Connect with us

Зөвлөгөө

Tөмөр ихдэлт буюу зэврэлтээ эмчилбэл эрүүл явах боломжтой

Published

on

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монгол Улсын гавьяат эмч Б.Батболдтой төмөр ихдэлт, түүний үр дагаврын тухай шинэ судалгаа, баримтын талаар ярилцлаа. 

-Бид зургаан жилийн өмнө ярилцахад Та “Эрчүүд төмөрт идэгдэж зэвэрч байна” гэдгийг тодотгож байсан. Энэ судалгаа хэрхэн өөрчлөгдсөн байна вэ?

-Өнөөдөр дэлхий нийт хүний бие дэх төмөр ихдэлтэд маш их анхаарал хандуулдаг болж, бүр “бодисын солилцооны эмгэг төмөр ихдэлтийн хам шинж” гэж оношилж нэршээд байна. 2019 онд хийсэн судалгаагаар, зөвхөн АНУ-д 16 сая хүн төмөр ихдэлтийн эмгэгтэй байна гэсэн дүгнэлт гарсан. Ферритин ихэссэнээр эрхтэнүүдийг чимээгүй гэмтээж зэврүүлээд зогсохгүй, энэ нь багцалсан шинжтэй гипер-ферритинеми (төмөр), гипер-холестролеми (өөх тос), гипер-урекеми (шээсний хүчил-тулай), гипер-глюкоземи (саахар-диабет)-тай хавсарсан хэлбэрээр эдгээр олон эмгэгийн үндсэн суурь шалтгаан болдог нь батлагдаад байна.  

Анхны ярилцлагад хүний бие дэх төмөр ихдээд байна, төмөр бол маш хүчтэй исэлдүүлэгч юм байна гэж ярьж байсан. Тэгвэл ферритин нь цусаар дамжин бүх биеэр эргэлдэж хүрэхгүй газаргүй бөгөөд үүнээс болж хамгийн их гэмтэж нэрвэгддэг нь булчирхайлаг эд эрхтэнүүд юм байна. Энэ тухай том хэмжээний олон судалгаа хийж байна. Төмөр нь архины бус элэгний өөхжилт, хэвлийн ердийн бус таргалалт, гол нь саахарын өвчин-диабет, бэлгийн сулрал, эрт хөгшрөлт үүсэхэд харилцан уялдаатай нөлөөлж шалтгаан болдог нь нотлогдож, маш их анхаарал татаж байна.

-Төмөр ихдэлтийн гол шалтгааныг архи, махтай холбон тайлбарлаж байсан. Одоо энэ ойлголт хэвээр байна уу? 

-Зөвхөн мах бага идэж, архи уухгүй байвал төмөр ихсэлт үүсэхгүй нь гэдэг худлаа юм байна шүү. Удамшлын, хүнсний, ахуй орчны, ундны усны гэх маш олон хамааралт хүчин зүйлээс шалтгаалан ферритин ихэсдэг гэдгийг судлаачид бичээд эхэллээ. Ингэхдээ ферритин дангаараа цойлоод өндөрсөөд ирдэггүй, саахар, өөх тос, шээсний хүчил гэх мэт багцаараа ихэсдэг байна. Өмнө нь бид зөвхөн нэг л хүчин зүйлийг харж ойлгож байсан бол одоо энэ олон өөрчлөлтийг багцлан бодолцож, эмгэгийг цааш даамжруулахгүй байх, сайнаар яривал буцааж хэвийн байдалд оруулахын тулд иж бүрдлээр эмчлэх ёстой болов. Түүнээс биш ганцхан төмөр  ихсээд, түүнд дангаар нь анхаарал хандуулах нь өрөөсгөл болоод байна. 

-Төмрийн илүүдэл байдаг, тэр нь олон өвчний суурь болдог гэж байна. Бид төмрийг чухам хаанаас, юунаас тэгж ихээр аваад байна вэ?

-Төмөр бол дэлхий дээр хамгийн өргөн тархсан таван элементийн нэг. Ялангуяа төмрийн ордтой газрын ундны усны төмрийн агууламж нь байх ёстой хэмжээнээс хэт өндөр байдаг нь тогтоогдсон. Хотжилтын нөхцөлд төмөр ихдэлт их байгаагийн учир нь усны хоолой-трубатай холбоотой гэж үзэх боломжтой. Манайд гол төлөв төмөр хоолой хэрэглэдэг. Улаанбаатар хотын усанд хийсэн судалгаагаар, төмрийн агууламж 0,3 нанограмм байхаас 0,5 гарчээ. Бид зэвтэй ус гарлаа гэж ярьдаг даа, зэвтэй байна гэдэг нь төмөртэй гэсэн үг. Гол ундаргын ус болон крантны усыг шинжлэхэд хоёр өөр байдаг. Тэгэхээр хотын хүмүүс төмөр хоолойгоор дамжсан уусмал төмөртэй ус ууж хэрэглэж байна. Өмнө нь бид архи, махыг л буруутгаад байсан, гэтэл төмрийн агууламж өндөртэй ундны ус ууж хэрэглэснээс шалтгаалдаг юм байна. 

Угаалтуур, суултуур шарлаж л байгаа бол тэр усанд төмөр их байгаа гэж АНУ-д анхааруулдаг болжээ. Баруунд усны хоолойг дан зэс болон хуванцраар сольж байна. Шведэд усны бүх хоолойгоо зэс болгосон. Гэтэл манайд төмөр хоолой байсаар л байгаа. Иймд архи, махандаа ч биш, эрчүүддээ ч биш, наад захын ахуйн хэрэглээгээ ч бодох ёстой болж байна. 

