Урлаг
Бараг л найдваргүй гэж байсан хүүгээ эмнэлэгт орхиод театр руугаа гүйсэн

Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, нэрт жүжигчин Цэнд-Очирын Цолмон.
ДЭЛГЭЦНЭЭ “НАРНЫ УНАГА” КИНОНЫ ГОЛ ДҮРИЙН НЭГ ЖАЛЦАВЫН ЭХНЭР РЭГЗЭД, “ХЭЦҮҮ ДААЛГАВАР”-ЫН ГОЛ ДҮР ХАНД, “МӨНГӨН БУЙЛ”-ЫН ГОЧОО ЗААНЫ ЭХНЭР ЦЭРМАА ГЭЭД ЦӨӨН БОЛОВЧ ГЯЛАЛЗСАН, ШИГТГЭЭ МЭТ ДҮРҮҮДИЙГ БҮТЭЭСЭН ЭНЭ ЭРХЭМСЭГ ХАТАГТАЙ 1980-ААД ОНЫ ТАЙЗНАА ЖИНХЭНЭ ОД БОЛОН ЦОЙЛЖ БАЙСАН ЮМ.
Тэрбээр 1971 онд УБДС-ийг төгсөөд Хүүхэд, залуучуудын театрт жүжигчнээр ирж, 1998 онд татан буугдтал нь ажиллахдаа ардын жүжигчин А.Очирбат, гавьяат жүжигчин Ц.Готов нарын ахмад жүжигчдээс эхлээд гавьяат жүжигчин Л.Жанчивдорж, Г.Дашхүү нар болон тэдний дараа үеийн уран бүтээлчид гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, Ж.Сүххуяг, О.Бат-Өлзий нартай мөн хамтран тоглож байв.
Түүгээр зогсохгүй тэрбээр урлагийн гавьяат зүтгэлтэн С.Сугар, гавьяат жүжигчин Л.Лхаасүрэн, урлагийн гавьяат зүтгэлтэн И.Нямгаваа гээд гурван үеийн найруулагчидтай хамтран ажилласан юм.
Бүхэл бүтэн гурван үеийн жүжигчид, найруулагчидтай хамтран тоглоно гэдэг эмэгтэй жүжигчний хувьд маш ховор, их авьяас, хөдөлмөр юм. Түүн шиг театрын гол дүрийг 20 жил нуруундаа үүрсэн жүжигчин ч байхгүй.
-Голд дүрд Улсын Хүүхэд, залуучуудын театрын жүжигчин Цэнд-Очирын Цолмон… Тэрбээр уран бүтээлийн ид оргил үедээ олон жил ийн дуудуулж явжээ.
Түүний хань, олноо Арслангийн дүрээр хайрлагдан, хүндлэгдсэн нэрт найруулагч Г.Доржсамбуу агсан Хүүхэд, залуучуудын театрт хэд хэдэн жүжиг найруулан тавьж байжээ. Г.Доржсамбуу найруулагч өөрийн найруулж буй жүжгийнхээ гол дүрд гэргийгээ сонгохгүй үлдээдэг байв.
Гэтэл тухайн жүжиг уран сайхны зөвлөлөөр ороход “Энэ жүжгийн гол дүрд Цолмон л тоглоно, өөр хүн чадахгүй” гээд л солиулдаг байсан гэдэг. Тэрбээр ханийнхаа дипломынх нь ажил болох Ч.Чимидийн зохиол “Хүний санаа” жүжигт тогложээ. Мөн “Болд хэрхэн хатаагдсан нь”, “Ялалтын жигүүр” зэрэг нийт дөрвөн жүжигт нь тоглосон байна.
Түүнийг театрынхан нь гол дүрийн Цолмон гэхээс гадна “Түргэний” Цолмон гэдэг байв. Учир нь хэн нэг жүжигчинд гэнэтийн шалтгаан гарч жүжигтээ тоглож чадахгүй болоход Ц.Цолмон л оронд нь гарна. Огт бэлтгэлгүй шахам гараад тухайн дүрийг үндсэн жүжигчнээс нь илүү амилуулж байсан тохиолдол олон гэдэг.
С.Михалковын “Хулчаахай” гэдэг хүүхдийн жүжигт гол дүр бүтээж байсан жүжигчин А.Цэгмид эмнэлэгт хэвтсэн тул яг тэр үед “Нарны унага” кинонд тоглож байсан Ц.Цолмонг кино зурган дээрээс шөнө яаралтай дуудаж авчран маргааш өглөө нь 10 цагаас уг жүжигт тоглуулжээ.
Театрынхны хэлдгээр “чихэгдээд” л тайзнаа гарч. Тоглолт дуусаад гараад ирэхэд нь найруулагч Л.Лхаасүрэн түүнийг өргөөд
“Цолмоон, гол рольд тоглодог эмэгтэй жүжигчин арван жил нэг үеийг авч явдаг гэж ярьдаг. Чи бол бүтэн хоёр үеийг авч явлаа. Одоо гурав дахь үе рүүгээ орлоо. Чи энэ “Хулчаахай”-д ёстой сайхан тоглолоо. Чамд ёстой их баярлалаа.
Би чамайг хөлөөр чинь гишгүүлэхгүй ширээнд чинь хүргэнэ ээ” гээд хоёр давхарт байдаг өрөөнийх нь ширээн дээр нь тэвэрч авчран суулгаж байсан гэдэг. Энэ бол Л.Лхаасүрэн найруулагчийн сэтгэл хөдлөлийн үг төдий биш, Ц.Цолмон гэдэг жүжигчний ур чадвар, авьяасыг үнэлсэн хэрэг байв.
“Гарын таван хуруу”-гийн Шагдар буюу Л.Лхаасүрэн найруулагч “Манай Цолмон нэг удаа тайзан дээр ухаан алдаж унаад, үзэгчид огт анзаараагүй. Аз болоход хэсэг гарахгүй завсарладаг үе таарсан. Цолмонгоо яаж ийж тайзан дээрээс авч, халуун тариа хийж, халуун цай амсуулаад л буцаагаад гаргаж байсан. Манай хүн юу ч болоогүй юм шиг тоглолтоо үргэлжлүүлээд дуусгасан” хэмээн дурссан байдаг.
Тухайн үед ингэж л ачаалалтай ажиллаж байж. Шинэ жүжгийн бэлтгэлийн үед гурав дөрөв хоног гэртээ харилгүй ажиллах үе ч цөөнгүй. Төрийн шагналт зохиолч Дарамын Батбаярын зохиол “Гэгээ” жүжгийг Л.Лхаасүрэн найруулагч найруулан тавихад Ц.Цолмон сохор Хажид гэж эмэгтэйн дүрийг бүтээжээ. “Би сохор Хажидын дүрдээ хайртай. Тэр дүрээрээ нэлээд алдаршсан” хэмээн тэрбээр өгүүлсэн.
