Connect with us

Урлаг

Жүжигчин Намуун халзан толгойдоо трико угалж байгаад үстэй болж

Published

on

Урлагаас удтал хөндийрсөн жүжигчин Э.Намуун Mass телевизийн Эгэл яриа нэвтрүүлэгт оржээ.

Намуун: Би бага байхаасаа л урлагт хайртай хүүхэд байсан. Цэцэрлэгт байхдаа даахиа авхуулчихсан халзан байсан юм. Тэгээд трико толгойдоо углаж байгаад урт үстэй болж хөшигний ардаас аав ээжээрээ зарлуулдаг.

Тэгээд гэр хүн орж ирэхээр л хөшигний араар орчихдог. Тэгээд тэддүгээр цэцэрлэгийн Энхбаярын Намуун гээд зарлуулж байгаад гарч ирээд дуулаад бүжиглээд явж байдаг хүүхэд байсан.

10 жилдээ ч гэсэн хичээл номондоо нээх дуртай биш, харин урлагын үзлэгт дуртай. Урлаг хөөгөөд явж байдаг хүүхэд байсан. Тэгээд ер нь багаасаа л урлагын хүн болно гээд СУИС-д орно гэж шийдээд яг тэр чиглэлээр хичээлээ илүү бэлддэг байсан. Жүжигчин болно гэхэд гэрийнхэн урлаг хэцүү гээд нилээн дургүй байсан.

Тэгээд би зөрсөөр байгаад СУИС-д конкурс өгөөд нэгдүгээр шатанд нь маш олон хүүхдүүдээс нилээн хэдэн оноогоор тасархай хол нэгдүгээр байранд жагсаж байсан. Тэгээд гэрийнхэн зөвшөөрч байсан юм.

Тэгээд хоёрдугаар шатанд нь баахан зохиол асуугаад, би сандраад. 10 жилдээ хичээлдээ нээх сайн байгаагүй юм чинь. Тэгээд яахав багш нар маань суурь өгөгдлийг маань хараад л намайг авсан байх. Тэрнээс биш тархи толгойны чадамжийг нь харж аваагүй байх аа /инээв/

Миний урлагын карьер бол To be or not to be шоунд орсноор эхэлсэн байх. Тэрэнд ороод л Мөрөөдлийн театраасаа урилга авч байсан. Тухайн үед Сосорбарам гуайн 1 сарын 16 ны шөнө гээд жүжигт гол дүрээр сонгогдож Х Түц продакшины том том мундаг жүжигчидтэй хамтарч тоглох завшаан гарсан. Дүр нь аймар характартай дүр байсан. Зүгээр бүгдийг нь загнаад загнаад явчихдаг. Тэгээд тэр том жүжигчидтэй тоглох чинь айхтар том даваа байсан.

Би сүүлийн 7 жил урлагаасаа хөндийрөөд яг ар гэр ахуй амьралаа зохицуулаад явсан. 7 жил гэдэг асар их хугацаа юм байна. Яахав өдөр хоног өнгөрөөд хүн амьдраад байдаг ч яг мэргэжлийн дадал маань удаан хугацаанд мартагдаад төсөөрчихдөг юм байна. Тэгээд яг юунаас эхлэхээ мэдэхгүй урлагаасаа маш их төсөөрчихсөн байсан.

Тэгээд сая 1 сараас Боловсрол телевизийн Бурханы авралаар чи ирлээ шоунаас урилга аваад тэгээд тэр шоундаа ажиллаад явж байна. Тэгээд бас гоё тохироо нь бүрдсэн гэж хараад байгаа. Яагаад гэхээр урьдчилан бэлдсэн зохиол биш яг тухайн цаг үед шоунд орж байгаа жүжигчидтэй хамтраад жүжиглэнэ гэдэг миний хувьд эргээд урлагтаа ороход их том дадал болсон.

Ээж байна гэдэг үгээр хэлшгүй сайхан мэдрэмж. Эх хүн болно гэдэг цаанаасаа л нэг амирлангуй байх ёстой ч юм шиг. Ямар ч байсан би оюутан байхдаа ээж болж байсан. 18 настай ээж болж байсан шүү дээ. Тэгээд би жоохон байсан болохоор ч тэр юмуу охиноос шууд ээж рүү орчихсон.

Тэгэнгүүт ээж болчихоор үрийнхээ төлөө гээд цаанаасаа шал өөр хүн болчихдог юм байна лээ. Би чинь их савсагнуур хамхуул шиг л байсан шд. Гэтэл ээж болоод цаанаасаа намба суугаад хүүхдийнхээ төлөө аймар хариуцлагтай байх ёстой гэж бодоод их залуугаасаа намба суусан.

Эрхмээ маань их халамжтай их зөөлөн хүн. Тэгээд халамжинд нь татагдаж байсан. Мөрөөдлийн театрт байхад чинь би чинь дөнгөж залуу жүжигчин байсан. Тэгээд манай Эрхмээ чинь тэр үед уран бүтээлчдээ хариуцаж ажилладаг байсан.

Уран бүтээлчиддээ зөвөлгөө өгч байгаа нь, тэр уран бүтээлчидээ халамжилж байгаа нь их тийм зөөлөн хүн. Тэгээд халамжлуулсаар байгаад дасчихсан юм уу даа.

Карьер бол мэдээж гоё. Гэхдээ карьер бол хэсэг хугацааны л үзэгдэл. Нас өтлөхөд, яг амьдралын мөн чанар тулаад ирэхээр карьер бол юу ч биш шүү дээ. Тухайн үеийн л өөрийн кайф байх. Тэгэхээр миний хувьд амьдралын үнэ юун дээр оршдог вэ гэвэл гэр бүл л гэж хэлнэ. Алга болсон цаг хугацааг хэзээ ч нөхөж чадахгүй учраас гэр бүлдээ гоё дурсамж бүтээх тал дээр анхаарвал зүгээр юм болов уу гэж боддог шд.

