Connect with us

Урлаг

Ц.Хулан: Хулан амаа хамхих нь олон болж, өөртөө хааяа зэвүү хүрэх л юм

Published

on

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС ЯРУУ НАЙРАГЧ ЦООДОЛЫН ХУЛАНТАЙ ХИЙСЭН ЯРИЛЦЛАГЫГ ХҮРГЭЖ БАЙНА.

-Соёлын гавьяат зүтгэл­тэн цол хүртсэнд тань баяр хүргэе. Юуны өмнө театрын ертөнц, тэр тусмаа хамгийн нарийн төвөгтэй урлаг болох Хүүхэлдэйн театрыг удирдах болсон тэр мөчөөс яриагаа эхэлье дээ. Та одоо энд байгаадаа сэтгэл хангалуун байдаг уу?

– Намайг театрт ирэхэд утга зохиолын хүн, мэргэжлийн бус хүн ирлээ гэж сөргөж хүлээж авч байсан тал бий. Тэр ч байтугай “Мэргэжлийн урлаг мөхлийн ирмэг дээр” гэж зарим нэг хэвлэл ярьж бичиж байсныг хүмүүс санаж байгаа байх аа.

Хүүхэлдэйн театр үнэхээр хүнд нөхцөлд байсан үе. Гэсэн ч дан төрөөс хараат байлгүй олон сая төг­рөгийн хөрөнгө оруулалтыг найз нөхдийнхөө дэмжлэгээр хамт олныхоо хүчээр хийсэн.

Японы Засгийн газрын дэмж­лэгээр тайзныхаа гэрэл, дуу­ны шинэ технологийг иж бүрэн шинэчилсэн. Урын сангийн хувьд ч өсгөж өндийлгөж, шинэ шинэ жүжгүүд тавилаа. Өнөөдөр манай тайзан дээр дэлхийн хүүхэлдэйн театруудад тоглогдож байгаа жүжгүүд тоглогдож байна.

Хүүхэд бол ямар ч баггүйгээр, өчүүхэн ч хуурмаггүйгээр сэтгэлээ шууд илэрхийлдэг учраас манай театрын үзэг­чид хамгийн шударга үзэгчид байдаг. Бид өнөөдөр нийгмийн өв тэгш хүн, улс орны өв тэгш ирээдүйг төлөвшүүлье гэж байгаа бол суурь нь театр урлаг, театрын соёл юм.

Үүнд манай театр үүргээ биелүүлж сүүлийн хэдэн жил тасралтгүй төсвийн орлогыг биелүүлээд зогсохгүй олон сая төгрөгөөр давуу­лан биелүүлж байгаагаас харахад Монголын ирээдүйн үзэгчдэд театр ямар их эрэлт хэрэгцээтэй байгаа нь харагдаж байгаа байх.

-Өнөөдөр аль ч театрын уран сайхны зөвлөлд нэг ч зохиолч алга. Зохиолчдын болон утга зохиолын байр суурь тэгтлээ бүдгэрчихсэн юм уу. Бөмбөгөр ногоон, Дуурийн театр гэхчилэн театруудын үндэс суурийг нь тавьж, уран бүтээлийн бодлогыг чиглүүлж байсан зохиолчид Э.Оюун гуайгаас эхлээд цөөнгүй?

-Утга зохиолын байр суурь харамсалтай нь бүдгэрсэн байж болзошгүй. Юунаас болж тэр вэ. Утга зохиолын үнэлэмжийг түүнийг бичдэг хүмүүс өөрсдөө тогтоохыг оролдсоноос. Сонгодог утга зохио­лоо дорд үзсэнээс мон­гол л биш бол бусад нь яахав гэж гадаадыг хэт даган дуурайж, өөрсдийгөө гээснээс энэ бүхэн болсон байж магадгүй юм.

Гэвч би шүүмжлэгч биш. Уг нь бол аль ч театрт утга зохиолын ажилтан байх ёстой.

Энэ нь зүгээр нэг шүлэг бичээд явдаг, ганц нэг хүүрнэл зохиол бичсэн, жүжиг бичсэн хүн биш, харин нийгмийн сэтгэлгээг танин барьсан, ард түмэнд энэ үед ямар үг хэлэх вэ гэдгээ ухаарч чаддаг тийм утга зохиолын ажилтан хараахан төлөвшөөгүй байна.

-Манайхан биднийг орчуу­лах орчуулагчгүйгээс дэлхийд гарч чадахгүй байна гэцгээдэг. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Дэлхийн сонгодогт Монго­лын утга зохиолыг орчуулахын тулд бид нар хуучцуулаа уншдаг, дэргэдэх хүнээ хүлээн зөвшөөрдөг тэнхээтэй байх ёстой. Бие биенээ эрхэмлэхээ больчихсон өнөөдрийн энэ нийгэмд хамгийн чухал нь монгол хүн монгол хүнээ нээх ёстой. Эх хэлнээсээ гадаад хэл рүү орчуулах ажил үндсэндээ алга.

Тэр бүү хэл гадаадын уран зохиолын орчуул­гыг оршуулга болгож байгааг ч бид нар харж байна. Эх хэлтэй нь тулгаж үзээд энэ чинь болохгүй байна гэх боловсролтой ч тэр үнэнийг хэлэх хүн цөөрөө юү?

Шударга шүүмжийг шүүм­жилсэн хүнийх нь эсрэг, атаа жөтөө болгож хувиргаж хардаг учраас өнөөдөр үнэн бодит хэмжүүр, уншигчдын хяналт гэдэг юм энэ утга зохиолд ч, орчуулгад ч алга. Утга зохиол бол үйлдвэрлэл биш. Талхыг хүн голохгүйгээр өдөр тутам идэж болно л байх, өлссөн бол. Харин утга зохиолыг бол үгүй.

