Зөвлөгөө
Төгрөгийг зарим нь хог болгож, зарим нь тэмдэглэлийн дэвтэр болгож байна. Хүүхдэд багаас нь зөв сургаарай!

Би хэдий шүтлэгтэй, бясалгагч хүн хэдий ч хамрийн хийд, хүслийн хад гэх мэт овоо тахилгат газарт ийм зүйл харвал хэнээс ч санаа зоволтгүй түүчихдэг…
1рт Мөнгө тавих нь цэвэр мухар сүсэг!
2рт Төрийн сүлд хүний хөлд хийсэх ёсгүй!
3рт Байгаль орчинд хог л болно!
Өөртөө авах нь нүгэл мэт санагдаад бурхан чөтгөрөөс айгаад байвал цуглуулсан мөнгөө нутгийх нь ганданд өгчиж бай. Зулын тос авна биз… Ер нь хаана ч үнэн сүсгээс өөр үнэт өргөл гэж үгүй!

Манайхан овоонд мөнгө тавих их дуртай. Гэхдээ мөнгө нь эдийн засагт төлбөрийн хэрэгсэл, харин байгальд хаявал — хог. Алтан-Овоо руу зорчиж буй хүмүүс barcode уншуулаад Дарьгангын байгалийн цогцолборт газрыг хамгаалахад хувь нэмрээ оруулах боломжтой болж.
Модонд хадаг уяна, овоо гол усанд мөнгө шиднэ. Байгальд жоохон авилгал өргөвөл их эд баялагтай болж баяжина гэх сүсэг бишрэлтэй. Зүгээр л баяжихын хүслэнэ. Сүсэг бишрэл нь хүртэл Авилгалд нэвт идэгдсэн ийм улс орон, ард түмэн бх уу!!!
Монгол улсын үндсэн хуулинд есөн хөлт цагаан туг, сүлд, далбаа, дуулал, тамга зэрэг таван зүйлийг Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг мөн хэмээгээд Төрийн бэлгэдэл гэж нэрлэсэн байдаг. Харин манай улсын эдийн засгийн эрх чөлөөний бэлгэ тэмдэг нь яахын аргагүй үндэсний мөнгөн тэмдэгт маань болох төгрөг
билээ.
Төгрөгийг бид өдөр тутмын хэрэгцээгээ хангах зорилгоор хэрэглэж, гүйлгээнд эргэлдүүлж байдаг. Гэвч сүүлийн үед улсынхаа нэгэн бэлгэдэл болсон мөнгөн тэмдэгттэй зүй бусаар харьцах нь олширчээ. Миний бие өөрийн ажиглалт дээр тулгуурлан нийтлэг илэрч буй иргэдийн муу зуршлуудаас дурдъя.
Монгол хүмүүс эрт үеэс бөө мөргөл, шашин соёлоо шүтэж ирсэн шүтлэг ихтэй ард түмэн. Тиймдээ ч уул ус, газар тэнгэрээ дээдэлж, овоо тахилгадаа өргөл барьц өргөхийн сацуу алтан нарандаа цай идээнийхээ дээжийг, тэнгэр бурхандаа идээ будаа, хадаг яндар
юугаан сүсэглэн өргөдөг сайхан уламжлалтай билээ.
Гэвч шинэ эрин зуунтай золгоод уламжлалт ёс заншил маань солигдчихов уу гэлтэй өргөл барьцын хэлбэр өөрчлөгдөөд байх шиг.
Уул толгодын оройд сүндэрлэх овоо тахилгын газарт идээ будаанаас илүүтэйгээр мөнгө төгрөг хэвтэх болжээ. Сүсэглэн мөргөсөн эзэндээ ээлтэй сайхан санагдаж, амьдралд нь аз жаргал ирэхийн ерөөлийг дуудсан л мөнгө байх. Гэвч арай өөр өнцгөөс харах юм бол эрхэмлэн дээдлэх учиртай
Монгол төгрөгөө хогийн саванд хаяж буйтай дүйцэхүйц үйлдэл билээ. Учир нь овооноос мөнгө түүж буяндаа бузар хийх сэтгэлтэй хүн ховор тул энд нэгэнт хаягдсан мөнгийг хэн ч хэзээ ч ахин хэрэглэхгүй.