-Жүжигчин Э.Намууны хувьд уран бүтээлээсээ завсарлага аваад багагүй хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд сайн гэрийн эзэгтэй, сайн ээжийн үүрэгт илүү анхаарал хандуулах шиг боллоо. Жүжигчин Э.Намуунаар сүүлийн үеийн сонин сайхан ЮУ БАЙНА?

-2013 оноос Мөрөөдлийн театрт ажиллаж байсан. Театртаа хоёр жилийн турш ажиллаад 2015 онд гарч, гэр бүлдээ анхаарал хандуулснаас хойш таван жил уран бүтээлээс хол байлаа. Энэ хугацаанд сайн гэрийн эзэгтэй, сайн ээж, гэр бүлдээ анхаарал хандуулсан. Удахгүй уран бүтээлдээ эргэн орох гэж байна. Ирэх оны хавраас Эрхмээ бид хоёрын өөрсдийн хийж буй киноны зураг авалт эхэлнэ. Тэгэхээр ирэх оны намраас киногоо гаргана гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

Уран бүтээл рүүгээ эргэн орох гэж байгаа нь сайхан мэдээ байна. Гэхдээ нэлээдгүй хугацаанд гэр бүл рүүгээ анхаарал хандуулсны хувьд ар гэр маань цалгардах вий гэсэн болгоомжлол байгаа байх?

-Тийм ээ. Ер нь хүн гэдэг чинь их дасан зохицомтгой амьтан юм байна. Аливаад хурдан хугацаанд дасан зохицож амьдардаг гэх үү дээ. Эргээд уран бүтээл рүүгээ анхаарах гэхэд зарим талаар цалгардах зүйлс байна. Гэхдээ хүүхдүүд маань овоо том болчихсон, ганцхан нярай хүүхэдтэй байгаа учраас одоохондоо гайгүй л байна даа.

Гэр бүлийн хүнтэйгээ цуг хийж байгаа уран бүтээл гэхээр уншигчдын сонирхлыг татаж байгаа байх. Киноныхоо талаар нууц биш бол багахан мэдээлэл өгч болох уу?

-Кино маань цацагдах үед илүү дэлгэрэнгүй ярьж болох байх. Ямартай ч драмын чиглэлийн кино хийхээр төлөвлөсөн.

-Жүжигчин Э.Намууныг хувь хүн талаас нь басхүү урлагт хэрхэн хөл тавих болсон талаар мэдмээр санагдлаа. Ер нь жүжигчин мэргэжил өөрийн тань хүсэж “дурласан” мэргэжил мөн байв уу?

-Арван жилийн сургуулиа Нийслэлийн нэгдүгээр сургуулийн н.Цэрэнлхам багштай ангид суралцаж төгссөн. Сургуульд байхаасаа л урлагийн үзлэгт маш дуртай хүүхэд байсан. Ер нь манлайлах маягтай гэх үү дээ. Нөгөө ангийнхан маань надаас урлагийн үзлэгт юу хийх, ямар бүжиг бүжиглэх гэх мэт зүйлсээ асууна. Сургуулийнхаа 80 жилийн ойн бүжгийн зарим хэсгүүдийг тавьж байсан оролцоо бий.

Ахлах ангид орох үедээ ямар мэргэжлээр суралцахаас хамаарч тухайлсан чиглэлийн хичээлүүдийг сонгон суралцдаг шүү дээ. Тэр үед л би жүжигчин болно гэх шийдвэрээ гаргачихсан байсан. Ингэж яваад элсэлтийн шалгалтдаа бэлдэж, СУИС-ийн шалгалтад тэнцсэн. Тухайн үед СУИС ур чадварын шалгалт авдаг байсан юм. Би эхний шатандаа нэгдүгээрт жагсаж, хоёрдугаар шатандаа тэнцсэнээр урлаг гэх айлын хаалгаар орох боломж олдож байсан.

“Өмнөөс нь тайз дээр гарчихмаар санагдах үе ч байсан”

Их сургуульд байх үедээ “Tobe or not tobe” гэх телевизийн шоу нэвтрүүлэгт оролцсоны дараахан өөрийг тань олон нийт драмын театрын тайзнаа харах болов уу гэх хүлээлттэй байсан. Гэхдээ яагаад заавал “Мөрөөдлийн театр”-ыг сонгосон юм бэ?

-Би гуравдугаар курст суралцаж байх үедээ “Tobe or not tobe” гэх телевизийн шоу нэвтрүүлэгт оролцсон. Урлагийн салбар шалгуур маш өндөртэй учраас төгсөж гарч байгаа хүүхэд бүрт өөрийгөө таниулах боломж тэр бүр олдох нь ховор. Тиймээс бодлоготой тухайн тэмцээнд орсон гэх үү дээ.

Маш мундаг шүүгч нарын зөвлөгөө, шүүмжийг авсан. Тэр жил манай Мөрөөдлийн театрын бүрэлдэхүүнүүд хамтарч ажиллан, хөтлөгч хийж байсан. Жүжигчин мэргэжлээр суралцаж буй залууст драмын театрын тайзан дээр гарах зорилго байдаг. Миний хувьд яагаад ч юм драмын театр гэхээсээ илүүтэйгээр Мөрөөдлийн театрыг их сонирхож байсан. Тухайн үед “Мөрөөдлийн театр” шинээр байгуулагдаад удаагүй, анх гарч ирэхдээ шоу драм хийж эхэллээ хэмээн олон хүний сонирхлыг татаж чадсан л даа. Шоу драм гэдэг нь өөрт маш сонирхолтой, шинэлэг санагдсан. Драмын чиглэл үү чиглэл. Ингэхдээ зохиол дээр ажилладаг, мэргэжлийн жүжиг болгон тавьдаг гэх мэт.

Тухайн зохиолыг байгаагаар нь тавихын сацуу эвдэж шинэлэг болгож чаддаг, шинэ урсгал гэж харсан учраас Мөрөөдлийн театрт орох юм сан гэх зорилгыг өөртөө тавьсан байсан. Хоёрдугаар шатанд орох үедээ Мөрөөдлийн театрын хөтлөгч хийж байсан ах нарт “Намайг үзээрэй” гэх үгийг хэлчхээд орж байж билээ. Тухайн үед оюутан хүүхэд тэгж хэлэхээр гайхсан л байх. Удалгүй зорилго маань биелж , “Мөрөөдлийн театр”-т орох үүд хаалга нээлттэй гэж хэлж урьж байсан.

