Connect with us

Түүхүүд

70 настай эмээ: Хорь гаруй настай байхад цэрэгт явсан түүнийгээ ороод ирээсэй гэж хардаг

Published

on

Далан нас шүргэж яваа эмгэн бид хоёр ярьж байна.Тавин жилийн тэртээх нэгэн зун мордоод явчихсан хүнийг эргэн санаад ч тэр үү, хоёр гараа өвдөг дээрээ намбатайяа тавин, хөнхөрдүүхэн том алаг нүдээр газар ширтэн хөдөлгөөнгүй сууна.

Даруу төлөвхөн дарьганга бүсгүй сэтгэлийн мухарт хадгалж явсан үгээ холын хүнд нээн хэлэх ч бас л ховорхон тохиол. Урьд нь энэ тухай хүн нэг их асуудаггүй, өөрөө ч бас хэрэг болгож ярьж байгаагүй болохоор гирэвшсэн ч юм уу, зовсон ч юм уу? Нэг хэсэг дуугүй сууснаа духруугаа бууж ирсэн хэдэн буурал үсээ чихнийхээ араар лав гэгч нь болгоод,

-Тэр зуны цэрэг татлагаар саахалтынхаа нэг хүүтэй хамт мордоод явчихсан. Энээ тэрээ, хожим хойтын юм ярьсан ч үгүй. Би тэгэхэд хорь л хүрч байсан юм уу даа. Дөнгөж хөлд орж байгаа хүүхэдтэй болохоор түүнийгээ сумын төвд ч гаргаж өгч чадаагүй. Манайх тэр үед Дарьгангад байсан.

Баруун зүүн Бүслүүрээр нутагладаг. Манайхыг Зүүн хамарт байхад л Лхасүрэн маань цэрэгт мордсон. Надаас ганц хоёр ах. Хорин хоёртой явав уу даа. Хаана хүргэж өгснийг ч бүү мэд, хадам аав Буянцэрэн маань морийг нь хөтлөөд ирсэн юм даг.

Хүрэн бор царайтай, нарийхан хар гэзэгнийхээ үзүүрийг сураар боочихоод явдаг хүн байсан. Адуунд их хорхойтой. Дандаа л эмнэг догшинтой ноцолдоно. Айлын ганц хүү болоод ч тэр үү, сайхан морь унах дуртай. Морь унаж ханаагүй насандаа д явчихсан даа хөөрий. Хэзээний олон таван үггүй Халх голоос явуулсан захидалдаа ч төдий л олон юм бичихгүй.

Мэнд сайнаа л мэдэгдсэн хэдэн үг бичдэг байсан. Би ч бичиг үсэг сайн мэдэх биш. Захиа иржээ л гэж хадам хэлдэг. Сайн Гэхээс өөр юм олж сонсохгүй. Асууж лавлаад ч байх биш дээ. Тулаан болж байгаа газар амьд мэнд яваа сургийг нь дуулах төдий байсан. Гэтэл ирэх цаг нь боллоо.

Хамт явсан нутгийнх нь залуус хүрч ирлээ. Гэрээсээ гарч явсан замаар ганц нэг морьтой хүн торойход сэмхэн гэгч харж зогсдог байлаа. Ингэж зогссон өдөр олон доо. Ядаж явснаас нь хойш ээж нь өөд болсныг хэлэх үү. Хүрээд ирэхэд нь юу гэж эхэлж хэлэх вэ гэдгийг хүртэл бодож зогсоно.

Цэргийн залуус хүрч ирж, дэлийг нь зассан морь унаж хөндөлдөөд л байдаг! Манай хүн байдаггүй. Хадам эцэг нэг хэсэг хүлээснээ тэсч ядан сум руу явсан. Тэгээд л орой нь ирэв бололтой. Юуны ч учир олоогүй байтал тэрэгний дэргэд орилоон бахираан болох нь тэр. Би ч хүүгээ шүүрч аваад гарав. Хадам эцэг,

-Би хүүгүй болсон гэж газар тэнгэргүй хашгирч уйлж байсан. Тэгээд л би яаснаа мэддэггүй юм…

Энэ бол Сүхбаатар аймгийн Асгат сумын төвд сууж байгаа Шарав овогтой Мажигсүрэн гэгч эмгэн. Эцгээсээ хоёрхон настай үлдсэн хүү Загдсүрэнгийнхээ хаяаг түшин аж төрж сууна. Цагийн урсгалаар цэрэг эрийн хүү зуугийн талыг насалж, есөн хүүхэд орж гарсан өнөр өтгөн айл болжээ.

