Урлаг
Жүжигчин Навчаа: Миний амьдралаар кино хийгээд өг гэж гуйхаа болино уу!

Жүжигчин Навчаа өөрийн хуудсандаа ” Миний амьдралаар кино хийгээд өгөөч гэж чат бичдэгээ болино уу даа. Би одоо бирд үү? Киног 20-30хан саяар бүтдэг гэж боддог юм уу хаашаа юм. Чиний насандаа барьж үзээгүй мөнгөөр хийдэг юм.” хэмээн бичжээ.
“Хэцүү анги” олон ангит киноны Янжин захирал гэх мэт хатуу ширүүн, ааш муутай эмэгтэйн дүрээс эхлээд инээд хүргэм, уян зөөлөн гээд олон зан төрхөөрөө тоглосон киногоо амилуулж чаддаг нэгэн жүжигчнийг “Өөр мэдээ” сонин зочноор ypилaa.
Жүжигчин Б.Навчаа Монголын анхны гэж хэлж болох “Хэцүү анги” нэртэй олон ангит киног тун ч чадмагхан найруулж үзэгчдийн сэтгэл зүрхэнд хоногшуулж чадсан юм. Бидний уулзахаар болзсон кафед кинонд тоглодог дүрүүдээсээ тэс өөр зан араншинтай бүсгүй хүлээж байлаа.
“ХЭЦҮҮ АНГИ”-ИЙГ ХИЙХДЭЭ ҮНЭХЭЭР ХАЛШИРСАН
-Сүүлийн үеийн шинэ кинонуудад та харагдахгүй байсан. Xaaгyyp, юу хийв?
-Хамгийн сүүлд “Валентины захидал” кинонд хоёрдугаар найруулагчаар ажиллалаа. Амьдрал хайр дээр тогтдог гэсэн санааг залуучуудад хүргэх кино байгаа юм. Миний бодлоор сүүлийн үеийн залуус боловсрол, мөнгө хоёрын хойноос хэтэрхий хөөцөлдөөд байх шиг.
Боловсролтой болчихоод өндөр цалинтай ажилд орох, эсвэл мөнгөтэй хүнийг сонгож амьдрах гэсэн өнгөцхөн бодолтой болчихож. Харин амьдрал хайр дээр тогтдог гэдэгг би итгэдэг. Тиймдээ ч хүнийг гаднаас нь харах биш зүрхэнд нь байгаа хайрыг түрүүлж хараасай гэсэн сэдэвтэй кино хийлээ.
-Уянгын киноны санал ирэхгүй болохоор тоглохгүй байгаа юм болов уу гэж бодож байлаа. Дахиж ууртай, ширүүн дүр хүлээж авахгүй гэж ярьсан байсан?
-Санал ирвэл тоглоно. Одоогоор хоёр ч киноны санал ирчихсэн байна. Зохиолыг нь хүлээж байгаа. Уг нь тэгж бодож байсан. Харин тэр ярилцлага нийтлэгдсэний дараа их олон хүн сэтгэгдэл үлдээсэн байна лээ.
“Ийм дүрийг чи сайн гаргаж чаддаг. Чамайг ийм дүрээр харахыг үзэгчид их хүсдэг” гэж бичсэн байсан. Тэгээд заавал уянгын кино хүлээхээ больсон. Үнэхээр үзэгчдэд хүрч чадаж байгаа бол надад татгалзах шаардлагагүй.
-Өнгөрсөн намар манай кино урлагийн тогооноос их олон уран бүтээл мэндэллээ. Та хэр их санал хүлээж авсан бэ?
-Өнгөрсөн зун бид “Помогите нам-3”-ын зураг авалттай байлаа. Гурван киноноос татгалзсан. Саналууд давхиаад байдаг юм. Зэрэг зураг авалтанд орно гэж байхгүй шүү дээ. Уран бүтээл хийгээд ирэхээр улам гүнзгий судлах хүсэл төрдөг.
Бие дааж “Хэцүү анги”, “Рашаантын 18” гэсэн хоёр кино найруулчихлаа. Гуравдахь кинондоо хамтран ажиллаж байна. Тиймээс СУИС-д найруулагчийн мэргэжлээр давхар суралцаж байгаа.
-Найруулагч хийх ямар санагдав. Хэр урам авсан бэ?
-“Хэцүү анги” киноны дараа урмын үг их ирсэн. Дэлгэцэнд гарч байхад “Помогите нам-1”-ийн зурганд явж таарсан. Зургийн багийнхан маань мундаг байна, сайн байна гэж урамшуулсан. Гэхдээ дан ганц найруулагч нэг киног хийчихгүй шүү дээ. Тэгэхээр өөрийгөө мундаг гэж хэлэхгүй.
Найруулагч гэсэн нэртэй боловч тэр олон хүнийг өөрийн санаандаа нэгтгэж байж уран бүтээл гарна. Ямар баг бүрдүүлснээс их шалтгаална. “Рашаантын-18” кинонд багаа маш сайн бүрдүүлж чадсан гэж боддог.
-Цаашдаа дахин олон ангит кино хийх бодол байна уу?
-Нуугаад яахав. “Хэцүү анги”-ийг хийж байхдаа дахиж л олон ангит кино руу орохгүй юм шүү гэж бодож байлаа. Үнэхээр хүнд. Маш их ачаалалтай ажиллана. Дөрвөн хоног цурам хийхгүй явсан үе ч бий. Тэр үед ч л ёстой бүтэхгүй юм байна гэж бодож байлаа. Гэхдээ хүн давахгүй гэсэн даваагаараа гурав давдаг гэдэг байх аа.
