Зөвлөгөө
Жирийн иргэн явж байгаан болов уу гэтэл улстөрч байжээ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа унадаг дугуй унаж эрүүл мэнддээ анхаардаг нэгэн. Тэрбээр иргэдэд уриалга болгох үүднээс дараах постыг оруулжээ.

“Зураг аваад өгсөн л юм чинь пост оруулна аа, яадын. Дулаарсан юм чинь дугуйндаа орсон. Өглөө орой гэрээсээ ажилруу бараг 5-хан минутанд очиж байгаа. Хүмүүсийн сануулснаар байнга хамгаалалтын малгайгаа өмсөж байгаа.

Дугуйн замтай газар дугуйн замаар, дугуйн замгүй газар машин байхгүй бол машин замаар, машин ихтэй бол явган хүний замаар… Турчихаж гэж хэлүүлэх ер нь бол дуртай байгаа” хэмээн өгүүлжээ.
Хүн төрөлхтөний бий болгосон гайхамшигт бүтээлийн нэг бол унадаг дугуй. Унадаг дугуй нь хүн төрөлхтөний амьдрал ахуйдаа хэрэглэж буй хамгийн түгээмэл тээврийн хэрэгсэл. 2005 онд Их Британи улсад явуулсан нэгэн асуулгаар унадаг дугуй бол 1800 оноос хойш хүн төрөлхтөний бүтээсэн хамгийн аугаа техник гэж үзсэн байдаг. Унадаг дугуй хамгийн түгээмэл тээврийн хэрэгсэл болж чадсаны нууц нь хямд төсөр, хөнгөн, зай бага эзэлдэг, түлш шатахуун хэрэглэдэггүйд оршино. Дугуй бол хөлийн булчингийн хүчээр хөдөлдөг тээврийн хэрэгсэл.
Ихэнхи унадаг дугуй хоёр дугуйтай, Гэхдээ гурав, дөрөв тэрч бүү хэл ганц дугуйтай ч бий. Унадаг дугуйг зориулалтаар нь олон ангилж болно. Жишээ нь зөвхөн хотын цардмал зам дээр явахад тохиромжтой ХОТЫН, бартаат замд унаж явах УУЛЫН, аялалд зориулсан ЖУУЛЧНЫ, бага зай эзэлдэг ЭВХЭГДДЭГ, уралдааны зориулалттай СПОРТЫН гэх мэтээр ангилдаг. Уулын дугуй бартаат замд найдвартай бол жуулчины дугуй ачааны даац сайтай байдаг. Хоёр ба түүнээс дээш тооны хүн суудаг дугуйг ТАНДЕМ гэж нэрлэдэг.
1800 оноос өмнөх үед хамаарах түүхийн сурвалжид унадаг дугуйны тухай бичигдсэн зүйл алга. Сэргэн мандлын үеийн суут эрдэмтэн Леонардо Да Винчи өөрийн сурагч Жакомо Капроттид илгээсэн захидалдаа унадаг дугуйг дүрсэлсэн зургийг хавсарган илгээж байжээ. Унадаг дугуйг 1800 оны үед Ефим Артаманов гэдэг тариачин эр зохион бүтээж Уралын нурууны Верхотурье гэдэг тосгоноос Москва руу аялсан гэдэг. Энэ нь хүн төрөлхтөний анхны дугуйн аялал гэж үзэж болно.
Оросын эзэн хаан Ефим Артамановыг дугуй зохион бүтээн аялсан эр зоригийг нь үнэлж хамжлагаас халсан гэдэг. Түүний бүтээсэн энэ дугуй одоо ОХУ-ын Нижный Тагил хотын музейн үзмэрт хадгалагдаж байна. Нижный Тагил хотын гудамжинд түүний энэ аяллыг олонд түгээх зорилгоор хүрэл хөшөө бүтээн байрлуулсан байдаг. Түүнээс хойш дугуйг улам боловсронгуй болгох олон оролдлогууд хийгджээ. Өнөөгийн бидний унаж буй дугуйг Rover гэж нэрлэдэг бөгөөд түүнийг 1884 онд английн зохион бүтээгч Жон Кэмп Старли зохион бүтээж 1887 оноос эхлэн үйлдвэрлэж эхэлжээ.
Rover дугуйны урд, хойд дугуйн хэмжээ яг ижил, хойд дугуйндаа хөтлөх арааг байрлуулсан байдаг. Жон Кэмп Старлигийн зохион бүтээсэн дугуйг хамгийн аюулгүй гэж хүлээн зөвшөөрөгджээ. Унадаг дугуй 1898 он гэхэд гар тоормозтой болсон бол 20-р зууны эхээр л хурдыг нэмэгдүүлэх зорилгоор араа солидог механизмтай болсон байдаг.
Монголд анхны дугуй 1900-гаад оны эхээр орж ирсэн бөгөөд анхны дугуйг нэрт эрдэмтэн С.Шагж гэх мэт хүмүүс унаж байсан бөгөөд тухайн үеийн нийгмийн элит давхаргын хэрэглээ болж байсан. Нийгмийн боловсролтой хэсгийн хэрэглээ болж байсан дугуйг яваандаа жирийн иргэд ч унах болсон.
