Connect with us

Түүхүүд

13,000 хүний амийг аварсан ч гавьяа нэхээгүй баатар

Published

on

Ялалтын баяр тойрсон омогшил, бахархал басхүү эргэцүүлэл дүүрэн өдрүүдэд “Зууны мэдээ” сонин тун “хачин” зочинтой уншигчдаа уулзуулж байна.

Гавьяа байгууллаа гэж олонд зарлаж яваагүй ч исгэрэх сумыг сөрж бүхэл бүтэн аймгийн төвийг арав гаруй мянган хүн амтай нь аварсан Д.Цогтбаатарын амьдралын тойрогт саатлаа.

Энэ гавьяагаараа нэгэн үе “Монгол Улсын баатар” цолонд тодорхойлогдож явсан ч цэргийн нууц  нэрийн дор 30 жил нууц үлдсэн.

Ийм л энгийн эрхэм хүн бидний дунд чимээгүйхэн оршин байна. Хүний орчлонд нэртэй, мөртэй явснаа зөвхөн өөртөө хадгалаад мартчихсан түүний чин сэтгэлийн үгийг хачиргүйгээр сийрүүллээ.  

“ГАДААДАД СУРГУУЛЬ ТӨГССӨН ГАЛЧ ХИЙХГҮЙ ГЭЖ ГАЙХУУЛЖ ЯВСАНГҮЙ”

Гэргий Г.Гэрэлийн хамт.

Монгол Улсын аюулаас хамгаалах сургуулийн нэр дээр Дундад Азийг зорьж Киргизийн нийслэл Бишкект суралцаж, цахилгаан гагнуурын Оросын дөрөвдүгээр зэрэг хамгаалаад ирсэн Д.Цогтбаатар тухайн үедээ улсын урдаа барьдаг мэргэжилтэн байв. Гагнуурчин, угсрагч мэргэжлээр хоёр жил хагас сурахдаа улаан диплом өвөртлөөд ирсэн 18 нас ч хүрээгүй залууг газар газар л булаацалдаж.

Эцэст нь Хөдөө аж ахуйн барилга трестэд орж Дорноговийн тэжээлийн фондыг барих ажлыг хариуцан төрж өссөн нутгаасаа ажлын гараагаа эхэлсэн нь 1968 он байлаа. Говийн атар газарт үнэлгээ хийж зураг төсөл, цахилгаан гээд бүхнийг төлөвлөж явжээ. Зүүнбаянгийн нефтийн үйлдвэрт аав, ээж нь хоёулаа инженер хийдэг учраас Д.Цогтбаатар багаасаа л дэргэд нь өсчээ.

Тиймдээ ч хожим  нефтийн үйлдвэрт ажилд орохдоо сургалтад нь ч суухгүй ажлын үзүүлэлтийг нь авч уншчихаад шууд тэнцэж нефть нэрэх ажилд шамдаж явсан үе ч бий. Дараахан нь 1969 онд цэргийн албанд татагдсан ч Батлан хамгаалах яамны гаднах хайс, пуужингаас эсэргүүцэх ангийн халаалтын шугам гээд хаа сайгүй гагнуур хийсээр байгаад л халагдсан тухайгаа “Яамны хайсыг ганцаараа гагнасан.

Хажуугаар нь яамны жолооч нар машинаа аваад ирнэ. Тухайн үед Батлан хамгаалахын сайд байсан Дорж генералын орон сууцны дулаалгыг ч гагнаж явлаа. Гурван жил төмөртэй ноцолдсоор байгаад бараг л цэргийн алба хаагаагүй дээ” гэлээ.

Цэргээс халагдахдаа мөн л Зүүнбаянгийн уурын зуухнаас цэргийн анги руу татсан дулааны шугам гагнах томилолт өвөртөлсөн байна.

Д.Цогтбаатар олон ч ажил сэлгэжээ. Ихэвчлэн тушаал дагаж хэрэгтэй цаг үед нь хувь, хувьсгалын аль алинд нь хэзээд бэлхэн зүтгэж явсан байдаг. Дорноговь аймгийн усны аж ахуйн өрмийн мастер, бригадын дарга, гагнуурчин, жолоочийн ажлыг нэгэн зэрэг хийж, Хар айргийн жоншны үйлдвэр нээгдэхэд мэргэжлийн гэдэг утгаараа цахилгаанчин гагнуурчнаар очжээ.

