Connect with us

Дэлхий

Монголын тамирчинд солонгосын цагдаа туслажээ

Published

on

БНСУ-ын Чанвон хотноо буудлаrын спортын ДАШТ зохион байгуулагдаж буй билээ. Энэхүү тэмцээнд дэлхийн 91 орны 4.255 баг тамирчин оролцож буй юм. ДАШТ-д Монгол Улсаа төлөөлөн оролцож буй тамирчин “А” цагдаагийн ажилтанд талархан, Чингис хааны зурагтай хоёр ширхэг түлхүүрийн оосор бэлэглэсэн талаар “Yonhap” агентлаг мэдээлжээ.

Чанвон дахь цагдаагийн хэлтсээс мэдээлснээр, Монгол Улсын тамирчин, 36 настай А нь есдүгээр сарын 4-ний өдрийн 19:40 цагийн орчим Чанвон хотын Сеонсаны их дэлгүүрийн өмнөөс таксинд суугаад, гар утсаа мартаад буужээ. Утсанд нь тоглолтын график зэрэг маш чухал мэдээллүүд байсан тул тэрбээр яаралтай ойролцоох цагдаагийн хэлтэст хандсан байна.

Тухайн үед цагдаагийн хэлтэс дээр монгол хэл мэддэг нэг ч хүн байгаагүй тул цагдаа нар орчуулгын аппликэйшн ашиглан хэл нэвтрэлцэхийг оролдсон нь амжилттай болж, А-гийн таксинд суусан зогсоолыг олж тогтоожээ. Таксины жолооч нь зорчигч А-гийн гар утсыг олсон даруйдаа их дэлгүүрт үлдээгээд явсан байсан аж. This article is work of website Asuult.xyz and you are not authorized to redistribute it.

Гар утсаа эргүүлэн авсан А цагдаа нарт талархаж буйгаа ил захидал дээр бичиж илэрхийлээд, нүүрэн талдаа Чингис хааны зурагтай түлхүүрийн оосор бэлэглэсэн байна. Тус гар утсанд А-гийн тоглолтын сүүлийн хэсгийн хуваарь байжээ.

Цагдаагийн ажилтан “Монголын тоглогчийн гар утсаа үлдээсэн таксиг олоход амаргүй байсан. Азаар орчуулагч апп утсандаа татаж, гадаад тоглогчийн утсыг олж өгсөндөө баяртай байна” хэмээн хэлсэн байна.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Дэлхий

Онгоцноос алт асгарчээ гэх мэдээллийг хараад Монгол маань санаанд оров

Published

on

By

Якутск хотоос хөөрсөн онгоцноос алт асгарчээ гэсэн мэдээлэл харлаа. ОХУ нь 2017 онд нийтдээ 255 тн алт олборлосноос 24 тн-ыг нь Якут улсаас олборлосон байна. Өөрөөр хэлбэл 140 гаруй сая хүн амтай ОХУ-ын олборлосон нийт алтны 10 хувийг Якутаас авдаг байх нь.

Оросууд тэднийг Чукча энэ тэр гэж онигооны баатар болгосон байдгыг та бүхэн мэднэ. Якутын ард түмний энэ их баялгийг эзэмшдэг гэх шинэ Оросын олигархиуд бүгд баруунд амьдардаг. Хөлбөмбөгийн клуб, эртний эдлэн, ордон, арал худалдан авч хөрөнгө мөнгөөрөө уралдацгааж Шинэ баян цээж өвчтэй гэгчээр авирладаг.

Баялгаа шавхуулсан нутгийн иргэд сархадан далайд живэн ажилгүйдэл, ядууралд автан аж амьдарцгааж байна. Уул нь газар нутгийн хэмжээ болоод байгалийн нөөцөөр ОХУ-д тэргүүлдэг улс.

Якуттай төстэй байдал манайд бий болж олон аймаг, сумдуудад нутгийн иргэд ядуурал, ажилгүйдэлтэйгээ зууралдан үлдэж хамгийн гол нь ой мод, бэлчээр, гол усаа сүйтгүүлж буй нь үнэхээр харамсалтай байна.

Др. М. Найданхүү.

Өдгөө улсыг тэжээж, төсвийг ундаалж буй зэс, нүүрсний үүц задрахаас ч өмнө Монголын эдийн засгийг нуруун дээрээ үүрч явсан, одоо ч түшиж буй алтны салбарынхан анхаарал нэхэж байна. Аргаа барж, тартагтаа тулах үедээ бид алтаар амь тариа хийдэг атлаа энэ салбарын тогтвортой хөгжлийг боомилж, татвар, тусгай зөвшөөрлөөр хавчсан нь цөөнгүй.

Энэ хэрээр Монголын эдийн засгийн хүнд үеийн хувиршгүй багана болдог алтны салбарын эрэл хайгуул, олборлолт ганхаж, савласаар өдий хүрээд байна. Уг нь ойрын таван жилд энэ салбарыг ухаалгаар хөгжүүлбэл шар металл тэрбум ам.доллар олж, зэс, нүүрстэй зэрэгцэхүйц орлогыг Монголын эдийн засагт авчрах бүрэн боломж бий.

Гэвч тэнгэрийн тоо мэт сонсогдож буй тэрбум ам.долларт хүрэхэд энэ салбарт хэд хэдэн тээг тэгнэжээ. Монгол улс 1990 оноос алтны нөөцийн үүцээ задалж, орд уурхайнх нь үүдийг нээсэн. Эдүгээ газрын гадаргатай ойр алтны шороон ордын нөөц шавхагдах дөхсөн.

Ахиад алт олборлоё гэвэл газрын гүнийг ухахаас өөр аргагүй болсныг уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологийн бодлогын газрын дарга Б.Мөнхтөр хэлж байна. Тиймээс энэ салбарын эрэл хайгуулыг эрчимжүүлэх нь шийдлээ хүлээж буй сорилтын эхэнд эрэмбэлэгдэх болов.