-Бид өмнө нь 40-өөс дээш насны эрчүүд зэвэрлээ гэж ярьж байсан. Дээрх хүчин зүйлсийг харахад эрэгтэй, эмэгтэй гэхгүй, бас насны тухайд ч эргэлзмээр юм байна. 

-Анхаарал татаж байгаа бас нэг асуудал, манай эрчүүдтэй адил 50-аас дээш насны эмэгтэйчүүдэд төмөр ихсэлт мөн илэрч байна. Ерөнхийдөө 50-аас дээш насныханд эр, эм ялгаагүй ферритин өндөр байна.

Элэгний асуудалтай, В, С вирустэй, архи дарс хэрэглэдэг, 40-өөс дээш насны эрчүүд ферритинээ заавал шалгуулж байх хэрэгтэй. Элгэнд гепсидин гэх уураг  нийлэгждэг. Тэр нь төмөр шимэгдэлтийг хориглож, зохих хэмжээнд барьж багасгадаг зохицуулагч уураг юм. Вирусний, архины гэх мэт ямар ч шалтгаантай бай, элэгний үйл ажиллагаа муудсан үед уг уургийн нийлэгжилт буурснаар төмөр шимэгдэлт эмгэгээр эрс нэмэгддэг байна. Ийн төмрийн илүүдэл хоруу хэлбэрээр үүссэнээр өвчтэй элгэндээ нэмэлтээр сөрөг нөлөө, дарамт үзүүлдэг. “Ойчсон байхад нэмж дэвсээд байхдаа ч яахав дээ” гэдэг шиг юм болдог гэсэн үг. Иймд элэгний асуудалтай хүн ферритинийг заавал шалгуулж байх ёстой.

-Төмөр булчирхайлаг эрхтэнд илүүтэй нөлөөлж байна гэлээ. Үүнийгээ илүү дэлгэрүүлэн тайлбарлавал?

-Төмөр нь булчирхайлаг эд эрхтэнд суух их дуртай юм байна. Бид бамбай булчирхай, дотоод шүүрэл, нойр булчирхай мууджээ, бие сульдаад ядраад гэж мэддэг, оношлуулдаг. Гэтэл энэ нь ферритинээс шалтгаалдаг гэдгийг ойлгодоггүй. Тодруулбал, эрчүүдийн төмсөг нь булчирхайн эрхтэн. Ферритин ихдэлтийн улмаас бэлгийн дуршил муудаж, дур хүсэл буурч, чадавх суларч, үр тогтоох чадвар мууддаг, харин эмэгтэйчүүдэд өндгөвчинд олон уйланхай-киста үүсгэх, мөн бэлгийн дур хүсэлгүй болгох гэх мэт. Хүмүүс ферритинийг зөвхөн төмөр гэдэг талаас салангид нь авч үзээд байна. Энэ далд, үндсэн суурь шалтгааныг шалган илрүүлэхгүйгээр саахар-диабет, бамбай, элэгний эмгэг, ядрах, бие сульдах мэтийг өнгөц харж, оношилж эмчлэх нь явцгүй. 

-Манайд нэг үеэ бодвол цусан дахь төмрийг үздэг болсон байна билээ?  

-Ферритин гэдгийг сүүлийн 10-аад жил клиник биохимийн лабораторид үздэг болсон. Олон газар, ялангуяа элэгний төвүүд далд байгаа төмөр ихдэлт гэж айхтар юм байдаг, тэр нь элгэнд муу гэдэг ойлголт авсан байна. Мөн диабетын эмч нар ферритин шалгадаг болж. Мөсөн уулын 10 хувь нь цухуйж, 90 хувь нь доороо байдаг гэдэг шиг ферритин нь харагдахгүй байгаа олон далд шалтгаан, эмгэгийн үндэс болдгийг нэлээд нь ойлгоод ирлээ. 

Дашрамд дурдахад, ферритин ихсэлт нь инсулинд тэсвэржилтэд бас нөлөөлдөг. Товчдоо, диабет үүсээгүй үед инсулинд тэсвэртэй болоод, инсулин нь үйлчлэхгүй болчихож байгаа юм. Нойр булчирхай нь инсулин ялгаруулаад байгаа боловч инсулин нь саахараа задалж чадахгүй, өөрөөр хэлбэл, инсулинээ тоохоо больчихдог гэсэн үг. Энэ нь саахар ихдэх нийт эмгэгт түгээмэл байх бөгөөд нөгөө талаар диабет өвчний урьдал далд үе болж, яваандаа диабет өвчин бодитоор цогцолдог. Одоогоор диабетгүй гэж байгаа ч инсулинд тэсвэржилттэй хүмүүс нэлээд байна. Иймд ферритинийг эрт оношилж, хэвийн хэмжээнд байлгах ёстой.

-Та яриандаа төмөр, ферритин гэж хоёр янз яриад байгааг хүмүүс анзаарч байгаа байх. Ферритин гэж яг юу юм бэ, төмрөөс юугаараа ялгаатай вэ гэдгийг тайлбарлаж өгөөч? 

-Ферритин гэдэг бол ерөөсөө л төмөр агуулсан уураг юм шүү дээ. Төмөр, эсвэл ферритинийг тодорхойлох нь хоёр өөр асуудал бөгөөд хоёр өөр нөхцөлийг илэрхийлдэг. Төмөр-iron гэхээр зөвхөн цусанд сул урсаж байгаа ганц хоёр төмрийн  молекулыг л илэрхийлнэ. Гудамжинд явж байгаа цөөн хэдэн хүнийг харчихаад, байшин дахь хүмүүсийг тоолохгүйгээр энэ хотод тэдэн хүн амьдардаг юм байна гэж тоолж болохгүйтэй адил гэсэн үг. Ингэхээр төмөр агуулсан уураг буюу ферритинийг шалгаж, хэр их төмөр овоолж нөөцөлчихөөд байгааг тодорхойлж байж тогтооно гэсэн үг. 