Л.Лхаасүрэн найруулагч ч энэ дүрийн тухай “Энэ бүтээлд театрчилсан тоглолтоос зайлсхийж, энгийн үнэн тоглолт гаргахыг зорьсон юм. Үүнийг жүжигчин Ц.Цолмон, Ц.Төмөрбаатар нар сайн биелүүлсэн. Ер нь намайг хамгийн сайн ойлгож, харц, үйлдлийг минь уншиж чаддаг уран бүтээлчид бол тэд юм” хэмээсэн нь бий.
ЯМАР Ч ДҮРИЙГ ИЙНХҮҮ НАЙРУУЛАГЧИЙН САНААНЫ ХЯЗГААР, СЭТГЭЛГЭЭНИЙ ААГТ ТУЛТАЛ НЬ БҮТЭЭЖ ЧАДДАГ ТЭР Л ЧАДВАРААРАА Ц.ЦОЛМОН ЖҮЖИГЧИН 1970, 1980-ААД ОНЫ ТЕАТРЫН ТАЙЗАН ДЭЭР АЛМААЗ ЭРДЭНЭ МЭТ ГЯЛАЛЗАЖ БАЙВ. ТУХАЙН ҮЕД КИНО ҮЙЛДВЭРЭЭС Ц.ЦОЛМОН ЖҮЖИГЧИНД БАЙСХИЙГЭЭД Л КИНОНД ТОГЛООЧ ГЭЖ УРИЛГА ИРҮҮЛДЭГ БАЙСАН ГЭДЭГ.
ГОЛ ДҮРИЙН ЖҮЖИГЧИН НЬ ЯВЧИХВАЛ ТЕАТРЫН ТӨЛӨВЛӨГӨӨТ ТОГЛОЛТУУД ТАСАЛДАХ ТУЛ УДИРДЛАГУУД НЬ ТАТГАЛЗСАН ХАРИУ ӨГДӨГ БАЙЖ.
Хэрвээ тэгээгүй сэн бол Ц.Цолмон жүжигчин олон арван кинонд гол дүр бүтээх байсан болов уу. Түүнтэй УБДС-ийн кино драмын ангийг хамт төгссөн нэг ангийнхан нь Сүхбаатарын Янжмаад тоглосон жүжигчин Б.Нямаа, “Анхны алхам”-ын Мядагийн дүрээр алдаршсан жүжигчин Б.Цэцэгбалжид, “Ичээнд нь” киноны Заяа, “Хуучин сүмийн нууц”-ын Дэнсмаа,
“Ээжийн дайсан” киноны ээжийн дүрээр олны танил болсон гавьяат жүжигчин Д.Тунгалаг, “Тунгалаг Тамир”-ын Дулмаа буюу гавьяат жүжигчин Ш.Дэлгэржаргал гээд тайз, дэлгэцийн нэгэн үеийг эзэгнэсэн бүсгүйчүүд.
УБДС-ийн Кино драмын анги төгссөн залуухан жүжигчин анхны уран бүтээл С.Маршакийн “Арван хоёр сар” жүжигт тоглоод л ирээдүйн авьяаслаг жүжигчин гэдгээ харуулж, байгалиас заяасан авьяасаа тайзнаа гэрэлтүүлж эхэлжээ.
1973 онд Хүүхэд, залуучуудын театрын тайзнаа тавигдсан М.Байджиевийн “Сэтгэлд харвасан туяа” жүжгийн Нази бүсгүйн дүр түүнийг жүжигчний хувьд задалж өгсөн гэдэг.
Буцах шувуудын хойноос “Намайг аваад яваач” хэмээн хашгирч буй, хуурамч амьдралаасаа зугтах хүсэл эрмэлзэл дүүрэн залуу бүсгүйн дүрийг Ц.Цолмон дотроосоо шатаж, тэсэрч бүтээсэн гэдэг. Түүний тухай “Тайзан дээрээс нүд нь гялалзаад л, дүрээ жинхэнэ амьдруулдаг жүжигчин.
Их огцом, хурц сэтгэлийн хөдөлгөөнөөр эрс тэс хувирлыг хүчтэй харуулдаг. Дүрдээ бүрэн орж, гүн автаж бүтээдэг” гэх мэтээр мэргэжил нэгт нөхөд нь тодорхойлсон байдаг.
Тэрбээр ямар ч хэцүү цаг тохиолдсон жүжигчин мэргэжлийн эзэмшсэндээ харамсч байсангүй. Есдүгээр ангийн жаахан охин байхдаа Л.Жамсранжав, Д.Цээнямбуу нарын тоглосон “Хар санаа, хайр сэтгэл” жүжгийг үзчихээд нойргүй хоносон тэр цагаас хойш “Яаж тэдэн шиг жүжигчин болох вэ” гэдэг бодол салахаа больсон гэдэг.
Аравдугаар ангиа төгсөөд жүжигчин болох гэтэл аав нь зөвшөөрсөнгүй. Гэвч зөрсөөр байж УБДС-ийн кино драмын ангид элсчээ. Түүний аав Лувсандэндэвийн Цэнд-Очир бол их зохиолч Д.Нацагдорж, С.Буяннэмэх, Ц.Дамдинсүрэн, М.Ядамсүрэн, Ши.Аюуш нартай нэгэн цаг үед туурвин бүтээж Ардын эрхэм уран зохиолч цол хүртэж явсан, тухайн үеийн Соёлын яамыг Урлагийн хороо нэртэй байхаас нь эхлэн ажиллаж, соёл урлагийн хэлтсийн дарга хүртэлх албан тушаалд 48 жил ажилласан алтан үеийн алдартнуудын нэг байв.
Тэрбээр “Цолмон хүү мэрийхээрээ мэрийнэ Цоохор даага жирийхээрээ жирийнэ…” гэсэн үгтэй, үе үеийн хүүхэд багачуудын амны уншлага болсон алдарт шүлгээ охин Цолмондоо зориулан зохиож байсан түүхтэй аж. Л.Цэнд-Очир гуай охиноо анагаахын сургуульд оруулж эмч болгох гэсэн боловч урлагийн сайханд нэгэнт дурласан хүний зүрх, сэтгэлийг хорьж чадаагүй аж.
Энэ бол Ц.Цолмон жүжигчний амьдралын анхны алхам, гэгээн гэгэлгэн мөрөөдлийнх нь эхлэл байв.
Ийнхүү хүсч тэмүүлэн байж сонгосон мэргэжил нь түүнд амьдралын ханийг нь заяажээ. Олноо Арслангийн дүрээрээ хайрлагдан мөнхөрсөн Г.Доржсамбуу найруулагч тэр хоёр театрт анх бие биеэ олж ханилсан хосууд.
