Урлаг
“Аман хуур”-д тоглосон бүсгүй одоо юу хийж яваа гээч

Тэртээ 1960-аад оны эхээр “Аман хуур” хэмээх инээдмийн єнгє аястай сайхан кино гарч Монголын vзэгчдийг “байлдан дагуулж” байсан гэхэд болно.
Энэ киноны зохиолчоор Д. Дожоодорж, найруулагчаар Ц.Жамсран, зураачаар Гоош нарын уран бvтээлчид ажиллаж, киноны гол дvрд МУГЖ Бадамгарав, СТА Элбэгсайхан, жvжигчин Ц.Эрдэнэчимэг, Цэрэнлхvндэв гуай нарын уран бvтээлчид тоглосон байдгийг уншигч та бvхэн санаж байгаа.
Уншигч та бvхнийг энэ киноны гол дvр Тємєрийн сэтгэлт бvсгvйд тоглосон Ц.Эрдэнэчимэгтэй уулзуулж байна.
-Таны залуу нас “Аман хуур ” кинонд мєнхєрчээ. Та энэ vед хэдэн настай байсан бэ. Яаж яваад ийм сайхан завшаан болов оо?
-Энэ кино маань 1963 онд бvтсэн кино юм. Тэр vед би театрт ажиллаж байлаа. Хорин нас ч хvрээгvй байсан даа. Тэр vед театраас хориод бvсгvйчvvдийг Кино vйлдвэр дээр аваачиж зураг авсан юм. Гэхдээ энэ нь яг ч бас “Аман хуур” кинонд шалгаруулж авсан зураг биш л дээ.
“Хєхєє гэрлэх дєхлєє” киноны Сувдаад шалгаруулж байсан юм билээ. Энэ кино чинь бас манай найруулагч Ц.Жамсран гуайн бvтээл шvv дээ. Тэгээд энэ шалгаруулалтад нь би тэнцээгvй бололтой юм билээ. Чимээгvй болчихсон юм. Дараа нь харин дуудаад “Аман хуур” гэдэг кино хийж байгаа тvvнд тоглуулах болсон гэж хэлэхгvй юу.
Тэгэхээр нь би “Єє, би ємнє нь кинонд шалгуулсан чинь тэнцдэггvй юм байна лээ” гэсэн чинь “Чамайг тvрvvчийн пробноос сонгоод авчихсан юм. Одоо та энэ кинонд тоглоно” гэж билээ. Тэгээд л энэ сайхан уран бvтээлд оролцох ховорхон хувь тохиосон доо.
-Та тэгэхэд театрт ямар ажил хийж байсан бэ?
-Би тэр vед соёлын дунд сургууль тєгсч ирээд Ардын дуу бvжгийн чуулгад хормейстр хийж байсан. Мяасvрэн багшийн туслах хийж байсан юм. Тэгээд тэр vед театр “Лусын дагина” хэмээх дуурь хийх гэж байна. Тэнд очиж ажилла гээд нэг ёсондоо томилолтоор тэнд ажиллаж байлаа.
-Дахин танд кинонд тоглох санал ирж байсан уу?
-Нэг ч их олон ирж байгаагvй дээ. Би чинь театртаа жил гаруй ажиллаж байгаад хойшоо Эрхvv явсан шvv дээ. Харин Жигжид найруулагч намайг нэг зун амарч байхад дуудаад “Баян булгийнхан” киноны олны хэсэгт оролцож Баянчандмань руу гурав хоног яваад ир гэж хэлээд тvvнд оролцож байсан.
Эхлээд бас жаахан татгалзсан л даа. Тэгсэн чинь “Чи туслах дvр болохоор голж байна ” гэхээр нь айгаад явсан л даа. Тэгээд тэнд арваад хоног хэдэн саальчин бvсгvйчvvдтэй зураг авахуулсан шvv.
-Нєгєє урлагийн бvсгvй маань яаж яваад орос хэлний багш болоо вэ?
-Би хойно Эрхvvгийн их сургуульд орос хэл, утга зохиолын багш мэргэжлээр тєгсч ирээд нийслэлийн нэгдvгээр арван жилийн сургуульд 37 жил орос хэлний багшаар ажиллаж байгаад одоо тэтгэвэртээ сууж байна.
-”Аман хуур” кинонд хамтарч тоглож байсан уран бvтээлчдийнхээ талаар дурсамж хуучлах уу. Киноноосоо хойш хэр их уулзалдаж байсан бэ?
-Сайхан хvмvvстэй сайн уран бvтээлд залуу насаа мєнхлєх боломж олдсонд vргэлж баярлаж байдаг даа. Би ямар Мэргэжлийн жvжигчин биш. Тэдгээр нєхдийнхєє дэмээр хєтлєгдєєд л явсан.
Аавд маань тоглодог Цэрэнлхvндэв гуай ч бас мэргэжлийн жvжигчин биш л дээ. Гэхдээ л байгалиас заяасан гайхамшигтай уран бvтээлч. Элбэгсайхан тэгэхэд Кино драмын ангийн тєгсєх курсийн оюутан байсан. Намайг бодоход тэр чинь том жvжигчин байсан. Ээжийн хувьд ярих ч юм биш.
Мундаг жvжигчин. Бид хамтарсан зураг авалтын vед л харилцахаас хамаа намаагvй ярьж хєєрєєд л сvйд болоод байхгvй л дээ. Тэр ахмадуудаас чинь эмээнэ шvv дээ. Кино дуусаад ч бид нэг их уулзаад байсангvй.