Ойрын жилүүдэд алтны томоохон орд, бүсийг илрүүлэх суурь судалгаануудыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Монгол орны зүүн болон баруун хэсэгт алтны илэрц их ч гүйцэд судлагдаагүй өдий хүрчээ. Мөн шороонд тулгуурлаж буй алтны салбарыг үндсэн ордуудад шилжүүлэх нь чухлыг салбарынхан хэлж байна.

Үүнд дор хаяж таван жил шаардлагатай аж. Бас алт үйлдвэрлэгчид санхүүгийн гачигдалтай нүүр тулжээ. Алтны салбарын аж ахуйн нэгжийн талаас илүү нь өдгөө үйл ажиллагаагаа зогсоочихоод байгаа. Тэдний дийлэнх нь төслийн санхүүжилт, эргэлтийн хөрөнгийн дутагдлаас болж үүдээ хаажээ.

Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал С.Бадарч “Алт олборлогч компаниудыг санхүүгийн эх үүсвэрээр дэмжихээр “Алт-2” хөтөлбөрт заасан ч одоогоор бодит ажил хэрэг болоогүй байна” хэмээн учирлав.

САНХҮҮГИЙН ТУЛАХ ЦЭГ

Манай улсын санхүүгийн салбарын гол үзүүлэлт болох гадаад валютын улсын албан нөөц наймдугаар сарын байдлаар 2.8 тэрбум ам.доллартай тэнцэж байна. Үүний 475 сая ам.доллар буюу 17 хувь нь мөнгөжсөн алт болохыг төв банк мэдээллээ. Сүүлийн зургаан жилд эх орны алт улсын валютын нөөцийг 2.74 тэрбум ам.доллараар тэтгэжээ.

Энэ онд ч 700-800 сая ам.долларыг Монголын эдийн засагт авчрах төлөвтэй. Алт ийнхүү сүүлийн хэдэн жил Монгол улсын эдийн засагт үлэмж хэмжээний валютын давалгаа дагуулсаар. Ингэснээр Монгол улсын санхүүгийн тусгаар тогтнолын баталгаа, үндэсний мөнгөн тэмдэгтийн үнэнч хамгаалагч болж байна.

Эх орны грамм алт бүр монгол өрхийн зүсэм талх, атга элсэн чихрийн үнийг хямдруулдаг. Алтны нөөцөө өсгөж, ам.долларын ханшийг тогтоон барьснаар төгрөгийн үнэ цэнийг хамгаалж, импортын барааны үнийг тогтоон барьдаг.

Ам.долларын ханш монгол айл өрхийн хэтэвчийг хэрхэн цоолдгийг ганцхан жишээгээр хүргье. Сүүлийн таван жилд төгрөгтэй харьцах ам.долларын ханш 50.5 хувиар чангарчээ. Тодруулбал, 2013 оны есдүгээр сард 1662.45 төгрөгтэй тэнцэж байсан ам.долларын ханш өдгөө 2550.04-т хүрээд байна.

Харин энэ хугацаанд Монгол улс 100 хувь импортоор авдаг элсэн чихрийн үнэ 51 хувиар дээшилж, килограмм нь 1656 төгрөгөөс 2505-д хүрсэн байгаа юм. Чухам ийм л учраас төв банк, салбарын яам, хувийн хэвшил “ногоон”-ы ханшид улаан гэрэл асаахын тулд алтны салбарыг дэмжих нь зүйтэй хэмээн үзэж байна.

Монгол улсын Засгийн газраас стратегийн ач холбогдолтой шар металлын салбарыг дэмжихийн тулд “Алт-2” хөтөлбөр хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд дотоодын алтны үйлдвэрлэлийг жил бүр 2-3 тонноор нэмэгдүүлж, 2020 он гэхэд 25 тоннд хүргэх зорилго тавиад байгаа аж.

Мөн алтны эрэл хайгуулыг нэмэгдүүлж, Монгол улсын алтны нөөцийг 100-150 тонноор өсгөхөөр уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас төлөвлөжээ. Монгол улс эдийн засгийн эрсдэлээ бууруулахын тулд сүүлийн таван жил алт түшсэн бодлого хэрэгжүүлсэн. 2012 онд Алтны нөөц ашигласны төлбөрийг бууруулж, борлуулалтын орлогоос 2.5 хувиар тооцохоор болсон.

Ингэснээр Монголбанкинд тушаасан алтны хэмжээ сүүлийн таван жилд долоо дахин нэмэгдсэн. Энэ бол 2012 онд баталж, 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн алтны татварын хууль, бодлогын өөрчлөлт дагасан бодит үр дүн юм.

Монгол улс алтны салбарын татварын орчныг өрсөлдөхүйц болгосноор хөгжлийг нь нэг шат ахиулсан. Гэхдээ Монголын макро эдийн засгийн тэнцвэрийг хангахад чухал нөлөө үзүүлсэн татварын хуулийн үйлчлэх хугацаа энэ оноор дуусна.

Тэгвэл төв банк, уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, эдийн засагчид, холбогдох мэргэжлийн холбоод уг хуулийн хэрэгжилтийг дахин таван жилээр сунгаж, 2024 он хүргэх саналтай байна. Уг саналаа ч хуулийн төсөл болгон, УИХ-д өргөн барих гэж байна.

Ирэх саруудад төгрөгийн ханшаас эхлээд Монголын эдийн засгийн өнгийг тодорхойлох энэ хуулийг сунгах, эсэхийг ирэх өдрүүдэд УИХ шийдэх болно. Монголын эдийн засгийн ирэх оны өнгийг хэлэлцэх гэж буй энэ үед уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголбанк, Bloomberg Tv Mongolia телевиз хамтран “Алтны форум” зохион байгууллаа.

Уг чуулганы сэдэв нь цаг үеэ олсон байсныг хүлээлтээс хол давсан олон хүн оролцсоноос харж болно. Мөн ажил хэрэгч, үр дүнтэй уулзалт болсныг оролцогчид онцолж байв.

