Connect with us

Дэлхий

Австрийн хатан хаан ба жүжигчин хоёр Сисигийн хувь тавилан

Published

on

Австрийн нэрийн хуудас болсон Роми Шнайдерийн жинхэнэ нэрийг Розмари Альбах Шнайдер гэдэг. Түүний судсаар Австрийн театрын хэдэн үеийн жүжигчдийн цус гүйж байлаа. Авьяас, алдар нэр, хөрөнгө мөнгөөр дутаагүй явсан Роми Шнайдер хувийн амьдралдаа аз жаргалтай байсан гэж хэлэхэд хэцүү. Эцэг, эх хоёр нь салсныхаа дараа охиноо католик сүмийн асрамжийн газар өгсөн аж. Уйтгартай сүм хийдийн нарийн дүрэм горим, ёсорхуу хүмүүжүүлэгч багш нар Ромид огтхон ч таалагдсангүй.

Тэр 15 нас хүрэв үү үгүй юу асрамжийн газраас гарчээ. Уг нь Роми зураач болохсон гэж мөрөөддөг байлаа. Гэвч түүнийг асрамжийн газраас гарсных нь дараа ээжийнх нь ажилладаг байсан театрын продюссер түүнд “Голт бор цэцэглэх цагаар” гэсэн жүжигт тоглох санал тавьсан аж. Багаасаа театрын уран бүтээлтэй танил болсон Роми ч энэ саналаас татгалзсангүй. Хэдийгээр түүнд туслах дүр ногдсон ч гэсэн Роми өөрийгөө жүжигчин болох ирээдүйтэй гэдгээ харуулж чаджээ.

Дараа нь түүнийг “Галын наадам” кинонд тоглуулсан аж. Энэ үеэс тэрээр Роми Шнайдер гэдэг уран бүтээлийн хоч нэртэй болсон байна. Роми шиг урлагийн ертөнцөд хурдан алдаршсан жүжигчин ховор гэдэг. Түүнийг амжилтад хүрэхэд хэзээнээс алдартай чинээлэг удам угсаа, хээнцэр царайлаг дүр төрх, авьяас чадвар нь нөлөөлжээ. Киночдын дунд “инээдтэй өгөөмөр сэтгэлтэй хүн” гэж яригддаг махлаг тарган найруулагч Эрнест Маришка Ромид зориулж, “Хатан хааны залуу нас” гэдэг кино роман бичжээ.

Эзэн хаан Франц Иосифийн хатан болсон Австри-Унгарын гүнж Елизавета Габсбургийн амьдралаас сэдэвлэн бүтээсэн уг зохиолын орь залуухан гүнж Сисигийн дүрийг бүтээх аз Ромид тохиожээ. Ордныхны элдэв адал явдал, тансаг үдэшлэг цэнгүүнээр элбэг, олон сайхан дүртэй энэ кино герман хэлтэн орнуудад дорхноо алдаршсан аж. Роми эрчүүдийн зүрх сэтгэлийг ч булаах болов. Үеийнх нь залуус түүний хойноос хөл алдан гүйцгээж эхэллээ. Хүүхэлдэйн киноны алдарт уран бүтээлч Уолт Дисней түүнийг “Энэ дэлхийн хамгийн сайхан бүсгүй” хэмээн олны өмнө зарлажээ.

Хойд эцэг Герберт Блатцхайм нь Ромид Лугано нуурын эргийн үзэсгэлэнт шилтгээн бэлэглэсэн гэдэг. Түүний орлого бараг цагаар өсч, дэлхийн  хамгийн баян бүсгүйчүүдийн нэг болсон юм. Гэвч тэр “алтан торонд” орсон шувуухай шиг амьдарч байв. Ээж, хойт эцэг хоёр нь түүнд тусгай цагийн хуваарь гарган өгч, алхам тутмыг нь хянадаг байлаа. Тэр ч байтугай сонин сурвалжлагчидтай зарим үед Ромиг төлөөлж уулздаг байсан гэдэг.