Юмыг яаж мэдэхэв. Дахиж хийхгүй гэж худлаа ярихгүй ээ. Одоохондоо олон ангит киноны санал ирээгүй байна. Надад ч санаа төрөөгүй байна. Харин нэг ангит киноны санаа бол байгаа. Удахгүй ажил хэрэг болгоно.
НАВЧАА Л ТОГЛОСОН БОЛОХООС ДҮРҮҮД МИНЬ БҮГД ӨӨР
-Та яагаад жүжигчин болохоор шийдсэн юм бэ. Багын мөрөөдөл үү?
-Үгүй ээ. Ёстой багаасаа мөрөөдсөн гэж худлаа ярихгүй. Тэр үеийн элсэлтийн шалгалтаас болоод л жүжигчин болсон. 1995 онд багш нар ажил хаяж таараад элсэлтийн шалгалт эвгүй болчихсон юм.
Төлбөргүй гэхээр нь Цэргийн дээдэд орох гэж хүртэл үзсэн. Ер нь цэргийн хүн болчих боломж байна уу гэж бодсон юм. Тэгээд сургуулийнх нь хашаагаар харсан чинь энд тэндгүй номхон зогссон дүрэмт хувцастай хүмүүс . Тэднийг хараад барахгүй юм байна гээд больчихсон.
Хэрэв би тэр сургуулийг төгссөн бол өдийд Навчаа гэж ямар хүн байх вэ гэхээр 4-5 хүүхэдтэй, цэргийн нөхөртэй. Өмнөговь ч юм уу хаа нэгэн хязгаарт хэдэн цэрэг загнаад л явж байх байсан биз. Мэдээж олон эрчүүдтэй газар хамгийн түрүүнд хүнтэй суугаад хүүхэд гаргах нь ойлгомжтой. Тэгээд хамгийн сүүлд СУИС элсэлтээ авч таарсан юм.
Уг нь жүжигчний мэргэжлээс хол гэж бодоод урлаг судлаачийн ангид орох гэтэл элсэлт аваад дуусчихсан байсан. Найруулагчийн ангид заавал дөрвөн жил ажилласан хүн хэрэгтэй гэсэн. Ингээд хамгийн сүүлд жүжигчний ангид буугаад шалгалт өгөөд тэнцчихсэн юм даа.
-Магадгүй урлагийн хүн болсондоо харамсах үе байдаг уу?
-Заримдаа харамсана аа. Ажилгүй зүгээр суух үедээ шал дэмий жүжигчин болж гэж бодно. Өөр ажил хийж болохгүй. Нийгмийн даатгал төлж чадахгүй. Анкет бөглөхөөр эрхэлсэн тодорхой ажилгүй гэж бичнэ шүү дээ бид. Үүний оронд санхүүч, эдийн засагч болсон бол тогтсон ажилтай байхгүй юу гэж бодох үе ч байна. Гэхдээ л сайхан мэргэжил шүү. Үүрийн зургаан цагт л дуулаад сууж байдаг хүмүүс шүү дээ.
-Тэгвэл хэзээ мэргэжлийнхээ сайхныг хамгаас илүүтэй мэдэрдэг вэ?
-Бүх юманд мэдэрнэ. Сайхаан сайхан. Бурхны оронд очсоны дараа хүртэл хүмүүс сайнаар л санаж явах болно. Би одоо Цэвээнжав агсныг мөн ч сайхан жүжигчин шүү гээд ярьж суугаатай адил 60-70 жилийн дараа хэн цэгэн “Навчаа мөн ч мундаг жүжигчин шүү” гээд дурсаж суухыг үгүйсгэхгүй.
-Та 1999 онд СУИС-ийг төгсөөд мэргэжлээрээ шууд ажиллаагүй байх. Хожуу эхэлсэн гэдэг юм билээ?
-Төгсөөд хошин урлагийн театрт ажилладаг байсан. Хүнд танигдатлаа олигтой уран бүтээл хийж чадаагүй байх. Завсраар нь өөр ажил хийгээд, гэр бүлийн амьдрал зохиосон. Хүнтэй сууж, хүүхэд төрүүлээд маргааш нь ажилдаа орно гэж байхгүй л дээ. Цаг хугацаа хэрэгтэй.
-Яагаад хошин урлагг тууштай зүтгээгүй юм бэ?
-Тэр үед “X ТҮЦ” продакшны тоглолт, бүтээл, Батзаяа ахын дөрвөн тоглолт, “Эрхэм элч”-ийн хоёр тоглолтонд орсон. Уг нь бага зүйл биш. Хэрэв тэр эрчээрээ явсан бол өдийд нэлээд сайн явах байсан байх. Арай өөр байж болох талтай. Яахав тэр үеийн амьдралын эргэлт тэгж таарсан юм. Арай ахиу цалинтай ажилх ийчихье гэж санаад л эргэчихсэн.
-Тантай ярилцаад суухад кинонд бүтээдэг дүрээсээ тэс өөр араншинтай хүн юм?
-Нэгэнт Навчаа гэдэг бодит хүн байгаа юм чинь өөр байлгүй яахав. Бас зарим зүйл дээр надад байдаг л характер кинонд гарч байгаа. Тухайн дүр уурлаж байхад амьдрал дээр би уурлах байсан уу, эсвэл хүлээцтэй хандах байсан уу гэдэг бодох л асуудал. Би юманд аль болох тэсвэртэй, эерэгээр хандаж, зохицуулахыг хичээдэг. Бухимдаж уурлахыг түрүүнд тавьдаггүй.