Монголчууд бидний дугуй хэрэглэж ирсэн түүхийг гурав хуваан үечилж болох юм. Тухайлбал 1930-аад он хүртэлх үеийг дугуйн соёлтой танилцсан үе, 1930-аас 1970-аад он хүртэл оргил үе, түүнээс хойших үеийг зогсонги байдалтай үе гэж үзэж болно. Үнэхээр 1950,60,70-аад оны үед унадаг дугуй Монголчууд бидний гол унаа болж байв. Энэ нь тухайн үед автомашин цөөн, нийтийн тээврийн тогтолцоо сул, хүн амд хүрэлцээгүй байсан зэрэг тодорхой хэдэн шалтгаанаас болж байсан. 1980-аад оноос хойш нийтийн тээврийн үйлчилгээ сайжирч, хүн амын амжиргааны түвшин дээшилж насанд хүрсэн хүмүүс моторт дугуй, машин унаж эхэлсэн.
Унадаг дугуй нь хүүхэд, залуусын хэрэглээ болсон. Улаанбаатар хотын автозамын ачаалал их болсноор унадаг дугуйгаар явах нь аюултай болж дугуй хэрэглээнээс гарсан гэж үзэж болно. Тухайн үеийн хот төлөвлөгчид автозамын хажуугаар дугуйн зам тавихаа мартсан нь унадаг дугуйг Монголчууд мартахад нөлөөлсөн гэж хэлж болно. 21-р зуун гараад дугуйг сонирхогчдын тоо өсч дугуйгаар аялах сонирхолтой хүмүүсийн тоо Монголчуудын дунд нэмэгдэх болсон ч дугуй унах зам талбай байхгүй, хотоос гараад явах гэхээр зам харгуйгаа сайн мэдэхгүйгээс болоод олны хүртээл болж чадахгүй байна. Сүхбаатарын талбай дээр сүүлийн үед дугуй түрээсийн үйлчилгээ явагдаж байсан.
Олон хүүхэд залуус талбай тойроод дугуйгаар явж байна. Эндээс харахад Улаанбаатар хот орчимд дугуй аяллын бүтээгдэхүүнүүдийг бий болгон хүүхэд залууст сурталчлаад өгвөл дугуй сонирхогчид хамрагдах нь дамжиггүй. Тийм учраас энэ сул тал дээр аялал жуулчлалын байгууллагууд анхаарал тавьж ажиллавал нэг том зах зээлийг нээх боломж байгаа юм. Гэхдээ 1990-ээд оны үетэй харьцуулбал дугуйг сурталчилах олон ажлууд хийгдэж байна. Монголчууд бид дэлхийг дугуйгаар тойрсон цөөхөн ард түмний нэг.
Та бүхэн санаж байгаа байх 1980-аад оны сүүл, 90-ээд оны эхээр “Таван хуруу” багийн таван залуу Сүхбаатарын талбайгаас гараагаа эхлэн дэлхийг тойрох аялалд гарч монголын дугуйчдыг дэлхийд таниулж байлаа. Монголчууд бид дугуйтай холбогдсон үеэс л дугуй бидний амьдралын салшгүй нэгэн түүх болсон. Монгол улс дугуй унаж замын хөдөлгөөнд оролцогчдын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс замын хөдөлгөөний байдлын дүрмэндээ доорхи заалтуудыг оруулж өгсөн байдаг.
Уулын дугуйн аяллын төрөл Монголд нилээд хөгжиж байна. 1990-ээд оны сүүл үеэс эхэлж дугуйгаар аялагч гадаадын жуулчид Монгол орныг сонирхож эхэлсэн. Монголоор аялагч анхны дугуйчид бие даан аялагчид голдуу байлаа. Тэд ачаа бараа, майхан саваа дугуйны жижиг чиргүүл тэргэнцэрт ачаалж, аймаг хоорондын төв замаар аялдаг байсан. Тэд голдуу Хөвсгөл нуур, Говийн чиглэлд, мөн МУ-ын хойд хилээс өмнөд хил рүү явдаг байв. Аяллын компаниуд энэ төрлийн аяллыг тэр бүр зохион байгуулдаггүй байсан тул тэд аяллын хөтөчгүй, газрын зураг, луужин бариад аялдаг байсан.
Ингэж аялж буй ганцаарчилсан болон групп жуулчидтай замд олонтаа таарч байсан. Тэд голдуу монголын зам дэржигнүүр ихтэй, бас их элстэй хүнд замууд байна гэж хэлдэг байсан. 1995 онд шведийн дугуйчид Лас, Мортон нар Улаанбаатараас Ховд хүртэл 1420 км замыг уулын дугуйгаар туулж байв. Иймд дугуйн аяллыг болох төв замаас холдуулж орон нутгийн хээрийн замуудыг сонгож аяллаа зохион байгуулах нь хэрэгтэй. Монгол орноор дугуйгаар аялсан хэн бүхэн Монгол орныг уулын дугуйн орон юмаа.
Энд өндөр уул, өргөн тал, элстэй, шавартай, дэржигнүүртэй, дардан замууд нь бүгд байна. Энэ улс уулын дугуйчдын диваажин байна гэж шагшин хэлдэг. Сүүлийн жилүүдэд хямдаар аялах сонирхолтой бие даан аялагчид ч Монгол орныг хэвтээ босоо тэнхлэгээр хөндлөн гулд дугуйгаар туулах сонирхолтой болсон.
