Урлаг
Мээдээ: Явья гэсэн чинь Болдоо нэг л явж өгдөггүй. Тэгэхээр нь ганцаараа яваад өгсөн

Энэ удаагийн дугаартаа 1995 оноос хойш залуусыг байлдан дагуулж, Монголын рок попын ертөнцөд өөрийн гэсэн баттай байр суурийг эзэлж чадсан “Камертон” хамтлагийн дуучин Г.Мэнд-Амартай ярилцлаа. Ирэх онд тус хамтлагийн 20 жилийн ой тохиох бөгөөд энэ сарын 14-нд “Веst hits unplugged” тоглолтоор сонсогчиддоо бэлэг барих гэж байна.
-Ярилцлагаа 19 жилийн өмнө Камертон хамтлаг байгуулагдаж байсан үеийг дурсаж эхэлье. Хамтлагаараа гарсан хамгийн том тайз ямар тайз байсан бол?
-1995 оны долдугаар сарын 10-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд нэг том шоу болж байсан. Тэр шоуг тухайн үеийн Монголын долоон том компани долоон том хамтлагийг ивээн тэтгэн зохион байгуулж байсан. Манай хамтлаг тайзны халаалтанд л дуулж байлаа /инээв/. Энэ тайз л бидний анхны хамгийн том тайз байсан. Тухайн үед тэр шоу нд оролцох боломжийг олгосон хүмүүс нь “Буян” компанийн захирал Б.Жаргалсайхан, тэр үед Улсын филармоний даргаар ажиллаж байсан Д.Ухнаа гуай нар байсан. Тзд биднийг биечлэн сонсож, шоунд орох боломжийг олгож байлаа.
-Анхны тоглолтынхоо тухай дурсаач. “18 нас” нэртэйгээр тоглож байсан санагдана?
-1996 оны дөрөвдүгээр сард СТӨ-нд анхны тоглолтоо хийж байлаа. Нэг их айдас бол байгаагүй ээ. Гэхдээ бараг юу болох гээд байгаагаа ч мэдэхгүй байж байтал тоглолт дууссан байсан /инээв/. Тухайн үед манай үзэгчдийн дийлэнх нь охидууд байлаа. Үзэгчид нүргэлсэн тийм гоё тоглолт болж байлаа. Тэр тоглолтын тасалбар 500 төгрөгөөр худалдаалагдаж байсан санагдаж байна. Манай хамтлагийн зургийн цомогт тэр тасалбар хадгалагдсан байдаг.
-Хамтлаг байгуулагдсаныхаа дараа хамтдаа амьдардаг байсан шүү дээ. Хамтдаа амьдрахаар хөгжилтэй зүйлс их тохиолдоно биз?
-1996 оноос хэсэг хамтдаа амьдарсан. Хөгжилтэй зүйлс байнга тохиолддог байлаа. Сингапурт байхдаа бас хамт амьдарсан.
-1997 онд “Greatest hits” тоглолтоо хамтлагийн үдэлтийн тоглолт гэж нэрлэж байсан шүү дээ. Энэ тоглолтын дараа хамтлаг тарна гэж байсан боловч тараагүй. Тухайн уед яагаад тийм шийдвэрт хүрч байв?
-Яахав дээ нөхдүүд “Оддын өвчин” тусахгүй юу. 1997 он гэхээр миний 18 нас хүрч байсан жил. Дөрвөн хүүхэд л байлаа шүү дээ. Тухайн үед Тайванбат ах Герман руу нэлээд хэдэн сараар явсан юм. Тайванбат ах бараг л бидний хүмүүжүүлэгч, асран халамжлагч байлаа. Тэгээд явсан хойгуур нь нөгөө үлдсэн дөрвөн том толгой чинь шийдвэр гаргаж байхгүй юу. Түүнээс биш хоорондоо хэрэлдэж, зодолдсон юм бол байгаагүй. Бараг л энэнээс цаашаа хийх юм байхгүй гэж л бодож байсан байх даа /инээв/. Тэгээд нэг сайхан тоглолт хийчихээд хэдүүлээ зам мөрөө хөөцгөөе, сургууль соёл хөөцгөөе гэж ярилцсан. Залуу байсан болохоор тийм шийдвэрт хүрч байсан ч байж магадгүй.
-Өнөөдрийг хүртэл 19 жил хамтдаа байж нэг гэр бүл шиг болсон байх. Нэг хамтлагийн уран бүтээлчид гэхээсээ илүүтэй амьдралын найзууд гэвэл ононо. Таныхаар нөхөрлөл гэж юу вэ?
-”Камертон” хамтлагаасаа ч өмнө бид найзууд байсан. Болдоо бид хоёр нэг анги, Эба, Ганаа хоёр маань нэг ангийн сурагчид байлаа. Харин хөгжмийн хичээл дээрээ Эба бид хоёр нэг ангид, Болдоо, Ганаа хоёр маань нэг ангид хичээллэдэг байсан л даа. Их дотно найзууд байсан. Угаасаа найзууд байсан хүмүүс хамтлаг байгуулаад улам л ойртсон. “Камертон” байгуулагдсанаас хойш гээд бодохоор 19 жил, тэрнээс өмнөх гээд бодохоор бараг 27, 28 жил үерхэж нөхөрлөж байна даа.
-Хамтлагийг энэ урт хугацаанд оршин тогтнох хамгийн том үндэс нь энэ нөхөрлөл байсан нь дам-жиггүй. Өөр ямар ямар хүчин зүйлс нөлөөлж байсан болоо?
-Ерөөсөө л урлаг. Бас нэг зорилго. Урлагийн мэргэжил рүү нэг л орсон бол хэзээ ч буцаж гарч чаддаггүй. Хүсдэг ч үгүй байх. Урлаггүйгээр өөрийнхөө амьдралыг төсөөлж чадахаа больдог. Энэ маш их нөлөөлсөн. Мөн аливаа зүйл урагш ахихад урам маш их түлхэц болдог болов уу. Манай хамтлагийг анх байгуулагдаж байхад хүмүүс ойлгоогүй л дээ. Маш их шүүмжлэлүүд гарч байсан. Тухайн үеийн хэвлэл мэдээлэл их хүчтэй байлаа. Бид юу ч мэдэхгүй хүүхдүүд учраас тэр болгонд нь дарамтанд ороод л. Тиймэрхүү шүүмж гарч л байдаг гэдгийг өөрсдөө ойлгохгүй байхгүй юу. “Бизнес таймс” гээд сэтгүүлийн сэтгүүлч Пүүжээ гээд эгч байдаг л даа. Тэр эгч маань биднээс ярилцлага авч “Бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ” гэсэн гарчигтайгаар нийтэлж байлаа. Тэр ярилцлагаас хойш хүмүүс бидэнд их урам өгсөөр ирсэн. Ер нь залуу хүнийг бурмаар, элдэв янзын эд материалаар дэмжсэнээс сайхан урмын үгээр дэмжих хэрэгтэй. Гэхдээ энэ нь хий хоосон хөөргөлт байж бас болохгүй л дээ.