Мөрөөдлийн театраасаа гараад таван жилийн хугацаа өнгөрсөн байна. Гэхдээ энэ хугацаанд тус театр нэлээдгүй шоу драм, жүжгүүдийг үзэгч олны хүртээл болгосон. Тэр бүрт хэрвээ би энэ тайзан дээр байсан бол гэх сэтгэгдэл төрж байв уу?

-Байлгүй яахав. Уран бүтээлч хүн бүрт доторх ГАЛ гэж зүйл байдаг шүү дээ. Өмнөөс нь тайз дээр гарчихмаар ч юм шиг аль эсвэл тоглолт эхлэхийн өмнө нээлтийн ая явахад догдлох гэх мэт үеүүд ч байлгүй дээ. Эрчимтэй ажиллаж байгаад уран бүтээлээсээ холдоход эхний 1-2 жилийн хугацаанд эвгүй байсан.

“Карьер бол зуурдынх, гэр бүл бол үүрдийнх”

-Жүжигчин Г.Эрхэмбаяртай гэр бүл болж, амьдралаа холбоод багагүй хугацаа өнгөрсөн. Ер нь адилхан жүжигчин мэргэжилтэй хүний хувьд гэр бүлдээ хэрхэн цаг зав зарцуулж чадаж байна вэ?

-Уран бүтээлээс түр холдсон таван жилийн хугацаанд би нэг зүйлийг ойлгосон. Хүний амьдралын хамгийн чухал зүйл нь гэр бүл. Ажил, мэргэжлийн карьерийг хүн хэзээ ч бий болгож чадна. Олон жилийн турш, тасралтгүй уран бүтээл хийснээрээ карьер өснө гэж байхгүй. Нөгөөтээгүүр, үнэхээр мундаг, авъяас чадалтай нэгэн ганцхан өдрийн дотор ч карьер нь өсч болно.

Бүтээсэн карьер хэзээ ч унаж болно. Тэгэхээр карьер гэдэг бол үзэгдэл ч юм шиг санагдсан. Харин хүний амьдралд үүрд байх хамгийн чухал гол цөм нь гэр бүл.

Хоёр талаасаа нийлсэн гэр бүл гэж их ярьдаг л даа. Энэ гэр бүлээ нэг бүл, нэг цөм болгоод авчихсан гэхлээр таван жилийн хугацаанд маш том ажил амжуулсан гэж боддог.

-Магадгүй олон нийтийн зүгээс таниас хариулт авахыг хүсдэг зүйл бол гэр бүлтэй холбоотой асуудал. Нэг хэсэг хэл ам, дайралтуудад ч өртөөд амжсан. Хэрвээ цааргалахгүй бол та албан ёсоор хариулт өгч болох уу?

-Тухайн үед дайралтууд маш их ирж байсан шүү дээ. Эхэндээ хүн хямардаг л юм билээ. Яагаад миний дэргэд байгаагүй байж, бидний хажууд харж, үзсэн мэтээр ярьж байхад нь хямарсан. Сүүлдээ дасан зохицсон ч гэх юм уу. Хүн бүр л асуудаг л даа. Тэр бүрт нь хариулаад, тайлбарлаад явах боломжгүй шүү дээ. Хоёрдугаарт, өмнөх амьдралыг нь хүндэлж, энэ тэгсэн, тэр тэгсэн гээд байх хэрэггүй гэж боддог.

Албан ёсоор бэр гуйсны дараа н.Ганболд гэх айлд бэр болж очиж, бид цугтаа амьдарсан. Хүүхдүүд маань төрсөн ах, дүү юм шиг л эвтэй найртай амьдарч байгаа. Тэрнээс өмнө юу болсныг ярих албагүй шүү дээ. Тэнд өөр хүний амьдрал ч байгаа. Хэн хэндээ сайн сайхныг хүсээд л явж байна.

Энд бас нэг зүйлийг дурдах нь зүйтэй. Урлагийн хүмүүсийг жаахан нэр алдарт гараад ирэхээрээ эхнэрээ сольдог, бие биетэйгээ гэрлэдэг гэх мэтээр ташаа ойлголт, хандлагатай явах хүмүүс их байдаг. Гэвч бүх салбарт л гэр бүл салалт, нийлэх гэх мэт асуудал байдаг. Харин урлагийн хүмүүс олон нийтийн өмнө “амьдардаг” учраас энэ мэт өрөөсгөл ойлголттой явдаг болов уу гэх бодол төрдөг.

-Залуу гэр бүлийн хувьд баримталж явдаг зарчим бий юу?

-Аав, ээж болсон л бол үр хүүхдүүдийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарладаг байх ёстой. Цаашилбал энэхүү үүрэг хариуцлага ганцхан үр хүүхдийнхээ өмнө бус аав ээж, ах дүү, төрөл төрөгсөд бүхий л хүмүүс хамаатдаг. Тиймдээ ч бид хоёр алхам тутамдаа ярилцдаг. Ер нь хосууд бие биетэйгээ ний нуугүй ярилцдаг байх нь эргээд гэр бүлд ямар нэгэн асуудал, маргаан гарахгүй байх эх үндэс болох юм шиг санагдсан. Мэдээж нэг нэгнээ хүндлэх хүндлэл байх ёстой.

Мөн хүүхдүүдийнхээ үзэл бодлыг хүндэтгэхийг чухалчилж үздэг. Хүүхэд бүр өөр өөрийн ертөнцтэй. Тэр бүрийг хүндэлж, тохируулж харьцаж, ярилцаж байвал илүү нээлттэй, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг болох байх гэж боддог.

“Мөрөөдлийн театрт буцаж орохгүй. Кино уран бүтээл рүү шамдах бодолтой байгаа”

-Ер нь “Мөрөөдлийн театр”-таа буцаад орох бодол бий юу?