“Алдар нэр, мөнгө хоёр бол зэрэглээ юм. Үзэгдээд өнгөрөх зэрэглээг алдалгүй сайн харж ав” гэж ээж нь хэлдэг байв. Сэтгэл сайтай хэдий ч мөнгөнд маш хямгатай ханддаг хойд эцэг нь Ромиг үрэлгэн загнаж болохгүй гэж цаг ямагт захидаг байсан нь түүнийг залхааж орхисон байна. Роми хорин настайдаа “Кристина” гэдэг киноны гол дүрд тоглохоор Франц явжээ. Түүнийг эцэг, эх хоёр нь мөн л дагалаа. Харин тэр Францад Ален Делонтой танилцжээ.

Царайлаг, язгууртан төрхтэй ч элдэв муу явдлаараа кино урлагийнхан дунд зартай Ален Делон Ромийн гэрийнхэнд таалагдсангүй. Гэвч Ромид тэдний үгийг сонсох сөхөө байсангүй. Ердөө жилийн дараа Ален Делоны эхнэр болохоор шийдсэн гэдэг. Эцэг, эх нь дуулгаваргүй охиноо залхаахын тулд түүнд зөвхөн халаасны мөнгө өгсөн байна. “Эд хөрөнгөгүй, боловсролгүй, бүдүүлэг залуу чиний сэтгэлийг татах болсонд маш харамсаж байна. Тийм болохоор чи томоожсон хойноо бүх хөрөнгөө эзэмших эрхтэй болно” гэсэн хүйтэн үгтэй захидлыг аав, ээж хоёр нь түүнд илгээжээ. Роми Шнайдер тэдний үгийг хайхарсангүй. Ален Делонтой цуг Парисын ядуучуудын хороололд байр хөлслөн амьдрах болжээ. Тэд эхний үед аз жаргалтай байлаа. Хосод кинонд тоглох санал тасралтгүй ирдэг байсан тул тэд мөнгөөр гачигдсангүй. Аль аль нь кино урлагт “одтой” байлаа. Роми 1963 онд Холливудад очжээ.

Дэлхийн кино урлагт ид алдаршиж байсан найруулагч Лукино Висконти, Рене Клеман нарын кинонд тоглож, олон улсын Каннын наадмын шагналыг хүртэж явсан Ромид Холливудынхан элэгсэг хандсангүй. Түүнд голдуу туслах дүр өгч, сайшаахаасаа зэмлэх нь их байлаа. Хэрэв Роми бага зэрэг тэсвэртэй хүлээж, Ален Делон гэдэг нэг хүн Парист байгааг мартаж чадсан бол Холливудад түүний азын тэнгэр гийх байжээ. Харамсалтай нь, Роми шинэ киноны гол дүрд тоглох урилга авсан тэр өдөр Ален Делоны цайвар шаргал үстэй хүүхэнтэй цуг авахуулсан зураг сонинд гарчээ.

“Хайр дурлал уу, эсвэл шохоорхол уу?” гэсэн гарчигтай уг зургийг харангуутаа Роми Парис руу нисчээ. Парист очоод ч нэмэр байсангүй. Ален Делон Натали Бартеле гэдэг бүсгүйтэй гэрлэхээр шийдсэнээ түүнд шууд хэлсэн гэдэг. Роми сэтгэлээр удаан унасангүй. Берлинд соёлын төв нээх ёслолын ажиллагааны үеэр найруулагч Харри Мейентэй танилцаж, түүнийг эхнэрээс нь салгаж суусан аж. Тэд гэрлээд Давид гэдэг хүү төрүүлжээ. Эхэндээ хосууд мөн л жаргалтай байлаа. Харри Мейен кино урлагт алдарших тусмаа архи уух нь ихсэв.