-Нэлээд хэдэн жилийн өмнө телевизэд өгсөн нэгэн ярилцлагыг тань үзэж байлаа. Тэр ярилцлагын үеэр нэг түүх сөхсөн л дөө. “Камертон” хамтлагийг хамгийн анхны клипнийхээ зураг авалтыг хийлгэчихээд явж байхад нэг Фургон машинтай хүн үнэгүй хүргэж өгч байсан. Мөн тэр хүнээ хайж байгаа гэж ярьж байсан. Тэр тус хүргэсэн ахыг олсон болов уу?
-Харамсалтай нь тэр хүнээ олоогүй ээ. “18 нас” дууны клипний зураг авалт дөнгөж дуусчихаад телевиз дээрээс гараад явж байлаа. Бидэн шиг хүүхдүүдэд хэн хамаг цаг зав, телевизиинхээ студииг өдрийн цагаар чөлөөлж өгөх вэ дээ. Шөнөжингөө зураг авахуулсан даа. Тухайн үед хөл хөдөлгөөн ч бага байлаа. Машин унаа ч ховор. Тэгээд үүрээр нэг фургонд суугаад л хүргүүлж байсан. Тэр хүнд баярласнаа илэрхийлж “Хэзээ нэгэн цагт бид алдартай хамтлаг болно. Та заавал хараарай” гэж хэлцгээж байснаа санаж байна.
-”Хувьсал” тоглолтын тухай асуумаар байна. “Камертон” хамтлаг шинэлэг болгоныг сонсогчиддоо хүргэдэг байсан. Энэ тоглолтоо ч жүжигчилсэн шоу маягаар, циркийнхэнтэй хамтран тоглож байсан шүү дээ?
-”Хувьсал” тоглолтыг 1999 онд тоглосон. Гэхдээ тэрнээс өмнө 1998 оны аравдугаар сард “Тор ten” диско клубт нэг орой “Unplugged”‘ тоглолт бас тоглосон л доо. Ямар нэг өөр, шинэлэг зүйл хийхийн тулд эрэл хайгуул хийсэн. Тэгээд амьд хөгжимтэй буюу “Никитон” хамтлагийн хөгжимчидтэй тоглолт хийсэн юм. Тэр тоглолтын дараа “Оn’n off”-ийн Ононбат ахтайгаа хамтран ажиллаж эхэлсэн. “Явах цаг боллоо”, “Харууслын аяз” зэрэг дуунууддаа маш өвөрмөц шийдэлтэй клипүүдийг хийж байлаа. Тэгээд тоглолтоо Улсын цирктэй хамтарч хийхээр болсон. Тэр тоглолтонд улсын циркийн удирдлагууд, жүжигчид маш сайн ажилласан. Миний санаж байгаар бүтэн хоёр сар хамтарсан бэлтгэл хийж байж тоглолтоо хийж байлаа.
-”Камертон 2″ шоуны тухай ярья. Өөрсдийн залгамж халаа болох хамтлагийн гишүүдийг сонгоход хэр хүндрэл гарч байв. Сонголтон дээрээс болж хоорондоо санал зөрөлдөх явдал гарч байв уу. “Камертон” хамтлагийн дуунд дуртай маш олон залуус оролцсон шүү дээ?
-Маш олон авьяаслаг залуус оролцсон. Хэдийгээр хамтлагт шалгарч чадаагүй ч гэлээ Анхбаяр гээд инженер залуу, Ганзаяа, Балжинням, Алтан-Од гэх зэрэг маш авьяастай залуус олон байсан. Санал зөрөлдөөн бол байнга гарч байсан. Оролцогчид болгон дээр л санал зөрөлдөж байлаа. Яагаад гэхээр дөрвүүлээ л өөр өөр талаас нь хараад, тэрэндээ үнэлгээ өгч байсан болохоор. Эцсийн дүндээ бол шалгарсан дөрвөн оролцогчиддоо бүгд сэтгэл хангалуун байгаа. Тэр дөрвийн хувьд үнэхээр санал нийлсэн.
-”Камертон 2″ төслөөс шалгарсан “Бид4″ хамтлагийнхан нэгэн ярилцлагадаа та бүхнийг өөрсдийнх нь уран бүтээлийн хамгийн том зөвлөгчид гэж ярьсан байсан. “Бид4″ хамтлагтайгаа хэр ойр ажиллаж байгаа вэ. Тун удахгүй анхны цомог нь гарах гэж байна шүү дээ?
-Ер нь сүүлийн үед Болдоо бид хоёр илүү их ойр байгаа. Нөгөө хоёр маань ч гэсэн уулзахаараа сайхан зөвлөгөө өгнө. Ажлын шаардлагаар тэр болгон уулзаад, зөвлөгөө өгөөд байж чадахгүй байгаа байх. Шуудхан хэлэхэд манай дүү нар хоолойны чадлын хувьд мундаг чадвартай, сайхан залуус. Хэний ч өмнө нүүр улайхааргүй, ямар ч улсын тайзан дээр гараад дуулахад манай “Бид4″ “цочоох” хэмжээний тоглолтыг үзүүлнэ гэж ам бардам хэлэх байна.
-2005 онд Төв цэнгэлдэх хүрээлэнд “Камертон” хамтлаг хамгийн олон үзэгчдийг нэг дор цуглуулсан тоглолтоо хийсэн. Энэ тоглолт хамтлагаараа тоглосон сүүлийн тоглолт байсан уу?