Сvvлд харин vзэгчидтэй уулзах хэд хэдэн уулзалтад уригдаж ирэхдээ тэдэнтэйгээ уулзалдсан. Манай кино чинь бас тухайн vедээ гайгvй зэрэглэлд тооцогдож байсан шvv. Анх кино гарч байсан цагаас хойш одоо 45 жил болчихсон байна шvv дээ. Байнга л гарч байна. Ингэхийг бодоход муу кино байгаагvй гэдэг нь тодорхой.
Арга ч vгvй шvv дээ. Дожоодорж, Жамсран, Гоош гээд Монголын кино урлагийн cop болсон уран бvтээлчид хийсэн бvтээл юм. Эднээс маань нэлээд хэд нь ертєнцийн мєнх бусыг vзжээ.
Одоо Бадамгарав гуай маань нас дээр гараад жаахан чилээрхvv дуулдсан. Удахгvй очих санаа євєрлєєд л явж байна даа. Манайх Хєх хотод таван жил болоод ирсэн. Бадамгарав гуайтайгаа уулзахсан гэсэн бодлыг сэтгэлийнхээ мухарт байнга тээж яваа.
-Найруулагчийн зvгээс зэм сонсох ч юм уу тийм зvйл болж байсан уу. Киногоо vзээд ингэдэг ч байж ,тэгдэг ч байж гээд зарим жvжигчид хожим нь боддог гэсэн. Танд тийм зvйл байдаг уу?
-Гайгvй дээ, Би ямар нэг их мундаг том дvр бvтээчихсэн биш, том жvжигчин ч биш. Манай найруулагч Ц.Жамсран гуай чинь харахад их сvрдмээр хvн шvv дээ. Тvvнээс айна гэж жигтэйхэн. Ээж, аав хоёр маань надад vгийг маань єгєєд л єєрсдєє харилцаад явчихна.
Яг л амьдрал дээр байгаа харилцаа учир би ч тэдэндээ хєтлєгдєєд явчихна даа. Найруулагчийн зvгээс зэмлvvлээд энэ тэр байсан нь харьцангуй гайгvй шvv. Гэхдээ л би чинь ямар жvжигчин хvн биш хэцvv зvйл тааралгvй яахав. Жишээлэхэд, уйлдаг хэсгийн зургаа авахуулахад уйлж чадахгvй байгаа юм чинь.
“Хамгийн хайртай хvнээ өөд болчихлоо гэж бод” гээд хэлэх. Тэр хооронд элдвийн юм бодож байсан ч сайн уйлж чадахгvй. Тэгээд єнєєдvvл чинь намайг нvдээ нээгээд харж бай гээд нvдэнд минь глицрин тусаачих жишээтэй. Энэ мэт аар саар юм бол бишгvй л тохиолдоно доо.
-Кинон дээр гардаг танай гэр байдаг шvv дээ. Тэр vнэхээр УИД-ийн хавьд байсан юм уу. Гоош гуайн хийсэн “объект” юм уу?
-Тэр хавьд хариугvй нурж унах гэж байсан тийм хашаа байсан байх. Тvvн дээр тvшиглэн Гоош зураач маш мундаг байгууламж хийсэн гэдэг шvv. Тэр нарийн ширийн зvйлийг би сайн мэдэхгvй. Ямартаа, л Гоош зураачийг маш чадварлаг ажилласан гэж ярьж байхыг олонтой сонсч байсан.
-Тэртээ жараад он гэдэг бол тийм ч олон кинотой биш vе байсан байх. Vеийнхэн дотроо кинонд тоглочихсон гэсэн бага ч гэсэн бардамнал тєрнє биз?
-Тийм шvv. Тэр vед киног одоотой адил олон олноор хийдэггvй байж. Жилдээ л ганц хоёрхон кино хийдэг, нэг ёсондоо Монголын кино урлагийн хєгжлийн эхэн vе шахуу байж дээ. Vзэж харах юмаар ч хомс байсан байх. Энд тэнд явж байхад хvмvvс танинаа танина.
Гэхдээ би нэг их гадуур дотуур яваад байдаггvй гэр амьтай хvн юм шиг байгаа юм. Залуу байхад хvvхдvvд их танина. Манай гэр 11 дvгээр сургуулийн урд байдаг байлаа. Тvvгээр явахаар тэндхийн хvvхдvvд намайг явахаар зэрэгцэж зогсчихоод манай киноны дууг аялаад байдагсан.
Киногоо энд тэнд гарахаар хvмvvсийн хажууд vзэхээсээ их ичнэ. Яагаад ч тэгдэг байсан юм. Ёстой л нєгєє залуу насны юм байх даа. Одоо харин хааяа нэг гарахаар нь харнаа. Сайхан байдаг юм. Дэлгэцийн урлаг гэдэг ямар агуу юм бэ гэж бахархах сэтгэгдэл эрхгvй тєрдєг дєє. Миний ч бай єєр хэн ч байлаа гэсэн хvний залуу насыг мєнхлєєд vлдээдэг гайхамшигтай зvйл юм.
-Таныг Эрхvvгийн анхны консулын охин гэж сонслоо. Аавынхаа талаар гэр бvлийнхнийхээ тухай яриач?
-Миний аав Цэвээн гэж цэргийн хvн байлаа. Аав минь Москвад цэргийн сургууль тєгсч ирээд Гадаад яаманд ажиллаж байсан. Монгол Улсаас Эрхvvд суух анхны консул бол миний аав байлаа. Би эцэг эхээс хоёулаа. Аав ээж минь биднийг “Vнэнч шударга, тєлєв тєвшин” байхыг л сургаж, єдий зэрэгт хvргэлээ. Одоогоос хоёр жилийн ємнє аав минь ертєнцийн мєнх бусыг vзсэн. Ээж минь одоо энх тунх байна даа. Манайх хоёр охинтой.