Тэр архи уугаад зогсохгүй үе үе Ромид гар хүрэх болов. Яг энэ үед Роми Ален Делон хоёрыг дахиад кино урлагийн ертөнц учруулжээ. Ален Делон Ромигоос уучлалт гуйж, түүнийг мартаж чаддаггүй гэж хэлсэн нь бүсгүйг уярааж орхив. Хэрэв түүний амьдралд хорин дөрвөн настай царайлаг нарийн бичиг, жолооч  Даниэль гэдэг залуу тааралдаагүй бол Ален Делон тэр хоёрын харилцаа яаж ч өөрчлөгдөж мэдэхээр байлаа. Энэ удаа Роми Шнайдер Даниэльд дурлаж орхив. Удалгүй нөхрөөсөө албан ёсоор салж, Даниэльтэй суужээ.

Даниэльтэй гэрлэснийхээ дараа нэг охин төрүүлсэн аж. Амьдрал нь ч нэг хэсэгтээ тогтвортой, өөрөө ч жаргалтай байлаа. Гэтэл хүүгийнх нь эцэг, салсан нөхөр нь Ромигийн хүзүүний ороолтоор хоолойгоо боож амиа хорлосон тухай мэдээ дэлхийгээр нэг тарав. Энэ явдлаас хойш хэдхэн жилийн дараа хүү Давид нь гэнэтийн ослоор нас баржээ. Шил шилээ дарсан таагүй явдлын улмаас Роми архи ууж, тамхи татаж, нойрны эм хэрэглэх болов. Хоёр дахь нөхөр нь түүний ааш авирыг тэсч чадалгүй аажмаар холджээ. Зол болж “Дурлалын хий үзэгдэл” гэдэг киноны зураг авалтаар Италид явж байх үедээ Лоран Петен гэдэг өөрөөсөө дүү залуутай танилцсан нь түүнийг мухардмал байдлаас гаргасан байна. Хэдийгээр Роми эмх замбараагүй амьдралтай болсон ч Лоран Петен түүнийг орхисонгүй.

Хаврын тэр нэгэн шөнө Роми бичгийн ширээнийхээ ард хүүгийнхээ зургийг харж суусан чигээрээ өөд болжээ. Сонин хэвлэлд алдарт жүжигчнийг амиа хорлосон хэмээн мэдээлсэн аж. Харин эмч нар түүнийг зүрхний шигдээсээр нас барсан гэсэн дүгнэлт гаргасан байна. Роми Шнайдерийг оршуулах ёслолыг Ален Делон биечлэн хариуцаж, хүүгийнх нь хажууд нутаглуулжээ. Ален Делон Лоран Петенд хандан “Миний хамгийн хайртай хүний дэргэд амьдралынх нь сүүлчийн өдрүүдэд цуг байсанд баярлалаа” гэж хэлсэн гэдэг.

Францтай суусан нь миний амьдралын хамгийн том алдаа байсан гэжээ

Хатан хаан Сиси буюу Элизабет Амалиа Евгениа нь 1837 оны 12 дугаар сарын 24-нд төрсөн юм. Кинон дээрээ гардаг шиг 15 настай Сиси ээж болон эгчийн хамт амралтанд явснаар Австрийн эзэн хаан 23 настай Франц Иосефийн ирээдүйн гэргий нь болсон юм. Хожим нь Францтай суусан нь түүний амьдралдаа хийсэн хамгийн том алдаа нь байсан юм хэмээн хэлсэн гэдэг.

Угийн эрх чөлөө, эршүүд зантай түүнд хатан хаан байна гэдэг амаргүй байсан аж. Мөн хадам эх Софи түүний алхам бүрийг хянаж хүүхдүүдийг нь салгаж өөрөө өсгөж байсан нь түүний хүнд өвчин тусах, гэр бүлээсээ холдох шалтгаан болсон бололтой. Тэдний анхны охин Австрийн гүнж Софи нь хоёрхон насандаа аяллын үеэр нас барсан юм. Мөн түүнчлэн хаан ширээ залгах Рудолф ханхүү нь нууц амрагтайгаа хэрцгийгээр алуулснаас үүдэн сэтгэл санааны гүн хямралд орсон байна.