-Энэ тоглолт “Камертон” хамтлагийн 10 жилийн ойн тоглолт байсан. Төв цэнгэлдэх хүрээлэнд өмнө нь маш олон тоглолтууд зохион байгуулагдаж байсан боловч манайх шиг олон хүн цуглуулж байгаагүй. Тэрнээс хойш 2010 онд хамтлагийн 15 жилийн ойн тоглолт бас хийсэн шүү дээ. Тэр хооронд хамтлагийн гишүүдийн бие даасан уран бүтээл, цомгийн ажилд илүү их анхаарч ажилласан. Тэрнээс хойш Болдын маань карьер маш амжилттай явж байсан болохоор бид дэмжсэн. Өнөөдрийг хүртэл Болд маань 11 цомог гаргасан байна. “Монгол поп” хэмээх хөгжмийн шинэ урсгалаа гаргаад, түүнийгээ бататгасан хоёр цомог, том тоглолт хийчихсэн байна. Дээрээс нь нь манай Монголын рок попын түүхэнд анх удаа Төрийн соёрхолт хэмээх том шагнал авч бүтээлээ үнэлүүлсэн. Хүмүүс “Болд шагнал авчихлаа” гэж бодоод байгаа. Гэвч үнэндээ энэ шагнал маань уран бүтээлчийг биш, уран бүтээлийг үнэлж өгсөн шагнал юмаа. Энэ хүний оюун санаанаас төрсөн бүтээлийг үнэлж өгсөн төрийн хайр хүндэтгэл, соёрхол юм гэдгийг хэлмээр байна. Найз минь рок попын түүхэнд анхны төр соёрхох хэмжээний бүтээл хийлээ. Манай хамтлагийн хувьд төрийн соёрхолттой цорын ганц хамтлаг боллоо /инээв/.
-Хамтлагийнхандаа хамгийн их баярлаж байсан тохиолдлоосоо хуваалцаач?
-1998 онд Бээжинд бидний шүтдэг “Воуs II men” хамтлаг ирж тоглож байлаа. Гитарчин Өөжгий ах түрүүлээд Бээжинд оччихсон байсан. Тэгээд биднийг дуудаад. Би нөгеө гурваасаа явья л даа гээд гуйгаад л байлаа. Тэгсэн нөгөө гурав чинь явмаар л байна гээд байгаа мөртлөө яг шийдэж өгдөггүй.
Тэгэхээр нь Болдоог гэрт нь дагаж очоод шөнөжингөө “Явья л даа” гээд гуйгаад л байлаа. Вагон хөдлөх цаг дөхөөд л байлаа. Нөгөө Болдоо чинь нэг л ёозгүй ээ. Тэгэхээр нь би шөнө нь гэрээрээ орж хувцасаа сольчихоод ганцаараа яваад өгсөн. Бээжинд намайг Өөжгий ах тосч аваад “Танайхан нээрээ мангар юмаа. Ганц л ирж тоглож байхад нь ирээд үзчихгүй” гээд л.
Би ч “Харин тиймээ, гуйгаад дийлсэнгүй” гэж яриад буудлынхаа өрөөнд ортол манай гурав ирчихсэн сууцгааж байсан. Аймаар хөөрхөн. Намайг ганцаараа явсныг мэдээд манай гурав маргааш өдөр нь онгоцоор хүрээд ирсэн нь тэр байж л дээ.
Аймаар их баярлаж билээ. Тэгж “Воуs II mеn”-ий тоглолтыг хамтлагаараа үзсэн дээ. Тэгээд л бидэнд цаашаа хийх юм маш их байгаа юм байна. Бид дөнгөж зууны нэг хувиа л хийж яваа юм байна гэдгээ ойлгосон доо.
-2010 оноос хойш “Камертон” хамтлагийн шүтэн бишрэгчдийн дунд тоглолтын хүлээлт маш их байсан. Энэ удаагийн “Веst hits unplugged” тоглолтын тухайд?
-Өнөөдрийг хүртэл бид биднийг сонсдог, биднийг дэмждэг хүмүүсийнхээ дэмжлэгээр өдий хүрсэн. Бидэнтэй хамт байсаар ирсэн сонсогчид маань яг бидэнтэй адил бидний хит болж байсан дуунуудыг сонсохыг хүсч байгаа. Тэр үүднээс амьд хөгжимтэй тоглолтоо хийх гэж байна. Фэйсбүүкт манай хамтлаг “Саmerton хамтлагийн албан ёсны хуудас” гээд хуудсыг дөнгөж нээгээд байна. Энэ хуудсанд тоглолттой холбоотой бүх мэдээллүүд тавигдаж байгаа.
-Тоглолтонд оролцож байгаа баг, уран бүтээлчид, ивээн тэтгэгч, зохион байгуулагч байгууллагуудын хувьд?
-”Strings” клуб, “White house” зочид буудлын залуус бидний энэ тоглолтыг зохион байгуулж байгаа. Өмнө нь “Харанга” хамтлаг, “Салхи” хамтлаг, дуучин Б.Сарантуяагийн тоглолтыг зохион байгуулсан. Одоо манай тоглолтыг зохион байгуулж байна. Бидний гол зорилго бол үзэгч, зочид, сонсогчдоо сэтгэл дүүрэн, сэтгэл хөөрлийн дээд цэгт аваачих шүү дээ. Хөгжимчдийн хувьд “Арга билэг” хамтлагийн даралтат хөгжимчин Пүүжээ, “Fiге” хамтлагийн басс гитарчин Билгээ, “Булсара” хамтлагийн соль гитарчин Бади, бөмбөрчин Одхүү нар ажиллаж байгаа. Мөн www.easyticket.mn-тэй хамтран ажиллаж байна.
-Тоглолтонд хэчнээн дуу дуулагдах вэ?
-Тоглолт гурван цаг гучин минут үргэлжилнэ. Маш олон сайхан дуу дуулагдана. Сонсогчдоос тоглолтонд дуулагдах дуунуудын саналыг авч үзсэн. Бидний төлөвлөж байсантай их ойрхон дүн гарсан.
-Яагаад заавал энэ өдөр тоглолтоо хийх болов. Хамтлагийн фэнүүд хамтлагийн төрсөн өдрөөр тоглолт хүлээж байсан байх?
-Одоохондоо бид энэ сарын 14-нд тоглогдох тоглолтондоо хамаг анхаарлаа хандуулж байна. Хамтлагийн төрсөн өдөр буюу зургадугаар сарын 24-нд тоглолт хийх үү, теле концерт хийх үү гэдгээ хараахан шийдээгүй байгаа.
-20 жилийн ойдоо зориулсан шинэ уран бүтээлүүд төлөвлөгдөж байна уу?