-Охидуудаас урлагийн хvн байна уу. Ээжийнхээ дэлгэцэнд мєнхєрсєн дvртэй хэр адил байна вэ?
-Манай хvvхдvvдээс урлагийн мэргэжил эзэмшсэн хvн байхгvй. Ээжийн л охид юм чинь адил байлгvй яахав дээ. Хvмvvс ер нь тєстэй байна гэдэг шvv.
-Таныг маш их ном уншдаг гэж vеийнхэн чинь ярихыг сонслоо. Хэр их уншиж байна даа?
-Орос хэл, уран зохиолын багш болоод ч тэр vv ер нь их уншдаг байсан. Ялангуяа орос хэл дээр маш их уншсан. Тэр тусмаа хvний газар гол хань чинь ном шvv дээ. Сvvлийн vед монгол хэл дээрээ ч овоо уншсан.
-Таныг Хєх хотод “хvмvvнлэг”-ийн ажил их хийсэн гэж сонссон?
-Хvмvvнлэг юу байхав дээ. Тэнд чинь гол тєлєв л євдєж зовсон хvмvvс очно шvv дээ. Таних танихгvй хамаагvй тэдэнд чинь туслах хэрэгтэй шvv дээ. єєрийнхєє хэр чадлаар л гvйнэ. “Хятад хоол таарахгvй байна” гээд хєгшин настай хvмvvс хэлнэ. Тэдэнд лавшаагаа хийгээд цайгаа чанаад л очно доо.
Тэгээд ямар сайхан юм бэ хєлс гарлаа гэхээр’ нь баярлаж хєєрєєд л дахиад л баярлуулах гээд хоол цайгаа бариад гvйнэ дээ. Олон ч эмнэлгээр орж гарч байсан шvv.
-”К&Т” констракшн компанийн зохион байгуулсан “Хайрын дуудлага” “Аман хуур” улсын анхдугаар уралдаан болон “Дижитал хороолол”-ын нээлт дээр таныг харж байлаа. Та энэ компанийн ажилтан болоогvй биз?
-Vгvй дээ. Улс орны сайн сайхан, бvтээн байгуулалтын тєлєє залуус юм хийж байхад бид єєрсдийн хэрээр сэтгэлийн дэм ч гэсэн єгєх хэрэгтэй. “Аман хуур” кино минь л намайг энэ хvмvvстэй, олон тvмэнтэй танилцуулсан даа. Аман хуур гэдэг бол vнэхээр эрч хvчтэй, аялгуулаг сайхан хєгжим юм.
Манай кино нийслэл Улаанбаатарын маань хєгжлийн эхийг бvтээж буй бvтээн байгуулалтыг харуулсан кино. Одоо цагийн бvтээн байгуулалт ахмад vеийнхний vргэлжлэл гэдэг утгаараа барилгын тэр компаний залуус маш зєв зvйл хийж байгаа гэж би ойлгож байгаа.
Аман хуур гэдэг хєгжим бараг мартагдах шахаж байгаа гэж хууччуул ярьдаг. Энэ “К&Т” констракшн компанийн зохион байгуулсан наадам гэхэд олон аман хуурчдыг гаргаж ирсэн. Одоо энэ барьж буй хороолол нь ч гэсэн орчин vеийн сайхан хороолол юм билээ.
-Та ч “К&Т” компанийн зар сурталчилгааны албаны ажлыг цалингvй, сайн дураараа хийгээд байгаа юм аа даа?
-Тэгж ойлгож болохгvй. Угаасаа монголчууд бид сайн сайхан юмыг хамтаараа, чадах чадахаараа дэмжиж байх хэрэгтэй санагддаг. Энэ хотхон нэг ёсондоо манай киноны нэрийг мєнхжvvлж байгаа юм шvv дээ.
Тиймээс намайг тоогоод, миний хэрэг байдаг л юм бол єєрийн сэтгэлээрээ ч болов ажил тєрєлд нь оролцоно. Тэднийхээ бvтээн байгуулалтад нь амжилт хvсч байна даа.
-Та чинь насаараа нэг л сургуульд багшилсан гэдэг. Энэ сургуулийнхаа тєгсєгч байх аа. Хамт ажиллагсад болон шавь нарынхаа тухай хуучлаач?
-Тийм ээ. Би нэгдvгээр арван жилийн сургуулийн сурагч нь ч, багш нь ч явлаа. Олон сайхан багш сурган хvмvvжvvлэгчидтэй ажиллаж байсан даа. Єєрийнхєє багш нартай эргээд мєр зэрэгцэн ажиллана гэдэг сайхан шvv. Намайг сурагч байхад миний багш байсан Намсрайжав, Жавзан, Ичинханд.
Багш гээд олон сайхан багш нартайгаа хамт ажилласан. Энэ хугацаанд би аравдугаар ангийг гурван удаа, наймдугаар ангийг гурван удаа тєгсгєсєн. Миний шавь нар бvгд л сайн сайхан ажиллаж, амьдарч тєр улсдаа хvчин зvтгэж явна. Багш хvний хувьд тэднийхээ сайн сайхан явааг харах шиг бахархал гэж vгvй дээ.
Олон шавь нараа нэрлэмээр байна. Заримыг нь vлдээчихвэл гомдоно шvv дээ. Миний шавь нараас Монгол Улсын Ерєнхий сайдын албыг хашиж явсан хvн ч бий. Анги дааж тєгсгєсєн гэвэл нэг тоо гарна.