Улсын драмын эрдмийн театр жүжигнээр ажиллаж байгаад цэргийн албанд мордож, дөнгөж халагдаж ирээд театртаа ороод байсан Г.Доржсамбуу найруулагч Барилгачдын соёлын ордонд дадлага хийн, дипломын ажлаа хамгаалах гэж байсан кино драмын ангийн оюутан
Ц.Цолмон нар хожмын гавьяат жүжигчин С.Сэлэнгийн өрөөнд бие биеэ олж харж, улмаар утсаар ярьсаар дотносон танилцаж, гал голомтоо бадраасан 1971 оны дөрөвдүгээр сарын 1 буюу олон улсын инээдмийн баярын өдөр байсан гэдэг.
Г.Доржсамбуу найруулагч гэргийгээ ил, далд ер магтаж байсангүй. “Чи өөрөөрөө л гар. Чамд Рита гэдэг дүр байлаа гэхэд Рита дотор байгаа Цолмонгоо л олчих. Тэгээд л гар” гэж хэлдэг байж. Харин нэг удаа л өөрийн дааж төгсгөсөн жүжигчний ангийн шавь нартаа “Миний эхнэртээ гол нь биш.
Цолмон бол маш сайн жүжигчин” гэж хэлж байсан гэдэг. Тэнгэрт халихынхаа өмнөх орой Г.Доржсамбуу найруулагч гэргийдээ “Чи бол хүний их сайн хань. Чамаас өөр хүн байсан бол миний ааш занг даахгүй аль хэдийнэ салчихсан байгаа. Чи бол сайн жүжигчин. Чи миний зайлшгүй байх нэг эрхтэн.
Хань гэдгээсээ илүү миний зүрх ч юм уу, уушги ч юм уу, тийм эрхтэн. Хүмүүс чамайг дандаа муухай ааштай авгай нарт тоглуулдаг. Яг үнэндээ чи тийм хүн биш шүү дээ. Одоо би чиний тухай кино хийнэ.
Арслан гэж намайг хүмүүс нэрлэдэг шиг чи яг Цолмонгоороо биш энэ киногоороо нэрлэгдэж явах болно” гэж хэлж байжээ. Монголын театрын урлагийн нэгэн үеийн түүчээ болж явсан нэрт найруулагчийн гэргийдээ хэлсэн сүүлчийн үг нь энэ байв.
НАЙРУУЛАГЧ ГЭРГИЙНХЭЭ ТОГЛОСОН ЖҮЖГИЙГ ДАНДАА ЗРИТЕЛЭЭС ҮЗДЭГ БАЙЖ. ТОМ БИЕТЭЙ ХҮН БОЛОХООР ЗРИТЕЛЬД СУУЖ БАЙГАА ИХ ТОД ХАРАГДАНА. БУРХАН БОЛСНЫХ НЬ ДАРАА Ц.ЦОЛМОН ЖҮЖИГЧИН ШИНЭ ЖҮЖИГТ ТОГЛООД ЗРИТЕЛЬ РҮҮ ХАРАХАД ХАМАГ ЮМ ЭЗГҮЙРЭЭД Л МАШ ХҮНД БАЙЖ. ЖҮЖГЭЭ ДУУСГААД Л АСГАРТАЛ УЙЛЖ БАЙЖЭЭ.
Жүжигчин хүний энэ мэт жаргал, зовлон, баяр, гуниг хийгээд театр хэмээх хагас цэрэгжсэн байгууллагын хэцүү боловч бахархалтай сайхан амьдралыг тэрээр туулжээ. Энэ тухайгаа “Эх хүн байх, жүжигчин байх гэдэг асар их тэвчээр, асар их золиослолын солбилцол юм уу даа” хэмээн өгүүлсэн.
1975 онд Ф.Шиллерийн “Дээрэмчид” гэдэг жүжгийн гол дүрд сонгогдож, бэлтгэлдээ орсон хойноо хөл хүнд болсноо мэдэж. Залуу байсан болоод ч тэр үү, энэ тухайгаа найруулагчдаа хэлэлгүй тас нуужээ.
Ингээд жүжгээ тайзнаа тавигддагийн даваан дээр амаржсан байна. Хүн болох үгүй нь тодорхойгүй дөнгөж төрсөн улаан нялзрай хүүгээ орхиод л шинэ жүжигтээ тоглохоор театртаа ирж байж. Ингээд “Дээрэмчид” жүжгийн гол дүрд тоглож, ёстой л үзүүлээд өгсөн гэдэг.
Том хүү Д.Амар нь шарлачихаад сэхээнд байхад эмнэлгийн гадаа автобус зогсоогоод л түүнийг уйлуулж байгаад театр руу аваад явж байж. Жүжигчин хүн урлагийн төлөө хувийн амьдралаа золиослодгийн нэг жишээ энэ. Урлагийн харгис бөгөөд сайхан нь энд бий.
Мөн нэг удаа бага хүү Д.Цогт нь хатгаа нь хүндэрч аав, ээжийгээ сандаргажээ. Хүүгийн хатгаа маш хүнд, эмч нар “Бараг л найдваргүй шүү” гэж шуудхан хэлж байж. Гэтэл ээж нь театрт тавигдах шинэ жүжигт дүр авчихсан байдаг.
Тасалбар зарагдчихсан, зритель дүүрэн үзэгчид хүлээж байгаа шүү дээ гэж бодохоор очихгүй байх аргагүй. Ингээд л амьсгаатай үгүй нь мэдэгдэхгүй шахам байгаа хүүгээ эмнэлэгт орхиод Хүүхэд залуучуудын театр руугаа гүйжээ.
Сэтгэл уймраад хэцүү байсан ч тайзан дээр тачигнатал инээж байгаад л жүжгээ дуусгасан байна. Хөшиг хаагдмагц уйлаад л тайзнаас бууж. Театрынх нь жүжигчид нэг эгнээ болоод зогсчихсон, нэг нь цамцыг нь өмсүүлж, нөгөө нь оймс, гутлыг нь өмсгөөд л, нэг л өөр байх юм гэнэ.
Яаран сандран эмнэлэгт иртэл хүү нь өрөөндөө байсангүй… Палхийгээд л явчихаж. Нүдний нулимс аяндаа урсаад л байж. Сэхээ ороод нөхрөө сураглатал “Тэнд байна” гэжээ. Г.Доржсамбуу найруулагч эмнэлгийн зэврүүн жихүүн ариун цэврийн өрөөнд крантны хүйтэн усанд хүүхдийнхээ даавууг угаагаад зогсч байх юм гэнэ. Хүү нь сэхээнд орчихсон байж.