-Кинондоо жүжиглэхдээ хэр ядардаг вэ?
-Дандаал ууртай, ааштай авгайн дүр байдаггүй шүү дээ. “Хэцүү анги”-ийн захирлын дүр л тиймэрхүү. “Рашаантын-18” бол тийм биш. Дүү нараа тэжээх гэж ядаж байгаа эгчийн дүр. Дүүг нь дайрчихсан охин гэрт нь ороод ирэхэд хэлдэг эвгүй текст л байдаг юм. “Танай аав чинь шүүхийн дарга, ээж чинь шүүх эмнэлгийн дарга, ах чинь замын цагдаагийн дарга, харин манай дүү хулгайч” гэдэг.
Тэр эмэгтэйд дүүгийнхээ найз охиныг ирнэ гээд хэрэндээ бэлдсэн сэтгэл байсан байхгүй юу. Амьдрал дээр байгаа л зүйлийг үзүүлэх гэж оролдсон нь тэр л дээ. “Франц үнсэлт” кинонд толгой хоосон, эд мөнгө хайсан хүүхэн. Ингээд нарийн ярьвал бүх дүр өөр. Ганцхан Навчаа л тоглосон болохоор адилхан санагдаад байж магадгүй.
-Сүүлийн үеийн кинонуудын сэдэв их хөнгөхөн болчихож. Харин олон жилийн өмнөх монгол кинонууд хэд үзсэн ч уйдахааргүй байдаг?
-Бидний өмнөх үеийнхэнд кино хийнэ гэдэг үндсэн ажил нь байсан. Удирддаг, нэгтгэдэг байгууллага нь байлаа. Одоо бол кино хийх бидний үндсэн ажил гэж хэлэхэд хэцүү. Цаг хугацаа өнгөрөх тусам төсөв нь нэмэгдэнэ.
Тиймээс маш хурдан зураг авалтаа дуусгах хэрэгтэй болно. Одоо ашгийн кинонууд хийгдэж байна. Сайхан уран бүтээл хийе гэж хүн бүр бодож байгаа. Даанч үзэгч байхгүй. Жишээлбэл, “Адам”-ыг хүн үзээгүй шүү дээ. Гэтэл гадны орноос шагнал аваад ирсэн. Өнөөдөр дунд насны хүмүүс театрт кино үзэхээсээ илүү эртхэн гэртээ хариад хоолоо хийхээр яарч байна.
Кино үззж байгаа хүмүүс нь ердөө арван жилийнхэн, оюутнууд. Тэгэхээр тэдэнд хүнд хучир зүйл үзүүлснээс хөнгөн жанрын юм үзүүлсэн нь дээр байгаа юм. Хайр дурлал, инээдэм гэх мэт.
БИ ТӨМӨР БИЕТЭЙ ЮМ ШИГ САНАГДДАГ
-Гэр бүлийнхнээ танилцуулаач?
-Нахөр маань жирийн нэгэн ард гэдэг шиг энгийн ажил хийдэг хүн бий. Хүү минь таван настай.
–Гэр бүлийн хүн тань ажлыг чинь хэр ойлгодог вэ?
-Ойлгохдоо ойлгоно. Дандаа ойлгоно гэж байхгүй л дээ. Ядаргаатай юм л гэнэ. Сүүлийн үед ойлгохоос өөр аргагүй болж байна даа. Эхэн үедээ “Яг хэдэн цагт тарах юм. Яг хэзээ ирэх юм. Ингэж уддаг юм уу. Чи өөрөө худлаа яриад байгаа юм биш үү” гэдэг л байсан. Сүүлдээ дагуулж очоод ямар байдгийг ойлгож эхэлдэг юм билээ.
-Их ажлын хажуугаар ядаргаагаа хэрхэн тайлж, эрч хүч юунаас авдаг вэ?
-Би ер нь төмөр биетэй юм шиг ээ. “Хэцүү анги”-ийг хийж байхад гол дүрийн жүжигчид бүгд эмнэлэгт хэвтсэн шүүдээ. Нөгөө найруулагч Ариунжаргал бид хоёр л тунаж үлдсэн. Сүүлдээ эрчүүд нь хүртэл ухаан алдаж унаад. Бид хоёр төмөр биетэй юм шиг байж л байна. Би лав түүнээс хойш нэг ч эмнэлэгт хэвтээгүй.
Хэдийгээр нойргүй хонох үе зөндөө байдаг ч үргэлж инээж, хөхөрч байдаг мэргэжлийнхээ онцлогийн ачаар тэсээд байдаг байх л даа. Хэрэв ядарч, стресдвэл багш дээрээ очоод эрч хүч авчихдаг юм.
Манай багш хүнд маш сайхан энерги өгдөг юм шиг санагддаг. Үнэт чулуу зардаг хүн бий. Чулуу харахаар бас их сайхан болдог юм. Мэдээж хүүхэддээ цаг зав гаргаад, гэртээ амрах бас сайхан шүү.
Урлаг
Жагаа гээд дуудахаар хоёулаа эргэж хараад байсан болохоор

Монгол улсын гавъяат жүжигчин Гончигын Жаргалсайхан нь 1958 онд төрсөн. Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат. Аав, ээжийн нь төрсөн газар Чандмань сум болохоор энэ нутгаар овоглох дуртай.