-Анна Ахматовагийн орчуул­га тань гарсан даруй­даа орос хэлтнүүдийн дунд төдийгүй уран зохиолынхны хүрээнд нэлээн шуугиан тарьж байсан санагдана. Та өөрөө шүтдэг учраас уу, яагаад зөвхөн Ахматоваг орчуулав?

-Би долдугаар ангидаа Ахматоваг анх уншсан юм. Түүний “Цэнхэр үдэш” номыг орчуулахдаа шүлгүүдийг орос эх хэлтэй нь зэрэгцүүлэн жишиж хэвлэсэн байгаа. Амьхандаа орчуулгыг ингэж хийдэг юм аа гэж харуулахын тулд эхтэй нь хэвлэсэн гэх үү дээ. Ахматова бол миний шүтээн биш.

Амьдрал нь харин давтагдашгүй баатарлаг. Тэр зов­лонг туулсан шиг туулахдаа Сталины өөдөөс хүртэл үгээ хэлж чаддаг сэхээтэн байлаа. Мөн тэрбээр сонгодог уламжлалаа хадгалахыг хүсч, орос эх хэлнийхээ яруу сонгодог хэл найруулгаас хэзээ ч татгалзаагүй юм. Цаашид би жаахан тогтноод ирэхээрээ дэлхийн нэрт найрагчдаас орчуулах бодол бий. Одоохондоо амжихгүй л байна.

Орчуулга гэдэг бол өөрийнхөө амьдралаас холдож тэр хүнийхээ амьд­рал руу шунан орж байж хийх ёстой болдог. Тийм учраас би өнөөхөндөө хэн нэгний амьдралаар биш Хулангийнхаа амьдралаар амьдрахыг хүссэн.

-Яруу найрагчийн ертөн­цийг үзэх үзэл сүүлийн үеийн яруу найрагт ихэд үгүйлэгдэх болж. Үүнийг хэрхэн харж байгаа вэ?

-Би ертөнцийн төв гэж бодож өөрийгөө тунхаглах бол залуу яруу найрагч болгонд байдаг.

Харин энэ нь дэндээд ирвэл бэртэгчнээс ялгаа юу байна. Зөвхөн өөрийнхөө сэрэл мэдрэлийг чагнаж, ухаандаа өвс ургах, шувуу жиргэхийг мэдэрдгээ бичдэг атлаа хүний зовлон гунигаас хол, ертөнцийн аж амьдралаас хол өөрийгөө болоод уран бүтээлээ тусгаарлах нь яруу найрагчийг үзэл санаагүй, тэмцэх юмгүй, хулчгар нэгэн болгодог.

Орчин үеийн Мон­голын яруу найргаас ийм хандлага алгуурхан салж холдож байгаа нь сайшаалтай.

-Танд дайсан ч, нөхөд ч олон. Дэндүү омголон, юм юманд байр сууриа чангахан илэрхийлдгээсээ болоод яруу найрагчийнхаа хувьд өөрийгөө “алаад” байдаг юм шиг ээ?

-Тийм. Энэ үнэн. Би бол академик яруу найраг, сонгодог яруу найраг бичнэ гээд торгон дээл өмсч, мэдрэмж сэтгэгдлээ бичээд явсангүй. Нэг л мэдэхэд он жилүүд өнгөрсөн байна. Хүний ертөнцөөс, ахуйгаас ангижирсан шүлэг бичээд явж болно. Тийм шүлгүүд ч надад зөндөө л байдаг. Гэхдээ энэ бол бүрэн дүүрэн Хулан биш.

Францын дуучин Эдит Пиафын уянгалсан цурхиралт, Назым Хикметийн мэргэн цэц, Нууц товчооны эгэл үг хэллэг, тэр бүү хэл Мексикийн зураач Фрийда Калогийн шаналангаар түрхэж будсан хөрөг шиг…миний дотоод ертөнц зөвхөн дотогшоо биш гадагшаа урсан гарахдаа цаг үеийнхээ сайн сайхныг алдаршуулж, муу муухайг үзэн ядсан тэр бүхнээр дүүрсэн байдаг.

Хэн нэгэн намайг хуучин сон­годог уламжлалаар бичдэг хоцрогдсон найрагч гэж ялла­даг байг хамаагүй би монгол үг хэлээрээ бичиж туурвиж уйлж дуулж явахдаа эх хэлээ хэзээ ч голж үзээгүй. Түүн шигээ амьдарч яваа цаг үе, адгийн улс төрөөс ч үгээ, нүүрээ нуугаагүй. Сайн утга зохиолыг бүтээсэн ард түмэнд сайн төр байх ёстой.

-Хүмүүс өөрийнхөө үнэнийг сонсох дургүй бай­даг. Нийгэмд хэрэгтэй үед хүчтэйхэн мессеж өгчихөөр энэ нь эргээд танд дарамт болдог тал бий юу?

-Одоо Хулан амаа хамхих нь олон олон болж. Өөртөө хааяа зэвүү хүрэх л юм. Нийгэм нэг үеэ бодвол арай жаахан цэгцрээд, сайн муу нь хоёр талдаа ялгараад ирлээ. Яруу найраг хэрвээ цаг үеийнхээ уриа дуудлага байж чаддаггүй юм гэхэд “Хаан та нүцгэн байна” гэж орилж чадсан жаал хүү байх ёстой.

