Урлаг
Ганхүү, Онон, Оюунгэрэл нар хамаатан гэнэ

“Боловсрол суваг” телевизийн “Яг түүн шиг” цэнгээнт нэвтрүүлгийн шүүгч, НИТХ-ын төлөөлөгч, “Шар айраг” хамтлагийн дуучин, уулын спортын мастер Г.Ганхүүтэй уулзаж хөөрөлдлөө.
-“Яг түүн шиг” цэнгээнт нэвтрүүлэг олны талархлыг багагүй хүлээж байх шиг байна. Байнгын хоёр шүүгчийн нэгээр та ажиллаж байгаа. Энэ шоуныхаа талаар яриач?
-“Боловсрол суваг” телевизээс надад энэ шоуны шүүгчээр ажиллаач гэсэн санал ирсэн. Би зурагтаар “Nostalgie” нэвтрүүлгийг зургаан жил хөтөлсөн. Бас бус хөгжмийн нэвтрүүлгүүд ч хийж байсан болохоор намайг урьсан байх. Анхандаа ийм сүртэй шоу болно гэж төсөөлөө ч үгүй.
Өнгөрөгч ням гаригт зургаа дахь дугаараа цацлаа. “Максима” судалгааны байгууллагын судалгаагаар энэ нэвтрүүлэг далан хувьтай байна. Энэ юу гэсэн үг вэ гэвэл “Яг түүн шиг” шоуг Монголын хүн амын гурван хүний хоёр нь бүтэн сайн өдрийн орой үздэг болсон байна. Саяхан би орон нутгаар яваад ирлээ.
Тэгэхэд уулзсан хүн бүхэн “Халтар царайт” кино гарч байсан үе шиг болсон. “Халтар царайт”-ыг гарахад гудамжинд нэг ч хүн байдаггүй байсан шиг танай нэвтрүүлгийг үзэж байна. Ялангуяа сум, аймгийн төвд ням гаригийн орой гадуур ямар ч хүн байхаа больсон. Энэ их улстөржилтийн хажуугаар танай шоуг үзэж л таашаал авч байна.
Маш их баярлалаа гэцгээж байсан. Шүүлтийн хувьд төслийн удирдлагууд надтай уулзаж “Сайн шүүж байна” гэсэнд баяртай байгаа. Үүнд нь би урамтай шүүгээд явж байна.
-Энэ шоуг албан ёсны эрхтэйгээр гаргаж байгаа гэсэн. Манай улс эрхийг нь авсан хэд дэх улс билээ?
-Дэлхийн урлагийн гайхамшигт одуудыг нэгэн тайзнаа нэгтгэдэг “Яг түүн шиг” шоу төсөл олон улсад амжилттай хэрэгжиж байгаа. Нидерланд улсын “Эндемол Шайн” группийн санаачлан зохион байгуулж эхэлсэн тус шоуг дэлхийн 39 орон албан ёсны эрхтэйгээр өөрийн улсдаа зохион байгуулдаг юм билээ.
Манай улс 40 дэх улс нь болсон. Олон улсын продюссерууд нь ирж уулзаж, бидэнд зөвлөгөө өгсөн. Эхний хэдэн дугаарыг үзээд тэд сэтгэгдэл өндөр буйгаа илэрхийлсэн.
-Оролцогчдын хувьд Монголдоо төдийгүй олон улсад ч танигдсан одод байгаа. Тухайлбал, ОХУ-ын Буриадын ардын жүжигчин Б.Амархүү байна. Өөр улс орнуудын хувьд “Яг түүн шиг” шоунд урлагийн одод оролцдог юм уу, эсвэл дурын сонирхогч ч оролцдог юм болов уу?
-Янз бүр л байдаг юм билээ. Улс болгонд өөр байдаг. Манайхан ерөнхийдөө Оросын телевизийн шоуг хардаг. Анхны дугаараасаа л олны танил биш залуусыг цуглуулж оруулдаг. Индонези, Тайландад тухайн улсын одууд оролцох жишээтэй. Латин Америк, Европын хэд хэдэн улсад энэ шоу явагдсан.
Манай улсын хувьд олон улсын шоуг албан ёсны эрхтэйгээр авч байгаагийн хувьд эхний шоу амжилттай байх ёстой учир олны танил, чанар чансаатай хүмүүсийг оролцуулах бодлого баримталсан. Энэ нэвтрүүлэг брэнд болоод явна.
Тэнд харин залуучууд маань олны танил байх албагүй, авьяастай залуус оролцох үүд хаалга нээлттэй байх болно. Гараа сайн бол бариа сайн гэдэг. Тиймээс эхний дугаарууддаа чадварлаг дуучид, чадварлаг загвар өмсөгч залуусыг оролцуулсан нь оносон болов уу.
-Оролцогч наймаас та онцолчихоор хамгийн авьяаслаг нь хэнийг гэж бодож байна?
-Би шүүгч хийж байгаа хүний хувьд шоу дуусаагүй учраас үүнийг яг таг хэлж болохгүй. Ёс зүйн хувьд ч зохимжгүй. Бүгд л авьяаслаг залуус. Тэр дундаа мэргэжлийн дуучин биш Энхболд, Сарнай, Мөнхсоёл гэсэн гурван хүн байгаа. Эдний тухайд би маш их баяртай байгаа.
Энэ шоунд заавал дуучин хүн оролцох албагүй, үнэхээрийн авьяастай, өөрийгөө сорих хүсэл сонирхолтой залуус оролцож болох юм аа гэсэн үүд хаалгыг нээж өгч байгаагаараа чухал. Ер нь бүх оролцогч маш шаргуу ажиллаж байгаа.