Эмч нарыг гуйж байж хүүгийнхээ царайг хараад санаа амарсан гэдэг. Эмнэлгийн сэхээний тасгаас театрын тайзнаа гарч тоглосон тэр жүжиг Б.Васильевийн “Үүрэг хүлээсэн цаг” байв. Жүжигчин Ц.Цолмонгийн хувьд урлагийн сүмд “үүрэг хүлээсэн цаг” өнөө ч үргэлжилсээр…
Ардын жүжигчин А.Очирбат: Сэтгэхүй, гүн ухааны жүжигчин
-Цолмон бол хамтран тоглоход өөрийн эрхгүй хөтлөөд явдаг нарийн харьцаатай, өргөн хүрээнд хувирч чаддаг сэтгэхүй, гүн ухааны жүжигчин. А.Дударевийн “Босго” жүжигт архичин болсон хүүгийнхээ хойноос энэлэн зовж яваа эмгэний дүрд хувилах боллоо. Би хувьдаа “Цолмон тэр чавганцын дүрд яагаад ч наалдахгүй дээ” гэж бодож байсан юм. Гэтэл яг эмгэн мөнөөсөө мөн шүү.
Хөгшин болох гэж тоглож, илүү дутуу маягласан ч үгүй. Жүжигчин хүн дүрийнхээ бүхэл ертөнцийг өөрийн оюун ухаан, зүрх сэтгэл, мах цусандаа бүрэн шингээж чадвал тэр дүр жүжигчнээс өөрөө ургадгийг тод харуулсан юм.
УГЗ, найруулагч Н.Ганхуяг: Хүүхдийн театрыг Цолмонгүйгээр төсөөлөх аргагүй үе байлаа
-Авьяаслаг байж болно, туйлын хөдөлмөрч байж болно. Обаяние гэдэг бол төрөлхийн гарваль чанар бөгөөд жүжигчний оршин үндэс юм. Доржсамбуу найруулагчийн хань Цолмон чухам тийм обаяниетай жүжигчин билээ. Тайзнаас үзэгчдийн сэтгэлийг татаж байдаг үгээр зүйрлэх аргагүй онцгой чанар юм даа.
Сонгодог дүр, орчин үеийн болон инээдмийн дүр, амьтдын дүрд тоглодог олон талтай жүжигчин бөгөөд тэр дүрийн цаанаас Цолмон хэмээх сэтгэлийн гэрэл нүүрэнд нь тодорсон, биеийн үйлчлэлээр нь илэрсэн үүрийн цолмон тайзыг гэрэлтүүлдэг байлаа. 1980-аад он бол Цолмонгийн оргил үе юм. Хүүхдийн театрын жүжиг болгоныг Цолмонгүйгээр төсөөлөх аргагүй тийм үе байлаа.
УГЖ, жүжигчин Ж.Сүххуяг: Гавьяат авах ёстой хүн
-Цолмон эгч бол мундаг жүжигчин шүү дээ Манай хүүхдийн театраас гавьяат авах ёстой хүн бол Цолмон эгч л байгаа юм даа. Даанч театр тараад л, тараасан хүмүүс нь зөвдөөд, бусад нь буруудаад явчихсан юм. Цолмон эгч ч их гоё хүнлэг хүн.
УГЖ, жүжигчин Б.Туяа: Түшиг тулгууртай алтан партнёр минь
-Доржсамбуу найруулагчийн гэргий Цолмон эгчтэй хамтран зүтгэж явсан. Жинхэнэ хамтран тоглогчийнх нь нэг байлаа. Энэ сайхан жүжигчнийг би их хүндэтгэдэг. Тайзан дээр дөнгөж гарч үзсэн жаахан хүүхэд байхаас эхлээд тэр театрыг хаалгаа барьтал Цолмон эгчтэйгээ, Жанчивдорж ахтайгаа театрынхаа хамаг гол дүрд тоглож явсан. Энэ үед Цолмон эгч үргэлж дэргэд минь байж надад жинхэнэ алтан партнёр болдог байсан.
СТА, жүжигчин Ц.Эрдэнэбат: Аминд ордог “Түргэний” Цолмон
-Жүжигт хоёр эмэгтэй жүжигчнийг зоочихдог. Нэг нь Цолмон эгч. Тэгээд нөгөө жүжигчинд нь асуудал гарвал шууд л Цолмон эгч гарна. Бид бүр “Түргэний” Цолмон гэдэг, авралын жүжигчин байлаа. Тайзны өндөр соёлтой. Хувцас хунар, жижиг хэрэглэлдээ хүртэл ач холбогдол өгнө.
Будаг шунхаа их гоё тавина. Гоё, ганган, цэмцгэр. Урлагт ухаан, авьяас, зүрх сэтгэлээ бүгдийг нь зориулсан мундаг жүжигчин. Ардын жүжигчин Л.Жамсранжав гуай “Би олон сайхан эмэгтэй жүжигчидтэй хамтран тоглож явлаа. Харин ганцхан энэ гайхалтай жүжигчин, Доржсамбуу найруулагчийн гэргий Цолмонтой л хамт тоглож амжсангүй дээ” гэж хэлж байсан гэдэг.
Жүжигчин Б.Ганхүү
-Би 1975 онд УБДС-н драмын ангийг төгсөөд УХЗТ-т жүжигчнээр ирсэн. Намайг ирэхэд манай театр Гэгээрлийн ордонд Хүүхдийн театр нэртэй байсан. Манай театрт тэр үед мундаг жүжигчид З.Галсандандсан, Л.Цэндсүрэн, Б.Энхтуяа, А.Очирбат, Д.Сэдэд, Ц.Төмөрбаатар, Ц.Цолмон, Ч.Хүрлээ, Ч.Авирмэд гээд бүгд байсан. “Үүрэг хүлээсэн цагт” жүжигт Цолмонгийнхоо дублёроор ажиллаж байсан.
Хүүхдүүд тэсэн ядан хүлээдэг маш алдартай жүжиг байлаа. Манай Ц.Цолмон өгөлт маш сайтай, хамт тоглоход түшигтэй жүжигчин дээ.
Урлаг
Жагаа гээд дуудахаар хоёулаа эргэж хараад байсан болохоор

Монгол улсын гавъяат жүжигчин Гончигын Жаргалсайхан нь 1958 онд төрсөн. Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат. Аав, ээжийн нь төрсөн газар Чандмань сум болохоор энэ нутгаар овоглох дуртай.
Алтай нутгийнхаа тухай “Зүүдний мөнгөн Алтай”, “Хөглөгөр их Алтай”,”Тэнгэрийн уул”, “Засагт хааны хөх харчуул” зэрэг дуунуудыг хийсэн. Тэр дундаа Чандмань сумын зон олонд зориулж “Чандмань нутаг минь” дуу зохиосон нь уг сумын сүлд дуу болжээ.