Энэ үүргээсээ яруу найрагч зуг­таагаад хулчийгаад, хэрээ шиг ганцаархнаа дуугараад байвал тэнэг болж харагддаг. Би олон жил тэнэг харагдсанаа мэдэж байна. Өнөөдөр ч тэнэг харагдаж байж мэдэх юм. Бидний хүссэн ардчиллаас өнөөдөр бид юуг олж харж байна вэ. Хоёр том намын өрсөлдөөн нь өшөө авалт, нийгэмд айдас тарьчихсан юм биш биз.

“Хатгасан өргөсийг нь тасдаж хаяхдаа хажуугийн нь өвсийг бүү зулгаа” гэж миний аав хэлмэгдүүллийн тухай нэгэн шүлгэндээ бичсэн байдаг даа. Төрийн үнэт чанар бол төрийн эрдэмт түшмэлүүд байх ёстой.

Яваандаа чөлөөт гишүүнчлэлтэй намууд эс бөгөөс Ерөнхийлөгчийн засаглалтай улс орон болбол яасан юм бэ гэдэг хандлага нийгэмд зонхилж байх шиг санагддаг боллоо.

-Их зохиолч Д.Нацаг­доржийн музейн асуудлыг заавал зохиолдчын их хурал, удирдлагаа сонгох үеэр сөхөж тавих шаардлага хэр байсан бэ. Зарим талаар хүмүүст сөрөг мэдрэмж төрүүлсэн байх аа?

-Нацагдоржийн музей ор тас алга болсныг би бусдын л адил тэр хурал мурлаас нь хэзээ хойно л мэдсэн шүү дээ. Эрдэмжсэн, уран бүтээлийн чөлөөт өрсөлдөөнтэй, цаг үеэ мэдэрдэг, дуугарч чаддаг гишүүдтэй МЗЭ-г босголцохыг л би хүссэн юм. Өөр амбиц надад байгаагүй, би тэгж явдаг хүн бишийг бүгд мэднэ.

Харин ганцхан юманд сэтгэл өвдсөн. Очиж очиж ширээ сандал, тамга тэмдгийн төлөө­нөө анд нөхөд гэж өдөр шөнөгүй сүлбэлдэж, аатай магтаал, хайрын үгсээр нэгнээ булж явснаа гэнэтхэн хэлсэн ярьснаасаа огт ондоогоор хурлын найруул­гаа дэглэж, Хуланг ганцаардуулахыг хичээсэнд л би жаахан дургүй хүрсэн.

Одоо бол тоох ч юм алга. Тэд маань гэхдээ ичиж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна, эрхэтгүй яруу найрагчид шүү дээ. Анд нөхдийн олноор шүлгийг бичдэггүй, харин ганцаардлаар шүлэг бичигддэг хуультай юм болов уу. Тэгэхээр би олон жилийн ганцаардлаа үргэлжлүүлэх л болох нь дээ(инээв).

-Та олон жил ганцаардлаа гэж сая хэллээ. Яагаад вэ?

-Моцарт Сальеригийн зарчим гэж байдаг юм. Энэ бол нэг салбарт байгаа хоёр хүчтэй хүний мөнхийн өрсөлдөөн. Ийм юм харамсалтай нь манай Монголын нийгэмд, салбар салбарт хэтэрхий их атаа жөтөө дагуулсаар амь бөхтэй байна. Хоёр Мөнх, тэдний үр хүүхдүүд, хоёр нам тэдний даган баясагчид гэх мэт олон доо олон.

Гэхдээ Моцарт агуу их зохиолчоороо, Сальери гүйцэтгэгчээрээ л үлдсэн шүү дээ. Нэртэй хүнээ хорлож, авьяасгүй нэг нь амьдрал залгадаг мөнхийн хууль байнаа байна. Нөгөөтэйгүүр, хээгүй гүндүүгүй царайлсан хэрнээ даанчиг торгон мэдрэмжтэй энэ уншигч ард түмэн хэнийг хайрлахаа, ганцаардуулахгүй байхаа олоод харчихдаг нь аз завшаан.

Би болоод миний лугаа адил олон найрагч нөхөд минь тэр ганцаардлын тойргоос гэтлэх болтугай.

-“Хулангийн үдэш”-ээ та тавдугаар сарын эхээр хийнэ гэж байсан. Сценари өмнөхөөс өөрчлөгдөх үү?

-Энэ удаа би өргөн олон уншигчдадаа баярлалаа гэж “Хулангийн үдэш”-ээ хийнэ. Мэдээж Хулан бол байгаагаараа байна. Тэр үдэш яг ямар байхаа хэлж мэдэхгүй байна. “Хулангийн үдэш”-ийг анх санаачлахдаа би алдарших гэж огт хийгээгүй.

Тэртэй тэргүй би алдартай хүн. Миний алдаа оноо, инээд нулимс бүхэн ил, гэм нь гадагшилсан хүн гэх үү дээ. (инээв.) Тийм болохоор “Хулангийн үдэш”-ийг зорин ирсэн тэр хүмүүс надаар дамжуулж нийгэмд үгээ хэлдэг тэр мөн чанарыг би алдахгүйг хичээж байна.

Хамгийн анх­ны Хулангийн үдэшт тэр үед улсад бүртгэлтэй улс төрийн 16 намын лидерүүд, төлөөллүүд ирж байсныг эргэн санахад маш сайхан байна. Яруу найраг бол их ухаарал, их эвлэрэл юм гэдгийг “Хулангийн үдэш”-ээс хүмүүс мэдрээсэй гэж би хүсч байна.