-Тэгвэл бид шинжилгээ өгөхдөө цусан дахь төмөр буюу феррум биш ферритин гэх уургийг үзүүлэх нь зөв үү?

-Яг тийм. Цусны феррум гэдэг бол зөвхөн төмөр-iron дангаараа юм. Харин ферритин гэдэг нь төмөртэй холбогдсон уураг, өөрөөр хэлбэл төмрийн агуулах-склад гэсэн үг. Тэр холбогдсон төмрийг шалгаж байж бид төмөр ихдэлт хэр байна гэдгийг хэлнэ. Тэрнээс биш зөвхөн цусан дахь төмөр-феррум үзүүлчихээд хэвийн, төмөр ихдэлтгүй гэсэн буруу дүгнэлт хийж болохгүй. 

Би одоо “Сан медикал центр” эмнэлэгт ажиллаж байна. Саяхан нэг үйлчлүүлэгч цусан дахь төмөр-Fe (феррум) үзүүлсэн шинжилгээгээ бариад ирлээ. Харахад бол жин багатай, спортлог, эрүүл хүн. Төмөр нь хэвийн гарсан байв. Нэгэнт зохих шинжилгээ хийлгээгүй байсан учир цусан дахь ферритинийг шалгуулав. Шинжилгээнд хэвийн үедээ 150 байх ёстой ферритин 600 гарсан байв. Ингэхэд ферритиний ихсэлтийг үйлчлүүлэгчийн гаднах байдлаас нь болон ердийн төмөр үзсэнээр илрүүлэх боломжгүй гэдэг нь харагдаж байна. Судсанд дэл сул явж байгаа төмөр биш, цаанаа агуулахад, энд тэнд уурагтай холбогдсон, нуугдмал нөөцлөгдсөн төмөр буюу ферритинийг тодорхойлох ёстой юм. 

Эрт илрүүлгийн үзлэг шинжилгээнд саахар, өөх тос, элэгний фермент, бөөрний үйл ажиллагааны зарим үзүүлэлтийг үзэж байна. Элэгний ферментүүд өндөрссөн тохиолдлын нэлээд нь ферритин ихсэлттэй холбоотой байв. Иймд ферритинийг шалгах шаардлага зайлшгүй болж байна. Ферритин нь маш чухал хэрэгтэй үзүүлэлт, ферритинийг шалгаснаар  олон эмгэгийг эрт илрүүлж сэргийлэх боломжтой юм. 

-Эмчилгээний хувьд цус ханахаас өөр эмчилгээ байхгүй гэж үү?

-Цус ханах гэдэг нь анагаахын утгаар бол цус авах гэсэн үг. Ферритин ихсэлт байвал цус ханах нь зөв гэдэг дээр эмч нар санал нэгдсэн. Одоогоор үүнээс өөр үр дүнтэй, олигтой эмчилгээ байхгүй. Төмөр ихсэлтийн үед хэрэглэх десферал гэх эм байдаг боловч хэрэглэхэд зохимж тааруу, гаж нөлөө ихтэй, хэт өндөр үнэтэй байна. Ер нь ферритин гэдэг уургийг 2010 оны үеэс анагаах, клиникт өргөн тодорхойлж анхаардаг болсон, харьцангүй шинэ ойлголт. Одоогоор  судалгаа шинжилгээний эрчимтэй үе шатанд байна. Тодорхойгүй, маргаантай, сонирхолтой асуудлууд ч нэлээд байгаа.

-Цус ханах эмчилгээг хаа сайгүй хийдэг болчихлоо. Уг нь цус ханахад учир бий байх?

-Үнэн. Ферритиний талаар уншиж ойлгоогүй, анагаахын мэдлэггүй хүмүүс далимдуулаад байж болохгүй. Хүмүүс хануулах сайн юм гэнэ лээ гэхээр цус ханадаг нөхөд олшров. Хануур самнуур, цус ханах сайн гэдэг нэрийн дор тэд өвчтөнүүдээс 40-50 мл ихдээ 100 мл цус авч байх шиг байна, түүнийгээ цус ханасан гэцгээж байна. Тан уулгаж цусны төмрийг нэг дор бөөгнүүлнэ, ялгана гээд бурж байна. Хонины хашаанд хашиж байгаа юм шиг нөгөө төмөр нь дангаараа нэг судас, хэсэгт очиж цугларч бөөгнөрнө гэж байхгүй. Ферритин үнэхээр өндөр байгаа бол бид шинжилгээний нилээд үзүүлэлтийг харьцуулан дүгнэж, цус ханах зохистой хэмжээг тооцож цус ханадаг. Тэгж байж сая үр дүн гарна. 

-Цус авснаар организм дутагдалд орохгүй юу? 

-Мэдээж цус багадалттай, уургийн дутагдалтай, элэг бөөрний эмгэг хүндэрсэн шатандаа байгаа хүнд өвчтөнд цус ханах эмчилгээ хийдэггүй, хийх ч ёсгүй. Цус ханахад уураг болон цусны түр зуурын өнгөц багадалт гарна. Гэхдээ ферритин ихдэлттэй ердийн хүний цусыг ханахад организмд уургийн дутагдал болон цус багадалт үүсдэггүй, харин ч сэргэдэг. Төрсөн эмэгтэйг царай нь шингэрч, гийгээд гоё болчихож гэж ярьдаг даа. Энэ нь зогсонги төлөвт байсан цусны төлжилт сайжран шинэчлэгдэж, бодисын солилцоо эрчимжсэн хэрэг. 