Орос хэл заалгаж байсан шавь нар гэвэл нэлээд тоо гарах байх. Шавь нар маань байнгын холбоотой байж ирж очиж, багшаа тэнд уулзацгаая хэмээн урьж залж байдаг даа. Залуу насаа “Аман хуур” хэмээх сайхан кинонд мєнхєлж, тvмний хvvхдийг сургах vйлсэд зориулсандаа єєрєєрєє бахархаж явдаг даа.
2008 он.
Урлаг
Жагаа гээд дуудахаар хоёулаа эргэж хараад байсан болохоор

Монгол улсын гавъяат жүжигчин Гончигын Жаргалсайхан нь 1958 онд төрсөн. Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат. Аав, ээжийн нь төрсөн газар Чандмань сум болохоор энэ нутгаар овоглох дуртай.
Алтай нутгийнхаа тухай “Зүүдний мөнгөн Алтай”, “Хөглөгөр их Алтай”,”Тэнгэрийн уул”, “Засагт хааны хөх харчуул” зэрэг дуунуудыг хийсэн. Тэр дундаа Чандмань сумын зон олонд зориулж “Чандмань нутаг минь” дуу зохиосон нь уг сумын сүлд дуу болжээ.
Үүнээс гадна “Есөн булагийн дуулал” нэртэй алтай нутгаа дээдэлсэн дууг нь Алтай нутгаас төрөн гарсан уран бүтээлчид амилуулжээ.
Монголын рок, попын эцэг хамтлаг хэмээн нэрлэгддэг “Соёл-Эрдэнэ” хамтлагийн гишүүн асан олноо ”Том Жагаа” гэж хүндлэгдсэн түүнийг мэдэхгүй хүнгүй билээ. Саравчтай малгай, хар шилээр гоёсон “Соёл-Эрдэнэ” хамтлагаар эцгийнхээ нэрний адил овоглодог энэ эрхэм хамтлагийнхаа 45 жилийн ойн босгон дээр “Алдарын Од” медалийг хүртжээ.
Г.Жаргалсайхан нь Нийслэлийн арван жилийн 34-р дунд сургуульд суралцаж байгаад 1973 онд Хөгжим бүжгийн дунд сургуульд шилжин орж тэндээ төгссөн. Дараа нь Минскийн Соёлын Дээд Сургуулийг хөгжмийн эстрадын удирдаачаар төгссөн.
1977 онд Баянмонгол чуулгад хөл тавьж, 1980 онд “Соёл-Эрдэнэ” хамтлагт орсон. Анх Баянмонголоос “Соёл-Эрдэнэ” рүү З.Зундарь оруулж “Чи залуу хүн байж энд оркестр тоглоод хэрэггүй, дуулж хөгжимддөг хамтлагт ороод дуугаа зохиож, хөгжмөө найруулах хэрэгтэй” гэж ятгасан гэдэг.
Монгол Улсын том хамтлаг гэдэг утгаараа “Соёл-Эрдэнэ”, “Баянмонгол” 1970-аад оны эстрад урлагийн алтан үе байсан.“Соёл-Эрдэнэ” хамтлаг зууны манлай хамтлаг болж байсан. 1980 онд Баянмонголоос хоёр Жаргалсайхан “Соёл-Эрдэнэ”-д очсон. “Нэр нэгтийн чих нэг” гэдэг. Хүмүүс “Жагаа” гээд дуудахаар хоёулаа эргэж хардаг бас болоогүй ээ хоёулаа буржгар үстэй.
Ялгаж дуудахын тулд “Долгион” нөгөө Жаргалсайханд “Буржгар” хэмээх нэр хайрласан гэнэ лээ. Биеэр арай том,бас нэг насаар ах байсан болохоор Г.Жаргалсайханг Том Жагаа гэх болжээ.
Тухайн үед түүнийг юу өмсөнө залуус дуурайж дагана. “Буян”-гийн Жагаа урлагт их элэгтэй, бас гарын ур дүйтэй хүн байж. “Соёл-Эрдэнэ” хамтлагт бараг орох гэж байсан хүн гэж ярьдаг. Том Жагаа Баахан жинс барьж очоод найз Жагаагаараа эсгүүлдэг байсан гэдэг.
Г.Жаргалсайхан урлагийн төлөө тууштай зүтгэсэн нэгэн. Суугуул сайхан нутаг, Уулын төмөр ost, Сар шиг холын нутаг зэрэг олон хит дуунуудыг зохиож дуулж олондоо хүргэсэн. Бүтэн 45 жилийн турш хийсэн уран бүтээлийг нь тоолбол тоймгүй их тоо гарах байх. “Соёл-Эрдэнэ”-ээс маш олон хөгжмийн зохиолч дамжиж гарсан гэдэг тэгээд бодохоор тоймгүй их тоо гарах байх.
Тэрбээр “Бидний дуулсан дуу хит болж, олны дунд өнөөг хүртэл амьдарч байна. Хүмүүс олон жил дуулж ирсэн дуунуудыг маань сонсох гэж дурладаг. Тэр дуугаа дуулаач гэж захиална, бүр дагаад дуулдаг гээч.
Би амьдралаа урлагаас өөр зүйлд зориулсангүй, сэтгэлээ ч бас дуу, хуураас урвуулж чадсангүй. Бид олны дунд тунаж үлдсэн дуунуудаа он жилүүдийн хатуу шалгуурыг сөхрөлгүй давсан гэж боддог шүү” хэмээн ярьжээ.
МУГЖ Г.Жаргалсайханд эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэж цаашдынх ажил амьдралд өндрөөс өндөр амжилтыг ерөөе.