Дугуйн аяллыг дотор нь мэргэжлийн түвшнийх, сонирхогчийн түвшнийх гэж ангилж болно. Энэ түвшингээр ангилж маршрутаа хийх хэрэгтэй. Одоогийн байдлаар Монгол дахь дугуйн аяллууд нь газар орны бартаанаас хамаарч өдөрт явах зай нь 43 -110 км байна. Өндөр уулын бүсэд 43-65 км, дунд зэргийн бартаатай уулархаг газар оронд 60-80 км, тэгш тал газарт 60-110 км байна. Энэ зай хэмжээ нь дэлхийн бусад улс орнуудад хийгдэж буй дугуйн аяллын зай хэмжээтэй адил байна. Гэхдээ энэ зайг дугуйгаар аялагчдын дугуй унах чадвараас шалтгаалж өөрчилж болно.
Мэргэжилийн түвшиний болон дугуй сайн унадаг сонирхогч дугуйчдыг Алтай, Хангайн уулархаг бүс нутаг, Говийн бүс нутгуудаар аяллыг зохион байгуулбал тохиромжтой. Харин эхлэн сурагч болон дугуй унах чадвар сул сонирхогчдыг аль болох тэгш тал, даваа гүвээ багатай газар оронд аяллыг нь зохион байгуулж өгвөл зүгээр. Дугуйн аяллын дундаж хурдыг 15км/цагаар тооцож хийвэл бодит байдалд хамгийн сайн тохирно. Дугуйгаар явахад өдрийн үргэлжлэх хугацаа нь 6-8 цаг байвал зүгээр. Мэдээж энэ хугацаанд цайны завсарлага, өдрийн хоолны хугацаа орно.
Зуны улиралд аяллыг өглөө эрт эхлэж нар халж эхлэхээс өмнө дуусгаж байвал зүгээр. Дугуйн аялал маань өдөрт олон арван километр замыг туулдаг, дугуйчдын хоорондын зай дугуй унах чадвараасаа хамаараад олон километрээр сунадаг. Үүнийг зохицуулж өгөхийн тулд өндөр уул давааны орой дээр зогсч цайны завсарлага хийж группыг цуглуулж байх хэрэгтэй. Дугуйн аялалд нэг онцлог байдаг. Хүн дугуй жийж явахдаа хөлөрч маш их шингэн алдаж байдаг. Үүнийг нөхөхийн тулд аяллын үеийн усны хангалтыг сайн тооцоолох хэрэгтэй болдог. Усны хэрэглээ нь байгалийн бүс бүслүүрээс хамаарч өөр гарна.
Жишээ нь: Говь цөлийн аагим халуун бүсэд өдөрт нэг хүн дунджаар 8 литр, өндөр уул, уулархаг бүсэд дунджаар 5 литр ус хэрэглэдэг нь туршлагаас харагдсан. Дугуйн аяллын гол холбоо бол радио холбоо. Холбоо харилцаа сайн байх нь аяллыг амжилтай, осол эндэлгүй явуулах гол түлхүүр болж өгнө. Монголд голдуу дугуйчдын өмнө нэг чиглүүлэгч машин, дугуйчдын ард хамагч машин явдаг. Монгол орны хувьд замын тэмдэг, тэмдэглэгээ орон нутагт байхгүй тул салаа замууд дээр тэмдэг тэмдэглэгээг сайн хийж өгөхгүй бол дугуйчид төөрөх асуудал гарах нь энүүхэнд байдаг. Мэдээж чиглүүлэгч машин хамгийн чухал үүрэгтэй тул зам сайн мэддэг жолооч явах хэрэгттэй.
Хамагч машины хувьд замдаа ядарч сульдсан, аяллаа цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон аялагчдыг машиндаа суулгаж явах хэрэгтэй болдог. Дугуйгаар аялагчдад зарим нэг зүйлийг онцгой анхааруулах хэрэгтэй. Дээр өгүүлснээр аяллын үед хоорондын зай их сунадаг. Айл гэрийн хажуугаар гарах явцад дугуйчин руу нохой довтлох асуудал их байдаг. Нохой довтолсон үед хурд нэмэн зугатах биш харин дугуйнаасаа бууж өөрийгөө хамгаалах, суух гэх мэт зүйлсийг хэлж өгөх хэрэгтэй. Дугуйчидын асуудаг хамгийн түгээмэл асуулт замын мэдээлэл байдаг.
Ялангуяа өдөрт тууулах зай хэмжээ, гол горхи гатлах эсэх, уул давааны өндөр, хичнээн метрийн өндөр авах гэх туулах замтай холбогдолтой мэдээллээр хангах хэрэгтэй. Дугуйн замын мэдээллийг зохион байгуулагч компани нь гаргаж өгнө. Ихэнхи дугуйн аялал зохион байгуулдаг тур операторууд замын профайл, замын гайдбүкээр хангадаг. Замын профайлаас дугуйчин замын өгсөлт уруудалт,хичнээн даваа гүвээ дэвэх, хичнээн метрийн өндөрт аялахаа мэдэж авдаг бол замын гайдбүкээс хичнээн километр яваад хаашаа эргэх зүг чиг болон замын туршид таарах онцлог суурин, хашаа байшин, гол ус, нуур цөөрөм зэргийг мэдэж авна.
