Connect with us

Урлаг

Навчаа: Шөнө 2 цагт сэрсэн чинь дүү маань байдаггүй. Үрэгдчихээгүй байгаа гэж санаа зовоод

Published

on

Эршүүд, хэнэггүй, ил цагаан үгтэй сонин, содон дүрүүдийг кино урлагт бүтээж үзэгчдийн таашаалыг хүртэх болсон жүжигчин бүсгүйг редакцийн зочноор урилаа. Тэрбээр жүжиглэхийн зэрэгцээ найруулагч, продюссорын ажлыг чадварлагаар гүйцэтгэж “Хэцүү анги” ОАК, “Рашаантын 18”, “Лардьма” киног бүтээсэн уран бүтээлч.

-“Лардьма” киног онлайнаар зөвшөөрөлгүйгээр тараасан сайтуудтай та учир зүйгээ ололцов уу?

-Монголд оюуны өмч байнга хулгайд өртдөг. Уран бүтээлчид ч үүнтэй эвлэрчихсэн. Ерөөсөө хэнд ч юу ч хэлэхгүй аваад л цацаад, ашиглаад л. Ийм байж болохгүй ээ. Миний утас бүх лавлахад “Навчаа фильм” гээд бүртгэлтэй байж байдаг.

Утсаар ч гэсэн яриад “танай киног тавих боломжтой юу” энэ тэр  гэвэл магадгүй би зөвшөөрчихсөн л байгаа. Би энэ киноны зарж борлуулах эрхийг Скай медиад өгөөд гэрээ хийчихсэн. Угаасаа монголд хаанаас зөвшөөрөл авсан, хаана  хэн ажиллуулж байгаа нь мэдэгдэхгүй, эзэн холбогдогчгүй хулгайн сайтууд байдаг.  Тэгэхээр энэ асуудлыг цэгцлэх хэрэгтэй.

-Таны тэмцэл үр дүнд хүрэх нь үү?

-Ямар ч байсан өмнө нь удаа дараа ингэж бусдын юмыг хулгайлж байсан зургаан сайтыг хаалгасан. Би дуугүй өнгөрмөөргүй байна. Манай уран бүтээлчид “Навчаа чиний зөвөө, бид ингэхгүй бол болохгүй” гэцгээгээд л байна. Хажуугаар нь надад зориулж маш их комент бичиж.

Уншлаа. Ямар мулгуу, залхуу, ухамсар дорой, хялбар аргаар мөнгө олох гэсэн залуус олшроо вэ. Монгол хүний оюун ухаан ямар доод түвшинд байна вэ? Намайг ямар шуналтай юм бэ, одоо болоо юм бишүү энэ тэр гээд л бичиж өгчээ. Ийм байхад монгол улс хөгжихгүй шүү. Энэ бүхнээс үүдээд энэ залууст зориулж уран бүтээл хиймээр санагдлаа.

-Шинэ уран бүтээл тань иймэрхүү чиглэлтэй байх нь уу?

-Мэдээж уран бүтээлээ хийнэ. Залуусын ийм нэг хачин үзэл суртал бол нийгэм улс төрийн байдалтай холбоотой. Өнөөдөр ард түмний сонголтоор гарчихаад амлалтаа биелүүлж байгаа нь хэд билээ, авилгын хэрэгт хэд нь орооцолдож байна. Дээшээ гараад хулгай хийгээд эхлэхээр доодох хүмүүс нь хулгай хийхээс яахав. Өнөөдөр маш олон гадны ажилчид ирж барилга барьж байна.

Гэтэл монгол залуус хужаа нарыг ингэнэ тэгнэ гээд дайраад байгаагаас эх орныхоо бүтээн байгуулалтад өөрсдөө оролцож чадахгүй залхуураад л. Тэгсэн хирнээ Солонгост очихоороо шургаж унатлаа ажиллана.  Ийм нэг заваан,  бодлоосоо яаж салах ёстой юм бүү мэд.

-Киноны хувьд эзэмшигчийн асуудлыг хэрхэн яаж шийддэг юм бэ?

-“Лардьма” киноны оюуны эзэмших эрх зөвхөн Навчаа гэдэг хүнд байдаг. Яагаад гэхээр би санааг нь гаргаж, бүх санхүүжилтийг хийсэн. Киноны оюун өмчийн  эрх үүсгэн санаачилсан, мөнгөө гаргасан хүн дээр үүсдэг.  Өөрөөр хэлбэл би бусдад цалин өгч бүтээл хийлгэсэн. Өмнө нь оюуны өмчийн талаар мэдлэггүйгээсээ болж өөрийнхөө санааг, бүтээлээ алдаж байсан удаа бий.

-Цаашдын төлөвлөгөө болон ойрын үеийн уран бүтээлийн тухай?

-“Навчаа” фильм уран бүтээлчидтэй хамтран шинэ бүтээл рүү орчихсон, үйл ажиллагаа эхэлж байна. Энэ бол монгол хүн гэдэг бахархлыг төрүүлэх зорилготой томоохон бүтээл болно. Одоо бидний насны уран бүтээлчид нэг шалдар бульдар юм хийгээд яах юм бэ

Хэрвээ залуухан уран бүтээлч бол алдаа оноотой юм хийхийг хэн ч үгүйсгэхгүй. Харин бидний насныхан нийгэмдээ хэрэгтэй, ач холбогдол өндөртэй л юм хийх үүрэгтэй. Уран бүтээлийн алдах эрхгүй нас шүү дээ, энэ чинь.  

-Та энэ шинэ кинондоо ямар үүрэг гүйцэтгэж байна вэ?

-Маш олон үүрэг гүйцэтгэнэ. Гэхдээ энэ бол хамтын бүтээл юм шүү.

-Залуучуудын тархинд юм суулгамаар байна гэсэн. Харин та хүүхдийнхээ тархинд хамгийн түрүүн юуг суулгаж байна?

-Одоо ус хэмнэх, усны зөв хэрэглээг дадал болгож байна.  Шүдээ угаахдаа ийм хэмжээтэй, аяга угаахдаа гоожуулахгүй саванд тосно гэх мэтээр. Долоохон настай юм чинь зөв дадалтай болох л чухал. Түүнээс биш усны нөөц, хомсдол, үнэ цэнэ яриад ойлгохгүй шүү дээ.

Хожим нь том болохоороо ээжийнхээ  яагаад ингэж сургасны учрыг мэдэрнэ. Бас хүнд худлаа ярих зайлшгүй шаардлага гэж байдаг. Гэхдээ яах гэж худлаа ярьснаа надад заавал тайлбарлах хэрэгтэй гэж тохирсон. Хүүхэд айсандаа нэг худлаа хэлнэ, тэгээд давтсаар реплекс болно гэж бодсондоо л тэр.

-Харин таныг аав, ээж тань яаж хүмүүжүүлсэн бэ?

-Их эрх чөлөөтэй өссөн. Хорьж цагдаж байгаагүй. Гадуур гарахад юм хэлэхгүй, надад их итгэл өгсөн. Гэхдээ би хүүхдээ тийм байлгаж чадахгүй. Нийгмийн байдал өөр болсон. Хүн гэр бүлээс гадна тухайн орчноосоо ихийг мэдэрч ухаарч өөрийн болгодог. Тэгэхээр яаж төлөвших вэ гэдэг асуудал их чухал.

Мэдээж хэрэг, яг тэр төлөвшлийн үед нь гэр бүлээ их тайван,  сайхан нөхцөлтэй байх хэрэгтэй. Мэдээж би загнана, хайрлана, гар хүрнэ, зөвлөнө. Бидний хамгийн том алдаа бол миний хүүхэд юм чинь гэсэн хандлага. Би үүнийг ойлгож байгаа ч засч залруулж чадахгүй л явна. Хүүхэдтэй хүүхэд бус иргэний хувиар харьцах ёстой юм.  

-Ертөнцийг үзэх үзэл, амьдралдаа баримталдаг зарчмын тухайд?

-Бид өчигдөр тэгсэн, маргааш тэгнэ л гэж ярьдаг. Харин өнөөдөр би яах вэ гэдгийг ер ярьдаггүй. Өнөөдөр сайн байвал өчигдөрт алдаа байхгүй, маргааш ч сайхан л байна. Энэ бол Далай ламын үг. Би  хэзээ ч баяжья гэж боддоггүй. Орох орон, хөл дүүжлэх унаа, сольж өмсөх хувцас байвал болоо.

Хүмүүс юм хураах гэж, хурааснаа өсгөх, хамгаалах гэж  бусдад муу  юм хийдэг. Хамгийн аймаар нь хэдхэн төгрөгний төлөө газар нутгаа зарчихаж байгаа хүмүүсийг үзэн ядаж байна. Чингис хаан гээд цээжээ дэлддэг хирнээ бий болгосон газар нутгийг нь үгүй хийж байна. Чи мөрөн дээрээ тохох ганц л юмтай байхад дэлхийн хүн амын 75 хувиас баян гэж үг бий.