-Урлаг бол хатуу шүү дээ. Нэг гарсан бол асуудал байхгүй /инээв/. Тиймээс Мөрөөдлийн театрт буцаж орохгүй. Одоогоор кино уран бүтээл рүү илүү шамдах бодолтой байгаа.

-Мэргэжил бүр өөр өөрийн давуу тал, түүнээс авах онцгой мэдрэмжтэй. Таны хувьд жүжигчин гэх мэргэжлээс л авч чадах мэдрэмжийг тодорхойл гэвэл хэрхэн тодорхойлох вэ?

-Хүн дуртай зүйлээ хийж байхдаа ядрахаа ч мэддэггүй гэдэг шүү дээ. Магадгүй тэр бүхэн нь ч надад аз жаргал болж ирдэг. Ажлыг би цалинтай хобби гэж боддог. Хүн дургүй ажилтай бол өглөө бүрийг яаж угтах нь ойлгомжтой. Тиймээс би өөрийнхөө дуртай зүйлийг олчихсон учраас түүнээсээ аз жаргалыг авч чаддаг.

“Мэргэжлийн бус хүнийг жүжигчин гэж зарлах нь эргээд энэ мэргэжлийг үнэгүйдүүлж байгаа юм болов уу гэж боддог”

-Кино гэж ярьсных асуулгүй өнгөрөөж болохгүй байх. Сүүлийн үед чанаргүй кино уран бүтээлүүд их гарах болсон, жүжигчин мэргэжлийн үнэ цэн алдагдсан гэх мэтээр ярих болсон байна. Үүнийг таны хувьд юутай холбон харж байна вэ?

-Би одоогийн юм хийж байгаа залуусыг маш их дэмждэг. Болгож, бүтээхийн төлөө л хичээж яваа гэж хардаг. Яахав алдаж, онох зүйл байх л асуудал. Хэрвээ улсаас нь урлагаа бүх талаар дэмждэг, бодит хөрөнгө оруулалт хийж чаддаг бол ийм асуудал гарахгүй, тэр хэрээр урлагийн цензур өндөр байх боломжтой. Манайд төсөв, техник апартур нь байхад Hollywood-ээс дутхааргүй кино уран бүтээл хийх потенциалтай уран бүтээлчид зөндөө байгаа.

Харин нэг ундууцаж явдаг зүйл бол жүжигчин мэргэжлийн бус хүмүүсийг жүжигчин гэх тодотголтой зарладаг нь тиймхэн санагддаг. Тоглуулахыг үгүйсгэхгүй. Хамгийн гол нь мэргэжлийн бус хүнийг жүжигчин гэж зарлах нь эргээд энэ мэргэжлийг үнэгүйдүүлж байгаа юм болов уу гэж боддог. Магадгүй жүжигчин гэж зарлах бус уран бүтээлч, оролцон тоглосон хэмээн зарлаж болно шүү дээ.

-Урлаг залуу үеийнхнээр “цусаа сэлбэж байна” гэдэг. Ер нь таны хувьд жүжигчин мэргэжлийг сонгох гэж байгаа болон залуус дүү нартаа хандаж юу хэлэх вэ?

-Юун түрүүнд залуус дүү нараа мэргэжлээ зөв сонгох хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Хэрвээ жүжигчин мэргэжлийг сонгож, сургуульд нь орсон л бол түүнийхээ төлөө эцэс төгсгөлгүй зүтгэх л хэрэгтэй. Хөдөлмөрлөх, өөрийгөө бүхий л талаас хөгжүүлэх нь чухал гэж хэлье.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: UBN.mn

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Урлаг

Жагаа гээд дуудахаар хоёулаа эргэж хараад байсан болохоор

Published

on

By

Монгол улсын гавъяат жүжигчин Гончигын Жаргалсайхан нь 1958 онд төрсөн. Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат. Аав, ээжийн нь төрсөн газар Чандмань сум болохоор энэ нутгаар овоглох дуртай.

Алтай нутгийнхаа тухай “Зүүдний мөнгөн Алтай”, “Хөглөгөр их Алтай”,”Тэнгэрийн уул”, “Засагт хааны хөх харчуул” зэрэг дуунуудыг хийсэн. Тэр дундаа Чандмань сумын зон олонд зориулж “Чандмань нутаг минь” дуу зохиосон нь уг сумын сүлд дуу болжээ.

Үүнээс гадна “Есөн булагийн дуулал” нэртэй алтай нутгаа дээдэлсэн дууг нь Алтай нутгаас төрөн гарсан уран бүтээлчид амилуулжээ.

Монголын рок, попын эцэг хамтлаг хэмээн нэрлэгддэг “Соёл-Эрдэнэ” хамтлагийн гишүүн асан олноо ”Том Жагаа” гэж хүндлэгдсэн түүнийг мэдэхгүй хүнгүй билээ. Саравчтай малгай, хар шилээр гоёсон “Соёл-Эрдэнэ” хамтлагаар эцгийнхээ нэрний адил овоглодог энэ эрхэм хамтлагийнхаа 45 жилийн ойн босгон дээр “Алдарын Од” медалийг хүртжээ.

Г.Жаргалсайхан нь Нийслэлийн арван жилийн 34-р дунд сургуульд суралцаж байгаад 1973 онд Хөгжим бүжгийн дунд сургуульд шилжин орж тэндээ төгссөн. Дараа нь Минскийн Соёлын Дээд Сургуулийг хөгжмийн эстрадын удирдаачаар төгссөн.

1977 онд Баянмонгол чуулгад хөл тавьж, 1980 онд “Соёл-Эрдэнэ” хамтлагт орсон. Анх Баянмонголоос “Соёл-Эрдэнэ” рүү З.Зундарь оруулж “Чи залуу хүн байж энд оркестр тоглоод хэрэггүй, дуулж хөгжимддөг хамтлагт ороод дуугаа зохиож, хөгжмөө найруулах хэрэгтэй” гэж ятгасан гэдэг.