Долоо хоног бол шинэ дуу сураад өөрийн болгоод, яг түүн шиг дуулаад хөдөлгөөн, дотоод сэтгэлийг нь гаргана гэдэг тийм амар зүйл биш. Тийм учраас энэ найм үнэхээр мундаг залуус. Миний хувьд наймуулаа л ялагч. Оноо бол тийм ч сонин биш. Энэ шоу долдугаар сарын 10-нд наадмын өмнө өндөрлөнө.
-Нэвтрүүлгийн хөтлөгч жүжигчин Цолмонбаяр өөрийг чинь “Танин мэдэхүйн хичээл орчих юм аа” гээд бахархсан янзтай байсан. Үнэндээ ч үзэгчид таны өргөн мэдлэгтэйг бахархаж байгаа нь нууц биш санагдсан шүү?
-Дууны санд байгаа дуучдын олонхыг би мэдэх юм. “Nostalgie” нэвтрүүлэг маань таван жил гаруй хугацаанд явж байна. Энэ нэвтрүүлгээр би дэлхийн од олон дуучдын талаарх мэдээ, мэдээллийг үзэгчид, сонсогчдодоо өгч байсан. Тиймээс надад их хэцүү байгаагүй. Хамгийн хэцүү нь юу вэ гэвэл энэ сайхан авьяастай залууст оноо өгөх л тун ч бэрх ажил юм байна.
Нэг зүйл тодотгоод хэлэхэд “Universe best songs” ч юм уу, “Авьяаслаг монголчууд” шоу нэвтрүүлэгт шүүгчийн хувьд хэн ч танихгүй хүмүүс оролцож байгаа. Тэднийг шүүгээд, шүүмжлээд, хасаад явахад амархан. Энэ найман залуус бол наймуулаа миний маш сайн таньдаг дүү нар.
Эд нартаа нэгэнд нь дөрвөн оноо, нөгөөд нь 12 оноо өгнө гэдэг үнэхээр хэцүү ажил. Дээрээс нь цахим ертөнц хөгжчихсөн, нэвтрүүлэг ард түмний нүдэн дээр шууд явж байгаа гэдэг утгаараа маш хариуцлагатай ажил. Дэмждэг хүмүүс ард нь байгаа. Тиймээс бусад шоуг бодвол “Яг түүн шиг” шоуг шүүнэ гэдэг хэцүү хариуцлагатай ажил болж байна даа.
-Нэгэнт цацагдчихсан зургаан нэвтрүүлгийн зочин шүүгчдийн талаар та ямар бодолтой байна?
-Энэ шоу угаасаа зочин шүүгчтэй байх ёстой юм билээ. Цаад стандарт нь тийм байдаг гэсэн. Шоу гэдэг утгаараа энэ нь ч зөв байх. Зочин шүүгчийг сонгон шалгаруулах тал дээр “Боловсрол суваг”-ийнхан өөрсдөө ажиллаж байгаа.
Миний санал болгосон Чех улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, зураач С.Саранцацралт нарыг нэвтрүүлгийнхэн маш уриалгахан хүлээж авч шоуны зочин шүүгчээр суулгасан. Зочин шүүгчид энэ шоунд нэг өнгө нэмж байгаа.
-Зургаа дахь шоуны зочин шүүгч Азийн топ модель Г.Оюунгэрэл, шүүгч жүжигчин Н.Онон, та гурав үеэл улсууд гэв үү?
-Хүссэн, хүсээгүй ийм тохиол болчихлоо. Ганхуягийн Оюунгэрэл бид хоёр үеэлүүд. Ах дүүсийн хүүхдүүд. Онон бид хоёр бас хамаатан.
-Ямар хамаатан билээ?
-Их л ойрын хамаатан улс. Нэвтрүүлэгт гурван хамаатан шүүгчийг албаар авчраад суулгачихсан юм биш. Телевизээс, цаанаасаа л сонгосон шүүгч нь Оюунгэрэл байсан. Гэнэт анзаарсан чинь л хамаатан улс гурван шүүгч нь болчихсон тохиолдол гарч байна л даа.
-Та энэ шоунд л зориулж дэлхийн од дуучдын талаар мэдээлэл хуримтлуулж байна уу. Эсвэл таны мэдлэгийн хүрээ тийм өргөн юм уу?
-Миний нэг онцлог нь нэвтрүүлгээ хийхдээ хэзээ ч айхтар юм бэлддэггүй. Олон жил алтан тайзан дээр урлагт зүтгэж яваа хүний хувьд тухайн үеийн нөхцөл, үзэгчдийн эмоциос шалтгаалж өөрийн сэтгэгдлээ л хэлж байгаа юм.
Дуучдын талаар бол нэвтрүүлэг бэлдэж байх явцад онц сонирхолтой зүйлс нь сэтгэлд үлдчихсэн байдаг. Тэрийгээ л гаргаж бусадтай хуваалцаж байгаа хэрэг. Би ер нь их олон арга хэмжээ хөтлөх урилга авдаг хүн. Тэр нь үзэгчдээ их мэдэрдэг, мэдээлэл их авдагтай минь холбоотой болов уу.
Миний нэг бодож явдаг зүйл бол залуусынхаа тархинд нэг юм үлдээе гэсэн бодол. “Үүргэвчтэй аялал” нэвтрүүлэг маань ч ийм л бодлоос төрдөг байсан. Сүүлийн үед ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, оюутнуудад лекц унших урилга ирдэг. Бусадтай өөрийн үзсэн харснаа хуваалцах сайхан санагддаг.
