Connect with us

Дэлхий

Онгоцноос алт асгарчээ гэх мэдээллийг хараад Монгол маань санаанд оров

Published

on

Якутск хотоос хөөрсөн онгоцноос алт асгарчээ гэсэн мэдээлэл харлаа. ОХУ нь 2017 онд нийтдээ 255 тн алт олборлосноос 24 тн-ыг нь Якут улсаас олборлосон байна. Өөрөөр хэлбэл 140 гаруй сая хүн амтай ОХУ-ын олборлосон нийт алтны 10 хувийг Якутаас авдаг байх нь.

Оросууд тэднийг Чукча энэ тэр гэж онигооны баатар болгосон байдгыг та бүхэн мэднэ. Якутын ард түмний энэ их баялгийг эзэмшдэг гэх шинэ Оросын олигархиуд бүгд баруунд амьдардаг. Хөлбөмбөгийн клуб, эртний эдлэн, ордон, арал худалдан авч хөрөнгө мөнгөөрөө уралдацгааж Шинэ баян цээж өвчтэй гэгчээр авирладаг.

Баялгаа шавхуулсан нутгийн иргэд сархадан далайд живэн ажилгүйдэл, ядууралд автан аж амьдарцгааж байна. Уул нь газар нутгийн хэмжээ болоод байгалийн нөөцөөр ОХУ-д тэргүүлдэг улс.

Якуттай төстэй байдал манайд бий болж олон аймаг, сумдуудад нутгийн иргэд ядуурал, ажилгүйдэлтэйгээ зууралдан үлдэж хамгийн гол нь ой мод, бэлчээр, гол усаа сүйтгүүлж буй нь үнэхээр харамсалтай байна.

Др. М. Найданхүү.

Өдгөө улсыг тэжээж, төсвийг ундаалж буй зэс, нүүрсний үүц задрахаас ч өмнө Монголын эдийн засгийг нуруун дээрээ үүрч явсан, одоо ч түшиж буй алтны салбарынхан анхаарал нэхэж байна. Аргаа барж, тартагтаа тулах үедээ бид алтаар амь тариа хийдэг атлаа энэ салбарын тогтвортой хөгжлийг боомилж, татвар, тусгай зөвшөөрлөөр хавчсан нь цөөнгүй.

Энэ хэрээр Монголын эдийн засгийн хүнд үеийн хувиршгүй багана болдог алтны салбарын эрэл хайгуул, олборлолт ганхаж, савласаар өдий хүрээд байна. Уг нь ойрын таван жилд энэ салбарыг ухаалгаар хөгжүүлбэл шар металл тэрбум ам.доллар олж, зэс, нүүрстэй зэрэгцэхүйц орлогыг Монголын эдийн засагт авчрах бүрэн боломж бий.

Гэвч тэнгэрийн тоо мэт сонсогдож буй тэрбум ам.долларт хүрэхэд энэ салбарт хэд хэдэн тээг тэгнэжээ. Монгол улс 1990 оноос алтны нөөцийн үүцээ задалж, орд уурхайнх нь үүдийг нээсэн. Эдүгээ газрын гадаргатай ойр алтны шороон ордын нөөц шавхагдах дөхсөн.

Ахиад алт олборлоё гэвэл газрын гүнийг ухахаас өөр аргагүй болсныг уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологийн бодлогын газрын дарга Б.Мөнхтөр хэлж байна. Тиймээс энэ салбарын эрэл хайгуулыг эрчимжүүлэх нь шийдлээ хүлээж буй сорилтын эхэнд эрэмбэлэгдэх болов.

Ойрын жилүүдэд алтны томоохон орд, бүсийг илрүүлэх суурь судалгаануудыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Монгол орны зүүн болон баруун хэсэгт алтны илэрц их ч гүйцэд судлагдаагүй өдий хүрчээ. Мөн шороонд тулгуурлаж буй алтны салбарыг үндсэн ордуудад шилжүүлэх нь чухлыг салбарынхан хэлж байна.