Алтны салбарын өнөө, ирээдүйг хэлэлцсэн энэ чуулганд Сангийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Цагдаагийн ерөнхий газар, тагнуулын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар зэрэг төрийн байгууллага, алт үйлдвэрлэгч компаниуд болон судлаач, шинжээч зэрэг 200 гаруй төлөөлөгч оролцлоо.

ЗГМ: ТОДРУУЛГА

Үндсэн ордуудаас татвар авахад анхаарах хэрэгтэй

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын зөвлөх М.Дагваас зарим асуултад хариулт авлаа.

-Алтны дунд зэргийн, хэд хэдэн ордыг ашиглаж буй энэ үед тус түүхий эдийн нөөц ашигласны төлбөрийг нэмж, төсвийн орлогыг дэмжих нь зүйтэй гэж салбарын зарим хүн хэлдэг. Та ямар байр суурьтай байна вэ?

-Алтны шороон ордуудын нөөц шавхагдаж байгаа. Энэ үйл явц удаан үргэлжлэхгүй. Алтны татварыг өсгөж, 5-10 хувь болголоо гээд улсын төсвийн орлого огцом нэмэгдэхгүй. Харин татвар өсгөснөөр сүүлийн жилүүдэд ил тод болсон алт олборлолтын сүлжээг дахиад далд хэлбэр лүү түлхэж болзошгүй. Тиймээс одоо шавхагдаж буй шороон ордууд бус харин алтны үндсэн ордуудаас ахиу хэмжээний татвар авахад анхаарах хэрэгтэй.

-Эдийн засгийн хүндрэлийн үед аминд ордог алтны салбар өдгөө санхүүгийн хомсдолтой нүүр тулж буйг олборлогчид хэлж байна. Цаашид энэ салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ?

-Алтны шороон ордод олборлолт хийж буй компаниудад улирлын шинж чанартай зээл өгөх хэрэгтэй гэж зарим хүн хэлдэг. Нөгөө талд банкууд барьцаа хөрөнгийн баталгаанд өндөр шаардлага тавьдаг тул алтны компаниудад таатай нөхцөлтэй зээл олдохгүй байна. Гэхдээ үүнийг бид богино хугацааны сорилт гэж харж байна.

Харин Монголд Гацуурт шиг арваад орд нээхийг, Бороо шиг 3-4 ордыг тогтмол ажиллуулж, жилд дунджаар 10-15 тонн алт тогтвортой олборлох боломжийг олгоход анхаарч байна. Үүний тулд дотоодын санхүүжилтийн боломжийг ашиглахаас гадна гадаадын хөрөнгө оруулалтыг хэрхэн ухаалгаар татах вэ гэдгийг бодох хэрэгтэй.

Мөн үндсэрхэг үзэлтэй холбоотойгоор алт бол олборлоход хялбар түүхий эд, бид өөрсдөө ухчихна гэсэн хандлага хүчтэй газар авч байна. Мэдээж бид шороон ордын нөөцийг олборлож чадна.

Гэтэл бидний хүсэж буй алт болох 200-300 тонн нөөцийг олоход хайгуулын эрсдэл, өртөг өндөр. Энэ чиглэлд төрийн мөнгийг зарцуулах бус харин олон улстай өрсөлдөхүйц бизнесийн орчин бий болгож, гадаадаас санхүүжилт татах нь зүйтэй гэж үзэж байна.

-Хөгжиж буй орнууд алтны нөөцөө өсгөж эхэллээ. Үүнийг та хэрхэн дүгнэж байна вэ?

-АНУ-ын шинэ засаг захиргааны бодлого, их гүрнүүдийн худалдааны дайнаас үүдэн дэлхийн санхүү, эдийн засгийн суурь ойлголтууд өөрчлөгдөж байна. Энэ хэрээр зарим орны валют савлаж байна. Тогтворгүй байдал хүрээгээ тэлж буй учраас алтыг сонирхож байна. Таамаглахад түвэгтэй байгаа ч урт хугацаанд алтны үнэ нэмэгдэж, богино хугацаанд сулрах төлөвтэй байна.

Continue Reading

Дэлхий

Камила Валиевагийн энгийн үеийн зургуудыг хамтдаа үзэцгээе!

Published

on

By

Бээжин-2022 олимпийн уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн богино үзүүлбэр өчигдөр/2022.02.15/ боллоо. Энэ үдшийн гол дүр нь 15 настай Орос охин Камила Валиева байв. Хэдийгээр допингийн шинжилгээнд бүдэрч, барууны хэвлэлүүдийн хэл амны бай болсон ч тэрбээр өөрийнхөө юу чаддаг, ямар авьяастай вэ гэдгээ дэлхий нийтэд харуулсан.

Камила Валиева богино үзүүлбэртээ 82.16 оноо авч, бүх тамирчныг тэргүүлж эхлэв. Тэрбээр хамгийн хэцүү үсрэлт болох гурвалсан аксель дээрээ алдсан ч бусад элементүүдээ амжилттай гүйцэтгэж чадсан. Багийн төрөлд алтан медаль хүртсэн ч медалиа гардаж аваагүй тэрбээр үзүүлбэрийнхээ дараа нулимсаа барьж дийлэлгүй, уйлж орхисон.

Гэвч алдарт Этери Тутберидзегийн шавь, Европ, Оросын аварга, дэлхийн рекордыг эзэмшигч Камила Валиева хэмээх татар гаралтай охин эхний даваагаа амжилттай давж чадлаа. Түүнд олимпийн аварга болоход дахин нэг шат бий.

Сүүлийн хэд хоног 15 настай түүнд үнэхээр хүнд хэцүү, дарамттай байсан нь лавтай. Америкийн хэвлэлүүд допингоор далимдуулан түүнийг олимпоос хөөж, эрхийг нь хасах хэрэгтэй, медалийг нь хураах ёстой гэж сэвж байсан бол Их Британийн хэвлэлүүд түүнийг эвгүй байдалд оруулж, бэлтгэл дээр нь янз бүрийн асуултуудаар булж байлаа.

