Connect with us

Дотоод

Солонгост хүнд байдалд орсон Монгол эмэгтэй нутагт нэгт Монголчуудаасаа тусламж гуйлаа

Published

on

Би газар дээр ганц дүүтэй. Хүнлэг, даруухан дүү минь эгчдээ ямар их түшиг тулгаар болдог байсан гэж санана. Ээжтэйгээ, дүүтэйгээ элэг бүтэн амьдардаг байсан минь саяхан.

“Эгчээ ахиухан цалинтай ажил хийж орон гэртэй болмоор байна” гэхэд хэдэн жилийн өмнө би өөрөө хөөцөлдсөөр байгаад гэрээний ажилтнаар Солонгос руу явуулж билээ. Хүний анхан шатны хэрэгцээ болох орон гэрийн төлөө хүний нутаг руу хөл хөөрцөг болон ниссэн дүү минь эргэж ирсэнгүй.

Би өөрөө эцсийн зам руу нь явуулчихсан юм шиг дотор давчдаад хэцүү байна.

Идэр насны сайхан хүүгээ алдсан эхийгээ харахаар маш ихээр бачуурах юм. Одоо би хүний нутагт цагдаагийн газар, прокурорын газрыг үүдийг нь манаад, хөөгдөөд, Монгол туг намирсан элчин дээрээ очиж нэг уйлаад ад үзэгдэн явж байна. Золгүй осол, өвчнөөр өөд болсон бол яая гэхэв. Гэтэл эрүүл саруул дүүг минь тэнгэрт илгээчихсэн байтал би яаж гомдолгүйгээр эндээс явна гэж. Сүнс минь хорогдож байна. Дэндүү их гомдолтой байна.

Миний дүү анх гэрээний ажилтан болж Солонгост очиж ард үлдсэн гэр бүлийнхээ төлөө өглөөнөөс үдэш хүртэл чив чимээгүй ажилласан. Ар гэрийнх нь амьдрал аажмаар дээшилсээр урамшиж зүтгэсэн эрийн цээжинд том зорилго дахин бий болсон. Гэрээний хугацаа дууссан ч дахиад жаахан ажиллая, гэр бүлийнхээ төлөө ахиад ганцхан жил зүтгэе гэж шийдсэнээ надад хэлэхэд нь “Харлаж болохгүй шүү. Хараар ажиллах хэцүү” хэмээн хэлсэн ч урдаа тавьсан зорилгоосоо буцах дургүй дүү минь үгэнд орсонгүй. За яах вэ? Хүний олон хараар ажиллаад байхад гэж дүү минь намайг тайвшруулав.

Хар, бор бүх ажлыг хийж, аливаа хүний арга эвийг олж сурсан. Ажилдаа нямбай, үнэнчээр ханддаг дүүг минь хүлэмжийн аж ахуй эрхэлдэг нэгэн солонгос эр гуйж гувших нь холгүй хамтран ажиллах санал тавиад гэрийнхээ ойрхон ажлын дотуур байр түрээслэн өгч чухам л алт эрдэнэс олсон мэт олзуурхан бөөцийлж халуун чийг төөнөсөн хүлэмждээ өглөөнөөс орой болтол ажиллуулах болов. Солонгос захирал нь өглөө болгон гэрийнх нь гадаа тогтсон цагтаа ирэх ба миний дүү машинд нь суугаад хамтдаа хүлэмж рүүгээ явцгаана. Солонгос захирал сэргэлэн юм гээч. Гэрийнхээ хажууд ажилчнаа авчихсан.

Цаг хором бүр нүдний өмнө нь ажиллаж, амьдрах гарын доор хүнтэй болно гэдэг ховор байх. Бүх юм хэвийн мэт үргэлжилсээр. Дүү минь орой бүр хайртай ээж, гэргий рүүгээ залгаж ярина. Надад бол “Бүх юм сайхан байна” гэж аргадна. Бүгд амар жимэр аж төрцгөөж байтал 2020оны 5 сарын 20нд гэнэт том охин руу минь залгав. Нүд нь хөх няц болчихсон, үг дуугарах гэхээр ам нь эвлэж өгөхгүй, ганцаардал бачуурал нь харцанд нь илхэн харагдаж гэнэ. Ахаа яасан бэ? гэж утасны дэлгэцийн цаанаас шалгаасан ч хар цагаан дуугүй байсаар дуудлага таслав. Ах нэг л сонин байна хэмээн тэр дороо надад хэлэхэд нь би уйлж, аашилж байж юу болсныг нь хэлүүлэв.