Нэгэнт л өргөе гээд зориглосон хэд гурван төгрөгөөрөө атга будаа худалдан аваад өргөвөл нэг талаасаа эдийн засагт ээлтэй, нөгөө талаас овооны эзэд болсон амьтдад хоол
нь болж, жинхэнэ утгаараа сайн сайхны бэлгэдэл болох бус уу. үнэхээр л мөнгөнөөс өөр өгчих зүйл олдохгүй бол хээрийн гурван чулуугаа сүсэглээд өргөж болно шүү дээ.
Зарим мөнгөн дэвсгэрт дээр утасны дугаар, хүний нэр, тэр бүү хэл хайрын захиагаа сийрүүлэн үлдээдэг нь төгрөгийг тэмдэглэлийн дэвтэртэй андуурахад хүргээд байна. Монгол төгрөгийг цаасаар үйлдвэрлэдэг нь үнэн, гэхдээ энгийн нэг бичгийн цааснаас илүү үнэлгээтэй байх болов уу.
Манай улс дотооддоо мөнгөн дэвсгэрт үйлдвэрлэдэггүй бөгөөд маш өндөр технологи, нууцлалын дор харийн улсад хэвлүүлдэг билээ.
Хэвлүүлэх ханш, зөөвөрлөх үнэ, ажилчдын хөлс гээд бодоод үзэхэд л асар их хөрөнгийг зарцуулж байгаа нь илт. Өөрөөр хэлбэл, нэг төгрөг маань өөрөөсөө давсан үнэлгээг өөртөө агуулдаг байна. Ийм их хөрөнгөөр бидний гар дээр ирж буй төгрөгийг цагаан цаастай зүйрлээд л байвал манай улсын эдийн засагт үргүй хохирол үүсээд л байх нь тодорхой.
Их олон хүний сэтгэлийг өвтгөж, хотын соёлын үнэнг дэлгэсэн үйлдэл бол мөнгө урж, тасдах явдал байлаа. нэг хэсэгтээ л кондуктор гэх хүнээс салж, бэлэн мөнгөний хайрцганд мөнгө тушаах аян Улаанбаатар хотын бүх чиглэлийн автобусанд өрнөсөн билээ.
Соёлтой боловсон залуус их байсан ч гэсэн сайны хажуугаар саар гэгчээр өнөөдрөө л бодсон увайгүй авирлагчид бас мэр сэр ажиглагдсан юм. автобусаар үйлчлүүлснийхээ төлбөрт өгч буй таван зуун төгрөгийг урж тасдаад хийх нь яг тэр үедээ ашигтай ажилласан мэт санагддаг байх.
Гэхдээ дуслыг хураавал далай гэдэг шиг нэлээн хэдэн хүн нэг бус хэд хэдэн төгрөгийг ураад ирэх үед жинхэнэ эмгэнэл үүсэх нь дамжиггүй. Эзэн Чингис хаанаараа бахархан, цээжээ дэлддэг Монголчууд бид хөрөг зургийг нь хоёр хувааж хаях нь яалт ч үгүй эмгэнэл мөнөөсөө мөн.
Өнөөх өндөр өртгөөр бүтээд байгаа мөнгө төгрөгөө ураад байх нь эцэстээ эдийн засаг, улс оронд маань хохиролтой гэдгийг та бид ойлгож авах нь зүйтэй. үндэсний эд зүйлдээ гамгүй нэгэн байхад хайрлаад халамжилдаг нэг нь ч бас байх юм.
Өнгөрсөн жилийн зун миний бие оюутан солилцооны хөтөлбөрөөр америкийн нэгдсэн Улс гэх өндөр хөгжилтэй, эрс өөр соёлтой том айлаар айлчлаад ирсэн билээ. хөгжингүй орны хүмүүс гэсэндээ арай л өөр түвшний соёл намайг угтсан юм. алсын орныг зорьсон миний сонирхлыг татаж байсан зүйлсийн нэг бол америкчуудын мөнгөтэй харьцах соёл байлаа.
Мөнгөн дэвсгэрт бол эх орных нь үнэт зүйл мөн гэдгийг мэддэг тэр хүмүүс долларыг нугалаж базах нь бараг үгүй. худалдагчаар ажиллаж байх үедээ Монголд ажиглагддаг шиг уранхай ноорхой мөнгөн дэвсгэрттэй цөөн удаа харьцсан нь үүний илрэл байх. хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа гэдгийн адил америкчууд үр хүүхдүүддээ багаас нь мөнгөтэй зөв зохистой харьцах соёлыг заадаг заншилтай бололтой.