Урлаг
Жүжигчин Батцэцэг: Тэр үед тэсэлгүй нулимс унагаж суусан

Цаг хугацааны чанадын чанадаас хөтлөлцөн амьдрал туулж яваа эгэлхэн сайхан найз минь ээ. Gankhulug Enebish Би чамдаа бодогддог бүхнээ бичиж амжаагүй яваа юм байнаа. Өнгөрсөн тавин жилийн турш сайхан найзынхаа халамж сэтгэлд дор би үнэхээр хөлбөрч ирсэн хүн юм байна. Энийг яриад тоочоод барамгүй л дээ…
Би нэг удаа Ташкентын наадамд оролцох болоход чи америкаас нээх гоё сандааль аваад намайг тэр кино наадамдаа өмс гээд явуулж билээ. Киноны 80 жилийн банкетан дээр чиний явуулсан бэлэг хүргэгдэж ирэхэд би тэсгэлгүй нулимс унагаж суусан.
Кино бол миний амьдрал, хувь заяа гэдгийг чи тэгж зүрх сэтгэлээрээ мэдэрдэг хүн. Бас нэг удаа хүүхэд өвдөөд эмч оношилж чадахгүй байхад чи ирээд дор нь оношлоод тас тас инээгээд сэтгэл цэлмээж байж билээ. Чи зөв оношилж дор нь эдгээсэн. Би тэр үед “өөрөө ч өвдсөн болоосой” гэж шогширч суусан.
Миний насан туршийн дуудлагын эмч минь чи л байж… өдөр шөнийг эс ялган гүйж ирнэ, сэтгэл засна, маргаашийн өөдрөг бүхний үрийг сэтгэлд соёолуулна. Амьдралын үнэний тусгал болсон сайхан найздаа ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ.
Сэтгэл шигээ сайн явна гэдэг үгний биелэл чи минь билээ” гэлээ.
Нацагдоржийн Батцэцэг 1957 онд Улаанбаатар хотод төрөөд 6 дугаар дунд сургууль 1974 онд төгсөсний дараа МУИС-ийн Орос хэлний орчуулагч мэргэжлээр 1979 онд төгссөн байна.
Эцэг Ц.Нацагдорж нь 1930 онд Төв аймгийн Өндөрширээт суманд төрсөн. Эдийн засгийн дээд сургууль, ЗХУ-ын Коммунист намын дээд сургууль төгссөн өндөр боловсролтой сэхээтэн.
Тэрээр Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн төв хороонд зааварлагч, нарийн бичгийн дарга, Дарханы Нэхий эдлэлийн үйлдвэрийн дарга, Архангай аймгийн Цэцэрлэг хотын дарга, Увс аймгийн Сагил сумын нэгдлийн дарга зэрэг ажлуудыг хийж явжээ. хойд эцэг Ц.Хасбаатар нь хэл бичгийн ухааны доктор, СГЗ орчуулагч хүн.
Эх Б.Цэрэнлхам нь 1933 онд Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн. Эдийн засгийн дээд сургууль, ЗХУ-ын Комсомолын дээд сургуулийг дүүргэсэн чадварлаг удирдагч. Улсын их дэлгүүрийн эвлэлийн хорооны дарга, худалдааны дарга зэрэг ажлуудыг хийсээр гавьяаны амралтандаа гарсан байна.
Эх нь залуудаа Драмын театрын жүжигчин байсан гэдэг. Зургаан жил ажиллахдаа “Кремлийн цаг”, “Эмч нар”, “Тожоо жолооч”, “Санасан ёсоор болтугай” зэрэг жүжгийн гол дүрийг бүтээжээ.
1979 оноос Монгол Кино үйлдвэрт дагалдан жүжигчнээр орж 1982 онд мэрэгжлийн жүжигчин болсон байна.
1991 он хүртэл Цирк болон Кино үйлдвэрт ажиллаж байгаад “Өргөө” циркийн бүрэлдэхүүнд багтан Герман, Польш улсад таван жил ажиллаад 1996 онд нутагтаа буцаж ирсэн юм
Нөхөр О.Машбатын хамт “Монголжин” кино студи байгуулсан.
2000 оноос “Монголжин” хувийн театр байгуулж захирлаар нь ажилласан.
О.Машбатын гэр бүл арваад жил АНУ-д амьдарсан. Тэд уран бүтээлээ хийхийн зэрэгцээ Америк дахь монголчууддаа зориулан “Үгүйлэн санана”, “Америк дахь монголчууд” нэртэй телевизийн цуврал нэвтрүүлэг хийж байжээ.
2004 онд Монгол Улсын Гавъяат жүжигчин болсон.
Урлаг
“Амбий Солонготойгоо улаанбаатарын олон хороолол олон байраар дамжсан”

“Амбий” гэдэг нэрийн тухайд, бага байхад хүмүүс өхөөрдөөд “Памбий” гэж дууддаг байсан бөгөөд энэ нь явсаар “Амбий” гэх хоч болсон гэдэг. Түүний хувьд угаас хөдөлгөөнтэй нэгэн байж. Бага залуудаа автомашины наймаа хүртэл эрхэлдэг байсан гэж найзууд нь дурсдаг. Автомашины бизнес эрхлэх хугацаандаа “хамгийн түрүүнд мөнгөтэй болвол байр л авах юмсан” гэж мөрөөдөж байсан тухайгаа өөрөө ярьсан байдаг.