Дугуйн аяллын хамгийн гол үүрэгтэй хүн бол аяллын хөтөч. Монголд үндсэндээ дугуйгаар мэргэшсэн хөтөч бараг байхгүй гэж хэлж болно. Гадаад хэл, хөтчийн техник ур чадварыг сайн эзэмшсэн хөтөч олон байдаг ч адал явдалт аяллын хөтөч монголд цөөн байдаг нь аялал зохион байгуулагчдын хувьд тулгарч буй гол бэрхшээлийн нэг болоод байна. Иймд хөтчийн сургалт явуулдаг сургалтын байгуулгууд энэ тал дээр анхаарч ажиллавал адал явдалт аяллын төрлүүд Монголд хөгжихөд томоохон тус нэмэр болно.
Эх сурвалж: Mongolia Expedition
Зөвлөгөө
Тэтгэврийн зээлийг үр хүүхэд нь төлөх үүрэг хүлээхгүй. Учир нь

Хуульч, өмгөөлөгч Э.Золзаяатай ярилцлаа.
-Арилжааны банкнаас тэтгэврийн зээл авсан ахмад настнууд өөд болсон тохиолдолд зээлийг үр хүүхэд нь үргэлжлүүлэн төлдөг. Энэ нь хуулийн хүрээнд хэр зөв үйлчлэл юм бэ?
-1994 оны зургадугаар сарын 7-ны өдөр батлагдсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар өндөр насны тэтгэвэр, тахир дутуугийн тэтгэвэр, тэжээгчээ алдсаны тэтгэврийг Тэтгэврийн даатгалын сангаас даатгуулагч авах эрхтэй байхаар тусгасан байдаг. Уг хуулийн зургадугаар зүйлд өндөр насны тэтгэврийг даатгуулагчид өөд болсны дараагийн сар дуустал олгоно гэж заасан.
Мөн энэ хуулийн 26.1-т “Нийгмийн даатгалын байгууллага тэтгэврийг үйлчлэгч банкаар дамжуулан сар бүр олгоно” гэж заасны дагуу банкуудаар дамжуулан иргэдийн тэтгэврийг олгож байгаа юм.
Тэтгэврийн зээл нь банкны зээлийн нэг төрөл учраас банкнаас зээлийн үйлчилгээ авах иргэнтэй “Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйл, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгож холбогдох зээлийн гэрээг байгуулдаг.
Өөрөөр хэлбэл Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар даатгуулагчид тэтгэврийн зээл олгох, улмаар даатгуулагч өөд болсон бол уг зээлийг өвлөгч нь төлөх зохицуулалт байхгүй боловч хуульд заасны дагуу тэтгэврийг банкаар дамжуулан олгодог. Банк харин үйлчилүүлэгчтэйгээ Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль болон Иргэний хуулийн дагуу Зээлийн гэрээ байгуулан тэтгэврийн зээлийг олгож байна.
-Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар зээлийг өвлөгч төлөхгүй юм байна шүү дээ. Тэгвэл яагаад өнөөдөр өөд болсон өндөр настны үр хүүхэд зээлийг үргэлжлүүлэн төлөөд байдаг юм бэ?
-Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7, 20.8 дахь хэсгүүдэд “хамтран зээлдэгч” болон “хамтран үүрэг гүйцэтгэгч” гэх ойлголтуудыг хуульчилсан.
Хэрэв зээлдэгч мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.7-д зааснаар хамтран зээлдэгчтэй бол зээлдэгч өөд болсон ч хамтран зээлдэгч нь зээлийн гэрээнд түүний нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэдэг. Өөрөөр хэлбэл, зээлийг төлж барагдуулах үүрэг хүлээдэг.
Зээлийн гэрээнд заасан тохиолдолд банк нь өөд болсон зээлдэгчийн зээл, зээлийн хүүг төлөх хугацаа болмогц тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д зааснаар хамтран зээлдэгчийн дансан дахь мөнгөн хөрөнгөөс үл маргах журмаар төлүүлэх эрхтэй болчихдог. Банк тус хуулийн дагуу хамтран үүрэг гүйцэтгэгчийн дансан дахь мөнгөн хөрөнгөөс үл маргах журмаар төлүүлдэг. Хэрэв зээлдэгчийн банктай байгуулсан зээлийн гэрээнд хамтран зээлдэгч эсхүл хамтран үүрэг гүйцэтгэгч байхгүй бөгөөд зээлдэгч өөд болсон бол зээлийн гэрээ дуусгавар болно.
-Банкны энэ үйлдэл хэр зөв зохистой, шударга ёсонд нийцэх вэ?