ОХУ-ын уран гулгагч Камила Валиеваг тэмцээнийг нь үргэлжлүүлнэ, үргэлжлүүлэхгүй хэмээн хэд хоног асуудал үүссэн. Тэгвэл түүнийг үргэлжүүлж болно гэдэг шийдвэрийг гаргасан билээ.

Тэгвэл 15 настай уран гулгагч маань Оросын Нэгдүгээр сувагт өгсөн ярилцлагадаа “Миний хувьд, эдгээр өдрүүд туйлын хүнд байсан. Би тэр талаар хангалттай илэрхийлж чадахгүй байна. Миний бие Спортын Арбитрын шүүх хуралд 7 цагийн турш суусан. Шүүх хурал их хатуу байсан.

Мэдээж энэ миний даван туулах ёстой давааны нэг байсан. Би Instagram-даа ороод маш олон сайхан мессеж, урам зориг, итгэл өгсөн мессежийг олж уншдаг. Москвад “Камила бид чамтай хамт байна” гэсэн сурталчилгааны самбар байрлуулсныг харсан. Надад хэцүү үед үнэхээр сайхан байсан ” хэмээн ярьжээ.

Камила Валиевагийн бүтэн нэрийг Камила Валерьевна Валиева гэдэг бөгөөд 2006 оны 4 сарын 26-нд ОХУ-ын Казан хотод төржээ. Тэрбээр Татар үндэстэн аж. Лёва хэмээх нохойндоо маш хайртай нэгэн гэнэ. Энэ нохойг нь 2019 онд фэнүүд нь түүнд бэлэглэжээ. Валиева маш багаасаа эхлэн гимнастик, баллет, уран гулгалт гээд олон төрлийн спортоор хичээллэж байсан ба 5 нас хүрэх үед нь ээж нь түүнийг голчлон уран гулгалтанд нь илүү түлхүү хичээллүүлж эхэлсэн байна.

Тэр АНУ-ын тамирчин Натан Чений техник чадварыг биширдэг гэдгээ илэрхийлсэн байдаг юм. 2021 онд өгсөн нэгэн ярилцлагынхаа үеэр тэр уран гулгалтаас зодог тайлсныхаа дараа сэтгэл зүйч болох хүсэлтэй байдаг талаараа дэлгэн ярьжээ. Тэр багийн хамтрагч Александра Трусковагийн хамтаар Эдеа брэндийн гулгалтын гутал өмсөх дуртай нэгэн юм.

Валиева 2009 онд Казан хотод анх уран гулгалт хийж эхэлжээ. Түүнийг анх Ксеньяа Иванова дасгалжуулж байгаад дараа нь Марина Кудриявцева, сүүлд нь Наталья Дубинская дасгалжуулагч нь болсон байдаг. Түүнийг 6 нас хүрэх үед гэр бүлийн хамтаар Москва хот руу нүүж ШШОР Москвич-т сургуулилт хийж эхэлсэн байна. 2018 оны намар Валиева гулгалтын клубээ сольж Самбо-70 руу шилжсэн бөгөөд энэ үед Етери Тутберице түүнийг өөрийн багтаа орохыг зөвшөөрсөн байна.

2018-2019 оны үед буюу олон улсын тэмцээнд орохынхоо өмнө Валиевагийн богино программын бичлэг дэлхийн нийтийн анхааралд хүрсэн байна. Энэ үзүүлбэр нь Пабло Пикассогийн бөмбөгөн дээрх охин хэмээх зургаас сэдэвлэсэн дуутай байж. Энэ нь Пабло Пикассогийн ач охин Диана Видмайер Пикассод таалагдаж түүнийг Парист ирэхийг урьж байжээ.

Валиевагийн олон улсын анхны тэмцээн 2019 оны 8 сард Франц улсад болсон Жуниор Гранд Прид оролцсоноор эхлэв. Богино үзүүлбэрээрээ 3-р байр, чөлөөт гулгалтаараа нэгдүгээр байр эзлэж өөрийн багийн гулгагч Маияа Кромих болон БНСУ-ын гулгагч Ви Сёо-ёонь нарын урд орж алтан медаль хүртжээ. Тэмцээний үеэр Валиева дөрвөн эргэлт хийсэн түүхэн дэх хоёр дахь эмэгтэй гулгагч болсон байна.

Нэг сарын дараа ОХУ-ын Жуниор Гранд При 2020 тэмцээнд тэр хоёр үзүүлбэрт хоёуланд нь түрүүлж хувийн оноогоо дээшлүүлжээ. Тэр нэг үзүүлбэрийн үеэр хоёр ч удаа дөрвөн эргэлт хийх гэж оролдсон ч нэгийг нь амжилттай хийж газардсан байдаг. 2 алтан медаль авсанаар тэр 2019-2020 оны Италийн Турины Гранд Пригийн финалд оролцох эрхээ авчээ.

2019-2020 оны Турины Гранд При эхлэхээс өмнө хөнгөн бэртэл авсаны улмаас Валиева дөрвөн эргэлтийн бэлтгэл хийж чадаагүй аж. Богино үзүүлбэрээр 4-р байранд орж харин чөлөөт гулгалтаар түрүүлж чаджээ.

13 настай байсан нь түүнийг 2020 оны Оросын аварга шалгаруулах тэмцээнд ороход нас нь балчир байсан учир оролцож чадаагүй юм. Харин 2 сард тэр үүнийхээ оронд 2020 оны Оросын өсвөрийн аварга шалгаруулын тэмцээнд орж хоёр хөтөлбөрт хоёуланд нь түрүүлжээ. Тэр ахиад л чөлөөт гулгалтынхаа үеэр хоёр ч удаа дөрвөн эргэлт хийсэн бөгөөд түүнийг 2020 оны Дэлхийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох багт багтаасан байдаг.