Сиси Австри-Унгарын харилцаанд томоохон үүрэг гүйцэтгэсэн бөгөөд XXI зууны Диана гүнжтэй түүнийг зүйрлэдэг билээ. Мөн тэрээр үзэсгэлэн гоо, биеэ авч явах байдал болон чамин хувцасладагаараа Европд даяар алдартай байсан аж.

Хамгийн харамсалтай нь 1898 оны есдүгээр сарын 10-ны өдөр 60 насандаа Хатан хаан Элизабет Шинэ Зеландад явж байгаад анархист үзэлтэй Луижи Лученийн гарт мод зоолгон нас барсан юм. Тэрээр хатан хааныг алсан шалтгаанаа “Хэний ч мэдэхгүй хэн нэгний амийг хороох нь сонирхолтой биш. Харин хэн нэгэн дээдсийн амийг авахыг л хүссэн юм” гэжээ.

Ийнхүү бидний танил Сисигийн үлгэрийн эхлэлтэй амьдрал ганцаардал, хяналт дүрэм журамд захирдсаар төгсгөл болжээ.

Түүний дүрийг дэлгэцэнд мөнхрүүлсэн жүжигчин Роми Шнайдерийн амьдрал ч дүрээсээ дутахааргүй гунигтай байсан нь харамсалтай.

Нууцлаг хатан хааны тухай таамаг болон түүхэн дуртгалууд олон байдаг ч тэдгээрийг үнэн бодитой гэх нотолгоо цөөн билээ.

Эх сурвалж: MNB.mn

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Дэлхий

Монголын 3 иргэн Тайландад хулгай хийж байгаад баригдлаа. Нэрс нь ил болов

Published

on

By

Тайланд улсын цагдаагийн албан хаагчид Суварнабхумигийн нисэх онгоцны буудалд өдөр болгон шахуу жуулчдын цүнхнээс мөнгө хулгайлдаг Монголын 3 эрэгтэйг баривчилжээ.

Нисэх онгоцны буудлын менежер Киттипонг энэ талаар хэлэхдээ цагдаа нар 37 настай Дамдин Жаргалсайхан, 51 настай Батболд Самбуу, 37 настай Батмягмар Уртнасан нарыг 3 сарын 24-ний өдөр B давхарт саатуулжээ.

Японы 2 эрэгтэй, Тайланд эмэгтэй, Канадын иргэн эрэгтэй нар түрийвч болон бэлэн мөнгөө алдсан талаар цагдааг гомдол гаргасан байдаг ба цагдаа нар хяналтын камер ашиглаж тэднийг илрүүлжээ.

Бичлэг дээрээс харахад Монголын 3 эрэгтэй 2 эмэгтэйтэй хамтарч байсан бөгөөд тэдгээр эмэгтэйчүүдийг мөн эрэн сурвалжилж байна. Зарим хохирогчид нь дөнгөж мөнгөө солиулаад байхдаа суйлуулсан байсан гэнэ.

3 эрэгтэй хулгай хийж байгаа хүнээ тойрон хүрээлэх үед эмэгтэй сэжигтнүүд хувцас ашиглан хохирогчийн үзэгдэх орчинг хязгаарлах замаар цүнхнээс нь бэлэн мөнгийг нь хулгайлсан байна. Зарим тохиолдолд тэд лифтэнд байхдаа тойрон хүрээлж байгаад цүнхнээс нь хулгай хийж байгаа нь бичигджээ.

Эх сурвалж: Bangkokpost.com

Continue Reading

Дэлхий

Гэрээсээ хоёр ч удаа нүүлгэн шилжүүлэгдсэн өвөөгийн сэтгэл “гунигтай, ганцаардмал” байна

Published

on

By

1964 оны Токиогийн олимпийн тэмцээнд зориулсан Үндэсний Стадион барих шаардлагын улмаас газар чөлөөлөлтөнд орж гэр бүлийнхээ хамтаар нүүх үедээ Кохэй Жинхо гунигтай байсан боловч үндэсний бахархал болсон тэмцээн болж буй учир Япон улсынхаа төлөө нүүсэн юм.