-Хүмүүсийн дунд цус багадалт, төмөр дутагдал гэх ойлголт түгээмэл. Төмрийн дутагдлын талаар та юу хэлэх вэ? 

-Төмөр дутагдал үүсэх нь нилээд олон шалтгаантай. Гэхдээ ихэнх нь хоол хүнс, гэдэс ходоодны шалтгаантай байдаг. Ходоод тааруу үед, ходоодны хүчил багасахаар төмрийн шимэгдэлт мууддаг. Энэ үед төмрийн дутагдал хоёрдогчоор үүссэнээс болж цус багадалт үүсэж болно. Төрөх насны залуу эмэгтэйчүүдэд төмрийн дутагдал цөөн тохиолддог. 

Та нар санаж байвал, долоон жилийн өмнө  монголчууд  “Баяжуулсан гурил” гэх төмөртэй гурил идсэн дээ. Төрөх насны цөөн эмэгтэйд төмөр үзсэн болоод төмрийн дутагдлыг нөхөхийн тулд гурилыг баяжуулна гэж гаргасан, тэр нь төмөржүүлнэ гэсэн үг. Нэг хэсэг давсыг иоджуулсан шиг төсөл юм даа. Би тухайн үед үүнийг эсэргүүцэж л байсан. Тэр нь төрөх насны, цөөхөн, цус багадалттай эмэгтэйчүүдэд хэрэгтэй болохоос биш, хүмүүст нийтэд хэрэгтэй байгаагүй, харин ч аюултай байсан юм. Одоо тийм гурил байхгүй байлгүй дээ. 

-Нэгэнт цус ханах талаар ярьсных тодруулаад асуучихъя. Ялангуяа ковидын дараа цус өтгөрөлтөөс сэргийлэх, шингэлэх талаар маш их ярьдаг болжээ. Цус ханах нь өтгөрсөн цусыг шингэлэхэд хэрхэн нөлөөлөх вэ?

-Цус бүлэгнэх нь биологийн маш нарийн процесс. Аливаа үрэвсэлт өвчин, вирусийн халдвар, ковидын үед цусны бүлэгнэлт эмгэгээр идэвхжиж, маш их бүлэгнэлт, бөглөрөлт үүсгэж байна гэнэ. Цус шингэрүүлэх эм эмнүүд нь наалдах, бүлэгнэх процессыг саатуулж бүлэгнэлтийг бууруулдаг. Харин бидний ярьж байгаа цус ханалтын үед организм физикийн зарчмаар өөрийгөө шингэлдэг. Тодорхой хэмжээний цус авчихлаа гэхэд биологийн тогтмолын хуулийн дагуу, организм 1-2 цагийн дотор ходоод гэдэс болон эд эсээс шингэнийг татаж, яг тэр алдсан эзлэхүүнээр нь судсанд оруулан шингэнээ нөхдөг. Цус ханасны дараа дусал хийж нөхдөг тал бий, ердийн аргачлалаар бол хоёр аяга ус уулгачихдаг. Энд цусны өтгөн болон шингэний харьцааг жинхэнэ физик утгаар нь өөрчилж, эзлэхүүний шингэлэлт хийгдэж цус шингэрч байгаа хэрэг. Өтгөн сироп жүүсийг бид ус нэмж шингэлж уудагтай адил гээд ойлгочих. Хэрэв цус багадалтгүй л бол цусаа шингэлье гэвэл хануулснаар бодитоор шингэлнэ.

-Ер нь цус ханаснаар биед ямар ач холбогдолтой байна вэ?

-Олон талын маш өндөр ач холбогдолтой юм байна. Цус ханаснаар нийт уураг, цусны элемент зэргийг тодорхой хэмжээгээр түр зуур бууруулж байгаа хэрэг. Эмгэг илүүдэл нийлэгжилт, (өөх тос, шээсний хүчил, саахар, төмөр гэх мэт) хуримтлалд дарагдан царцанги хөшингө байдалд орсон бодисын солилцоо нь цус ханасны дараа шинэ нөхцөл байдал үүссэний улмаас алдсан уураг болон бүтцээ нөхөн үйлдвэрлэхийн тулд илүүдэлтэй байгаа хоруу бүтцээ задалж, бодисын солилцоог сэргээж, шинэ зөв гольдролд оруулснаар цус төлжих, эрүүлжих процесс явагддаг юм байна. Энэ бол маш хэрэгтэй, чухал үйл явц. Биед хэт илүүдэлтэй хуримтлагдсан, хаашаа ч зайлж чадахгүй, эмгэг үүсгээд байгаа өөх тос, шээсний хүчил, саахар, ферритин гэх мэтийг гэнэт механикаар, бодитоор авч зайлуулснаар ямар ч эмийн эмчилгээтэй харьцуулшгүй хурднаар тэдгээрийг богино хугацаанд үр дүнтэйгээр бууруулдаг болно. Тэгэхээр бид нэгэн зэрэг, нэг ханалтаар илүүдэл өөх тос, шээсний хүчил, саахар, ферритин зэргийг мэдэгдэхүйцээр (цөм авлаа гэдэг шиг) бууруулдаг болно. Цус ханаснаар зөвхөн ферритинийг бууруулаад зогсохгүй диабет, тулай, таргалалт, булчирхайн болон үе мөчний эмгэгүүд, эрт хөгшрөлт зэргийг маш амар хялбар, хямд аргаар эмчилж сэргийлж буй хэрэг. Ийм учир хүн төрөлхтөн эртнээс цус ханах эмчилгээг хийдэг байжээ. Ханалтын үндсэн зорилго нь ферритинийг бууруулахын тулд хийгдэж байгаа боловч цус ханалт нь бүхэлдээ олон талт эрүүлжүүлэх үйлдэлтэй эмчилгээ юм байна. Түүнийг бүрэн бүтнээр, бүхэлд нь тайлбарлах боломжгүй юм.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Зөвлөгөө