Төгрөгийн худалдан авах чадвараас хамааран хайрлаж халамжлах сэтгэл өөрчлөгддөг ч гэсэн хорин мянга ч бай арван төгрөг ч бай манай улсын баялаг шүү дээ. Эхдээ гологдсон хурга шиг Монголдоо адлагдаад буй мөнгөн дэвсгэртээ та бид л хайрлаж чадна.
Монгол улсаараа бахархах бахархал, хайрлах сэтгэл танд байдаг бол эх орондоо хийх энгийн нэг тус тань үндэсний мөнгөн дэвсгэрттэйгээ зүй зохистой харьцах явдал юм. Монгол хүн та мөнгөний эл соёлыг өөртөө суулгаж, үр хүүхдэдээ сургаад явбал төгрөг мөнгөний үнэ цэнэ улам нэмэгдэж, эх орон маань танаар бахархах нь дамжиггүй.
Монгол Улсын Их Сургуулийн оюутан Э.Элбэгжаргал
Зөвлөгөө
Тэтгэврийн зээлийг үр хүүхэд нь төлөх үүрэг хүлээхгүй. Учир нь

Хуульч, өмгөөлөгч Э.Золзаяатай ярилцлаа.
-Арилжааны банкнаас тэтгэврийн зээл авсан ахмад настнууд өөд болсон тохиолдолд зээлийг үр хүүхэд нь үргэлжлүүлэн төлдөг. Энэ нь хуулийн хүрээнд хэр зөв үйлчлэл юм бэ?
-1994 оны зургадугаар сарын 7-ны өдөр батлагдсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар өндөр насны тэтгэвэр, тахир дутуугийн тэтгэвэр, тэжээгчээ алдсаны тэтгэврийг Тэтгэврийн даатгалын сангаас даатгуулагч авах эрхтэй байхаар тусгасан байдаг. Уг хуулийн зургадугаар зүйлд өндөр насны тэтгэврийг даатгуулагчид өөд болсны дараагийн сар дуустал олгоно гэж заасан.
Мөн энэ хуулийн 26.1-т “Нийгмийн даатгалын байгууллага тэтгэврийг үйлчлэгч банкаар дамжуулан сар бүр олгоно” гэж заасны дагуу банкуудаар дамжуулан иргэдийн тэтгэврийг олгож байгаа юм.
Тэтгэврийн зээл нь банкны зээлийн нэг төрөл учраас банкнаас зээлийн үйлчилгээ авах иргэнтэй “Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйл, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгож холбогдох зээлийн гэрээг байгуулдаг.
Өөрөөр хэлбэл Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар даатгуулагчид тэтгэврийн зээл олгох, улмаар даатгуулагч өөд болсон бол уг зээлийг өвлөгч нь төлөх зохицуулалт байхгүй боловч хуульд заасны дагуу тэтгэврийг банкаар дамжуулан олгодог. Банк харин үйлчилүүлэгчтэйгээ Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль болон Иргэний хуулийн дагуу Зээлийн гэрээ байгуулан тэтгэврийн зээлийг олгож байна.
-Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар зээлийг өвлөгч төлөхгүй юм байна шүү дээ. Тэгвэл яагаад өнөөдөр өөд болсон өндөр настны үр хүүхэд зээлийг үргэлжлүүлэн төлөөд байдаг юм бэ?
-Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7, 20.8 дахь хэсгүүдэд “хамтран зээлдэгч” болон “хамтран үүрэг гүйцэтгэгч” гэх ойлголтуудыг хуульчилсан.
Хэрэв зээлдэгч мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.7-д зааснаар хамтран зээлдэгчтэй бол зээлдэгч өөд болсон ч хамтран зээлдэгч нь зээлийн гэрээнд түүний нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэдэг. Өөрөөр хэлбэл, зээлийг төлж барагдуулах үүрэг хүлээдэг.
Зээлийн гэрээнд заасан тохиолдолд банк нь өөд болсон зээлдэгчийн зээл, зээлийн хүүг төлөх хугацаа болмогц тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д зааснаар хамтран зээлдэгчийн дансан дахь мөнгөн хөрөнгөөс үл маргах журмаар төлүүлэх эрхтэй болчихдог. Банк тус хуулийн дагуу хамтран үүрэг гүйцэтгэгчийн дансан дахь мөнгөн хөрөнгөөс үл маргах журмаар төлүүлдэг. Хэрэв зээлдэгчийн банктай байгуулсан зээлийн гэрээнд хамтран зээлдэгч эсхүл хамтран үүрэг гүйцэтгэгч байхгүй бөгөөд зээлдэгч өөд болсон бол зээлийн гэрээ дуусгавар болно.