Үүнд дор хаяж таван жил шаардлагатай аж. Бас алт үйлдвэрлэгчид санхүүгийн гачигдалтай нүүр тулжээ. Алтны салбарын аж ахуйн нэгжийн талаас илүү нь өдгөө үйл ажиллагаагаа зогсоочихоод байгаа. Тэдний дийлэнх нь төслийн санхүүжилт, эргэлтийн хөрөнгийн дутагдлаас болж үүдээ хаажээ.

Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал С.Бадарч “Алт олборлогч компаниудыг санхүүгийн эх үүсвэрээр дэмжихээр “Алт-2” хөтөлбөрт заасан ч одоогоор бодит ажил хэрэг болоогүй байна” хэмээн учирлав.

САНХҮҮГИЙН ТУЛАХ ЦЭГ

Манай улсын санхүүгийн салбарын гол үзүүлэлт болох гадаад валютын улсын албан нөөц наймдугаар сарын байдлаар 2.8 тэрбум ам.доллартай тэнцэж байна. Үүний 475 сая ам.доллар буюу 17 хувь нь мөнгөжсөн алт болохыг төв банк мэдээллээ. Сүүлийн зургаан жилд эх орны алт улсын валютын нөөцийг 2.74 тэрбум ам.доллараар тэтгэжээ.

Энэ онд ч 700-800 сая ам.долларыг Монголын эдийн засагт авчрах төлөвтэй. Алт ийнхүү сүүлийн хэдэн жил Монгол улсын эдийн засагт үлэмж хэмжээний валютын давалгаа дагуулсаар. Ингэснээр Монгол улсын санхүүгийн тусгаар тогтнолын баталгаа, үндэсний мөнгөн тэмдэгтийн үнэнч хамгаалагч болж байна.

Эх орны грамм алт бүр монгол өрхийн зүсэм талх, атга элсэн чихрийн үнийг хямдруулдаг. Алтны нөөцөө өсгөж, ам.долларын ханшийг тогтоон барьснаар төгрөгийн үнэ цэнийг хамгаалж, импортын барааны үнийг тогтоон барьдаг.

Ам.долларын ханш монгол айл өрхийн хэтэвчийг хэрхэн цоолдгийг ганцхан жишээгээр хүргье. Сүүлийн таван жилд төгрөгтэй харьцах ам.долларын ханш 50.5 хувиар чангарчээ. Тодруулбал, 2013 оны есдүгээр сард 1662.45 төгрөгтэй тэнцэж байсан ам.долларын ханш өдгөө 2550.04-т хүрээд байна.

Харин энэ хугацаанд Монгол улс 100 хувь импортоор авдаг элсэн чихрийн үнэ 51 хувиар дээшилж, килограмм нь 1656 төгрөгөөс 2505-д хүрсэн байгаа юм. Чухам ийм л учраас төв банк, салбарын яам, хувийн хэвшил “ногоон”-ы ханшид улаан гэрэл асаахын тулд алтны салбарыг дэмжих нь зүйтэй хэмээн үзэж байна.

Монгол улсын Засгийн газраас стратегийн ач холбогдолтой шар металлын салбарыг дэмжихийн тулд “Алт-2” хөтөлбөр хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд дотоодын алтны үйлдвэрлэлийг жил бүр 2-3 тонноор нэмэгдүүлж, 2020 он гэхэд 25 тоннд хүргэх зорилго тавиад байгаа аж.

Мөн алтны эрэл хайгуулыг нэмэгдүүлж, Монгол улсын алтны нөөцийг 100-150 тонноор өсгөхөөр уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас төлөвлөжээ. Монгол улс эдийн засгийн эрсдэлээ бууруулахын тулд сүүлийн таван жил алт түшсэн бодлого хэрэгжүүлсэн. 2012 онд Алтны нөөц ашигласны төлбөрийг бууруулж, борлуулалтын орлогоос 2.5 хувиар тооцохоор болсон.

Ингэснээр Монголбанкинд тушаасан алтны хэмжээ сүүлийн таван жилд долоо дахин нэмэгдсэн. Энэ бол 2012 онд баталж, 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн алтны татварын хууль, бодлогын өөрчлөлт дагасан бодит үр дүн юм.