Мөн хүмүүс ганц олдох нас гэж яриад байх юм. Үгүй ээ, чи хүн төрлийг олж төрсөн л бол үйлийн үрээ эдлээд дахин дахин төрнө. Өөд болох гэдэг чинь зөвхөн энэ насны чинь төгсгөл.  Дараа нь дахиад л төрнө.  Би үүнд итгэдэг. Тийм учраас дараа төрөлдөө сайн явахын тулд энэ насныхаа амьдралыг зөв цэгцтэй явах хэрэгтэй.

Би өнөөдөр баяжиж яахын, газар нутгаа зараад яахын. Дараагийн төрөлдөө юу ч болж төрж мэднэ шүү дээ. Өнөөдөр хог түүгээд хөөрхий минь хэцүү яваа хүмүүс урд насныхаа үйл лайг үүрч явна гэдэг. Үнэн байх шүү. Миний ертөнцийг үзэх үзэл энэ онолоор яваа шүү.

-Таны хүсэл шунал юунд тэмүүлдэг вэ?

-Хүмүүсийг ухааруулсан, шаагуулсан бүтээл хийх. Миний хүсэл шунал бол ерөөсөө л энэ. Кино хийгээд айхтар ашиг олдоггүй. Би шал угааж үзсэн, нарийн боовны цехэд ажилласан, алтны уурхайд ч ажиллалаа.  Олдог мөнгө нь адилхан л байхгүй юу. Гэхдээ хийж чаддаг юмаа хийх нь миний үүрэг байхгүй юу.

-Таны  мөрөөдлийн оргил?

-Шуналд хязгаар байдаггүй шүү дээ. Би “Хэцүү анги”-ийг хийсний дараа  инээдмийн кинонд орон зай байгааг мэдэрч “Рашаантын 18”-ыг хийсэн. Харин дараа нь амьдралд байдаг хирнээ гаргаж ирдэггүй зүйлийг дэлгэе гээд “Лардьма”-г хийсэн. Тэгэхээр нэг бүтээлээсээ урам авч нөгөө киногоо гаргаж ирдэг.

Тэрнээс биш яг тийм юм хийе, энэ бол миний мөрөөдлийн оргил  гэх нь уран бүтээлч хүнд харьцангуй ойлголт л доо. Одоо залуучуудын тархинд юм хийе гэж бодсоор явна. Энэ бол “Лардьма”-гаас төрсөн бодол.

-Та киноны бүх процесст өөрийн бодол санаагаа шигтгэдэг үү?

-Лардьма кинон дээр ярья л даа. Гэр бүлийн хvчuрхuйллuйг харуулсан хоёр эмэгтэй дүртэй нэг хvчuрхuйлэгч байх ёстой, тэр тэгж тэгж хvчuрхuйлдэг, энд шорон байх ёстой, ял авч байгаа эмэгтэйчүүдийн ихэнх хувь нь гэр бүлийн хvчuрхuйллээс болж хэрэг хийдэг.Ингэж л хэлнэ.

Зохиолч зохиолоо бичнэ, уншаад болбол ок, болохгүй бол ингэе тэгье гэнэ. Эцсийн бүлэгт кино  продюссорт л таалагдах ёстой. Сэнгэдорж бол мундаг найруулагч, Баттүшиг байна. Би тэр хүмүүсийг итгэсэн учраас сонгосон. Магадгүй зарим уран бүтээлчид мөнгөндөө тааруулж багаа бүрдүүлдэг учраас алддаг.  

-Мөнгө муутай бол чадвар муутай баг бүрдэнэ гэсэн үг үү?

-Мэдээж. Анх  уран бүтээлч энэ киног тэр найруулбал, энэ тогловол гэж төлөвлөнө. Энэ дагуугаа хийвэл сайн бүтээл болно. Сэнгэдоржийн үнийг дийлэхгүй нь, би өмнө хоёр кино найруулсан юм чинь гээд л Навчаа тэнэгтсэн бол “Лардьма” энэ зэргийн бүтээл болж чадахгүй л байхгүй юу. Тэгэхээр  энэ бүтээл дээр яг  хэн байх ёстойв  гэдэг чухал.

-Та санхүүг яаж босгож байна?

-Өрөвдмөөр ш тээ. “Хэцүү анги” киног бол тэр үеийн телевизийн захирал байсан Ц.Оюундарь босгосон. Хүүхдийн редакцийн Эрдэнэцэцэг эгч маш сайн холбогч хийж ажилласан. “Раш аантын 18” бол МУГЖ Т.Баясгалан захиалж хийлгэсэн учраас мөнгө тэндээс гарсан.  Харин “Лардьма” кинон дээр нэг хүнээс дэлхий дээр байхгүй хүүтэй мөнгө зээлж, оронд нь байгаа бүхнээ барьцаалсан.

Тэгээд киногоо гарсан хойно зээлсэн мөнгөө болон бага зэрэг ашиг өгсөн. Тэгэхээр өнөөдөр Навчаагийн амьдрал дээшлэхгүй нь тодорхой байхгүй юу. Намайг коментчид яасан шуналтай юм, ханаж цаддаггүй юмуу гэжээ. Тэр хүмүүс манайд ирээд миний амьдралыг  хараасай.

Ямар хоол идэж, яажшуу амьдарч байна. Нэг муу өрх толгойлсон эмэгтэй, хүүхэддээ нэг аятайхан гутал авчих юмсан гээд л бусдын жишгээр л амьдарч явна. Үнэндээ бол би харьяалагдсан байгууллага байхгүй,  эрхэлсэн тодорхой ажилгүй,  өрх толгойлсон эмэгтэй шүү дээ. Хажуугаар нь хэдэн муу дүү нараа чирчих гээд л. Олны танил гэхээр л баян болчихдог юм биш. Баян нь бол баян. Харин би бол тийм биш.

-“Лардьма”-гийн орлогоос  дараагийн киноныхоо санхүүг шийдэж чадсан уу?

-Чадаагүй. Одоо энэ киног дахиад мөнгө зээлээд хийнэ. Навчаа өнөөдөр бусад кинонд бүтээсэн туслах дүрийн цалин, рекламд оролцож авсан мөнгөөрөө л болж байна. Надад кино маань ашиг өгөөгүй биш өгсөн.

Гэхдээ хүмүүсийн яриад байгаа шиг “оох” биш л байхгүй юу. Бид нарт 200 сая төгрөг байхад л сайхан кино хийчихнэ. Энэ бол томчуудын зүгээр л халаасны мөнгө шүү дээ.

-Кинонд бүтээсэн дүрээс харахад та их нээлттэй, ойлголцоход амар хүн шиг санагддаг. Амьдрал дээр?  

-Навчаа гэдэг хүнийг охин, аав ээж, дотны хэдэн найз, ах дүү нар минь л мэднэ. Хүмүүс намайг кинонд бүтээсэн дүрээр хардаг. Энэ зэвүүн, хэрүүлч, хөдөөний авгай  гээд явж өгнө. Тэд миний жинхэнэ өнгө,  мөн чанарыг мэдэхгүй учраас  л тэр. Яг надтай танилцаад ирвэл өөр л дөө. Би магтаалын үгэнд дургүй, заримдаа худлаа ч юмшиг санагддаг.  

-Хувь хүн талаасаа?

-Юмыг шууд шударгаар хэлдэг. Мулгуу хүний шинж байхаа. Энэ байдлаасаа болоод зарим хүмүүст ад үзэгдэнэ ээ.  Хоёрт их түргэн зантай. Бас өрөвч. Дараа нь яах гэж тэгэв дээ гээд л. Бүгд л хүнд хэрэггүй зан л даа. Гэхдээ яахав, төрөлхийн юм гэдэг чинь хэцүү ш тээ.  

-Амьдралдаа зэвсэг болгон ашигладаг давуу тал байна уу?

-Хийнэ гэснээ л хийдэг. Залхуурч хойшоо суухгүй. Харин өөрийнхөө эрүүл мэнд, гоо сайхны асуудал дээр бол хойрго. За яадгийн идчихье маргаашнаас болно биз гэх мэтээр хандана. Харин ажил төрөл дээр бол ёстой яс шүү дээ. Яг л цагтаа.

-Өөрийгөө хайхрахгүй байна гэдэг том дутагдал байхаа?

-2006 онд төрсөн. Тэрнээс хойш нэг ч удаа эмнэлэгт очоогүй. Өөрийгөө эрүүл л гэж бодоод байгаа, юу болж байгаа юм бүү мэд. Нэг жил нуруу аймаар өвдөөд эмнэлэгт үзүүлсэн хагалгаа хийлгэ гэлээ. Хагалгаанд ч орсонгүй, аарцаг нурууны бариа хийлгээд боссон. Уг нь үзүүлье гэж боддог л юм.