-Тэтгэвэр авагч иргэн Тэтгэврийн зээл авахдаа банктай зээлийн гэрээ байгуулдаг. Гэрээ байгуулахад банкнаас хамтран үүрэг гүйцэтгэгчтэй байхыг шаарддаг тул жишээ нь хүүхдээ хамтран зээлдэгчээр оруулчихдаг. Ингээд тэтгэвэр авагч иргэн өөд болоход Зээлийн гэрээний дагуу хамтран зээлдэгч нь, эсхүл Иргэний хуулийн 515-538 дахь зохицуулалтын дагуу өвлөгч нь өвлөн авсан хэмжээгээрээ өвлүүлэгч буюу зээлдэгчийн банкнаас авсан зээлийг өөрийн өвлөн авсан хөрөнгийн хэмжээгээр төлөх үүрэг хүлээдэг.
Уг нь гэрээний дагуу үүргээ гүйцэтгэж байгаад зээлдэгч нь өөд болсон тохиолдолд зээл уг нь эрсдэл болж үлддэг. Харамсалтай нь банкны зүгээс бизнесийн ёс зүй, хууль тогтоомжийг зөрчиж, хүүхдүүдээс нь энэ зээлийг та төлөх үүрэгтэй, та төлөхгүй бол шүүхийн журмаар төлүүлнэ гэж айлган сүрдүүлэх байдлаар зээлийг төлүүлэх хандлага харагддаг.
Угтаа бол энэ зээлд банк, өндөр настан хоёр л оролцож байгаа. Субъект нь өндөр настан болохоос хүүхэд нь биш. Иргэдийг хууль мэдэхгүйг далимдуулж зээлийг төлүүлдэг. Нэг ёсондоо шууд зээлийг төлөх үүрэгтэй гэдэг ойлголт үүсээд удаж байна.
-Саяхан “Алтжин” компанийн захирал Г.Алтан өөд болсон харамсалтай явдал болсон. Өөд болсон хүний нэрийг дурдаж байгаа нь учир дутагдалтай ч зээлийн төлөлтийн тухайд хөндөх асуудал үүсээд байна. Тухайн хүн өөд болсноор холбогдох хэрэг нь хэрэгсэхгүй болсон гэж шүүхээс мэдээлж байгаа. Мөн улсад учруулсан хохирол нь ч холбогдогч өөд болсон учраас хэрэгсэхгүй болж байгаа гэсэн мэдээлэл бий. Хэрэв тийм бол банкны тэтгэвэрийн зээлийн дээрх асуудалтай харшлаад байна шүү дээ. Хуульч хүний хувьд та энэ талаар тайлбарлаж өгөөч?
-2017 оны тавдугаар сарын 18-ны өдөр батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар яллагдагч, шүүгдэгч өөд болсон тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй байхаар зохицуулсан байдаг. Шүүгдэгч, яллагдагч өөд болоод хохирогч, болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гарвал ердийн журмаар хэргийг хянан шийдвэрлэдэг. Ердийн журмаар хянан шийдвэрлэнэ гэдэг нь шүүх хуралдаан болж, гэм бурууг тогтооно гэсэн үг.
Мөн залилангийн шинжтэй гэмт үйлдэлд залилан хийсэн шүүгдэгч, яллагдагч өөд болсон тохиолдолд залилангийн аргаар олж авсан үл хөдлөх хөрөнгө эсхүл авто тээврийн хэрэгсэл ч гэдэг юм уу, үүнийг хууль ёсны өмчлөгчид нь шууд буцаан шилжүүлдэг зохицуулалтууд бий.
Гомдол гаргаад ердийн журмаар хэлэлцүүлэхээр шүүгдэгч гэм буруутай боловч хэргийг хэрэгсэхгүй болгоно, эд хөрөнгийн хохирол байвал Иргэний журмаар өвлөгчдөөс нэхэмжлэх боломжтой. Өвлөгч байхгүй мөн өвлөх эд хөрөнгө байхгүй тохиолдолд эрсдэл болоод дуусна гэсэн үг.
-Хохирлыг төлөхгүй байх хуулийн зохицуулалт байна гэж ойлголоо. Тэгвэл тэтгэврийн зээл аваад өөд болоход иргэдийн зээлийг хүүхдүүд нь төлдөг зохицуулалт яагаад байгаа хэрэг вэ. Шударга ёсны хувьд энэ хоёр агуулга зөрчилдөж байгаа хэрэг биш үү. Магадгүй талийгаач Г.Алтангийн кэйсээр тэтгэврийн зээлийг үр хүүхэд нь төлөхийг зогсоож болох биш үү?
– Тэтгэврийн зээлийг үр хүүхэд нь төлөх үүрэг хүлээхгүй. Ийм эрх зүйн орчин байхгүй. Хэрэв тэтгэврийн зээлтэй өндөр настанд орон сууц, газар, тээврийн хэрэгсэл гэх мэт өвлөгдөх хөрөнгө байгаа тохиолдолд энэ хөрөнгийг үр хүүхдүүд нь өвлөж авах хүсэлт гаргаж болно.
Ингэж гаргасан тохиолдолд тэр хүний өвлөсөн хөрөнгөтэй хамт бусдын өмнө хүлээж байгаа үүрэг, хариуцлага буюу банкны өр зээлийг өвлөж авна. Энэ хүрээндээ л төлж барагдуулна. Энэ утгаараа банкны өр зээлийг үр хүүхдүүд нь барагдуулж байгаа юм шиг харагдаж байгаа юм.