-Та хэвлэл мэдээлэлд ч ажиллаж байв. Нийгэм улс төр, уран зохиол, театр урлаг гээд маш өргөн хүрээнд амьдарч, мартсаныг сануулж хэлсэн үг тань үг болж сонсдож, үнэндээ их баялаг өргөн дэлгэр амьдарч байх юм. Өөрөө энэ бүхнээ хэрхэн үнэлдэг вэ?

-Энэ бүхнийг минь дагаж өнөөдөр надад Соёлын гавьяат зүтгэлтэн гэх өргөн энтэй цол ирсэн болов уу. Соёл гэдэг бол зөвхөн утга зохиол биш. Зарим хүмүүс Хулан харин ч оройтож авлаа гэж байна. Юм аяндаа болдог. Зовж олсон юм бүхэн үнэтэй. Намайг шагнал авахад баярлаж байгаа олон хүмүүсийг харах үнэхээр сайхан байна.

Монголын нэрт эстрадын дуучин “Харанга”-ын Лхагва ах, Монголын нэрт түүхч Лхагва гуай, Цэцэр­лэг эгч, Төмөрхуяг ах…нэг сарын өмнө Лхагва гуай ярилцлагадаа “Надад одон тэмдэг өгөөч гэж би төрөөс гуйж бичиг цаас бариад явахгүй” гэж хэлж байсан бол өнөөдөр чухам тэгэхгүйгээр төр нь өгөх ёстой зүйлээ өглөө.

Тэгэхээр эндээс харахад ч гэсэн авах л ёстой улс авсан байна, энд би ч хавчуулагдсандаа баяртай байна.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Урлаг

Жагаа гээд дуудахаар хоёулаа эргэж хараад байсан болохоор

Published

on

By

Монгол улсын гавъяат жүжигчин Гончигын Жаргалсайхан нь 1958 онд төрсөн. Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат. Аав, ээжийн нь төрсөн газар Чандмань сум болохоор энэ нутгаар овоглох дуртай.

Алтай нутгийнхаа тухай “Зүүдний мөнгөн Алтай”, “Хөглөгөр их Алтай”,”Тэнгэрийн уул”, “Засагт хааны хөх харчуул” зэрэг дуунуудыг хийсэн. Тэр дундаа Чандмань сумын зон олонд зориулж “Чандмань нутаг минь” дуу зохиосон нь уг сумын сүлд дуу болжээ.

Үүнээс гадна “Есөн булагийн дуулал” нэртэй алтай нутгаа дээдэлсэн дууг нь Алтай нутгаас төрөн гарсан уран бүтээлчид амилуулжээ.

Монголын рок, попын эцэг хамтлаг хэмээн нэрлэгддэг “Соёл-Эрдэнэ” хамтлагийн гишүүн асан олноо ”Том Жагаа” гэж хүндлэгдсэн түүнийг мэдэхгүй хүнгүй билээ. Саравчтай малгай, хар шилээр гоёсон “Соёл-Эрдэнэ” хамтлагаар эцгийнхээ нэрний адил овоглодог энэ эрхэм хамтлагийнхаа 45 жилийн ойн босгон дээр “Алдарын Од” медалийг хүртжээ.

Г.Жаргалсайхан нь Нийслэлийн арван жилийн 34-р дунд сургуульд суралцаж байгаад 1973 онд Хөгжим бүжгийн дунд сургуульд шилжин орж тэндээ төгссөн. Дараа нь Минскийн Соёлын Дээд Сургуулийг хөгжмийн эстрадын удирдаачаар төгссөн.

1977 онд Баянмонгол чуулгад хөл тавьж, 1980 онд “Соёл-Эрдэнэ” хамтлагт орсон. Анх Баянмонголоос “Соёл-Эрдэнэ” рүү З.Зундарь оруулж “Чи залуу хүн байж энд оркестр тоглоод хэрэггүй, дуулж хөгжимддөг хамтлагт ороод дуугаа зохиож, хөгжмөө найруулах хэрэгтэй” гэж ятгасан гэдэг.

Монгол Улсын том хамтлаг гэдэг утгаараа “Соёл-Эрдэнэ”, “Баянмонгол” 1970-аад оны эстрад урлагийн алтан үе байсан.“Соёл-Эрдэнэ” хамтлаг зууны манлай хамтлаг болж байсан. 1980 онд Баянмонголоос хоёр Жаргалсайхан “Соёл-Эрдэнэ”-д очсон. “Нэр нэгтийн чих нэг” гэдэг. Хүмүүс “Жагаа” гээд дуудахаар хоёулаа эргэж хардаг бас болоогүй ээ хоёулаа буржгар үстэй.

Ялгаж дуудахын тулд “Долгион” нөгөө Жаргалсайханд “Буржгар” хэмээх нэр хайрласан гэнэ лээ. Биеэр арай том,бас нэг насаар ах байсан болохоор Г.Жаргалсайханг Том Жагаа гэх болжээ.

Тухайн үед түүнийг юу өмсөнө залуус дуурайж дагана. “Буян”-гийн Жагаа урлагт их элэгтэй, бас гарын ур дүйтэй хүн байж. “Соёл-Эрдэнэ” хамтлагт бараг орох гэж байсан хүн гэж ярьдаг. Том Жагаа Баахан жинс барьж очоод найз Жагаагаараа эсгүүлдэг байсан гэдэг.

Г.Жаргалсайхан урлагийн төлөө тууштай зүтгэсэн нэгэн. Суугуул сайхан нутаг, Уулын төмөр ost, Сар шиг холын нутаг зэрэг олон хит дуунуудыг зохиож дуулж олондоо хүргэсэн. Бүтэн 45 жилийн турш хийсэн уран бүтээлийг нь тоолбол тоймгүй их тоо гарах байх. “Соёл-Эрдэнэ”-ээс маш олон хөгжмийн зохиолч дамжиж гарсан гэдэг тэгээд бодохоор тоймгүй их тоо гарах байх.