-Банкны энэ үйлдэл хэр зөв зохистой, шударга ёсонд нийцэх вэ?
-Тэтгэвэр авагч иргэн Тэтгэврийн зээл авахдаа банктай зээлийн гэрээ байгуулдаг. Гэрээ байгуулахад банкнаас хамтран үүрэг гүйцэтгэгчтэй байхыг шаарддаг тул жишээ нь хүүхдээ хамтран зээлдэгчээр оруулчихдаг. Ингээд тэтгэвэр авагч иргэн өөд болоход Зээлийн гэрээний дагуу хамтран зээлдэгч нь, эсхүл Иргэний хуулийн 515-538 дахь зохицуулалтын дагуу өвлөгч нь өвлөн авсан хэмжээгээрээ өвлүүлэгч буюу зээлдэгчийн банкнаас авсан зээлийг өөрийн өвлөн авсан хөрөнгийн хэмжээгээр төлөх үүрэг хүлээдэг.
Уг нь гэрээний дагуу үүргээ гүйцэтгэж байгаад зээлдэгч нь өөд болсон тохиолдолд зээл уг нь эрсдэл болж үлддэг. Харамсалтай нь банкны зүгээс бизнесийн ёс зүй, хууль тогтоомжийг зөрчиж, хүүхдүүдээс нь энэ зээлийг та төлөх үүрэгтэй, та төлөхгүй бол шүүхийн журмаар төлүүлнэ гэж айлган сүрдүүлэх байдлаар зээлийг төлүүлэх хандлага харагддаг.
Угтаа бол энэ зээлд банк, өндөр настан хоёр л оролцож байгаа. Субъект нь өндөр настан болохоос хүүхэд нь биш. Иргэдийг хууль мэдэхгүйг далимдуулж зээлийг төлүүлдэг. Нэг ёсондоо шууд зээлийг төлөх үүрэгтэй гэдэг ойлголт үүсээд удаж байна.
-Саяхан “Алтжин” компанийн захирал Г.Алтан өөд болсон харамсалтай явдал болсон. Өөд болсон хүний нэрийг дурдаж байгаа нь учир дутагдалтай ч зээлийн төлөлтийн тухайд хөндөх асуудал үүсээд байна. Тухайн хүн өөд болсноор холбогдох хэрэг нь хэрэгсэхгүй болсон гэж шүүхээс мэдээлж байгаа. Мөн улсад учруулсан хохирол нь ч холбогдогч өөд болсон учраас хэрэгсэхгүй болж байгаа гэсэн мэдээлэл бий. Хэрэв тийм бол банкны тэтгэвэрийн зээлийн дээрх асуудалтай харшлаад байна шүү дээ. Хуульч хүний хувьд та энэ талаар тайлбарлаж өгөөч?
-2017 оны тавдугаар сарын 18-ны өдөр батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар яллагдагч, шүүгдэгч өөд болсон тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй байхаар зохицуулсан байдаг. Шүүгдэгч, яллагдагч өөд болоод хохирогч, болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гарвал ердийн журмаар хэргийг хянан шийдвэрлэдэг. Ердийн журмаар хянан шийдвэрлэнэ гэдэг нь шүүх хуралдаан болж, гэм бурууг тогтооно гэсэн үг.
Мөн залилангийн шинжтэй гэмт үйлдэлд залилан хийсэн шүүгдэгч, яллагдагч өөд болсон тохиолдолд залилангийн аргаар олж авсан үл хөдлөх хөрөнгө эсхүл авто тээврийн хэрэгсэл ч гэдэг юм уу, үүнийг хууль ёсны өмчлөгчид нь шууд буцаан шилжүүлдэг зохицуулалтууд бий.
Гомдол гаргаад ердийн журмаар хэлэлцүүлэхээр шүүгдэгч гэм буруутай боловч хэргийг хэрэгсэхгүй болгоно, эд хөрөнгийн хохирол байвал Иргэний журмаар өвлөгчдөөс нэхэмжлэх боломжтой. Өвлөгч байхгүй мөн өвлөх эд хөрөнгө байхгүй тохиолдолд эрсдэл болоод дуусна гэсэн үг.