-“Үүргэвчтэй аялал” нэвтрүүлэг чинь гарч байгаа юу?
-Сэтгүүлч З.Алтай ах маань УИХ-ын гишүүн болоод гадаадад Элчин сайдаар томилогдоод явснаас хойш аялал маань өндөрлөсөн. “Үүргэвчтэй аялал” нэвтрүүлэг маань 25 дугаар суваг телевизийн өмч.
Алтай ахыгаа эзгүйд үүргэвчтэй аялал хийгээд нэвтрүүлэг бэлдээд явна гэдэг эрхзүй талаасаа эрх нь хаагдмал. Гэхдээ би үргэлжлүүлээд “Ганхүү далайн гүнд”, “Ганхүү-Метронд”, “Ганхүү Антарктидад”, “Ганхүү Африкт” гэсэн хэд хэдэн нэвтрүүлэг хийсэн.
-Өөрөө аялахаас гадна уулын спортын мастер хүн дээ?
-Дэлхийн зургаан тивийн долоон өндөр уул байдаг. Тэрний гурван оргилд Монгол Улсынхаа төрийн далбааг анх удаа мандуулсан уулчин болсон. Уулчин ч юу байхав дээ, хообийндоо хөтлөгдөж явсаар энэ уулсын оргилд гарсан.
Сүүлийн хоёр уулан дээр уулын спортын олон улсын хэмжээний мастер Өсөхбаяр нарын мэргэжлийн уулчдаас зөвлөгөө авч гарсан л даа. Антарктид, Австрали, Африк тивийн гурван өндөр ууланд гарсан. Үүнийг маань төр засаг өндрөөр үнэлж спортын мастер гэдэг эрхэм хүндтэй цол олгосон.
-Уулын авиралт бол яах аргагүй эр зоригийн спорт. Та анхлан сонирхогчийн хэмжээнд байсан хүн одоо бол мэргэжлийн уулчин болжээ дээ?
-Үнэхээр гайхамшигтай спорт. Ууланд авирч байхдаа “Би чинь ямар тэнэг хүн бэ” гэж бодох үе зөндөө гарч байлаа. Авираад буух үедээ “Дараагийн гарах оргил минь юу билээ” гэж өөрийн эрхгүй бодогддог юм билээ.
Уулын спорт гэдэг өөрөө өөртэйгөө өрсөлдөх чадвар юм даа. Ер нь хүн ямар ч зүйлд “Өрөөл бусадтай өрсөлдөөд байна” гэж бодоод байдаг боловч хамгийн чухал нь өөрөө өөртэйгөө өрсөлдөх л байгаа юм.
-Ууланд авирч явахдаа эрсдэлтэй зүйлтэй тохиолдож байв уу?
-Өө, тохиолдолгүй яахав. Хөлдөөд үхчихсэн хүний хажуугаар өнгөрөөд л дээш явна шүү дээ. Антарктидад тийм тохиолдол таарч л байсан.
-Хөлдсөн хүнтэй таарлаа гэхэд тоолгүй орхиод явах уу?
-Өөрийнхөө урд талын оргилд л гарахын тулд хаяад явахаас өөр арга байхгүй. Оргил дээр гарах нь л хамгийн чухал асуудал шүү дээ.
-Далайн ёроол цэвэрлэнэ гэдэг шиг уулын оргилд эндэгсдийн шарилыг буулгаж цэвэрлэдэг хүмүүс байдаг л байх даа?
-Тусдаа цэвэрлэдэг мэргэжлийнхэн байдаг.
-Та НИТХ-ын төлөөлөгч хүн. Энэ сонгуульд яагаад нэрээ дэвшүүлсэнгүй вэ?
-Би ИЗНН-д харьяалалтай хүн. Манай нам энэ сонгуульд АН-ыг дэмжиж сонгуульд оролцох болсон учраас нэрээ дэвшүүлээгүй. Би Чех улсын Либерец хотын Техникийн их сургуулийг инженер-дизайнер мэргэжлээр зургаан жил сурч 1990 онд төгссөн.
Тэнд сурч байхдаа л ардчиллыг анхнаас нь дэмжиж, С.Зориг ахынхаа үүрэг болгосны дагуу “Ардчилал” сониныг гадаадад сурдаг оюутнуудад тараадаг сонгуульт ажилтай хүн байлаа. НИТХ-ын төлөөлөгч байхдаа хоёр ч ажлыг нэлээд урагшлуулсан гэж бодож байгаа. Нэг нь Улаанбаатарын метро.
Ямар ч байсан гарт барих ТЭЗҮ-тэй болгож авлаа. Метроны техник эдийн засгийн үндэслэлийг гаргасан Японы “Жайка” байгууллагыг онцлон дурдах ёстой.
-Нөгөөх нь ямар ажил байв?
-Нөгөөдөх нь гэвэл рок, попын ордон барих асуудал. Бид гадаадын маш олон хамтлаг, дуучдыг урьж авчирч тоглолт хийж байсан. Хамгийн сүүлийнх нь гэхэд “Бутлик Битлз” хамтлаг байна. Монголд олон улсын стандартад нийцэхээр тоглочих талбай байхгүй байгаа. Тиймээс бид Сүхбаатар дүүргийн Ногоон нуур орчимд 4.5 га газрын асуудлыг шийдүүллээ.
-Ногоон нуурын айлуудтай тохирч газрыг нь чөлөөлөх үү?