Жоншны үйлдвэрт аавтайгаа хамт гурван жил ажиллаад аавыгаа өөд болсны дараа ажлаасаа гарч ижийгээ аваад нутагтаа буцахдаа Зүүнбаян руу түр цэрэгт ч явж үзсэн байна. Дараа нь 1978 онд улсын хэрэгцээ гэдэг нэрээр дахин цэрэгт татагдсанаар амьдралдаа гурван удаа армийн зарлан өвөртөлсөн гэдэг.

Харин тэр болгонд мэргэжил нь түүнийг мулталчихдаг байж. Тухайн үед хийн, цахилгаан гагнуурыг хамтад нь хийдэг хүн тун ховор байсан учраас байгууллага бүр л урвуулж авах гэж үзнэ.

Гэхдээ тэр өндөр боловсрол, ур чадвартай гээд ажил голж явсангүй. Гагнуурчин, цахилгаанчин, жолооч, дуудлагын слесарь, уурын зуухны галч, усны тэрэг барих, суманд цагдаагийн төлөөлөгч гээд нөөц дутмаг бүхий л ажлыг хийж байсан тухайгаа Д.Цогтбаатар “Тэр үед өнөөгийн хүүхдүүдтэй адил би гадаадад сургууль төгссөн, хэл устай галч хийхгүй гэж гайхуулж явсангүй.

Ажил л байвал хийнэ. Аюулаас хамгаалахын сургууль төгссөн цэргийн хүн учраас үүрэг өгвөл дуугүй  дагадаг байлаа” гэв. Тэрээр 1980 онд Гал командын жолооч, 1981 оны хавар Говь-Сүмбэрт цагдаагийн групп байгуулж орос хариуцсан аюулаас хамгаалахын төлөөлөгч хийх болов.

Ажил үүргээ гүйцэтгэж яваад айхавтар осолд орж хагас жил эмнэлгийн орноос салаагүй үе ч түүнд байлаа. Ёстой л туг ч барьж тугал ч хариулж явсан түүний амьдралын зам мөр ээдрээ нугачаан дунд өнгөрсөн. 

БИ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭЭД Л ИРСЭН

Д.Цогтбаатар 1983 онд Гал командад ажиллаж байв. Энэ үед Сайншандаас 4-5 км зайд Орос цэргийн зэвсгийн агуулах дэлбэрч, аймаг бүхэлдээ сүйрч ч мэдэхээр аюул тулжээ. Тэр үед өөрөө мэдээгүй ч аймгийн 13 мянган хүний амийг авч, байшин барилга сүйтгэлгүйгээр авч үлдэхийн тулд гурвуулахнаа 14-15 цаг ухаан сөхөөгүй ус, хөөс зөөж дөрвөн км урт, хоёр метр өргөнтэй зэвсгийн агуулахыг аюулгүй болгож галыг дэлбэрэх бодист нь хүргэлгүй унтрааж чадсан гэдэг.

Энэ тухай өдгөө 30 жилийн тэртээхийг Д.Цогтбаатар ингэж ярилаа. “Тэр үед бид зуны хувцсандаа орчихсон байсан. Хавар тавдугаар сар санагдаж байна. Өглөөхөн нь ажлаасаа бууж ирчихээд унтаж байтал эхнэр “Их дуу чимээ гарч, янз бүрийн зүйл үнэртээд байна. Одоо чамайг дуудах байлгүй. Босч хоолоо ид” гээд сэрээсэн.

Тэгж байтал нэг шинэ цэрэг гүйгээд ирлээ. Яваад очтол албаны хэдэн хүн ирчихсэн хүлээж байна. Шалавхан хуучирч муудсан тэргээ засч янзлаад хоёр шинэ цэргээ аваад тавуулаа Сайншандын баруун хойд руу давхилаа. Тэнд “Офицерууд” нэртэй Оросын цэргийн ангийн зэвсгийн агуулах байсан юм.

Яваад очихнээ тэжээлийн фонд руу гал авалцаж, Орос цэргүүдийн амьдардаг байшин шатаж байна. Энд тэндгүй л бууны сум шунгинаж оногдсон болгоноо сүйтгэж, галдаж байсан. Цэнэгтэй сум халаад тэсрэхээрээ хаашаа ч хамаагүй нисдэг юм байна лээ. Эгнүүлээд тавьсан “ЗИЛ 31” машинуудыг оноход дээш нь харуулаад л хаяна.