Мажигсүрэн цэрэг нөхрөөсөө хойш хүнтэй суусан боловч хүүхэд тогтсонгүй. Орчлонд тосон авах эр хүн олдсон боловч ганц хүүд нь гараасаа хөтлөх дүү заяасангүй. Тэглээ ч Мажигсүрэн гуньж гутсан юмгүй. Есөн сайхан ач, бас гучаа хараад үрийн жаргал эдэлж байна. Бид хоёр тулганы зүүн талд эгч дүү шиг дотносон ярилаа.

Мажигсүрэн гуай баярлах гомдох нь гаднаа гардаггүй, хөдөөх бодь эмэгтэй юм. Залуугийнх нь төрхийг сэргээн бодвол, том алаг нүдтэй, хонгор шар үстэй, туяа татсан цагаан царайтай тал газрын намдуухан дуутай бүрэгхэн хүүхэн байсан байх.

-Тэгээд яав даа та хоёр минь гэж сэтгэл эмзэглэн асуувал, бас л жаахан дуугүй сууж, өврөөсөө алчуур тэмтэрч олж аваад,

-Хадмындаа жил эргэм байсан. Энэ хооронд аав минь ч нас барж гэртээ харихаас өөр аргагүй болсон. Нялх хүүхэд тэврээд л өвгөн хүний хэнгэнэтэл уйлахыг бүтэн жил сонсчихлоор гэрийн бараа, ээжийн халамж өөрийн эрхгүй бодогддог юм байна лээ. Ээж минь ч, хэнийгээ гэж айлд хоргодож суух вэ гээд нэг өдөр намайг авахаар тэмээн тэрэг хөтлөөд ирсэн…

Хүүхдийнхээ бор шувууны далавч шиг хэдэн баривчийг боож, үнхэлцэг шиг жаахан хүүгийхээ гараас атгаад хадмын босго алхан гарахдаа залуу бүсгүй юу эс бодох билээ? Хангай шиг эр хүнээс хагацаад халамж горилсон нойтон сормуустыг тэврээд хадмын гэрээс гарав.

Байхын бараанаас өөр юу ч үлдээгүй ясан хэлхээ болсон янхир өвгөний зовлонгийн түмэн үрчлээт нүүрийг нүд хальтраад харж чадсангүй. Тэргэнд суулаа. Юу ч мэдэхгүй бяцхан хүү дугуй гаслах мэт хяхнан эргэхийг сонирхон инээж харагдав. Ээж хүүгээ өхөөрдөн инээж ядна.

Ингэхээс биш яахав! Инээх уйлах хосолсон хорвоо юм чинь. Ер нь ч талын Монголын бүсгүй жаргалыг ч, зовлонг ч даахын чинээгээр дааж чаддаг газар даа. Энгэр нэвт уйлчихаад нулимсаа нуух гэж араг үүрэн гэрээс холдож, дэрсэн толгой сэрвэлзэх төдийхөнд дотор нь онгойж, төдхөн яаж даав даа гэмээр аргалтай гэртээ ирж, гал голомтоо дүрэлзүүлэн идээ будаагаа зэхэж суудаг. Олон хүний дэргэд санаа алдахаас ч эмээдэг шүү дээ.

-Залуу болоод ч тэр үү, хүүгийн эцэг үрэгдлээ гэж хавь тойрондоо уйлж унжиж гүйгээгүй. Эхлээд үнэмшихгүй л байсан. Сэтгэл санаагаар унахаа төдийл мэдэхгүй байсан юм болов уу? Хүн удаандаа л ухаан сууж нэгнийгээ үгүйлдэг юм билээ. Өөд болон үрэгдэхийг нь нүдээр үзсэн биш дээ.

Хатавчаар гараагүй, хаалгаар гарсан хүн сэвхийтэл ороод ирэх ч юм билүү гэж бодох үе одоо ч гэсэн байдаг. Хүү минь өсч өндийгөөд, үр удам залгаад ирэхээр хоногийн удаанд юм их мартагдах юм. Хүү минь хорин хэдэн насан дээрээ яг л аав шигээ байсан болохоор би хууртсан даа…

Аавтайгаа адилхнаар барахгүй аавынхаа тулалдаж явсан зүүн хязгаар Тамсагбулагт хилчин байж, тэнд анхных нь хүү төрсөн нь одоо Зоригт гэдэг гучаад насны тракторчин залуу байна. Амьдрал аа гэдэг. Заримдаа зөн совин дагадаг юм уу гэмээр.