Гар утсаа бусдад дамжуулахгүй байж эрсдээс сэргийлээрэй

Published

on

By

Гар утсанд бидний бүхий л нууцлалтай мэдээлэл хадгалагдаж байдаг. Бусдад дэлгэмээргүй мэдээлэл, зураг, баримт сэлт, тэр ч байтугай и-мэйл хаяг, фэйсбүүк, твиттер, инстраграмын хаяг руугаа автоматаар нэвтрэхээр сануулж орхисон байдаг.

Тэгвэл бид банкны интернэт банк, апп руугаа зөвхөн өөрсдөө л мэдэх нууц нэр, паспортоор нэвтрэх тул өөр хэн нэг этгээд мэдэх боломжгүй гэсэн итгэлтэй явдаг.

Харин гар утас тань хэн нэгэн гэмт этгээдийн гарт орсон л бол тэр нэвтрэх нэр, нууц үгийг таны утсан дээрээ нээлттэй байгаа и-мэйл хаяг, эсвэл мессежээр дор нь сэргээгээд авчихдаг гэдгийг мэдэхэд илүүдэхгүй. Тиймээс хэн нэгэн утсаар тань яриад өгье гэвэл эелдгээр татгалзаж сураарай. Учир нь та мэдээллээ бусдад алдсанаар санхүүгийн эрсдэлд хүлээх магадлалтай.

Цахим халдлагад өртөхгүйн тулд та юу мэдэх ёстой вэ?

Цахим орчин бидэнд олон давуу тал олгож, өдөр тутмын амьдралыг гайхалтай хялбар болгож байгаа ч зарим талаараа бараан сүүдрээ тусгасаар байна. Үүний нэг жишээ нь цахим залилангийн гэмт хэрэг юм. Дэвшилтэт технологийн ачаар банк, санхүүгийн үйлчилгээ авахад улам бүр хялбар болж байна.

Интернэтэд тулгуурласан төрөл бүрийн аппликэйшн, вэбсайт зэрэг нь банканд олон цагаар дугаарлан зогсдог байсан үеийг халж, хэдхэн секундийн дотор гүйлгээ хийх, банкны бүтээгдэхүүн үйлчилгээг авах таатай нөхцөл бүрдүүлсэн. Гэвч технологийн дэвшлийг даган залилангийн шинжтэй үйл ажиллагаа, хэрэглэгчийн мэдээллийг хууль бусаар олж авч санхүүгийн гэмт хэрэг үйлдэх тохиолдлууд ч мөн нэмэгдэж байна.

Цахим халдлагад өртөж болзошгүй түгээмэл алдаанууд:

– Гар утсандаа ямар нэгэн нэвтрэх нууц код үүсгэлгүй, хурууны хээ таниулах болон бусад төрлийн танин баталгаажуулалтын аргыг хэрэглэх

– Гар утсан дээрээ Интернэт банк болон бусад хувийн мэдээлэл агуулдаг бусад аппликэйшн рүү ханддаг нэвтрэх нэр нууц үгээ сануулан хандахад амар байдлаар хадгалах.

– Интернэт банкны болон и-мэйлийн нууц үгийг утасны дугаар, төрсөн өдөр гэх мэт  хялбар байдлаар зохиох.

– Нийгмийн сүлжээ буюу фэйсбүүк, инстаграм ашиглан танил, найз нөхөд тань мөнгө зээлүүлэхийг хүсэхэд лавлан баталгаажуулахгүйгээр үйлдэл хийх,

– Хувийн мэдээлэл буюу гар утасны дугаарыг тань хэн нэгэн лавлаж асуухад хэлж өгөх,

– Танил найз нөхөд, хэн нэгэн гар утсанд тань ирсэн нууц үг, олон оронтой нууц код зэргийг асуухад илгээх,

– Нийгмийн сүлжээгээр ирсэн эх сурвалж тодорхой бус сонирхол татахуйц мэдээ мэдээллийн линк дээр дарах, хувийн мэдээллээ оруулах,

– Бусдын гуйлтаар банкны карт, данс болон гар утсаа ашиглуулах!

Цахим халдлагад өртөж, санхүүгийн эрсдэлд орохгүйн тулд сошиал орчинд үйлдэл хийхээсээ өмнө тухайн мэдээллийг шалгаж, давхар баталгаажуулах арга (Two Factor Authentication) ашиглан хувийн мэдээллээ хамгаалдаг байхыг та бүхэнд уриалж байна. Фэйсбүүк, инстаграм зэрэг сошиал сувгууд, хувийн и-мэйл хаягийн “Security Login” тохиргоог  идэвхжүүлснээр таны хаяг, аккаунт руу өөрийн тань өмнөөс хэн нэгэн нэвтрэх оролдлого хийх үед мэдээлэл очно.

КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛ

Continue Reading

Зөвлөгөө

Тэтгэврийн зээлийг үр хүүхэд нь төлөх үүрэг хүлээхгүй. Учир нь

Published

on

By

Хуульч, өмгөөлөгч Э.Золзаяатай ярилцлаа.