-Хохирлыг төлөхгүй байх хуулийн зохицуулалт байна гэж ойлголоо. Тэгвэл тэтгэврийн зээл аваад өөд болоход иргэдийн зээлийг хүүхдүүд нь төлдөг зохицуулалт яагаад байгаа хэрэг вэ. Шударга ёсны хувьд энэ хоёр агуулга зөрчилдөж байгаа хэрэг биш үү. Магадгүй талийгаач Г.Алтангийн кэйсээр тэтгэврийн зээлийг үр хүүхэд нь төлөхийг зогсоож болох биш үү?
– Тэтгэврийн зээлийг үр хүүхэд нь төлөх үүрэг хүлээхгүй. Ийм эрх зүйн орчин байхгүй. Хэрэв тэтгэврийн зээлтэй өндөр настанд орон сууц, газар, тээврийн хэрэгсэл гэх мэт өвлөгдөх хөрөнгө байгаа тохиолдолд энэ хөрөнгийг үр хүүхдүүд нь өвлөж авах хүсэлт гаргаж болно.
Ингэж гаргасан тохиолдолд тэр хүний өвлөсөн хөрөнгөтэй хамт бусдын өмнө хүлээж байгаа үүрэг, хариуцлага буюу банкны өр зээлийг өвлөж авна. Энэ хүрээндээ л төлж барагдуулна. Энэ утгаараа банкны өр зээлийг үр хүүхдүүд нь барагдуулж байгаа юм шиг харагдаж байгаа юм.
Түүнээс биш өвлөгдөх харилцаа үүсээгүй байхад банкны өмнө үр хүүхдүүд нь өөд болсон хүний өмнө өр төлбөр хариуцах ямар ч эрх зүйн зохицуулалт байхгүй. Харин хамтран зээлдэгч, батлан даагчаар Зээлийн гэрээнд гарын үсэг зурсан тохиолдолд Зээлийн гэрээний дагуу төлбөр төлөх үүрэг үүснэ л гэсэн үг.
Мөн ялгаагүй “Алтжин” компанийн захирал талийгаач Г.Алтангийн үр хүүхэд, эцэг эх гэх мэт хуульд заасны дагуу өвлөгч нарт өвлөгдөх эд хөрөнгө байхыг үгүйсгэхгүй. Тэр өв хөрөнгийг өвлөөд бусдад өгөх өр төлбөртэй шүүхийн шийдвэр байвал, тухайн шийдвэрийн дагуу төлөх үүрэг хүлээнэ.
Өөд болсон хүний ялыг түүний хамаарал бүхий эцэг эх, үр хүүхэд буюу өвлөгч нь тухайлбал торгох ял өглөө гэхэд ийнхүү ялыг хамааруулж өгнө гэсэн үг биш. Гэм буруутай гэдгийг тогтоогоод өөд болсон гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож болно. Гэхдээ учирсан хохирлыг хууль ёсны өвлөгчөөс хохирогч нь иргэний журмаар нэхэмжлэх эрх зүйн зохицуулалт нь нээлттэй байна.
Эх сурвалж: Өдрийн сонин
Зөвлөгөө
Өрхийн орлого тасалдвал хэдэн сарын хадгаламжтай байх ёстой талаар зөвлөлөө

Өрхийн төсөв, хадгаламж, хуримтлалын талаар эдийн засгийн ухааны доктор Лувсандоржийн Оюунтай ярилцлаа.
-Хадгаламжийн үнэ цэнийн талаар яриагаа эхэлье?
-Юунд зориулж хадгалах вэ гэдэг нь их чухал. Мөнгөний гэнэтийн хэрэгцээ гарах үед хэрэглэх гэж хадгалдаг. “Гай газар дороос, гахай модон дотроос”, “өвчин хэлж ирдэггүй, хийсч ирдэг” зэрэг үгнүүд мөнгөний гэнэтийн хэрэгцээ гардаг гэдгийг хэлээд байгаа юм. Эргэн тойронд эрсдэл ч гэж ярьдаг.
р нь хэзээ, юу болно гэдгийг хэн мэдэх билээ. Үүнд л зориулж хадгаламжтай байх хэрэгтэй. Манайхан “тэр өдрийн тэнгэр мэдэж, тэнэг миний заяа мэдэг” гэж амьдрах гээд байдаг. Энэ буруу.