Монгол Улсын том хамтлаг гэдэг утгаараа “Соёл-Эрдэнэ”, “Баянмонгол” 1970-аад оны эстрад урлагийн алтан үе байсан.“Соёл-Эрдэнэ” хамтлаг зууны манлай хамтлаг болж байсан. 1980 онд Баянмонголоос хоёр Жаргалсайхан “Соёл-Эрдэнэ”-д очсон. “Нэр нэгтийн чих нэг” гэдэг. Хүмүүс “Жагаа” гээд дуудахаар хоёулаа эргэж хардаг бас болоогүй ээ хоёулаа буржгар үстэй.

Ялгаж дуудахын тулд “Долгион” нөгөө Жаргалсайханд “Буржгар” хэмээх нэр хайрласан гэнэ лээ. Биеэр арай том,бас нэг насаар ах байсан болохоор Г.Жаргалсайханг Том Жагаа гэх болжээ.

Тухайн үед түүнийг юу өмсөнө залуус дуурайж дагана. “Буян”-гийн Жагаа урлагт их элэгтэй, бас гарын ур дүйтэй хүн байж. “Соёл-Эрдэнэ” хамтлагт бараг орох гэж байсан хүн гэж ярьдаг. Том Жагаа Баахан жинс барьж очоод найз Жагаагаараа эсгүүлдэг байсан гэдэг.

Г.Жаргалсайхан урлагийн төлөө тууштай зүтгэсэн нэгэн. Суугуул сайхан нутаг, Уулын төмөр ost, Сар шиг холын нутаг зэрэг олон хит дуунуудыг зохиож дуулж олондоо хүргэсэн. Бүтэн 45 жилийн турш хийсэн уран бүтээлийг нь тоолбол тоймгүй их тоо гарах байх. “Соёл-Эрдэнэ”-ээс маш олон хөгжмийн зохиолч дамжиж гарсан гэдэг тэгээд бодохоор тоймгүй их тоо гарах байх.

Тэрбээр “Бидний дуулсан дуу хит болж, олны дунд өнөөг хүртэл амьдарч байна. Хүмүүс олон жил дуулж ирсэн дуунуудыг маань сонсох гэж дурладаг. Тэр дуугаа дуулаач гэж захиална, бүр дагаад дуулдаг гээч.

Би амьдралаа урлагаас өөр зүйлд зориулсангүй, сэтгэлээ ч бас дуу, хуураас урвуулж чадсангүй. Бид олны дунд тунаж үлдсэн дуунуудаа он жилүүдийн хатуу шалгуурыг сөхрөлгүй давсан гэж боддог шүү” хэмээн ярьжээ.

МУГЖ Г.Жаргалсайханд эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэж цаашдынх ажил амьдралд өндрөөс өндөр амжилтыг ерөөе.

Continue Reading

Урлаг

Жүжигчин Батцэцэг: Тэр үед тэсэлгүй нулимс унагаж суусан

Published

on

By

Цаг хугацааны чанадын чанадаас хөтлөлцөн амьдрал туулж яваа эгэлхэн сайхан найз минь ээ. Gankhulug Enebish Би чамдаа бодогддог бүхнээ бичиж амжаагүй яваа юм байнаа. Өнгөрсөн тавин жилийн турш сайхан найзынхаа халамж сэтгэлд дор би үнэхээр хөлбөрч ирсэн хүн юм байна. Энийг яриад тоочоод барамгүй л дээ…

Би нэг удаа Ташкентын наадамд оролцох болоход чи америкаас нээх гоё сандааль аваад намайг тэр кино наадамдаа өмс гээд явуулж билээ. Киноны 80 жилийн банкетан дээр чиний явуулсан бэлэг хүргэгдэж ирэхэд би тэсгэлгүй нулимс унагаж суусан.

Кино бол миний амьдрал, хувь заяа гэдгийг чи тэгж зүрх сэтгэлээрээ мэдэрдэг хүн. Бас нэг удаа хүүхэд өвдөөд эмч оношилж чадахгүй байхад чи ирээд дор нь оношлоод тас тас инээгээд сэтгэл цэлмээж байж билээ. Чи зөв оношилж дор нь эдгээсэн. Би тэр үед “өөрөө ч өвдсөн болоосой” гэж шогширч суусан.

Миний насан туршийн дуудлагын эмч минь чи л байж… өдөр шөнийг эс ялган гүйж ирнэ, сэтгэл засна, маргаашийн өөдрөг бүхний үрийг сэтгэлд соёолуулна. Амьдралын үнэний тусгал болсон сайхан найздаа ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ.

Сэтгэл шигээ сайн явна гэдэг үгний биелэл чи минь билээ” гэлээ.

Нацагдоржийн Батцэцэг 1957 онд Улаанбаатар хотод төрөөд 6 дугаар дунд сургууль 1974 онд төгсөсний дараа МУИС-ийн Орос хэлний орчуулагч мэргэжлээр 1979 онд төгссөн байна.

Эцэг Ц.Нацагдорж нь 1930 онд Төв аймгийн Өндөрширээт суманд төрсөн. Эдийн засгийн дээд сургууль, ЗХУ-ын Коммунист намын дээд сургууль төгссөн өндөр боловсролтой сэ­хээ­тэн.

Тэрээр Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн төв хороонд заа­варлагч, нарийн бичгийн дарга, Дарханы Нэхий эдлэлийн үйлдвэрийн дарга, Архангай аймгийн Цэцэрлэг хотын дарга, Увс аймгийн Сагил сумын нэгдлийн дарга зэрэг ажлуудыг хийж явжээ. хойд эцэг Ц.Хасбаатар нь хэл бичгийн ухааны доктор, СГЗ орчуулагч хүн.

Эх Б.Цэрэнлхам нь 1933 онд Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн. Эдийн засгийн дээд сургууль, ЗХУ-ын Комсомолын дээд сургуулийг дүүргэсэн чадварлаг удирдагч. Улсын их дэлгүүрийн эвлэлийн хорооны дарга, худалдааны дарга зэрэг ажлуудыг хийсээр гавьяаны амралтандаа гарсан байна.