Тэнд байсан хүмүүсийн ярьснаар зэвсгийн агуулахыг хамгаалж байсан цэрэг хураасан сумны хооронд туулай гүйхээр нь сургуулийн сумаар буудаад гал алдчихаж. Гэтэл олон жил өнжсөн өвс асаад сум руу орчихсон гэдэг юм.

Бид ч машинтайгаа давхиж очоод ус, хөөс цацлаа. Дуусахаар нь буцаж гал команд руу очиж хөөс дүүргээд, худгаас ус аваад хөдөлтөл энд тэндгүй айлын хашаа шатлаа гээд дарга нар буугаад алга болсон. Хоёр шинэ цэрэг бид гурвуулаа буцсан. Орос цэргүүдийн эхнэр хүүхэд цөм вокзал дээр очсон байв.

Буцаад иртэл орос хошууч давхиж ирээд “Яасан аминдаа хайргүй хүн бэ. Бушуухан буцаад яв. Наад гал чинь удахгүй толл-д хүрч тэсрэх бодисууд дэлбэрвэл тэр үед Сайншанд байхгүй болно шүү” гэж хэлчихээд давхиад явсан. Тэгэхэд нь “Би эх орондоо тангараг өргөж, үүрэг хүлээсэн жагсаалын цэрэг” гэж хэлсэн.

Гэтэл дахиад Оросын  дэд хурандаа ирээд бушуухан холдохыг сануулсан. Би хэлдгээ л хэллээ. Гэтэл “За би чамд нэг зүйл хэлье. Метр 50 см-ийн зайд хөөс, ус хийж чадвал аврагдаж том дэлбэрэлт болохгүй. Үгүй бол бүгд дуусна” гэж хэлчихээд давхичихлаа. Гал авалцаж, бууны сум хуурсан будаа шиг үсчиж байхад юугаа ч мэдэхгүй тушаал авсан цэрэг хүн л байлаа.

Гол командын цэргүүд хоёр хуваагдаад дэлбэрсэн агуулахаас нэлээн зайтай тэжээлийн фонд, оросуудын сууцанд гарсан түймрийг унтраахаар хуваарилагдан ажиллаж байсан. Нэг харсан чинь биднээс өөр хүн байтугай машин ч байхгүй болчихсон.

Бид гурав зэвсгийн агуулахаас км гаруй зайтай галын депогоос ус, хөөс тасралтгүй зөөсөн. Сум ирэх байсныг ч мэдэхгүй. Анзаараагүй. Тасралтгүй хөөс, ус зөөж хайрцагтай сумнууд руу шаланкаар цацаад байсан. Хоёр цэргээрээ шаланкны ам бариулж байгаад л даралт өгнө. Хэр хугацаа өнгөрснийг бүү мэд.

Ямар ч байсан чимээ анир гарахаа больж, утаа униаргүй болохоор нь болчихлоо гэж бодсон. Одоо бодоход цамцны ханцуй, өмдний шуумаг тасарч, малгайны орой цоорч энд тэндгүй уранхай, шалбархай. Бөөрөнхий улаан юм байхаар нь аваад шидсэн чинь цог байсан юм байлгүй гарын алга юу ч үгүй түлэгдсэн байсан.

Урт нь дөрөв, өргөн нь хоёр км хураалттай зэвсгийн агуулахыг баруун захаас нь зүүн зах хүртэл нь ус хөөс цацсан юм даг. Машинтай, явганаар хэд ч тойрсон юм бүү мэд. Үдийн 14:00 цагт очоод шөнө дунд болж байхад гал намжсан.

Шөнийн 03:00 цаг болж байсан санагдаж байна. Анх 200 литр ус, дөрвөн тонн хөөстэй очсон. Оросын депогоос хэдэн удаа ч зөөсөн бүү мэд. Тонн гаруй хөөс лав цацсан. Ус ч их орсон байх.

Орос цэргүүдийн хэлснээр сумнаас метр гаруйн дор байсан тэсрэх бодист гал хүрсэн бол аюултай юм болох байсан биз. Дээд талд хураасан сум бүгд дэлбэрээд толл, тэсрэх бодист хүргэлгүй унтрааж чадсан юм болов уу. Тэгэхэд Дорноговийн арваннэгдүгээр баазынхан онц ажилласан байна лээ.