Тэрбээр “Бидний дуулсан дуу хит болж, олны дунд өнөөг хүртэл амьдарч байна. Хүмүүс олон жил дуулж ирсэн дуунуудыг маань сонсох гэж дурладаг. Тэр дуугаа дуулаач гэж захиална, бүр дагаад дуулдаг гээч.

Би амьдралаа урлагаас өөр зүйлд зориулсангүй, сэтгэлээ ч бас дуу, хуураас урвуулж чадсангүй. Бид олны дунд тунаж үлдсэн дуунуудаа он жилүүдийн хатуу шалгуурыг сөхрөлгүй давсан гэж боддог шүү” хэмээн ярьжээ.

МУГЖ Г.Жаргалсайханд эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэж цаашдынх ажил амьдралд өндрөөс өндөр амжилтыг ерөөе.

Continue Reading

Урлаг

Жүжигчин Батцэцэг: Тэр үед тэсэлгүй нулимс унагаж суусан

Published

on

By

Цаг хугацааны чанадын чанадаас хөтлөлцөн амьдрал туулж яваа эгэлхэн сайхан найз минь ээ. Gankhulug Enebish Би чамдаа бодогддог бүхнээ бичиж амжаагүй яваа юм байнаа. Өнгөрсөн тавин жилийн турш сайхан найзынхаа халамж сэтгэлд дор би үнэхээр хөлбөрч ирсэн хүн юм байна. Энийг яриад тоочоод барамгүй л дээ…

Би нэг удаа Ташкентын наадамд оролцох болоход чи америкаас нээх гоё сандааль аваад намайг тэр кино наадамдаа өмс гээд явуулж билээ. Киноны 80 жилийн банкетан дээр чиний явуулсан бэлэг хүргэгдэж ирэхэд би тэсгэлгүй нулимс унагаж суусан.

Кино бол миний амьдрал, хувь заяа гэдгийг чи тэгж зүрх сэтгэлээрээ мэдэрдэг хүн. Бас нэг удаа хүүхэд өвдөөд эмч оношилж чадахгүй байхад чи ирээд дор нь оношлоод тас тас инээгээд сэтгэл цэлмээж байж билээ. Чи зөв оношилж дор нь эдгээсэн. Би тэр үед “өөрөө ч өвдсөн болоосой” гэж шогширч суусан.

Миний насан туршийн дуудлагын эмч минь чи л байж… өдөр шөнийг эс ялган гүйж ирнэ, сэтгэл засна, маргаашийн өөдрөг бүхний үрийг сэтгэлд соёолуулна. Амьдралын үнэний тусгал болсон сайхан найздаа ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ.

Сэтгэл шигээ сайн явна гэдэг үгний биелэл чи минь билээ” гэлээ.

Нацагдоржийн Батцэцэг 1957 онд Улаанбаатар хотод төрөөд 6 дугаар дунд сургууль 1974 онд төгсөсний дараа МУИС-ийн Орос хэлний орчуулагч мэргэжлээр 1979 онд төгссөн байна.

Эцэг Ц.Нацагдорж нь 1930 онд Төв аймгийн Өндөрширээт суманд төрсөн. Эдийн засгийн дээд сургууль, ЗХУ-ын Коммунист намын дээд сургууль төгссөн өндөр боловсролтой сэ­хээ­тэн.

Тэрээр Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн төв хороонд заа­варлагч, нарийн бичгийн дарга, Дарханы Нэхий эдлэлийн үйлдвэрийн дарга, Архангай аймгийн Цэцэрлэг хотын дарга, Увс аймгийн Сагил сумын нэгдлийн дарга зэрэг ажлуудыг хийж явжээ. хойд эцэг Ц.Хасбаатар нь хэл бичгийн ухааны доктор, СГЗ орчуулагч хүн.

Эх Б.Цэрэнлхам нь 1933 онд Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн. Эдийн засгийн дээд сургууль, ЗХУ-ын Комсомолын дээд сургуулийг дүүргэсэн чадварлаг удирдагч. Улсын их дэлгүүрийн эвлэлийн хорооны дарга, худалдааны дарга зэрэг ажлуудыг хийсээр гавьяаны амралтандаа гарсан байна.

Эх нь залуудаа Драмын театрын жүжигчин байсан гэдэг. Зургаан жил ажиллахдаа “Кремлийн цаг”, “Эмч нар”, “Тожоо жолооч”, “Санасан ёсоор болтугай” зэрэг жүжгийн гол дүрийг бүтээжээ.

1979 оноос Монгол Кино үйлдвэрт дагалдан жүжигчнээр орж 1982 онд мэрэгжлийн жүжигчин болсон байна.

1991 он хүртэл Цирк болон Кино үйлдвэрт ажиллаж байгаад “Өргөө” циркийн бүрэлдэхүүнд багтан Герман, Польш улсад таван жил ажиллаад 1996 онд нутагтаа буцаж ирсэн юм

Нөхөр О.Машбатын хамт “Монголжин” кино студи байгуулсан.

2000 оноос “Монголжин” хувийн театр байгуулж захирлаар нь ажилласан.

О.Машбатын гэр бүл арваад жил АНУ-д амьдарсан. Тэд уран бүтээлээ хийхийн зэрэгцээ Америк дахь монголчууддаа зориулан “Үгүйлэн санана”, “Америк дахь монголчууд” нэртэй телевизийн цуврал нэвтрүүлэг хийж байжээ.