Эх нь залуудаа Драмын театрын жүжигчин байсан гэдэг. Зургаан жил ажиллахдаа “Кремлийн цаг”, “Эмч нар”, “Тожоо жолооч”, “Санасан ёсоор болтугай” зэрэг жүжгийн гол дүрийг бүтээжээ.

1979 оноос Монгол Кино үйлдвэрт дагалдан жүжигчнээр орж 1982 онд мэрэгжлийн жүжигчин болсон байна.

1991 он хүртэл Цирк болон Кино үйлдвэрт ажиллаж байгаад “Өргөө” циркийн бүрэлдэхүүнд багтан Герман, Польш улсад таван жил ажиллаад 1996 онд нутагтаа буцаж ирсэн юм

Нөхөр О.Машбатын хамт “Монголжин” кино студи байгуулсан.

2000 оноос “Монголжин” хувийн театр байгуулж захирлаар нь ажилласан.

О.Машбатын гэр бүл арваад жил АНУ-д амьдарсан. Тэд уран бүтээлээ хийхийн зэрэгцээ Америк дахь монголчууддаа зориулан “Үгүйлэн санана”, “Америк дахь монголчууд” нэртэй телевизийн цуврал нэвтрүүлэг хийж байжээ.

2004 онд Монгол Улсын Гавъяат жүжигчин болсон.

Continue Reading

Урлаг

“Амбий Солонготойгоо улаанбаатарын олон хороолол олон байраар дамжсан”

Published

on

By

“Амбий” гэдэг нэрийн тухайд, бага байхад хүмүүс өхөөрдөөд “Памбий” гэж дууддаг байсан бөгөөд энэ нь явсаар “Амбий” гэх хоч болсон гэдэг. Түүний хувьд угаас хөдөлгөөнтэй нэгэн байж. Бага залуудаа автомашины наймаа хүртэл эрхэлдэг байсан гэж найзууд нь дурсдаг. Автомашины бизнес эрхлэх хугацаандаа “хамгийн түрүүнд мөнгөтэй болвол байр л авах юмсан” гэж мөрөөдөж байсан тухайгаа өөрөө ярьсан байдаг.

Өнөөдөр театрын өдөр бас ахын минь мэндэлсэн өдөр, Ум сайн амгалан болтугай

Амь + Бий

Амбий… Амбий… Амь, амин, амины гэсэн утгатай үг юм л даа. Амины хайртай шавь минь! Ард олныхоо амин хайртай жүжигчин минь! Бүтэн бие чинь алдарсан ч бүтээсэн дүрүүд нь түмнийхээ сэтгэлд мөнхөрч үлдлээ дээ. Амбийтай уулзсан хүний дотор сэтгэл гэрэлтэж, Амбийгийн алиа хошин яриаг сонссон хүн баяр жаргалаар бялхдаг юм.

Өөрөө гэрэлтэж явахын хэрээр гэрэлтүүлэгч нэгэн байлаа. Гэрэлтүүлэгч гэснээс Амбийгийн аав “хар” Цэвэгсүрэн гуай Дорнодын театрын тайзыг насаараа гэрэлтүүлсэн гэрэлтүүлэгч ажилтай хүн байлаа.

Хөлд орохоосоо л аавынхаа хормойноос зүүгдэж, аавтайгаа хамжиж театрын тайзыг гэрэлтүүлж, нүд, сэтгэл нь гэрлийн цацрагтай цуг жүжигчид дээр тусаж байхаас Амбий өөрөө тайзан дээр бууж, өөрөө гэрэлтэж, өргөн түмнээ гэрэлтүүлэхийн хүслэнд автсан байдаг юм.

Аав нь Амбийг аравдугаар ангиа төгсүүт амьдрал үзэг хэмээн ардын цэргийн албанд үджээ. Цэргийн чилийсэн гурван жилийн албыг хаагаад “хүн болоод ирсэн” Амбийд гурван жил зүүдэлсэн Дорнодын театрын тайз нь хүн ёсоор хүлээн авч, бас гурван жил дагалдан жүжигчин болгож эрхлүүлжээ. Амбий бол Дорнодын театрт эрхлэх эрхтэй хүн юм.

Дорнодын театрынхан 1990 онд Улаанбаатарт тайлан тоглолт хийхэд Д.Норовын “Үнэ цэнэ” жүжигт хүрэм зардаг наймаачин залуугийн жижиг дүрд гарч, тайзан дээр байгаа ч үзэгчдийн танхим руу үсэрчих гээд байгаа мэт тэмүүлэлтэй, халуун сэтгэлтэй, гал цогтой, хэлтгий харвал халмаг хөөрүү гэмээр тийм нэгэн тогтож ядан байсан сан.

Анх удаа би Амбийг тэгж харсан юм. Тэгвэл дүр гэхээсээ илүүтэй Амбий хэмээх дүр өөрөө л уяан дээрээ дүүхэлзсэн эмнэг үрээ мэт цолгин цовхорч байсан юм билээ. Амбийтай учирч багш шавь болсон азтай хүн дээ би. Намайг багш болох замыг зааж, засаж өгсөн шавь нарын нэг нь Амбий юм. СУИС хэмээх эрдмийн өргөө “гэрэлтэгч” Амбийг улам гэрэлтүүлж өгсөн юм даа.

Жүжигчний ур чадварын 106 дугаар танхим. Анхны хичээлүүд. Амбий хамраа шудраад л тайз руу гарна. Өөрөө түрүүлж гарна. Өрөөлийг дагуулна. Уриална. Энэ бол Амбийгийн төрөлх чанар.

Цэрэг, эх орон, адал явдал баатарлагийн сэдэв Амбийгийн тоглох дуртай сэдэв байлаа. Би тэр үед шавь нартайгаа адилхан залуу байж. Ангидаа биднийг тойроод сууж байхад орж ирсэн хүн “Багш нь та юу?” гэж Амбий руу заадаг байсан.