-Тэнд 193 нэгж айлуудаас зуугаад айлын нөхөн олговор олгож, нүүлгэн шилжүүлсэн. Одоо дал, наяад айл үлдсэн байгаа.
Урлаг
Жагаа гээд дуудахаар хоёулаа эргэж хараад байсан болохоор

Монгол улсын гавъяат жүжигчин Гончигын Жаргалсайхан нь 1958 онд төрсөн. Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат. Аав, ээжийн нь төрсөн газар Чандмань сум болохоор энэ нутгаар овоглох дуртай.
Алтай нутгийнхаа тухай “Зүүдний мөнгөн Алтай”, “Хөглөгөр их Алтай”,”Тэнгэрийн уул”, “Засагт хааны хөх харчуул” зэрэг дуунуудыг хийсэн. Тэр дундаа Чандмань сумын зон олонд зориулж “Чандмань нутаг минь” дуу зохиосон нь уг сумын сүлд дуу болжээ.
Үүнээс гадна “Есөн булагийн дуулал” нэртэй алтай нутгаа дээдэлсэн дууг нь Алтай нутгаас төрөн гарсан уран бүтээлчид амилуулжээ.
Монголын рок, попын эцэг хамтлаг хэмээн нэрлэгддэг “Соёл-Эрдэнэ” хамтлагийн гишүүн асан олноо ”Том Жагаа” гэж хүндлэгдсэн түүнийг мэдэхгүй хүнгүй билээ. Саравчтай малгай, хар шилээр гоёсон “Соёл-Эрдэнэ” хамтлагаар эцгийнхээ нэрний адил овоглодог энэ эрхэм хамтлагийнхаа 45 жилийн ойн босгон дээр “Алдарын Од” медалийг хүртжээ.
Г.Жаргалсайхан нь Нийслэлийн арван жилийн 34-р дунд сургуульд суралцаж байгаад 1973 онд Хөгжим бүжгийн дунд сургуульд шилжин орж тэндээ төгссөн. Дараа нь Минскийн Соёлын Дээд Сургуулийг хөгжмийн эстрадын удирдаачаар төгссөн.
1977 онд Баянмонгол чуулгад хөл тавьж, 1980 онд “Соёл-Эрдэнэ” хамтлагт орсон. Анх Баянмонголоос “Соёл-Эрдэнэ” рүү З.Зундарь оруулж “Чи залуу хүн байж энд оркестр тоглоод хэрэггүй, дуулж хөгжимддөг хамтлагт ороод дуугаа зохиож, хөгжмөө найруулах хэрэгтэй” гэж ятгасан гэдэг.
Монгол Улсын том хамтлаг гэдэг утгаараа “Соёл-Эрдэнэ”, “Баянмонгол” 1970-аад оны эстрад урлагийн алтан үе байсан.“Соёл-Эрдэнэ” хамтлаг зууны манлай хамтлаг болж байсан. 1980 онд Баянмонголоос хоёр Жаргалсайхан “Соёл-Эрдэнэ”-д очсон. “Нэр нэгтийн чих нэг” гэдэг. Хүмүүс “Жагаа” гээд дуудахаар хоёулаа эргэж хардаг бас болоогүй ээ хоёулаа буржгар үстэй.
Ялгаж дуудахын тулд “Долгион” нөгөө Жаргалсайханд “Буржгар” хэмээх нэр хайрласан гэнэ лээ. Биеэр арай том,бас нэг насаар ах байсан болохоор Г.Жаргалсайханг Том Жагаа гэх болжээ.
Тухайн үед түүнийг юу өмсөнө залуус дуурайж дагана. “Буян”-гийн Жагаа урлагт их элэгтэй, бас гарын ур дүйтэй хүн байж. “Соёл-Эрдэнэ” хамтлагт бараг орох гэж байсан хүн гэж ярьдаг. Том Жагаа Баахан жинс барьж очоод найз Жагаагаараа эсгүүлдэг байсан гэдэг.
Г.Жаргалсайхан урлагийн төлөө тууштай зүтгэсэн нэгэн. Суугуул сайхан нутаг, Уулын төмөр ost, Сар шиг холын нутаг зэрэг олон хит дуунуудыг зохиож дуулж олондоо хүргэсэн. Бүтэн 45 жилийн турш хийсэн уран бүтээлийг нь тоолбол тоймгүй их тоо гарах байх. “Соёл-Эрдэнэ”-ээс маш олон хөгжмийн зохиолч дамжиж гарсан гэдэг тэгээд бодохоор тоймгүй их тоо гарах байх.
Тэрбээр “Бидний дуулсан дуу хит болж, олны дунд өнөөг хүртэл амьдарч байна. Хүмүүс олон жил дуулж ирсэн дуунуудыг маань сонсох гэж дурладаг. Тэр дуугаа дуулаач гэж захиална, бүр дагаад дуулдаг гээч.
Би амьдралаа урлагаас өөр зүйлд зориулсангүй, сэтгэлээ ч бас дуу, хуураас урвуулж чадсангүй. Бид олны дунд тунаж үлдсэн дуунуудаа он жилүүдийн хатуу шалгуурыг сөхрөлгүй давсан гэж боддог шүү” хэмээн ярьжээ.
МУГЖ Г.Жаргалсайханд эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэж цаашдынх ажил амьдралд өндрөөс өндөр амжилтыг ерөөе.