Үүнээс гадна “Есөн булагийн дуулал” нэртэй алтай нутгаа дээдэлсэн дууг нь Алтай нутгаас төрөн гарсан уран бүтээлчид амилуулжээ.
Монголын рок, попын эцэг хамтлаг хэмээн нэрлэгддэг “Соёл-Эрдэнэ” хамтлагийн гишүүн асан олноо ”Том Жагаа” гэж хүндлэгдсэн түүнийг мэдэхгүй хүнгүй билээ. Саравчтай малгай, хар шилээр гоёсон “Соёл-Эрдэнэ” хамтлагаар эцгийнхээ нэрний адил овоглодог энэ эрхэм хамтлагийнхаа 45 жилийн ойн босгон дээр “Алдарын Од” медалийг хүртжээ.
Г.Жаргалсайхан нь Нийслэлийн арван жилийн 34-р дунд сургуульд суралцаж байгаад 1973 онд Хөгжим бүжгийн дунд сургуульд шилжин орж тэндээ төгссөн. Дараа нь Минскийн Соёлын Дээд Сургуулийг хөгжмийн эстрадын удирдаачаар төгссөн.
1977 онд Баянмонгол чуулгад хөл тавьж, 1980 онд “Соёл-Эрдэнэ” хамтлагт орсон. Анх Баянмонголоос “Соёл-Эрдэнэ” рүү З.Зундарь оруулж “Чи залуу хүн байж энд оркестр тоглоод хэрэггүй, дуулж хөгжимддөг хамтлагт ороод дуугаа зохиож, хөгжмөө найруулах хэрэгтэй” гэж ятгасан гэдэг.
Монгол Улсын том хамтлаг гэдэг утгаараа “Соёл-Эрдэнэ”, “Баянмонгол” 1970-аад оны эстрад урлагийн алтан үе байсан.“Соёл-Эрдэнэ” хамтлаг зууны манлай хамтлаг болж байсан. 1980 онд Баянмонголоос хоёр Жаргалсайхан “Соёл-Эрдэнэ”-д очсон. “Нэр нэгтийн чих нэг” гэдэг. Хүмүүс “Жагаа” гээд дуудахаар хоёулаа эргэж хардаг бас болоогүй ээ хоёулаа буржгар үстэй.
Ялгаж дуудахын тулд “Долгион” нөгөө Жаргалсайханд “Буржгар” хэмээх нэр хайрласан гэнэ лээ. Биеэр арай том,бас нэг насаар ах байсан болохоор Г.Жаргалсайханг Том Жагаа гэх болжээ.
Тухайн үед түүнийг юу өмсөнө залуус дуурайж дагана. “Буян”-гийн Жагаа урлагт их элэгтэй, бас гарын ур дүйтэй хүн байж. “Соёл-Эрдэнэ” хамтлагт бараг орох гэж байсан хүн гэж ярьдаг. Том Жагаа Баахан жинс барьж очоод найз Жагаагаараа эсгүүлдэг байсан гэдэг.
Г.Жаргалсайхан урлагийн төлөө тууштай зүтгэсэн нэгэн. Суугуул сайхан нутаг, Уулын төмөр ost, Сар шиг холын нутаг зэрэг олон хит дуунуудыг зохиож дуулж олондоо хүргэсэн. Бүтэн 45 жилийн турш хийсэн уран бүтээлийг нь тоолбол тоймгүй их тоо гарах байх. “Соёл-Эрдэнэ”-ээс маш олон хөгжмийн зохиолч дамжиж гарсан гэдэг тэгээд бодохоор тоймгүй их тоо гарах байх.
Тэрбээр “Бидний дуулсан дуу хит болж, олны дунд өнөөг хүртэл амьдарч байна. Хүмүүс олон жил дуулж ирсэн дуунуудыг маань сонсох гэж дурладаг. Тэр дуугаа дуулаач гэж захиална, бүр дагаад дуулдаг гээч.
Би амьдралаа урлагаас өөр зүйлд зориулсангүй, сэтгэлээ ч бас дуу, хуураас урвуулж чадсангүй. Бид олны дунд тунаж үлдсэн дуунуудаа он жилүүдийн хатуу шалгуурыг сөхрөлгүй давсан гэж боддог шүү” хэмээн ярьжээ.
МУГЖ Г.Жаргалсайханд эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэж цаашдынх ажил амьдралд өндрөөс өндөр амжилтыг ерөөе.
Урлаг
Жүжигчин Батцэцэг: Тэр үед тэсэлгүй нулимс унагаж суусан

Цаг хугацааны чанадын чанадаас хөтлөлцөн амьдрал туулж яваа эгэлхэн сайхан найз минь ээ. Gankhulug Enebish Би чамдаа бодогддог бүхнээ бичиж амжаагүй яваа юм байнаа. Өнгөрсөн тавин жилийн турш сайхан найзынхаа халамж сэтгэлд дор би үнэхээр хөлбөрч ирсэн хүн юм байна. Энийг яриад тоочоод барамгүй л дээ…
Би нэг удаа Ташкентын наадамд оролцох болоход чи америкаас нээх гоё сандааль аваад намайг тэр кино наадамдаа өмс гээд явуулж билээ. Киноны 80 жилийн банкетан дээр чиний явуулсан бэлэг хүргэгдэж ирэхэд би тэсгэлгүй нулимс унагаж суусан.
Кино бол миний амьдрал, хувь заяа гэдгийг чи тэгж зүрх сэтгэлээрээ мэдэрдэг хүн. Бас нэг удаа хүүхэд өвдөөд эмч оношилж чадахгүй байхад чи ирээд дор нь оношлоод тас тас инээгээд сэтгэл цэлмээж байж билээ. Чи зөв оношилж дор нь эдгээсэн. Би тэр үед “өөрөө ч өвдсөн болоосой” гэж шогширч суусан.
Миний насан туршийн дуудлагын эмч минь чи л байж… өдөр шөнийг эс ялган гүйж ирнэ, сэтгэл засна, маргаашийн өөдрөг бүхний үрийг сэтгэлд соёолуулна. Амьдралын үнэний тусгал болсон сайхан найздаа ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ.
Сэтгэл шигээ сайн явна гэдэг үгний биелэл чи минь билээ” гэлээ.
Нацагдоржийн Батцэцэг 1957 онд Улаанбаатар хотод төрөөд 6 дугаар дунд сургууль 1974 онд төгсөсний дараа МУИС-ийн Орос хэлний орчуулагч мэргэжлээр 1979 онд төгссөн байна.