Хилээ хамгаалах гэсэн аавын сэтгэлийг гурван настай хүү нь авч үлдэж дээ гэж бодмоор. Халх голд амь алдсан дайчин эрээс бэлэвсэн гэргийд нь юу үлдэв ээ гэвэл чин үнэнийг хэлэхэд хүүгээс нь өөр дурсах юм юу ч алга. Дайнд амь үрэгдсэн тухай албан ёсны алгын чинээ хуудас ч байхгүй.

Цэрэг эрийн малгай, бүс гээд бэлэвсэрч үлдсэн эмэгтэй, төрсөн хүүгийн нандигнан харж байх ёстой юм байдаг сан. Гэтэл тэр цагт үүнийг юман чинээ боддоггүй байж. Хүнийг хайрлах, сэтгэлийг эрхэмлэх үзэлд ихээхэн цөв орсон байж. Сумын нам захиргааны байгууллага, дарга нарын зүгээс ч эх хүү хоёрыг хайхарсангүй.

Дайнд явж ирсэн нутгийн цэргүүдээс л эргэж ирэхгүй болсныг мэдэж, хүлээсэн хүний сэтгэл цөхөрч. Халх голын тэр нэгэн түгшүүрт зун цагийн эргэлтээр холдон холдож, “Халх голын бургасанд харанхуй манан бүрхэнэ” гэж дуулж байсан дууны ая , үг мартагдаж, үе солигдохын даваан дээр эр цэргийн бэлэвсэн гэргий, өнчин үлдсэн хүү хоёрыг сураглан ирэхэд даруухан эмэгтэй гайхалгүй яахав.

Халх голын дайчны бэлэвсэн гэргий “Би цэргийн ар гэр, өнчин хүүхдийн эх ” гэж хуудас цаас барин гүйлгүй хагас зууныг туулжээ. Тэр ч байтугай хүүгийн эцэг үгүй болсны дараа энгэр задлан өөр хүнтэй нийлж байснаа өнөөгийн өдөр эргэж бодоод “Амьдын зол юм даа” гэж гонсойж явдаг ч юм бил үү? Монгол эмэгтэй гэдэг!

Гавьяа байгууллаа гээд гайхуулж бардамнадаггүй. Ачтан соёмбо зүүсэн ч аргап хорголоо хормойлж л явдаг, ядарсан ч ядраагүй юм шиг, зовсон ч зовоогүй юм шиг энэ биеийг элэгдтэл бухимдлыг тэвчин бусдын төлөө цагаан сүү, цагаан сэтгэл, цагаан үйлсээ зориулж, хариу харамж бодож явдаггүй гайхамшигт хүмүүс юм даа. This article is work of website Asuult.xyz and you are not authorized to republish it.

… Хоногийн удаанд л хүн автах юм даа. Юм мартагдаж сарниж амьд хүн аргаа олдог юм байна. Мордоод явчихсан тэр минь! Би хөгшрөөд ч тэр үү? Хаалга татаад л ороод ирэх юм шиг заримдаа санагддаг…

Яг тэр цагийн эгзэгтэй мөч, магадгүй Мажигсүрэнгийнхээ унах морины дэлийг засаад цагаан шүд цахилуулан инээж байсан ч юм уу, эсвэл онгон дэлтэн ардаг морийг чичиртэл нь чихдээд зогсч байсан хүдэр түүний дүр санаанд нь оров уу, дахин өврөө тэмтэрч, суудлаасаа өндөлзөн алчуураа эрэв.

Тавин жилийн тэртээ нөхрөө цэрэгт үдэж байсан залуу насны тэр л эрхэм нулимс улцайж ядарсан нүднээс нь дуслын төдий хальтран унав. Дахиад дуссангүй. Нулимс дуусах гэж байдаг юм болов уу?

Цаг хугацаа.хүнийг элээдэг ч гэсэн сэтгэлийн толинд залуу зандан нас гэрэлтэж л байдаг ажээ. Яагаад ч юм бэ, энэ эмгэнтэй уулзаад “Хөх даалимбан тэрлэг” найраглалын баатартай хувь заяа нэхтэй эх хүн юм даа гаж бодогдов.