Алтай нутгийнхаа тухай “Зүүдний мөнгөн Алтай”, “Хөглөгөр их Алтай”,”Тэнгэрийн уул”, “Засагт хааны хөх харчуул” зэрэг дуунуудыг хийсэн. Тэр дундаа Чандмань сумын зон олонд зориулж “Чандмань нутаг минь” дуу зохиосон нь уг сумын сүлд дуу болжээ.
Үүнээс гадна “Есөн булагийн дуулал” нэртэй алтай нутгаа дээдэлсэн дууг нь Алтай нутгаас төрөн гарсан уран бүтээлчид амилуулжээ.
Монголын рок, попын эцэг хамтлаг хэмээн нэрлэгддэг “Соёл-Эрдэнэ” хамтлагийн гишүүн асан олноо ”Том Жагаа” гэж хүндлэгдсэн түүнийг мэдэхгүй хүнгүй билээ. Саравчтай малгай, хар шилээр гоёсон “Соёл-Эрдэнэ” хамтлагаар эцгийнхээ нэрний адил овоглодог энэ эрхэм хамтлагийнхаа 45 жилийн ойн босгон дээр “Алдарын Од” медалийг хүртжээ.
Г.Жаргалсайхан нь Нийслэлийн арван жилийн 34-р дунд сургуульд суралцаж байгаад 1973 онд Хөгжим бүжгийн дунд сургуульд шилжин орж тэндээ төгссөн. Дараа нь Минскийн Соёлын Дээд Сургуулийг хөгжмийн эстрадын удирдаачаар төгссөн.
1977 онд Баянмонгол чуулгад хөл тавьж, 1980 онд “Соёл-Эрдэнэ” хамтлагт орсон. Анх Баянмонголоос “Соёл-Эрдэнэ” рүү З.Зундарь оруулж “Чи залуу хүн байж энд оркестр тоглоод хэрэггүй, дуулж хөгжимддөг хамтлагт ороод дуугаа зохиож, хөгжмөө найруулах хэрэгтэй” гэж ятгасан гэдэг.
Монгол Улсын том хамтлаг гэдэг утгаараа “Соёл-Эрдэнэ”, “Баянмонгол” 1970-аад оны эстрад урлагийн алтан үе байсан.“Соёл-Эрдэнэ” хамтлаг зууны манлай хамтлаг болж байсан. 1980 онд Баянмонголоос хоёр Жаргалсайхан “Соёл-Эрдэнэ”-д очсон. “Нэр нэгтийн чих нэг” гэдэг. Хүмүүс “Жагаа” гээд дуудахаар хоёулаа эргэж хардаг бас болоогүй ээ хоёулаа буржгар үстэй.
Ялгаж дуудахын тулд “Долгион” нөгөө Жаргалсайханд “Буржгар” хэмээх нэр хайрласан гэнэ лээ. Биеэр арай том,бас нэг насаар ах байсан болохоор Г.Жаргалсайханг Том Жагаа гэх болжээ.
Тухайн үед түүнийг юу өмсөнө залуус дуурайж дагана. “Буян”-гийн Жагаа урлагт их элэгтэй, бас гарын ур дүйтэй хүн байж. “Соёл-Эрдэнэ” хамтлагт бараг орох гэж байсан хүн гэж ярьдаг. Том Жагаа Баахан жинс барьж очоод найз Жагаагаараа эсгүүлдэг байсан гэдэг.
Г.Жаргалсайхан урлагийн төлөө тууштай зүтгэсэн нэгэн. Суугуул сайхан нутаг, Уулын төмөр ost, Сар шиг холын нутаг зэрэг олон хит дуунуудыг зохиож дуулж олондоо хүргэсэн. Бүтэн 45 жилийн турш хийсэн уран бүтээлийг нь тоолбол тоймгүй их тоо гарах байх. “Соёл-Эрдэнэ”-ээс маш олон хөгжмийн зохиолч дамжиж гарсан гэдэг тэгээд бодохоор тоймгүй их тоо гарах байх.
Тэрбээр “Бидний дуулсан дуу хит болж, олны дунд өнөөг хүртэл амьдарч байна. Хүмүүс олон жил дуулж ирсэн дуунуудыг маань сонсох гэж дурладаг. Тэр дуугаа дуулаач гэж захиална, бүр дагаад дуулдаг гээч.
Би амьдралаа урлагаас өөр зүйлд зориулсангүй, сэтгэлээ ч бас дуу, хуураас урвуулж чадсангүй. Бид олны дунд тунаж үлдсэн дуунуудаа он жилүүдийн хатуу шалгуурыг сөхрөлгүй давсан гэж боддог шүү” хэмээн ярьжээ.
МУГЖ Г.Жаргалсайханд эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэж цаашдынх ажил амьдралд өндрөөс өндөр амжилтыг ерөөе.
Урлаг
Жүжигчин Батцэцэг: Тэр үед тэсэлгүй нулимс унагаж суусан

Цаг хугацааны чанадын чанадаас хөтлөлцөн амьдрал туулж яваа эгэлхэн сайхан найз минь ээ. Gankhulug Enebish Би чамдаа бодогддог бүхнээ бичиж амжаагүй яваа юм байнаа. Өнгөрсөн тавин жилийн турш сайхан найзынхаа халамж сэтгэлд дор би үнэхээр хөлбөрч ирсэн хүн юм байна. Энийг яриад тоочоод барамгүй л дээ…
Би нэг удаа Ташкентын наадамд оролцох болоход чи америкаас нээх гоё сандааль аваад намайг тэр кино наадамдаа өмс гээд явуулж билээ. Киноны 80 жилийн банкетан дээр чиний явуулсан бэлэг хүргэгдэж ирэхэд би тэсгэлгүй нулимс унагаж суусан.