2004 онд Монгол Улсын Гавъяат жүжигчин болсон.

Continue Reading

Урлаг

“Амбий Солонготойгоо улаанбаатарын олон хороолол олон байраар дамжсан”

Published

on

By

“Амбий” гэдэг нэрийн тухайд, бага байхад хүмүүс өхөөрдөөд “Памбий” гэж дууддаг байсан бөгөөд энэ нь явсаар “Амбий” гэх хоч болсон гэдэг. Түүний хувьд угаас хөдөлгөөнтэй нэгэн байж. Бага залуудаа автомашины наймаа хүртэл эрхэлдэг байсан гэж найзууд нь дурсдаг. Автомашины бизнес эрхлэх хугацаандаа “хамгийн түрүүнд мөнгөтэй болвол байр л авах юмсан” гэж мөрөөдөж байсан тухайгаа өөрөө ярьсан байдаг.

Өнөөдөр театрын өдөр бас ахын минь мэндэлсэн өдөр, Ум сайн амгалан болтугай

Амь + Бий

Амбий… Амбий… Амь, амин, амины гэсэн утгатай үг юм л даа. Амины хайртай шавь минь! Ард олныхоо амин хайртай жүжигчин минь! Бүтэн бие чинь алдарсан ч бүтээсэн дүрүүд нь түмнийхээ сэтгэлд мөнхөрч үлдлээ дээ. Амбийтай уулзсан хүний дотор сэтгэл гэрэлтэж, Амбийгийн алиа хошин яриаг сонссон хүн баяр жаргалаар бялхдаг юм.

Өөрөө гэрэлтэж явахын хэрээр гэрэлтүүлэгч нэгэн байлаа. Гэрэлтүүлэгч гэснээс Амбийгийн аав “хар” Цэвэгсүрэн гуай Дорнодын театрын тайзыг насаараа гэрэлтүүлсэн гэрэлтүүлэгч ажилтай хүн байлаа.

Хөлд орохоосоо л аавынхаа хормойноос зүүгдэж, аавтайгаа хамжиж театрын тайзыг гэрэлтүүлж, нүд, сэтгэл нь гэрлийн цацрагтай цуг жүжигчид дээр тусаж байхаас Амбий өөрөө тайзан дээр бууж, өөрөө гэрэлтэж, өргөн түмнээ гэрэлтүүлэхийн хүслэнд автсан байдаг юм.

Аав нь Амбийг аравдугаар ангиа төгсүүт амьдрал үзэг хэмээн ардын цэргийн албанд үджээ. Цэргийн чилийсэн гурван жилийн албыг хаагаад “хүн болоод ирсэн” Амбийд гурван жил зүүдэлсэн Дорнодын театрын тайз нь хүн ёсоор хүлээн авч, бас гурван жил дагалдан жүжигчин болгож эрхлүүлжээ. Амбий бол Дорнодын театрт эрхлэх эрхтэй хүн юм.

Дорнодын театрынхан 1990 онд Улаанбаатарт тайлан тоглолт хийхэд Д.Норовын “Үнэ цэнэ” жүжигт хүрэм зардаг наймаачин залуугийн жижиг дүрд гарч, тайзан дээр байгаа ч үзэгчдийн танхим руу үсэрчих гээд байгаа мэт тэмүүлэлтэй, халуун сэтгэлтэй, гал цогтой, хэлтгий харвал халмаг хөөрүү гэмээр тийм нэгэн тогтож ядан байсан сан.

Анх удаа би Амбийг тэгж харсан юм. Тэгвэл дүр гэхээсээ илүүтэй Амбий хэмээх дүр өөрөө л уяан дээрээ дүүхэлзсэн эмнэг үрээ мэт цолгин цовхорч байсан юм билээ. Амбийтай учирч багш шавь болсон азтай хүн дээ би. Намайг багш болох замыг зааж, засаж өгсөн шавь нарын нэг нь Амбий юм. СУИС хэмээх эрдмийн өргөө “гэрэлтэгч” Амбийг улам гэрэлтүүлж өгсөн юм даа.

Жүжигчний ур чадварын 106 дугаар танхим. Анхны хичээлүүд. Амбий хамраа шудраад л тайз руу гарна. Өөрөө түрүүлж гарна. Өрөөлийг дагуулна. Уриална. Энэ бол Амбийгийн төрөлх чанар.

Цэрэг, эх орон, адал явдал баатарлагийн сэдэв Амбийгийн тоглох дуртай сэдэв байлаа. Би тэр үед шавь нартайгаа адилхан залуу байж. Ангидаа биднийг тойроод сууж байхад орж ирсэн хүн “Багш нь та юу?” гэж Амбий руу заадаг байсан.

Амбий авьяас нь хатгана, архаг нь хэтэрнэ. Заримдаа сахилгагүйтнэ. Тэр нь дэндүү гэнэн цагаан. Тийм мөртлөө хоморгод их автана. Дотуур байрны цонх хагарах Амбийтай хамаатай, СУИС-ийн байрны чердак руу орж тагтаа олноор хиарсныг Амбий хийсэн, сангийн аж ахуйд нутгийн индиануудыг өдөж асуудал гаргасан хүн Амбий болоод явчихна. Уг нь Амбий дунд нь л яваа юм. Тэгтэл яаж ийгээд толгойлогч, уруу татагч болж хувирна.

Амбий СУИС-д дөрвөн жил сурахдаа гурван удаа хөөгдөж, гурван удаа үлдсэн юм. Тэр нь дандаа хоморгын асуудал. Үнэнхүүтэй цуг даварсан гэх, бас дарвисан гэх. Дуучин Үнэнхүү СУИС-ийн бэлгэ тэмдэг байлаа тэр үед.