Урлаг
Жүжигчин Батцэцэг: Тэр үед тэсэлгүй нулимс унагаж суусан

Цаг хугацааны чанадын чанадаас хөтлөлцөн амьдрал туулж яваа эгэлхэн сайхан найз минь ээ. Gankhulug Enebish Би чамдаа бодогддог бүхнээ бичиж амжаагүй яваа юм байнаа. Өнгөрсөн тавин жилийн турш сайхан найзынхаа халамж сэтгэлд дор би үнэхээр хөлбөрч ирсэн хүн юм байна. Энийг яриад тоочоод барамгүй л дээ…
Би нэг удаа Ташкентын наадамд оролцох болоход чи америкаас нээх гоё сандааль аваад намайг тэр кино наадамдаа өмс гээд явуулж билээ. Киноны 80 жилийн банкетан дээр чиний явуулсан бэлэг хүргэгдэж ирэхэд би тэсгэлгүй нулимс унагаж суусан.
Кино бол миний амьдрал, хувь заяа гэдгийг чи тэгж зүрх сэтгэлээрээ мэдэрдэг хүн. Бас нэг удаа хүүхэд өвдөөд эмч оношилж чадахгүй байхад чи ирээд дор нь оношлоод тас тас инээгээд сэтгэл цэлмээж байж билээ. Чи зөв оношилж дор нь эдгээсэн. Би тэр үед “өөрөө ч өвдсөн болоосой” гэж шогширч суусан.
Миний насан туршийн дуудлагын эмч минь чи л байж… өдөр шөнийг эс ялган гүйж ирнэ, сэтгэл засна, маргаашийн өөдрөг бүхний үрийг сэтгэлд соёолуулна. Амьдралын үнэний тусгал болсон сайхан найздаа ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ.
Сэтгэл шигээ сайн явна гэдэг үгний биелэл чи минь билээ” гэлээ.
Нацагдоржийн Батцэцэг 1957 онд Улаанбаатар хотод төрөөд 6 дугаар дунд сургууль 1974 онд төгсөсний дараа МУИС-ийн Орос хэлний орчуулагч мэргэжлээр 1979 онд төгссөн байна.
Эцэг Ц.Нацагдорж нь 1930 онд Төв аймгийн Өндөрширээт суманд төрсөн. Эдийн засгийн дээд сургууль, ЗХУ-ын Коммунист намын дээд сургууль төгссөн өндөр боловсролтой сэхээтэн.
Тэрээр Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн төв хороонд зааварлагч, нарийн бичгийн дарга, Дарханы Нэхий эдлэлийн үйлдвэрийн дарга, Архангай аймгийн Цэцэрлэг хотын дарга, Увс аймгийн Сагил сумын нэгдлийн дарга зэрэг ажлуудыг хийж явжээ. хойд эцэг Ц.Хасбаатар нь хэл бичгийн ухааны доктор, СГЗ орчуулагч хүн.
Эх Б.Цэрэнлхам нь 1933 онд Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн. Эдийн засгийн дээд сургууль, ЗХУ-ын Комсомолын дээд сургуулийг дүүргэсэн чадварлаг удирдагч. Улсын их дэлгүүрийн эвлэлийн хорооны дарга, худалдааны дарга зэрэг ажлуудыг хийсээр гавьяаны амралтандаа гарсан байна.
Эх нь залуудаа Драмын театрын жүжигчин байсан гэдэг. Зургаан жил ажиллахдаа “Кремлийн цаг”, “Эмч нар”, “Тожоо жолооч”, “Санасан ёсоор болтугай” зэрэг жүжгийн гол дүрийг бүтээжээ.
1979 оноос Монгол Кино үйлдвэрт дагалдан жүжигчнээр орж 1982 онд мэрэгжлийн жүжигчин болсон байна.
1991 он хүртэл Цирк болон Кино үйлдвэрт ажиллаж байгаад “Өргөө” циркийн бүрэлдэхүүнд багтан Герман, Польш улсад таван жил ажиллаад 1996 онд нутагтаа буцаж ирсэн юм
Нөхөр О.Машбатын хамт “Монголжин” кино студи байгуулсан.
2000 оноос “Монголжин” хувийн театр байгуулж захирлаар нь ажилласан.
О.Машбатын гэр бүл арваад жил АНУ-д амьдарсан. Тэд уран бүтээлээ хийхийн зэрэгцээ Америк дахь монголчууддаа зориулан “Үгүйлэн санана”, “Америк дахь монголчууд” нэртэй телевизийн цуврал нэвтрүүлэг хийж байжээ.
2004 онд Монгол Улсын Гавъяат жүжигчин болсон.
Урлаг
“Амбий Солонготойгоо улаанбаатарын олон хороолол олон байраар дамжсан”

“Амбий” гэдэг нэрийн тухайд, бага байхад хүмүүс өхөөрдөөд “Памбий” гэж дууддаг байсан бөгөөд энэ нь явсаар “Амбий” гэх хоч болсон гэдэг. Түүний хувьд угаас хөдөлгөөнтэй нэгэн байж. Бага залуудаа автомашины наймаа хүртэл эрхэлдэг байсан гэж найзууд нь дурсдаг. Автомашины бизнес эрхлэх хугацаандаа “хамгийн түрүүнд мөнгөтэй болвол байр л авах юмсан” гэж мөрөөдөж байсан тухайгаа өөрөө ярьсан байдаг.
Өнөөдөр театрын өдөр бас ахын минь мэндэлсэн өдөр, Ум сайн амгалан болтугай
Амь + Бий
Амбий… Амбий… Амь, амин, амины гэсэн утгатай үг юм л даа. Амины хайртай шавь минь! Ард олныхоо амин хайртай жүжигчин минь! Бүтэн бие чинь алдарсан ч бүтээсэн дүрүүд нь түмнийхээ сэтгэлд мөнхөрч үлдлээ дээ. Амбийтай уулзсан хүний дотор сэтгэл гэрэлтэж, Амбийгийн алиа хошин яриаг сонссон хүн баяр жаргалаар бялхдаг юм.