Түүнээс биш өвлөгдөх харилцаа үүсээгүй байхад банкны өмнө үр хүүхдүүд нь өөд болсон хүний өмнө өр төлбөр хариуцах ямар ч эрх зүйн зохицуулалт байхгүй. Харин хамтран зээлдэгч, батлан даагчаар Зээлийн гэрээнд гарын үсэг зурсан тохиолдолд Зээлийн гэрээний дагуу төлбөр төлөх үүрэг үүснэ л гэсэн үг.
Мөн ялгаагүй “Алтжин” компанийн захирал талийгаач Г.Алтангийн үр хүүхэд, эцэг эх гэх мэт хуульд заасны дагуу өвлөгч нарт өвлөгдөх эд хөрөнгө байхыг үгүйсгэхгүй. Тэр өв хөрөнгийг өвлөөд бусдад өгөх өр төлбөртэй шүүхийн шийдвэр байвал, тухайн шийдвэрийн дагуу төлөх үүрэг хүлээнэ.
Өөд болсон хүний ялыг түүний хамаарал бүхий эцэг эх, үр хүүхэд буюу өвлөгч нь тухайлбал торгох ял өглөө гэхэд ийнхүү ялыг хамааруулж өгнө гэсэн үг биш. Гэм буруутай гэдгийг тогтоогоод өөд болсон гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож болно. Гэхдээ учирсан хохирлыг хууль ёсны өвлөгчөөс хохирогч нь иргэний журмаар нэхэмжлэх эрх зүйн зохицуулалт нь нээлттэй байна.
Эх сурвалж: Өдрийн сонин
Зөвлөгөө
Өрхийн орлого тасалдвал хэдэн сарын хадгаламжтай байх ёстой талаар зөвлөлөө

Өрхийн төсөв, хадгаламж, хуримтлалын талаар эдийн засгийн ухааны доктор Лувсандоржийн Оюунтай ярилцлаа.
-Хадгаламжийн үнэ цэнийн талаар яриагаа эхэлье?
-Юунд зориулж хадгалах вэ гэдэг нь их чухал. Мөнгөний гэнэтийн хэрэгцээ гарах үед хэрэглэх гэж хадгалдаг. “Гай газар дороос, гахай модон дотроос”, “өвчин хэлж ирдэггүй, хийсч ирдэг” зэрэг үгнүүд мөнгөний гэнэтийн хэрэгцээ гардаг гэдгийг хэлээд байгаа юм. Эргэн тойронд эрсдэл ч гэж ярьдаг.
р нь хэзээ, юу болно гэдгийг хэн мэдэх билээ. Үүнд л зориулж хадгаламжтай байх хэрэгтэй. Манайхан “тэр өдрийн тэнгэр мэдэж, тэнэг миний заяа мэдэг” гэж амьдрах гээд байдаг. Энэ буруу.
Мөнгөтэй болж байж хадгаламжтай болно гэж байдаггүй. Хэрэглээнээсээ хэмнэж байж хадгаламжтай болдог. Үүнийг хүмүүс ойлгоосой гэж боддог. Хүмүүсээс “хадгаламжтай юу?” гэж асуухад орлого хүрэхгүй байна гэж хариулдаг. Тийм учраас би үүнийг хэлж байгаа юм.
-Ер нь хадгаламж, хуримтлал хоёрт ялгаа бий юү?
Маш их байна. Эдгээрийн зорилго нь өөр. Зорилгоороо ялгаатай байдаг. Хадгаламжийн зорилгыг дээр дурдсан. Хуримтлалын зорилго бол хөрөнгө, мөнгө, баялгаа нэмэгдүүлэх зорилготой.
Үйл үгээрээ “хуримт” гэсэн үгнээс гаралтай. Өсгөх, үржүүлэх санааг агуулж байдаг үг. Харин арилжааны банкинд хугацаагүй хадгаламж байдаг. Хүссэн цагтаа авч хэрэглэх боломжтой хадгаламж. Мөн арилжааны банкинд хугацаатай хадгаламж ч байдаг шүү дээ. Хүү нь өндөр. Хийсэн мөнгө нь илүү өснө гэсэн үг.
Ер нь бол санхүүгийн зуучлагч байгууллагууд банк, даатгал, брокер, диллер гэх мэт бүх байгууллагууд иргэдэд зориулж үйлчилгээ гаргадаг. Тэдгээрийн нөхцөлөөр дамжуулаад хүмүүс мөнгөө удирдахад нь тусалдаг.
-Та санхүүгийн боловсролын талаар яриад байна аа даа?
Тийм. Санхүү гэдэг нь мөнгөтөй холбоотой хүмүүсийн хоорондох харилцааг илэрхийлдэг. Хүмүүс цаг тутам, өдөр тутам санхүүгийн шийдвэр гаргаж байдаг. Наад зах нь энэ зардлыг гаргах уу, үүнийг худалдан авах уу, яаж орлого олох вэ, яаж орлогоо нэмэгдүүлэх вэ гэсэн хүрээнд шийдвэр гаргаж байдаг. Санхүүгийн боловсрол гэдэг нь товчоор бол мөнгө удирдах мэдлэг юм л даа.
-Дэлхий нийтийг хамарсан цар тахлын энэ үеэр хувь хүн хадгаламжтай байх нь ямар ач тустай вэ?