2020 оны Дэлхийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд тэр АНУ-ын гулгагч Лиутэй өрсөлдөнө хэмээн үзэгчид тооцож байлаа. Лиугийн хувьд 2020 оны АНУ-ын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлээд байсан юм. Валиева богино үзүүлбэртээ Өмнөд Солонгосын Лии Хае-иний өмнө орж нэгдүгээр байранд орохдоо өөрийн хувийн рекордоо эвджээ.

Чөлөөт үзүүлбэрийн хувьд тэр Оросын аваргын тэмцээнд орсон үзүүлбэрээ үзүүлж 4 эргэлтээ хийж чөлөөтэй газардсанаар тэмцээнд түрүүлж Дэлхийн өсвөрийн аварга болсон юм. Валиева 2020 оны Оросын туршилтын гулгалтаар оролцож өөрийн шинэ хөтөлбөрөө сонирхуулсан байдаг.

Валиева 15 нас хүрсэнээр гулгалтын насанд хүрэгчдийн тэмцээнд оролцох эрх нь нээгдсэн. Ингээд түүний анхны насанд хүрэгчдийн тэмцээн нь 2021 оны Финландия байсан юм. Богино үзүүлбэрийнхээ үеэр тэр гурвалсан Аксел хийх гэж оролдоод чадаагүйн улмаас 3-р байранд оржээ. Харин чөлөөт үзүүлбэрийнхээ үеэр тэр гурван ч удаа дөрвөн эргэлт хийж Дэлхийн шинэ рекорд болох 174.31 оноог тогтоосон бөгөөд нийт оноогоороо 249.24 болж мөн л Дэлхийн рекордыг тогтоожээ.

Олимпын багт багтсан Валиева 2022 оны өвлийн олимпын тэмцээнд оролцож байгаа билээ. Тэр богино үзүүлбэрээрээ маш цэвэрхэн гурвалсан Аксел хийж эхний байранд орсон.

Continue Reading

Дэлхий

Кондуктр над руу инээмсэглээд “дараагийн буудал дээр бууна уу” гэсэн юм

Published

on

By

Ном сонинд Япон орны тухай бичих нь элбэг. Өглөө эхэлсэн барилгыг орой нь дуусгачихдаг, мөч тутамд шинэ нээлт гардаг ч гэх шиг элдэв дэвэргэн мэдээ, философийн гүн гүнзгий утга санаа агуулсан цайны ёслол, икэбана хэмээх цэцгийн баглаа бүтээх урлаг,

эрэгтэйчүүдэд оюун ухаан сэтгэл санаа биеийн дээд таашаал өгөх нарийн урлагыг төгс эзэмшсэн гэйша, зөвхөн эрэгтэйчүүд жүжиглэдэг ч эмэгтэй хүний дотоод ертөнц, сэтгэл зүй зан араншинг нарийн гаргаж чаддаг театр “Но”,

хатуу дэг жаягтай самурай, эхээс төрсөн биеийг урлагийн бүтээлд харамгүй зориулж өнгө будаг хосолсон шивээс биеэрээ дүүрэн хийлгэдэг аймшигт якуза, цаг хугацаа орон зайн хатуу хязгаар дунд хязгааргүй жинтэй эрчүүд тэмцэлдэх “сүмо” хэмээх сонин бөх гээд хэн хүний сониуч занг эрхгүй татах зүйлийг бишгүй уншиж сонссон.

Японы “Нийгэм судлалын төвийн” захирал эрхэмсэг ноён Накагава Митоширо 1995 оны намрын эхэн сард ээж аав хоёрыг Япон улсад долоо хоног зочлохыг урьлаа. Япон хэд хэд явчихсан ээж маань намайг юм үзээд ирэг гэж бодсон уу, “бие барагтай байна, чи миний оронд яваад ир” гэх нь тэр. Ингэж Дорнын соёлын нэг том төвтэй танилцах завшаан надад тохиосон юм.

Миний ээж аав хоёул япон хэл сайн мэддэг настангууд. Япон хэл огт мэдэхгүй надад, чих бага зэрэг хатуу өндөр настай аав маань намайг хажууд нь явааг санасан, миний асуусан зүйлийг сонссон үедээ л орчуулагч болж байлаа. Ингээд хэлгүй хүний дүрд тоглосон долоо хоногийн аялалаас толилуулья.

Аль ч орны нүүр царай онгоцны буудлаасаа эхэлдэг. Токио хотын Нарита онгоцны буудал зуугаад терминалтай, уран барилга, өндөр технологийн шидийг гайхуулсан гоёмсог буудал. Онгоцны буудлын шалган өнгөрүүлэх цэг олон тул очер дугааргүй юм даа гэж бодож амжаагүй байтал нэг хоёр цэгт уртаас урт дугаар агшин зуур үүсэв.

Учрыг лавлавал гадаадынхан тусдаа шалгуулдаг аж. Гадныхныг хэт дээдэлдэг манайх шиг орон ховор, харин ч улсын хилээ, зах зээлээ хамгаалдаг аж. Гадны бүх юманд болгоомжлон ханддаг нь соёлт ертөнцийн хэм хэмжээ бололтой.

Бидний хаана яаж очих тухай захиандаа бичсэн болохоор хүн тосч авсангүй. Автобусанд суугаад зочид буудал орохоор явлаа. Автобусны зогсоол бүрд үйлчлэгч зорчигчдын ачааг автобус доорх чингэлэгт хийн, орж ирэн мэндчилгээний ямар нэг үг хэлж бөхөлзөж бөхөлзөж гарна. Шинээр хүн суугаагүй зогсоолд ч ялгаагүй. Аргагүй л “үйлчлүүлэгч- хаан” хэмээх зах зээлийн хууль үйлчилдэг орон юм.