Үнэнхүүтэй би барьцаж байж Амбийг үлдээж авсан юм. Хайдав багш “Үнэнхүүг сургуулиас хөөвөл намайг хөөчих” гээд дүүлээд ороод ирнэ. Тэгэхээр нь сөргүүлээд Амбийг тавьчихна. Үнэнхүүг хөөж чадахгүй болохоор Амбий үлдэнэ дээ.

Амбий дотуур байранд амьдрах. Яагаад ч юм Амбийгийн амьдардаг өрөөний цонхны шил бүтэн байна гэж үгүй. Хүний хагалсан зэмийг Амбий өөр дээрээ авна.

Дотуур байрын эрхлэгч аргаа барахдаа Амбийг байрын зөвлөлийн даргаар тавьчихсан чинь тун мэргэн шийдвэр болж, Амбийд хэнхэг өвчин тусч тасаг болгоныг хяналтдаа авч, оюутнуудтай тулж ажиллаж, түүнээс хойш хагархай цонхтой тасаг байхгүй болсон юм даг.

Шөнө жижүүрлэж хэнхэглэснээс өглөө унтчихна. Хичээл, сургуулилтаас хоцорно. Хичээл хоцорлоо гэж Амбийг төмөр сандал далайгаад элдэж явсан юм даа. Одоо байхгүй болчихсон хойно нь яах гэж тэгж байв даа гэж сэтгэл өмрөн өрөвдөх юм.

Амбий сэтгэлдээ юм хадгална гэж байхгүй. “Хар” Цэвэгсүрэнгийн “ хар Амбий, гэвч сэтгэлдээ толбын төдий тортоггүй сүү шиг цагаан сэтгэлтэн байлаа. Хүнтэй үг зөрж нударга зөрүүлэх Амбийгийн хувьд энүүхэнд байлаа. Тэрнийхээ дараа цайрч цагаалах нь амархан, тэр хүнтэйгээ өмнөхөөсөө илүү дотносож, хайрладаг байлaа.

Цаанaа юм хадгална гэж байхгүй. Байдаг хийдгээ хэлээд тавьчихна. Тэгж байж санаа амарна. Үүлээ хөөгөөд цэлмэсэн тэнгэр шиг болчихоод, туранхай цээжээ дүүртэл цээлхэн амьсгаа татчихаад, хамраа нэг шударчихаад гарч өгнө.

Бид нар хоёрдугаар курстээ бүрэн хэмжээний том жүжиг Хүүхэд, Залуучуудын Театрын тайзнаа тоглочихож билээ. Оросын зохиолч Л.Разумовскаягийн жүжгийн зохиолыг Монголын орчин ахуй, цаг үе рүү татаж хөрвүүлсэн “Хайрт Долгор багшаа” жүжигт Амбий маань Сүмбээ гэж ар гэрийн амьдрал суурь хүмүүжил сурлага муутай ч хүн чанартай дүрд ажилласан юм.

Төгсөх курстээ бүрэн жүжиг ажилладаг уламжлалыг эвдэж, доод курсийн оюутнуудын жүжиг Хүүхэд, Залуучуудын Театрын тайзнаа хэчнээн удаа дүүрэн үзэгчтэй тоглосон билээ. Энэ жүжигт мөнөөх Амбий оройлон манлайлагчаараа л байлаа. Үндэсний телевизийн алтан фондод хоёр ангит энэ жүжиг маань бий.

Оюутнууд багшийнхаа эзгүйд бие дааж ажиллах, ирэхэд нь бэлэгтэй угтах чин эрмэлзэл дүүрэн үе тэдэнд байлаа. Намайг “Мичдийн зургаан гялаан” киноны натурт яваад ирэхэд Амбий Бооёо хоёр “ЛН” улсын уралдаанаас А Чеховын өгүүллэгээр шилдэг бүтээлийн, Амбий “Дээрэмчид’’ жүжгийн Франц Моорын дүрээр шилдэг дүрийн шагнал авчихсан хүлээж байж билээ.

Амбий санаачлагч, манлайлагч, ачааны хүндийг үүрэгч нь бүх цаг үед байсан. Хорчгор туранхай биедээ ахадсан их ачаа, дэндүү холыг харсан зорилгыг тээж явж дээ, шавь минь.

Сайн хүнийг сайн хүмүүс хүрээлж, тэд нар нь хоорондоо халуун бат найз нөхөд бололцдогийн үлгэрлэл Амбийгийн амьдрал юм. Амбийгийн ажилласан газар, амьдарсан орчныхон Амбийг тойроод нөхөрлөчихдөг юм.

Амбий Солонготойгоо Улаанбаатарт олон хороолол, олон байр дамжсан ч тэдний амьдарсан байрны орцынхон бие биеэ таньдаг, ойр дотнын ах дүүс мэт болчихсон байдаг нь Амбийгийн хүнийг татах хүч, найрамдагч шинж чанар юм.

Амбий ойрын жилүүдэд бие чилээрхүү байлаа. Тэр үед байр орцынхон нь ээлжээр жижүүрлэж, хоолыг нь хийж, эмнэлэгт хүргэж, эргэж тойрч, өөрийн гэр бүлийн гишүүн мэт хандаж ирсэн юм.

Амбий дэндүү олонтой эр хүн байлаа. Амбий өргөн дэлгэр бодолтой, өндөр тэмүүлэл зорилготой, Дорнодын уудам тал шигээ тэнүүн сэтгэлтэй хүн байлаа. Нутаг орондоо амьсаг сэтгэлтэй, Дорнодынхноо их дэмжинэ. Сэтгэл гутруу үедээ Дорнод руугаа гарч давхиад дотроо онгойлгочхоод хүрээд ирнэ.