-Хэзээ өрхийн тэргүүнтэй болох гэж байна?

-Ёстой мэдэхгүй. Энэ чинь хэдийд энэ тэр гэж төлөвлөөд байдаг ч асуудал биш.

-Эр хүний жинхэнэ мөн чанарын талаар. Танд ямар хүн таалагддаг вэ?

-Нэг тийм ярихад, харьцахад л мэдрэгддэг сайхан зөөлөн хүн. Тэр үг дуу цөөтэй, гүндүүгүй энэ тэр чинь шал худлаа юм билээ.  Анх танилцахад үг дуу цөөтэй даруухан л санагдаж байсан, ханилаад суусан хойно роман романаар нь юм ярьж байсан.  Хүнийг шууд хараад танихад хэцүү.

Сэтгэлийн хөөрлөөр зүрхэнд жаахан оч өгсний төлөө сонголт хийж эцэст нь үр хүүхдээ өнчрүүлэхэд хүрдэг. Хамгийн чухал зүйл хүний эд хөрөнгө, албан тушаал, байр унааг бус өөрийг нь байгаагаар нь хайрлаж сурах хэрэгтэй.  Намайг  ойлгочихдог, надад итгэчихдэг хүн байхад л болоо. Түүнээс биш зэрэглэл, ангилал, хэмжээ  тогтоогоод байх юм алга.

-Ямар эмэгтэй хүмүүс таалагддаг вэ?

-Эмэгтэй хүн гэдэг хорвоо дэлхийн менежер юм шүү дээ. Хань ижил нь яаж явахав, үр хүүхэд нь хэн болохов, эцэг эх нь хэрхэн амьдрах вэ гээд бүх зүйл эмэгтэйчүүдээс шалтгаалдаг. Тийм учраас эмэгтэй хүн гэдэг чинь намайг бодвол зөөлөн байх ёстой. Гоё аядуухан, намбалаг сайхан хүмүүс байдаг даа. Чал пал, хар хур гээд л хэн нэгэнд аймаар зовлонгоо яриад явдаг  хүмүүс таалагдаггүй.Эмэгтэй хүн уучламтгай, өршөөж, хайрлаж энэрч чаддаг байх хэрэгтэй.

-Монгол эмэгтэйн 21 сайхан шинжээс танд хэд нь байна?

-Ямар ямар шинж байдгийн.

-Үйлэнд уран, үгэнд цэцэн, ханьдаа халамжтай, хадамдаа элэгтэй гээд л…?

-Байхгүй, байхгүй. Аль нь ч байхгүй.

-Таны хамгийн сайн чанар юу юм вэ?

-Хүнд итгэл төрүүлж чадна. Надтай хамтарч ажилласан хүмүүс надад итгэдэг. Чадахгүй юмаа бол шууд л хэлнэ. Хүмүүс намайг “худлаа гар” энэ тэр гэдэггүй л юм. Бусдын итгэлийг алдахгүй юмсан,  хүмүүст муу юм бодогдуулчихгүй юмсан гэж ажилладаг. Би орсон уран бүтээлдээ маш сайхан сэтгэгдэл үлдээгээд л явдаг. Замын хүзүү урт шүү дээ. Би дайсагнах, жөтөөрхөх юманд дургүй.

-Ихэвчлэн юунаас болж стресст ордог вэ?

– Зөндөө, зөндөө. Өчигдөр шөнийн 02.35 цагт сэрсэн чинь халтуур хийдэг дүү минь байдаггүй. За тэгээд үгүй болоод үрэгдчихсэн юм биш байгаа гээд л нойр хүрэхээ больчихсон.  Өчигдөр их хачин өдөр байсан.

Охин маань хүндээр бие засахад нь улаан юм гарсан чинь шоконд орчихсон. 103 руу ярьсан чинь ув улаан байвал санаа зоволтгүй гэлээ. Тэрүүхэн  хооронд чинь элэг уушги нь өвдөөд мэс засалд орвол яанаа. Өөд болчихвол яанаа, оршуулганд хэн хэн ирэх вэ, ямар үг хэлэх вэ гээд бүхнийг бодож байгаа байхгүй юу.

-Арай дэндэнэ ээ. Тийм аймаар юм бодлоо гэж үү?

-Аймаараа, аймаар. Надад урлаг уран сайхан хэрэггүй, бүх юмаа зарж үрээд Бөмбөгөр хавьцаа архи ууна гээд л бүгд төсөөлөгдөж байгаа байхгүй юм. Надад стресс их байна. Гэхдээ дандаа л өөд болох хатах юм бодно. Сонсож байгаа мэдээнүүд, нийгмийн байдал,  мэргэжлийн онцлог нөлөөлөөд байна.

-Хамгийн сүүлд ямар монгол кино үзэв?

-“Зэрлэг цэцэгсийн хүлэмж”-ийг үзсэн. Аймаар сэтгэл догдлоод ингэсэн тэгсэн гэвэл худлаа.   Уран бүтээлч хүн болохоор өөрийнхөө түвшинд л үзлээ.  Харин Ричард Гирийн тоглосон Хайчи гээд нохойны тухай киног  би үзэх болгондоо уйлдаг. Бүр эхэр татаад уйлдгийн, өмнө 2 үзсэн. Өчигдөр үзээд бас л баахан уйллаа.

-Яг юу ойлгоод уйлаад байна?

-Нохой эзнээ үгүйлээд, хүлээгээд л. Нэг их тийм нандин юм байна. Илүү дутуу юм байхгүй, амьдралд ойрхон. Одоо ер нь дэлхийн киноны хандлага ийм болоод байгаа. Амьдралд ойрхон, натур. Хийсвэр юм явахаа больсоон.

-Танд жүжиглэхээс өөр авьяас байдаг уу?

-Авьяас илрээгүй байна. Солгой хоолойтнуудыг бодвол найрын дуутай. Бэлэн цэцэн үгтэй гэсэн. Үг нь бол бэлэн.

-Бичих авьяас байх уу?

-Уг нь би чинь “Би монгол хүн” шүлгийг бичсэн Чойжилын Чимэд гэж хүний удам угсаа юм шүү дээ. Тэр хүн бол манай эмээгийн төрсөн ахын хүүхэд.  Цаасан дээр санаагаа буулгаж үзье гэж боддог. “Рашаантын 18”-ын зарим текстийг зохиосон. Нөгөөдүүл чинь элэг хатаж байгаа юм.

Алиа хоржин үг нь хүмүүст хүрэхдээ сайн л даа. Саяхан үзээд баахан инээлээ. Нэг муу ном ертөнцийг харж байхад нүд юу харах нь ойлгомжтой биз дээ, өргөн гудамжийг нарийн болгоно энэ тэр гээд л. Яг л гэр хорооллын амьдрал шүү дээ.

-Урлагийн шүүмжийн хэрэгцээ, шаардлагын талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Энэ талаар тусгай баг, мэргэжилтэн ажиллах ёстой. Манайхан нэг  кино хийгээд ёстой гоё, алаад өгнө гээд гаргадаг, нөгөөх нь явдаггүй л байхгүй юу. Өөртөө л сайхан бүтээл хийж, өөрөө л кайф аваад явдаг. “Рашаантын 18” киног эхлээд жирийн хүмүүст үзүүлэн эмоцийг нь хараад зарим хэсгийг хассан.  “Лардьма”-г бас тэгж үзүүлсэн. Аймаар кино болжээ гэж хэлсэн.

-Хасах зүйл харагдаагүй юу?

 – Тийм. Би энэ кинонд сэтгэл хангалуун байгаа. Хүмүүс хэзээ ийм амьдрал байлаа гэдэг.  Үгүй хөөе, үүнээс цааш ч амьдрал байна. Хүүхдээ заазуурдаад,  хүүхэд мөчлөөд хаясан хүмүүс харь гариг, сансараас бууж ирээгүй биз дээ. Нэг тийм юманд санаа зовдоггүй хэсэг бүлэг хүмүүс байна.

Бүх юм нь бэлэн,  амьдрал нь сайхан, нийтлэг амьдрал болоод амьдралын наад захын проблемийг амсаагүй, мэдрээгүй.  Хүмүүс ертөнцийг таних хэрэгтэй, амьдралыг суралцах ёстой. Тэгвэл өнөөдөр ийм юм байхгүй гэж ярихгүй л байхгүй юу.  

– Хүлээж авах үзэгчдээс гадна урлагийнхан өөрсдөө ч чадваржих хэрэгтэй гэж боддог?