“Сошиал Мэдээ” Facebook page

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Түүхүүд

Х.Заяа: Нүүрсний сэдвээр олныг төөрөгдүүлж “сэнхрүүлэх” үүргийг хэн өгдөг юм бол…

Published

on

By

Алга болсон мөргөцөг буюу алд дэлмийн ялгааг энгийнээр тайлбарлахад гэж үзьe!!

2019 оноос хойш олон удаагийн шалгалт орж, орон нутгийн Таван Толгой ХК, Эрдэнэс Таван толгой ХХК нэгдмэл талбайн хоёр талаас олборолт хийхэд үүссэн Нүүрсийг нүүрсээр нь төлсөн, Үл ойлголцол байхгүй, хууль бус үйл ажиллагаа алга гээд дүгнэлт гарсан байхад яагаад зарим хүмүүс уул уулаар хулгай хийсэн мэт нийгэмд буруу ойлголт өгөөд байгаа юм бол хэнд ашигтай байх уу???

Ингэхэд орон нутгийн өмчит хувьцаа эзэмшигч компани яах гэж өөрийнхөө өмчөөс өөрөө хулгай хийх вэ. Учир нь хувийн өмчит компаниас хулгай гарах боломжгүй шүү дээ.

Гэтэл мөргөцгийн үлгэр зохиож, мөргөлдөөн гаргаад чоно борооноор гэдэг шиг далимдуулж булхайгаа нуух гэж оролдох шалтгаан юунд байв.

Угтаа бол мөргөцөг гэдэг нь хоёр компани уурхайд олборлолт хийх явцад үүссэн хана. Энэ ханыг нураахгүй бол машин техник, хүн дарагдах нуралт үүсэх гэх мэт аюултай байна гэж улсын комиссын дүгнэлт гарч компаниуд тохиролцон комисс гарган акт хийж нураалт хийж. Ийм нөхцөлд тэсэлгээ хийдэг учир талх шиг зүсээд авах боломгүй учир нөгөө компанийн мэдлийн газарт компанийн техник орж, олборолт хийдэг. Ийм нөхцөлд хоёр компаниас ажлын хэсэг гаргаж ажиллаж гэрээ акт хийж гэрээний дагуу тухайн газраас гарсан нүүрсийг чанар хэмжээгээр буцаан өгдөг гэж байгаа…

Үүнийг бүгд л мэддэг ч бүр огт мэдэхийг хүсдэггүй, тэгээд үe үe гаргаж сэрдэг буланд шахаж улс төржүүлдэг бүлэглэл байх. Энэ бүлэглэлийн олон гар хөлийн нэг нь уг талбайд хөрс хуулах компанитай,өмнийн говийн уугуул, нэгэн цагт Ажнай Бат-Эрдэнээс 380 саяыг өдөр тутмын сонин хийнэ гэж авч байсан Мандахбаяр гэж байгаа… ингэхэд Мандахбаярыг ингэж цэнэглэж ийм сэдвээр олныг төөрөгдүүлж “сэнхрүүлэх” үүргийг хэн өгдөг юм бол…

Яг үнэндээ мөргөцөг огт алга болоогүй шиг мөнгө болж шаагих нүүрс л тэднийг зовоогоод байна. Бага талбайд маш нямбай ажиллаж байгаа тэр их ашгийг төрийн нэрээр өөрийн болгож, баяжих хүсэлтэй тэр бүлэглэл… тэр бүлэглэлд маш их мөнгө, ашиг сонирхол байгаа ч бас нэмж олж улсыг эргүүлэх улс төр хийх л чухал болохоос бусад огт хамаагүй гэхээр… дэндүү харамсалтай…

/ нүүрсний хулгайн мөрөөр явж байх зуур л төрсөн бодол шүү,ийм тийм гэх шүүмжлэл огт хэрэггүй/

Бүтэн жил нүүрсний хулгайн хэргийг тахиа шиг дарж хэвтсэн ерөнхий сайд маань яах ч аргагүй булайг нь нууж хааж биеэрээ дараад нэмэргүй болоод гал алдангуут сөрөг намын ганц хоёр хүний нэр зарлаж, хулгайн бүлэглэлийн гар хөл хийж байсан хэдэн байцаагчийг зарлаж онигоогоо чирэв. Тэгээд болоогүй онц байдал зарлаж жалга хамгаалахыг хүссэн ч ерөнхийлөгч зогсоож тэмцэх боломжийг иргэдэд өгсөн. Ардын талд орсон ерөөкд ихэд өшөөрхөж, өөрийнхөө бохирыг нялах гэж оролдож байгаа бололтой.