-Төлөвлөгдөж байна. Бид өөрсдийнхөө сэтгэлдээ хүртэл, өөрсдөө түүндээ огштол тийм гоё дуу, шинэ зүйл хийж байж сэтгэл ханана. Эргээд тэр маань биднийг дэмждэг хүмүүст сайхан санагдана гэж бид боддог. Үнэхээр чанартай сингл цомог хийх төлөвлөгөөтэй байгаа. Одоо бид зөвхөн өөрсдийгөө бодох нь чухал биш.
Бид дараагийн үеийхэнтэйгээ ойр байж, тэдний уран бүтээлийг дэмжиж ажиллах хэрэгтэй. Энэ 2014 онд “В” продакшны “Бид4″ хамтлаг, “3 охин” хамтлаг, дуучин Амархүү зэрэг уран бүтээлчдийн уран бүтээлд илүү анхаарч ажиллахаар төлөвлөж байна. “Бид4″ хамтлагаа энэ жил очих ёстой цэгт нь хүргэхийг хамгийн түрүүнд зорьж байна.
-Хамтлагийн гишүүдийн бие даасан уран бүтээлийн тухайд?
-Яг одоо эхний ээлжинд Ганаагийн цомог гарна. Болдоо Ганаа хоёр маань хамтраад уран бүтээл хийхээр төлөвлөж байгаа. Болдоогийн маань 11 дэх цомог гарч байна. Миний хувьд одоохондоо уран бүтээлийн нууцаа задалмааргүй байна.
-Олны танил хүмүүс, ялангуяа урлагийнхныг шар хэвлэлээр янз бүрээр бичдэг. Таны хувьд хэр их “гүтгүүлж” байв. Тэр болгон тайлбар, няцаалт хийгээд байдаггүй одоо бүр дөжирчихсөн үү?
-Янз бүрээр л бичүүлсэн шүү дээ. Бараг дөжирсөн гэж хэлж болно доо. Манай хамтлагийн урлагийн карьер маш эрт эхэлсэн. Намайг дөнгөж 15-хан настай байхад “Камертон” хамтлаг байгуулагдсан. Тэр үеэс эхлээд л сайн муугаар бичүүлсэн. Эцсийн дүндээ бол бид ардчилсан нийгэмд амьдарч байна шүү дээ. Яахав бичиж л байг. Тэрэнд эмзэглээд ч яах юм билээ.
-Таны хувьд хамгийн их эмзэглэхээр гүтгүүлж байсан тохиолдол нь?
-Ижил хүйстэн гэж хэлүүлж байсан. Нэг хэсэг намайг ижил хүйстэн гээд л цуураад байсан шүү дээ.
-UВS” телевизээс зохион байгуулдаг “Universe Best Songs” наадамд энэ жил ажиглагчаар ажиллалаа. Энэхүү саналыг хэрхэн хүлээж авав. Оролцогчдын чадвар хэр байв?
-Ажиглагчаар ажиллах саналыг “Цагаан сар”-ын дараа хүлээж авсан. Энэ гоё төсөлд оролцох нь миний хувьд маш гоё санал байсан. Дуртайяа хүлээж авсан даа. Дөнгөж дуулж эхэлж байгаа хүүхдүүдэд яг голыг нь олсон зөвлөгөө, сайхан урам л их хэрэгтэй байдаг байх. Тэр үүднээсээ л ажилласан. Хүүхдүүдийг шүүж, шалгуур тавих нь гол биш, алдааг нь хэлж өгч, урам өгөхийг л хичээсэн дээ.
-Хамтлагийн уран бүтээлч гэдгээс гадна гишүүдийн хувийн бизнес, эрхэлж байгаа ажлуудын талаар сонирхмоор байна?
-Болдоо маань урлагтаа 100 хувь сэтгэл зүрхээрээ ажилласаар ирсэн. “В” продакшныг үүсгэн байгуулж, ерөнхий захирлаар нь ажиллаж байна. Маш олон уран бүтээлчидтэй ажиллаж байгаа. Түрүүн хэлэхдээ би нэлээд олон уран бүтээлчдийн нэрийг бас дурдаагүй. “В” продакшн тусдаа байгууллага учраас энэ манай Болдын амнаас л гарах ёстой.
Ганаагийн хувьд “Эко” телевизийн ерөнхий захирлаар ажиллаж байна. Хэвлэл мэдээллийн салбарт эргэлт буцалтгүй орсон. Ганаа маань өөрөө ч “Би одоо өөрийгөө энэ салбараас гаргах ямар ч эрхгүй. Надад тийм хүсэл ч алга” гэж хэлдэг. Эба маань газар тариалан эрхэлж байна. Эба маань “Монгол газар шим” компанийг байгуулаад амжилттай ажиллаж байгаа. Эбагийн маань тарьсан тариа буудайгаар хийсэн талхыг идээгүй хүн Монголд байхгүй байх.
Урлаг
Жагаа гээд дуудахаар хоёулаа эргэж хараад байсан болохоор

Монгол улсын гавъяат жүжигчин Гончигын Жаргалсайхан нь 1958 онд төрсөн. Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат. Аав, ээжийн нь төрсөн газар Чандмань сум болохоор энэ нутгаар овоглох дуртай.
Алтай нутгийнхаа тухай “Зүүдний мөнгөн Алтай”, “Хөглөгөр их Алтай”,”Тэнгэрийн уул”, “Засагт хааны хөх харчуул” зэрэг дуунуудыг хийсэн. Тэр дундаа Чандмань сумын зон олонд зориулж “Чандмань нутаг минь” дуу зохиосон нь уг сумын сүлд дуу болжээ.
Үүнээс гадна “Есөн булагийн дуулал” нэртэй алтай нутгаа дээдэлсэн дууг нь Алтай нутгаас төрөн гарсан уран бүтээлчид амилуулжээ.
Монголын рок, попын эцэг хамтлаг хэмээн нэрлэгддэг “Соёл-Эрдэнэ” хамтлагийн гишүүн асан олноо ”Том Жагаа” гэж хүндлэгдсэн түүнийг мэдэхгүй хүнгүй билээ. Саравчтай малгай, хар шилээр гоёсон “Соёл-Эрдэнэ” хамтлагаар эцгийнхээ нэрний адил овоглодог энэ эрхэм хамтлагийнхаа 45 жилийн ойн босгон дээр “Алдарын Од” медалийг хүртжээ.
Г.Жаргалсайхан нь Нийслэлийн арван жилийн 34-р дунд сургуульд суралцаж байгаад 1973 онд Хөгжим бүжгийн дунд сургуульд шилжин орж тэндээ төгссөн. Дараа нь Минскийн Соёлын Дээд Сургуулийг хөгжмийн эстрадын удирдаачаар төгссөн.