Эцэг Ц.Нацагдорж нь 1930 онд Төв аймгийн Өндөрширээт суманд төрсөн. Эдийн засгийн дээд сургууль, ЗХУ-ын Коммунист намын дээд сургууль төгссөн өндөр боловсролтой сэхээтэн.
Тэрээр Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн төв хороонд зааварлагч, нарийн бичгийн дарга, Дарханы Нэхий эдлэлийн үйлдвэрийн дарга, Архангай аймгийн Цэцэрлэг хотын дарга, Увс аймгийн Сагил сумын нэгдлийн дарга зэрэг ажлуудыг хийж явжээ. хойд эцэг Ц.Хасбаатар нь хэл бичгийн ухааны доктор, СГЗ орчуулагч хүн.
Эх Б.Цэрэнлхам нь 1933 онд Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн. Эдийн засгийн дээд сургууль, ЗХУ-ын Комсомолын дээд сургуулийг дүүргэсэн чадварлаг удирдагч. Улсын их дэлгүүрийн эвлэлийн хорооны дарга, худалдааны дарга зэрэг ажлуудыг хийсээр гавьяаны амралтандаа гарсан байна.
Эх нь залуудаа Драмын театрын жүжигчин байсан гэдэг. Зургаан жил ажиллахдаа “Кремлийн цаг”, “Эмч нар”, “Тожоо жолооч”, “Санасан ёсоор болтугай” зэрэг жүжгийн гол дүрийг бүтээжээ.
1979 оноос Монгол Кино үйлдвэрт дагалдан жүжигчнээр орж 1982 онд мэрэгжлийн жүжигчин болсон байна.
1991 он хүртэл Цирк болон Кино үйлдвэрт ажиллаж байгаад “Өргөө” циркийн бүрэлдэхүүнд багтан Герман, Польш улсад таван жил ажиллаад 1996 онд нутагтаа буцаж ирсэн юм
Нөхөр О.Машбатын хамт “Монголжин” кино студи байгуулсан.
2000 оноос “Монголжин” хувийн театр байгуулж захирлаар нь ажилласан.
О.Машбатын гэр бүл арваад жил АНУ-д амьдарсан. Тэд уран бүтээлээ хийхийн зэрэгцээ Америк дахь монголчууддаа зориулан “Үгүйлэн санана”, “Америк дахь монголчууд” нэртэй телевизийн цуврал нэвтрүүлэг хийж байжээ.
2004 онд Монгол Улсын Гавъяат жүжигчин болсон.
Урлаг
“Амбий Солонготойгоо улаанбаатарын олон хороолол олон байраар дамжсан”

“Амбий” гэдэг нэрийн тухайд, бага байхад хүмүүс өхөөрдөөд “Памбий” гэж дууддаг байсан бөгөөд энэ нь явсаар “Амбий” гэх хоч болсон гэдэг. Түүний хувьд угаас хөдөлгөөнтэй нэгэн байж. Бага залуудаа автомашины наймаа хүртэл эрхэлдэг байсан гэж найзууд нь дурсдаг. Автомашины бизнес эрхлэх хугацаандаа “хамгийн түрүүнд мөнгөтэй болвол байр л авах юмсан” гэж мөрөөдөж байсан тухайгаа өөрөө ярьсан байдаг.
Өнөөдөр театрын өдөр бас ахын минь мэндэлсэн өдөр, Ум сайн амгалан болтугай
Амь + Бий
Амбий… Амбий… Амь, амин, амины гэсэн утгатай үг юм л даа. Амины хайртай шавь минь! Ард олныхоо амин хайртай жүжигчин минь! Бүтэн бие чинь алдарсан ч бүтээсэн дүрүүд нь түмнийхээ сэтгэлд мөнхөрч үлдлээ дээ. Амбийтай уулзсан хүний дотор сэтгэл гэрэлтэж, Амбийгийн алиа хошин яриаг сонссон хүн баяр жаргалаар бялхдаг юм.
Өөрөө гэрэлтэж явахын хэрээр гэрэлтүүлэгч нэгэн байлаа. Гэрэлтүүлэгч гэснээс Амбийгийн аав “хар” Цэвэгсүрэн гуай Дорнодын театрын тайзыг насаараа гэрэлтүүлсэн гэрэлтүүлэгч ажилтай хүн байлаа.
Хөлд орохоосоо л аавынхаа хормойноос зүүгдэж, аавтайгаа хамжиж театрын тайзыг гэрэлтүүлж, нүд, сэтгэл нь гэрлийн цацрагтай цуг жүжигчид дээр тусаж байхаас Амбий өөрөө тайзан дээр бууж, өөрөө гэрэлтэж, өргөн түмнээ гэрэлтүүлэхийн хүслэнд автсан байдаг юм.
Аав нь Амбийг аравдугаар ангиа төгсүүт амьдрал үзэг хэмээн ардын цэргийн албанд үджээ. Цэргийн чилийсэн гурван жилийн албыг хаагаад “хүн болоод ирсэн” Амбийд гурван жил зүүдэлсэн Дорнодын театрын тайз нь хүн ёсоор хүлээн авч, бас гурван жил дагалдан жүжигчин болгож эрхлүүлжээ. Амбий бол Дорнодын театрт эрхлэх эрхтэй хүн юм.
Дорнодын театрынхан 1990 онд Улаанбаатарт тайлан тоглолт хийхэд Д.Норовын “Үнэ цэнэ” жүжигт хүрэм зардаг наймаачин залуугийн жижиг дүрд гарч, тайзан дээр байгаа ч үзэгчдийн танхим руу үсэрчих гээд байгаа мэт тэмүүлэлтэй, халуун сэтгэлтэй, гал цогтой, хэлтгий харвал халмаг хөөрүү гэмээр тийм нэгэн тогтож ядан байсан сан.
Анх удаа би Амбийг тэгж харсан юм. Тэгвэл дүр гэхээсээ илүүтэй Амбий хэмээх дүр өөрөө л уяан дээрээ дүүхэлзсэн эмнэг үрээ мэт цолгин цовхорч байсан юм билээ. Амбийтай учирч багш шавь болсон азтай хүн дээ би. Намайг багш болох замыг зааж, засаж өгсөн шавь нарын нэг нь Амбий юм. СУИС хэмээх эрдмийн өргөө “гэрэлтэгч” Амбийг улам гэрэлтүүлж өгсөн юм даа.
Жүжигчний ур чадварын 106 дугаар танхим. Анхны хичээлүүд. Амбий хамраа шудраад л тайз руу гарна. Өөрөө түрүүлж гарна. Өрөөлийг дагуулна. Уриална. Энэ бол Амбийгийн төрөлх чанар.