“Солонгос захирал 3 хүнтэй нийлж надад гар хүрээд ээ. Цалингаа нэхсэн чинь. Би зүгээр ээ. Гэхдээ цалингаа л авмаар байна” гэхээс өөр юм хэлсэнгүй. Эл явдал дахин давтагдав. 2021 оны 5 сарын 29нд Солонгос захирал нь дахин гар хүрэв. Бас л цалинг нь өгөхгүй гэж турбо барин дайрсан гэнэ. Ийн 2 жилийн турш Солонгос захирлын аясаар цалингаа горьдож, дарамтлуулан байж ажилласан дүү минь аргыг нь олж байгаад цалингаа авчихна л гэж ингэж удаан тэссэн байх.

Бүхэл бүтэн 12 сая воны цалингаа авч чадахгүй байх вий гэхээс хэний ч гол харлана. 12 сая вон гэдэг өдрийн 100 мянган воноор тохирч ажиллахад 120 өдрийн турш битүү хар хүлэмжид, нуруугаа чилтэл, доороосоо чийг татаж хамаг биеэ хавагнатал ажилласан хөдөлмөр нь шүү дээ. Аав нь удахгүй очно доо гэж дэлгэцийн цаанаас хүүхдээ аргадан байж хагас өнчрүүлэн байж өөрийнхөө биеэ гаргуунд гарган байж ажилласан 120 хоног.

2021 оны 6 сарын 8ны өдөр оройн 23 цаг орчимд гэргий рүүгээ залгасан. Түүнээс ирсэн хамгийн сүүлийн дуудлага. Бид эхлээд завгүй байгаа юм байна гэж бодсон ч… 2 хоног өнгөрөхөд нэг л муу совин татаад эхэлсэн. Гэтэл Солонгос захирлынхаа олж өгсөн ажлын дотуур байрнаас нь 20 хоногийн дараа бие нь олдлоо. Хөршүүд нь өмхий үнэртээд байна гэх гомдлоор шалгаж үзэхэд бие нь цоожтой хаалганы цаана байв. Уг нь ээжийн хайртай хүү, эгчийн ганц түшиг тулгаар, хүүхдийн аав, хүний хань байсан юм шүү дээ.

Байрны эзэн Солонгос захирал руу нь залгахад хоёр цагдаа дагуулаад ирсэн гэнэ. Сонин байгаа биз. Өглөө болгон байрных нь үүднээс ирж авдаг байсан ажилчин нь 20 хоног сураггүй болоход яав ийв гэж хаалга үүдийг нь тогшоогүй. Байрны эзний дуудлагыг хүлээж байсан мэт дуун дээр нь хоёр цагдаа дагуулаад ирсэн. Солонгос захирлын гэр нь ажлын дотуур байрны бараг хажууд нь. Бараг л өөд болсон өдөр нь Солонгос захирал нь ум хумгүй нүүсэн гэх. Нүүлээ гэхэд хүлэмжид нь ажиллах хүнгүй гээд “Хөөе чи ажилдаа яваач” гээд 3 хонохгүй ирнэ дээ. Энгийн логикоор бодоод үзэхэд. Хэн нэгэн биеийг нь олсны дараа л… Солонгос улс үнэхээр иргэнээ хамгаалж чаддаг юм шиг санагдсан. Үүнээс хойш үзсэн туулсан болгон минь Солонгос улс иргэнээ буруутан болгохыг хүсэхгүй байгаагаа ямагт илэрхийлсэн дайралт байв.