Мөнгөтэй болж байж хадгаламжтай болно гэж байдаггүй. Хэрэглээнээсээ хэмнэж байж хадгаламжтай болдог. Үүнийг хүмүүс ойлгоосой гэж боддог. Хүмүүсээс “хадгаламжтай юу?” гэж асуухад орлого хүрэхгүй байна гэж хариулдаг. Тийм учраас би үүнийг хэлж байгаа юм.
-Ер нь хадгаламж, хуримтлал хоёрт ялгаа бий юү?
Маш их байна. Эдгээрийн зорилго нь өөр. Зорилгоороо ялгаатай байдаг. Хадгаламжийн зорилгыг дээр дурдсан. Хуримтлалын зорилго бол хөрөнгө, мөнгө, баялгаа нэмэгдүүлэх зорилготой.
Үйл үгээрээ “хуримт” гэсэн үгнээс гаралтай. Өсгөх, үржүүлэх санааг агуулж байдаг үг. Харин арилжааны банкинд хугацаагүй хадгаламж байдаг. Хүссэн цагтаа авч хэрэглэх боломжтой хадгаламж. Мөн арилжааны банкинд хугацаатай хадгаламж ч байдаг шүү дээ. Хүү нь өндөр. Хийсэн мөнгө нь илүү өснө гэсэн үг.
Ер нь бол санхүүгийн зуучлагч байгууллагууд банк, даатгал, брокер, диллер гэх мэт бүх байгууллагууд иргэдэд зориулж үйлчилгээ гаргадаг. Тэдгээрийн нөхцөлөөр дамжуулаад хүмүүс мөнгөө удирдахад нь тусалдаг.
-Та санхүүгийн боловсролын талаар яриад байна аа даа?
Тийм. Санхүү гэдэг нь мөнгөтөй холбоотой хүмүүсийн хоорондох харилцааг илэрхийлдэг. Хүмүүс цаг тутам, өдөр тутам санхүүгийн шийдвэр гаргаж байдаг. Наад зах нь энэ зардлыг гаргах уу, үүнийг худалдан авах уу, яаж орлого олох вэ, яаж орлогоо нэмэгдүүлэх вэ гэсэн хүрээнд шийдвэр гаргаж байдаг. Санхүүгийн боловсрол гэдэг нь товчоор бол мөнгө удирдах мэдлэг юм л даа.
-Дэлхий нийтийг хамарсан цар тахлын энэ үеэр хувь хүн хадгаламжтай байх нь ямар ач тустай вэ?
-Зарим хүмүүс 50:20:30 гэсэн дүрэм ярьдаг. Орлогоосоо 50 хувийг хэрэглээндээ, 20 хувийг хадгаламжиндаа, 30 хувийг хуримтлалдаа хийнэ гэсэн үг. Миний хувьд орлого гэнэт тасалдахад наад зах нь гурван сар хэвийн амьдралаа хангаад явах хадгаламжтай байх ёстой гэж үздэг.
Тэгээд гурван сарын дотор орлого олох арга замаа олох боломж гарах байх. Ер нь хадгаламжтай хүнд ийм эдийн засгийн хэцүү үед ямар ч хохирол байхгүй. Түүнчлэн стрессгүй амьдрах, амьдралынхаа наад захын хэрэгцээг хангах чадвартай байх, мөнгөөр гачигдахгүй байх боломжтой байна л гэсэн үг шүү дээ.
Товчоор хэлбэл, өөрийнхөө амьдралыг өөрөө хариуцна гэсэн үг. Амьдралын наад захын хэрэглээ гэдэг нь сар болгон төлдөг төлбөр, хэрэглээний зүйлсийн зардал. Нийт зардлыг тогтмол, хувьсах гэж ангилаад тогтмол дүнгээр төлдөг зардлуудад байр, утас, цахилгаан гэх мэт зардлууд заавал орно.
Мөн хоол, хүнсний зардлууд орно. Манайхны зарим нь тогтмол болон хувьсах зайлшгүй зардлын хэмжээгээ мэдэхгүй байх тал бий. Ийм үед асуудал нэлээд хүндэрнэ. Өрх гэр, хувь хүн, улс эх орон гурав адилхан субектүүд л дээ.