Билет шалгагч хааяа нэг явна. Мөнгөгүйдээ билет аваагүй юү? Авахаа мартаж орхисон уу? хижээл насны билетгүй зорчигч тасалбар шалгагчтай таарлаа. Робот шиг гэсэн чинь, хүн шиг л улс аж. Тасалбар шалгагч инээмсэглэн бөхөлзөж:

“Уучлаарай, би танд нэг эвгүй зүйл хэлэх нь, та дараагийн зогсоол дээр бууна уу” гэсэн гэж аавыг орчуулахад, би нүд дүрлийлгэн гайхсанд, “зориудаар ширүүн дориун болох гэж ихэд чармайхгүй бол япон хэл угаасаа ийм зөөлөн илэрхийлэлтэй хэл” гэж тайлбарлав

Би автобусны жолоочийн яг арын суудалд явлаа. Ийш тийш салбарлан зөрж, дээгүүр доогуур давхарлан огтолцсон авто замын гайхалтай сүлжээтэй юм. Зарим зам төлбөртэй юм байна.

Замын байцаагч байрлах бяцхан конторын дэргэд түр саатан өнгөрөхөд байцаагчийн царай байтугай гар нь харагдахгүй агаад хуруу хумс төдий л гялалзах агаад жолооч төлбөрөө өгөөд “хумсанд” тонголзож талархан цааш жолоо мушгин одно. Зам их бага хэмжээгээр төлбөртэй байх нь зүйтэй юм. Энд машины эд ангид халтай, өм цөм нурсан, ан цавтай зам огт харагдсангүй.

Маргааш өглөө нь ноён Накагава гуайн илгээсэн машин ирж, бид түүнтэй уулзахаар явлаа. Конторынх нь үүдэнд япон заншлаар гутлаа тайлаад орохдоо оросын нийтлэгч В.Овчинниковын “Сакура ба Царс” номд,

“өдөр бүр хэдэн мянган хүн хөлхдөг сүмд цасан цагаан оймстой ороод гарахад ул нь харладаггүй” гэж бичсэн нь санаанд орж, цагаан оймстой ирж газар дээр нь туршдаг байж гэх шиг бяцхан харамсаад өнгөрөв.

Ноён Накагава, профессор Ома нар аавтай бэлэг дурсгал солилцон энэ тэрийг хуучлан сууна. Аав тэдэнд манай эх орны байгалын сайхныг дүрсэлсэн уран зураг бэлэглэсэн юм. Энэ зуур даргынхаа үүрэг даалгаврыг тэмдэглэхээр Накагава саны нарийн бичиг бололтой залуухан япон бүсгүй орж ирэв.

Зогсоо байх нь зөөлөн буйдан дээр завилан суух өвгөдөөс өндөр болж сэтгэлийн тав тух нь алдагдсан уу, тэдний өндөр нас сүүдрийг хүндэлсэн үү, албан тушаалын эрэмбэ сахисан уу, аль болохыг ойлгосонгүй. Ямар ч байсан газарт сөхрөн сууж, нарийн бичгийн гол ажлын нэг тэмдэглэл хөтлөөд, бөхөлзөж тонголзоод л гарсан.

“Царайг төв байлган, хүндэтгэлийн эрэмбээс шалтгаалж босоо тэнхлэгт 10, 30, 45 орчим хэм үүсгэн тонгойж, хэдэн хормын дараа эргэн цэх болно” гэж ирээд Япон явахаас өмнө ээж маань, тэд хэрхэн бие биеэ мэхийн хүндэлдэг тухай надад уул нь нэлээн заасан гэж байгаа.

“Хэр удаан, хэр доош бөхийх нь хэнд, ямар үед хүндэтгэл үзүүлж буйгаас хамаардаг” гэнэ. Харин газар нам унаж, сөхрөн суудаг тухай өмнө нь сонсоогүй болоод нэлээд цочирдов.

Накагава сан, профессор Ома нар аав бид хоёрыг Токио хотын түүх дурсгалын газар үзэх тойрон аялалд урьж, “Тагтаа автобус”-аар бидэнтэй хамт үнэт таван цагаа зарцуулан аялсан билээ. 500 жилийн түүхтэй Японы эзэн хааны амьдардаг ордонг харав. Дотогш орох боломжгүй тул, энд ирсэн хүмүүс дээд төрөлт эзэн хаан хэрхэн амьдардаг тухай өөр өөрийнхөөрөө төсөөлдөг бололтой.

Токиод бетондоогүй шороон газар бараг харагдахгүй атал ордны орчинд зориуд түүхэн дурсгал болгон үлдээсэн гэлтэй багавтар хайрган талбай байна. Мөн нарс мод тарьсан, нялх ногоон зүлэгтэй ордны орчмын талбайд энгийн япончууд амсхийн суух нь сууж, гутлаа тайлан хөл нүцгэн зугаалах нь зугаална. Байгалтай харьцаж таашаал авч байх шиг.
Энд байгалийн бус хиймэл хөрс ч бас байдаг аж. 

Тус улсын томоохон усан боомтын нэг Токиогийн хойг хог хаягдлыг тэгшилж барьж байгуулсан “төрмөл” бус хиймэл гэнэ. 350 метр өндөр зурагтийн цамхаг дээр гарч хотыг ерөнхийд нь харж, доор нь байрладаг лааны тосон дүрсийн музейг үзэв. Эндээс Солонго гүүр, Парламентын ордон, хотын төв гудамж Гинза, Асахара Шиокогийн хоригдож байсан шорон зэргийг харвай.

“Тагтаа автобус” гэгдэх жижиг шар микроавтобусын аяны хөтөч охин миний анхаарлыг ихэд татлаа. Яг монгол охин шиг дугуй бор царайтай, нүдэнд дулаахан тэр гоолиг бүсгүй түүх соёлын дурсгалт газруудыг тайлбарлан явахдаа “эмэгтэй хүний сонгодог япон хэлээр ярьж байсан байх.

Хэл мэдэхгүй би хүртэл эндээс л Японд эрэгтэй, эмэгтэй хүмүүс ялгаатай ярьдаг юм болов уу гэсэн таамаглалд анх хүрсэн билээ.