Монгол улс алтны салбарын татварын орчныг өрсөлдөхүйц болгосноор хөгжлийг нь нэг шат ахиулсан. Гэхдээ Монголын макро эдийн засгийн тэнцвэрийг хангахад чухал нөлөө үзүүлсэн татварын хуулийн үйлчлэх хугацаа энэ оноор дуусна.

Тэгвэл төв банк, уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, эдийн засагчид, холбогдох мэргэжлийн холбоод уг хуулийн хэрэгжилтийг дахин таван жилээр сунгаж, 2024 он хүргэх саналтай байна. Уг саналаа ч хуулийн төсөл болгон, УИХ-д өргөн барих гэж байна.

Ирэх саруудад төгрөгийн ханшаас эхлээд Монголын эдийн засгийн өнгийг тодорхойлох энэ хуулийг сунгах, эсэхийг ирэх өдрүүдэд УИХ шийдэх болно. Монголын эдийн засгийн ирэх оны өнгийг хэлэлцэх гэж буй энэ үед уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголбанк, Bloomberg Tv Mongolia телевиз хамтран “Алтны форум” зохион байгууллаа.

Уг чуулганы сэдэв нь цаг үеэ олсон байсныг хүлээлтээс хол давсан олон хүн оролцсоноос харж болно. Мөн ажил хэрэгч, үр дүнтэй уулзалт болсныг оролцогчид онцолж байв.

Алтны салбарын өнөө, ирээдүйг хэлэлцсэн энэ чуулганд Сангийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Цагдаагийн ерөнхий газар, тагнуулын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар зэрэг төрийн байгууллага, алт үйлдвэрлэгч компаниуд болон судлаач, шинжээч зэрэг 200 гаруй төлөөлөгч оролцлоо.

ЗГМ: ТОДРУУЛГА

Үндсэн ордуудаас татвар авахад анхаарах хэрэгтэй

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын зөвлөх М.Дагваас зарим асуултад хариулт авлаа.

-Алтны дунд зэргийн, хэд хэдэн ордыг ашиглаж буй энэ үед тус түүхий эдийн нөөц ашигласны төлбөрийг нэмж, төсвийн орлогыг дэмжих нь зүйтэй гэж салбарын зарим хүн хэлдэг. Та ямар байр суурьтай байна вэ?

-Алтны шороон ордуудын нөөц шавхагдаж байгаа. Энэ үйл явц удаан үргэлжлэхгүй. Алтны татварыг өсгөж, 5-10 хувь болголоо гээд улсын төсвийн орлого огцом нэмэгдэхгүй. Харин татвар өсгөснөөр сүүлийн жилүүдэд ил тод болсон алт олборлолтын сүлжээг дахиад далд хэлбэр лүү түлхэж болзошгүй. Тиймээс одоо шавхагдаж буй шороон ордууд бус харин алтны үндсэн ордуудаас ахиу хэмжээний татвар авахад анхаарах хэрэгтэй.

-Эдийн засгийн хүндрэлийн үед аминд ордог алтны салбар өдгөө санхүүгийн хомсдолтой нүүр тулж буйг олборлогчид хэлж байна. Цаашид энэ салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ?

-Алтны шороон ордод олборлолт хийж буй компаниудад улирлын шинж чанартай зээл өгөх хэрэгтэй гэж зарим хүн хэлдэг. Нөгөө талд банкууд барьцаа хөрөнгийн баталгаанд өндөр шаардлага тавьдаг тул алтны компаниудад таатай нөхцөлтэй зээл олдохгүй байна. Гэхдээ үүнийг бид богино хугацааны сорилт гэж харж байна.

Харин Монголд Гацуурт шиг арваад орд нээхийг, Бороо шиг 3-4 ордыг тогтмол ажиллуулж, жилд дунджаар 10-15 тонн алт тогтвортой олборлох боломжийг олгоход анхаарч байна. Үүний тулд дотоодын санхүүжилтийн боломжийг ашиглахаас гадна гадаадын хөрөнгө оруулалтыг хэрхэн ухаалгаар татах вэ гэдгийг бодох хэрэгтэй.

