байх үйл ажиллагаатай холбоотой. Ээж нь жирэмсэн байхдаа элдэв төрлийн хортой эм бэлдмэл хэрэглэсэн байж болно. Агаарын бохирдолттой холбоотойгоор гажигтай хүүхэд төрөх магадлал өндөр. Мөн удамшилтай бас холбоотой.

Манайхны дунд зүрх өвдөхөөр даралт ихэсдэг гэсэн яриа бий. Энэ хэр үнэний хувьтай вэ?

-Цусны даралт ихэсвэл зүрхэнд нөлөөлнө. Өндөр даралтын улмаас толгой эргэж, дотор муухайрч зүрх чичирнэ, зүрхээр өвдөх шинж тэмдэг илэрдэг.

Зүрхний өвчин ямар тохиолдолд хүндэрч, хагалгаа хийхэд хүргэдэг юм бэ?

-Зүрх нь удаан хуга­цаагаар өвдсөн хүмүүс бий. Залуу хүмүүст ихэвч­лэн хэрх өвчний улмаас зүрхний хавхлагууд гэмтээд байгаа. Үүнээс үүдэлтэй зүрхний олдмол гажиг үүсдэг. Энэ олдмол гажгийн улмаас янз бүрийн өөрчлөлт өгч зүрхний дутагдалтай уч­раас мэс заслын аргаар хагалгаа хийдэг.

Энэ өвчнөөс иргэд яаж урьдчилан сэргийлэх вэ. Энэ талаар зөвлөгөө өгөөч?

-Сүүлийн үед зүрхний өвчин залуужиж байгаа гол шалтгаан нь амны хөндийн ариун цэвэр, гүйлсэн булчирхайн архаг үрэвслээ эмч­лүүлээгүйгээс зүрхний хавхлагууд, бөөрийг гэмтээснээс хүндрэл өгч даралт ихсэлт, зүрхний янз бүрийн өвчний шалтгаан болж байна. Тиймээс амны хөндий, хорхой идсэн шүд, чих болон бөөрний архаг үрэвслээ эмчлүүлж байвал зүрхний өвчлөл багасна. Мөн биеийн жин хэт тарган биш, хөдөлгөөний хомсдлоос үүсэлтэй зүрхний өвчин ихэсч байгаа. Хоол хүнсний хэрэглээ буюу давс, элсэн чихэр, өөх тосыг хэтрүүлэн хэрэглэснээр судасны хатуурал үүсч энэ өвчний эхлэл тавигдаж байна. Эмийн эмчилгээ шаардахгүйгээр зөвхөн хувь хүнээс шалтгаалах юм. Тиймээс хоолны дэглэм барьж чадвал зүрхний өвчин багасна.

Энэ өвчнийг бага дээр нь эмчлүүлснээр бүрэн эдгэрэх үү?

-Эдгэрнэ. Зүрхний өвчний шалтгааныг олоод бага дээр нь эм­чил­бэл зүрхний өвчин эмчлэгдэнэ. Тиймээс амны хөндийн ариун цэвэр, зөв зохистой хоол­лол­тоос шалтгаалсан зүрхний өвчнөөс урьд­чилан сэргийлэх хэрэгтэй.

Continue Reading

Онцлох мэдээ

DMCA.com Protection Status