Бүх хүмүүсийг ачиж аваачаад Сайншандаас арваад км-т жалгын хойд талын нуувчинд аваачсан байсан. Зэвсгийн агуулах дэлбэрсэн газраас лав 3-4 машин хонгио цуглуулсан. Сумыг Зээгийн хөтлийн овоо руу цацчихсан байдаг. Сумны ихэнхийг тийш нь чиглүүлж хураасан болохоор уул руу “буудсан” хэрэг.

Чимээ аниргүй болж нэг ч машин тэрэг явахгүй болохоор нь гурвуулаа буцаад давхиж явтал тэрэг унтарчихлаа. Буугаад хартал мотороос нь утаа саагаж байна. Машин энд тэндгүй цуурч онгойчихож. Тэгээд ажил дээрээ яваад очтол нэг ч хүн алга. Заал руу шагайвал ажлын жолооч намайг харангуутаа гүйж ирээд уйлаад, барьж үнсээд сүйд. Гэтэл манайхан “Амьд хүрээд ирлээ. Юу болов” гэцгээж байна.

Тэгэхээр нь “Үүргээ биелүүлчихээд ирлээ” гэж хэлсэн. Бид гурвыг эмнэлэгт хэвтүүлж, боолт тавиад сүйд боллоо. Сүүлд сонсохнээ манайхан зааландаа цуглачихаад бид гурвыг бурхны оронд явчихлаа гэж бодоод эмгэнэл илэрхийлэх гэж байсан юм билээ. Маргааш нь амраад гэртээ байж байтал гал команд дээр очиж урд шөнө юу болсныг ярьж өг гэлээ. Дайнд ороод шархтсан аятай амьтан л явлаа.

Манайхан надад “Оросын баатар” гэж нэр өгчихсөн. Манай аж ахуйн дарга намайг дуудаад “Чамайг баатарт тодорхойлж байгаа юм байна” гэлээ. Тухайн үед Сайншандын Гал командын даргаар Чойжоо ажиллаж байсан юм. Би ахлагч цолтой, нөгөө хоёр маань шинэ цэрэг байсан болохоор намайг тодорхойлсон юм байлгүй гэж бодоод өнгөрсөн.

Одоо надтай хамт ус, хөөс зөөж явсан Дэлгэрцогт, Баасандорж хоёр маань хаана явдгийг бүү мэд” гэж даруухан өгүүлэх. Гэхдээ л хоолой нь үл мэдэг чичрээд байгаа нь мэдрэгдэж байлаа. Тэд бусадтай адил зугтсан бол гал тэсрэх бодист хүрч Сайншанд дэлбэрэх байсан биз.

Бид гагнуур хийж явсан, сахилгагүй цэрэг байсан тухай нь эргэн дурсч яриагаа бараг өндөрлөх дөхөхөд түүнээс “Баатар” цолны тодорхойлолт юу болсон бол гэхэд “Зэвсгийн агуулахыг цэргийн нууц гэж үздэг. Дэлбэрэлт болсны дараа Оросууд бүгд гараад явчихсан. Намайг баатарт тодорхойлоод очиход нь хоёр улсын харилцаа муудна. Түр хүлээж бай гэсэн яриа дуулдаж байсан. 

2002 онд Говьсүмбэр аймгийн цагдаагийн 40 жилийн ойгоор ахмадуудаа хүлээж авч уулзах үеэр.

Дорноговийн Онцгой байдлын алба өнгөрсөн жил 50 жилийн ойгоо хийсэн. Гэтэл манай зээгийн нөхөр тэнд ажиллаж таараад таны нэр байна лээ гэж байна. Дараахан нь надад урилга ирсэн.

Би чинь Говь-Сүмбэрийн онцгой, цагдаагийн ууган ажилчдын нэг шүү дээ. Яваад очтол надтай хамт ажилласан хоёрыг Цэргийн гавьяаны одонгоор шагнасан гэсэн. Би тухайн үед Сүмбэр сум руу шилжсэн байсан учраас өөр хүнд өгсөн юм болов уу. Би дараахан нь ажлаасаа гарч Говь-Сүмбэрийн гэрээт пост, Цагдаагийн газрын даргын жолооч хийсэн. Намайг олоход ч уг нь амархан л даа” гэж байна.