-Манайд хэцүү, хэцүү юмнууд байна. Нийтийн дуу өрөвдмөөр байна. Сонсмоор сайхан дуу бий л дээ.  Зарим нь яагаад байгаа юм бэ. Заавал дуу дуулах хэрэгтэй байгаа юмуу, чөлөөт цагаараа дуулаад байна уу. Би нийтийн дууг үзэн ядаж байгаа шиг кино урлагийг үзэн яддаг хүмүүс байгаа. Сая ёстой тэнэг тэнэг кино гарлаа ш тээ. Нэрийг нь хэлээд яахав, бөөн асуудал болно. Больчихооч гэмээр юм их байнаа.

-Болихгүй ш тээ. Тэгэхээр яахав?

-Зэрэглэл тогтооё. A B C гэсэн. А нь үнэхээр бүтээл болж, олон нийтэд цацаж болно гээд кино театрууддаа бүтэн заалыг нь өгөх хэрэгтэй. В зэрэглэл нь болохоор тал тал цагаар гаргая, үзэх нь үзэг. С нь болохоор шууд хааж боох нь юу юм, арай өөр нэг зааланд гаргаж болно биз дээ.

-Ярилцсанд баярлалаа.

Хахир хатуу захирал, будилуу эмэгтэй, амьдралын зовлон зүдгүүрт нухлагдсан бүсгүй, сайхан сэтгэлт үйлчлэгч гээд нэгэн хэвд баригддаггүй олон дүрийг чадварлаг бүтээж чаддаг жүжигчний нэг бол Б.Навчаа.

Сүүлийн үед кино, реклам гээд дэлгэцээр гарч байгаа бүхэнд түүний дүр олонтаа харагдах болсон нь нэг талдаа үзэгчдэд улиг болж, нөгөө талдаа түүнийг олны анхааралд ихээхэн өртүүлэх боллоо хэмээн хүмүүс ярих болжээ.

Ямартаа ч, гаднаас нь харсан хэнд ч хээгүй, хэнэггүй харагддаг энэ бүсгүйтэй яг тулаад ярилцахад ямар хүн болохыг уншигч авхай танд дараах ярилцлагаар дамжуулан хүргэж байна.

-Таны сүүлийн үеийн уран бүтээлээс яриагаа эхлэе?

-Бид чинь төрийн албан хаагч юм уу, цалингаас цалингийн хооронд ажлладаггүй болохоор одоогоор амарч байна. Яг хэзээ хүртэл амрахаа сайн мэдэхгүй. Дараагийн уран бүтээл хэзээ яаж орж ирэхээс шалтгаална шүү дээ. Бараг он гартал амарч магадгүй.

-Таны бүтээсэн дүр ихэвчлэн “галзуу” эмэгтэй байдаг. Та амьдрал дээр өөрөө тийм үү? 

Бүтээсэн дүрүүд болон жинхэнэ Навчаа хоёрын хооронд зааг ялгаа байгаа байх. Мэддэг хүмүүс нь мэднэ, мэдэхгүй хүмүүс яг ийм л хүн байх гэж хүлээж авна. Миний хувьд хувийн амьдрал, уран бүтээлийн амьдрал хоёрыг хооронд нь хольж болохгүй гэж боддог Энэ хариултаараа юу гэх гээд байна вэ гэхээр бүтээсэн дүрүүдээсээ би тэс өөр хүн гээд хэлчихэж болно доо.

-Танд ирж байгаа уран бүтээлийн санал, дүр ихэнхдээ тийм байгаад байна уу?

-Тийм. Ерөнхийдөө ирж байгаа дүрүүд маань тийм байдаг. Анх хүмүүст хүрчихсэн дүрээс шалтгаалдаг байх. Найруулагч нарын зүгээс өөр саналууд ч бас өгч байгаа.

-Урлагт таныг хэн уруу татчихав. Ойр тойронд тань урлагийн хүн бий юу?

-Яг ойр дотны хүмүүсээс урлагийн хүн байхгүй. Xарин манай аавын талд зохиолч Ч.Чимэд гэсэн мундаг хүн бий. Зураач хүн байгаа. Надаас хойш урлагт орж ирж байгаа ойр тойрны хүмүүс ч байна. Үүний дотор кино найруулагч А.Миеэгомбо байх жишээтэй.

Дуучин Ц.Хулан бид хоёр хамаатан гэдгийг ердөө өчигдөрхөн мэдлээ. Телевизийн нэвтрүүлэг дээр бид хоёрыг харсан ээжийн маань эгч “Хамаатнууд нэг нэгнээ мэдэхгүй, зэрэгцээд суучихсан байна” гэж хэлж байсан. Ер нь, өнөө цагт хүмүүс ойр тойрныхноо сайн мэдэхээ больчихож.

-Та охин ямар мэргэжилтэй хүн болно гэж боддог вэ?

-Ер нь эмч болоосой гэж боддог Нэг удаа би “Миний охин эмч болчихвол ээж нь урт удаан насалнаа” гэж хэлж байсан. Гэвч санаснаар болох нь уу, үгүй юу. Хараад байхад жүжигчдийн хүүхдүүд жүжигчин болж байгаа нь олон. Яагаад жүжигчин болоод байна гэхээр багаас нь ажилдаа дагуулаад яваад байхаар урлагийг мэдэрчихдэг юм болов уу.

Охин маань намайг дагаад л кинон дээр байж байдаг. Сайндаа дагуулж яваад байгаа юм биш. Харах хүнгүй дээ л тэр шүү дээ. Тэгэхээр багаасаа урлагт элэгтэй болчихож байна гэсэн үг л дээ.

-Кинонд бүтээсэн дүрүүдийг тань харахад энгийн, байгаагаараа байх шиг санагддаг?

-Кино гэдэг бол хамгийн үнэн байх ёстой. Худлаа байж болохгүй. Зохиол дээр юу гэж бичигдсэн дүр байна, тэр дүрийг үзэгчдэд хүргэхийн тулд үнэн л тоглох ёстой. Бас бүгдийг нь ч үнэн тоглоно гэж байхгүй л лээ. Худлаа тоглосон нь ч бий.

-Таныг дахиж ааштай эмэгтэйн дүрд тоглохгүй гэсэн байсан. Энэ үнэн үү?………

-Бүр тоглохгүй байх нь хаашаа юм. Ер нь, багасгая гэсэн бодолтой байна. Өөр өөр дүр лүү орох хэрэгтэй. Тэгэхгүй бол хэвэнд цутгачихсан юм шиг нэгэн хэвийн байгаад байх хэрэггүй.Навчаа гэдэг хүн өөрөө үндсээрээ өөрчлөгдөх хэрэгтэй болж байгаа юм.

Тарган байсан бол турж байж, их туранхай байсан бол таргалж байж ч юм уу бүр их өөрчлөлт хийж байж хүмүүст өөрчлөгдсөн харагдана л даа. Би яг энэ хэвээрээ тоглоод байвал магадгүй нөгөө дүрүүдтэйгээ адилхан санагдана. Нөгөө л орилж чарласан, ааштай араншинтай нэгэн байсан бол эсрэгээрээ уйлсан, эмээсэн, ичсэн Навчаа болж чадах хэрэгтэй.

-Дүрдээ бэлдэх, өөрөөсөө шал өөр хүн болохын тулд цаг хугацаа их шаардагддаг байх?

-Манай кино урлагт яг тийм бололцоо байдаггүй. Бид нар ирээдүйгээ төлөвлөж чаддаггүй. Өнөөдөр би чамтай яриад сууж байна. Маргааш надад мөнгө олдоод кино хийж эхэлсэн байх жишээтэй. Яг тэгнэ ингэнэ гэж зорьсон юм байдаггүй.

Үүнээс болоод жүжигчид маань гаргах гэж байгаа дүрдээ шамдаж, өөрийгөө бүрэн өөрчилж чаддаггүй. Социализмийн үеийн жүжигчид буюу бид нар “Алтан үеийн жүжигчид” гэж хэлдэг тэр жүжигчдийн хувьд бол бүх юм төлөвлөгөөтэй. Бүр гурван жилээрээ төлөвлөгөө нь гарсан байдаг.

Тэр кинонд тийм жүжигчин, тэр зураглаач ажиллана гэсэн төлөвлөгөө байх жишээтэй. Тэгэхээр тэр жүжигчид, кино уран бүтээлийнхэн кинондоо маш сайн бэлдэж чаддаг байсан.

Одоо бидний хувьд хамгийн түрүүнд мөнгө, санхүүгийн асуудал шийдэгдэж байж л дараагийн зүйлийг төлөвлөх боломжтой болдог Тэгэхдээ түргэн хугацаанд бүтсэн бүтээл муу болдог уу гэвэл үгүй. Тэрийг би батлах гэж “Ларьдма” уран сайхны киног хийсэн.

-“Ларьдма” хэдий хэр хугацаанд бүтсэн бэ?

-Киноны зураг авалт “Хоёрдугаар сарын 24”нд эхэлсэн. Тэр хугацаанд бүх юмаа бэлдсэн байсан. Бэлдэнэ гэдэг чинь хамгийн том ажил. Зураг авалт бол сар хорь гаруй хоногийн дараа дууссан. Тэрнээс хойш монтаж, эвлүүлэг явсаар байгаад тавдугаар сарын таванд нээлтээ хийсэн.