1977 онд Баянмонгол чуулгад хөл тавьж, 1980 онд “Соёл-Эрдэнэ” хамтлагт орсон. Анх Баянмонголоос “Соёл-Эрдэнэ” рүү З.Зундарь оруулж “Чи залуу хүн байж энд оркестр тоглоод хэрэггүй, дуулж хөгжимддөг хамтлагт ороод дуугаа зохиож, хөгжмөө найруулах хэрэгтэй” гэж ятгасан гэдэг.
Монгол Улсын том хамтлаг гэдэг утгаараа “Соёл-Эрдэнэ”, “Баянмонгол” 1970-аад оны эстрад урлагийн алтан үе байсан.“Соёл-Эрдэнэ” хамтлаг зууны манлай хамтлаг болж байсан. 1980 онд Баянмонголоос хоёр Жаргалсайхан “Соёл-Эрдэнэ”-д очсон. “Нэр нэгтийн чих нэг” гэдэг. Хүмүүс “Жагаа” гээд дуудахаар хоёулаа эргэж хардаг бас болоогүй ээ хоёулаа буржгар үстэй.
Ялгаж дуудахын тулд “Долгион” нөгөө Жаргалсайханд “Буржгар” хэмээх нэр хайрласан гэнэ лээ. Биеэр арай том,бас нэг насаар ах байсан болохоор Г.Жаргалсайханг Том Жагаа гэх болжээ.
Тухайн үед түүнийг юу өмсөнө залуус дуурайж дагана. “Буян”-гийн Жагаа урлагт их элэгтэй, бас гарын ур дүйтэй хүн байж. “Соёл-Эрдэнэ” хамтлагт бараг орох гэж байсан хүн гэж ярьдаг. Том Жагаа Баахан жинс барьж очоод найз Жагаагаараа эсгүүлдэг байсан гэдэг.
Г.Жаргалсайхан урлагийн төлөө тууштай зүтгэсэн нэгэн. Суугуул сайхан нутаг, Уулын төмөр ost, Сар шиг холын нутаг зэрэг олон хит дуунуудыг зохиож дуулж олондоо хүргэсэн. Бүтэн 45 жилийн турш хийсэн уран бүтээлийг нь тоолбол тоймгүй их тоо гарах байх. “Соёл-Эрдэнэ”-ээс маш олон хөгжмийн зохиолч дамжиж гарсан гэдэг тэгээд бодохоор тоймгүй их тоо гарах байх.
Тэрбээр “Бидний дуулсан дуу хит болж, олны дунд өнөөг хүртэл амьдарч байна. Хүмүүс олон жил дуулж ирсэн дуунуудыг маань сонсох гэж дурладаг. Тэр дуугаа дуулаач гэж захиална, бүр дагаад дуулдаг гээч.
Би амьдралаа урлагаас өөр зүйлд зориулсангүй, сэтгэлээ ч бас дуу, хуураас урвуулж чадсангүй. Бид олны дунд тунаж үлдсэн дуунуудаа он жилүүдийн хатуу шалгуурыг сөхрөлгүй давсан гэж боддог шүү” хэмээн ярьжээ.
МУГЖ Г.Жаргалсайханд эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэж цаашдынх ажил амьдралд өндрөөс өндөр амжилтыг ерөөе.
Урлаг
Жүжигчин Батцэцэг: Тэр үед тэсэлгүй нулимс унагаж суусан

Цаг хугацааны чанадын чанадаас хөтлөлцөн амьдрал туулж яваа эгэлхэн сайхан найз минь ээ. Gankhulug Enebish Би чамдаа бодогддог бүхнээ бичиж амжаагүй яваа юм байнаа. Өнгөрсөн тавин жилийн турш сайхан найзынхаа халамж сэтгэлд дор би үнэхээр хөлбөрч ирсэн хүн юм байна. Энийг яриад тоочоод барамгүй л дээ…
Би нэг удаа Ташкентын наадамд оролцох болоход чи америкаас нээх гоё сандааль аваад намайг тэр кино наадамдаа өмс гээд явуулж билээ. Киноны 80 жилийн банкетан дээр чиний явуулсан бэлэг хүргэгдэж ирэхэд би тэсгэлгүй нулимс унагаж суусан.
Кино бол миний амьдрал, хувь заяа гэдгийг чи тэгж зүрх сэтгэлээрээ мэдэрдэг хүн. Бас нэг удаа хүүхэд өвдөөд эмч оношилж чадахгүй байхад чи ирээд дор нь оношлоод тас тас инээгээд сэтгэл цэлмээж байж билээ. Чи зөв оношилж дор нь эдгээсэн. Би тэр үед “өөрөө ч өвдсөн болоосой” гэж шогширч суусан.
Миний насан туршийн дуудлагын эмч минь чи л байж… өдөр шөнийг эс ялган гүйж ирнэ, сэтгэл засна, маргаашийн өөдрөг бүхний үрийг сэтгэлд соёолуулна. Амьдралын үнэний тусгал болсон сайхан найздаа ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ.
Сэтгэл шигээ сайн явна гэдэг үгний биелэл чи минь билээ” гэлээ.
Нацагдоржийн Батцэцэг 1957 онд Улаанбаатар хотод төрөөд 6 дугаар дунд сургууль 1974 онд төгсөсний дараа МУИС-ийн Орос хэлний орчуулагч мэргэжлээр 1979 онд төгссөн байна.
Эцэг Ц.Нацагдорж нь 1930 онд Төв аймгийн Өндөрширээт суманд төрсөн. Эдийн засгийн дээд сургууль, ЗХУ-ын Коммунист намын дээд сургууль төгссөн өндөр боловсролтой сэхээтэн.
Тэрээр Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн төв хороонд зааварлагч, нарийн бичгийн дарга, Дарханы Нэхий эдлэлийн үйлдвэрийн дарга, Архангай аймгийн Цэцэрлэг хотын дарга, Увс аймгийн Сагил сумын нэгдлийн дарга зэрэг ажлуудыг хийж явжээ. хойд эцэг Ц.Хасбаатар нь хэл бичгийн ухааны доктор, СГЗ орчуулагч хүн.