Унаж тусан ухаан алдах ээжийгээ гэх үү? Хүний нутагт байхгүй болсон болсон дүүгээ гэх үү гэж самгардан уймарч ядаж байхад зам зуурын садаа ямар их гарав. Монголоос очих гэж ко-гийн шинжилгээ тусгаарлалт гэж өчнөөн дамжлага дамжсаар бараг сарын дараа очлоо. Ганцхан юм л захисан. Битгий задлан шинжилгээ хийгээрэй. Би өөрөө дүүгээ хармаар байна. Миний зөвшөөрөлгүй гар хүрч болохгүй гэж утасны цаанаас гуйсаар байтал задлан шинжилгээ хийж, бүр чандарлачихсан.

Маш их гэмтэлтэй, гадны нөлөөтэй. Задлагийн албан ёсны хариу 4 сарын дараа гарсан ба тэр хооронд би гэж хүн Солонгосын цагдаа, прокурорын газраар мөн ч их явсан. Одоо ч явсан хэвээр байгаа ба хэргийг хаалгахгүй гэж тэмцэж яваа надад Монгол элчин нь олигтой тусалсангүй. Туслахгүй ч үгүй биз. Хохирогчийн ар гэрт гэж 60 сая төгрөг өгсөн гэх тооцоо тайлан байвч хачир дээрээ 5 сая төгрөг өгсөн юм аа. Эндээс бас л бөөн будилаан эхэлнэ.

Цагдаагийн байгуулга нь анх намайг очиход орчуулагчаар дамжуулж “Дүүгийн чинь хоолойд юм тээглээд хахаад өөд болчихсон” гэв. Хахаад өөд болсон юм уу? Хүзүүний яс нь гэмтээд өөд болчихсон юм уу? Өөрсдөө ч толгой эргэсэн хариулт өгдөг.

Мэдээж надад тохиолдсон энэ зовлонгоо би өөрөө үүрэх ёстой ч юун тулд хүний нутагт Монголчуудын эрх ашгийн төлөө гээд туг далбаагаа намируулсан элчин сайдын газар байдаг юм бэ?

2021.10.22 нд Элчингийн консулын ажилтантай хамт БНСУ-ын цагдаагийн газар очиж анхны мэдүүлгээ өгөв. Гэтэл мэдүүлгийг минь гуйвуулж, нотлох баримт шаардлага хангахгүй байна гэж хэргийг хаасан. Надад өмгөөлөгч өгөөч гэж элчин сайдын яамнаасаа одоо ч гуйсаар явна. Энэ хэрэг дээр мөнгө төгрөгийн гачигдлаас болж өмгөөлөгч авч чадахгүй байна. Өмгөөлөгч авч байж дахин байцаалт өгөх ёстой юм. Гэтэл надад өмгөөлөгч авах 5 сая вон битгий хэл 50 мянган вон ч алга.

Солонгос чинь сств дээд зэргээр хөгжсөн газар биз дээ. Гэтэл 2021оны 6 сарын 9ны тэр оройн бичлэг л олдохгүй байв гэж. Цагдаа нар нь анх гэрт нь нэвтрэхдээ тэр олон сөжүний шилэн дээрх гарын хээг ч шалгасангүй. Ер нь “Аан нэг Монгол өөд болчихжээ.” гэсэн янзтай ямар ч нарийн үзлэг, мөрдлөг хийлгүй хэргийн газрыг тэр дор нь цэвэрлэж орхисон. Би дүүгийнхээ биеийг харж чадаагүй.

Харсан бол биед нь ямар ямар гаднын нөлөө, гэмтэл байгааг мэдэж чадах л байсан. Зургийг нэхсээр байгаад авсан чинь канондсон гэх бүдэг гарсан хар зураг өгсөн. Цагдаа гар утсаараа авсан юм гэнэ ээ. Тэгээд канондож хэвлэсэн юм гэнэ ээ. Солонгос улсын хууль цагдаагийн байгуулга нь яагаад надад харуулахгүйг тэгж их хичээсэн юм бэ? Ар гэрийн зөвшөөрөлгүйгээр яагаад задлан шинжилгээ хийж, чандарласан юм бэ? гэдгээс бүх юм эхэлнэ. Үүнээс цааш мэдүүлэг байцаалт гээд бүгд шударга бус явагдсан ба тэр бүхнийг би нэг жилийн турш биеэрээ үзэж туулж явна.