Өөрөө гэрэлтэж явахын хэрээр гэрэлтүүлэгч нэгэн байлаа. Гэрэлтүүлэгч гэснээс Амбийгийн аав “хар” Цэвэгсүрэн гуай Дорнодын театрын тайзыг насаараа гэрэлтүүлсэн гэрэлтүүлэгч ажилтай хүн байлаа.
Хөлд орохоосоо л аавынхаа хормойноос зүүгдэж, аавтайгаа хамжиж театрын тайзыг гэрэлтүүлж, нүд, сэтгэл нь гэрлийн цацрагтай цуг жүжигчид дээр тусаж байхаас Амбий өөрөө тайзан дээр бууж, өөрөө гэрэлтэж, өргөн түмнээ гэрэлтүүлэхийн хүслэнд автсан байдаг юм.
Аав нь Амбийг аравдугаар ангиа төгсүүт амьдрал үзэг хэмээн ардын цэргийн албанд үджээ. Цэргийн чилийсэн гурван жилийн албыг хаагаад “хүн болоод ирсэн” Амбийд гурван жил зүүдэлсэн Дорнодын театрын тайз нь хүн ёсоор хүлээн авч, бас гурван жил дагалдан жүжигчин болгож эрхлүүлжээ. Амбий бол Дорнодын театрт эрхлэх эрхтэй хүн юм.
Дорнодын театрынхан 1990 онд Улаанбаатарт тайлан тоглолт хийхэд Д.Норовын “Үнэ цэнэ” жүжигт хүрэм зардаг наймаачин залуугийн жижиг дүрд гарч, тайзан дээр байгаа ч үзэгчдийн танхим руу үсэрчих гээд байгаа мэт тэмүүлэлтэй, халуун сэтгэлтэй, гал цогтой, хэлтгий харвал халмаг хөөрүү гэмээр тийм нэгэн тогтож ядан байсан сан.
Анх удаа би Амбийг тэгж харсан юм. Тэгвэл дүр гэхээсээ илүүтэй Амбий хэмээх дүр өөрөө л уяан дээрээ дүүхэлзсэн эмнэг үрээ мэт цолгин цовхорч байсан юм билээ. Амбийтай учирч багш шавь болсон азтай хүн дээ би. Намайг багш болох замыг зааж, засаж өгсөн шавь нарын нэг нь Амбий юм. СУИС хэмээх эрдмийн өргөө “гэрэлтэгч” Амбийг улам гэрэлтүүлж өгсөн юм даа.
Жүжигчний ур чадварын 106 дугаар танхим. Анхны хичээлүүд. Амбий хамраа шудраад л тайз руу гарна. Өөрөө түрүүлж гарна. Өрөөлийг дагуулна. Уриална. Энэ бол Амбийгийн төрөлх чанар.
Цэрэг, эх орон, адал явдал баатарлагийн сэдэв Амбийгийн тоглох дуртай сэдэв байлаа. Би тэр үед шавь нартайгаа адилхан залуу байж. Ангидаа биднийг тойроод сууж байхад орж ирсэн хүн “Багш нь та юу?” гэж Амбий руу заадаг байсан.
Амбий авьяас нь хатгана, архаг нь хэтэрнэ. Заримдаа сахилгагүйтнэ. Тэр нь дэндүү гэнэн цагаан. Тийм мөртлөө хоморгод их автана. Дотуур байрны цонх хагарах Амбийтай хамаатай, СУИС-ийн байрны чердак руу орж тагтаа олноор хиарсныг Амбий хийсэн, сангийн аж ахуйд нутгийн индиануудыг өдөж асуудал гаргасан хүн Амбий болоод явчихна. Уг нь Амбий дунд нь л яваа юм. Тэгтэл яаж ийгээд толгойлогч, уруу татагч болж хувирна.
Амбий СУИС-д дөрвөн жил сурахдаа гурван удаа хөөгдөж, гурван удаа үлдсэн юм. Тэр нь дандаа хоморгын асуудал. Үнэнхүүтэй цуг даварсан гэх, бас дарвисан гэх. Дуучин Үнэнхүү СУИС-ийн бэлгэ тэмдэг байлаа тэр үед.
Үнэнхүүтэй би барьцаж байж Амбийг үлдээж авсан юм. Хайдав багш “Үнэнхүүг сургуулиас хөөвөл намайг хөөчих” гээд дүүлээд ороод ирнэ. Тэгэхээр нь сөргүүлээд Амбийг тавьчихна. Үнэнхүүг хөөж чадахгүй болохоор Амбий үлдэнэ дээ.
Амбий дотуур байранд амьдрах. Яагаад ч юм Амбийгийн амьдардаг өрөөний цонхны шил бүтэн байна гэж үгүй. Хүний хагалсан зэмийг Амбий өөр дээрээ авна.
Дотуур байрын эрхлэгч аргаа барахдаа Амбийг байрын зөвлөлийн даргаар тавьчихсан чинь тун мэргэн шийдвэр болж, Амбийд хэнхэг өвчин тусч тасаг болгоныг хяналтдаа авч, оюутнуудтай тулж ажиллаж, түүнээс хойш хагархай цонхтой тасаг байхгүй болсон юм даг.