Мөн үндсэрхэг үзэлтэй холбоотойгоор алт бол олборлоход хялбар түүхий эд, бид өөрсдөө ухчихна гэсэн хандлага хүчтэй газар авч байна. Мэдээж бид шороон ордын нөөцийг олборлож чадна.

Гэтэл бидний хүсэж буй алт болох 200-300 тонн нөөцийг олоход хайгуулын эрсдэл, өртөг өндөр. Энэ чиглэлд төрийн мөнгийг зарцуулах бус харин олон улстай өрсөлдөхүйц бизнесийн орчин бий болгож, гадаадаас санхүүжилт татах нь зүйтэй гэж үзэж байна.

-Хөгжиж буй орнууд алтны нөөцөө өсгөж эхэллээ. Үүнийг та хэрхэн дүгнэж байна вэ?

-АНУ-ын шинэ засаг захиргааны бодлого, их гүрнүүдийн худалдааны дайнаас үүдэн дэлхийн санхүү, эдийн засгийн суурь ойлголтууд өөрчлөгдөж байна. Энэ хэрээр зарим орны валют савлаж байна. Тогтворгүй байдал хүрээгээ тэлж буй учраас алтыг сонирхож байна. Таамаглахад түвэгтэй байгаа ч урт хугацаанд алтны үнэ нэмэгдэж, богино хугацаанд сулрах төлөвтэй байна.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Дэлхий

Монголын 3 иргэн Тайландад хулгай хийж байгаад баригдлаа. Нэрс нь ил болов

Published

on

By

Тайланд улсын цагдаагийн албан хаагчид Суварнабхумигийн нисэх онгоцны буудалд өдөр болгон шахуу жуулчдын цүнхнээс мөнгө хулгайлдаг Монголын 3 эрэгтэйг баривчилжээ.

Нисэх онгоцны буудлын менежер Киттипонг энэ талаар хэлэхдээ цагдаа нар 37 настай Дамдин Жаргалсайхан, 51 настай Батболд Самбуу, 37 настай Батмягмар Уртнасан нарыг 3 сарын 24-ний өдөр B давхарт саатуулжээ.

Японы 2 эрэгтэй, Тайланд эмэгтэй, Канадын иргэн эрэгтэй нар түрийвч болон бэлэн мөнгөө алдсан талаар цагдааг гомдол гаргасан байдаг ба цагдаа нар хяналтын камер ашиглаж тэднийг илрүүлжээ.

Бичлэг дээрээс харахад Монголын 3 эрэгтэй 2 эмэгтэйтэй хамтарч байсан бөгөөд тэдгээр эмэгтэйчүүдийг мөн эрэн сурвалжилж байна. Зарим хохирогчид нь дөнгөж мөнгөө солиулаад байхдаа суйлуулсан байсан гэнэ.

3 эрэгтэй хулгай хийж байгаа хүнээ тойрон хүрээлэх үед эмэгтэй сэжигтнүүд хувцас ашиглан хохирогчийн үзэгдэх орчинг хязгаарлах замаар цүнхнээс нь бэлэн мөнгийг нь хулгайлсан байна. Зарим тохиолдолд тэд лифтэнд байхдаа тойрон хүрээлж байгаад цүнхнээс нь хулгай хийж байгаа нь бичигджээ.

Эх сурвалж: Bangkokpost.com

Continue Reading

Дэлхий

Гэрээсээ хоёр ч удаа нүүлгэн шилжүүлэгдсэн өвөөгийн сэтгэл “гунигтай, ганцаардмал” байна

Published

on

By

1964 оны Токиогийн олимпийн тэмцээнд зориулсан Үндэсний Стадион барих шаардлагын улмаас газар чөлөөлөлтөнд орж гэр бүлийнхээ хамтаар нүүх үедээ Кохэй Жинхо гунигтай байсан боловч үндэсний бахархал болсон тэмцээн болж буй учир Япон улсынхаа төлөө нүүсэн юм.