Нэг жилийн турш болсон бүхнийг ерөнхийд нь бичлээ. Мөн Солонгос захирал нь одоог хүртэл дүүгийн минь ажилласан цалин болох 12 сая воныг өгөөгүй.

Энэ хэргийг үнэн зөвөөр шийдэхэд минь туслаач. Биеэ хамгаалах чадваргүй ганц эмэгтэй надад ч гэсэн юм хийчих вий гэж сүүлдээ айж байна. Орь ганцаараа хүний нутгаас дүүгийнхээ амийг нэхэж яваа надад элэг нэгт ахан дүүс минь туслаач. Би энэ хэргийг Солонгосчууд дунд нь ил гаргамаар байна. Өөрсдөө энэ шударга бус үйл явдлыг хэрхэн шүүхийг хармаар байна. Солонгосчууд худалд хатуу ханддаг гэх. Тэр хатуу нь одоо л хэрэгтэй байна. Би цаашид яах ёстой вэ?

Эгч Болормаа. 2022.06.10

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Дотоод

Ц.Хулан хорих ангиас захидал бичжээ

Published

on

By

Яруу найрагч Цоодолын Хулангийн цагдан хорих ангиас ард түмэндээ хандсан мэдэгдэл бичсэнийг хүргэж байна.

Эх болсон ард түмэндээ хүргэх сонордуулга

Эх орон газар шороо, ард түмэндээ халуун хайртай эгэл яруу найрагч эмэгтэй намайг эх орноосоо урвасан гэх аймшигт гэмт хэрэгтэн мэтээр яриад байгаагийн цаад бодит үнэнийг хэлэх цаг болов.

Хуулийн байгууллага “хэрэг”-ийг шуурхай шалгаж олон түмэнд үнэнийг хэлэх байх гэж найдсан минь талаар болж хэвлэл мэдээлэл, сошиалаар гүтгэн гүжирдсэн, бодит байдлыг гуйвуулж намайг гадаадын тагнуулын байгууллагад элссэн, улсын нууцыг дамжуулсан гэх гүтгэлгийг зориуд тарааж, миний гадаад ертөнцтэй харьцах,

үнэнийг олон нийтэд хүргэх бүх боломжийг хааж Монгол -Хятадын харилцааны тодорхой асуудлаар байр суурийн ялгааны золиос болж байгаа мэтээр ярьж, хэвлэл мэдээлэл телевизээр гэмт хэрэгтэн гэж зарлагдсаар гурван сар шахам шоронд сууж байна.

Би гэр бүл, ээж аав, үр хүүхэд тэр ч байтугай өмгөөлөгчтэйгөө шилний цаанаас ТЕГ-ын хяналтын дор утсаар хэдэн үг сольж байна. Би эх орондоо хайртай, ард түмэндээ хайртай гэдгээ уран бүтээл, ажил үйлсээрээ байнга илэрхийлж ирсэн.

“Цэцгийн толгой тасаддаггүй үртэй байхыг хүснэ

Цэцдийн толгой авдаггүй төртэй байхыг хүснэ” гэсэн чин хүсэл минь биелсэнгүй, олигархийн мөнгөөр угжуулсан төрийн машинд толгойгоо тасдуулах цаг минь ирж байх шиг байна.

Монголчууддаа гурван зүйл хэлэхийг хүснэ.

Би гадаадын тагнуулын байгууллагад элсээгүй, тэдэнд ажиллаагүй.

Монгол Улсын нууцын ямар нэг баримттай хэзээ ч танилцаж байгаагүй, хэнд ч ямар нэг бичиг баримт дамжуулаагүй.

Баяны хүүхэд Х богд болохыг эсэргүүцэж өөрийн байр сууриа 2016 оноос олон нийтэд ил тод хэлж байсныг минь монголчууд мэднэ.