Шөнө жижүүрлэж хэнхэглэснээс өглөө унтчихна. Хичээл, сургуулилтаас хоцорно. Хичээл хоцорлоо гэж Амбийг төмөр сандал далайгаад элдэж явсан юм даа. Одоо байхгүй болчихсон хойно нь яах гэж тэгж байв даа гэж сэтгэл өмрөн өрөвдөх юм.
Амбий сэтгэлдээ юм хадгална гэж байхгүй. “Хар” Цэвэгсүрэнгийн “ хар Амбий, гэвч сэтгэлдээ толбын төдий тортоггүй сүү шиг цагаан сэтгэлтэн байлаа. Хүнтэй үг зөрж нударга зөрүүлэх Амбийгийн хувьд энүүхэнд байлаа. Тэрнийхээ дараа цайрч цагаалах нь амархан, тэр хүнтэйгээ өмнөхөөсөө илүү дотносож, хайрладаг байлaа.
Цаанaа юм хадгална гэж байхгүй. Байдаг хийдгээ хэлээд тавьчихна. Тэгж байж санаа амарна. Үүлээ хөөгөөд цэлмэсэн тэнгэр шиг болчихоод, туранхай цээжээ дүүртэл цээлхэн амьсгаа татчихаад, хамраа нэг шударчихаад гарч өгнө.
Бид нар хоёрдугаар курстээ бүрэн хэмжээний том жүжиг Хүүхэд, Залуучуудын Театрын тайзнаа тоглочихож билээ. Оросын зохиолч Л.Разумовскаягийн жүжгийн зохиолыг Монголын орчин ахуй, цаг үе рүү татаж хөрвүүлсэн “Хайрт Долгор багшаа” жүжигт Амбий маань Сүмбээ гэж ар гэрийн амьдрал суурь хүмүүжил сурлага муутай ч хүн чанартай дүрд ажилласан юм.
Төгсөх курстээ бүрэн жүжиг ажилладаг уламжлалыг эвдэж, доод курсийн оюутнуудын жүжиг Хүүхэд, Залуучуудын Театрын тайзнаа хэчнээн удаа дүүрэн үзэгчтэй тоглосон билээ. Энэ жүжигт мөнөөх Амбий оройлон манлайлагчаараа л байлаа. Үндэсний телевизийн алтан фондод хоёр ангит энэ жүжиг маань бий.
Оюутнууд багшийнхаа эзгүйд бие дааж ажиллах, ирэхэд нь бэлэгтэй угтах чин эрмэлзэл дүүрэн үе тэдэнд байлаа. Намайг “Мичдийн зургаан гялаан” киноны натурт яваад ирэхэд Амбий Бооёо хоёр “ЛН” улсын уралдаанаас А Чеховын өгүүллэгээр шилдэг бүтээлийн, Амбий “Дээрэмчид’’ жүжгийн Франц Моорын дүрээр шилдэг дүрийн шагнал авчихсан хүлээж байж билээ.
Амбий санаачлагч, манлайлагч, ачааны хүндийг үүрэгч нь бүх цаг үед байсан. Хорчгор туранхай биедээ ахадсан их ачаа, дэндүү холыг харсан зорилгыг тээж явж дээ, шавь минь.
Сайн хүнийг сайн хүмүүс хүрээлж, тэд нар нь хоорондоо халуун бат найз нөхөд бололцдогийн үлгэрлэл Амбийгийн амьдрал юм. Амбийгийн ажилласан газар, амьдарсан орчныхон Амбийг тойроод нөхөрлөчихдөг юм.
Амбий Солонготойгоо Улаанбаатарт олон хороолол, олон байр дамжсан ч тэдний амьдарсан байрны орцынхон бие биеэ таньдаг, ойр дотнын ах дүүс мэт болчихсон байдаг нь Амбийгийн хүнийг татах хүч, найрамдагч шинж чанар юм.
Амбий ойрын жилүүдэд бие чилээрхүү байлаа. Тэр үед байр орцынхон нь ээлжээр жижүүрлэж, хоолыг нь хийж, эмнэлэгт хүргэж, эргэж тойрч, өөрийн гэр бүлийн гишүүн мэт хандаж ирсэн юм.
Амбий дэндүү олонтой эр хүн байлаа. Амбий өргөн дэлгэр бодолтой, өндөр тэмүүлэл зорилготой, Дорнодын уудам тал шигээ тэнүүн сэтгэлтэй хүн байлаа. Нутаг орондоо амьсаг сэтгэлтэй, Дорнодынхноо их дэмжинэ. Сэтгэл гутруу үедээ Дорнод руугаа гарч давхиад дотроо онгойлгочхоод хүрээд ирнэ.
“Найрын ширээний ууц” жүжигт урьд нь тоглож байснаараа мюзикл жүжиг хийх гэж Дорнодын театрын уламжлалыг сэргээх гэж маш их хүч, хөрөнгө зарсан. Хоёр давхар тайз засаж, гэрэлтүүлгийн тоног төхөөрөмжийг орчин үеийн шилдэг зэрэглэлд хүргэж, өчнөөн олон чадалтай жүжигчдийн баг бүрдүүлж ажилласан.
Гэвч Амбийгийн зүтгэл ард түмнийхээ төлөө л байлаа. Алдарших гэж үүнийг хийгээгүй. Алдаршихын төлөө улайрч явдаггүй нь Амбийгийн ясны араншин юм.
“Орчин үе” театр, Улсын Драмын Эрдмийн Театрт хэдэн жил ажиллав. Харин Амбий урсгалаар явахыг хүсээгүй. Тэжээлгэж, хүний гар харж амьдаръя гэж бодоогүй юм. Зориг зүрх шулуудаж Бооёо, Хүрлээ хоёртойгоо нийлж “Шинэ үе” продакшныг үүсгэн байгуулж, хэдэн жил ёстой л галлаж өгсөн дөө.