Эх Б.Цэрэнлхам нь 1933 онд Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн. Эдийн засгийн дээд сургууль, ЗХУ-ын Комсомолын дээд сургуулийг дүүргэсэн чадварлаг удирдагч. Улсын их дэлгүүрийн эвлэлийн хорооны дарга, худалдааны дарга зэрэг ажлуудыг хийсээр гавьяаны амралтандаа гарсан байна.
Эх нь залуудаа Драмын театрын жүжигчин байсан гэдэг. Зургаан жил ажиллахдаа “Кремлийн цаг”, “Эмч нар”, “Тожоо жолооч”, “Санасан ёсоор болтугай” зэрэг жүжгийн гол дүрийг бүтээжээ.
1979 оноос Монгол Кино үйлдвэрт дагалдан жүжигчнээр орж 1982 онд мэрэгжлийн жүжигчин болсон байна.
1991 он хүртэл Цирк болон Кино үйлдвэрт ажиллаж байгаад “Өргөө” циркийн бүрэлдэхүүнд багтан Герман, Польш улсад таван жил ажиллаад 1996 онд нутагтаа буцаж ирсэн юм
Нөхөр О.Машбатын хамт “Монголжин” кино студи байгуулсан.
2000 оноос “Монголжин” хувийн театр байгуулж захирлаар нь ажилласан.
О.Машбатын гэр бүл арваад жил АНУ-д амьдарсан. Тэд уран бүтээлээ хийхийн зэрэгцээ Америк дахь монголчууддаа зориулан “Үгүйлэн санана”, “Америк дахь монголчууд” нэртэй телевизийн цуврал нэвтрүүлэг хийж байжээ.
2004 онд Монгол Улсын Гавъяат жүжигчин болсон.
Урлаг
“Амбий Солонготойгоо улаанбаатарын олон хороолол олон байраар дамжсан”

“Амбий” гэдэг нэрийн тухайд, бага байхад хүмүүс өхөөрдөөд “Памбий” гэж дууддаг байсан бөгөөд энэ нь явсаар “Амбий” гэх хоч болсон гэдэг. Түүний хувьд угаас хөдөлгөөнтэй нэгэн байж. Бага залуудаа автомашины наймаа хүртэл эрхэлдэг байсан гэж найзууд нь дурсдаг. Автомашины бизнес эрхлэх хугацаандаа “хамгийн түрүүнд мөнгөтэй болвол байр л авах юмсан” гэж мөрөөдөж байсан тухайгаа өөрөө ярьсан байдаг.
Өнөөдөр театрын өдөр бас ахын минь мэндэлсэн өдөр, Ум сайн амгалан болтугай
Амь + Бий
Амбий… Амбий… Амь, амин, амины гэсэн утгатай үг юм л даа. Амины хайртай шавь минь! Ард олныхоо амин хайртай жүжигчин минь! Бүтэн бие чинь алдарсан ч бүтээсэн дүрүүд нь түмнийхээ сэтгэлд мөнхөрч үлдлээ дээ. Амбийтай уулзсан хүний дотор сэтгэл гэрэлтэж, Амбийгийн алиа хошин яриаг сонссон хүн баяр жаргалаар бялхдаг юм.
Өөрөө гэрэлтэж явахын хэрээр гэрэлтүүлэгч нэгэн байлаа. Гэрэлтүүлэгч гэснээс Амбийгийн аав “хар” Цэвэгсүрэн гуай Дорнодын театрын тайзыг насаараа гэрэлтүүлсэн гэрэлтүүлэгч ажилтай хүн байлаа.
Хөлд орохоосоо л аавынхаа хормойноос зүүгдэж, аавтайгаа хамжиж театрын тайзыг гэрэлтүүлж, нүд, сэтгэл нь гэрлийн цацрагтай цуг жүжигчид дээр тусаж байхаас Амбий өөрөө тайзан дээр бууж, өөрөө гэрэлтэж, өргөн түмнээ гэрэлтүүлэхийн хүслэнд автсан байдаг юм.
Аав нь Амбийг аравдугаар ангиа төгсүүт амьдрал үзэг хэмээн ардын цэргийн албанд үджээ. Цэргийн чилийсэн гурван жилийн албыг хаагаад “хүн болоод ирсэн” Амбийд гурван жил зүүдэлсэн Дорнодын театрын тайз нь хүн ёсоор хүлээн авч, бас гурван жил дагалдан жүжигчин болгож эрхлүүлжээ. Амбий бол Дорнодын театрт эрхлэх эрхтэй хүн юм.
Дорнодын театрынхан 1990 онд Улаанбаатарт тайлан тоглолт хийхэд Д.Норовын “Үнэ цэнэ” жүжигт хүрэм зардаг наймаачин залуугийн жижиг дүрд гарч, тайзан дээр байгаа ч үзэгчдийн танхим руу үсэрчих гээд байгаа мэт тэмүүлэлтэй, халуун сэтгэлтэй, гал цогтой, хэлтгий харвал халмаг хөөрүү гэмээр тийм нэгэн тогтож ядан байсан сан.
Анх удаа би Амбийг тэгж харсан юм. Тэгвэл дүр гэхээсээ илүүтэй Амбий хэмээх дүр өөрөө л уяан дээрээ дүүхэлзсэн эмнэг үрээ мэт цолгин цовхорч байсан юм билээ. Амбийтай учирч багш шавь болсон азтай хүн дээ би. Намайг багш болох замыг зааж, засаж өгсөн шавь нарын нэг нь Амбий юм. СУИС хэмээх эрдмийн өргөө “гэрэлтэгч” Амбийг улам гэрэлтүүлж өгсөн юм даа.
Жүжигчний ур чадварын 106 дугаар танхим. Анхны хичээлүүд. Амбий хамраа шудраад л тайз руу гарна. Өөрөө түрүүлж гарна. Өрөөлийг дагуулна. Уриална. Энэ бол Амбийгийн төрөлх чанар.
Цэрэг, эх орон, адал явдал баатарлагийн сэдэв Амбийгийн тоглох дуртай сэдэв байлаа. Би тэр үед шавь нартайгаа адилхан залуу байж. Ангидаа биднийг тойроод сууж байхад орж ирсэн хүн “Багш нь та юу?” гэж Амбий руу заадаг байсан.
Амбий авьяас нь хатгана, архаг нь хэтэрнэ. Заримдаа сахилгагүйтнэ. Тэр нь дэндүү гэнэн цагаан. Тийм мөртлөө хоморгод их автана. Дотуур байрны цонх хагарах Амбийтай хамаатай, СУИС-ийн байрны чердак руу орж тагтаа олноор хиарсныг Амбий хийсэн, сангийн аж ахуйд нутгийн индиануудыг өдөж асуудал гаргасан хүн Амбий болоод явчихна. Уг нь Амбий дунд нь л яваа юм. Тэгтэл яаж ийгээд толгойлогч, уруу татагч болж хувирна.