Херо ахын найруулгаар шинээр жүжиг найруулж сошиал одонцорууд, мөнгөний сэтгүүлчдийн амруу мөнгө чихээд өөрийгөө магтуулах бусдыг харлуулах пиараа үүрээр эхэлсэн гэнэ шүү

Эх Сурвалж: Х.Заяа

Continue Reading

Түүхүүд

Эгээтэй л 00 өрөө ороход өгзөг арчих хүн зогсож байсангүй, манай дарга нар ажлын байр ингээд нэмэгдүүлчихвийдээ..

Published

on

By

100 ЯМААНД 60 УХНА

Хил дээр нэлээд удаан оочирлосны эцэст Энэтхэг улсад хөл тавилаа. Дунд зэргийн нуруутай Энэтхэг бор залуу биднийг тосон жуулчны автобусанд суулган Агра хотын зүг хөдөллөө. Делигээс Агра хотруу 4 гаруй явах учир замдаа оройн хоол идэхээр түргэн хоолны газар орцгоов. Ороход үүдэнд харуул бололтой нэг настай эр зогсоно, захиалга өгөх гээд очиход касс дээр 2 бор залуу, хажуунаас мэдээлэл өгөх 2 бор залуу нийтдээ 4 бор залуу захиалга өгөх хэсэгт 1 хүнд зэрэг үйлчилж байв. Захиалга аа өгөөд хоолоо авах хэсэгт баримтаа өгөх үед мөн л 3 бор залуу зэрэгцэн зогсоно, түүний цаана гал тогоо хэсэг ил харагдах бөгөөд тэнд 4-5 бор залуу байгаа харагдана.

Зам дагуу машин зогсоосон учир хоолоо хурдан идээд хөдлөх хэрэгтэй байв. Хүсвэл хясна гэгчээр 20 гаруй минут хүлээлгэх нь тэр. Уг нь хийж ядаад байх зүйлгүй. 1 аяга масала цай, 1 грилдсэн сендвич захисан юм. Хүлээж тэсгэл алдаад цайгаа түрүүлээд авч баймаар байна гэдгээ хэлтэл нэг бор залуу одоо ухаан орсон аятай цайгаа чанахаар усаа буцалгаад эхлэв. Нэлээд удаж байж 1 сендвич бэлэн болов. Нэг аяга цай, 1 сендвич авахын тулд 10-аад бор залуу дамжин үйлчилгээ авч 30-аад минутын дараа захиалга аа авав. Анх орж ирэхэд их олон залуу үйлчлээд байгаа мэт санагдсан ч анзаараад харвал тэр олон залуус хурд үгүй, бүтээмж үгүй нэг нэгнээ нудралцан нэг нэгэндээ ажлаа шилжүүлээд байгаа нь анзаарагдав.

Түгжирч 6 цаг хэртэй яваад Агра дахь зочид буудалдаа ирэв. Буудлын угтах үйлчилгээ, туслах ажилчид бололтой 5, 6 бор залуус мөн л тосож угтав. Автобуснаас ачаа буулган өрөөнд зөөх хүртэл өнөөх олон залуус мөн л баахан мунгинав. Арга аа бараад өөрөө оролцон ачаагаа өрөөндөө оруулалцлаа. Эднийх чинь хүн ам ихтэй болохоор ингэж ихээрээ зогсдог юм байхдаа хэмээн бодол төрж байсан юм.

Маргааш нь бид өдрийн хоол идэхээр нэгэн ресторанд орцгоов. Мөн л дамжин орох үүд болгонд нэг хижээл насны бор эрэгтэй зогсоно. Захиалга авахад 2 эрэгтэй ирэв. Үүдэнд зөөгч хувцастай ижилссэн 5 эрэгтэй зэрэгцэн хийх ажилгүй сууцгааж байв, тэйкрүү хартал 2 эр зэрэгцээд суучихсан байхыг хараад ёстой гайхах, инээх зэрэг хүрсэн дээ. 100 ямаанд 60 ухна гэгчээр бүтээмж байхгүй, хурд байхгүй, хий эргэсэн хэдэн эрэгтэйчүүд бүх үйлчилгээний газруудад олноороо байгаа нь ажиглагдсан юм. Бие засахаар ороход хүртэл үүдэнд нэг залуу цаас барьчихсан зогсож ч байх шиг.