Тэгэхээр Монгол Улс яг энэ коронатай үед хадгаламжтай, тогтворжуулалтын ханатай байвал энэ эдийн засгийн эрсдэлийг хөнгөн даваад гарчих боломжтой. Улс орны тухайд ч гэсэн гэнэтийн тохиолдол болох тахал өвчин, үер ус, байгалийн үзэгдлүүд гарч ирдэг. Үүнд ч гэсэн зориулаад хадгаламжтай байх ёстой.
Ер нь хадгаламжтай үед амьдралын дархлаатай байдаг. Түүн шиг улс орон дархлаатай байх хэрэгтэй. Энэ тал дээр төр засгаас их анхаарч өөрийн улсын түвшин болон хүмүүсийг ч гэсэн хадгаламжтай болоход нь тусгай бодлого боловсруулах хэрэгтэй.
Зөвлөгөө
Эмч: Өдрийн цагаар богино хугацаанд нойр авах нь дараах нөлөөтэй

СЭМҮТ-ийн энэ удаагийн зөвлөгөө мэдээллийн цагаар “Нойр яагаад чухал вэ? Нойрны хямрал гэж юу вэ”сэдвээр тус эмнэлгийн сэтгэл заслын багийн эмч, сэтгэл засалч Л.Жавхлан зөвлөгөө, мэдээлэл өглөө.
Нийгэмд тулгамдаад байгаа олон асуудлын нэг нь сэтгэл зүйн асуудал тэр дундаа нойргүйдэл буюу “нойрны өөрчлөлт” нь түлхүү тохиолддог болоод байна. Нойргүйдэл үүсээд байгаа шалтгаан нь олон байдаг боловч энэ удаад хөл хорионы улмаас унтах, амрах, идэх хэмнэлийн горимд өөрчлөлт орсонтой холбоотой хүмүүс өдөрт шаардлагатай хугацаанд нойроо авч чадахгүй байгаатай шууд холбоотой болж байна.
Нойр гэдэг нь бие организм өөрийгөө болон мэдрэлийн эсээ амрааж буй байдал. Тэгэхээр бидний “нойрсож амрах” гэдэг үйл явц тодорхой хэмжээнд алдагдсанаараа бид бүхний бүтээмжит үйл ажиллагаа алдагддаг. Жишээ нь. Ажлын цагаар бүтээмж алдагдах, төвлөрч чадахгүй байх, шинэ санаа, хүсэл эрмэлзэл буурах зэрэг олон зүйлсүүд нойргүйдэлтэй холбоотой байх магадлал өндөр байдаг.
Нойргүйдэл үүсэх олон төрлийн шалтгаанууд байдаг.
Голцуу дадал үйлдэлтэй холбоотойгоор:
Хүний наснаас хамаараад унтах цаг харилцан адилгүй. Бага насны хүүхдүүд илүү олон цагаар унтдаг байхад нас ахих тусам унтах цаг бага болдог байна.
Нойргүйдлийг сэтгэл зүйн маш том өвчин гэсэн ойлголтууд түгээмэл байдаг. Гэтэл энэ нь олон шалтгаантай байдаг гэдгийг төдийлөн анзаардаггүй. Үүнд биеийн болон сэтгэл зүйн талаас нөлөөлнө. Биеийн талаас гэмтэл бэртэл, архаг хууч өвчнүүд нөлөөлдөг байхад сэтгэл зүйн талаас сэтгэцийн тулгамдсан асуудал (сөрөг стресс, айдас, түгшүүр, OCD, сэтгэл зүйн гэмтэл, дасан зохицолтын өөрчлөлтүүд гэх мэт), сэтгэцийн өвчин (F оношоор оношлогдсон), хувь хүний дадал үйлдэл зэрэг хүчин зүйлсүүд багтана.
Нойргүйдэл нь эргээд бие махбод болон сэтгэл зүйдээ сөргөөр нөлөөлдөг. Ковидоос үүдсэн айдас түгшүүрээс илүүтэйгээр хувь хүний дадал хэмнэл өөрчлөгдсөнтэй холбоотойгоор унтаж амрах болон ачаалах үйл явц нь өөрөө өөрчлөгдөөд байгаа.
Хүний нойрсох цаг харилцан адилгүй ч бид шөнийн нойрыг зайлшгүй авах шаардлагатай. Өнөөдрийн нойрыг маргаашын нойроор нөхөж болдоггүй учраас тухайн өдрөө шөнө унтаж амрах нь маш чухал байдаг.