Онцгой гавьяа байгуулсан байхад хэн ч дурсдаггүй. Та эргээд бодоход гомддог уу гэхэд “Нас ахисан хойно. Одоо л бодож байна. Тэр үед  25 дайсан алсан хүнд баатар өгдөг байхад 13 мянган хүнтэй аймгийн төвийг байшин барилгатай нь аюулгүй авч үлдсэн юм болов уу гэж бодогдсон. Гомдоод байх ч юу байх вэ.

Одоо бараг 90 нас хүрлээ дээ. Энэ ч яахав болоод өнгөрсөн хэрэг. Би чинь уг нь Говь мэргэ вангийн хошууны сүүлчийн ноёны зээ шүү дээ. Эмээ Дуламсүрэн маань ноёны хатан байсан. Удам угсаагаар яривал ван гүн залгамжилсан том хүн байх нь. Аав бас том ламын хүүхэд.

Өвөө Монголд анх удаа хавирганы ясаар мэс засал хийж байсан Наваан лхаарамба гэж байсан” хэмээн инээмсэглэсээр яриагаа өндөрлөв. Тэдний зургаан хүүхэд тус бүртээ амьдралаа хөөж, Д.Цогтбаатар өсч төрсөн нутагтаа энх тунх амьдарч байна. Энэ яриа болсноос хойш “хэнд”  баатар цол олгодог нь сонирхол татаад болдоггүй.

Википедиагаас хайж үзвэл ““БНМАУ-ын баатар цол”-ыг эх орноо батлах хамгаалах үйл хэрэгт амь бие хайргүй зүтгэж, төр, нийгмийнхээ өмнө баатарлаг гавъяа байгуулсан хүнд олгоно” гэжээ. 

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Түүхүүд

Ланд 300 захиалсан иргэн “Таван Богд”-ыг хардаж байна. Учир нь

Published

on

By

Монгол улсад Ланд 300 машин орж ирээд нэлээн хугацаа боллоо. Гудамжаар энэ хүлэг маш их явах болсон билээ. Тэгвэл үүнийг дагаад худалдаа арилжааны асуудалг гомдлууд гарч байгаа аж.

Тэгвэл нэгэн иргэн ийнхүү бичжээ:

2022-12 сар Toyota 5 богд орж машин (300 биш) захиалсын. Хамгийн ойр ирэх нь 2 сард багтаад ирэх ганц машин байна гэхээр нь захиалы гэлээ, төлбөрөө 100% хийвэл л захиалга авна, Урьдчилгаа төлөөд захиална гэсэн ойлголт байхгүй гэв.

Ингээд хамж шимж зээлж байгаад 100% бүрдүүлээд гэрээ байгуулсан чинь бид хугацаан дээр гарант өгөхгүй, машин ирэх үед үнэ өссөн байвал би зөрүүг төлөх үүрэгтэй гэсэн гэрээ тулгав, тэд өөрсдөө ямарч хариуцлага хүлээхгүй аж.

Та нар одоо 100% төлбөрөө цаад талдаа хийчүүл үнэ яагаад нэмэгддэг билээ гэж эсэргүүцсэн боловч, тэгүүл гэрээ хийхгүй гэнэ, тулгалтанд орсон би гэрээг зурав. Инкээд гэрээнд заасан 2-р сар аль хэзээ дуусч, 3-р сар дуусах гэж байдаг, машин байдаггүй.

Борлуулагч гэх нөхөр рүү байнга утсаар залгавч тэр утсаа ч авахгүй, мөнгий нь авцан юм чинь энэ одоо хэнд хэрэгтэй юм гэжаагаан байлгүй.

Уг нь танд байнга мэдээлэл өгч ажилланаа гэжээсэн, үнэн дургүй хүрмээр. Өөр 1 хүнээс авсан мэдээллээр 01/30-нд Японоос гарсан, 02/09-нд Уханьд ирсэн болтой, тэрнээс хойш яасан бүү мэд. Хятадаас нааш тээврийн гацаа гарсан гээ биздээ

Сүүлдээч бүр элдвийн юм боддог боллоо. Хэрэглэгчийг хуурч хурдан авчирна гэж мөнгий нь 100% аваад 5 богд нь өөр салбар руугаа оруулж эргүүлдийн биш биз, тэгээгүй бол тээвэрлэх хугацаа, үнэ өсөхөд тэд хариуцахгүй гэдэг нь ямар учиртайм? Үүнийг шалгуулмаар байнаа, хаана хандахуу, ШӨХТГ, Цагдаа юү

Иргэн Bold Tovuu

Continue Reading

Түүхүүд

Б.Дөлгөөн: БЗС-г харлуулах замаар ирээдүйд өөрсдийн хүчээр шалгарч гарч ирж буй, санхүүгийн хувьд чадал муутай залуусын боломжийг хаах вий

Published

on

Өнөөдөр БЗС-н сургалтын зээл их яригдаж байна. Миний хувьд Харвардын Их Сургуульд “Олон улсын хөгжлийн эдийн засаг”-н магистрт хоёр жилийн хугацаанд суралцахдаа БЗС-н тэтгэлэг авч явсан билээ.