Амбий авьяас нь хатгана, архаг нь хэтэрнэ. Заримдаа сахилгагүйтнэ. Тэр нь дэндүү гэнэн цагаан. Тийм мөртлөө хоморгод их автана. Дотуур байрны цонх хагарах Амбийтай хамаатай, СУИС-ийн байрны чердак руу орж тагтаа олноор хиарсныг Амбий хийсэн, сангийн аж ахуйд нутгийн индиануудыг өдөж асуудал гаргасан хүн Амбий болоод явчихна. Уг нь Амбий дунд нь л яваа юм. Тэгтэл яаж ийгээд толгойлогч, уруу татагч болж хувирна.

Амбий СУИС-д дөрвөн жил сурахдаа гурван удаа хөөгдөж, гурван удаа үлдсэн юм. Тэр нь дандаа хоморгын асуудал. Үнэнхүүтэй цуг даварсан гэх, бас дарвисан гэх. Дуучин Үнэнхүү СУИС-ийн бэлгэ тэмдэг байлаа тэр үед.

Үнэнхүүтэй би барьцаж байж Амбийг үлдээж авсан юм. Хайдав багш “Үнэнхүүг сургуулиас хөөвөл намайг хөөчих” гээд дүүлээд ороод ирнэ. Тэгэхээр нь сөргүүлээд Амбийг тавьчихна. Үнэнхүүг хөөж чадахгүй болохоор Амбий үлдэнэ дээ.

Амбий дотуур байранд амьдрах. Яагаад ч юм Амбийгийн амьдардаг өрөөний цонхны шил бүтэн байна гэж үгүй. Хүний хагалсан зэмийг Амбий өөр дээрээ авна.

Дотуур байрын эрхлэгч аргаа барахдаа Амбийг байрын зөвлөлийн даргаар тавьчихсан чинь тун мэргэн шийдвэр болж, Амбийд хэнхэг өвчин тусч тасаг болгоныг хяналтдаа авч, оюутнуудтай тулж ажиллаж, түүнээс хойш хагархай цонхтой тасаг байхгүй болсон юм даг.

Шөнө жижүүрлэж хэнхэглэснээс өглөө унтчихна. Хичээл, сургуулилтаас хоцорно. Хичээл хоцорлоо гэж Амбийг төмөр сандал далайгаад элдэж явсан юм даа. Одоо байхгүй болчихсон хойно нь яах гэж тэгж байв даа гэж сэтгэл өмрөн өрөвдөх юм.

Амбий сэтгэлдээ юм хадгална гэж байхгүй. “Хар” Цэвэгсүрэнгийн “ хар Амбий, гэвч сэтгэлдээ толбын төдий тортоггүй сүү шиг цагаан сэтгэлтэн байлаа. Хүнтэй үг зөрж нударга зөрүүлэх Амбийгийн хувьд энүүхэнд байлаа. Тэрнийхээ дараа цайрч цагаалах нь амархан, тэр хүнтэйгээ өмнөхөөсөө илүү дотносож, хайрладаг байлaа.

Цаанaа юм хадгална гэж байхгүй. Байдаг хийдгээ хэлээд тавьчихна. Тэгж байж санаа амарна. Үүлээ хөөгөөд цэлмэсэн тэнгэр шиг болчихоод, туранхай цээжээ дүүртэл цээлхэн амьсгаа татчихаад, хамраа нэг шударчихаад гарч өгнө.

Бид нар хоёрдугаар курстээ бүрэн хэмжээний том жүжиг Хүүхэд, Залуучуудын Театрын тайзнаа тоглочихож билээ. Оросын зохиолч Л.Разумовскаягийн жүжгийн зохиолыг Монголын орчин ахуй, цаг үе рүү татаж хөрвүүлсэн “Хайрт Долгор багшаа” жүжигт Амбий маань Сүмбээ гэж ар гэрийн амьдрал суурь хүмүүжил сурлага муутай ч хүн чанартай дүрд ажилласан юм.

Төгсөх курстээ бүрэн жүжиг ажилладаг уламжлалыг эвдэж, доод курсийн оюутнуудын жүжиг Хүүхэд, Залуучуудын Театрын тайзнаа хэчнээн удаа дүүрэн үзэгчтэй тоглосон билээ. Энэ жүжигт мөнөөх Амбий оройлон манлайлагчаараа л байлаа. Үндэсний телевизийн алтан фондод хоёр ангит энэ жүжиг маань бий.

Оюутнууд багшийнхаа эзгүйд бие дааж ажиллах, ирэхэд нь бэлэгтэй угтах чин эрмэлзэл дүүрэн үе тэдэнд байлаа. Намайг “Мичдийн зургаан гялаан” киноны натурт яваад ирэхэд Амбий Бооёо хоёр “ЛН” улсын уралдаанаас А Чеховын өгүүллэгээр шилдэг бүтээлийн, Амбий “Дээрэмчид’’ жүжгийн Франц Моорын дүрээр шилдэг дүрийн шагнал авчихсан хүлээж байж билээ.

Амбий санаачлагч, манлайлагч, ачааны хүндийг үүрэгч нь бүх цаг үед байсан. Хорчгор туранхай биедээ ахадсан их ачаа, дэндүү холыг харсан зорилгыг тээж явж дээ, шавь минь.

Сайн хүнийг сайн хүмүүс хүрээлж, тэд нар нь хоорондоо халуун бат найз нөхөд бололцдогийн үлгэрлэл Амбийгийн амьдрал юм. Амбийгийн ажилласан газар, амьдарсан орчныхон Амбийг тойроод нөхөрлөчихдөг юм.

Амбий Солонготойгоо Улаанбаатарт олон хороолол, олон байр дамжсан ч тэдний амьдарсан байрны орцынхон бие биеэ таньдаг, ойр дотнын ах дүүс мэт болчихсон байдаг нь Амбийгийн хүнийг татах хүч, найрамдагч шинж чанар юм.

Амбий ойрын жилүүдэд бие чилээрхүү байлаа. Тэр үед байр орцынхон нь ээлжээр жижүүрлэж, хоолыг нь хийж, эмнэлэгт хүргэж, эргэж тойрч, өөрийн гэр бүлийн гишүүн мэт хандаж ирсэн юм.