Гэвч 2013 онд түүнийг 80 настай байх үед нь Токиогийн 2020 оны олимпийн тэмцээнд зориулсан стадион барих зорилгоор дахин шилжих шаардлага гарсан нь хувь заяаны хачин эргэлт байлаа.

Тэр хагас зууны туршид эхнэр Ясукогийн хамтаар амьдарсан байрнаасаа дахин явах шаардлагатай болгох нь тэр. “Явахад үнэхээр хэцүү байлаа” гэж одоо 87 настай Жинхо ярив. “Би энэ байрандаа амьдралынхаа хамгийн урт хугацааг өнгөрүүлсэн” хэмээн хэлжээ.

Жинхогийн хувьд Япон улс хэт ойрхон олимп зохион байгуулж байгаа гэдэг утгаар нь 2020 оны олимпийг дэмжихгүй байгаа ба 200 орчим айлыг нүүлгэн шилжүүлэх зарлах хуудас нь гэнэт л гарч ирсэн хэмээн гомдоллов. Эдгээр нүүлгэн шилжүүлэлтэнд хамрагдсан иргэд ихэвчлэн өндөр настнууд байсан гэлээ.

“Ямар нэгэн хэлэлцээр юм уу, авч хэлэлцсэн зүйл юу ч байгаагүй. Ядаж л “таныг нүүлгэн шилжүүлэх хүсэлтэй байна, бидэнтэй хамтарч ажиллана уу” гэсэн бол бас өөр л дөө. Харин зүгээр л “Олимп болох гэж байгаа болохоор та явах шаардлагатай байна” гэх байдалтай хандсан гэв.

“Бидэнд ердөө л 170,000 иен (1,500 доллар) өгсөн. Энэ мөнгөөр юу хийж чадах билээ? Би зүгээр л инээчихсэн. Нүүхийн тулд бараг 1 сая иен (9000 доллар) зарцуулсан.

Токио хотын албаны хүмүүсийн хэлсэнээр иймэрхүү нөхцөлд 170,000 иен нь стандарт төлбөр хэмээн тайлбарласан байна. “Бид маш соёлтой байхаар бэлтгэгдсэн. Тус газарт ойр орших нийтийн орон сууцнууд байдаг” гэж нэрээ нууцласан албаны хүн хэлэв. “Гэхдээ урт хугацааны туршид амьдарсан хүнд жаахан хүнд туссан байж болох юм” гэлээ.

Эх сурвалж: РОЙТЕРС

Continue Reading

Дэлхий

ОХУ-ын иргэнийг Монгол руу нэвтрүүлэхгүй байгаа шалтгаан энэ ажээ

Published

on

By

ОХУ-ын иргэн Б.Баатар Хөшигийн хөндий дэх Чингис хаан олон улсын нисэх буудалд дөрөв хонож буй тухайгаа олон нийтийн сүлжээндээ бичжээ. Тэрбээр энэ тухайгаа өөрийн фэйсбүүк хуудсандаа:

“Чингис хаан олон улсын нисэх буудлын танхимд байна. Хилийн албаныхан Улаанбаатар руу оруулахгүй байгаа. Энд дөрвөн өдөр болж байна.

Би 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн нислэгийн тийзтэй байсан ч Казахстаны эрх баригчид намайг саатуулсны улмаас нисэхээс нэг өдрийн өмнө буюу 2023 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Оросын паспортын хугацаа дууссан. Ингээд би 02 дугаар сарын 23-ны өдөр нисэхээс аргагүй болсон юм. Энэ байдал яг л Стивен Спилбергийн “Терминал” кино шиг санагдаж байна.

Одоогоор Монголын хилийн албаны алба хаагчдаас салж дөнгөлөө, тэд намайг хүчээр онгоцонд суулгах гэсэн. Тэд үүргээ л биелүүлэхийг хичээж байгаа нь мэдээж, гэхдээ тэд Оросын сөрөг хүчний төлөөлөгчийг хөөж байна.