-Арилжааны банкнаас тэтгэврийн зээл авсан ахмад настнууд өөд болсон тохиолдолд зээлийг үр хүүхэд нь үргэлжлүүлэн төлдөг. Энэ нь хуулийн хүрээнд хэр зөв үйлчлэл юм бэ?

-1994 оны зургадугаар сарын 7-ны өдөр батлагдсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар өндөр насны тэтгэвэр, тахир дутуугийн тэтгэвэр, тэжээгчээ алдсаны тэтгэврийг Тэтгэврийн даатгалын сангаас даатгуулагч авах эрхтэй байхаар тусгасан байдаг. Уг хуулийн зургадугаар зүйлд өндөр насны тэтгэврийг даатгуулагчид өөд болсны дараагийн сар дуустал олгоно гэж заасан.

Мөн энэ хуулийн 26.1-т “Нийгмийн даатгалын байгууллага тэтгэврийг үйлчлэгч банкаар дамжуулан сар бүр олгоно” гэж заасны дагуу банкуудаар дамжуулан иргэдийн тэтгэврийг олгож байгаа юм.

Тэтгэврийн зээл нь банкны зээлийн нэг төрөл учраас банкнаас зээлийн үйлчилгээ авах иргэнтэй “Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйл, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгож холбогдох зээлийн гэрээг байгуулдаг.

Өөрөөр хэлбэл Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар даатгуулагчид тэтгэврийн зээл олгох, улмаар даатгуулагч өөд болсон бол уг зээлийг өвлөгч нь төлөх зохицуулалт байхгүй боловч хуульд заасны дагуу тэтгэврийг банкаар дамжуулан олгодог. Банк харин үйлчилүүлэгчтэйгээ Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль болон Иргэний хуулийн дагуу Зээлийн гэрээ байгуулан тэтгэврийн зээлийг олгож байна.

-Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар зээлийг өвлөгч төлөхгүй юм байна шүү дээ. Тэгвэл яагаад өнөөдөр өөд болсон өндөр настны үр хүүхэд зээлийг үргэлжлүүлэн төлөөд байдаг юм бэ?

-Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7, 20.8 дахь хэсгүүдэд “хамтран зээлдэгч” болон “хамтран үүрэг гүйцэтгэгч” гэх ойлголтуудыг хуульчилсан.

Хэрэв зээлдэгч мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.7-д зааснаар хамтран зээлдэгчтэй бол зээлдэгч өөд болсон ч хамтран зээлдэгч нь зээлийн гэрээнд түүний нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэдэг. Өөрөөр хэлбэл, зээлийг төлж барагдуулах үүрэг хүлээдэг.

Зээлийн гэрээнд заасан тохиолдолд банк нь өөд болсон зээлдэгчийн зээл, зээлийн хүүг төлөх хугацаа болмогц тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д зааснаар хамтран зээлдэгчийн дансан дахь мөнгөн хөрөнгөөс үл маргах журмаар төлүүлэх эрхтэй болчихдог. Банк тус хуулийн дагуу хамтран үүрэг гүйцэтгэгчийн дансан дахь мөнгөн хөрөнгөөс үл маргах журмаар төлүүлдэг. Хэрэв зээлдэгчийн банктай байгуулсан зээлийн гэрээнд хамтран зээлдэгч эсхүл хамтран үүрэг гүйцэтгэгч байхгүй бөгөөд зээлдэгч өөд болсон бол зээлийн гэрээ дуусгавар болно.

-Банкны энэ үйлдэл хэр зөв зохистой, шударга ёсонд нийцэх вэ?

-Тэтгэвэр авагч иргэн Тэтгэврийн зээл авахдаа банктай зээлийн гэрээ байгуулдаг. Гэрээ байгуулахад банкнаас хамтран үүрэг гүйцэтгэгчтэй байхыг шаарддаг тул жишээ нь хүүхдээ хамтран зээлдэгчээр оруулчихдаг. Ингээд тэтгэвэр авагч иргэн өөд болоход Зээлийн гэрээний дагуу хамтран зээлдэгч нь, эсхүл Иргэний хуулийн 515-538 дахь зохицуулалтын дагуу өвлөгч нь өвлөн авсан хэмжээгээрээ өвлүүлэгч буюу зээлдэгчийн банкнаас авсан зээлийг өөрийн өвлөн авсан хөрөнгийн хэмжээгээр төлөх үүрэг хүлээдэг.

Уг нь гэрээний дагуу үүргээ гүйцэтгэж байгаад зээлдэгч нь өөд болсон тохиолдолд зээл уг нь эрсдэл болж үлддэг. Харамсалтай нь банкны зүгээс бизнесийн ёс зүй, хууль тогтоомжийг зөрчиж, хүүхдүүдээс нь энэ зээлийг та төлөх үүрэгтэй, та төлөхгүй бол шүүхийн журмаар төлүүлнэ гэж айлган сүрдүүлэх байдлаар зээлийг төлүүлэх хандлага харагддаг.

Угтаа бол энэ зээлд банк, өндөр настан хоёр л оролцож байгаа. Субъект нь өндөр настан болохоос хүүхэд нь биш. Иргэдийг хууль мэдэхгүйг далимдуулж зээлийг төлүүлдэг. Нэг ёсондоо шууд зээлийг төлөх үүрэгтэй гэдэг ойлголт үүсээд удаж байна.