Эгээтэй л ариун цэврийн өрөө ороход бөгс арчих хүн зогсож байсангүй. Дээрх зүйлийг хараад манай дарга нар ажлын байр нэмэгдүүлэх аргыг ийм маягаар шийдчих вий дээ хэмээн эмээв. Нэг ажлын байр дээр 2-3 хүн тавьчихаад ажлын байр 2-3 дахин ихэсгэв хэмээн тайландаа тусгачихаж мэдэх хүмүүс тул энд ирж туршлага судлуулж болохгүй санагдав.

Үйлчилгээний газар бүрт энэ мэт олноор нэг нэгрүүгээ харцгаасан, нэг нэгэндээ хийх ажлаа шилжүүлсэн бор бор эрчүүд тааралдсаар байсан юм. Делид ирэхэд ажиглагдсан инээдтэй ч гэмээр гайхмаар ч гэмээр заримдаа бухимдмаар гэмээр зүйл энэ байлаа.

Continue Reading

Түүхүүд

Монголчуудын бахархал улсын аварга Д.Сумъяабазарын талаар сонирхолтой баримтууд

Published

on

By

Аваргын алдар: Долгорсүрэнгийн СУМЪЯАБАЗАР

Төрсөн он(жил): 1974(үхэр)

Нутаг ус: Өвөрхангай аймгийн Хужирт сум(Улаанбаатар хот)

(хуучнаар Түшээт хан аймаг)

Цол чимэг: Өсөх идэр, үлмэж бадрах, саруул сайжрах, хурдан шаламгай, хууринан шуугигч, уран барилдаант, үнэн зоригт, цогт гарамгай, өлзий бадрах, бууршгүй хүчит, үлэмж дэлгэрэх, үнэн итгэлт, улсын аварга

Барилдааны амжилт: Улсын наадамд 2006 онд 10 даван түрүүлж(аварга цол), 1998, 1999, 2003, 2005 онд 4 удаа үзүүрлэж, 1994, 1995, 1996, 2000, 2001, 2002, 2004, 2007, 2008 онуудад 9 удаа шөвгөрөөд байна. Мөн Цагаан саөрын барилдаанд 2002, 2003 онд түрүүлж, 2001, 2005-2007 онд үзүүрлээд буй.

Гол онцлог: Улсын манлай заан Д.Долгорсүрэнгийн хүү, мэргэжлийн сумо бөхийн их аварга Д.Дагвадоржийн ах. Чөлөөт бөхийн ОУХМ, олимпийн их наадмын шагналт. 20-хон насандаа улсын цолтны эгнээнд багтсанаас хойш жил бүр(1997 онд тавд Өсөхбаяртай тунаж унасныг эс тооцвол) шөвгөрч буй энэ цагийн  удамт шилдэг бөх.

Дархан мэх: хонгодох, шуудагдаж татах, хавсрах

-Монголчуудын мянга мян­ган жилийн нүүдэлчин ахуй болон  өв соёлыг тээж ирсэн үндэсний их баяр наадам хаяанд ирлээ. Дэлгэр зуны энэ цагт дэнж хотойтол нааддаг Монголын ард түмэндээ баяр наадмын мэнд хүргэе  ээ. 

Багын найз Г.Өсөхбаяр, А.Сүхбат хоёр маань дархан аварга цолтой болж байна. Ард түмнээ хүндэтгээд хоёр дархан аварга маань зүлэг ногоон дэвжээнээ зодоглох байх аа.  

Миний хувьд 2008 оноос хойш Төрийн их баяр наадамдаа зодоглоогүй. Би бодохдоо, спорт залуу насных гэсэн хатуу зарчим тээж явдаг хүн л дээ. Д.Сумъяабазар гэдэг хүн 14-34 нас хүртлээ буюу 1988-2008 он хүртэл 20 жил спортын төлөө өөрт байгаа бүхнээ зориулсан. Энэ хугацаанд үзэгч олноо хүндэтгэн олон сайхан барил­даан үзүүлж ард түмнээ баясгаж тэднээсээ уухайн түрлэг, эрч хүч авч байлаа. 