Өнөөдөр театрын өдөр бас ахын минь мэндэлсэн өдөр, Ум сайн амгалан болтугай
Амь + Бий
Амбий… Амбий… Амь, амин, амины гэсэн утгатай үг юм л даа. Амины хайртай шавь минь! Ард олныхоо амин хайртай жүжигчин минь! Бүтэн бие чинь алдарсан ч бүтээсэн дүрүүд нь түмнийхээ сэтгэлд мөнхөрч үлдлээ дээ. Амбийтай уулзсан хүний дотор сэтгэл гэрэлтэж, Амбийгийн алиа хошин яриаг сонссон хүн баяр жаргалаар бялхдаг юм.
Өөрөө гэрэлтэж явахын хэрээр гэрэлтүүлэгч нэгэн байлаа. Гэрэлтүүлэгч гэснээс Амбийгийн аав “хар” Цэвэгсүрэн гуай Дорнодын театрын тайзыг насаараа гэрэлтүүлсэн гэрэлтүүлэгч ажилтай хүн байлаа.
Хөлд орохоосоо л аавынхаа хормойноос зүүгдэж, аавтайгаа хамжиж театрын тайзыг гэрэлтүүлж, нүд, сэтгэл нь гэрлийн цацрагтай цуг жүжигчид дээр тусаж байхаас Амбий өөрөө тайзан дээр бууж, өөрөө гэрэлтэж, өргөн түмнээ гэрэлтүүлэхийн хүслэнд автсан байдаг юм.
Аав нь Амбийг аравдугаар ангиа төгсүүт амьдрал үзэг хэмээн ардын цэргийн албанд үджээ. Цэргийн чилийсэн гурван жилийн албыг хаагаад “хүн болоод ирсэн” Амбийд гурван жил зүүдэлсэн Дорнодын театрын тайз нь хүн ёсоор хүлээн авч, бас гурван жил дагалдан жүжигчин болгож эрхлүүлжээ. Амбий бол Дорнодын театрт эрхлэх эрхтэй хүн юм.
Дорнодын театрынхан 1990 онд Улаанбаатарт тайлан тоглолт хийхэд Д.Норовын “Үнэ цэнэ” жүжигт хүрэм зардаг наймаачин залуугийн жижиг дүрд гарч, тайзан дээр байгаа ч үзэгчдийн танхим руу үсэрчих гээд байгаа мэт тэмүүлэлтэй, халуун сэтгэлтэй, гал цогтой, хэлтгий харвал халмаг хөөрүү гэмээр тийм нэгэн тогтож ядан байсан сан.
Анх удаа би Амбийг тэгж харсан юм. Тэгвэл дүр гэхээсээ илүүтэй Амбий хэмээх дүр өөрөө л уяан дээрээ дүүхэлзсэн эмнэг үрээ мэт цолгин цовхорч байсан юм билээ. Амбийтай учирч багш шавь болсон азтай хүн дээ би. Намайг багш болох замыг зааж, засаж өгсөн шавь нарын нэг нь Амбий юм. СУИС хэмээх эрдмийн өргөө “гэрэлтэгч” Амбийг улам гэрэлтүүлж өгсөн юм даа.
Жүжигчний ур чадварын 106 дугаар танхим. Анхны хичээлүүд. Амбий хамраа шудраад л тайз руу гарна. Өөрөө түрүүлж гарна. Өрөөлийг дагуулна. Уриална. Энэ бол Амбийгийн төрөлх чанар.
Цэрэг, эх орон, адал явдал баатарлагийн сэдэв Амбийгийн тоглох дуртай сэдэв байлаа. Би тэр үед шавь нартайгаа адилхан залуу байж. Ангидаа биднийг тойроод сууж байхад орж ирсэн хүн “Багш нь та юу?” гэж Амбий руу заадаг байсан.
Амбий авьяас нь хатгана, архаг нь хэтэрнэ. Заримдаа сахилгагүйтнэ. Тэр нь дэндүү гэнэн цагаан. Тийм мөртлөө хоморгод их автана. Дотуур байрны цонх хагарах Амбийтай хамаатай, СУИС-ийн байрны чердак руу орж тагтаа олноор хиарсныг Амбий хийсэн, сангийн аж ахуйд нутгийн индиануудыг өдөж асуудал гаргасан хүн Амбий болоод явчихна. Уг нь Амбий дунд нь л яваа юм. Тэгтэл яаж ийгээд толгойлогч, уруу татагч болж хувирна.
Амбий СУИС-д дөрвөн жил сурахдаа гурван удаа хөөгдөж, гурван удаа үлдсэн юм. Тэр нь дандаа хоморгын асуудал. Үнэнхүүтэй цуг даварсан гэх, бас дарвисан гэх. Дуучин Үнэнхүү СУИС-ийн бэлгэ тэмдэг байлаа тэр үед.
Үнэнхүүтэй би барьцаж байж Амбийг үлдээж авсан юм. Хайдав багш “Үнэнхүүг сургуулиас хөөвөл намайг хөөчих” гээд дүүлээд ороод ирнэ. Тэгэхээр нь сөргүүлээд Амбийг тавьчихна. Үнэнхүүг хөөж чадахгүй болохоор Амбий үлдэнэ дээ.
Амбий дотуур байранд амьдрах. Яагаад ч юм Амбийгийн амьдардаг өрөөний цонхны шил бүтэн байна гэж үгүй. Хүний хагалсан зэмийг Амбий өөр дээрээ авна.
Дотуур байрын эрхлэгч аргаа барахдаа Амбийг байрын зөвлөлийн даргаар тавьчихсан чинь тун мэргэн шийдвэр болж, Амбийд хэнхэг өвчин тусч тасаг болгоныг хяналтдаа авч, оюутнуудтай тулж ажиллаж, түүнээс хойш хагархай цонхтой тасаг байхгүй болсон юм даг.