-Саяхан “Алтжин” компанийн захирал Г.Алтан өөд болсон харамсалтай явдал болсон. Өөд болсон хүний нэрийг дурдаж байгаа нь учир дутагдалтай ч зээлийн төлөлтийн тухайд хөндөх асуудал үүсээд байна. Тухайн хүн өөд болсноор холбогдох хэрэг нь хэрэгсэхгүй болсон гэж шүүхээс мэдээлж байгаа. Мөн улсад учруулсан хохирол нь ч холбогдогч өөд болсон учраас хэрэгсэхгүй болж байгаа гэсэн мэдээлэл бий. Хэрэв тийм бол банкны тэтгэвэрийн зээлийн дээрх асуудалтай харшлаад байна шүү дээ. Хуульч хүний хувьд та энэ талаар тайлбарлаж өгөөч?

-2017 оны тавдугаар сарын 18-ны өдөр батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар яллагдагч, шүүгдэгч өөд болсон тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй байхаар зохицуулсан байдаг. Шүүгдэгч, яллагдагч өөд болоод хохирогч, болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гарвал ердийн журмаар хэргийг хянан шийдвэрлэдэг. Ердийн журмаар хянан шийдвэрлэнэ гэдэг нь шүүх хуралдаан болж, гэм бурууг тогтооно гэсэн үг.

Мөн залилангийн шинжтэй гэмт үйлдэлд залилан хийсэн шүүгдэгч, яллагдагч өөд болсон тохиолдолд залилангийн аргаар олж авсан үл хөдлөх хөрөнгө эсхүл авто тээврийн хэрэгсэл ч гэдэг юм уу, үүнийг хууль ёсны өмчлөгчид нь шууд буцаан шилжүүлдэг зохицуулалтууд бий.

Гомдол гаргаад ердийн журмаар хэлэлцүүлэхээр шүүгдэгч гэм буруутай боловч хэргийг хэрэгсэхгүй болгоно, эд хөрөнгийн хохирол байвал Иргэний журмаар өвлөгчдөөс нэхэмжлэх боломжтой. Өвлөгч байхгүй мөн өвлөх эд хөрөнгө байхгүй тохиолдолд эрсдэл болоод дуусна гэсэн үг.

-Хохирлыг төлөхгүй байх хуулийн зохицуулалт байна гэж ойлголоо. Тэгвэл тэтгэврийн зээл аваад өөд болоход иргэдийн зээлийг хүүхдүүд нь төлдөг зохицуулалт яагаад байгаа хэрэг вэ. Шударга ёсны хувьд энэ хоёр агуулга зөрчилдөж байгаа хэрэг биш үү. Магадгүй талийгаач Г.Алтангийн кэйсээр тэтгэврийн зээлийг үр хүүхэд нь төлөхийг зогсоож болох биш үү?

– Тэтгэврийн зээлийг үр хүүхэд нь төлөх үүрэг хүлээхгүй. Ийм эрх зүйн орчин байхгүй. Хэрэв тэтгэврийн зээлтэй өндөр настанд орон сууц, газар, тээврийн хэрэгсэл гэх мэт өвлөгдөх хөрөнгө байгаа тохиолдолд энэ хөрөнгийг үр хүүхдүүд нь өвлөж авах хүсэлт гаргаж болно.

Ингэж гаргасан тохиолдолд тэр хүний өвлөсөн хөрөнгөтэй хамт бусдын өмнө хүлээж байгаа үүрэг, хариуцлага буюу банкны өр зээлийг өвлөж авна. Энэ хүрээндээ л төлж барагдуулна. Энэ утгаараа банкны өр зээлийг үр хүүхдүүд нь барагдуулж байгаа юм шиг харагдаж байгаа юм.

Түүнээс биш өвлөгдөх харилцаа үүсээгүй байхад банкны өмнө үр хүүхдүүд нь өөд болсон хүний өмнө өр төлбөр хариуцах ямар ч эрх зүйн зохицуулалт байхгүй. Харин хамтран зээлдэгч, батлан даагчаар Зээлийн гэрээнд гарын үсэг зурсан тохиолдолд Зээлийн гэрээний дагуу төлбөр төлөх үүрэг үүснэ л гэсэн үг.

Мөн ялгаагүй “Алтжин” компанийн захирал талийгаач Г.Алтангийн үр хүүхэд, эцэг эх гэх мэт хуульд заасны дагуу өвлөгч нарт өвлөгдөх эд хөрөнгө байхыг үгүйсгэхгүй. Тэр өв хөрөнгийг өвлөөд бусдад өгөх өр төлбөртэй шүүхийн шийдвэр байвал, тухайн шийдвэрийн дагуу төлөх үүрэг хүлээнэ.

Өөд болсон хүний ялыг түүний хамаарал бүхий эцэг эх, үр хүүхэд буюу өвлөгч нь тухайлбал торгох ял өглөө гэхэд ийнхүү ялыг хамааруулж өгнө гэсэн үг биш. Гэм буруутай гэдгийг тогтоогоод өөд болсон гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож болно. Гэхдээ учирсан хохирлыг хууль ёсны өвлөгчөөс хохирогч нь иргэний журмаар нэхэмжлэх эрх зүйн зохицуулалт нь нээлттэй байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

Continue Reading

Зөвлөгөө

Өрхийн орлого тасалдвал хэдэн сарын хадгаламжтай байх ёстой талаар зөвлөлөө

Published

on

By

Өрхийн төсөв, хадгаламж, хуримтлалын талаар эдийн засгийн ухааны доктор Лувсандоржийн Оюунтай ярилцлаа.

-Хадгаламжийн үнэ цэнийн талаар яриагаа эхэлье?

-Юунд зориулж хадгалах вэ гэдэг нь их чухал. Мөнгөний гэнэтийн хэрэгцээ гарах үед хэрэглэх гэж хадгалдаг. “Гай газар дороос, гахай модон дотроос”, “өвчин хэлж ирдэггүй, хийсч ирдэг” зэрэг үгнүүд мөнгөний гэнэтийн хэрэгцээ гардаг гэдгийг хэлээд байгаа юм. Эргэн тойронд эрсдэл ч гэж ярьдаг.