-Таныг мэргэжлээрээ ажиллахаас өмнө урлагт өөрийгөө голонгуй байсан гэсэн. Юунаас голж байсан юм бол?

-Гэрт суугаад, үр хүүхдээ хардаг байсан хүн чинь гэнэт урлаг руу орж ирэхээр их сонин байдаг юм билээ. Бусад хамт олноосоо тасархай байдалтай. Арай нэг өөрийгөө голонгуй  Тэр хамт олон тэнд инээж хөхрөөл гоё байхад тусдаа суугаал өөрийгөө тусгаарлаад байх жишээтэй.

Өөрийгөө бусадтай харьцуулаад өөрийнхөө өмссөн зүүсэн, жүжиглэлтийг голдог. Тэрийг л хэлсэн байх. Энэ айдас ямар ч хүнд тохиолдоно. Айдсыг л даван туулах хэрэгтэй л дээ.

-Танай ангийнхнаас их олон хүн ур чадвар, мэргэжлээрээ ард түмэндээ танигдсан. Магадгүй хамтарч уран бүтээл хийх бодол бий юу?

-Манай ангиас нэлээд хэдэн жүжигчид гарсан. Чанартай л байгаагийн шинж. Багш нар хэлдэг байсан юм л даа. “Нэг ангид хоёр л жүжигчин байдаг. Чанартай нэг үгүй бол хоёр. Бусад нь бол соёлтой үзэгч болдог” гэж сургадаг байсан. Тэр бол бас их айхтар үг юм. Хэн ч соёлтой үзэгч байхыг хүсэхгүй шүү дээ.

Тэгэхдээ энэ бол үнэн. Одоо бид нар нэгнийхээ уран бүтээлийг очоод үзчихэж байна шүү дээ. Соёлтой үзэгчийн л шинж. Ангийнхнаараа бахархдаг. Хамтарч уран бүтээл хийхийн хувьд бодож явдаг зүйл бий. Нэг нэгэнтэйгээ ярилцаж, асууж сураглаж үзсэн. Одоо нэг кино хийх санаатай байгаа. Бүгд зөвшөөрч байна.

Ангийн маань залуусын хувьд нэг хүндрэлтэй асуудал байгаа нь бүгд л гол дүрд тоглодог залуус. Миний хувьд нэг туслах дүр дээр ч гэсэн буусан хамаагүй. Тэгэхээр энд тохирсон зохиол хэрэгтэй. Бас л “хөөрхөн” сенсаци болох байх. Магадгүй энэ намраас юм уу, он гаргаад энэ ажилдаа орох төлөв бол байгаа.

-Ихэвчлэн туслах дүр бүтээдэг. Танд гол дүр бүтээх санаа бий юу?

-Ер нь, гол дүр миний хувьд сонин биш. Гол дүрд тоглосноороо хүн жүжигчин болчихдоггүй. Өнөөдөр Навчаа гэдэг хүнийг гаргаж ирсэн дүрүүд бол дандаа туслах дүрүүд. Гол дүр гэвэл ” Ларьдма”, Рашаантын 18 гэсэн кинонууд дээр гол дүр бүтээсэн. Бусад нь бол дандаа туслах дүр.

Тэгтэл туслах дүрүүд хүнд илүү хүрсэн байдаг. Жишээ нь “Франц үнсэлт”, “Гоёлын даашинз” зэрэг кинонуудын дүрүүдийг хүмүүс тэр нээрэн яг болсон гэж хэлдэг Өөрт оногдсон дүрийг л өөрийнхөөрөө амьдруулж чадаж байгаа хүн л жүжигчин болох байх. 

-“Ларьдма” киног дэлгэцэнд гарсны дараа олон жиг жуг хийсэн яриа гарсан. Цуг кино үзээд гарсан хос залуус хоорондоо муудалцсан гэж дуулдсан?

-Энэ тухайн хүний ухамсрын л асуудал байх. Мэдээж надад ч иймэрхүү цуу үг дуулдсан. Тэр найз бүсгүйдээ гар хүрээд байгаа нөхөр магадгүй өөр хvчuрхuйлэгч байгаа шүү дээ. Өөрийгөө л хөндлөнгөөс харахаас ичиж байна. Манайд маш олон ухаалаг залуус бий. Энэ киног хэн үзсэн бэ гэхээр дундаж насны орлоготой залуус.

Тэд надад хөрөнгө оруулалт хийж байна гэсэн үг Соёлтой мянга мянган залуус үзсэн. Амьдрал дээр гарах гэж байгаа, гэр бүлээ зохиосон өөрөөр хэлбэл орлоготой хүн үзсэн. Энд нэг ийм муухай амьдрал байна шүү. Ийм ололттой тал байна гэдгийг харуулж чадсан. Зорилтот бүлэгтээ хүрч чадсан сайн кино болсон.

Уран бүтээлч хүн нийгэм рүү хандсан, нийгэмд цочироо өгсөн уран бүтээл хийхийг хүсдэг. Миний хувьд бол инээдмийн кинонд дараалан дараалан тоглолоо шүү дээ. Энэ бүх зүйлд миний сэтгэл ханаагүй. Харин “Ларьдма” киног хийгээд бах ханасан даа. Одоо бол муу уран бүтээл хийх эрхгүй болсон цаашдаа маш сайн уран бүтээл хийхийн тулд хичээнэ. 

-Төмөр замтай холбоотой дурсамж бий юу?

-Би чинь төмөр замаар их зорчдог хүн шүү дээ. Хамгийн сүүлд Хамарын хийд орохдоо галт тэргээр зорчсон. Тэр олон километр явах газрыг 4000-5000 төгрөгөөр л явдаг шүү дээ. Тэгэхээр яасан ч “шатдаггүй” газар юм гэж бодох үе бий. Хүн онгоцонд суухдаа айдаг шүү дээ. Би маргааш Мөрөн хот руу нисэх гэж байгаа.

Би бол онгоцноос их айдаг Аль болох тэр цонхоор харчихгүй, өөр юм бодох ч гэдэг юм уу. Төмөр замаар явах ямар ч айдасгүй. Аюулгүй унаа. Магадгүй Мөрөн хүртэл төмөр замтай байсан бол би тэр замыг л сонгох байсан. Маш олон дундаж амьдралтай иргэдэд ганц үйлчилж байгаа тээврийн хэрэгсэл.

Манай өвөө машинист  байсан. Төмөр замын байгууллагаас Хөдөлмөрийн баатар болоод тэтгэвэртээ гарсан. Би өөрөө багадаа төмөр замын тосгонд амьдарч байлаа. Бид “Төмөр замын вант улс” гэж ярьдаг шүү дээ. Хөгжилтэй зүйл гэвэл оюутан байхдаа ангиаараа Эрдэнэт рүү тоглолтоор явсан.

Тэгтэл вагон дотор нэг хүн орж ирээд “Наак аваарай, наак аваарай”гээд хашгирав. Бид тэр үедээ юу ч ойлгоогүй. Юу юм бол гээд гайхаад өнгөрч билээ. Сүүлд нь тэр нь найруулсан спирт байсныг мэдсэн. Тэр үед их задгай байсан бол одоо их соёлжсон байна лээ.

-Миний хувьд “Помогите нам ” I анги нь их сайн уран бүтээл болсон санагддаг. Тэр кинон дээр ч төмөр зам гардаг шүү дээ?

-Улаанбаатар Вагон депо дээр зураг авалтыг нь хийсэн. Үнэндээ явдаггүй вагон дотор л явж байгаа юм шиг жүжиглээд л зургийг нь авсан. Тэр кинон дээр УБТЗ-ын хамт олон үнэхээр чин сэтгэлээсээ их тус хүргэсэн. Тэр вагоныг нь салгадаг хэсэгт төмөр замчид маань арай эмзэглэдэггүй байлгүй дээ /инээв/.

Кинон дээр гардаг наймаачид, 1990 он ч гэсэн яг тэр уран бүтээл дээр амьдарсан. Хувцас, хэрэглэл гээд жижиг сажиг зүйл хүртэл. Учир нь, бид наймаачдыг мэддэг. Бид тэдний үлдэгдэл. Би хүүхэд байхдаа ч гэсэн тэднийг харсан. Учир нь, бараг айл болгонд нэг наймаачин байсан шүү дээ.