Цэрэг, эх орон, адал явдал баатарлагийн сэдэв Амбийгийн тоглох дуртай сэдэв байлаа. Би тэр үед шавь нартайгаа адилхан залуу байж. Ангидаа биднийг тойроод сууж байхад орж ирсэн хүн “Багш нь та юу?” гэж Амбий руу заадаг байсан.
Амбий авьяас нь хатгана, архаг нь хэтэрнэ. Заримдаа сахилгагүйтнэ. Тэр нь дэндүү гэнэн цагаан. Тийм мөртлөө хоморгод их автана. Дотуур байрны цонх хагарах Амбийтай хамаатай, СУИС-ийн байрны чердак руу орж тагтаа олноор хиарсныг Амбий хийсэн, сангийн аж ахуйд нутгийн индиануудыг өдөж асуудал гаргасан хүн Амбий болоод явчихна. Уг нь Амбий дунд нь л яваа юм. Тэгтэл яаж ийгээд толгойлогч, уруу татагч болж хувирна.
Амбий СУИС-д дөрвөн жил сурахдаа гурван удаа хөөгдөж, гурван удаа үлдсэн юм. Тэр нь дандаа хоморгын асуудал. Үнэнхүүтэй цуг даварсан гэх, бас дарвисан гэх. Дуучин Үнэнхүү СУИС-ийн бэлгэ тэмдэг байлаа тэр үед.
Үнэнхүүтэй би барьцаж байж Амбийг үлдээж авсан юм. Хайдав багш “Үнэнхүүг сургуулиас хөөвөл намайг хөөчих” гээд дүүлээд ороод ирнэ. Тэгэхээр нь сөргүүлээд Амбийг тавьчихна. Үнэнхүүг хөөж чадахгүй болохоор Амбий үлдэнэ дээ.
Амбий дотуур байранд амьдрах. Яагаад ч юм Амбийгийн амьдардаг өрөөний цонхны шил бүтэн байна гэж үгүй. Хүний хагалсан зэмийг Амбий өөр дээрээ авна.
Дотуур байрын эрхлэгч аргаа барахдаа Амбийг байрын зөвлөлийн даргаар тавьчихсан чинь тун мэргэн шийдвэр болж, Амбийд хэнхэг өвчин тусч тасаг болгоныг хяналтдаа авч, оюутнуудтай тулж ажиллаж, түүнээс хойш хагархай цонхтой тасаг байхгүй болсон юм даг.
Шөнө жижүүрлэж хэнхэглэснээс өглөө унтчихна. Хичээл, сургуулилтаас хоцорно. Хичээл хоцорлоо гэж Амбийг төмөр сандал далайгаад элдэж явсан юм даа. Одоо байхгүй болчихсон хойно нь яах гэж тэгж байв даа гэж сэтгэл өмрөн өрөвдөх юм.
Амбий сэтгэлдээ юм хадгална гэж байхгүй. “Хар” Цэвэгсүрэнгийн “ хар Амбий, гэвч сэтгэлдээ толбын төдий тортоггүй сүү шиг цагаан сэтгэлтэн байлаа. Хүнтэй үг зөрж нударга зөрүүлэх Амбийгийн хувьд энүүхэнд байлаа. Тэрнийхээ дараа цайрч цагаалах нь амархан, тэр хүнтэйгээ өмнөхөөсөө илүү дотносож, хайрладаг байлaа.
Цаанaа юм хадгална гэж байхгүй. Байдаг хийдгээ хэлээд тавьчихна. Тэгж байж санаа амарна. Үүлээ хөөгөөд цэлмэсэн тэнгэр шиг болчихоод, туранхай цээжээ дүүртэл цээлхэн амьсгаа татчихаад, хамраа нэг шударчихаад гарч өгнө.
Бид нар хоёрдугаар курстээ бүрэн хэмжээний том жүжиг Хүүхэд, Залуучуудын Театрын тайзнаа тоглочихож билээ. Оросын зохиолч Л.Разумовскаягийн жүжгийн зохиолыг Монголын орчин ахуй, цаг үе рүү татаж хөрвүүлсэн “Хайрт Долгор багшаа” жүжигт Амбий маань Сүмбээ гэж ар гэрийн амьдрал суурь хүмүүжил сурлага муутай ч хүн чанартай дүрд ажилласан юм.
Төгсөх курстээ бүрэн жүжиг ажилладаг уламжлалыг эвдэж, доод курсийн оюутнуудын жүжиг Хүүхэд, Залуучуудын Театрын тайзнаа хэчнээн удаа дүүрэн үзэгчтэй тоглосон билээ. Энэ жүжигт мөнөөх Амбий оройлон манлайлагчаараа л байлаа. Үндэсний телевизийн алтан фондод хоёр ангит энэ жүжиг маань бий.
Оюутнууд багшийнхаа эзгүйд бие дааж ажиллах, ирэхэд нь бэлэгтэй угтах чин эрмэлзэл дүүрэн үе тэдэнд байлаа. Намайг “Мичдийн зургаан гялаан” киноны натурт яваад ирэхэд Амбий Бооёо хоёр “ЛН” улсын уралдаанаас А Чеховын өгүүллэгээр шилдэг бүтээлийн, Амбий “Дээрэмчид’’ жүжгийн Франц Моорын дүрээр шилдэг дүрийн шагнал авчихсан хүлээж байж билээ.
Амбий санаачлагч, манлайлагч, ачааны хүндийг үүрэгч нь бүх цаг үед байсан. Хорчгор туранхай биедээ ахадсан их ачаа, дэндүү холыг харсан зорилгыг тээж явж дээ, шавь минь.
Сайн хүнийг сайн хүмүүс хүрээлж, тэд нар нь хоорондоо халуун бат найз нөхөд бололцдогийн үлгэрлэл Амбийгийн амьдрал юм. Амбийгийн ажилласан газар, амьдарсан орчныхон Амбийг тойроод нөхөрлөчихдөг юм.
Амбий Солонготойгоо Улаанбаатарт олон хороолол, олон байр дамжсан ч тэдний амьдарсан байрны орцынхон бие биеэ таньдаг, ойр дотнын ах дүүс мэт болчихсон байдаг нь Амбийгийн хүнийг татах хүч, найрамдагч шинж чанар юм.
Амбий ойрын жилүүдэд бие чилээрхүү байлаа. Тэр үед байр орцынхон нь ээлжээр жижүүрлэж, хоолыг нь хийж, эмнэлэгт хүргэж, эргэж тойрч, өөрийн гэр бүлийн гишүүн мэт хандаж ирсэн юм.
Амбий дэндүү олонтой эр хүн байлаа. Амбий өргөн дэлгэр бодолтой, өндөр тэмүүлэл зорилготой, Дорнодын уудам тал шигээ тэнүүн сэтгэлтэй хүн байлаа. Нутаг орондоо амьсаг сэтгэлтэй, Дорнодынхноо их дэмжинэ. Сэтгэл гутруу үедээ Дорнод руугаа гарч давхиад дотроо онгойлгочхоод хүрээд ирнэ.