Кино бол миний амьдрал, хувь заяа гэдгийг чи тэгж зүрх сэтгэлээрээ мэдэрдэг хүн. Бас нэг удаа хүүхэд өвдөөд эмч оношилж чадахгүй байхад чи ирээд дор нь оношлоод тас тас инээгээд сэтгэл цэлмээж байж билээ. Чи зөв оношилж дор нь эдгээсэн. Би тэр үед “өөрөө ч өвдсөн болоосой” гэж шогширч суусан.
Миний насан туршийн дуудлагын эмч минь чи л байж… өдөр шөнийг эс ялган гүйж ирнэ, сэтгэл засна, маргаашийн өөдрөг бүхний үрийг сэтгэлд соёолуулна. Амьдралын үнэний тусгал болсон сайхан найздаа ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ.
Сэтгэл шигээ сайн явна гэдэг үгний биелэл чи минь билээ” гэлээ.
Нацагдоржийн Батцэцэг 1957 онд Улаанбаатар хотод төрөөд 6 дугаар дунд сургууль 1974 онд төгсөсний дараа МУИС-ийн Орос хэлний орчуулагч мэргэжлээр 1979 онд төгссөн байна.
Эцэг Ц.Нацагдорж нь 1930 онд Төв аймгийн Өндөрширээт суманд төрсөн. Эдийн засгийн дээд сургууль, ЗХУ-ын Коммунист намын дээд сургууль төгссөн өндөр боловсролтой сэхээтэн.
Тэрээр Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн төв хороонд зааварлагч, нарийн бичгийн дарга, Дарханы Нэхий эдлэлийн үйлдвэрийн дарга, Архангай аймгийн Цэцэрлэг хотын дарга, Увс аймгийн Сагил сумын нэгдлийн дарга зэрэг ажлуудыг хийж явжээ. хойд эцэг Ц.Хасбаатар нь хэл бичгийн ухааны доктор, СГЗ орчуулагч хүн.
Эх Б.Цэрэнлхам нь 1933 онд Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн. Эдийн засгийн дээд сургууль, ЗХУ-ын Комсомолын дээд сургуулийг дүүргэсэн чадварлаг удирдагч. Улсын их дэлгүүрийн эвлэлийн хорооны дарга, худалдааны дарга зэрэг ажлуудыг хийсээр гавьяаны амралтандаа гарсан байна.
Эх нь залуудаа Драмын театрын жүжигчин байсан гэдэг. Зургаан жил ажиллахдаа “Кремлийн цаг”, “Эмч нар”, “Тожоо жолооч”, “Санасан ёсоор болтугай” зэрэг жүжгийн гол дүрийг бүтээжээ.
1979 оноос Монгол Кино үйлдвэрт дагалдан жүжигчнээр орж 1982 онд мэрэгжлийн жүжигчин болсон байна.
1991 он хүртэл Цирк болон Кино үйлдвэрт ажиллаж байгаад “Өргөө” циркийн бүрэлдэхүүнд багтан Герман, Польш улсад таван жил ажиллаад 1996 онд нутагтаа буцаж ирсэн юм
Нөхөр О.Машбатын хамт “Монголжин” кино студи байгуулсан.
2000 оноос “Монголжин” хувийн театр байгуулж захирлаар нь ажилласан.
О.Машбатын гэр бүл арваад жил АНУ-д амьдарсан. Тэд уран бүтээлээ хийхийн зэрэгцээ Америк дахь монголчууддаа зориулан “Үгүйлэн санана”, “Америк дахь монголчууд” нэртэй телевизийн цуврал нэвтрүүлэг хийж байжээ.
2004 онд Монгол Улсын Гавъяат жүжигчин болсон.
Урлаг
“Амбий Солонготойгоо улаанбаатарын олон хороолол олон байраар дамжсан”

“Амбий” гэдэг нэрийн тухайд, бага байхад хүмүүс өхөөрдөөд “Памбий” гэж дууддаг байсан бөгөөд энэ нь явсаар “Амбий” гэх хоч болсон гэдэг. Түүний хувьд угаас хөдөлгөөнтэй нэгэн байж. Бага залуудаа автомашины наймаа хүртэл эрхэлдэг байсан гэж найзууд нь дурсдаг. Автомашины бизнес эрхлэх хугацаандаа “хамгийн түрүүнд мөнгөтэй болвол байр л авах юмсан” гэж мөрөөдөж байсан тухайгаа өөрөө ярьсан байдаг.
Өнөөдөр театрын өдөр бас ахын минь мэндэлсэн өдөр, Ум сайн амгалан болтугай
Амь + Бий
Амбий… Амбий… Амь, амин, амины гэсэн утгатай үг юм л даа. Амины хайртай шавь минь! Ард олныхоо амин хайртай жүжигчин минь! Бүтэн бие чинь алдарсан ч бүтээсэн дүрүүд нь түмнийхээ сэтгэлд мөнхөрч үлдлээ дээ. Амбийтай уулзсан хүний дотор сэтгэл гэрэлтэж, Амбийгийн алиа хошин яриаг сонссон хүн баяр жаргалаар бялхдаг юм.