Шөнө жижүүрлэж хэнхэглэснээс өглөө унтчихна. Хичээл, сургуулилтаас хоцорно. Хичээл хоцорлоо гэж Амбийг төмөр сандал далайгаад элдэж явсан юм даа. Одоо байхгүй болчихсон хойно нь яах гэж тэгж байв даа гэж сэтгэл өмрөн өрөвдөх юм.
Амбий сэтгэлдээ юм хадгална гэж байхгүй. “Хар” Цэвэгсүрэнгийн “ хар Амбий, гэвч сэтгэлдээ толбын төдий тортоггүй сүү шиг цагаан сэтгэлтэн байлаа. Хүнтэй үг зөрж нударга зөрүүлэх Амбийгийн хувьд энүүхэнд байлаа. Тэрнийхээ дараа цайрч цагаалах нь амархан, тэр хүнтэйгээ өмнөхөөсөө илүү дотносож, хайрладаг байлaа.
Цаанaа юм хадгална гэж байхгүй. Байдаг хийдгээ хэлээд тавьчихна. Тэгж байж санаа амарна. Үүлээ хөөгөөд цэлмэсэн тэнгэр шиг болчихоод, туранхай цээжээ дүүртэл цээлхэн амьсгаа татчихаад, хамраа нэг шударчихаад гарч өгнө.
Бид нар хоёрдугаар курстээ бүрэн хэмжээний том жүжиг Хүүхэд, Залуучуудын Театрын тайзнаа тоглочихож билээ. Оросын зохиолч Л.Разумовскаягийн жүжгийн зохиолыг Монголын орчин ахуй, цаг үе рүү татаж хөрвүүлсэн “Хайрт Долгор багшаа” жүжигт Амбий маань Сүмбээ гэж ар гэрийн амьдрал суурь хүмүүжил сурлага муутай ч хүн чанартай дүрд ажилласан юм.
Төгсөх курстээ бүрэн жүжиг ажилладаг уламжлалыг эвдэж, доод курсийн оюутнуудын жүжиг Хүүхэд, Залуучуудын Театрын тайзнаа хэчнээн удаа дүүрэн үзэгчтэй тоглосон билээ. Энэ жүжигт мөнөөх Амбий оройлон манлайлагчаараа л байлаа. Үндэсний телевизийн алтан фондод хоёр ангит энэ жүжиг маань бий.
Оюутнууд багшийнхаа эзгүйд бие дааж ажиллах, ирэхэд нь бэлэгтэй угтах чин эрмэлзэл дүүрэн үе тэдэнд байлаа. Намайг “Мичдийн зургаан гялаан” киноны натурт яваад ирэхэд Амбий Бооёо хоёр “ЛН” улсын уралдаанаас А Чеховын өгүүллэгээр шилдэг бүтээлийн, Амбий “Дээрэмчид’’ жүжгийн Франц Моорын дүрээр шилдэг дүрийн шагнал авчихсан хүлээж байж билээ.
Амбий санаачлагч, манлайлагч, ачааны хүндийг үүрэгч нь бүх цаг үед байсан. Хорчгор туранхай биедээ ахадсан их ачаа, дэндүү холыг харсан зорилгыг тээж явж дээ, шавь минь.
Сайн хүнийг сайн хүмүүс хүрээлж, тэд нар нь хоорондоо халуун бат найз нөхөд бололцдогийн үлгэрлэл Амбийгийн амьдрал юм. Амбийгийн ажилласан газар, амьдарсан орчныхон Амбийг тойроод нөхөрлөчихдөг юм.
Амбий Солонготойгоо Улаанбаатарт олон хороолол, олон байр дамжсан ч тэдний амьдарсан байрны орцынхон бие биеэ таньдаг, ойр дотнын ах дүүс мэт болчихсон байдаг нь Амбийгийн хүнийг татах хүч, найрамдагч шинж чанар юм.
Амбий ойрын жилүүдэд бие чилээрхүү байлаа. Тэр үед байр орцынхон нь ээлжээр жижүүрлэж, хоолыг нь хийж, эмнэлэгт хүргэж, эргэж тойрч, өөрийн гэр бүлийн гишүүн мэт хандаж ирсэн юм.
Амбий дэндүү олонтой эр хүн байлаа. Амбий өргөн дэлгэр бодолтой, өндөр тэмүүлэл зорилготой, Дорнодын уудам тал шигээ тэнүүн сэтгэлтэй хүн байлаа. Нутаг орондоо амьсаг сэтгэлтэй, Дорнодынхноо их дэмжинэ. Сэтгэл гутруу үедээ Дорнод руугаа гарч давхиад дотроо онгойлгочхоод хүрээд ирнэ.
“Найрын ширээний ууц” жүжигт урьд нь тоглож байснаараа мюзикл жүжиг хийх гэж Дорнодын театрын уламжлалыг сэргээх гэж маш их хүч, хөрөнгө зарсан. Хоёр давхар тайз засаж, гэрэлтүүлгийн тоног төхөөрөмжийг орчин үеийн шилдэг зэрэглэлд хүргэж, өчнөөн олон чадалтай жүжигчдийн баг бүрдүүлж ажилласан.
Гэвч Амбийгийн зүтгэл ард түмнийхээ төлөө л байлаа. Алдарших гэж үүнийг хийгээгүй. Алдаршихын төлөө улайрч явдаггүй нь Амбийгийн ясны араншин юм.