Бидний нүдэнд яг тэр дүр төрх буугаад үлдчихсэн байдаг Тэр кинон дээр нэг ч худлаа зүйлгүй. Тэр кинон дээр миний бүтээсэн дүрд жүжигчин Ааяа буюу Ш.Алтанцэцэг тоглох байсан юм байна билээ. Тэгээд Ааяа эгч татгалзаад надад тэр дүр ирсэн. Ер нь, тиймэрхүү дүр дээр хоёрхон сонголттой юм шиг байгаа юм. Нэг бол би, нэг бол Ааяа эгч.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Урлаг

Жагаа гээд дуудахаар хоёулаа эргэж хараад байсан болохоор

Published

on

By

Монгол улсын гавъяат жүжигчин Гончигын Жаргалсайхан нь 1958 онд төрсөн. Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат. Аав, ээжийн нь төрсөн газар Чандмань сум болохоор энэ нутгаар овоглох дуртай.

Алтай нутгийнхаа тухай “Зүүдний мөнгөн Алтай”, “Хөглөгөр их Алтай”,”Тэнгэрийн уул”, “Засагт хааны хөх харчуул” зэрэг дуунуудыг хийсэн. Тэр дундаа Чандмань сумын зон олонд зориулж “Чандмань нутаг минь” дуу зохиосон нь уг сумын сүлд дуу болжээ.

Үүнээс гадна “Есөн булагийн дуулал” нэртэй алтай нутгаа дээдэлсэн дууг нь Алтай нутгаас төрөн гарсан уран бүтээлчид амилуулжээ.

Монголын рок, попын эцэг хамтлаг хэмээн нэрлэгддэг “Соёл-Эрдэнэ” хамтлагийн гишүүн асан олноо ”Том Жагаа” гэж хүндлэгдсэн түүнийг мэдэхгүй хүнгүй билээ. Саравчтай малгай, хар шилээр гоёсон “Соёл-Эрдэнэ” хамтлагаар эцгийнхээ нэрний адил овоглодог энэ эрхэм хамтлагийнхаа 45 жилийн ойн босгон дээр “Алдарын Од” медалийг хүртжээ.

Г.Жаргалсайхан нь Нийслэлийн арван жилийн 34-р дунд сургуульд суралцаж байгаад 1973 онд Хөгжим бүжгийн дунд сургуульд шилжин орж тэндээ төгссөн. Дараа нь Минскийн Соёлын Дээд Сургуулийг хөгжмийн эстрадын удирдаачаар төгссөн.

1977 онд Баянмонгол чуулгад хөл тавьж, 1980 онд “Соёл-Эрдэнэ” хамтлагт орсон. Анх Баянмонголоос “Соёл-Эрдэнэ” рүү З.Зундарь оруулж “Чи залуу хүн байж энд оркестр тоглоод хэрэггүй, дуулж хөгжимддөг хамтлагт ороод дуугаа зохиож, хөгжмөө найруулах хэрэгтэй” гэж ятгасан гэдэг.

Монгол Улсын том хамтлаг гэдэг утгаараа “Соёл-Эрдэнэ”, “Баянмонгол” 1970-аад оны эстрад урлагийн алтан үе байсан.“Соёл-Эрдэнэ” хамтлаг зууны манлай хамтлаг болж байсан. 1980 онд Баянмонголоос хоёр Жаргалсайхан “Соёл-Эрдэнэ”-д очсон. “Нэр нэгтийн чих нэг” гэдэг. Хүмүүс “Жагаа” гээд дуудахаар хоёулаа эргэж хардаг бас болоогүй ээ хоёулаа буржгар үстэй.

Ялгаж дуудахын тулд “Долгион” нөгөө Жаргалсайханд “Буржгар” хэмээх нэр хайрласан гэнэ лээ. Биеэр арай том,бас нэг насаар ах байсан болохоор Г.Жаргалсайханг Том Жагаа гэх болжээ.

Тухайн үед түүнийг юу өмсөнө залуус дуурайж дагана. “Буян”-гийн Жагаа урлагт их элэгтэй, бас гарын ур дүйтэй хүн байж. “Соёл-Эрдэнэ” хамтлагт бараг орох гэж байсан хүн гэж ярьдаг. Том Жагаа Баахан жинс барьж очоод найз Жагаагаараа эсгүүлдэг байсан гэдэг.

Г.Жаргалсайхан урлагийн төлөө тууштай зүтгэсэн нэгэн. Суугуул сайхан нутаг, Уулын төмөр ost, Сар шиг холын нутаг зэрэг олон хит дуунуудыг зохиож дуулж олондоо хүргэсэн. Бүтэн 45 жилийн турш хийсэн уран бүтээлийг нь тоолбол тоймгүй их тоо гарах байх. “Соёл-Эрдэнэ”-ээс маш олон хөгжмийн зохиолч дамжиж гарсан гэдэг тэгээд бодохоор тоймгүй их тоо гарах байх.

Тэрбээр “Бидний дуулсан дуу хит болж, олны дунд өнөөг хүртэл амьдарч байна. Хүмүүс олон жил дуулж ирсэн дуунуудыг маань сонсох гэж дурладаг. Тэр дуугаа дуулаач гэж захиална, бүр дагаад дуулдаг гээч.

Би амьдралаа урлагаас өөр зүйлд зориулсангүй, сэтгэлээ ч бас дуу, хуураас урвуулж чадсангүй. Бид олны дунд тунаж үлдсэн дуунуудаа он жилүүдийн хатуу шалгуурыг сөхрөлгүй давсан гэж боддог шүү” хэмээн ярьжээ.

МУГЖ Г.Жаргалсайханд эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэж цаашдынх ажил амьдралд өндрөөс өндөр амжилтыг ерөөе.

Continue Reading

Урлаг

Жүжигчин Батцэцэг: Тэр үед тэсэлгүй нулимс унагаж суусан

Published

on

By

Цаг хугацааны чанадын чанадаас хөтлөлцөн амьдрал туулж яваа эгэлхэн сайхан найз минь ээ. Gankhulug Enebish Би чамдаа бодогддог бүхнээ бичиж амжаагүй яваа юм байнаа. Өнгөрсөн тавин жилийн турш сайхан найзынхаа халамж сэтгэлд дор би үнэхээр хөлбөрч ирсэн хүн юм байна. Энийг яриад тоочоод барамгүй л дээ…

Би нэг удаа Ташкентын наадамд оролцох болоход чи америкаас нээх гоё сандааль аваад намайг тэр кино наадамдаа өмс гээд явуулж билээ. Киноны 80 жилийн банкетан дээр чиний явуулсан бэлэг хүргэгдэж ирэхэд би тэсгэлгүй нулимс унагаж суусан.

Кино бол миний амьдрал, хувь заяа гэдгийг чи тэгж зүрх сэтгэлээрээ мэдэрдэг хүн. Бас нэг удаа хүүхэд өвдөөд эмч оношилж чадахгүй байхад чи ирээд дор нь оношлоод тас тас инээгээд сэтгэл цэлмээж байж билээ. Чи зөв оношилж дор нь эдгээсэн. Би тэр үед “өөрөө ч өвдсөн болоосой” гэж шогширч суусан.

Миний насан туршийн дуудлагын эмч минь чи л байж… өдөр шөнийг эс ялган гүйж ирнэ, сэтгэл засна, маргаашийн өөдрөг бүхний үрийг сэтгэлд соёолуулна. Амьдралын үнэний тусгал болсон сайхан найздаа ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ.

Сэтгэл шигээ сайн явна гэдэг үгний биелэл чи минь билээ” гэлээ.

Нацагдоржийн Батцэцэг 1957 онд Улаанбаатар хотод төрөөд 6 дугаар дунд сургууль 1974 онд төгсөсний дараа МУИС-ийн Орос хэлний орчуулагч мэргэжлээр 1979 онд төгссөн байна.

Эцэг Ц.Нацагдорж нь 1930 онд Төв аймгийн Өндөрширээт суманд төрсөн. Эдийн засгийн дээд сургууль, ЗХУ-ын Коммунист намын дээд сургууль төгссөн өндөр боловсролтой сэ­хээ­тэн.

Тэрээр Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн төв хороонд заа­варлагч, нарийн бичгийн дарга, Дарханы Нэхий эдлэлийн үйлдвэрийн дарга, Архангай аймгийн Цэцэрлэг хотын дарга, Увс аймгийн Сагил сумын нэгдлийн дарга зэрэг ажлуудыг хийж явжээ. хойд эцэг Ц.Хасбаатар нь хэл бичгийн ухааны доктор, СГЗ орчуулагч хүн.

Эх Б.Цэрэнлхам нь 1933 онд Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн. Эдийн засгийн дээд сургууль, ЗХУ-ын Комсомолын дээд сургуулийг дүүргэсэн чадварлаг удирдагч. Улсын их дэлгүүрийн эвлэлийн хорооны дарга, худалдааны дарга зэрэг ажлуудыг хийсээр гавьяаны амралтандаа гарсан байна.

Эх нь залуудаа Драмын театрын жүжигчин байсан гэдэг. Зургаан жил ажиллахдаа “Кремлийн цаг”, “Эмч нар”, “Тожоо жолооч”, “Санасан ёсоор болтугай” зэрэг жүжгийн гол дүрийг бүтээжээ.