“Найрын ширээний ууц” жүжигт урьд нь тоглож байснаараа мюзикл жүжиг хийх гэж Дорнодын театрын уламжлалыг сэргээх гэж маш их хүч, хөрөнгө зарсан. Хоёр давхар тайз засаж, гэрэлтүүлгийн тоног төхөөрөмжийг орчин үеийн шилдэг зэрэглэлд хүргэж, өчнөөн олон чадалтай жүжигчдийн баг бүрдүүлж ажилласан.
Гэвч Амбийгийн зүтгэл ард түмнийхээ төлөө л байлаа. Алдарших гэж үүнийг хийгээгүй. Алдаршихын төлөө улайрч явдаггүй нь Амбийгийн ясны араншин юм.
“Орчин үе” театр, Улсын Драмын Эрдмийн Театрт хэдэн жил ажиллав. Харин Амбий урсгалаар явахыг хүсээгүй. Тэжээлгэж, хүний гар харж амьдаръя гэж бодоогүй юм. Зориг зүрх шулуудаж Бооёо, Хүрлээ хоёртойгоо нийлж “Шинэ үе” продакшныг үүсгэн байгуулж, хэдэн жил ёстой л галлаж өгсөн дөө.
Хүнд тус хүргэвэл өөрийнх нь хэрэг бүтэх мэт санаж явдаг юм.
Амбий дүү нараа “өөд нь татах” дуртай. Хүнд тус хүргэвэл өөрийнх нь хэрэг бүтэх мэт санаж явдаг юм. “Шинэ үе” продакшнд олон дүү нар араасаа дагуулсан нь өнөөдөр эрийн цээнд хүрчээ. “Захиалгат инээд” хамтлаг байгуулан бас л дүү нараа өөд нь татаж, хүний зэрэгт хүргэсэн. Амбийгийн буян барагдахгүй юм.
Буянтай хүн, баян хүн. Баян хэмээх утга нь эд хөрөнгөдөө биш, үр хүүхэд, үнэнч нөхөд, үйлс бүтээлээрээ баянд байгаа юм. Би Амбийдаа “Наран ургахыг хүлээхгүй” киноны дүр хатиг Давааг зориулж бичсэн юм.
Увс аймагт 1996 оны зун, намар зургийг авсан билээ. Хошуу ноёны хүү Даваа ядуу айлын сэвгэрт дурлаад “хатиг шиг наалдаад” салж өгөхгүй байгаа юм л даа. Амбий маань дүрийнхээ хатиг шинжийг үнэхээр хатгаж гаргасан. Амбий энэ киноноос хойш эрчлэн хуйларсан их мөрний урсгал боомтоо зад татах мэт дэлгэцийн урлагт хүч түрэн орж ирсэн юм.
Сүүлийн хэдхэн жилд, зөвхөн кинонд л гэхэд “Помогите нам” 1,2, “Би чамд хайртай-2” “Тэнгэрийн ивээл”, “Шарталт”, “Тютю”, “Танхай тээгч, “Содура” гэх мэт үзэгчдийг байлдан дагуулсан, мэргэжлийн өндөр түвшинд бүтээгдсэн кинонуудад гялалзтал тоглож, Амбийгүй бол кино урлаг байхгүй юм шиг дэлгэцийг эзэгнэсэн билээ.
Амбийгийн нэг киног үзээд Амбийг хайрлах үзэгчийн сэтгэл улам өсдөг юм. Энэ нь Амбий урьдах дүрээ давтаагүй, өөр өөрийн өвөрмөц дүрүүдийг бүтээсний илрэл юм. Амбийг тайз, дэлгэцнээ гараад ирэхлээр үзэгчдийн сэтгэл дүүрэн ханаж, ямар нэгэн хүч цэнэг өөртөө авч, амьдрах итгэл тэмүүлэл зориг төрдөг билээ.
Амбий аливаад өнгөц ханддаггүй, тэрүүндээ зүрх сэтгэл, бие эрхтнээрээ уусан ордог. Ямар нэгэн дүрд ажиллахдаа тэр зарчмаа ягштал баримтална. Ийм чанар өнөөдөр ховорджээ. Энэ чанар нь Амбийг богинохон наслуулсан ч юм билүү. Үүнийг ганцхан бурхан л мэдэх байх.
Тайзыг дүүргэдэг, дэлгэцийг эзэгнэдэг жүжигчин дэндүү ховор. Ийм ховорхон жүжигчний нэг нь Амбий даа. Амбий хөшигний ард хамраа хальт шударснаа тайзнаа гараад ирэхэд хорчгор цээж нь ханхайгаад, онигор пүд нь гал цогоор гэрэлтээд, жүжиглэхүйн амьд хийгээд үнэн харьцаа гэдгийг жинхэнэ бодитоор харуулж өгнө дөө.
Үзэгчид Амбийг тайзнаа гарч ирэхийг тэсэн ядан хүлээдэг шигээ, тайзан дээр оволзож, дүрэлзэж, гялалзаж, шагайж байгаад эргээд ороход нь аанай л тайзнаа байгаа мэтээр харж үлддэг шидтэй билээ.
Амбий хошин урлагийн армийн нэгэн командлагч жанжин нь байсан юм. Тайз, дэлгэцийн урлагийг чимэн гэрэлтүүлэгч жинхэнэ од байсан юм.
Найдангийн Ганхуяг / Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, доктор, профессор
-
Дотоод2 years ago
Жүжигчин Ундрал Жүр Үр-ээс “хөөгджээ”.
-
Дотоод2 years ago
Эдгээр байршлуудад 23-наас эхлэн хэсэгчилсэн хөл хорио тогтоож болзошгүй
-
Дотоод2 years ago
Хөл хорио зөрчсөн гэх мэдээлэлд ЕРӨНХИЙЛӨГЧ тайлбар хийлээ
-
Урлаг2 years ago
Бооёо худгаас ус авч явна. Тэр гэр хороололд амьдардаг болчихвуу?
-
Дотоод2 years ago
С.Эрдэнэцэцэг Далантайтай хайр сэтгэлийн холбоотой байсан эсэх талаар ярилцжээ
-
Урлаг2 months ago
Гавьяат Эрдэнэцэцэг Далантайтай хайр сэтгэлтэй байсан эсэх асуудалд цэг тавьжээ
-
Дотоод2 years ago
Аавдаа өргөсөн энэ зулыг маань 1000, 1000 аавууддаа зориулж ШЕЙР хийгээрэй
-
Дотоод2 years ago
Ч.Ганхуяг ямар вакцин хийлгэснээ зарлалаа