Эх орныхоо эрх ашгийн төлөө хэлсэн үг, хийсэн тэмцэл, уран бүтээлийг минь гуйвуулж хэлмэгдүүлж байна. Өвөрмонголд миний ном, бүтээл хэвлэгдэх бүр оюутан цагийн найз нөхөдтэй уулзаж уран бүтээл, ажил хэргээ ярилцаж байсныг минь гэмт хэрэг болгох гэж мушгин гуйвуулж байна.

Миний бие хүнд өвчтэй, удаа дараа мөрдөн байцаалтын явцад ухаан алдаж, эмнэлэгт хэвтэхэд хүрч байгаа ч би эрхээ хамгаалж өлсгөлөн зарлан тэмцэх болно гэдгээ мэдэгдье. Авлигад живсэн Монголын улстөрчдөд эх орноо гэсэн сэтгэлтэй бүсгүйн амь хэрэгтэй бол би амuа өгөхөд ч бэлэн байна.

Continue Reading

Дотоод

Хэрэм жилд 1000 мод тарьдаг. Тэднийг хайрлая

Published

on

By

Эмэгчин хэрэм хэрвээ нялх хэрэм олвол түүнийг зогсолтгүй хооллож, тэжээж , арчилж яг л ээж шиг нь 3 бүтэн өдрийн турш тэтгэдэг. Энэ хугацаанд ээж аавыг нь хайна , судалгаа явуулж үнэхээр ээж аавгүй гэдгийг тодруулж тогтоодог байна.

Тэгээд өргөж өөрийн гэр бүлийн гишүүн болгодог гэжээ. Эр эм хэрэмнүүд маш энхрий, романтик хосууд гэнэ.. эр нөхөр нь хоол олохоор яваад эргэж ирэхдээ заавал эхнэрээ үнсдэг дээр нь хоол хүнс авчирхаас гадна эхнэртээ зориулж хамгийн сайхан цэцэг, хамгийн том самар, жимс гээд бэлгээр бол булдаг гэнэ.

Хэрэмнүүд үнэнч ийм сайхан гэр бүлээс гадна жилийн турш нууж газар булж нөөцөлсөн бүх самар , үр жимснийх нь талаас илүү нь өөрсдөд нь биш харин биднийг баясгаж байгаа ой мод болж ургадаг гэнэ. Амьтад зүгээр ч нэг амьтад биш өөрийн гэсэн ухаантай заримдаа хүн биднээс ч дээр юм шиг.

Continue Reading

Дотоод

Монгол улсын жудочид Антальяагийн “Их дуулга” тэмцээнийг зорилоо

Published

on

By

Монголын улсын Жудо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид энэ сарын 31-нд Турк улсад зохион байгуулагдах Антальяагийн “Их Дуулга”-д өрсөлдөнө. Катарын нийслэл Дохад 5-р сарын 7-нд эхлэх Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө зохиогдож буй тус тэмцээнд 85 орны эрэгтэй 350, эмэгтэй 266 нийт 616 жүдоч өрсөлдөхөөр мэдүүлгээ өгсөн байна. 

Антальяагийн “Их Дуулга”-д өрсөлдөх Монгол улсын жудочид:

Эрэгтэй:

60 кг: Э.Ариунболд, Б.Цогт-Очир

66 кг: Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр

73 кг: Ц.Цогтбаатар, Б.Эрдэнэбаяр

81 кг: Г.Болор-Очир

90 кг: Г.Алтанбагана

-100 кг: Б.Гончигсүрэн

+100 кг: О.Цэцэнцэнгэл

Эмэгтэй:

48 кг: Г.Наранцэцэг, Б.Баасанхүү

52 кг: Л.Сосорбарам

57 кг: Л.Энхрийлэн, М.Ичинхорлоо

63 кг: Б.Ганхайч

70 кг: Б.Баасанжаргал, Б.Ням-Эрдэнэ

+78 кг: А.Адъяасүрэн

Continue Reading

Онцлох мэдээ

DMCA.com Protection Status