Амбий СУИС-д дөрвөн жил сурахдаа гурван удаа хөөгдөж, гурван удаа үлдсэн юм. Тэр нь дандаа хоморгын асуудал. Үнэнхүүтэй цуг даварсан гэх, бас дарвисан гэх. Дуучин Үнэнхүү СУИС-ийн бэлгэ тэмдэг байлаа тэр үед.
Үнэнхүүтэй би барьцаж байж Амбийг үлдээж авсан юм. Хайдав багш “Үнэнхүүг сургуулиас хөөвөл намайг хөөчих” гээд дүүлээд ороод ирнэ. Тэгэхээр нь сөргүүлээд Амбийг тавьчихна. Үнэнхүүг хөөж чадахгүй болохоор Амбий үлдэнэ дээ.
Амбий дотуур байранд амьдрах. Яагаад ч юм Амбийгийн амьдардаг өрөөний цонхны шил бүтэн байна гэж үгүй. Хүний хагалсан зэмийг Амбий өөр дээрээ авна.
Дотуур байрын эрхлэгч аргаа барахдаа Амбийг байрын зөвлөлийн даргаар тавьчихсан чинь тун мэргэн шийдвэр болж, Амбийд хэнхэг өвчин тусч тасаг болгоныг хяналтдаа авч, оюутнуудтай тулж ажиллаж, түүнээс хойш хагархай цонхтой тасаг байхгүй болсон юм даг.
Шөнө жижүүрлэж хэнхэглэснээс өглөө унтчихна. Хичээл, сургуулилтаас хоцорно. Хичээл хоцорлоо гэж Амбийг төмөр сандал далайгаад элдэж явсан юм даа. Одоо байхгүй болчихсон хойно нь яах гэж тэгж байв даа гэж сэтгэл өмрөн өрөвдөх юм.
Амбий сэтгэлдээ юм хадгална гэж байхгүй. “Хар” Цэвэгсүрэнгийн “ хар Амбий, гэвч сэтгэлдээ толбын төдий тортоггүй сүү шиг цагаан сэтгэлтэн байлаа. Хүнтэй үг зөрж нударга зөрүүлэх Амбийгийн хувьд энүүхэнд байлаа. Тэрнийхээ дараа цайрч цагаалах нь амархан, тэр хүнтэйгээ өмнөхөөсөө илүү дотносож, хайрладаг байлaа.
Цаанaа юм хадгална гэж байхгүй. Байдаг хийдгээ хэлээд тавьчихна. Тэгж байж санаа амарна. Үүлээ хөөгөөд цэлмэсэн тэнгэр шиг болчихоод, туранхай цээжээ дүүртэл цээлхэн амьсгаа татчихаад, хамраа нэг шударчихаад гарч өгнө.
Бид нар хоёрдугаар курстээ бүрэн хэмжээний том жүжиг Хүүхэд, Залуучуудын Театрын тайзнаа тоглочихож билээ. Оросын зохиолч Л.Разумовскаягийн жүжгийн зохиолыг Монголын орчин ахуй, цаг үе рүү татаж хөрвүүлсэн “Хайрт Долгор багшаа” жүжигт Амбий маань Сүмбээ гэж ар гэрийн амьдрал суурь хүмүүжил сурлага муутай ч хүн чанартай дүрд ажилласан юм.
Төгсөх курстээ бүрэн жүжиг ажилладаг уламжлалыг эвдэж, доод курсийн оюутнуудын жүжиг Хүүхэд, Залуучуудын Театрын тайзнаа хэчнээн удаа дүүрэн үзэгчтэй тоглосон билээ. Энэ жүжигт мөнөөх Амбий оройлон манлайлагчаараа л байлаа. Үндэсний телевизийн алтан фондод хоёр ангит энэ жүжиг маань бий.
Оюутнууд багшийнхаа эзгүйд бие дааж ажиллах, ирэхэд нь бэлэгтэй угтах чин эрмэлзэл дүүрэн үе тэдэнд байлаа. Намайг “Мичдийн зургаан гялаан” киноны натурт яваад ирэхэд Амбий Бооёо хоёр “ЛН” улсын уралдаанаас А Чеховын өгүүллэгээр шилдэг бүтээлийн, Амбий “Дээрэмчид’’ жүжгийн Франц Моорын дүрээр шилдэг дүрийн шагнал авчихсан хүлээж байж билээ.
Амбий санаачлагч, манлайлагч, ачааны хүндийг үүрэгч нь бүх цаг үед байсан. Хорчгор туранхай биедээ ахадсан их ачаа, дэндүү холыг харсан зорилгыг тээж явж дээ, шавь минь.
Сайн хүнийг сайн хүмүүс хүрээлж, тэд нар нь хоорондоо халуун бат найз нөхөд бололцдогийн үлгэрлэл Амбийгийн амьдрал юм. Амбийгийн ажилласан газар, амьдарсан орчныхон Амбийг тойроод нөхөрлөчихдөг юм.
Амбий Солонготойгоо Улаанбаатарт олон хороолол, олон байр дамжсан ч тэдний амьдарсан байрны орцынхон бие биеэ таньдаг, ойр дотнын ах дүүс мэт болчихсон байдаг нь Амбийгийн хүнийг татах хүч, найрамдагч шинж чанар юм.
Амбий ойрын жилүүдэд бие чилээрхүү байлаа. Тэр үед байр орцынхон нь ээлжээр жижүүрлэж, хоолыг нь хийж, эмнэлэгт хүргэж, эргэж тойрч, өөрийн гэр бүлийн гишүүн мэт хандаж ирсэн юм.
Амбий дэндүү олонтой эр хүн байлаа. Амбий өргөн дэлгэр бодолтой, өндөр тэмүүлэл зорилготой, Дорнодын уудам тал шигээ тэнүүн сэтгэлтэй хүн байлаа. Нутаг орондоо амьсаг сэтгэлтэй, Дорнодынхноо их дэмжинэ. Сэтгэл гутруу үедээ Дорнод руугаа гарч давхиад дотроо онгойлгочхоод хүрээд ирнэ.