Өөрөө гэрэлтэж явахын хэрээр гэрэлтүүлэгч нэгэн байлаа. Гэрэлтүүлэгч гэснээс Амбийгийн аав “хар” Цэвэгсүрэн гуай Дорнодын театрын тайзыг насаараа гэрэлтүүлсэн гэрэлтүүлэгч ажилтай хүн байлаа.
Хөлд орохоосоо л аавынхаа хормойноос зүүгдэж, аавтайгаа хамжиж театрын тайзыг гэрэлтүүлж, нүд, сэтгэл нь гэрлийн цацрагтай цуг жүжигчид дээр тусаж байхаас Амбий өөрөө тайзан дээр бууж, өөрөө гэрэлтэж, өргөн түмнээ гэрэлтүүлэхийн хүслэнд автсан байдаг юм.
Аав нь Амбийг аравдугаар ангиа төгсүүт амьдрал үзэг хэмээн ардын цэргийн албанд үджээ. Цэргийн чилийсэн гурван жилийн албыг хаагаад “хүн болоод ирсэн” Амбийд гурван жил зүүдэлсэн Дорнодын театрын тайз нь хүн ёсоор хүлээн авч, бас гурван жил дагалдан жүжигчин болгож эрхлүүлжээ. Амбий бол Дорнодын театрт эрхлэх эрхтэй хүн юм.
Дорнодын театрынхан 1990 онд Улаанбаатарт тайлан тоглолт хийхэд Д.Норовын “Үнэ цэнэ” жүжигт хүрэм зардаг наймаачин залуугийн жижиг дүрд гарч, тайзан дээр байгаа ч үзэгчдийн танхим руу үсэрчих гээд байгаа мэт тэмүүлэлтэй, халуун сэтгэлтэй, гал цогтой, хэлтгий харвал халмаг хөөрүү гэмээр тийм нэгэн тогтож ядан байсан сан.
Анх удаа би Амбийг тэгж харсан юм. Тэгвэл дүр гэхээсээ илүүтэй Амбий хэмээх дүр өөрөө л уяан дээрээ дүүхэлзсэн эмнэг үрээ мэт цолгин цовхорч байсан юм билээ. Амбийтай учирч багш шавь болсон азтай хүн дээ би. Намайг багш болох замыг зааж, засаж өгсөн шавь нарын нэг нь Амбий юм. СУИС хэмээх эрдмийн өргөө “гэрэлтэгч” Амбийг улам гэрэлтүүлж өгсөн юм даа.
Жүжигчний ур чадварын 106 дугаар танхим. Анхны хичээлүүд. Амбий хамраа шудраад л тайз руу гарна. Өөрөө түрүүлж гарна. Өрөөлийг дагуулна. Уриална. Энэ бол Амбийгийн төрөлх чанар.
Цэрэг, эх орон, адал явдал баатарлагийн сэдэв Амбийгийн тоглох дуртай сэдэв байлаа. Би тэр үед шавь нартайгаа адилхан залуу байж. Ангидаа биднийг тойроод сууж байхад орж ирсэн хүн “Багш нь та юу?” гэж Амбий руу заадаг байсан.
Амбий авьяас нь хатгана, архаг нь хэтэрнэ. Заримдаа сахилгагүйтнэ. Тэр нь дэндүү гэнэн цагаан. Тийм мөртлөө хоморгод их автана. Дотуур байрны цонх хагарах Амбийтай хамаатай, СУИС-ийн байрны чердак руу орж тагтаа олноор хиарсныг Амбий хийсэн, сангийн аж ахуйд нутгийн индиануудыг өдөж асуудал гаргасан хүн Амбий болоод явчихна. Уг нь Амбий дунд нь л яваа юм. Тэгтэл яаж ийгээд толгойлогч, уруу татагч болж хувирна.
Амбий СУИС-д дөрвөн жил сурахдаа гурван удаа хөөгдөж, гурван удаа үлдсэн юм. Тэр нь дандаа хоморгын асуудал. Үнэнхүүтэй цуг даварсан гэх, бас дарвисан гэх. Дуучин Үнэнхүү СУИС-ийн бэлгэ тэмдэг байлаа тэр үед.
Үнэнхүүтэй би барьцаж байж Амбийг үлдээж авсан юм. Хайдав багш “Үнэнхүүг сургуулиас хөөвөл намайг хөөчих” гээд дүүлээд ороод ирнэ. Тэгэхээр нь сөргүүлээд Амбийг тавьчихна. Үнэнхүүг хөөж чадахгүй болохоор Амбий үлдэнэ дээ.
Амбий дотуур байранд амьдрах. Яагаад ч юм Амбийгийн амьдардаг өрөөний цонхны шил бүтэн байна гэж үгүй. Хүний хагалсан зэмийг Амбий өөр дээрээ авна.
Дотуур байрын эрхлэгч аргаа барахдаа Амбийг байрын зөвлөлийн даргаар тавьчихсан чинь тун мэргэн шийдвэр болж, Амбийд хэнхэг өвчин тусч тасаг болгоныг хяналтдаа авч, оюутнуудтай тулж ажиллаж, түүнээс хойш хагархай цонхтой тасаг байхгүй болсон юм даг.
Шөнө жижүүрлэж хэнхэглэснээс өглөө унтчихна. Хичээл, сургуулилтаас хоцорно. Хичээл хоцорлоо гэж Амбийг төмөр сандал далайгаад элдэж явсан юм даа. Одоо байхгүй болчихсон хойно нь яах гэж тэгж байв даа гэж сэтгэл өмрөн өрөвдөх юм.