Гэвч 2013 онд түүнийг 80 настай байх үед нь Токиогийн 2020 оны олимпийн тэмцээнд зориулсан стадион барих зорилгоор дахин шилжих шаардлага гарсан нь хувь заяаны хачин эргэлт байлаа.

Тэр хагас зууны туршид эхнэр Ясукогийн хамтаар амьдарсан байрнаасаа дахин явах шаардлагатай болгох нь тэр. “Явахад үнэхээр хэцүү байлаа” гэж одоо 87 настай Жинхо ярив. “Би энэ байрандаа амьдралынхаа хамгийн урт хугацааг өнгөрүүлсэн” хэмээн хэлжээ.

Жинхогийн хувьд Япон улс хэт ойрхон олимп зохион байгуулж байгаа гэдэг утгаар нь 2020 оны олимпийг дэмжихгүй байгаа ба 200 орчим айлыг нүүлгэн шилжүүлэх зарлах хуудас нь гэнэт л гарч ирсэн хэмээн гомдоллов. Эдгээр нүүлгэн шилжүүлэлтэнд хамрагдсан иргэд ихэвчлэн өндөр настнууд байсан гэлээ.

“Ямар нэгэн хэлэлцээр юм уу, авч хэлэлцсэн зүйл юу ч байгаагүй. Ядаж л “таныг нүүлгэн шилжүүлэх хүсэлтэй байна, бидэнтэй хамтарч ажиллана уу” гэсэн бол бас өөр л дөө. Харин зүгээр л “Олимп болох гэж байгаа болохоор та явах шаардлагатай байна” гэх байдалтай хандсан гэв.

“Бидэнд ердөө л 170,000 иен (1,500 доллар) өгсөн. Энэ мөнгөөр юу хийж чадах билээ? Би зүгээр л инээчихсэн. Нүүхийн тулд бараг 1 сая иен (9000 доллар) зарцуулсан.

Токио хотын албаны хүмүүсийн хэлсэнээр иймэрхүү нөхцөлд 170,000 иен нь стандарт төлбөр хэмээн тайлбарласан байна. “Бид маш соёлтой байхаар бэлтгэгдсэн. Тус газарт ойр орших нийтийн орон сууцнууд байдаг” гэж нэрээ нууцласан албаны хүн хэлэв. “Гэхдээ урт хугацааны туршид амьдарсан хүнд жаахан хүнд туссан байж болох юм” гэлээ.

Эх сурвалж: РОЙТЕРС

Continue Reading

Дэлхий

ОХУ-ын иргэнийг Монгол руу нэвтрүүлэхгүй байгаа шалтгаан энэ ажээ

Published

on

By

ОХУ-ын иргэн Б.Баатар Хөшигийн хөндий дэх Чингис хаан олон улсын нисэх буудалд дөрөв хонож буй тухайгаа олон нийтийн сүлжээндээ бичжээ. Тэрбээр энэ тухайгаа өөрийн фэйсбүүк хуудсандаа:

“Чингис хаан олон улсын нисэх буудлын танхимд байна. Хилийн албаныхан Улаанбаатар руу оруулахгүй байгаа. Энд дөрвөн өдөр болж байна.

Би 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн нислэгийн тийзтэй байсан ч Казахстаны эрх баригчид намайг саатуулсны улмаас нисэхээс нэг өдрийн өмнө буюу 2023 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Оросын паспортын хугацаа дууссан. Ингээд би 02 дугаар сарын 23-ны өдөр нисэхээс аргагүй болсон юм. Энэ байдал яг л Стивен Спилбергийн “Терминал” кино шиг санагдаж байна.

Одоогоор Монголын хилийн албаны алба хаагчдаас салж дөнгөлөө, тэд намайг хүчээр онгоцонд суулгах гэсэн. Тэд үүргээ л биелүүлэхийг хичээж байгаа нь мэдээж, гэхдээ тэд Оросын сөрөг хүчний төлөөлөгчийг хөөж байна.