Амбий дэндүү олонтой эр хүн байлаа. Амбий өргөн дэлгэр бодолтой, өндөр тэмүүлэл зорилготой, Дорнодын уудам тал шигээ тэнүүн сэтгэлтэй хүн байлаа. Нутаг орондоо амьсаг сэтгэлтэй, Дорнодынхноо их дэмжинэ. Сэтгэл гутруу үедээ Дорнод руугаа гарч давхиад дотроо онгойлгочхоод хүрээд ирнэ.

“Найрын ширээний ууц” жүжигт урьд нь тоглож байснаараа мюзикл жүжиг хийх гэж Дорнодын театрын уламжлалыг сэргээх гэж маш их хүч, хөрөнгө зарсан. Хоёр давхар тайз засаж, гэрэлтүүлгийн тоног төхөөрөмжийг орчин үеийн шилдэг зэрэглэлд хүргэж, өчнөөн олон чадалтай жүжигчдийн баг бүрдүүлж ажилласан.

Гэвч Амбийгийн зүтгэл ард түмнийхээ төлөө л байлаа. Алдарших гэж үүнийг хийгээгүй. Алдаршихын төлөө улайрч явдаггүй нь Амбийгийн ясны араншин юм.

“Орчин үе” театр, Улсын Драмын Эрдмийн Театрт хэдэн жил ажиллав. Харин Амбий урсгалаар явахыг хүсээгүй. Тэжээлгэж, хүний гар харж амьдаръя гэж бодоогүй юм. Зориг зүрх шулуудаж Бооёо, Хүрлээ хоёртойгоо нийлж “Шинэ үе” продакшныг үүсгэн байгуулж, хэдэн жил ёстой л галлаж өгсөн дөө.

Хүнд тус хүргэвэл өөрийнх нь хэрэг бүтэх мэт санаж явдаг юм.

Амбий дүү нараа “өөд нь татах” дуртай. Хүнд тус хүргэвэл өөрийнх нь хэрэг бүтэх мэт санаж явдаг юм. “Шинэ үе” продакшнд олон дүү нар араасаа дагуулсан нь өнөөдөр эрийн цээнд хүрчээ. “Захиалгат инээд” хамтлаг байгуулан бас л дүү нараа өөд нь татаж, хүний зэрэгт хүргэсэн. Амбийгийн буян барагдахгүй юм.

Буянтай хүн, баян хүн. Баян хэмээх утга нь эд хөрөнгөдөө биш, үр хүүхэд, үнэнч нөхөд, үйлс бүтээлээрээ баянд байгаа юм. Би Амбийдаа “Наран ургахыг хүлээхгүй” киноны дүр хатиг Давааг зориулж бичсэн юм.

Увс аймагт 1996 оны зун, намар зургийг авсан билээ. Хошуу ноёны хүү Даваа ядуу айлын сэвгэрт дурлаад “хатиг шиг наалдаад” салж өгөхгүй байгаа юм л даа. Амбий маань дүрийнхээ хатиг шинжийг үнэхээр хатгаж гаргасан. Амбий энэ киноноос хойш эрчлэн хуйларсан их мөрний урсгал боомтоо зад татах мэт дэлгэцийн урлагт хүч түрэн орж ирсэн юм.

Сүүлийн хэдхэн жилд, зөвхөн кинонд л гэхэд “Помогите нам” 1,2, “Би чамд хайртай-2” “Тэнгэрийн ивээл”, “Шарталт”, “Тютю”, “Танхай тээгч, “Содура” гэх мэт үзэгчдийг байлдан дагуулсан, мэргэжлийн өндөр түвшинд бүтээгдсэн кинонуудад гялалзтал тоглож, Амбийгүй бол кино урлаг байхгүй юм шиг дэлгэцийг эзэгнэсэн билээ.

Амбийгийн нэг киног үзээд Амбийг хайрлах үзэгчийн сэтгэл улам өсдөг юм. Энэ нь Амбий урьдах дүрээ давтаагүй, өөр өөрийн өвөрмөц дүрүүдийг бүтээсний илрэл юм. Амбийг тайз, дэлгэцнээ гараад ирэхлээр үзэгчдийн сэтгэл дүүрэн ханаж, ямар нэгэн хүч цэнэг өөртөө авч, амьдрах итгэл тэмүүлэл зориг төрдөг билээ.

Амбий аливаад өнгөц ханддаггүй, тэрүүндээ зүрх сэтгэл, бие эрхтнээрээ уусан ордог. Ямар нэгэн дүрд ажиллахдаа тэр зарчмаа ягштал баримтална. Ийм чанар өнөөдөр ховорджээ. Энэ чанар нь Амбийг богинохон наслуулсан ч юм билүү. Үүнийг ганцхан бурхан л мэдэх байх.

Тайзыг дүүргэдэг, дэлгэцийг эзэгнэдэг жүжигчин дэндүү ховор. Ийм ховорхон жүжигчний нэг нь Амбий даа. Амбий хөшигний ард хамраа хальт шударснаа тайзнаа гараад ирэхэд хорчгор цээж нь ханхайгаад, онигор пүд нь гал цогоор гэрэлтээд, жүжиглэхүйн амьд хийгээд үнэн харьцаа гэдгийг жинхэнэ бодитоор харуулж өгнө дөө.

Үзэгчид Амбийг тайзнаа гарч ирэхийг тэсэн ядан хүлээдэг шигээ, тайзан дээр оволзож, дүрэлзэж, гялалзаж, шагайж байгаад эргээд ороход нь аанай л тайзнаа байгаа мэтээр харж үлддэг шидтэй билээ.

Амбий хошин урлагийн армийн нэгэн командлагч жанжин нь байсан юм. Тайз, дэлгэцийн урлагийг чимэн гэрэлтүүлэгч жинхэнэ од байсан юм.

Найдангийн Ганхуяг / Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, доктор, профессор

Continue Reading

Онцлох мэдээ

DMCA.com Protection Status