“Орчин үе” театр, Улсын Драмын Эрдмийн Театрт хэдэн жил ажиллав. Харин Амбий урсгалаар явахыг хүсээгүй. Тэжээлгэж, хүний гар харж амьдаръя гэж бодоогүй юм. Зориг зүрх шулуудаж Бооёо, Хүрлээ хоёртойгоо нийлж “Шинэ үе” продакшныг үүсгэн байгуулж, хэдэн жил ёстой л галлаж өгсөн дөө.
Хүнд тус хүргэвэл өөрийнх нь хэрэг бүтэх мэт санаж явдаг юм.
Амбий дүү нараа “өөд нь татах” дуртай. Хүнд тус хүргэвэл өөрийнх нь хэрэг бүтэх мэт санаж явдаг юм. “Шинэ үе” продакшнд олон дүү нар араасаа дагуулсан нь өнөөдөр эрийн цээнд хүрчээ. “Захиалгат инээд” хамтлаг байгуулан бас л дүү нараа өөд нь татаж, хүний зэрэгт хүргэсэн. Амбийгийн буян барагдахгүй юм.
Буянтай хүн, баян хүн. Баян хэмээх утга нь эд хөрөнгөдөө биш, үр хүүхэд, үнэнч нөхөд, үйлс бүтээлээрээ баянд байгаа юм. Би Амбийдаа “Наран ургахыг хүлээхгүй” киноны дүр хатиг Давааг зориулж бичсэн юм.
Увс аймагт 1996 оны зун, намар зургийг авсан билээ. Хошуу ноёны хүү Даваа ядуу айлын сэвгэрт дурлаад “хатиг шиг наалдаад” салж өгөхгүй байгаа юм л даа. Амбий маань дүрийнхээ хатиг шинжийг үнэхээр хатгаж гаргасан. Амбий энэ киноноос хойш эрчлэн хуйларсан их мөрний урсгал боомтоо зад татах мэт дэлгэцийн урлагт хүч түрэн орж ирсэн юм.
Сүүлийн хэдхэн жилд, зөвхөн кинонд л гэхэд “Помогите нам” 1,2, “Би чамд хайртай-2” “Тэнгэрийн ивээл”, “Шарталт”, “Тютю”, “Танхай тээгч, “Содура” гэх мэт үзэгчдийг байлдан дагуулсан, мэргэжлийн өндөр түвшинд бүтээгдсэн кинонуудад гялалзтал тоглож, Амбийгүй бол кино урлаг байхгүй юм шиг дэлгэцийг эзэгнэсэн билээ.
Амбийгийн нэг киног үзээд Амбийг хайрлах үзэгчийн сэтгэл улам өсдөг юм. Энэ нь Амбий урьдах дүрээ давтаагүй, өөр өөрийн өвөрмөц дүрүүдийг бүтээсний илрэл юм. Амбийг тайз, дэлгэцнээ гараад ирэхлээр үзэгчдийн сэтгэл дүүрэн ханаж, ямар нэгэн хүч цэнэг өөртөө авч, амьдрах итгэл тэмүүлэл зориг төрдөг билээ.
Амбий аливаад өнгөц ханддаггүй, тэрүүндээ зүрх сэтгэл, бие эрхтнээрээ уусан ордог. Ямар нэгэн дүрд ажиллахдаа тэр зарчмаа ягштал баримтална. Ийм чанар өнөөдөр ховорджээ. Энэ чанар нь Амбийг богинохон наслуулсан ч юм билүү. Үүнийг ганцхан бурхан л мэдэх байх.
Тайзыг дүүргэдэг, дэлгэцийг эзэгнэдэг жүжигчин дэндүү ховор. Ийм ховорхон жүжигчний нэг нь Амбий даа. Амбий хөшигний ард хамраа хальт шударснаа тайзнаа гараад ирэхэд хорчгор цээж нь ханхайгаад, онигор пүд нь гал цогоор гэрэлтээд, жүжиглэхүйн амьд хийгээд үнэн харьцаа гэдгийг жинхэнэ бодитоор харуулж өгнө дөө.
Үзэгчид Амбийг тайзнаа гарч ирэхийг тэсэн ядан хүлээдэг шигээ, тайзан дээр оволзож, дүрэлзэж, гялалзаж, шагайж байгаад эргээд ороход нь аанай л тайзнаа байгаа мэтээр харж үлддэг шидтэй билээ.
Амбий хошин урлагийн армийн нэгэн командлагч жанжин нь байсан юм. Тайз, дэлгэцийн урлагийг чимэн гэрэлтүүлэгч жинхэнэ од байсан юм.
Найдангийн Ганхуяг / Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, доктор, профессор
-
Дотоод2 years ago
Жүжигчин Ундрал Жүр Үр-ээс “хөөгджээ”.
-
Дотоод2 years ago
Эдгээр байршлуудад 23-наас эхлэн хэсэгчилсэн хөл хорио тогтоож болзошгүй
-
Дотоод2 years ago
Хөл хорио зөрчсөн гэх мэдээлэлд ЕРӨНХИЙЛӨГЧ тайлбар хийлээ
-
Урлаг2 years ago
Бооёо худгаас ус авч явна. Тэр гэр хороололд амьдардаг болчихвуу?
-
Дотоод2 years ago
С.Эрдэнэцэцэг Далантайтай хайр сэтгэлийн холбоотой байсан эсэх талаар ярилцжээ
-
Урлаг2 months ago
Гавьяат Эрдэнэцэцэг Далантайтай хайр сэтгэлтэй байсан эсэх асуудалд цэг тавьжээ
-
Дотоод2 years ago
Аавдаа өргөсөн энэ зулыг маань 1000, 1000 аавууддаа зориулж ШЕЙР хийгээрэй
-
Дотоод2 years ago
Ч.Ганхуяг ямар вакцин хийлгэснээ зарлалаа