“Найрын ширээний ууц” жүжигт урьд нь тоглож байснаараа мюзикл жүжиг хийх гэж Дорнодын театрын уламжлалыг сэргээх гэж маш их хүч, хөрөнгө зарсан. Хоёр давхар тайз засаж, гэрэлтүүлгийн тоног төхөөрөмжийг орчин үеийн шилдэг зэрэглэлд хүргэж, өчнөөн олон чадалтай жүжигчдийн баг бүрдүүлж ажилласан.

Гэвч Амбийгийн зүтгэл ард түмнийхээ төлөө л байлаа. Алдарших гэж үүнийг хийгээгүй. Алдаршихын төлөө улайрч явдаггүй нь Амбийгийн ясны араншин юм.

“Орчин үе” театр, Улсын Драмын Эрдмийн Театрт хэдэн жил ажиллав. Харин Амбий урсгалаар явахыг хүсээгүй. Тэжээлгэж, хүний гар харж амьдаръя гэж бодоогүй юм. Зориг зүрх шулуудаж Бооёо, Хүрлээ хоёртойгоо нийлж “Шинэ үе” продакшныг үүсгэн байгуулж, хэдэн жил ёстой л галлаж өгсөн дөө.

Хүнд тус хүргэвэл өөрийнх нь хэрэг бүтэх мэт санаж явдаг юм.

Амбий дүү нараа “өөд нь татах” дуртай. Хүнд тус хүргэвэл өөрийнх нь хэрэг бүтэх мэт санаж явдаг юм. “Шинэ үе” продакшнд олон дүү нар араасаа дагуулсан нь өнөөдөр эрийн цээнд хүрчээ. “Захиалгат инээд” хамтлаг байгуулан бас л дүү нараа өөд нь татаж, хүний зэрэгт хүргэсэн. Амбийгийн буян барагдахгүй юм.

Буянтай хүн, баян хүн. Баян хэмээх утга нь эд хөрөнгөдөө биш, үр хүүхэд, үнэнч нөхөд, үйлс бүтээлээрээ баянд байгаа юм. Би Амбийдаа “Наран ургахыг хүлээхгүй” киноны дүр хатиг Давааг зориулж бичсэн юм.

Увс аймагт 1996 оны зун, намар зургийг авсан билээ. Хошуу ноёны хүү Даваа ядуу айлын сэвгэрт дурлаад “хатиг шиг наалдаад” салж өгөхгүй байгаа юм л даа. Амбий маань дүрийнхээ хатиг шинжийг үнэхээр хатгаж гаргасан. Амбий энэ киноноос хойш эрчлэн хуйларсан их мөрний урсгал боомтоо зад татах мэт дэлгэцийн урлагт хүч түрэн орж ирсэн юм.

Сүүлийн хэдхэн жилд, зөвхөн кинонд л гэхэд “Помогите нам” 1,2, “Би чамд хайртай-2” “Тэнгэрийн ивээл”, “Шарталт”, “Тютю”, “Танхай тээгч, “Содура” гэх мэт үзэгчдийг байлдан дагуулсан, мэргэжлийн өндөр түвшинд бүтээгдсэн кинонуудад гялалзтал тоглож, Амбийгүй бол кино урлаг байхгүй юм шиг дэлгэцийг эзэгнэсэн билээ.

Амбийгийн нэг киног үзээд Амбийг хайрлах үзэгчийн сэтгэл улам өсдөг юм. Энэ нь Амбий урьдах дүрээ давтаагүй, өөр өөрийн өвөрмөц дүрүүдийг бүтээсний илрэл юм. Амбийг тайз, дэлгэцнээ гараад ирэхлээр үзэгчдийн сэтгэл дүүрэн ханаж, ямар нэгэн хүч цэнэг өөртөө авч, амьдрах итгэл тэмүүлэл зориг төрдөг билээ.

Амбий аливаад өнгөц ханддаггүй, тэрүүндээ зүрх сэтгэл, бие эрхтнээрээ уусан ордог. Ямар нэгэн дүрд ажиллахдаа тэр зарчмаа ягштал баримтална. Ийм чанар өнөөдөр ховорджээ. Энэ чанар нь Амбийг богинохон наслуулсан ч юм билүү. Үүнийг ганцхан бурхан л мэдэх байх.

Тайзыг дүүргэдэг, дэлгэцийг эзэгнэдэг жүжигчин дэндүү ховор. Ийм ховорхон жүжигчний нэг нь Амбий даа. Амбий хөшигний ард хамраа хальт шударснаа тайзнаа гараад ирэхэд хорчгор цээж нь ханхайгаад, онигор пүд нь гал цогоор гэрэлтээд, жүжиглэхүйн амьд хийгээд үнэн харьцаа гэдгийг жинхэнэ бодитоор харуулж өгнө дөө.

Үзэгчид Амбийг тайзнаа гарч ирэхийг тэсэн ядан хүлээдэг шигээ, тайзан дээр оволзож, дүрэлзэж, гялалзаж, шагайж байгаад эргээд ороход нь аанай л тайзнаа байгаа мэтээр харж үлддэг шидтэй билээ.

Амбий хошин урлагийн армийн нэгэн командлагч жанжин нь байсан юм. Тайз, дэлгэцийн урлагийг чимэн гэрэлтүүлэгч жинхэнэ од байсан юм.

Найдангийн Ганхуяг / Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, доктор, профессор

Continue Reading

Онцлох мэдээ

DMCA.com Protection Status