-Улстөрч гэдэг үүднээс бус Монгол бөхийн аварга гэдэг утгаар тантай ярилцаж байна. Хэдийгээр өөрөө барилдахгүй гэсэн ч нут­гийнхаа бөхчүүдийн галаар орж бэлтгэл сургуу¬лилтыг нь харав уу?

-Наадам бүхэн өөр өөрийн онцлогтой. Нэг дор 1024 бөх зэрэг гарч, нэг зэрэг 1000 гаруй шандаст хүлэг зурхайгаас эргэдэг, эрхий мэргэн харваачид нь цэц мэр­гэнээ сорьж гурван өдөр нааддаг гээд тэр бүхэн яах аргагүй Монгол наадмын онцлог. Тиймээс ч түмэн олон маань бөхчүүд гэхээсээ илүүтэйгээр Ардын хувьсгалынхаа их баяр наад¬мыг хүлээдэг болов уу гэж ойлгодог.

Хаана ч байх¬гүй тийм л сайхан жишиг Монголын ард түмэнд л байдаг. Бөхчүүд бидний хувьд зөв­хөн давах, унах гэхээсээ илүүтэйгээр ард түмнээ хүндлэх ёстой. Үүнийгээ үргэлж дот­роо бодож, тунгааж явах учиртай. Энэ жилээс Өвөрхангай аймгийн бөхийн галыг хариуцах том үүрэг надад оногдож, Их Монголын хүчтэн дэвжээний тэргүүнээр сонгогдсон.

Өврийн сайхан хангайгаас төрж гарсан аваргын хувьд энэ л нутаг уснаас ирээдүйд төрж гарах аварга, арслангуудын залгамж халааг нь бэлтгэх нь миний үүрэг. Бөхчүүд галынхаа нэгдсэн бэлтгэл, сургуулилтдаа гарсан.

-Зургаан залуу заан наадмын дэвжээнээ гал гарсан барилдаанаар ард түмнээ баясгадаг байлаа. Хорьсон ч давдаг хориогүй ч давдаг тэр торгон цаг үеийг эргэн дурсахгүй юу?

-Зургаан залуу зааны үеийг монголчууд бахдан ярьдаг. Бидний хувьд 12-13 наснаасаа их спортоор хичээллэж бөхийн гараагаа эхэлж байсан. Их спортоор хичээллэсэн үеийн өндөр бэлтгэл сургуулилт, ёс зүй гээд бүхий л зүйлд суралцсан бөхчүүд бол тухайн үеийн зургаан залуу заан байсан гэж боддог.

Бэлтгэлийн суурь, ачаалал даах чадвар гээд бүхий л зүйл их спорттой салшгүй холбоотой. Г.Өсөхбаяр нь Архангай­даа, Д.Сумъяабазар нь Октябрийн райондоо, А.Сүхбат нь Төв аймагтаа байсан бол бид хөдөө буйдхан газартаа бондойсон аймгийн арслангууд болчихсон жилдээ ганц удаа төрийн наадамдаа зодоглох гээд шилээ маажиж ирээд начин цол горьдсон нөхдүүд л байх байсан болов уу.

Их спортоор хичээллүүлсэн ухаалаг багш нарын буяныг хариулж барахгүй л дээ. Зургаан залуу заан бус­даа­саа аргагүй ялгардаг байсан. Бид бусад бөхчүүдээс хэд дахин илүү бэлтгэл хийж, тэднээс хэд дахин илүү ачаалал авчихсан тул ялгарахгүй гээд яах юм.

-Тачигнатал барилдаад давж, унасныхаа дараа өнөө хэдий­гээ юу гэж боддог байв?

-Бид нэг нэгэндээ уначихвал нойр хүрнэ гэж байхгүй. Учир нь бид өгөө аваатай байсан. Би Сүхбатад, Өсөхөө Пунцагт уналаа гэхэд шөнөжин орондоо тарвалзаж хононо.

Дараа нь харин давчихаад нэг их сайхан санаа амарна шүү дээ. Тэгж байж дараагийн бэлтгэлдээ сэтгэл хангалуун ордог байлаа. Монгол бөхийн нэгэн үеийн өнгийг тодорхойлж явсандаа бид бахархдаг. Монголын ард түмэн хэзээд залуу зургаан зааны тухай ярьцгаасаар байх болов уу гэж боддог юм. 