Хүнд тус хүргэвэл өөрийнх нь хэрэг бүтэх мэт санаж явдаг юм.
Амбий дүү нараа “өөд нь татах” дуртай. Хүнд тус хүргэвэл өөрийнх нь хэрэг бүтэх мэт санаж явдаг юм. “Шинэ үе” продакшнд олон дүү нар араасаа дагуулсан нь өнөөдөр эрийн цээнд хүрчээ. “Захиалгат инээд” хамтлаг байгуулан бас л дүү нараа өөд нь татаж, хүний зэрэгт хүргэсэн. Амбийгийн буян барагдахгүй юм.
Буянтай хүн, баян хүн. Баян хэмээх утга нь эд хөрөнгөдөө биш, үр хүүхэд, үнэнч нөхөд, үйлс бүтээлээрээ баянд байгаа юм. Би Амбийдаа “Наран ургахыг хүлээхгүй” киноны дүр хатиг Давааг зориулж бичсэн юм.
Увс аймагт 1996 оны зун, намар зургийг авсан билээ. Хошуу ноёны хүү Даваа ядуу айлын сэвгэрт дурлаад “хатиг шиг наалдаад” салж өгөхгүй байгаа юм л даа. Амбий маань дүрийнхээ хатиг шинжийг үнэхээр хатгаж гаргасан. Амбий энэ киноноос хойш эрчлэн хуйларсан их мөрний урсгал боомтоо зад татах мэт дэлгэцийн урлагт хүч түрэн орж ирсэн юм.
Сүүлийн хэдхэн жилд, зөвхөн кинонд л гэхэд “Помогите нам” 1,2, “Би чамд хайртай-2” “Тэнгэрийн ивээл”, “Шарталт”, “Тютю”, “Танхай тээгч, “Содура” гэх мэт үзэгчдийг байлдан дагуулсан, мэргэжлийн өндөр түвшинд бүтээгдсэн кинонуудад гялалзтал тоглож, Амбийгүй бол кино урлаг байхгүй юм шиг дэлгэцийг эзэгнэсэн билээ.
Амбийгийн нэг киног үзээд Амбийг хайрлах үзэгчийн сэтгэл улам өсдөг юм. Энэ нь Амбий урьдах дүрээ давтаагүй, өөр өөрийн өвөрмөц дүрүүдийг бүтээсний илрэл юм. Амбийг тайз, дэлгэцнээ гараад ирэхлээр үзэгчдийн сэтгэл дүүрэн ханаж, ямар нэгэн хүч цэнэг өөртөө авч, амьдрах итгэл тэмүүлэл зориг төрдөг билээ.
Амбий аливаад өнгөц ханддаггүй, тэрүүндээ зүрх сэтгэл, бие эрхтнээрээ уусан ордог. Ямар нэгэн дүрд ажиллахдаа тэр зарчмаа ягштал баримтална. Ийм чанар өнөөдөр ховорджээ. Энэ чанар нь Амбийг богинохон наслуулсан ч юм билүү. Үүнийг ганцхан бурхан л мэдэх байх.
Тайзыг дүүргэдэг, дэлгэцийг эзэгнэдэг жүжигчин дэндүү ховор. Ийм ховорхон жүжигчний нэг нь Амбий даа. Амбий хөшигний ард хамраа хальт шударснаа тайзнаа гараад ирэхэд хорчгор цээж нь ханхайгаад, онигор пүд нь гал цогоор гэрэлтээд, жүжиглэхүйн амьд хийгээд үнэн харьцаа гэдгийг жинхэнэ бодитоор харуулж өгнө дөө.
Үзэгчид Амбийг тайзнаа гарч ирэхийг тэсэн ядан хүлээдэг шигээ, тайзан дээр оволзож, дүрэлзэж, гялалзаж, шагайж байгаад эргээд ороход нь аанай л тайзнаа байгаа мэтээр харж үлддэг шидтэй билээ.
Амбий хошин урлагийн армийн нэгэн командлагч жанжин нь байсан юм. Тайз, дэлгэцийн урлагийг чимэн гэрэлтүүлэгч жинхэнэ од байсан юм.
Найдангийн Ганхуяг / Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, доктор, профессор
-
Дотоод2 years ago
Жүжигчин Ундрал Жүр Үр-ээс “хөөгджээ”.
-
Дотоод2 years ago
Эдгээр байршлуудад 23-наас эхлэн хэсэгчилсэн хөл хорио тогтоож болзошгүй
-
Дотоод2 years ago
Хөл хорио зөрчсөн гэх мэдээлэлд ЕРӨНХИЙЛӨГЧ тайлбар хийлээ
-
Урлаг2 years ago
Бооёо худгаас ус авч явна. Тэр гэр хороололд амьдардаг болчихвуу?
-
Дотоод2 years ago
С.Эрдэнэцэцэг Далантайтай хайр сэтгэлийн холбоотой байсан эсэх талаар ярилцжээ
-
Урлаг2 months ago
Гавьяат Эрдэнэцэцэг Далантайтай хайр сэтгэлтэй байсан эсэх асуудалд цэг тавьжээ
-
Дотоод2 years ago
Аавдаа өргөсөн энэ зулыг маань 1000, 1000 аавууддаа зориулж ШЕЙР хийгээрэй
-
Дотоод2 years ago
Ч.Ганхуяг ямар вакцин хийлгэснээ зарлалаа