Амбий сэтгэлдээ юм хадгална гэж байхгүй. “Хар” Цэвэгсүрэнгийн “ хар Амбий, гэвч сэтгэлдээ толбын төдий тортоггүй сүү шиг цагаан сэтгэлтэн байлаа. Хүнтэй үг зөрж нударга зөрүүлэх Амбийгийн хувьд энүүхэнд байлаа. Тэрнийхээ дараа цайрч цагаалах нь амархан, тэр хүнтэйгээ өмнөхөөсөө илүү дотносож, хайрладаг байлaа.
Цаанaа юм хадгална гэж байхгүй. Байдаг хийдгээ хэлээд тавьчихна. Тэгж байж санаа амарна. Үүлээ хөөгөөд цэлмэсэн тэнгэр шиг болчихоод, туранхай цээжээ дүүртэл цээлхэн амьсгаа татчихаад, хамраа нэг шударчихаад гарч өгнө.
Бид нар хоёрдугаар курстээ бүрэн хэмжээний том жүжиг Хүүхэд, Залуучуудын Театрын тайзнаа тоглочихож билээ. Оросын зохиолч Л.Разумовскаягийн жүжгийн зохиолыг Монголын орчин ахуй, цаг үе рүү татаж хөрвүүлсэн “Хайрт Долгор багшаа” жүжигт Амбий маань Сүмбээ гэж ар гэрийн амьдрал суурь хүмүүжил сурлага муутай ч хүн чанартай дүрд ажилласан юм.
Төгсөх курстээ бүрэн жүжиг ажилладаг уламжлалыг эвдэж, доод курсийн оюутнуудын жүжиг Хүүхэд, Залуучуудын Театрын тайзнаа хэчнээн удаа дүүрэн үзэгчтэй тоглосон билээ. Энэ жүжигт мөнөөх Амбий оройлон манлайлагчаараа л байлаа. Үндэсний телевизийн алтан фондод хоёр ангит энэ жүжиг маань бий.
Оюутнууд багшийнхаа эзгүйд бие дааж ажиллах, ирэхэд нь бэлэгтэй угтах чин эрмэлзэл дүүрэн үе тэдэнд байлаа. Намайг “Мичдийн зургаан гялаан” киноны натурт яваад ирэхэд Амбий Бооёо хоёр “ЛН” улсын уралдаанаас А Чеховын өгүүллэгээр шилдэг бүтээлийн, Амбий “Дээрэмчид’’ жүжгийн Франц Моорын дүрээр шилдэг дүрийн шагнал авчихсан хүлээж байж билээ.
Амбий санаачлагч, манлайлагч, ачааны хүндийг үүрэгч нь бүх цаг үед байсан. Хорчгор туранхай биедээ ахадсан их ачаа, дэндүү холыг харсан зорилгыг тээж явж дээ, шавь минь.
Сайн хүнийг сайн хүмүүс хүрээлж, тэд нар нь хоорондоо халуун бат найз нөхөд бололцдогийн үлгэрлэл Амбийгийн амьдрал юм. Амбийгийн ажилласан газар, амьдарсан орчныхон Амбийг тойроод нөхөрлөчихдөг юм.
Амбий Солонготойгоо Улаанбаатарт олон хороолол, олон байр дамжсан ч тэдний амьдарсан байрны орцынхон бие биеэ таньдаг, ойр дотнын ах дүүс мэт болчихсон байдаг нь Амбийгийн хүнийг татах хүч, найрамдагч шинж чанар юм.
Амбий ойрын жилүүдэд бие чилээрхүү байлаа. Тэр үед байр орцынхон нь ээлжээр жижүүрлэж, хоолыг нь хийж, эмнэлэгт хүргэж, эргэж тойрч, өөрийн гэр бүлийн гишүүн мэт хандаж ирсэн юм.
Амбий дэндүү олонтой эр хүн байлаа. Амбий өргөн дэлгэр бодолтой, өндөр тэмүүлэл зорилготой, Дорнодын уудам тал шигээ тэнүүн сэтгэлтэй хүн байлаа. Нутаг орондоо амьсаг сэтгэлтэй, Дорнодынхноо их дэмжинэ. Сэтгэл гутруу үедээ Дорнод руугаа гарч давхиад дотроо онгойлгочхоод хүрээд ирнэ.
“Найрын ширээний ууц” жүжигт урьд нь тоглож байснаараа мюзикл жүжиг хийх гэж Дорнодын театрын уламжлалыг сэргээх гэж маш их хүч, хөрөнгө зарсан. Хоёр давхар тайз засаж, гэрэлтүүлгийн тоног төхөөрөмжийг орчин үеийн шилдэг зэрэглэлд хүргэж, өчнөөн олон чадалтай жүжигчдийн баг бүрдүүлж ажилласан.
Гэвч Амбийгийн зүтгэл ард түмнийхээ төлөө л байлаа. Алдарших гэж үүнийг хийгээгүй. Алдаршихын төлөө улайрч явдаггүй нь Амбийгийн ясны араншин юм.
“Орчин үе” театр, Улсын Драмын Эрдмийн Театрт хэдэн жил ажиллав. Харин Амбий урсгалаар явахыг хүсээгүй. Тэжээлгэж, хүний гар харж амьдаръя гэж бодоогүй юм. Зориг зүрх шулуудаж Бооёо, Хүрлээ хоёртойгоо нийлж “Шинэ үе” продакшныг үүсгэн байгуулж, хэдэн жил ёстой л галлаж өгсөн дөө.