1979 оноос Монгол Кино үйлдвэрт дагалдан жүжигчнээр орж 1982 онд мэрэгжлийн жүжигчин болсон байна.

1991 он хүртэл Цирк болон Кино үйлдвэрт ажиллаж байгаад “Өргөө” циркийн бүрэлдэхүүнд багтан Герман, Польш улсад таван жил ажиллаад 1996 онд нутагтаа буцаж ирсэн юм

Нөхөр О.Машбатын хамт “Монголжин” кино студи байгуулсан.

2000 оноос “Монголжин” хувийн театр байгуулж захирлаар нь ажилласан.

О.Машбатын гэр бүл арваад жил АНУ-д амьдарсан. Тэд уран бүтээлээ хийхийн зэрэгцээ Америк дахь монголчууддаа зориулан “Үгүйлэн санана”, “Америк дахь монголчууд” нэртэй телевизийн цуврал нэвтрүүлэг хийж байжээ.

2004 онд Монгол Улсын Гавъяат жүжигчин болсон.

Continue Reading

Урлаг

“Амбий Солонготойгоо улаанбаатарын олон хороолол олон байраар дамжсан”

Published

on

By

“Амбий” гэдэг нэрийн тухайд, бага байхад хүмүүс өхөөрдөөд “Памбий” гэж дууддаг байсан бөгөөд энэ нь явсаар “Амбий” гэх хоч болсон гэдэг. Түүний хувьд угаас хөдөлгөөнтэй нэгэн байж. Бага залуудаа автомашины наймаа хүртэл эрхэлдэг байсан гэж найзууд нь дурсдаг. Автомашины бизнес эрхлэх хугацаандаа “хамгийн түрүүнд мөнгөтэй болвол байр л авах юмсан” гэж мөрөөдөж байсан тухайгаа өөрөө ярьсан байдаг.

Өнөөдөр театрын өдөр бас ахын минь мэндэлсэн өдөр, Ум сайн амгалан болтугай

Амь + Бий

Амбий… Амбий… Амь, амин, амины гэсэн утгатай үг юм л даа. Амины хайртай шавь минь! Ард олныхоо амин хайртай жүжигчин минь! Бүтэн бие чинь алдарсан ч бүтээсэн дүрүүд нь түмнийхээ сэтгэлд мөнхөрч үлдлээ дээ. Амбийтай уулзсан хүний дотор сэтгэл гэрэлтэж, Амбийгийн алиа хошин яриаг сонссон хүн баяр жаргалаар бялхдаг юм.

Өөрөө гэрэлтэж явахын хэрээр гэрэлтүүлэгч нэгэн байлаа. Гэрэлтүүлэгч гэснээс Амбийгийн аав “хар” Цэвэгсүрэн гуай Дорнодын театрын тайзыг насаараа гэрэлтүүлсэн гэрэлтүүлэгч ажилтай хүн байлаа.

Хөлд орохоосоо л аавынхаа хормойноос зүүгдэж, аавтайгаа хамжиж театрын тайзыг гэрэлтүүлж, нүд, сэтгэл нь гэрлийн цацрагтай цуг жүжигчид дээр тусаж байхаас Амбий өөрөө тайзан дээр бууж, өөрөө гэрэлтэж, өргөн түмнээ гэрэлтүүлэхийн хүслэнд автсан байдаг юм.

Аав нь Амбийг аравдугаар ангиа төгсүүт амьдрал үзэг хэмээн ардын цэргийн албанд үджээ. Цэргийн чилийсэн гурван жилийн албыг хаагаад “хүн болоод ирсэн” Амбийд гурван жил зүүдэлсэн Дорнодын театрын тайз нь хүн ёсоор хүлээн авч, бас гурван жил дагалдан жүжигчин болгож эрхлүүлжээ. Амбий бол Дорнодын театрт эрхлэх эрхтэй хүн юм.

Дорнодын театрынхан 1990 онд Улаанбаатарт тайлан тоглолт хийхэд Д.Норовын “Үнэ цэнэ” жүжигт хүрэм зардаг наймаачин залуугийн жижиг дүрд гарч, тайзан дээр байгаа ч үзэгчдийн танхим руу үсэрчих гээд байгаа мэт тэмүүлэлтэй, халуун сэтгэлтэй, гал цогтой, хэлтгий харвал халмаг хөөрүү гэмээр тийм нэгэн тогтож ядан байсан сан.

Анх удаа би Амбийг тэгж харсан юм. Тэгвэл дүр гэхээсээ илүүтэй Амбий хэмээх дүр өөрөө л уяан дээрээ дүүхэлзсэн эмнэг үрээ мэт цолгин цовхорч байсан юм билээ. Амбийтай учирч багш шавь болсон азтай хүн дээ би. Намайг багш болох замыг зааж, засаж өгсөн шавь нарын нэг нь Амбий юм. СУИС хэмээх эрдмийн өргөө “гэрэлтэгч” Амбийг улам гэрэлтүүлж өгсөн юм даа.

Жүжигчний ур чадварын 106 дугаар танхим. Анхны хичээлүүд. Амбий хамраа шудраад л тайз руу гарна. Өөрөө түрүүлж гарна. Өрөөлийг дагуулна. Уриална. Энэ бол Амбийгийн төрөлх чанар.

Цэрэг, эх орон, адал явдал баатарлагийн сэдэв Амбийгийн тоглох дуртай сэдэв байлаа. Би тэр үед шавь нартайгаа адилхан залуу байж. Ангидаа биднийг тойроод сууж байхад орж ирсэн хүн “Багш нь та юу?” гэж Амбий руу заадаг байсан.

Амбий авьяас нь хатгана, архаг нь хэтэрнэ. Заримдаа сахилгагүйтнэ. Тэр нь дэндүү гэнэн цагаан. Тийм мөртлөө хоморгод их автана. Дотуур байрны цонх хагарах Амбийтай хамаатай, СУИС-ийн байрны чердак руу орж тагтаа олноор хиарсныг Амбий хийсэн, сангийн аж ахуйд нутгийн индиануудыг өдөж асуудал гаргасан хүн Амбий болоод явчихна. Уг нь Амбий дунд нь л яваа юм. Тэгтэл яаж ийгээд толгойлогч, уруу татагч болж хувирна.

Амбий СУИС-д дөрвөн жил сурахдаа гурван удаа хөөгдөж, гурван удаа үлдсэн юм. Тэр нь дандаа хоморгын асуудал. Үнэнхүүтэй цуг даварсан гэх, бас дарвисан гэх. Дуучин Үнэнхүү СУИС-ийн бэлгэ тэмдэг байлаа тэр үед.

Үнэнхүүтэй би барьцаж байж Амбийг үлдээж авсан юм. Хайдав багш “Үнэнхүүг сургуулиас хөөвөл намайг хөөчих” гээд дүүлээд ороод ирнэ. Тэгэхээр нь сөргүүлээд Амбийг тавьчихна. Үнэнхүүг хөөж чадахгүй болохоор Амбий үлдэнэ дээ.

Амбий дотуур байранд амьдрах. Яагаад ч юм Амбийгийн амьдардаг өрөөний цонхны шил бүтэн байна гэж үгүй. Хүний хагалсан зэмийг Амбий өөр дээрээ авна.

Дотуур байрын эрхлэгч аргаа барахдаа Амбийг байрын зөвлөлийн даргаар тавьчихсан чинь тун мэргэн шийдвэр болж, Амбийд хэнхэг өвчин тусч тасаг болгоныг хяналтдаа авч, оюутнуудтай тулж ажиллаж, түүнээс хойш хагархай цонхтой тасаг байхгүй болсон юм даг.

Шөнө жижүүрлэж хэнхэглэснээс өглөө унтчихна. Хичээл, сургуулилтаас хоцорно. Хичээл хоцорлоо гэж Амбийг төмөр сандал далайгаад элдэж явсан юм даа. Одоо байхгүй болчихсон хойно нь яах гэж тэгж байв даа гэж сэтгэл өмрөн өрөвдөх юм.

Амбий сэтгэлдээ юм хадгална гэж байхгүй. “Хар” Цэвэгсүрэнгийн “ хар Амбий, гэвч сэтгэлдээ толбын төдий тортоггүй сүү шиг цагаан сэтгэлтэн байлаа. Хүнтэй үг зөрж нударга зөрүүлэх Амбийгийн хувьд энүүхэнд байлаа. Тэрнийхээ дараа цайрч цагаалах нь амархан, тэр хүнтэйгээ өмнөхөөсөө илүү дотносож, хайрладаг байлaа.

Цаанaа юм хадгална гэж байхгүй. Байдаг хийдгээ хэлээд тавьчихна. Тэгж байж санаа амарна. Үүлээ хөөгөөд цэлмэсэн тэнгэр шиг болчихоод, туранхай цээжээ дүүртэл цээлхэн амьсгаа татчихаад, хамраа нэг шударчихаад гарч өгнө.