-Зарим хүмүүс 50:20:30 гэсэн дүрэм ярьдаг. Орлогоосоо 50 хувийг хэрэглээндээ, 20 хувийг хадгаламжиндаа, 30 хувийг хуримтлалдаа хийнэ гэсэн үг. Миний хувьд орлого гэнэт тасалдахад наад зах нь гурван сар хэвийн амьдралаа хангаад явах хадгаламжтай байх ёстой гэж үздэг.
Тэгээд гурван сарын дотор орлого олох арга замаа олох боломж гарах байх. Ер нь хадгаламжтай хүнд ийм эдийн засгийн хэцүү үед ямар ч хохирол байхгүй. Түүнчлэн стрессгүй амьдрах, амьдралынхаа наад захын хэрэгцээг хангах чадвартай байх, мөнгөөр гачигдахгүй байх боломжтой байна л гэсэн үг шүү дээ.
Товчоор хэлбэл, өөрийнхөө амьдралыг өөрөө хариуцна гэсэн үг. Амьдралын наад захын хэрэглээ гэдэг нь сар болгон төлдөг төлбөр, хэрэглээний зүйлсийн зардал. Нийт зардлыг тогтмол, хувьсах гэж ангилаад тогтмол дүнгээр төлдөг зардлуудад байр, утас, цахилгаан гэх мэт зардлууд заавал орно.
Мөн хоол, хүнсний зардлууд орно. Манайхны зарим нь тогтмол болон хувьсах зайлшгүй зардлын хэмжээгээ мэдэхгүй байх тал бий. Ийм үед асуудал нэлээд хүндэрнэ. Өрх гэр, хувь хүн, улс эх орон гурав адилхан субектүүд л дээ.
Тэгэхээр Монгол Улс яг энэ коронатай үед хадгаламжтай, тогтворжуулалтын ханатай байвал энэ эдийн засгийн эрсдэлийг хөнгөн даваад гарчих боломжтой. Улс орны тухайд ч гэсэн гэнэтийн тохиолдол болох тахал өвчин, үер ус, байгалийн үзэгдлүүд гарч ирдэг. Үүнд ч гэсэн зориулаад хадгаламжтай байх ёстой.
Ер нь хадгаламжтай үед амьдралын дархлаатай байдаг. Түүн шиг улс орон дархлаатай байх хэрэгтэй. Энэ тал дээр төр засгаас их анхаарч өөрийн улсын түвшин болон хүмүүсийг ч гэсэн хадгаламжтай болоход нь тусгай бодлого боловсруулах хэрэгтэй.
Зөвлөгөө
Эмч: Өдрийн цагаар богино хугацаанд нойр авах нь дараах нөлөөтэй

СЭМҮТ-ийн энэ удаагийн зөвлөгөө мэдээллийн цагаар “Нойр яагаад чухал вэ? Нойрны хямрал гэж юу вэ”сэдвээр тус эмнэлгийн сэтгэл заслын багийн эмч, сэтгэл засалч Л.Жавхлан зөвлөгөө, мэдээлэл өглөө.
Нийгэмд тулгамдаад байгаа олон асуудлын нэг нь сэтгэл зүйн асуудал тэр дундаа нойргүйдэл буюу “нойрны өөрчлөлт” нь түлхүү тохиолддог болоод байна. Нойргүйдэл үүсээд байгаа шалтгаан нь олон байдаг боловч энэ удаад хөл хорионы улмаас унтах, амрах, идэх хэмнэлийн горимд өөрчлөлт орсонтой холбоотой хүмүүс өдөрт шаардлагатай хугацаанд нойроо авч чадахгүй байгаатай шууд холбоотой болж байна.
Нойр гэдэг нь бие организм өөрийгөө болон мэдрэлийн эсээ амрааж буй байдал. Тэгэхээр бидний “нойрсож амрах” гэдэг үйл явц тодорхой хэмжээнд алдагдсанаараа бид бүхний бүтээмжит үйл ажиллагаа алдагддаг. Жишээ нь. Ажлын цагаар бүтээмж алдагдах, төвлөрч чадахгүй байх, шинэ санаа, хүсэл эрмэлзэл буурах зэрэг олон зүйлсүүд нойргүйдэлтэй холбоотой байх магадлал өндөр байдаг.
Нойргүйдэл үүсэх олон төрлийн шалтгаанууд байдаг.
Голцуу дадал үйлдэлтэй холбоотойгоор:
Хүний наснаас хамаараад унтах цаг харилцан адилгүй. Бага насны хүүхдүүд илүү олон цагаар унтдаг байхад нас ахих тусам унтах цаг бага болдог байна.
Нойргүйдлийг сэтгэл зүйн маш том өвчин гэсэн ойлголтууд түгээмэл байдаг. Гэтэл энэ нь олон шалтгаантай байдаг гэдгийг төдийлөн анзаардаггүй. Үүнд биеийн болон сэтгэл зүйн талаас нөлөөлнө. Биеийн талаас гэмтэл бэртэл, архаг хууч өвчнүүд нөлөөлдөг байхад сэтгэл зүйн талаас сэтгэцийн тулгамдсан асуудал (сөрөг стресс, айдас, түгшүүр, OCD, сэтгэл зүйн гэмтэл, дасан зохицолтын өөрчлөлтүүд гэх мэт), сэтгэцийн өвчин (F оношоор оношлогдсон), хувь хүний дадал үйлдэл зэрэг хүчин зүйлсүүд багтана.