Намайг чирж гулдарч, арай л хүрмийг минь урчихаагүй. Ямар ч аргаар хамаагүй намайг явуулах тушаал авсан бололтой. Олон зуун зорчигчоос ч ичээгүй. Би бага зэрэг эсэргүүцсэн. Хүмүүс энэ үеэр зураг авч эхлэхэд тэд надаас холдсон. Намайг хоёр цаг харж зогсоцгоосон. Намайг эсэргүүцээд, гомдол гаргах юм бол шууд Орос руу явуулна гэж нэг офицер хэлсэн.

Би өчигдөр Монголын хилийн албаны даргын нэр дээр хүсэлт илгээсэн нь ямартай ч үр дүнд хүрлээ. Намайг албадан гаргах ажлыг пүрэв гараг хүртэл хойшлуулж.

Монголоос улс төрийн орогнол хүсэж байгаа монголчуудад Монголын эрх баригчид ингэж л хандаж байна. Намайг юу хийдгийг судалсан нь илт. Олон жилийн туршид ойрд монгол ард түмэн болон бусад орос биш уугуул иргэд, эзэнт гүрний олзонд байгаа цөөнхүүдийн эрхийн төлөө тэмцсэн Оросын сөрөг хүчний төлөөлөгчийг нутагтаа оруулахыг хүсэхгүй байна. Оросын эрх баригчдад таалагдахаар зүйл хийх гэж хичээж байгаа нь илт.

Монгол ард түмний өлгий, ардчилсан орон. Би дайн, дарангуйлал, хүний эрхийг зөрчигчдийг эсэргүүцдэг улс руу нисэж байна гэж бодсон. Гэлээ ч Монголд олон сайхан хүн байна. Огт танихгүй хүмүүс ч надад туслах санал тавьж, зарим нь энэ аюултай байдлаас гарахад тусалж байна” хэмээн бичжээ.

Д.Энхтайван: Бичиг баримтын зөрчилтэй хүнийг Монгол Улс руу нэвтрүүлэх боломжгүй

Энэ хүний талаар бид Хил хамгаалах ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга, хурандаа Д.Энхтайванаас тодрууллаа. 

-Монголын агаарын хил дээр Халимаг улсын иргэн дөрөв хонож байгаа тухай мэдээлэл тархлаа. Ямар шалтгаантай юм бол?

-Казахстан улсаас ирсэн ОХУ-ын иргэн байгаа. Хүннү Эйр компанийн Алматы-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 2022 оны 02 дугаар сарын 23-нд Монгол Улсад ирсэн. Түүний паспортын хугацаа дууссан учраас Монгол Улс руу нэвтрүүлэх боломжгүй, буцаах шийдвэр гарч, 02 дугаар сарын 27-ны онгоцонд суулгах гэсэн боловч суугаагүй.

-Тэгэхээр энэ хүнийг Монголд нэвтрүүлэх ямар ч боломжгүй гэсэн үг үү?

-Бидний зүгээс бол боломжгүй, бичиг баримтын зөрчилтэй хүнийг албадан буцаах журамтай. Харин ХЭҮК-оос хүний эрхийн талаас нь шийдвэр гаргавал нэвтрүүлнэ.

-Нэгэнт бичиг баримтын шаардлага хангахгүй байгаа учраас албадан гаргахад ямар хүндрэл үүссэн юм бол?

-Онгоцонд албадан суулгаж болох ч ч агаарын тээврийн компани нислэгийн үеэр аюулгүй байдал нөлөөлж магадгүй гэж болгоомжилж байна. Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцийн дагуу бичиг баримтын шаардлага хангаагүй зорчигч тээвэрлэж ирсэн бол тухайн агаарын тээврийн компани бүрэн хариуцдаг. Энэ дагуу Хүннү Эйр компани энэ хүнийг хариуцаж байгаа.

-Улс төрийн орогнол хүссэн гэх мэдээлэл байсан?

-Тэрийг бол бид мэдэхгүй гэсэн хариултыг өглөө. 

Эх сурвалж: Shuud.mn

Continue Reading

Онцлох мэдээ

DMCA.com Protection Status