Сонсоод юү ярьж буйг нь ойлгож байгаа улс түүний ярианы утгыг сонирхож байснаас, түүний хэл ярианы хөгжим шиг аялгуу, нүүрний баясал, гарын зангаа, биеийн хөдөлгөөн зэргийг төдийлөн анзаараагүй нь ойлгомжтой. Хэлгүй боловч дүлий биш би бээр түүний ярианы утгыг үл ойлгон, зөвхөн уянгалаг аялгууд баясаж явлаа.

Олон гадаад хэл мэдэхгүй ч аль хэлнээ хүүрнэж буйг сонсоод таамаглан ялгана. Гэтэл мэдэх мэдэхгүй аль ч хэлнээ эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ярианы өнгө аялгуу ийм ялгаатай байхыг урьд өмнө ажигласан минь үгүй. Хэл мэдэхгүй хүнд хүртэл ажиглагдам япон эр эм улсын ярианы энэ онцлогыг ааваас лавлавал хариулж байнаа.

“Япон эмэгтэйчүүд үгийг төгсгөлийг сунжруулан дуудаж, хүндэтгэлийн үг хэллэг түлхүү хэрэглэдэг. Бичиг захидал дээр хүртэл эмэгтэй хүн бичсэн болох нь ялгагдахаар шүү. Гэхдээ ярианы хэлэнд ялгаа нь илүү тод илэрдэг” гэлээ. Япон бүсгүйчүүл ийнхүү үг яриаг хүртэл хөгжим шиг болгодог увьдастай улс аж.

Аяны хөтлөгчид янз бүр байх юм даа. Бид хоёр нутаг буцахдаа Бээжинд хоёр өнжихөөр онгоцны нислэг таарсан тул нэг өдрийг автобусын аялал хийж “Цагаан хэрэм” үзэж өнгөрөөв. Аяны хөтлөгч хятад бүсгүй “Их цагаан хэрэм” бариулахад хүргэсэн умрын нөгөө зэрлэгүүдийн үр сад автобусанд явсан болохоор тэгсэн үү, ерөөс зан байдал тийм хүн байв уу?

Цэргүүдээ жагсаалын сургууль хийлгэж байгаа салаан дарга шиг хөмсөг зангидан хэдэн үг тас няс буулгаад голдуу дуугүй явж байлаа. Нүүрэндээ инээмсэглэл тодруулан таван цагийн турш уянгалаг хоолойгоор зогсоо зайгүй ярьж явсан япон охиноо эрхгүй үгүйлсэн дээ.

Япон эрчүүд гэр бүлээ тэжээж чадахуйц цалин авдаг тул эхнэрүүд нь голдуу гэртээ сууж, эр нөхөр үр хүүхдүүддээ өөрийгөө зориулдаг ажээ. “Тагтаа автобус”-ны хөтөч охин нөхөрт гарахаараа бас гэртээ суух болов уу? Эндхийн эмэгтэйчүүд хөгшин залуугүй будсан атлаа будаггүй мэт, оо энгэсэгийн донжийг тааруулан урнаар будаж, үс зүсээ маш сайхан янзалж явах юм.

Орчин үеийн цаг хугацаатай уралдсан түргэн хэмнэлтэй, энэ үед эмэгтэй хүний байгалаас заяагдсан уян зөөлөн зан аалийг сонгодог, тэнгэрлэг байдлаар хадгалан үлдсэн япон эмэгтэйчүүд бас нэг гайхамшиг бус уу.

Япон хуанли, кино, зар сурталчилгаанд гардаг азийн гоо сайхны оргил болсон охид нь тусгай орд харшид суугаад олны дунд гудамжаар явдаггүй шиг сэтгэгдэл төрүүлнэ. Манай хотын гудамжаар гунхах энгийн охид, японы гудамжинд таарсан олон охидоос илүү цэвэрхэн, будаг шунх, хувцас гоёлын донжыг тааруулбал бүр гараад өгмөөр санагдсан шүү. Үнэнийг хэлэхэд монгол охид илүү нуруулаг, царайлаг юмаа.

Энд хэдхэн хоноход япон эмэгтэйчүүд дорд үзэгддэг юмуу даа гэсэн сэтгэгдэл төрлөө. Япон эх хүүхдээ нуруундаа үүрээд, гартаа ууттай зүйл бариад зүтгэж байхад, нөхөр нь хажууд нь гар сул эсвэл нуруу үүрэн алхах нь нэн гайхалтай. Ширээнд эмэгтэйчүүд эрчүүддээ янжуурын галыг асааж өгч ч байх шиг, архu дарс эмэгтэй хүн хундаглах ч бүр хэвийн үзэгдэл. Үүд хаалга онгойход эрчүүд эхэлж ороод, эмэгтэйчүүд араас нь даруухан дагалдах жишээтэй.

Эрт цагт эрчүүд нь аян дайнд голдуу яваад эзгүй байхад, монгол эмэгтэйчүүд аж ахуйгаа хөтөлдөг, түүнчлэн нүүдэл суудал хийхэд эр эм хоёул зэрэг хөдөлж байж амждаг зэргээс улбаалан нүүдэлчин удамтай монгол эмэгтэйчүүд хэзээнээсээ эдийн засгийн хувьд хараат бус шахам, эрх тэгш байсан гэхэд болно.

Монгол эрчүүд эр хүнтэй эн чацуу хэмжээнд бүсгүйчүүдээ “ажиллуулж элдэж зардаг” ч, оросын нөлөөнд далаад жил байхдаа нэлээд европжсон гэсэндээ “джентельмен” зан гарган хаалга үүдээр урдуураа оруулан, архu дарс эхлэн хундаглаж, тамхи асааж өгөх зэргээр аягладаг. Улаанбаатар хотын гудамжаар яваа залуу хосын эрэгтэй нь голдуу хүүхдээ тэвэрч явдаг.

Монголд “сайн хүн явснаа, муу хүн идснээ” гэдэг үг бий. Би идсэн ууснаа дурсахгүй байхын аргагүй. Тэгээд ч хэлтэй улсууд хэлэлцэж байхад, хэлгүй би хоол эргүүлж байсан болохоор, цайллага дайллага миний хувьд бас чухал зүйл байв.