р нь хэзээ, юу болно гэдгийг хэн мэдэх билээ. Үүнд л зориулж хадгаламжтай байх хэрэгтэй. Манайхан “тэр өдрийн тэнгэр мэдэж, тэнэг миний заяа мэдэг” гэж амьдрах гээд байдаг. Энэ буруу.

Мөнгөтэй болж байж хадгаламжтай болно гэж байдаггүй. Хэрэглээнээсээ хэмнэж байж хадгаламжтай болдог. Үүнийг хүмүүс ойлгоосой гэж боддог. Хүмүүсээс “хадгаламжтай юу?” гэж асуухад орлого хүрэхгүй байна гэж хариулдаг. Тийм учраас би үүнийг хэлж байгаа юм.

-Ер нь хадгаламж, хуримтлал хоёрт ялгаа бий юү?

Маш их байна. Эдгээрийн зорилго нь өөр. Зорилгоороо ялгаатай байдаг. Хадгаламжийн зорилгыг дээр дурдсан. Хуримтлалын зорилго бол хөрөнгө, мөнгө, баялгаа нэмэгдүүлэх зорилготой.

Үйл үгээрээ “хуримт” гэсэн үгнээс гаралтай. Өсгөх, үржүүлэх санааг агуулж байдаг үг. Харин арилжааны банкинд хугацаагүй хадгаламж байдаг. Хүссэн цагтаа авч хэрэглэх боломжтой хадгаламж. Мөн арилжааны банкинд хугацаатай хадгаламж ч байдаг шүү дээ. Хүү нь өндөр. Хийсэн мөнгө нь илүү өснө гэсэн үг.

Ер нь бол санхүүгийн зуучлагч байгууллагууд банк, даатгал, брокер, диллер гэх мэт бүх байгууллагууд иргэдэд зориулж үйлчилгээ гаргадаг. Тэдгээрийн нөхцөлөөр дамжуулаад хүмүүс мөнгөө удирдахад нь тусалдаг.

-Та санхүүгийн боловсролын талаар яриад байна аа даа?

Тийм. Санхүү гэдэг нь мөнгөтөй холбоотой хүмүүсийн хоорондох харилцааг илэрхийлдэг. Хүмүүс цаг тутам, өдөр тутам санхүүгийн шийдвэр гаргаж байдаг. Наад зах нь энэ зардлыг гаргах уу, үүнийг худалдан авах уу, яаж орлого олох вэ, яаж орлогоо нэмэгдүүлэх вэ гэсэн хүрээнд шийдвэр гаргаж байдаг. Санхүүгийн боловсрол гэдэг нь товчоор бол мөнгө удирдах мэдлэг юм л даа.

-Дэлхий нийтийг хамарсан цар тахлын энэ үеэр хувь хүн хадгаламжтай байх нь ямар ач тустай вэ?

-Зарим хүмүүс 50:20:30 гэсэн дүрэм ярьдаг. Орлогоосоо 50 хувийг хэрэглээндээ, 20 хувийг хадгаламжиндаа, 30 хувийг хуримтлалдаа хийнэ гэсэн үг. Миний хувьд орлого гэнэт тасалдахад наад зах нь гурван сар хэвийн амьдралаа хангаад явах хадгаламжтай байх ёстой гэж үздэг.

Тэгээд гурван сарын дотор орлого олох арга замаа олох боломж гарах байх. Ер нь хадгаламжтай хүнд ийм эдийн засгийн хэцүү үед ямар ч хохирол байхгүй. Түүнчлэн стрессгүй амьдрах, амьдралынхаа наад захын хэрэгцээг хангах чадвартай байх, мөнгөөр гачигдахгүй байх боломжтой байна л гэсэн үг шүү дээ.

Товчоор хэлбэл, өөрийнхөө амьдралыг өөрөө хариуцна гэсэн үг. Амьдралын наад захын хэрэглээ гэдэг нь сар болгон төлдөг төлбөр, хэрэглээний зүйлсийн зардал. Нийт зардлыг тогтмол, хувьсах гэж ангилаад тогтмол дүнгээр төлдөг зардлуудад байр, утас, цахилгаан гэх мэт зардлууд заавал орно.

Мөн хоол, хүнсний зардлууд орно. Манайхны зарим нь тогтмол болон хувьсах зайлшгүй зардлын хэмжээгээ мэдэхгүй байх тал бий. Ийм үед асуудал нэлээд хүндэрнэ. Өрх гэр, хувь хүн, улс эх орон гурав адилхан субектүүд л дээ.

Тэгэхээр Монгол Улс яг энэ коронатай үед хадгаламжтай, тогтворжуулалтын ханатай байвал энэ эдийн засгийн эрсдэлийг хөнгөн даваад гарчих боломжтой. Улс орны тухайд ч гэсэн гэнэтийн тохиолдол болох тахал өвчин, үер ус, байгалийн үзэгдлүүд гарч ирдэг. Үүнд ч гэсэн зориулаад хадгаламжтай байх ёстой.

Ер нь хадгаламжтай үед амьдралын дархлаатай байдаг. Түүн шиг улс орон дархлаатай байх хэрэгтэй. Энэ тал дээр төр засгаас их анхаарч өөрийн улсын түвшин болон хүмүүсийг ч гэсэн хадгаламжтай болоход нь тусгай бодлого боловсруулах хэрэгтэй.

Continue Reading

Онцлох мэдээ

DMCA.com Protection Status