“Найрын ширээний ууц” жүжигт урьд нь тоглож байснаараа мюзикл жүжиг хийх гэж Дорнодын театрын уламжлалыг сэргээх гэж маш их хүч, хөрөнгө зарсан. Хоёр давхар тайз засаж, гэрэлтүүлгийн тоног төхөөрөмжийг орчин үеийн шилдэг зэрэглэлд хүргэж, өчнөөн олон чадалтай жүжигчдийн баг бүрдүүлж ажилласан.
Гэвч Амбийгийн зүтгэл ард түмнийхээ төлөө л байлаа. Алдарших гэж үүнийг хийгээгүй. Алдаршихын төлөө улайрч явдаггүй нь Амбийгийн ясны араншин юм.
“Орчин үе” театр, Улсын Драмын Эрдмийн Театрт хэдэн жил ажиллав. Харин Амбий урсгалаар явахыг хүсээгүй. Тэжээлгэж, хүний гар харж амьдаръя гэж бодоогүй юм. Зориг зүрх шулуудаж Бооёо, Хүрлээ хоёртойгоо нийлж “Шинэ үе” продакшныг үүсгэн байгуулж, хэдэн жил ёстой л галлаж өгсөн дөө.
Хүнд тус хүргэвэл өөрийнх нь хэрэг бүтэх мэт санаж явдаг юм.
Амбий дүү нараа “өөд нь татах” дуртай. Хүнд тус хүргэвэл өөрийнх нь хэрэг бүтэх мэт санаж явдаг юм. “Шинэ үе” продакшнд олон дүү нар араасаа дагуулсан нь өнөөдөр эрийн цээнд хүрчээ. “Захиалгат инээд” хамтлаг байгуулан бас л дүү нараа өөд нь татаж, хүний зэрэгт хүргэсэн. Амбийгийн буян барагдахгүй юм.
Буянтай хүн, баян хүн. Баян хэмээх утга нь эд хөрөнгөдөө биш, үр хүүхэд, үнэнч нөхөд, үйлс бүтээлээрээ баянд байгаа юм. Би Амбийдаа “Наран ургахыг хүлээхгүй” киноны дүр хатиг Давааг зориулж бичсэн юм.
Увс аймагт 1996 оны зун, намар зургийг авсан билээ. Хошуу ноёны хүү Даваа ядуу айлын сэвгэрт дурлаад “хатиг шиг наалдаад” салж өгөхгүй байгаа юм л даа. Амбий маань дүрийнхээ хатиг шинжийг үнэхээр хатгаж гаргасан. Амбий энэ киноноос хойш эрчлэн хуйларсан их мөрний урсгал боомтоо зад татах мэт дэлгэцийн урлагт хүч түрэн орж ирсэн юм.
Сүүлийн хэдхэн жилд, зөвхөн кинонд л гэхэд “Помогите нам” 1,2, “Би чамд хайртай-2” “Тэнгэрийн ивээл”, “Шарталт”, “Тютю”, “Танхай тээгч, “Содура” гэх мэт үзэгчдийг байлдан дагуулсан, мэргэжлийн өндөр түвшинд бүтээгдсэн кинонуудад гялалзтал тоглож, Амбийгүй бол кино урлаг байхгүй юм шиг дэлгэцийг эзэгнэсэн билээ.
Амбийгийн нэг киног үзээд Амбийг хайрлах үзэгчийн сэтгэл улам өсдөг юм. Энэ нь Амбий урьдах дүрээ давтаагүй, өөр өөрийн өвөрмөц дүрүүдийг бүтээсний илрэл юм. Амбийг тайз, дэлгэцнээ гараад ирэхлээр үзэгчдийн сэтгэл дүүрэн ханаж, ямар нэгэн хүч цэнэг өөртөө авч, амьдрах итгэл тэмүүлэл зориг төрдөг билээ.
Амбий аливаад өнгөц ханддаггүй, тэрүүндээ зүрх сэтгэл, бие эрхтнээрээ уусан ордог. Ямар нэгэн дүрд ажиллахдаа тэр зарчмаа ягштал баримтална. Ийм чанар өнөөдөр ховорджээ. Энэ чанар нь Амбийг богинохон наслуулсан ч юм билүү. Үүнийг ганцхан бурхан л мэдэх байх.
Тайзыг дүүргэдэг, дэлгэцийг эзэгнэдэг жүжигчин дэндүү ховор. Ийм ховорхон жүжигчний нэг нь Амбий даа. Амбий хөшигний ард хамраа хальт шударснаа тайзнаа гараад ирэхэд хорчгор цээж нь ханхайгаад, онигор пүд нь гал цогоор гэрэлтээд, жүжиглэхүйн амьд хийгээд үнэн харьцаа гэдгийг жинхэнэ бодитоор харуулж өгнө дөө.
Үзэгчид Амбийг тайзнаа гарч ирэхийг тэсэн ядан хүлээдэг шигээ, тайзан дээр оволзож, дүрэлзэж, гялалзаж, шагайж байгаад эргээд ороход нь аанай л тайзнаа байгаа мэтээр харж үлддэг шидтэй билээ.
Амбий хошин урлагийн армийн нэгэн командлагч жанжин нь байсан юм. Тайз, дэлгэцийн урлагийг чимэн гэрэлтүүлэгч жинхэнэ од байсан юм.
Найдангийн Ганхуяг / Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, доктор, профессор
-
Дотоод2 years ago
Жүжигчин Ундрал Жүр Үр-ээс “хөөгджээ”.
-
Дотоод2 years ago
Эдгээр байршлуудад 23-наас эхлэн хэсэгчилсэн хөл хорио тогтоож болзошгүй
-
Дотоод2 years ago
Хөл хорио зөрчсөн гэх мэдээлэлд ЕРӨНХИЙЛӨГЧ тайлбар хийлээ
-
Урлаг2 years ago
Бооёо худгаас ус авч явна. Тэр гэр хороололд амьдардаг болчихвуу?
-
Дотоод2 years ago
С.Эрдэнэцэцэг Далантайтай хайр сэтгэлийн холбоотой байсан эсэх талаар ярилцжээ
-
Урлаг2 months ago
Гавьяат Эрдэнэцэцэг Далантайтай хайр сэтгэлтэй байсан эсэх асуудалд цэг тавьжээ
-
Дотоод2 years ago
Аавдаа өргөсөн энэ зулыг маань 1000, 1000 аавууддаа зориулж ШЕЙР хийгээрэй
-
Дотоод2 years ago
Ч.Ганхуяг ямар вакцин хийлгэснээ зарлалаа