Япон хэв шинжийн намхан явган ширээтэй ресторанд аятайхан сууж, боловсон царайлах нэн хэцүү. Эрэгтэйчүүд завилан, эмэгтэйчүүд сөхөрч голдуу суух юм. Иогийн дасгал хийж буй мэт хоёр шилбэн дээрээ биеийн жинг төвлөрүүлэн, нуруугаа цэхлэн, нүүрэндээ ялдам инээмсэглэл тодруулан олон цагаар суух нь махлагдуу над мэтийн хүмүүст тун амаргүй даваа.

Аавын оюутан ахуйн найз Сүзүки сан гэргийн хамт, бас хамт сурч байсан гэсэн нэр нь санаанд үлдээгүй уран зураг сонирхогч найз нар нь япон хэв шинжийн далайн амттаны ресторанд урьлаа.

Элдэв чамин хүнсэнд төдийлөн дурладаггүй, жинхэнэ монгол ходоодтой би бээр аавын нэр нүүрийг бодоод, далайн хорхой шавьж, загас зэрэг далайн хүнсийг баатарлагаар цааш харуулан намхан ширээний ард тэвчээр гарган сууж байв.

Гэтэл хэлбэрийг нь алдагдуулалгүй, сайхан улбар шар болтол шарсан загасны “араг яс” дээр нь залсан, нэгэн болгосон томоохон загас авчраад өмнө барьж байна. Энэ л их сайхан эд гэж байгаа бололтой.

Өөрсдөө тэр яснаасаа амтархан идэж үзүүлээд ид гээд болдоггүй. “За энэ ч ёстой бардаггүй даваа” гэсэн байдал миний царайд илрэв бололтой. “Ээж чинь дан түүхий загасаар хийдэг “сүши” гэдэг хоолыг хүртэл идэж байсан. Үгүй, чи ядаж амсаач” гээд аав шивэгнэж гарав.

Манай зарим монголчууд тарвагны боодогт их шимтдэг, экзотик юм гээд гадаадынханд амсуулах гээд дайраад байдаг. Их өвөрмөц хачин ч гэх үү амттай эд. Жишээ нь би тарвага идэж чаддаггүй. Францууд хөгцтэй бяслаганд их дуртай юм билээ. Манай хөдөөний малчдад идээний дээжээ гээд өгвөл дургүйцэж болзошгүй. Соёлын цочрол гэдэг билүү.

Өөрийн дуртай зүйлээрээ энэ мэтчилэн өөр соёлын гадаад хүныг дайлдаг, идүүлэх гээд шахаад байдаг тухай өөрийн эрхгүй санаанд орж билээ. Загас гэснээс, шашнаас улбаатай гэхүү, дээр үед урт наст амьтны амийг таслахгүй гээд монголчууд хүнсэндээ загас огт хэрэглэдэггүй байсан үе бий.

Биднийг тэнд хэд хонох хугацаанд жолооч эсэхийг мэдэхгүй нэг эр жолоо мушгиж байлаа. Ямар албан тушаалтай юү хийдгийг мэдээгүй өнгөрсөн. Хөнгөн шалмаг, дунд хирийн насны тэр хүн бидний зургийг голдуу дарж өгнө. Нэг удаа түүнийг зурганд оруулах санаатай би зураг дартал, тэрээр тахимаараа хөлөө нугалж бусдаасаа толгой намхан болдог байна .

Манай гурван өвгөний нас сүүдрээс сүрдэн хүндэтгэл үзүүлсэн үү? Япончууд буддын шашны бурхан дүрслэх тигийг ингэж алхам тутамдаа баримталдаг улсууд уу? Мөхөс би ухаарсангүй. “Бурхан багш Буддаг 120 хуруу өндөртэй, түүний гарын хоёр шавийг тэдэн хуруу өндөртэй зурж болно” гээд мань мэтийн энгийн улс дүрслэгдэнэ гэвэл жижгэрсээр хумхийн тоос шиг бараг харагдаж үзэгдэхээргүй нарийн тиг байдаг даа.

Ерийн өндөр ширээ сандалтай ресторанд хоолны захиалга авахаар орж ирсэн зөөгч залуу, мөн л нарийн бичиг охин шиг сөгдөж суугаад захиалга авч байсан. Хүн гэж муухай шүү, хүний бөхөлзөхөд амархан дасч байнаа. Эрхэм зочдын тусгай өрөөнд байгаад тэгэж байгаа юм болов уу гэсэн шиг хальт бодоод, гайхаж цочихоо больчихсон сууж байж билээ.

Ямар ч гэсэн япон хүн нийгэм дэх өөрийн байр сууриа сайн мэддэг бололтой.
Акио Морита “Японд үйлдвэрлэв” номд “Японы нийгмийг нэгэн том хэнгэрэг гэвэл хүн бүр өөрт ногдсон тэр жижиг хэсгийг зохих ёсоор сайн дэлддэг” гэсэн санаа байдаг.

Япон хүн ямар нэг ажил мэргэжилд ул суурьтай суралцан, бүх насаараа сурсан мэдсэнээ гүнзгийрүүлэн сайн эзэмших бөгөөд түүндээ хосгүй болохыг эрмэлздэг нь япон хэв шинжийн сэтгэлгээ. Мэргэжлээ эцэг нь хүүдээ өвлүүлнэ.

Хүү нь гэр бүлийн уламжлалт бизнесийг шинэ шатанд улам боловсронгүй болгохыг чармайна. Хүн ер нь чаддаг юмаа л сайн хийх ёстой юм байна. Хадгалах, хэмнэх, хичээх, бүтээх гэсэн уриа нь Японы хөгжлийн тулгуур хүчин зүйл нь гэнэ. Хүмүүсийн харилцаа,ажилсаг чанар, ажлын зохион байгуулалт, соёл гээд япончуудаас суралцах зүйл их.

Ganga

Continue Reading

Онцлох мэдээ

DMCA.com Protection Status