Хөл хориотой холбоотойгоор бидний унтах цаг аажмаар өөрчлөлтөд орж байгааг бид анзааралгүй явсаар эрт сэрэх шаардлагатай болсон тэр үедээ эсвэл шалтгаангүй бие ядарч сульдаж байгаа нөхцөлд л ажиглаж эхэлдэг байна.
Оройтож унтах хэмнэлийг аажимдаа дадал болгосон шигээ аажим аажмаар эрт унтаж амардаг дадалтай болно. Харин шууд л хэмнэлээ нэг өдөр гэнэт огцом өөрчлөх нь тухайн хүндээ ч нилээн төвөгтэй асуудал болдог.
Нойрыг бүтцээр нь олон төрөлд ангилдаг.
Хөнгөн нойр (Rem sleep): Амархан унтаж, амархан сэрэх өөрөөр хэлбэл маш сэргэг унтахыг хэлнэ. Хөнгөн нойрноос аажим аажимдаа гүн нойр луу шилждэг.
Гүн нойр (Non-rapid eye movement sleep): Орчноо мэдрэх байдал нь харьцангуй бага, маш бат бөх унтах нь тодорхой хугацаанд үргэлжлэхийг гүн нойр гэнэ. Тус бүрдээ ач холбогдолтой.
Хөнгөн нойр авч чадвал бидний сэтгэл зүй харьцангуй тогтвортой байдаг бол хөнгөн нойр авч чадахгүй байгаа үед сэтгэл зүйн хувьд тогтворгүй болдог.
Гүн нойрыг хангалттай авч чадахгүй бол бидний бие махбод ядарч сульддаг. Өдрийн цагаар богино хугацаанд нойр авах нь сэтгэл зүйг тогтвортой болгож, тархийг амраадаг.
Гүн болон хөнгөн нойрны аль алийг нь авч байх шаардлагатай.
Нойр хүрэхэд унтаж амрахгүй л бол таны гүн нойрны хугацаа өнгөртөл таны нойр сэргэг байсаар байх болно. Таны бие ядарсаар байх болно.
Товчхондоо зөвлөхөд шөнө л сайн унтаж амарч байх хэрэгтэй. Өдөр болж өгвөл ачаалж байх хэрэгтэй. Өдрийн идэвх багатай цагаараа бага зэргийн хөнгөн нойр авах нь сэтгэл зүйд эерэгээр нөлөөлж байдаг.
Ялангуяа Азийн орнууд япон Солонгос хятад зэрэг улс орнууд цайны цагаар нь унтаж амрахыг зөвлөдөг. Энэ нь хөнгөн нойр авах хугацаа бөгөөд тухайн хүний сэтгэл зүй тогтвортой болж тархи амран илүү бүтээмжтэй ажиллахад тустай юм.
Нойр гэдэг бол таны амьдралын тодорхой хэмжээний буюу нилээн том орон зайг эзэлдэг дадал үйлдлийн нэг чухал хэлбэр юм. Зөв цагт зөв дадлийг хэвшүүлэх нь таны ирээдүй болон ирээдүйн бүтээмжид сайнаар нөлөөлнө.
-
Дотоод2 years ago
Жүжигчин Ундрал Жүр Үр-ээс “хөөгджээ”.
-
Дотоод2 years ago
Эдгээр байршлуудад 23-наас эхлэн хэсэгчилсэн хөл хорио тогтоож болзошгүй
-
Дотоод2 years ago
Хөл хорио зөрчсөн гэх мэдээлэлд ЕРӨНХИЙЛӨГЧ тайлбар хийлээ
-
Урлаг2 years ago
Бооёо худгаас ус авч явна. Тэр гэр хороололд амьдардаг болчихвуу?
-
Дотоод2 years ago
С.Эрдэнэцэцэг Далантайтай хайр сэтгэлийн холбоотой байсан эсэх талаар ярилцжээ
-
Урлаг2 months ago
Гавьяат Эрдэнэцэцэг Далантайтай хайр сэтгэлтэй байсан эсэх асуудалд цэг тавьжээ
-
Дотоод2 years ago
Аавдаа өргөсөн энэ зулыг маань 1000, 1000 аавууддаа зориулж ШЕЙР хийгээрэй
-
Дотоод2 years ago
Ч.Ганхуяг ямар вакцин хийлгэснээ зарлалаа