Намайг чирж гулдарч, арай л хүрмийг минь урчихаагүй. Ямар ч аргаар хамаагүй намайг явуулах тушаал авсан бололтой. Олон зуун зорчигчоос ч ичээгүй. Би бага зэрэг эсэргүүцсэн. Хүмүүс энэ үеэр зураг авч эхлэхэд тэд надаас холдсон. Намайг хоёр цаг харж зогсоцгоосон. Намайг эсэргүүцээд, гомдол гаргах юм бол шууд Орос руу явуулна гэж нэг офицер хэлсэн.

Би өчигдөр Монголын хилийн албаны даргын нэр дээр хүсэлт илгээсэн нь ямартай ч үр дүнд хүрлээ. Намайг албадан гаргах ажлыг пүрэв гараг хүртэл хойшлуулж.

Монголоос улс төрийн орогнол хүсэж байгаа монголчуудад Монголын эрх баригчид ингэж л хандаж байна. Намайг юу хийдгийг судалсан нь илт. Олон жилийн туршид ойрд монгол ард түмэн болон бусад орос биш уугуул иргэд, эзэнт гүрний олзонд байгаа цөөнхүүдийн эрхийн төлөө тэмцсэн Оросын сөрөг хүчний төлөөлөгчийг нутагтаа оруулахыг хүсэхгүй байна. Оросын эрх баригчдад таалагдахаар зүйл хийх гэж хичээж байгаа нь илт.

Монгол ард түмний өлгий, ардчилсан орон. Би дайн, дарангуйлал, хүний эрхийг зөрчигчдийг эсэргүүцдэг улс руу нисэж байна гэж бодсон. Гэлээ ч Монголд олон сайхан хүн байна. Огт танихгүй хүмүүс ч надад туслах санал тавьж, зарим нь энэ аюултай байдлаас гарахад тусалж байна” хэмээн бичжээ.

Д.Энхтайван: Бичиг баримтын зөрчилтэй хүнийг Монгол Улс руу нэвтрүүлэх боломжгүй

Энэ хүний талаар бид Хил хамгаалах ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга, хурандаа Д.Энхтайванаас тодрууллаа. 

-Монголын агаарын хил дээр Халимаг улсын иргэн дөрөв хонож байгаа тухай мэдээлэл тархлаа. Ямар шалтгаантай юм бол?

-Казахстан улсаас ирсэн ОХУ-ын иргэн байгаа. Хүннү Эйр компанийн Алматы-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 2022 оны 02 дугаар сарын 23-нд Монгол Улсад ирсэн. Түүний паспортын хугацаа дууссан учраас Монгол Улс руу нэвтрүүлэх боломжгүй, буцаах шийдвэр гарч, 02 дугаар сарын 27-ны онгоцонд суулгах гэсэн боловч суугаагүй.

-Тэгэхээр энэ хүнийг Монголд нэвтрүүлэх ямар ч боломжгүй гэсэн үг үү?

-Бидний зүгээс бол боломжгүй, бичиг баримтын зөрчилтэй хүнийг албадан буцаах журамтай. Харин ХЭҮК-оос хүний эрхийн талаас нь шийдвэр гаргавал нэвтрүүлнэ.

-Нэгэнт бичиг баримтын шаардлага хангахгүй байгаа учраас албадан гаргахад ямар хүндрэл үүссэн юм бол?

-Онгоцонд албадан суулгаж болох ч ч агаарын тээврийн компани нислэгийн үеэр аюулгүй байдал нөлөөлж магадгүй гэж болгоомжилж байна. Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцийн дагуу бичиг баримтын шаардлага хангаагүй зорчигч тээвэрлэж ирсэн бол тухайн агаарын тээврийн компани бүрэн хариуцдаг. Энэ дагуу Хүннү Эйр компани энэ хүнийг хариуцаж байгаа.

-Улс төрийн орогнол хүссэн гэх мэдээлэл байсан?

-Тэрийг бол бид мэдэхгүй гэсэн хариултыг өглөө. 

Эх сурвалж: Shuud.mn

Continue Reading

Онцлох мэдээ

DMCA.com Protection Status