Нойргүйдэл нь эргээд бие махбод болон сэтгэл зүйдээ сөргөөр нөлөөлдөг. Ковидоос үүдсэн айдас түгшүүрээс илүүтэйгээр хувь хүний дадал хэмнэл өөрчлөгдсөнтэй холбоотойгоор унтаж амрах болон ачаалах үйл явц нь өөрөө өөрчлөгдөөд байгаа.
Хүний нойрсох цаг харилцан адилгүй ч бид шөнийн нойрыг зайлшгүй авах шаардлагатай. Өнөөдрийн нойрыг маргаашын нойроор нөхөж болдоггүй учраас тухайн өдрөө шөнө унтаж амрах нь маш чухал байдаг.
Хөл хориотой холбоотойгоор бидний унтах цаг аажмаар өөрчлөлтөд орж байгааг бид анзааралгүй явсаар эрт сэрэх шаардлагатай болсон тэр үедээ эсвэл шалтгаангүй бие ядарч сульдаж байгаа нөхцөлд л ажиглаж эхэлдэг байна.
Оройтож унтах хэмнэлийг аажимдаа дадал болгосон шигээ аажим аажмаар эрт унтаж амардаг дадалтай болно. Харин шууд л хэмнэлээ нэг өдөр гэнэт огцом өөрчлөх нь тухайн хүндээ ч нилээн төвөгтэй асуудал болдог.
Нойрыг бүтцээр нь олон төрөлд ангилдаг.
Хөнгөн нойр (Rem sleep): Амархан унтаж, амархан сэрэх өөрөөр хэлбэл маш сэргэг унтахыг хэлнэ. Хөнгөн нойрноос аажим аажимдаа гүн нойр луу шилждэг.
Гүн нойр (Non-rapid eye movement sleep): Орчноо мэдрэх байдал нь харьцангуй бага, маш бат бөх унтах нь тодорхой хугацаанд үргэлжлэхийг гүн нойр гэнэ. Тус бүрдээ ач холбогдолтой.
Хөнгөн нойр авч чадвал бидний сэтгэл зүй харьцангуй тогтвортой байдаг бол хөнгөн нойр авч чадахгүй байгаа үед сэтгэл зүйн хувьд тогтворгүй болдог.
Гүн нойрыг хангалттай авч чадахгүй бол бидний бие махбод ядарч сульддаг. Өдрийн цагаар богино хугацаанд нойр авах нь сэтгэл зүйг тогтвортой болгож, тархийг амраадаг.
Гүн болон хөнгөн нойрны аль алийг нь авч байх шаардлагатай.
Нойр хүрэхэд унтаж амрахгүй л бол таны гүн нойрны хугацаа өнгөртөл таны нойр сэргэг байсаар байх болно. Таны бие ядарсаар байх болно.
Товчхондоо зөвлөхөд шөнө л сайн унтаж амарч байх хэрэгтэй. Өдөр болж өгвөл ачаалж байх хэрэгтэй. Өдрийн идэвх багатай цагаараа бага зэргийн хөнгөн нойр авах нь сэтгэл зүйд эерэгээр нөлөөлж байдаг.
Ялангуяа Азийн орнууд япон Солонгос хятад зэрэг улс орнууд цайны цагаар нь унтаж амрахыг зөвлөдөг. Энэ нь хөнгөн нойр авах хугацаа бөгөөд тухайн хүний сэтгэл зүй тогтвортой болж тархи амран илүү бүтээмжтэй ажиллахад тустай юм.
Нойр гэдэг бол таны амьдралын тодорхой хэмжээний буюу нилээн том орон зайг эзэлдэг дадал үйлдлийн нэг чухал хэлбэр юм. Зөв цагт зөв дадлийг хэвшүүлэх нь таны ирээдүй болон ирээдүйн бүтээмжид сайнаар нөлөөлнө.
-
Дотоод2 years ago
Жүжигчин Ундрал Жүр Үр-ээс “хөөгджээ”.
-
Дотоод2 years ago
Эдгээр байршлуудад 23-наас эхлэн хэсэгчилсэн хөл хорио тогтоож болзошгүй
-
Дотоод2 years ago
Хөл хорио зөрчсөн гэх мэдээлэлд ЕРӨНХИЙЛӨГЧ тайлбар хийлээ
-
Урлаг2 years ago
Бооёо худгаас ус авч явна. Тэр гэр хороололд амьдардаг болчихвуу?
-
Дотоод2 years ago
С.Эрдэнэцэцэг Далантайтай хайр сэтгэлийн холбоотой байсан эсэх талаар ярилцжээ
-
Урлаг2 months ago
Гавьяат Эрдэнэцэцэг Далантайтай хайр сэтгэлтэй байсан эсэх асуудалд цэг тавьжээ
-
Дотоод2 years ago
Аавдаа өргөсөн энэ зулыг маань 1000, 1000 аавууддаа зориулж ШЕЙР хийгээрэй
-
Дотоод2 years ago
Ч.Ганхуяг ямар вакцин хийлгэснээ зарлалаа