Бид нар хоёрдугаар курстээ бүрэн хэмжээний том жүжиг Хүүхэд, Залуучуудын Театрын тайзнаа тоглочихож билээ. Оросын зохиолч Л.Разумовскаягийн жүжгийн зохиолыг Монголын орчин ахуй, цаг үе рүү татаж хөрвүүлсэн “Хайрт Долгор багшаа” жүжигт Амбий маань Сүмбээ гэж ар гэрийн амьдрал суурь хүмүүжил сурлага муутай ч хүн чанартай дүрд ажилласан юм.

Төгсөх курстээ бүрэн жүжиг ажилладаг уламжлалыг эвдэж, доод курсийн оюутнуудын жүжиг Хүүхэд, Залуучуудын Театрын тайзнаа хэчнээн удаа дүүрэн үзэгчтэй тоглосон билээ. Энэ жүжигт мөнөөх Амбий оройлон манлайлагчаараа л байлаа. Үндэсний телевизийн алтан фондод хоёр ангит энэ жүжиг маань бий.

Оюутнууд багшийнхаа эзгүйд бие дааж ажиллах, ирэхэд нь бэлэгтэй угтах чин эрмэлзэл дүүрэн үе тэдэнд байлаа. Намайг “Мичдийн зургаан гялаан” киноны натурт яваад ирэхэд Амбий Бооёо хоёр “ЛН” улсын уралдаанаас А Чеховын өгүүллэгээр шилдэг бүтээлийн, Амбий “Дээрэмчид’’ жүжгийн Франц Моорын дүрээр шилдэг дүрийн шагнал авчихсан хүлээж байж билээ.

Амбий санаачлагч, манлайлагч, ачааны хүндийг үүрэгч нь бүх цаг үед байсан. Хорчгор туранхай биедээ ахадсан их ачаа, дэндүү холыг харсан зорилгыг тээж явж дээ, шавь минь.

Сайн хүнийг сайн хүмүүс хүрээлж, тэд нар нь хоорондоо халуун бат найз нөхөд бололцдогийн үлгэрлэл Амбийгийн амьдрал юм. Амбийгийн ажилласан газар, амьдарсан орчныхон Амбийг тойроод нөхөрлөчихдөг юм.

Амбий Солонготойгоо Улаанбаатарт олон хороолол, олон байр дамжсан ч тэдний амьдарсан байрны орцынхон бие биеэ таньдаг, ойр дотнын ах дүүс мэт болчихсон байдаг нь Амбийгийн хүнийг татах хүч, найрамдагч шинж чанар юм.

Амбий ойрын жилүүдэд бие чилээрхүү байлаа. Тэр үед байр орцынхон нь ээлжээр жижүүрлэж, хоолыг нь хийж, эмнэлэгт хүргэж, эргэж тойрч, өөрийн гэр бүлийн гишүүн мэт хандаж ирсэн юм.

Амбий дэндүү олонтой эр хүн байлаа. Амбий өргөн дэлгэр бодолтой, өндөр тэмүүлэл зорилготой, Дорнодын уудам тал шигээ тэнүүн сэтгэлтэй хүн байлаа. Нутаг орондоо амьсаг сэтгэлтэй, Дорнодынхноо их дэмжинэ. Сэтгэл гутруу үедээ Дорнод руугаа гарч давхиад дотроо онгойлгочхоод хүрээд ирнэ.

“Найрын ширээний ууц” жүжигт урьд нь тоглож байснаараа мюзикл жүжиг хийх гэж Дорнодын театрын уламжлалыг сэргээх гэж маш их хүч, хөрөнгө зарсан. Хоёр давхар тайз засаж, гэрэлтүүлгийн тоног төхөөрөмжийг орчин үеийн шилдэг зэрэглэлд хүргэж, өчнөөн олон чадалтай жүжигчдийн баг бүрдүүлж ажилласан.

Гэвч Амбийгийн зүтгэл ард түмнийхээ төлөө л байлаа. Алдарших гэж үүнийг хийгээгүй. Алдаршихын төлөө улайрч явдаггүй нь Амбийгийн ясны араншин юм.

“Орчин үе” театр, Улсын Драмын Эрдмийн Театрт хэдэн жил ажиллав. Харин Амбий урсгалаар явахыг хүсээгүй. Тэжээлгэж, хүний гар харж амьдаръя гэж бодоогүй юм. Зориг зүрх шулуудаж Бооёо, Хүрлээ хоёртойгоо нийлж “Шинэ үе” продакшныг үүсгэн байгуулж, хэдэн жил ёстой л галлаж өгсөн дөө.

Хүнд тус хүргэвэл өөрийнх нь хэрэг бүтэх мэт санаж явдаг юм.

Амбий дүү нараа “өөд нь татах” дуртай. Хүнд тус хүргэвэл өөрийнх нь хэрэг бүтэх мэт санаж явдаг юм. “Шинэ үе” продакшнд олон дүү нар араасаа дагуулсан нь өнөөдөр эрийн цээнд хүрчээ. “Захиалгат инээд” хамтлаг байгуулан бас л дүү нараа өөд нь татаж, хүний зэрэгт хүргэсэн. Амбийгийн буян барагдахгүй юм.

Буянтай хүн, баян хүн. Баян хэмээх утга нь эд хөрөнгөдөө биш, үр хүүхэд, үнэнч нөхөд, үйлс бүтээлээрээ баянд байгаа юм. Би Амбийдаа “Наран ургахыг хүлээхгүй” киноны дүр хатиг Давааг зориулж бичсэн юм.

Увс аймагт 1996 оны зун, намар зургийг авсан билээ. Хошуу ноёны хүү Даваа ядуу айлын сэвгэрт дурлаад “хатиг шиг наалдаад” салж өгөхгүй байгаа юм л даа. Амбий маань дүрийнхээ хатиг шинжийг үнэхээр хатгаж гаргасан. Амбий энэ киноноос хойш эрчлэн хуйларсан их мөрний урсгал боомтоо зад татах мэт дэлгэцийн урлагт хүч түрэн орж ирсэн юм.

Сүүлийн хэдхэн жилд, зөвхөн кинонд л гэхэд “Помогите нам” 1,2, “Би чамд хайртай-2” “Тэнгэрийн ивээл”, “Шарталт”, “Тютю”, “Танхай тээгч, “Содура” гэх мэт үзэгчдийг байлдан дагуулсан, мэргэжлийн өндөр түвшинд бүтээгдсэн кинонуудад гялалзтал тоглож, Амбийгүй бол кино урлаг байхгүй юм шиг дэлгэцийг эзэгнэсэн билээ.

Амбийгийн нэг киног үзээд Амбийг хайрлах үзэгчийн сэтгэл улам өсдөг юм. Энэ нь Амбий урьдах дүрээ давтаагүй, өөр өөрийн өвөрмөц дүрүүдийг бүтээсний илрэл юм. Амбийг тайз, дэлгэцнээ гараад ирэхлээр үзэгчдийн сэтгэл дүүрэн ханаж, ямар нэгэн хүч цэнэг өөртөө авч, амьдрах итгэл тэмүүлэл зориг төрдөг билээ.

Амбий аливаад өнгөц ханддаггүй, тэрүүндээ зүрх сэтгэл, бие эрхтнээрээ уусан ордог. Ямар нэгэн дүрд ажиллахдаа тэр зарчмаа ягштал баримтална. Ийм чанар өнөөдөр ховорджээ. Энэ чанар нь Амбийг богинохон наслуулсан ч юм билүү. Үүнийг ганцхан бурхан л мэдэх байх.

Тайзыг дүүргэдэг, дэлгэцийг эзэгнэдэг жүжигчин дэндүү ховор. Ийм ховорхон жүжигчний нэг нь Амбий даа. Амбий хөшигний ард хамраа хальт шударснаа тайзнаа гараад ирэхэд хорчгор цээж нь ханхайгаад, онигор пүд нь гал цогоор гэрэлтээд, жүжиглэхүйн амьд хийгээд үнэн харьцаа гэдгийг жинхэнэ бодитоор харуулж өгнө дөө.

Үзэгчид Амбийг тайзнаа гарч ирэхийг тэсэн ядан хүлээдэг шигээ, тайзан дээр оволзож, дүрэлзэж, гялалзаж, шагайж байгаад эргээд ороход нь аанай л тайзнаа байгаа мэтээр харж үлддэг шидтэй билээ.

Амбий хошин урлагийн армийн нэгэн командлагч жанжин нь байсан юм. Тайз, дэлгэцийн урлагийг чимэн гэрэлтүүлэгч жинхэнэ од байсан юм.

Найдангийн Ганхуяг / Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, доктор, профессор

Continue Reading

Онцлох мэдээ

DMCA.com Protection Status