Миний суралцсан хөтөлбөр бол Харвардын Их Сургуульд жилдээ ердөө 70-н оюутан авдаг хөтөлбөр бөгөөд 2016 онд тэнцэж орсон. Хөтөлбөрийн нийт зардал нь сургалтын төлбөр амьжиргааны зардал нийлээд бараг 200,000 ам доллар болж байв.

Сургуулийн тэтгэлэгт эссэ бичиж материал өгснөөр жилийн 53,000 нийтдээ бараг 110,000 ам.долларын тэтгэлэг сургуулиасаа авсан. Тэгсэн хэдий ч цаана нь хоёр жилийн 70,000 мянган доллар, эхнэр хүүхдээ аваад явбал дүн нь нэмэгдээд бараг 100,000 ам доллар дутаж байлаа. Зөвхөн гэр бүлийн хүмүүс гээд эрүүл мэндийн даатгалд л эхнэр хүүхдийн жилд 10,000, хоёр жилийн 20,000 ам.доллар нэмэгдэхээр байсан. Нийт төлбөр зардлыг харая гэвэл: https://bit.ly/3niOpjW

Ингээд өөрийнхөө 19-р хороололд амьдарч байсан байраа 2016 онд яг үл хөдлөх хөрөнгийн үнэ унаж, доллар өсөж байх үед зарж байв. Мөн өөрийн барьдаг нэрийн хуудас болсон 9911-АВВА гэдэг азын дугаараа хүртэл зарсан. Яахав ажил бүтээх зорилгоор санхүүгийн том групп компанид ажиллаж байхдаа авсан юм. Үүн дээр хадгаламжаа нэмээд ч хүрэхгүй учир энэ бүхнээ зарж үрээд ингэж их зардлаар явах хэрэг байна уу ч гэж эргэлзсэн өдөр надад байсан.

Тиймээс ч энэ БЗС-н боломжийг би хөөцөлдөж хоёр жилийн нийт 32,000 ам долларын зээл авсан. Өөрөөр хэлбэл БЗС-с зээл авахгүйгээр эдийн засгийн магистраа Харвард-д хийх боломжгүй байсан нь үнэн. Би бол татаад авахуулчихаар хэн нэгэн байхгүй, өөрсдөө мөнчгөрөөрөө л болгох гээд зүтгэж байгаа мянга мянган залуугийн нэг.

Магистрын хөтөлбөрөө 2016 онд эхлээд хоёр жил суралцаж, шаардлагатай дадлага ажил хийж, дипломоо бичээд 2018 онд сургуулиа амжилттай төгссөн. Төгсөөд л Монголдоо ирж хоёр жил хувийн хэвшилд ажиллаж байгаад 2020 оноос төрд зүтгэж эхэлсэн билээ. Өнөөдөр өөрийн сурсан мэдснээ олны эрх ашгийн төлөө зориулж ажиллаж байна.

Энд би БЗС-н сайн мууг хамгаалах гэсэн санаа огт агуулсангүй. БЗС-г харлуулах замаар ирээдүйд өөрсдийн хүчээр шалгарч гарч ирж буй, санхүүгийн хувьд чадал муутай залуусын боломжийг хаах вий гэж санаа зовниж байна. Харин сонгон шалгаруулалтаа хэрхэн сайжруулж, хамгийн зөв хүмүүстээ хүргэх тэр процессийг нээлттэй, ил тод явуулж өөрчилж засаг ёстой вэ гэдгээ хэдүүлээ сайн ярилцах ёстой мэт.