-Анхны цолоо хэзээ хүр­тэж байв. Таны дархан хонгодох мэхэнд тэсч үлдсэн бөх цөөхөн. Уг мэхийг хэрхэн сурч байсан бол?

-Бөхчүүдийн биеийн галбирт тохирсон мэхний хувилбар гэж байдаг. Хонгодох мэх миний биеийн галбирт л тохирсон мэх. Халз хутгах, давхар ачих, зайлж хавирах гээд янз бүрийн хувилбар тухайн үед барилдааны явцад орж ирдэг.

Барилдааны ганцхан доль, секундэд л хийгддэгээрээ дар­хан мэх агуу л даа. Өнөөдрийнх шиг хашиж зогсож байгаад нэгнээ өргөөд тавьдаг ийм барилдаан үзээд яах юм. 20 минут зугтааж байгаад азаа үзэж барьц сонгоно гэдэг утгагүй.

Анхны цол гэвэл 1988 онд үндэсний баяр наадмын өсвөрийн 64 бөхийн барил­даанд түрүүлж улсын “шонхор” цол хүртсэн. Тэгэхэд Баагий ах маань (Дархан аварга Б.Бат-Эрдэнэ) түрүүлж арслан цолонд хүрч байсан үе. Тухайн үед нам засгийн дарга нар болох Ж.Батмөнх гуай болон Улс төрийн товчооны бусад гишүүдтэй 14-тэй хүү гар барьж байлаа.

Тэгэхэд хязгааргүй их баярлаж билээ. Би Октябрийн районы 46 дугаар сургуульд сурдаг байсан юм. Сургуулийнхан маань хүлээн авч Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь I, II ботийг өгч намайг хөхүүлэн дэмжиж байв шүү дээ. 

-Анх ямар улсын цолтныг өвдөглүүлж байв?

-Бөхийн чөлөөт барилдааны Тулгат клубийг үүсгэн байгуулсан Нямдаваагийн Ганбаатар багш маань Өсөхөө болон бидний тэргүүтэй хэсэг бөхчүүдийг гаргаж ирсэн. Багш биднийг 20 нас хүртэл үндэсний бөхөөр барилдахыг хориглодог байсан.

Тэр үеийн заалны нэгэн барилдаанд Өсөхөө засуул дээрээс гарахдаа гутландаа бүдэрч унах шахаад гарч ирж билээ. Түүнийг нь багш мэдчихээд “Одоо боль” гээд болиулсан. Тухайн үед бид чөлөөт бөхөөр “өвчилчихсөн”, “Дэлхийн од болно” гэж мөрөөдөж явдаг байсан юм.

Н.Ганбаатар багш дөрвөн мөчний тамир суугаагүй хүүхдүүд нэг л гэмтэл аваад насан туршийн тахир дутуу болчих вий гэж биднийг хориглодог байв. Багш үндэсний бөхөөр барилдуулахгүй байхаар нь бид ч дотроо гомдолтой л байдаг байсан. Одоо бодоход багш маань алсын хараатай байжээ.

1993 оны цагаан сарын барилдаан дээр залуу бөх оноолтоор Д.Мягмар заантай таарсан. Аавтай минь үеийн том цолтой бөхтэй барилдаж байсан болохоор эмээнгүй л байлаа. Элэг бүснээс нь бариад автал барилдаж бол­моор санагдангуут нь шууд л давхар аччихсан. Тэгж л анх улсын цолтой бөхийг давсан түүхтэй. 1994 онд Д.Цэрэнтогтох аваргаар тав давж начин цолны босго алхсан. 

-Цэдэндамбын Цэрэн­пун­цаг гарьдаар долоо давж заан цол хүртсэн тэр барилдаанаа эргэн дурсахгүй юу?

-Ц.Цэрэнпунцаг ах бид хоёр Политехникийн дээд сургуулиас өсвөр үеийн улсын аваргад орж байсан. Пунцаг ах том насанд би 15-16 насны ангилалд барилдсан. Би түрүүлж, Пунцаг ах өөрийн насандаа дөрөвт орж байсан юм. 1990 онд ээжийн маань нутаг болох Архангай аймгийн Өлзийт сумын наадамд зодоглож шөвгийн дөрөвт үлдэж байлаа.

Continue Reading

Онцлох мэдээ

DMCA.com Protection Status