Хүнд тус хүргэвэл өөрийнх нь хэрэг бүтэх мэт санаж явдаг юм.
Амбий дүү нараа “өөд нь татах” дуртай. Хүнд тус хүргэвэл өөрийнх нь хэрэг бүтэх мэт санаж явдаг юм. “Шинэ үе” продакшнд олон дүү нар араасаа дагуулсан нь өнөөдөр эрийн цээнд хүрчээ. “Захиалгат инээд” хамтлаг байгуулан бас л дүү нараа өөд нь татаж, хүний зэрэгт хүргэсэн. Амбийгийн буян барагдахгүй юм.
Буянтай хүн, баян хүн. Баян хэмээх утга нь эд хөрөнгөдөө биш, үр хүүхэд, үнэнч нөхөд, үйлс бүтээлээрээ баянд байгаа юм. Би Амбийдаа “Наран ургахыг хүлээхгүй” киноны дүр хатиг Давааг зориулж бичсэн юм.
Увс аймагт 1996 оны зун, намар зургийг авсан билээ. Хошуу ноёны хүү Даваа ядуу айлын сэвгэрт дурлаад “хатиг шиг наалдаад” салж өгөхгүй байгаа юм л даа. Амбий маань дүрийнхээ хатиг шинжийг үнэхээр хатгаж гаргасан. Амбий энэ киноноос хойш эрчлэн хуйларсан их мөрний урсгал боомтоо зад татах мэт дэлгэцийн урлагт хүч түрэн орж ирсэн юм.
Сүүлийн хэдхэн жилд, зөвхөн кинонд л гэхэд “Помогите нам” 1,2, “Би чамд хайртай-2” “Тэнгэрийн ивээл”, “Шарталт”, “Тютю”, “Танхай тээгч, “Содура” гэх мэт үзэгчдийг байлдан дагуулсан, мэргэжлийн өндөр түвшинд бүтээгдсэн кинонуудад гялалзтал тоглож, Амбийгүй бол кино урлаг байхгүй юм шиг дэлгэцийг эзэгнэсэн билээ.
Амбийгийн нэг киног үзээд Амбийг хайрлах үзэгчийн сэтгэл улам өсдөг юм. Энэ нь Амбий урьдах дүрээ давтаагүй, өөр өөрийн өвөрмөц дүрүүдийг бүтээсний илрэл юм. Амбийг тайз, дэлгэцнээ гараад ирэхлээр үзэгчдийн сэтгэл дүүрэн ханаж, ямар нэгэн хүч цэнэг өөртөө авч, амьдрах итгэл тэмүүлэл зориг төрдөг билээ.
Амбий аливаад өнгөц ханддаггүй, тэрүүндээ зүрх сэтгэл, бие эрхтнээрээ уусан ордог. Ямар нэгэн дүрд ажиллахдаа тэр зарчмаа ягштал баримтална. Ийм чанар өнөөдөр ховорджээ. Энэ чанар нь Амбийг богинохон наслуулсан ч юм билүү. Үүнийг ганцхан бурхан л мэдэх байх.
Тайзыг дүүргэдэг, дэлгэцийг эзэгнэдэг жүжигчин дэндүү ховор. Ийм ховорхон жүжигчний нэг нь Амбий даа. Амбий хөшигний ард хамраа хальт шударснаа тайзнаа гараад ирэхэд хорчгор цээж нь ханхайгаад, онигор пүд нь гал цогоор гэрэлтээд, жүжиглэхүйн амьд хийгээд үнэн харьцаа гэдгийг жинхэнэ бодитоор харуулж өгнө дөө.
Үзэгчид Амбийг тайзнаа гарч ирэхийг тэсэн ядан хүлээдэг шигээ, тайзан дээр оволзож, дүрэлзэж, гялалзаж, шагайж байгаад эргээд ороход нь аанай л тайзнаа байгаа мэтээр харж үлддэг шидтэй билээ.
Амбий хошин урлагийн армийн нэгэн командлагч жанжин нь байсан юм. Тайз, дэлгэцийн урлагийг чимэн гэрэлтүүлэгч жинхэнэ од байсан юм.
Найдангийн Ганхуяг / Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, доктор, профессор
-
Дотоод2 years ago
Жүжигчин Ундрал Жүр Үр-ээс “хөөгджээ”.
-
Дотоод2 years ago
Эдгээр байршлуудад 23-наас эхлэн хэсэгчилсэн хөл хорио тогтоож болзошгүй
-
Дотоод2 years ago
Хөл хорио зөрчсөн гэх мэдээлэлд ЕРӨНХИЙЛӨГЧ тайлбар хийлээ
-
Урлаг2 years ago
Бооёо худгаас ус авч явна. Тэр гэр хороололд амьдардаг болчихвуу?
-
Дотоод2 years ago
С.Эрдэнэцэцэг Далантайтай хайр сэтгэлийн холбоотой байсан эсэх талаар ярилцжээ
-
Урлаг2 months ago
Гавьяат Эрдэнэцэцэг Далантайтай хайр сэтгэлтэй байсан эсэх асуудалд цэг тавьжээ
-
Дотоод2 years ago
Аавдаа өргөсөн энэ зулыг маань 1000, 1000 аавууддаа зориулж ШЕЙР хийгээрэй
-
Дотоод2 years ago
Ч.Ганхуяг ямар вакцин хийлгэснээ зарлалаа