Учир нь магистрт суралцах уу яах вэ гээд эргэлзэж байсан үед хэдий миний материал журмын дагуу дэлхийн топ сургуульд, хөгжлийн эдийн засгийн чиглэлээр хамгийн топ хөтөлбөрт тэнцсэн ч гэсэн уг засгийн газрын тэтгэлгийг хэрхэн авах, яаж хандах, ямар замаар сонгон шалгарах энэ бүгд үнэхээр тодорхой бус, ойлгомжгүй хэцүү байсан. Тиймээс л сонгон шалгаруулалтыг нээлттэй, ямар нөхцлүүд байгаа нь тодорхой, шат бүр нь шударга, ил тод явуулах зайлшгүй шаардлага бий.

Тэгж байж Монгол улсын маань асуудлыг шийдвэрлэх потенциалтай, эргэж ирээд энэ нийгмийнхээ хөгжлийн төлөө, ирээдүйн бүтээн байгуулалтын төлөө ажиллах залуусаа бид зөв сонгож, бэлтгэж чадна.

Өнөөдөр эргээд харахад миний хувьд бүх зүйлээ тавьж байгаад, нэмж зээл авж байгаад ч гэсэн өөрийн зорьсон зүйлээ суралцаж ирсэн минь оносон санагдаж байна”гэв.

Dulguun Baasandavaa

Continue Reading

Түүхүүд

Улсын заан цолтой бөх халдлагад өртжээ

Published

on

Улсын заан Б.Серик бусдад хутгалуулж, гэмтэл авчээ. Эх сурвалжийн мэдээллээр гар хэсэгт зүсэгдэж, шөрмөс нь тасарсан гэх мэдээлэл байна.

Тодруулбал, энэ сарын 13-ны өдөр Баянхонгор аймагт явж байхдаа уяач Б гэгчтэй хамт , согтууруулах ундааны зүйл хэрэглэж, согтуурсан үедээ маргалдсаны улмаас ийм явдал болжээ. Хэрэг үйлдсэн Б “хуулийн байгууллагад мэдэгдэхгүй байх, мөнгө төгрөг өгөх” санал тавьсан ч Б.Серик цагдаагийн байгууллагад гомдлоо гаргажээ.

Улсын заан Бердимуратын Серик гэж хэн бэ?

Б.Серик нь 1994 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд төрж, багадаа Дархан-Уул аймгийн Шарынгол суманд өсчээ. 

Б.Серик нь үндэсний бөхөөр “Сүлд” спорт хороо, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 439 дугаар анги, “Бес бүргэд” ХХК-ийн харьяат бөх юм. Түүнчлэн үндэсний бөхөөс гадна жүдо, самбогоор хичээллэдэг.

Тэрбээр анхны цолоо 2011 оны Баян-Өлгий аймгийн наадамд зодоглож үзүүрлэн аймгийн заан цол, 2013 оны аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан цол хүртэж байжээ. Харин удаах цолоо 2017 оны улсын наадмаар тав давж шөвгөрөн улсын начин цол хүртсэн.

Энэ жилийн улсын баяр наадамд долоо давж улсын заан цол хүртсэн юм. Ингэснээр Баян-Өлгий аймгаас төрсөн хоёрдох улсын заан цолтон болсон бөгөөд улсын заан Т.Абдигажы, улсын харцага О.Бахыт, улсын начин Б.Хожагапан, Д.Мөнхбүрэн, Д.Ожоон, Т.Нурхадыл, Б.Баатарцол нарын дараа Баян-Өлгий аймгаас төрсөн найм дахь улсын цолтой бөхөөр тодорчээ.

Мөн Пагамын Аюуш арслангийн мэндэлсний 100 жил,Хангайн бүсийн их хурд уралдаан,Баянхонгор аймаг байгуулагдсаны түүхт 80,81 жилийн ойн баяр наадмын хүчит 128 бөхийн барилдаанд шинэ заан Б.Серик барилдаж түрүү үзүүр булаацалдан үзүүрт шалгарсан.

Тэрбээр улсын заан цол хүртэхдээ дараах бөхчүүдийг давжээ.

  • Нэгийн даваанд Баянхонгор аймгийн харьяат сумын заан Э.Дашзэвэг
  • Хоёрын даваанд Өвөрхангай аймгийн харцага Б.Өлзийсайхан
  • Гурвын даваанд Завхан аймгийн арслан Ш.Чинтулга
  • Дөрвийн даваанд  Булган аймгийн арслан П.Даваадорж
  • Тавын даваанд Ховд аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • Зургаагийн даваанд Булган аймгийн арслан Э.Сумъяабат
  • Долоогийн даваанд улсын заан Д.Анар
Continue Reading

Онцлох мэдээ

DMCA.com Protection Status